Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 23 дугаар бүлэг

2020 оны 12 сарын 09

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ВАН ПО ЭЛ ЭМ ЗАВСРААС АШИГ АВЧ, САДАР ЭРС, ЭМСИЙГ НИЙЛҮҮЛСЭН

ЮНЬ ГО ЭЛ УУР ХҮЛЦЭЖ ЧАДАХГҮЙ ЦАЙНЫ ПҮҮСИЙГ ТҮЙВЭЭСЭН

Өгүүлэх нь, Ү Сунг нэгэн хүн дуудсанд хойш дахин харж үзвээс тэр нь  өөрийн  төрсөн  ах  Ү  Да  Лан  ажгуу.  Үүнд  Ү  Сун,  ах  Ү  Да  Ланг  үзэхэд маш баярлан ийн өгүүлрүүн: - ах чи энэ газар яахин явж ирээд одоо хаа  баймуй  хэмээн  ёслон  мөргөхөд,  Ү  Да  Лан  ах  өгүүлрүүн:  -  чи  нутгаас  гарч  нэгэн  жил  болтол  мэдээ  чимээ  ч  үгүй,  басхүү  мэнд  мэдэх  захиа  ч  юу  болсныг мэдэхгүй тул чиний биеийг эрж сурагласаар ирэв хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - тийм бөгөөс одоо чи хаа, хэний гэрт баймуй хэмээн өгүүлсэнд ах  Ү  Да  Лан  өгүүлрүүн:  -  дүү  чамайг  нутгаас  гарснаас  хойш  Чин  Хө  сянь  хотод олон самуун эрс цуглараад, өчүүхэн ах намайг ямагт дарлан айлгах тул аргагүй авааль гэргий лүгээ амь зугатан гарч, арайхан энэ хотод хүрч, нэгэн айлын гэрийг хөлсөлөн сууж буй тул сайн дүүгийн алдар сонсогдож, гавьяа байгуулсныг дамаар мэдэж, тийнхүү таних ба үл танихыг хошигнон тэнсэж үзэв  хэмээн  хэлэлцэн  буйг  хажуугийн  хүн  сонсож,  ийн  өгүүлрүүн:  -  энэ  ах  дүү хоёрын хэлэлцэхийг үзвээс нэгэн эхээс төрсөн ах дүү хэмээн хэлэлцмүй. Гагцхүү Ү Сунгийн бие байдлыг үзвээс, өндөр нь найман чы илүү, бие тэгш, үнэхээр  баатар  бөгөөд  ах  Ү  Да  Лан  хэмээгчийг  үзвээс  богино  нь  таван  чы  хүрэхгүй  бөгөөд,  бие  өргөн,  толгой  нүд  ба  ам  хамрыг  шинжвээс  үнэхээр  хүний инээд хүрэх тийм жигшүүртэй муухай амьтан яахин хоёр янзын хүн болж  төрсөн  ажгуу  хэмээн  гайхалдан,  нэгэн  цол  шагная  хэмээлцээд  ийн  цол өгөв. Гурван цунь-ийн төмөр хадаасаар гурван чы зузаан модыг хадах хэмээн шагнав.

Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь Ү Да Лангийн өөрийн нутаг Чин Хө Сяньд нэгэн  их  баялаг  цайжү  буй.  Түүний  гэрт  зарцлагдах  охидын  дотор  Пань  Жинь  Лянь  хэмээх  нэртэй  маш  үзэсгэлэнтэй  охин  буй  бүлгээ.  Энэ  Пань  Жинь  Ляньг  тэр  гэрийн  эзэн  бага  гэргий  болгоё  хэмээн  нууцаар  хэлэхэд  Пань  Жинь  Лянь  машид  ичингүйрч  юу  хэмээн  хариу  өгүүлж  чадсангүй  байгаад нэгэн өдөр гэрийн эзний гэргийд энэ учрыг хэлэхээр завдахуйд тэр гэрийн  эзэн  хориглон  гуйж  номхруулав.  Тэндээс  энэ  гэрийн  эзэн  дотроо  өшөө өвөрлөж, зарц охин чамайг эс бус үзэмжгүй муухай хүнд би өөрөө инж бэлэг  хүргэж  байгаад  өгөх  билээ.  Үгүй  бөгөөс  адгийн  доор  гуйранчид  өгөх  билээ хэмээн өшөө зангидаад, удалгүй Ү Да Лан хэмээх хүнд ёслон өгөв.

Тэндээс  Ү  Да  Лан  энэ  Пань  Жинь  Лянь-ийг  олж  авсан  нь  далайгаас  эрдэнэ шүүрдэж авсан ба тэнгэрийн наран саран биед тусч ирсэн лүгээ адил машид  баярлах  болов.  Энэ  Пань  Жинь  Лянь,  эр  Ү  Да  Ланг  үзвээс  үнэхээр үзэмжгүй дээр басхүү энгийн хүн лүгээ үг хэлэлцэн харилцаж чадахгүй ийм муу эр бас дэлхий дахинд байдаг ажгуу хэмээн ямагт дотроо гомдож, сайхан эрийг мөрөөдөн санах нь тугалаас салсан согоо лугаа адил байхыг үл өгүүлэн, өгүүлэх нь: энэ Хө Сянь хотын цэвэрлэг эр бүхэн энэ Пань Жинь Лянь-ийг Ү  Да  Ланд  эм  болов  хэмээхийг  сонсоод,  өдөр  бүр  Ү  Да  Лангийн  гэрийн  үүдэнд ирцгээж, ямагт Пань Жинь Лянь-ийг магтан ийн өгүүлрүүн: - тарган хонины  махыг  хамуутай  хар  нохойд  өгсөн  лүгээ  адил  болжээ  хэмээлцэх  энэ  үгийг  Ү  Да  Лан  сонсоод  энэ  хотод  сууж  үл  болмуй.  Энэ  гайхлууд  өдөр  бүр  ийнхүү  ирж  үймүүлэн  түйвээх  нь  эм  Пань  Жинь  Ляньийг  хатгаж  авах  санаа илэрхий болов. Үүнд би эд нар лугаа хэлэлцье хэмээвээс ухаан санаа үгүй,  байсугай  хэмээвээс  дарлагдах  болмуй  хэмээн  санаад,  гэнэт  бус  тийш  нүүн явахыг бодож, гэрийн хотлоор Чин Хө Сянь-аас шилжин нүүгээд Ян Гү Сянь хотод ирж, Зи Ши Жие хэмээх зээлд айлын гэрийг хөлслөн сууж, боов үйлдэж худалдан, амь зууж байтал төрсөн дүү Ү Сун лүгээ тохиолдсон билээ.

Тэндээс  тэр  хоёр  их  зээлийн  газар  учраад  эл  явдал  бүхнээ  хэлэлцээд  ах Ү Да Лангийн гэрийн зүг ирэв. Ойр нь хүрч ирээд Ү Сун ах Ү Да Лангийн дамнаж  явсан  боовыг  дамнаж,  хаалгыг  нээгтүн  хэмээн  дуудмагц,  дотроос  нэгэн эм гарч ирээд үүдийг нээж, Ү Да ахыг зэмлэн өгүүлрүүн: - чи юунд энэ өдөр ийм эрт даруй буцаж ирэв гэх зэргээр зэмлэхэд Ү Да Лан өгүүлрүүн: - энэ өдөр миний төрсөн дүү Ү Сун тохиолдож, ийнхүү эрт ирэв хэмээгээд дүү Ү Сунд өгүүлрүүн: - эдүгээ энэ эм нь ахын чинь ёсолж авсан гэргий энэ билээ хэмээхэд Ү Сун үзвээс хорь шахам насны бага нэгэн залуу цэвэрлэг эм ажгуу хэмээн  бодоод  гэрт  орж  суугаад  ах  лугаа  нэлээд  хэдэн  үг  хариу  хэлэлцээд  дуусах завсар Ү Да Лан эм Пань Жинь Лянь-д өгүүлрүүн: - манай энэ хотын өмнөх  уулын  догшин  барсыг  алсан  хүн  миний  төрсөн  дүү  Ү  Сун  гэгч  энэ  хэмээхэд Пань Жинь Лянь үзвээс, үнэхээр бие тэгш баатар эр мөн хэмээж өгүүлрүүн: - сонсвоос барсыг алж, манай хотын олны амь аварсан хүн, маш гайхамшигтай  сайн  баатар  хэмээн  түрхийн  цуугилдахад  би  очиж  үзсүгэй  хэмээсээр  хожимдов  хэмээхэд  Ү  Сун  дотроо  сэтгэрүүн:  -  энэ  эм  нь  миний  төрсөн ахын ёстой эм тул би урьдаар ёс ёслох нь мөн хэмээгээд дээш босч, эм  Пань  Жинь  Лянь-д  ёслон  сөгдөж,  бэргэн  хэмээн  дуудахад  Пань  Жинь  Лянь  түүний  хоёр  гараас  нь  татаж,  ийн  өгүүлрүүн:  -  сайн  эр  бүү  эм  хүнд  сөгдөгтүн,  эдүгээ  бид  нэгэн  хамт  дээд  байшинд  очиж,  цай  барьсны  хойно,  эм Пань Жинь Лянь нөхөр Ү Да Ланд өгүүлрүүн: - эдүгээ чиний төрсөн дүү ирсэн нь маш сайн. Зүй нь баяр хийж, архи бариваас зохих бүлгээ. Гадагш явж  ногоо  зууш  бэлтгэгтүн  хэмээн  нөхөр  Ү  Да  Ланд  хэлмэгц,  Ү  Да  Лан  үнэхээр  тийм,  энэ  нь  ёстой  хэмээгээд  даруй  дээд  гэрээс  бууж,  архи  ногоо  бэлтгэхийг бүү өгүүлэн, өгүүлэх нь зальхай эм Пань Жинь Лянь энэ Ү Сунг үзээд  садрын  сэтгэл  нь  хөдөлж,  ийн  сэтгэрүүн:  -  эдүгээ  би  урьд  насандаа  нүгэл  үйлдсэний  хараагаар  энэ  насанд  ийм  үзэмжгүй  муухай  нөхөр  лүгээ  эр  эм  барилджээ.  Эдүгээ  энэ  Ү  Да  Лан,  Ү  Сун  хоёр  эхийн  умайгаас  төрсөн  ах дүү атал хоёр өөр төрсөн нь ямар жигтэй хэрэг. Ү Да Ланг үзвээс хүн бүр инээд хүрэх дээр бас түүнд зохимжгүй цол өргөжээ. Түүний гадна энэ Ү Да Ланг  сайн  шинжилбээс  гурван  хувь  нь  хүний  дүрс,  долоон  хувь  нь  чөтгөр  лүгээ  адил,  энэ  дүү  Ү  Сунгийн  төрснийг  үзвээс  үнэхээр  төв  сайхан  бөгөөд  нуруу өндөр, бие тэгш, царай үзэсгэлэнтэй ажээ. Би амьд цагтаа ийм нэгэн сайхан эрийг олж суух заяа бий болов уу хэмээн ихэд гомдон гэмшиж, бас дахин  эрэгцүүлэн  ийн  сэтгэрүүн:  -  энэ  Ү  Сунг  үзвээс  гэрээс  гарахдаа  эм  аваагүй гэнэм, түүний гадна энд тэнд явж яахин эм авах буюу. Үүнийг үзвэл үүн  лүгээ  би  ерөөлтэй  эм  болох  байна  хэмээн  дотроо  сэтгээд  инээмсэглэх  царайгаар Ү Сунд ийн өгүүлрүүн: - бага авгай чи багадаа эм авсан уу, нас хэд хүрэв, одоо хэний хамт хаа аж төрөн суудаг буй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - би нь гэрээс гараад нэгэн жил илүү болов. Эм аваагүй, нас хорин тав хүрэв. Цан хотод сууж байв. Ах Ү Да Ланг санаж эрэх нь маш хэцүү тул уг нутагтаа буцаад  явж  энэ  хотод  хүрч  ирээд  барс  алсан  ба  зэрэг  хэргэм  олсныг  нэгд  нэгнээр хэлсэнд эм Пань Жинь Лянь засдаг үгээр өгүүлрүүн: - тийм бөгөөс эдүгээ чухам хэний гэрт суудаг буй хэмээхэд Ү Сун чухам тэр хэмээх газар үгүй,  яамны  гэрт  хэд  хоног  суув.  Ах,  бэргэн  нарыг  энд  нүүж  ирснийг  огт  мэдсэнгүй  хэмээхэд  Пань  Жин  Лянь  өгүүлрүүн:  -  Ү  Сун  чи  Ү  Да  Лантай  төрсөн ах дүү мөн тул одоо бусад газар сууж юу хиймүй, гэртээ харьж ирээд бидний  хамт  цэнгэлдэн  сууваас  ямар  болов  хэмээхэд  Ү  Сун  өгүүлрүүн:  -  өчүүхэн  дүү  над  энд  тэнд  хэмээн  ялгаварлах  юу,  хаа  ч  хамаагүй  хэмээхэд  Пань Жин Лянь өгүүлрүүн: - Ү Сун чиний төрсөн ах болбоос үнэхээр номхон чадалгүй. Дээр хүн түүнийг дуудваас гурав дахиж дуудахыг мэдэхгүй, дөрөв дуудахад  толгойг  эргэхгүй,  бүх  биеэр  эргэмүй,  баруун  хэмээхэд  зүүн,  дээр  хэмээхэд доор хийх ийм хүн бас байдаг ажгуу. Бага авгай та болбоос үнэхээр гоо  үзэсгэлэнтэй  бөгөөд  эр  чадал  нь  маш  гайхамшигтай  хэмээн  элдвээр  хошигнон хэлэхэд Ү Сун түүний зальхай санааг үл мэдэх тул хариу хэлэлцэн байтал, Ү Да Лан архи ба ногоо тэргүүтнийг авчраад, дээд гэрт орж, эм Пань Жин Ляньд өгүүлрүүн: - чи бууж тэр авчирсан архийг халааж, загас, тахиа чанаж, дийз тавганд хийгтүн хэмээхэд Пань Жин Лянь Ү Сунгээс салж явах дургүй  хүн  тул  нөхөр  Ү  Да  Ланд  өгүүлрүүн:  -  энэ  өдөр  бага  авгай  морилон  ирсэн  нь  би  бага  зочилж,  хэдэн  зүйтэй  үг  хэлэлцье  хэмээсэн  билээ.  Чи  өөрөөн  архи  ногоог  бэлтгэж  ирэгтүн,  эс  чадваас  айл  Ван  овогт  эмгэнийг  дуудаж  бэлдүүлсүгэй  хэмээхэд  нөхөр  Ү  Да  Лан  доош  бууж,  Ван  эмгэнийг  дуудаж,  архи  ногоог  бэлтгэж  авчраад,  ширээ  засан  тавьж,  эм  Пань  Жин  Лянь  төв  дундад  суув.  Ү  Сун  зүүн  их  талыг  барин  суув.  Ү  Да  Лан  баруун  бага талыг барьж суугаад, архи хийлгэж нэгэн хундага архи авч босоод, эм Пань Жин Лянь өгүүлрүүн: - бага авгай өчүүхэн манай хоосон бусын төдий бэлтгэн өргөсөн архи зуушийг бүү бага үзэн өршөөгөөрэй хэмээгээд, инээн тэр хундагатай архийг Ү Сунд барьсанд, Ү Сун өгүүлрүүн: - бэргэн тийм үг бүү хэлэгтүн, энэ болбоос миний гэр тул юунд өчүүхэн дүүгээ энэ мэт егөөлөн хэлмүй хэмээхэд Пань Жин Лянь маш инээн, басхүү ногоо жимсээс өөрийн хавчуураар авч түүний өмнөх тавганд тавьж, зооглогтун хэмээн архи барин шаардахыг өгүүлэхгүй.

Өгүүлэх нь, тэнэг нөхөр Ү Да Лан энэ учрыг яахин мэдмүй. Үлгэрлэвээс үлээсэн махны тулмыг босгосон адил хүн бөгөөд түүний эм Пань Жин Лянь архи халуулах, ногоо зөөлгөхөөс бус хүн хэмээн санахыг байв. Тэндээс Ү Сун угаас шударга хүн тул ийн сэтгэрүүн: - энэ бэргэн намайг ийнхүү хүндлэхийг үзвээс  үнэхээр  журамт  эм  ажгуу  хэмээн  сэтгэн  буй  атал  зальхай  эм  Пань  Жин Лянь-ий сэтгэл нь хөдөлж, ноцсон галд архи тос хийж дэгдээсэн лүгээ адил болж, өөрийн сэтгэл хэдийнэ дүүрч, хоёр нүд Ү Сунгийн зүг тас ширтэж бүхийг  Ү  Сун  үзээд  нүүрээ  доош  хандуулан  ийн  өгүүлрүүн:  -  одоо  наран  нэлээд орой болов. Эдүгээ би хойш буцсугай хэмээхэд Пань Жин Лянь архи ногоог  шаардан  бариад,  арга  буюу  нөхөр  Ү  Да  Лангийн  хамт  хоёул  дүү  Ү  Сунг үдэж, дээд гэрээс буугаад зальхай эм Пань Жин Лянь ийн өгүүлрүүн: - бага авгай та түр зогсож мунхаг миний хэлэх үгийг сонсогтун. Миний нөхөр Ү Да Лан та хоёр нь төрсөн ах дүү тул энд учраад нэгэн хамт эс аж төрвөөс та хоёрын нэрд муугаас гадна басхүү намайг айлын ах дүү юун хэмээн хэлэх буй. Тиймийн тул бага авгай чи эрхгүй энэ гэрт ирж хамтран сууваас зохимуй хэмээгээд нөхөр Ү Да Ланд өгүүлрүүн: - чи нь Ү Сунгийн төрсөн ах ёстой мөн тул  үүнийг  түшиж  бараадан  аж  төрөхийг  бодохгүй  буюу.  Чи  эдүгээ  дүүгээ  гэртээ  авчирч  суулгаваас  сайн  хэмээн  элдвээр  ятган  хэлсэнд  тэнэг  нөхөр  Ү Да Лан зальхай эмийн үгийг зөв хэмээн санаж, дүү Ү Сун-гээ эрхгүй энэ өдрийн  үдэш  нүүлгэж  авчиръя  хэмээн  зөвлөлцөн  тогтоод  Ү  Сун  гарахдаа  ийн  өгүүлрүүн:  -  ах  бэргэн  хоёрыг  хэлэхийг  үзвээс  үнэхээр  мөн  байнам,  би  энэ  орой  хувийн  юмыг  зөөж,  энд  нүүх  явдлыг  ноёндоо  сонсгоод  ирье  хэмээхэд  зальхай  эм  Пань  Жин  Лянь  дахин  давтан  хурдан  зөөж  ирэгтүн,  би  үүдийг  сахин  хүлээсүгэй  хэмээгээд  нөхөр  Ү  Да  Лангаар  нэгэн  байшин  цэвэрлэн бэлтгэв.

Тэндээс  Ү  Сун  явж  удалгүй  яамандаа  харьваас  ноён  нь  танхим  сууж,  хэрэг байцааж амуй. Үүнд Ү Сун хэрэг шүүж дууссаны хойно, ноёнд сөгдөн мэдүүлрүүн: - дээд тэнгэр мэт ноён минь өчүүхэн боол даргад нэгэн айлтгах айлтгал бий бүлгээ хэмээгээд мэдүүлрүүн: - өчүүхэн хүн уг нутгаас гарсан ба одоо харихаар яваа ах лугаа учрах зэргийг урьд ноёнтонд нэгэнт айлтгасан тул дахин айлтгахыг байя. Эдүгээ миний ах Ү Да Лан гэгч уг нутгаас гарч, энэхүү  хотын  Зи  Ши  Жие  хэмээх  зээлэнд  өрх  амын  хамтаар  сууж,  боов  худалдан амь зууж, аж төрөн суумуй. Энэ өдөр энгийн явж, ах лугаа учраад, түүний хөлслөн суусан гэрт очиж эдүгээ ирэв. Өчүүхэн боол санаваас гагцхүү эхээс төрсөн нь ах дүү хоёр. Түүнийг санаж буцъя хэмээтэл тэр нэгэнт энд иржээ.  Иймийн  тул  би  ах  лугаа  хамтран  сууж,  өглөө  эрт  ирж,  үдэш  орой  буцваас  болох  буюу  хэмээн  айлтгасанд,  харъяат  ноён  өгүүлрүүн:  -  чи  нь  гагцхүү хүчин тусалсан гавьяа бүхий хүн тул хаа сууваас чиний дур хэмээхэд Ү Сун даруй мөргөж босоод, цэргийн ард цуглуулан, өөрийн хувийн юмыг дамнуулан Ү Да Ланд зөөлгөв.

Үүнийг  үл  өгүүлэн,  тэндээс  зальхай  эм  Пань  Жин  Лянь,  Ү  Сун  хэдий цагт ирэхийг үүдэнд хүлээн байтал цэргийн ард гэнэт Ү Яа лаоеэгийн эд өлөг хэмээн  дамжлан  авчрахуйд  зальхай  эм  Пань  Жин  Лян  үүнд  баярласан  нь  үлгэрлэвээс харанхуй шөнө газраас алт мөнгө олсон лугаа адил баярласныг өгүүлэх юун.

Гагцхүү тэр орой нь Ү Сун бэлтгэн зассан байшиндаа юмаа тавьж унтав. Маргаашийн өглөө эм Пань Жин Лянь Ү Сунг хэдийд босохыг хүлээж, нүүр гар угаах ус, идэх амттай хоол зэргийг сайтар бэлтгэж байтал Ү Сун босов. Эм Пань Жин Лянь Ү Сунд усыг аваачиж өгөөд ийн өгүүлрүүн: - бага авгай энэ өдөр яаманд очих буюу хэмээхүйд Ү Сун очмуй хэмээв. Тийм бөгөөс орой эртхэн ирсүгэй хэмээгээд цай зооглогтун хэмээн хоёр гараар өргөн өгөхөд Ү  Сун  өгүүлрүүн:  -  бэргэн  чи  намайг  энэ  мэт  хүндлэхэд  би  сэтгэл  үнэхээр  зовохоос  гадна,  хоол  идвээс  гэдсэнд  шингэхгүй,  унтваас  нойр  ирэхгүй,  би  энэ  өдөр  яамнаас  нэгэн  цэрэг  ардыг  авчирч  зарцалсугай  хэмээхэд  Пань  Жин  Лянь  өгүүлрүүн:  -  бага  авгай  чи  юун  гадуур  санаатай  хүн  буй.  Энэ  гэрийн  доторх  бид  гурван  хүн  нь  нэг  мах  ясны  төрлөөс  өөргүй  бөгөөтөл  юу  хэмээн  гадаадаас  зарц  олж  авчирмуй  гэх  ч  байтугай.  Цэрэг  албаны  хүн,  энгийн  биднийг  юунд  тэсвэрлэн  хүлээж  зарцлагдах  буй.  Гагцхүү  бага  авгайд  болбоос  болох  буй  за  хэмээн  түүнийг  бүү  авчрагтун  хэмээн  дахин  давтан  хэлэхэд  Ү  Сун  өгүүлрүүн:  -  тийм  бөгөөс  бэргэн  таныг  ихэд  зовоов  хэмээн өгүүлээд яамандаа очоод орой харьж ирээд ах Ү Да Ланд нэгэн хэсэг мөнгө гаргаж өгүүлрүүн: - энэ мөнгөөр архи ногоо худалдан авч бэлтгээрэй. Айлын ах дүү ба нөхөр яа сы дарга нарыг урих билээ хэмээгээд өгөв.

Тэндээс  ах  Ү  Да  Лан  архи  ногоо  төхөөрөн  бэлтгэснийг  юун  өгүүлэх,  өгүүлэх  нь  Ү  Сун  мөн  бэргэн  Пань  Жин  Ляньд  дээл  хийгтүн  хэмээн  торго  нэгэн захыг өгсөнд Пань Жин Лянь тэсгэлгүй баярлан хүлээн авав. Тэндээс  энэ  Ү  Сун  тэр  ахын  гэрт  ирээд  нэгэн  сар  шахам  болтол  Пань  Жин  Лянь  элдэв  арга  хэрэглэж  сэртэгнэвч  Ү  Сун  шударга  эр  тул  машид  сэтгэл  зововч  арга  буюу  ийн  өдөр  бүрийг  яамандаа  албаны  хэрэг  туслах  хэмээн өглөө эрт явж, үдэш орой ирдэг ажгуу. Энэ цаг бол өвөл хүйтэн тул нэгэн өдөр эм Пань Жин Лянь дотроо ийн сэтгэрүүн: - энэ Ү Сунг элдвээр сэтгэлийг  нь  хөдөлгөх  үг  өгүүлэвч  огт  хайхрахгүй,  үнэхээр  шударга  хүн  байнам,  юу  ч  болов  би  энэ  өдөр  нэгэн  арга  бодсугай  хэмээн  айл  суух  Ван  эмгэнээр архи ногоо бэлтгүүлэн завдаж Ү Сунг ирэхийг хүлээв.

Тэр өдөр нөхөр Ү Да Ланг эртхэн явж боовны наймаагаа хийгтүн хэмээн хөөж  явуулсныг  үл  өгүүлэн,  өгүүлэх  нь  энэ  зальхай  эм  Пань  Жин  Лянь  Ү  Сунг  ирэхийг  хүлээн  үүдэндээ  зогсож  байтал  Ү  Сун  хүрч  ирэв.  Түүнийг  тосож хоёул дотоод гэртээ ороод Ү Сунд эм Пань Жин Лянь ийн өгүүлрүүн: -  бага  авгай  чи  энэ  өдөр  яахин  ийм  орой  харьж  ирэв.  Би  нь  энэ  өдөр  бага  авгай та лугаа хамтарч хэдэн хундага архи ууя хэмээн маш санасан тул архи ногоо бэлтгэв. Авгай та дээл хувцасаа тайлж амраар жарган суугтун хэмээн ширээ  засан,  архи  ногоог  тавьж,  эм  Пань  Жин  Лянь  нэгэн  хундагад  архи  хийж барья хэмээхүйд Ү Сун өгүүлрүүн: - бэргэн энэ өдөр архи ууж найрлах нь тэнгэр цас орж, шуурга тавин гадагш явж болохгүй тул чухамхүү санаанд тавтайяа нийлэлцэх боловч ах Ү Да Ланг ирэхийг хүлээе хэмээхүйд эм Пань Жин Лянь өгүүлрүүн: - түүнийг хүлээх юу. Урьдаар бидний хоёр ууж найрлан сууж байтал тэр бэлхнээ ирэх буй за хэмээн нэгэн хундага архи хийж Ү Сунд өгмөгц  Ү  Сун  хүлээн  аваад  бүрмөсөн  уув.  Бас  дахин  хийж  гурван  хундага  барья  хэмээхүйд  Ү  Сун  өгүүлрүүн:  -  бэргэн  зүй  нь  өчүүхэн  дүү  таньд  хийж  урьдаар  бариваас  зохих  бүлгээ  хэмээгээд  нэгэн  хундага  архи  хийж  хариу  барьсанд Пань Жин Лянь хүлээн авч уугаад тэр эм зориуд биеийг засварлан, эр хүнийг хөдөлгөх янз гаргаж, өөрийн биеийн хэнхдэг өвчүү биеийг нүцгэн гаргаж басхүү толгой үсийг засан илбэж, Ү Сунгийн дэргэд нь нэгэн ширээг тавин дараалан сууж, ийн өгүүлрүүн: - бага авгай хүнээс сонсвол та нь урьд уг нутагтаа байхад нэгэн эм худалдан авав гэнэм.

Тэр нь одоо нутагт буй юу хэмээн худлаар тэнсэн яншилж хэлэхүйд, Ү Сун би ер эхнэр аваагүй билээ хэмээхэд Пань Жин Лянь би үүнийг үл үнэмшмүй хэмээв. Ү Сун өгүүлрүүн: - бэргэн эс үнэмшвээс ахаас асуугтун хэмээн харилцан хэлэлцээд архиа ууж суухад эм Пань Жин Лянь нь үүн лүгээ хэрхвээс нэгэн сэтгэлтэй болох буй хэмээн  санах  нь  үлгэрлэвээс  түймрийн  гал  их  салхинд  улам  дээш  дэгдэх,  үерлэсэн  усанд  улам  хур  орж  нэмэх  хэмээх  лүгээ  адил  болж,  садар  сэтгэл  нь маш тэсдэж тэсэхүйеэ бэрх болмогц зальхай эм Пань Жин Лянь аргагүй Ү  Сунгийн  нэгэн  мөрнөөс  сугадагч  болон  түшиж  элдвээр  хөдөлгөсөн  нь  Ү  Сун  их  төлөв  мэдсэн  боловч  угаас  журамт  эр  тул  сэтгэл  нь  ихэд  зовж,  аргагүй босон хувинтай галыг засаж байхад эм Пань Жин Лянь мөн босоод Ү Сунгийн дэргэд очиж, түүний зассан галыг эм Пань Жин Лянь хайч аван засаад Ү Сунд өгүүлрүүн: - чи нь энэ нимгэн дээл өмсөөд чиний бие даарахгүй буюу хэмээхэд Ү Сун ийм их сайхан гал тавьж бүхийд яахин хүйтэн баймуй хэмээхүйд  Пань  Жин  Лянь  өгүүлрүүн:  -  тийм  бөгөөс  энэ  гал  лугаа  адил  ийм сэтгэл халуун болбоос юутай гайхамшиг цэнгэл билээ хэмээгээд нэгэн хундага  архийг  хийж  өөрөө  хагас  хувь  уугаад,  хагас  хувийг  Ү  Сунд  өгмөгц  Ү Сун маш ихэд ичингүйрэн хүлээн аваад уух нь тэсдэж, тэр архийг газарт асгаж орхиод ийн өгүүлрүүн: - би нь тэнгэр адил биед бөгөөд тэргүүнд минь ургасан  үс  сэвлэг  мэт  бас  улсын  ёс  ба  журам  зүйлийг  цөм  гэдэстээ  мэдсэн  хүн  тул  бэргэн  чи  ийм  ёс  бусын  үгийг  хэлэх  ба  архийг  хуваан  уух  зэрэг  хэргийг үйлдэж яахин болмуй. Хүн мэдвээс нүүр ичихээс гадна явах газар олдохгүй. Үүнээс хойш энэ мэт зан гаргаж үл болмуй. Дүү би бэргэн таныг танимуй. Миний хоёр гар нь бэргэнийг үл танимуй. Би хэдий муу зальхай боловч  Ү  овгийн  нэрийг  гутааж,  энэ  мэт  нохой  сэтгэлийг  хөдөлгөх  ёсгүй  хэмээгээд нэгэн гараар эм Пань Жин Ляньг түлхэж газар унагасанд эм Пань Жин Лянь нь босож ирээд юу ч өгүүлсэнгүй, зүс нь гал адил улайж, дотроо ийн сэтгэрүүн: - энэ сайхан эр Ү Сун лугаа эр эм болоод муухай гайхал Ү Да Ланг  хорлоё  хэмээсэн  билээ.  Энэ  хэрэг  бүтэх  байв  хэмээн  сэтгээд  ширээ,  ногоогоо хурааж, доор гэртээ бууж ирэв.

Үүнд бас нэгэн арга бодож одоо Ү Сунг гэдрэг гүтгэн хэлье хэмээн муу санаа бодоод нөхөр Ү Да Ланг хүлээв. Тэндээс сайн журамт эр Ү Сун энэ мэт зальхай эм бас байдаг ажгуу хэмээн шүдээ хавиран, уур нь нэн ч хүрч ахаа хүлээн суутал тэр өдөр орой болж Ү Да Лан худалдаагаа хийж дуусаад гэртээ харьж ирэхэд эм Пань Жин Лянь үүд тосож оруулаад худлаар хоёр нүднээс уйлсан ус цувируулсан мэт болгож, шүлсээ түрхэж, гэрт дагаж орон ирэхэд эр Ү Да Лан, эм Пань Жин Ляньг уйлсан байдлыг үзээд өгүүлрүүн: - чи юунд уйлсан  хүн  буй  хэмээхүйд  зальхай  эм  Пань  Жин  Лянь  эмгэнэхүй  дуунаар  худал  уйлан  эрдээ  ийн  өгүүлрүүн:  -  Ү  гэрийн  эзэн  чи  сонс,  ийм  журамгүй  хүнийг  үзсэн  буюу.  Би  энэ  өдөр  бага  авгайд  сайныг  санаж  нэгэн  хэдэн  хундага  архи,  бага  ногоо  бэлтгэн  өгсөнд  тэр  архиндаа  согтууран  өчүүхэн  эм миний бие шууд дарлах хэмээн садрын үг хэлэхүйд би түүний санааг үл дагамагц тэр намайг ихэд занчив хэмээн ийн тийн худлаар гүтгэн хэлэхүйд Ү  Да  Лан  энэ  үгийг  сонсоод  ийн  өгүүлрүүн:  -  эм  Пань  Жин  Лянь  чи  худал  хэлмүй за, миний дүү энэ мэт хэрэг хийх хүн бус, энэ үгийг хүнд бүү өгүүл хэмээгээд, юу ч болов дүү Ү Сунгийн дэргэд нь очвоос учир нь мэдэгдэх буй за  хэмээгээд  гэрээс  гарч  Ү  Сунгийн  суух  гэрт  ирвээс  үүдийг  хаажээ.

Үүнд  Ү  Сун  дотроо  уурласан  нь  намхран  тайтгараагүй  тул  ах  Ү  Да  Ланг  ирэхийг  хүлээн байтал ах нь хүрч ирээд үүдийг дуудмагц Ү Сун даруй хаалгыг нээж оруулахад  Ү  Да  Лан  ах  өгүүлрүүн:  -  дүү  будаагаа  идсэн  үү,  хэрэв  идээгүй  аваас хоёул хамт сууж идсүгэй хэмээхэд Ү Сун даруй босон эсгий малгайгаа өмсөөд хариу өгүүлсэнгүй үүдэн гарах явахад ах нь өгүүлрүүн: - дүү чи ийм орой бас хааш ямар хэргээр очмуй хэмээн асуухад мөн ч дуу гарсангүй шууд явахад ах Ү Да Лан аргагүй эм Пань Жин Ляньгийн дэргэд ирж энэ учрыг хэлмэгц,  зальхай  эм  Пань  Жин  Лянь  өгүүлрүүн:  -  тэр  зальхай  хулгай  ийм  хэрэг хийсэн хүн чам лугаа юу хэмээн хамт сууж будаа идэх вэ, үг хэлэлцмүй тэр  нүүр  нь  ичээд  явав.  Харин  одоо  энэ  гарт  үүнээс  хойш  бүү  оруулагтун  хэмээхэд нөхөр Ү Да Лан өгүүлрүүн: - үүнийг энэ гэрт агуулах аюаас олны шүүмжлэлцэх үгнээс ичмүй хэмээхэд зальхай эм Пань Жин Лянь өгүүлрүүн: -  нөхөр  чи  нь  учир  үл  мэдэх  баасны  нэгэн  сав  ажгуу.  Тэр  энэ  гэрт  байваас  хэрэг  ер  гарахгүй  хэмээлцэн  байтал  Ү  Сун  дахин  нэгэн  хэдэн  цэргийн  хүн  дагуулан ирээд өөрийн юма дамнуулан нүүн явахад ах Ү Да Лан өгүүлрүүн: -  дүү  чи  хааш  явмуй  хэмээхэд  дүү  Ү  Сун  өгүүлрүүн:  -  ах  чи  нарийн  учрыг  яахин мэдмүй. Хожим чамд мэдэгдэх нэгэн ёр буй. Үлгэрлэвээс чи нь гэртээ элдэв  юм  худалдагч  хүн,  их  хаалганы  гадна  олонд  тэмдэг  үзүүлэх  хэмээн  өлгөсөн юм буй, түүн лүгээ адил билээ хэмээгээд өөр юу хэмээн хэлсэнгүй шууд яамандаа одож суув.

Тэндээс Ү Да Лан гартаа ороод энэ учрыг эм Пань Жин Ляньд хэлсэнд тэр  эм  өгүүлрүүн:  -  энэ  хүн  явсан  нь  маш  сайн,  учир  юу  хэмээвээс  нэгд  болбоос ах дүүгийн журмыг эдвсэн зальхай хүн, хоёрт болбоос чи нь хоосны тул түүний хүчээр амь зуудаг хэмээн чиний нэрд муу. Гуравт болбоос энэ Сун манай гэрт байх нь хэдий шил толь адил боловч чанар нь улайсан цэцгийн шим барагдах лугаа адил тул тэр явсан нь сайн. Харин тэнгэр бурхан үзэж, түүнийг зайлуулав. Чи одоо түүний хойноос очиж хэрхэвч болохгүй хэмээн Ү Сунг элдвээр хараан өгүүлэхүйд Ү Да Лан дүүгээ өмөглөх нь бас хараахан учир юуг сайн мэдээгүй, эм Пань Жин Ляньг өмөглөж дүүгийн буруу болгох нь бас гэмийг нарийн мэдэхгүй тул алин хэмээн зөв бурууг нь гайхан байв.

Үүнийг  үл  өгүүлэн,  өгүүлэх  нь  энэ  хотын  ноён  нь  харъяат  хотыг  захираад  хоёр  жил  илүү  суув.  Энэ  ноёны  олсон  олз  нь  их  бөгөөд  үүнд  Дунжин   хотноо   алт   мөнгө   хүргүүлж,   өөрийн   зэрэг   хэргэмийг   улам   нэмэгдүүлэх  хэмээн  бодоод  нэгэн  их  тэргэнд  үлэмж  алт  мөнгийн  бэлтгэн  ачихаар завдан боодлож, дотроо ийн сэтгэрүүн энэ алт мөнгийг осол хүмүүн хүргэж үл чадахаас гадна басхүү хулгай замын дээрэмд булаагдах дээр тэр Дунжин  хотод  очоод  дээрдэс  бас  доордосыг  ялган  салгаж,  учир  бүхнийг  нарийн  сайн  хэлэлцэж,  тал  засаж,  зэрэг  нэмэгдүүлэх  тийм  чадал  сайтай,  ухаан  нь  тэгш  хүн  хэн  баймуй.

Гагцхүү  баатар  эр  Ү  Сунг  явуулбаас  сайн  асан  хэмээн  сэтгээд  сайн  эр  Ү  Сунг  уриулж  авчраад  ноён  ийн  өгүүлрүүн:  -  Ү  Сун  баатар  эр  чамаас  ноён  хэмээгдэх  би  нэгэн  чухал  хэрэг  гуйя.  Дагах  үл дагахыг мэдэхгүй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - харъяат ноён юу тушаавч өчүүхэн  яа  сы  дарга  би  ямар  аймшиггүй  үл  дагах  буюу.  Юу  болбоос  ноён  тушааж  хайрлаваас  зохих  бүлгээ  хэмээн  мөргөхөд  ноён  ийн  өгүүлрүүн:  -  Ү  Сун  чи  сонс,  ноён  би  энэ  хотод  тушаалаар  ирээд  одоо  хоёр  жил  илүү  болов. Уг зэрэг хэргэм нь бага жы сянь тул үүнээс бага дээш тушаал олохоор Дунжин  хотын  ноёдод  бэлэг  хүргэх  хэмээсэн  билээ.  Үүнд  чамаас  өөр  хүн  явж үл болохоос гадна замын хулгай дээрэм ба, тал засахад чи нь хэтэрхий сайныг би мэдэх учирт чиний биеийг илгээе хэмээсэн учир тэр хэмээхүйд Ү Сун өгүүлрүүн: - харъяат ноёны тушаалыг хэрхэвч давж чадахгүй, дээр Ү Сун би Дунжин хэмээх хотын нэр сонссоноос ер тэнд очиж явсангүй. Эдүгээ харин  завшаан  тохиолдож  ноён  энэ  мэт  намайг  доор  үзэлгүй  энэ  хэрэгт  тушаасан тул би дуртайяа явж, сонин юм үзэхээс гадна, хүн лүгээ танилцая хэмээхэд ноён өгүүлрүүн: - тийм бөгөөс маргааш эрт мордмуй хэмээгээд Ү Сунг ихэд шагнав. Энэ Ү Сун ноёны тушаалаар Дунжин хотноо очих хэмээн баяр болоод энэ өдөр хэдэн цэрэг хүнээр архи ногоо бэлтгүүлж ах Ү Да Лан лугаа учирч найрлан, энэ учраа хэлье хэмээн дамнуулан цэргийн ард ирэв. Үүнийг  зальхай  эм  Пань  Жин  Лянь  үзэж,  учрыг  сонсоод  ийн  сэтгэрүүн:  -  энэ сайхан эр Ү Сун намайг цэвэрхэн засдаг зантай хэмээн мөрөөдөн санаад дахин эргэж энэ мэтээр архи ногоо бэлтгэн ирэв.

Үүийг үзээд би нь дэлхий дахинд  сайхан  эм  ажгуу.  Одоо  Ү  Сун  бид  хоёр  нийлэх  ерөөлтэй  болов  хэмээн бодож байтал Ү Сун хойноос ирэхийг Пань Жин Лянь үзээд үүдийг нээн тосож, амрыг эрээд ийн өгүүлрүүн: - эрхэм бага авгай энэ хэдэн өдөр манай  муу  үүдийг  ер  үзэхгүй  яасан  билээ,  энэ  өдөр  завшаанаар  ирсэн  нь  сайн  хэмээгээд  дээд  гэртээ  оруулж  нөхө  р  Ү  Да  Ланг  дуудаж  Ү  Сун  дэргэд  ирж  ширээ  бэлтгэн,  архи  ногоог  цэргийн  ардаа  р  бэлтгүүлээд  авчруулж  тавин  ах  Ү  Да  Лан  бэргэн  хоёроо  төв  дунд  суулгаад  өөрийн  биеэр  хундага  барьж  өгүүлрүүн:  -  тэнэг  дүүгийн  энэ  өдөр  ах  бэргэн  хоёрт  архи  барихаар ирсэн учир нь манай харъяат ноён өчүүхэн намайг Дунжин хотноо албаны хэргээр  явуулах  тул  та  хоёрт  энэ  учраа  хэлж  нэгэн  шөнө  архидан  жаргая  хэмээн ирэв. Ах чи миний үгийг сонс, энэ газар болбоос өөрийн нутаг бус, чи болбоос бага цагаас эдүгээ хүртэл ер хүний санасан ухаан сэтгэлийг олж мэдэх чадалгүй дээр хүн бүгд чамайг доор үзмүй. Тэр ч байтугай худалдаа хийхэд  өглөө  орой  гэрээс  гарагтун,  үдэш  гэрт  буцаж  ирэгтүн.  Хэрэв  хүн  дарлаваас  бүү  хорт  сэтгэл  үүсгэ,  хожим  дүү  нь  эргэж  ирсэн  цагт  хариу  авч  болно  хэмээн  нэгэн  хундага  архи  бариад,  миний  үгнээ  бүү  хэгэстүүлээрэй  хэмээгээд дахин давтан захив. Бас бэргэндээ нэгэн хундага архи хийж ийн өгүүлрүүн: - урьдын орсон хуран цас эдүгээ арван илүү хоног арилав.

Үүнд би олон үг өгүүлэхгүй, гагцхүү эрхэмлэн захих учир болбоос бэргэн чи нас бага, бие үзэсгэлэн, ухаан саруул, үг цэцэн хүн тул энэ гэрийг товчлон суухыг юун хэлэх ажгуу. Хуучин үгэнд амаар хэлсэн бүгд бүтэх нь бэрх, гэдэсний дотроос санасан  бүгд  хялбар  бүтмүй  хэмээжээ.  Иймийн  тул  гэрийн  хэргийг  дааж,  тэнэг ахыг бага дотроо санаж байхыг захья. Суусан хүрээлэн завсаргүй битүү болбоос нохой яахин орох буй, самуун хэрэг эс үйлдвээс айлын хэрэг яахан эвдрэх  буй.  Үүнийг  дотроо  хичээгээрэй,  бусдыг  өгүүлж  яанам  хэмээгээд  архи  барин  мөргөхөд  зальхай  эм  Пань  Жин  Лянь  нүүр  нь  улайх  байтугай  хүрэн болов. Үүнд зальхай эм айн ичингүйрэхдээ уур багтарч ядаад тэнэг Ү Да Лан нөхрийг нэгэн хуруугаар зааж хараан өгүүлрүүн: - мал адгуус адил чи гадагш явж элдэв үг чалчсаны харгайгаар дүү Ү Сун ийнхүү хүнд үг хэлэв. Хүний  гар  дээр  хүн  ба  адгуус  явж  болмуй,  хүний  нүүр  дээр  хүн  явж  болох  буюу.  Чи  нь  юу  хэлсэн  нь  одоо  дүү  Ү  Сунгийн  дэргэд  хэлэгтүн,  эс  хэлбээс  үл болмуй. Ү Сунгийн үгний дотор үг, би хүрээлэн завсаргүй битүү болбоос нохой яахин ормуй хэмээх нь чухам ямар үг, чулуу тоосго дээш хаяваас нэгэн газар  эрхбиш  буумуй.  Түүн  лүгээ  адил  би  болбоос  хэзээ  ямагт  энэ  гэрийг  засахаас бус ер эвдэхгүй хэмээхүйд Ү Сун хүйтнээр инээн өгүүлрүүн: - бэргэн тэнэг ахыг бүү зэмлэгтүн, бэргэн таны үгийг би цээжиндээ хадгалъя, олон үг өгүүлж яанам хэмээн нэгэн хундага архи барьсанд эм Пань Жин Лянь нь үл уугаад ихэд уурлаж шууд дээд гэрээс бууж ирээд доод гэртээ суув.

Тэндээс  тэр  ах  дүү  хоёул  нэлээд  архидаж  суугаад,  дүү  нь  урьдын  захисныг  бүү  март  хэмээн  ахдаа  захиад  шууд  дээд  гэрээс  гарч  яамандаа  ирэв. Маргааш нь эрт босоод ноёндоо учирч, чадалтай хоёр цэргийн хүнийг сонгон  авч,  аливаа  юмыг  төхөөрөн  бэлтгээд,  харъяат  яамнаас  мордохоор  завдаж бүхийд ноён өгүүлрүүн: - Ү Сун Жян чиний гар доорх хоёр цэрэг нь хүчин  сайн  буюу.  Би  бас  сайн  чадалтай  цэрэг  нэмэн  өгсүгэй  хэмээж  хоёр  цэрэг  нэмэн  өгч  бүгд  таван  хүн  эдүгээ  хаалганаас  гараад  ноёндоо  салах  ёслол хийгээд Дунжин хотын зам хөөв.

Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь Ү Да Лан тэр өдрөөс эхэлж дүү Ү Сунгийн захиаг ямагт дагаж, худалдаа хийхэд өглөө орой явах ба үдэш эрт ирээд үүд хаалгыг ягшуулан байхад эм Пань Жин Лянь үүнийг үзээд нэн уур нь хүрч, ийн хараан өгүүлрүүн: - бөөрөнхий чулуу адил мал чи юунд наймаагаа хийж дуусгалгүй үдэш эрт буцаж ирэх болов. Үүд хаалгыг юунд өдрөөр оньсолж ягшуулав  гэх  зэргээр  хараахуйд  Ү  Да  Лан  уур  нь  хүрсэн  боловч  дүүгийн  захиаг  хадгалж  ийн  өгүүлрүүн:  -  би  нь  үдэш  эрт  ирэх,  өглөө  орой  явах  нь  гагцхүү  миний  дүү  эрхэмнэн  захисныг  дагаж  тийнхүү  эрт  ирж,  орой  явдаг  билээ. Тиймийн тул захисныг мартаж болохгүй.

Үлгэрлэвээс алт чулууг гүн усанд хаяваас тэр нь живэхээс бус дээш хөвөхгүй, тэр мэт хадгалмуй хэмээн хэлэхүйд  эм  Пань  Жин  Лянь  аргагүй  түүнийг  одоо  энэ  мэтийг  хориглон  чадсангүй.  Харин  өөрийн  нөхөр  Ү  Да  Ланг  ирэхээс  өмнө  үүдийг  ягшуулах  болов.  Нэгэн  өдөр  мөнхүү  эр  нь  боовоо  худалдахаар  явав.  Энэ  өдөр  Пань  Жин  Лянь  наран  орой  болмогц  үүд  оньслохоор  гарч  явахуйд  нэгэн  үл  таних  хүн  түүний  үүдний  хажууд  байхыг  үзээд  үүдээ  хаая  хэмээн  түлхэхэд  тэр  хүний  өмссөн  эсгийн  малгай  нь  ширвэгдэж  газарт  унав.  Үүнд  тэр  хүн  ихэд уурсаж энэ юун хэцүү эм ажгуу, үүнийг занчъя хэмээгээд гэдрэг буцаж эм  Пань  Жин  Ляньг  үзвээс  үнэхээр  үзэсгэлэнтэй  тийм  сайхан  эм  тул  уур  нь  намхран  ийн  тийн  хэлэлцэн  бүхийг  айл  ойр  суух  Ван  эмгэн  үзэж  ийн  дотроо сэтгэрүүн: - энэ Да Гуо Сы манай айл суух Ү Да Ланы эм Пань Жин Ляньтай  нэгэн  үе  үг  хэлэлцэв.  Энэ  нь  гатсан  газар  хур  орж,  ган  тавьсан  адил  болох  буй  за  хэмээн  инээн  сэтгэв.

Энэ  хоёр  ийн  тийн  хэлэлцсээр  эм  Пань  Жин  Лянь  буруугаа  хүлээж  ёслоход  тэр  хүн  өгүүлрүүн:  -  энэ  нь  бага  хэрэг  яахин  хамаан  хэмээн  амандаа  хэлэх  боловч  ямагт  Пань  Жин  Лянь-ийг  ширтэн  үнэхээр  сайхан  эм  хэмээн  санаандаа  бодоод  энэ  хоёр  тус  тус  нүдний  хараа  нь  таарч,  сэтгэлийн  чиг  нь  хөдөлж,  дараа  учрахыг  тус  тус  дотроо  сэтгэв.  Энэ  хүн  нь  энэ  хотод  суух  нэгэн  баялаг  хүний  дураар  явах  хөвгүүн. Бага цагаас цэргийн эрдэм боловсруулж сурсан хүн бөгөөд энэ хүн олонд нүүртэй дээр басхүү аливаа газрын ноёд ба түшмэд лүгээ танил ихтэй асан. Үүнээс зоос мөнгө үл зээлмүй. Иймийн тул тэр хотын их бага цөм Ши Мэнь да гуань рэнь хэмээсэн цол өргөв.

Уг нэр нь Ши Мэнь Чин, энэ хүн тэр өдрийн үзсэн эм Пань Жин Ляньг санах нь шөнө унтах нойргүй, өдөр идэх будаагүй,  ямагт  мөрөөдөн  нэгэн  өдөр  тэссэнгүй  мөнөө  айлын  Ван  эмгэнг  таних тул түүний гэрт очиж энэ эмийн учрыг асууя хэмээгээд Ван эмгэний гэрт ирэв. Үүнд Ван эмгэн тэсгэлгүй баярлан өгүүлрүүн: - эрхэм да гуан рэнь урьд манай гэрт ер ирдэггүй билээ. Энэ өдөр ямар хэргээр ирэв хэмээн их л инээхэд Ши Мэнь Чин ийн өгүүлрүүн: - Ван эмгэн би нь чамаас нэгэн чухал хэрэг асуухаар ирэв. Таны айл суух энэ гэр чухам хэний хэмээдэг. Энэ гэрт байгч  нэгэн  залуу  эхнэрийн  нэр  хэн  хэмээн  асуухад,  Ван  эмгэн  өгүүлрүүн:  - энэ гэрийн эзэн өдөр бүр зээлэнд боов худалдагч хүн, эхнэр нэр нь Пань овогтой  эрлэг  хааны  охин  дүү,  хорлогч  сайдын  эм.

Чи  үүнийг  асууж  юу  хиймүй  хэмээхэд  Ши  Мэнь  Чин  өгүүлрүүн:  -  тийм  бөгөөс  үүний  нөхрийн  нэр  хэн  гэдэг  хэмээхэд  Ван  эмгэн  Ү  Да  Ланы  нэрийг  хэлэхгүй,  нэгэн  боов  худалдагч  хүн  хэмээн  наадан  хэлмэгц  Ши  Мэнь  Чин  тийм  боов  худалдах  тэр буюу. Ийм чавга жимс хүн тэр хүн буюу хэмээн санд мэнд яаран асуухад Ван  эмгэн  дотроо  сэтгэрүүн:  -  энэ  Ши  Мэнь  Чингээс  бага  хишиг  үл  авах ахул нэрийг огт хэлэхгүй хэмээн сэтгээд өгүүлрүүн: - Да гуан рэнь чи өөрөө бодож ологтун хэмээхэд Ши Мэнь Чин ер боов худалдагч хүн олон, алиныг хэмээн  мөн  хэмээх  буюу  хэмээгээд  эмгэнд  өгүүлрүүн:  -  Ван  эмгэн  ажаа  чи  өчүүхэн  дүүгээ  юунд  ийнхүү  зовоон,  үүний  нэрийг  үл  хэлмүй.

Би  чамд  шагнал өгье, чи энэ гэрийн эзний нэрийг хэлэгтүн хэмээхэд Ван эмгэн, энэ айлын гэрийн эзний нэр нь Ү Да Лан хэмээдэг хэмээхэд Ши Мэнь Чин маш баярлан хоёр хөлөөр газар дэвхцэн өгүүлрүүн: - нэгэн хэсэг тарган хонины алаг махыг хар нохойн аманд хаян өгөх юутай хайран хэмээхэд Ван эмгэн өгүүлрүүн: - да гуан рэнь хуучин үгэнд өгүүлсэн нь, өнгө зүс, бие үзэсгэлэн морины  дээр  унах  нь  хүний  морь  сайн  муу  хэмээн  голох  ёсгүй,  царай  зүс  нь  маш  үзэсгэлэн  эм  нь  эр  хүний  хөтөлбөр  тул  царай  зүс  үл  хэрэглэмүй.  Гагцхүү  тэнгэрийн  заяаснаар  болохоос  бус  хүн  бүрийн  санаагаар  болдог  хэрэг бус хэмээн өгүүлэхэд Ши Мэнь Чин юу хэмээн хэлсэнгүй, эмгэн танай хөвгүүн эдүгээ ямар газар явсан буй хэмээхэд эмгэн хөвгүүн Ван Чуань нь бусад хүнтэй хавсран худалдаа гүйлгэхээр хол явсан нь одоо сураггүй хэмээн хэлэлцээд Ши Мэнь Чин дахин өгүүлрүүн: - эмгэн чи одоо ямар ажил хийж суумуй  хэмээхэд  эмгэн:  -  цайны  пүүс  нээж,  аж  төрмүй  хэмээгч  Ши  Мэнь  Чин:  -  тийн  бөгөөс  чи  зарлага  буй  болбоос  надад  хэлэгтүн,  би  мөнгө  зоос  үлэмж тусалъя, үүнээс гадна хөвгүүнээ ирэх цагт намайг дагуулан худалдаа хийлгэгтүн хэмээхэд эмгэн маш баярлан, архи будаа бэлтгэж, Ши Мэнь да гуан рэнь хэмээн хүндлэн ёслов.

Үүнд Ши Мэнь Чин өгүүлрүүн: - эмгэн би чамаас гуйх хэрэг нь энэ айл суух гэрийн эмийг над лугаа учруулбаас болох буюу хэмээхэд эмгэн өгүүлрүүн: - чи урьд өдөр учирсан бөгөөтөл одоо дахин учирч юу хиймүй. Энэ эм болбоос төрсөн нь арван хувь сайхан үзэсгэлэнтэй боловч  нас  нь  ерэн  илүү  болсон  тул  хэрэггүй  хэмээхэд  Ши  Мэнь  Чин  эмгэний хошигнон наадахыг мэдээд ийн өгүүлрүүн: - эмгэн чи бүү над лугаа ийм  егөөлөн  наадам  хийсүгэй.  Хорь  шахам  насны  хүнийг  ер  илүү  хэмээх  нь юу хэмээн хэлэлцэн архийг ууж, эмгэнийг машид гуйхад эмгэн үгийг үл таамагц  Ши  Мэнь  Чин  аргагүй  наран  орой  болж  харанхуй  болсон  тул  гэр  зүгээ  харья  хэмээгээд  өгүүлрүүн:  -  энэ  өдрийн  уусан  архи,  идсэн  будааны  үнийг урьдын дансны хамтаар маргааш хүргэж ирье хэмээгээд явав. Тэндээс эмгэн үүдээ хаагаад гэртээ ганцаар үлдэв.

Маргааш  эрт  Ши  Мэнь  Чин  мөн  нойргүй  хоноод  иртэл  эмгэний  үүд  нээгээгүйд хүлээн байтал эмгэн үүд нээмэгц Ши Мэнь Чин дотор орж ирэв. Үүнд эмгэн өгүүлрүүн: - да гуан рэнь энэ хэдэн өдөр үл үзэгдэх билээ. Энэ өглөө юун учир ийм эрт яваа буй хэмээхэд Ши Мэнь Чин өгүүлрүүн: - эмгэн ажаа  чи  бүү  надаар  хошигнон  наадагтун  хэмээгээд  ширээн  дээр  сууж  мэй  тан  хэмээх  шөл  ууя  хэмээхэд  эмгэн  өгүүлрүүн:  -  мэй  тан  хэмээх  шөл  нь  амттай  дээр  бас  исгэлэн  үнэртэй,  маш  сайн  шөл,  чи  үүний  амтанд  орвоос  өдөр  бүр  уумуй  хэмээн  хэлээд  мэй  тан  хэмээх  шөлийг  хоёр  шаазан  хийж  авчрахад Ши Мэнь Чин тэр шөлийг амсаад үнэр амттай сайныг мэдээд бас ийн өгүүлрүүн: - эмгэн ажаа таны айл гэрт ямар идээ хийж худалддаг буй хэмээхэд эмгэн өгүүлрүүн: - энэ гэрт Ү Да Лан хэмээх хүн ногоо давс махыг найруулан нарийн амттай боов хийж худалдмуй хэмээхэд Ши Мэнь Чин: - тийм бөгөөс надад хорь гучыг авчирч өгмүй хэмээн гуйхад эмгэн өгүүлрүүн: -  эдний  гэрт  одоо  үгүй,  гэрийн  эзэн  Ү  Да  Лан  ирвээс бэлэн болой.

Чи  түр  хүлээгтүн хэмээхийг Ши Мэнь Чин сонсоод гадагш явъя хэмээвч сэтгэл нь явах  дургүй  тул  хаалганы  гадна  гарч,  зүүн  баруун  тийш  сэлгүүцэн  ямагт  эм Пань Жин Ляньг битүүлэг харж байгаад дахин эмгэний гэрт орж ирээд, өвөрлөсөн мөнгөнөөс нэгэн хэрэг гаргаж эмгэнд өгч өгүүлрүүн: - эмгэн энэ мөнгийг миний архи будаа цай ууж идсэн дансанд суутгагтун хэмээн өгөхөд эмгэн баярлан хүлээн аваад Ши Мэнь Чинд өгүүлрүүн: - да гуан рэнь чи энэ өдөр  нэлээд  эрт  ирсэн  билээ. Эдүгээ  цээж  чинь  хатаж,  ам  чинь  цангасан  байна хэмээхүйд Ши Мэнь Чин үнэхээр тийм билээ эмгэн чи яахин мэдэв хэмээхэд эмгэн өгүүлрүүн: - хуучинд өгүүлсэн нь хашааны дотор орж ирсэн зочдын баян хоосон нь түүний нүүрэн дээр тодорхой хэмээжээ, тиймийн тул би хүн юу хэмээн цээжиндээ санасныг мэдэх шинжигч хүн билээ хэмээхэд Ши  Мэнь  Чин  ийн  хэмээн  өгүүлрүүн:  -  эмгэн  ажаа  чи  тийм  шинжигч  хүн  болбоос миний цээжинд болсон нэгэн хэргийг мэдэх буюу хэмээхэд эмгэн өгүүлрүүн:  -  алгаар  халхалсан  наран  хүний  биенд  тусч  ирэх  лугаа  адил  да  гуан  рэнь  сэмхэн  сонс,  би  чамд  хэлсүгэй.

Чиний  бодсон  нь  манай  айл  суух  залуу  эм  Пань  овогтын  мөрөөдөн  санасан  нь  үнэн  үү  хэмээхэд  Ши  Мэнь  Чин:  -  үнэхээр  тийм  бүлгээ.  Эмгэн  одоо  таниас  нууж  яахин,  өчүүхэн  муу  дүүгээ  энэ  эм  лүгээ  нэгэн  хэдэн  үг  хэлэлцүүлэн  баярлуулбаас  би  чамд  энэ авч яваа мөнгөө бүрмөсөн тушаая хэмээхэд эмгэн өгүүлрүүн: - да гуан рэнь чамаас нуух нь бус, ойрын хоёр жил манай цайны пүүс наймаа алдаж хураагаад, эмгэн би өөр ажил үгүй тул энэ мэт уул нийлүүлэх, ус татах хэрэг хийж амь зуудагаас гадна элдэв зүйлийн үг засварлаж, сэтгэлийг урвуулах ба  эр  эмийг  салгах,  догшин  морийг  хөтлөх  зоригт  эмийг  хуурах  зэргээр  алиныг  үл  үйлдсэн  хэмээмүй  хэмээгч  Ши  Мэнь  Чин  маш  баярлан:  -  тийм  бөгөөс одоо энэ эм лүгээ нийлүүлбээс болох ажаамуй хэмээн гуйхад эмгэн өгүүлрүүн: - да гуан рэнь чи сонс, нэгэн зүйл нь урьд Пань Ань хэмээх зүс цэвэрлэг  сайн  эр  байсан,  тийм  болбоос  болно,  хоёр  зүйл  хоёр  тэрэг  алт  мөнгө байваас болно, гурван зүйл Дэн Тун хэмээх лүгээ адил зоос мөнгөтэй болбоос  болно.

Дөрвөн  зүйл,  хэвтэхэд  хөвөн  дэр  дэрлэвч  түүний  дотор  зүүгээр хатгавч дуу үл гарваас болно, таван зүйл аливаагийн чөлөөг үзвээс болмуй. Энэ таван зүйлийн нэр нь Пань, Лу, Дэн, Шяо, Сянь хэмээмүй. Энэ хэрэг бүтмүй хэмээхэд Ши Мэнь Чин өгүүлрүүн: - би нь Пань ань-ийг гүйцэх ийм сайхан зүсгүй боловч түүний дүү хэмээвээс ойр, хоёр зүйл ясан мэлхий тэжээж, түүний бааснаас авсан сувд нь хэдэн түмэн лан алт буй. Гурван зүйл Дэн  Тун  адил  зоос  мөнгө  үгүй  боловч  арван  хувийн  найман  хувьд  хүрмүй.  Дөрвөн зүйл: зүүгээр хатгах байтугай занчуулавч гар хөдлөхгүй. Таван зүйл чөлөө үзэгч байтугай өдөр бүр сул суудаг хэмээхэд эмгэн өгүүлрүүн: - тийм бөгөөс энэ эмийг да гуан рэньд учруулах арга буй. Гагцхүү нэгэн чухал хэрэг хэцүү хэмээгч. Ши Мэнь Чин өгүүлрүүн: - ямар хэрэг хэцүү буй, юу болбоос хэлэгтүн  хэмээхийг  эмгэн  сонсоод  өгүүлрүүн:  -  энэ  эмтэй  учрахад  мөнгө  зоос  их  л  зармуй.

Чи  түүнийг  бэлтгэж  авчрагтун  хэмээн  хэлэх  лүгээ  сацуу  Ши Мэнь Чин яаран өгүүлрүүн: - зоос мөнгө зарах нь энгийн хэрэг, энэ эм лүгээ  одоо  учруулан  өгсүгэй  хэмээн  мөргөхөд  эмгэн  өгүүлрүүн:  -  да  гуан  рэнь энэ өдөр нэгэнт орой болов. Дараа хэдэн сарын хожим болъё, чи одоо харьсугай  хэмээмэгц  Ши  Мэнь  Чин:  -  болохгүй  хэмээгээд  сөгдөж  гуйхад  эмгэн  чи  бүү  яарагтун,  хөгшин  над  арга  буй.  Чи  тийм  бөгөөс  надад  нэгэн  бүхэл цагаан панс, нэгэг бүхэл хөх чисжүү, нэгэн бүхэл цагаан дурдан, арван жин цагаан хөвөн бэлтгэж ирэгтүн, түүнийг би аваад айлын эм Пань Жин Ляньд  нэгэн  буянтай  хүн  эмгэн  намайг  бие  нөгцсөний  хойно  хэрэглэгтүн  хэмээж тусалсан тул чи оёж өгмүй хэмээн гуйваас тэр эрхбиш хүлээх байх, хэрэв  хүлээвээс  чиний  хэрэг  бүтжээ  хэмээн  олон  зүйлээр  ятгав.  Энэ  сул  үгийг бүү өгүүлэн өгүүлэх нь: Ши Мэнь Чин даруй явж, эмгэний хэлсэн ёсоор хэдэн зүйлийн дурдан, чисжүү бэлтгэн авчраад: - одоо болох буй за хэмээн баярлан атал тэр эмгэн тэдгээр юмыг аваад Ши Мэнь Чинд өгүүлрүүн: - да гуан рэнь чи архи ногоо бэлтгэх мөнгө өгөгтүн, би баахан архи аваад, зууш ногоог бэлтгээд энэ эм Пань Жин Лянь-ийг энэхүү юмыг эсгэн үйлдэж, оён өгмүй  хэмээн  гуйя.  Тэр  хэрэв  оёж  өгвөөс  түүний  нөхрийг  явсан  хойно  би  гэртээ  авчиръя  хэмээхэд  Ши  Мэнь  архи  ногоо  бэлтгэх  мөнгийг  арван  лан  өгөв.

Тэндээс  тэр  эмгэн  явж  архи,  гахайн  мах  элдэв  жимс  бүхнийг  бэлтгэж  засаад  нэгэн  цэвэрхэн  байшинг  сонгож,  энэ  Ши  Мэнь  Жин,  эм  Пань  Жин  Лянь хоёрыг нэгтгэн ашиг олох хэмээн ихэд баярласныг юун өгүүлэх билээ. Гагцхүү  Ши  Мэнь  Жин  яарах  нь  үлгэрлэвээс  хурдан  морийг  унаж,  сарын  газрыг нэгэн өдөр хүрэх мэт сэтгэл нь тэсэн үл ядахуйг эмгэн үзээд дотроо ийн  сэтгэрүүн:  -  Ши  Мэнь  Жинг  энэ  мэт  зовоож  яахин  хэмээн  сэтгээд  эм  Пань  Жин  Лянь-н  гэрт  орвоос  Ү  Да  Лан  хэдийнэ  боов  худалдахаар  явж.  Эмгэн Пань Жин Лянь-д ийн өгүүлрүүн: - мэргэн дүүгээс гуйх нэгэн хэргээр ирэв  өчүүхэн  эмгэн  надад  энэ  хотын  баялаг  Ши  Мэнь  да  гуан  рэнь  буян  санаж, надад гурван зүйлийн эдлэл өгч бие нөгчсөнийг хойно хэрэглэгтүн хэмээн үхсэн нь эдүгээ жил илүү болов, үүнийг эсгэх оёхыг өөрөө үл чадах тул үйлчин нарт өгье хэмээвээс тэд чөлөөгүй гэнэм. Иймийн тул мэргэн дүү алжаам хэмээн яахин энэ хувцасыг надад эсгэж өгмүй хэмээн гуйхад Пань Жин Лянь өгүүлрүүн: - эмгэн ажаа үүнд юу зовох газар буй билээ, эдүгээ би чөлөөтэй тул үл голох аваас би оёж өгсүгэй хэмээхэд эмгэн машид баярлаж: -  тийм  бөгөөс  маргааш  эрт  танай  гэрт  хүргэж  авчраад  өгье  хэмээхэд  Пань  Жин  Лянь  өгүүлрүүн:  -  эмгэн  чи  бүү  нааш  авчрагтун,  би  нөхрийг  явсан  чөлөөг  үзэж,  өдөр  бүр  танай  гэрт  очиж  оёж  өгвөөс  сайн  байна  хэмээхэд  эмгэн машид баярлан ёслоод гарав.

Тэндээс  энэ  мэдээг  Ши  Мэнь  Чин  хүлээн  байтал  эмгэн  удалгүй  хүрч  ирээд Ши Мэнь Чинд өгүүлрүүн: - да гуан рэнь чи эдүгээ харигтун, чиний хэрэг  бүтэв.  Нөгөө  өдөр  ирж,  юм  оёхоор  тогтов  хэмээхэд  Ши  Мэнь  Чин  буцаж хариад, нөгөө өдрийг хүлээх нь нэгэн сар мэт санагдах тул арга буюу хүлцэн  хүлээж,  гэртээ  суув.  Энэ  эмгэн  Пань  Жин  Лянь-ий  ирэхийг  хүлээн  тэр  өдөр  сайн  цай  чанаж,  идээ  жимс  бэлтгэн  байтал  Пань  Жин  Лянь  орж  ирэв. Үүнд эмгэн машид баярлаж, цай барьсанд Пань Жин Лянь цай идээг амсаад,  дээлийг  эсгэн,  даруй  зүү  утас  авч  оёв.  Үүнийг  эмгэн  үзээд  ийн  магтав.

-Мэргэн дүү охин чи юутай уран, үнэхээр арван хуруу тэгш төрсөн хүн  ажгуу  хэмээн  магтаад  тэр  өдөр  Пань  Жин  Лянь  наран  үд  болтол  оёод,  архи  будаа  идэж  дууссаны  хойно  бас  бага  оёсонд  наран  орой  болж,  гэртээ  буцтал,  нөхөр  Ү  Да  Лан  харьж  ирээд  үзвээс  эм  Пань  Жин  Лянь-ий  зүс  нь  улайж,  архи  уусан  байдалтайг  мэдээд,  эмээс  асууруун:  -  чи  энэ  өдөр  архи  уусан  уу  хэмээн  асуухад,  эм  нь  өгүүлрүүн:  -  айлын  Ван  эмгэн  нэгэн  дээл  хийж,  насны  эцэс  өмсөх  гэнэм.  Түүнийг  эсгэж,  бага  оёж  өгсөнд  эмгэн  над  архи будаа шагнаж идүүлэв хэмээхийг эр нь сонсоод өгүүлрүүн: - эхнэр чи үүнээс  хойш,  эмгэний  архи  будааг  идэж  үл  болмуй.

Эмгэнээс  бидэнд  гуйх  хэрэг олон, гагцхүү дээлийг нь түргэн оёж өгөгтүн, түүнээс гадна чи очихдоо өөрийн зоос авч очоод, архи будааг авч ид, бүү эмгэнийг шалиадан үрэгтүн хэмээхэд эм Пань Жин Лянь маргааш нь нэгэн хэлхээ зоос авч очоод эмгэнд өгч  өгүүлрүүн:  -  эмгэн  энэ  зоосоор  архи  будаа  авч  бэлдэгтүн  гэх  зэргээр  өгүүлээд,  зоосыг  өгсөнд  эмгэн  өгүүлрүүн:  -  мэргэн  дүү  чи  энэ  зоосыг  бүү  зарагтун,  гайгүй  над  хэдэн  өдөр  уух  архи  будаа  буй  билээ  хэмээгээд  үл  авсанд  аргагүй  эхнэр  буцаан  аваад  өгүүлрүүн:  -  эмгэн  ажаа  энэ  зоосыг  үл  авах  бөгөөс  энэхүү  оёж  байгаа  юмаа  би  гэртээ  аваачиж  оёсугай  хэмээхэд,  эмгэн  их  л  сандарч,  хэрэг  бүтэхгүй  болуузай  хэмээн  санаж,  тэрхүү  зоосыг  хүлээн аваад, архи будаа бэлтгэж Пань Жин Ляньг зочлов. Үүнд Пань Жин Лянь хариу ёслоод харив. Тэндээс гуравдугаар өдөр одоо болзсон болзоо тул эмгэн тэр өглөө Ү Да Лангийн явахыг хүлээж байгаад явсны дараа түүний гэрт очиж, Пань Жин Лянь-ийг урив.

Тэндээс  тэр  эмгэний  гэрт  ирээд  хуучин  хэвээр  юмаа  оёж,  наран  үд  шахмагц  эмгэн  архи  ногоог  бэлтгэн  байтал  гаднаас  Ши  Мэнь  Чин  даруй  хүрч  ирснийг  эмгэн  мэдээд,  угтаж  гараад  их  дуунаар  Ши  Мэнь  да  гуан  рэнь,  энэ  хэдэн  өдөр  муу  эмгэн  миний  гэрт  юунд  эс  ирэв  хэмээхэд  Ши  Мэнь  Чин  өгүүлрүүн:  -  би  нь  алба  хэрэг  үлэмж  бөгөөд  олон  пүүсний  данс  хар  бодох  хэмээн  чөлөө  олсонгүй.  Харин  энэ  өдөр  арайхан  чөлөө  гармагц  эмгэн  чамайг  эргэж  ирэв  хэмээгээд  дотоод  байшинд  ормогц  мөнөө  эхнэр  Пань  Жин  Лянь-ийг  үзэж  баярлаад  Пань  Жин  Ляньд  ёслоход  Пань  Жин  Лянь хариу ёслоод сууцгаав. Тэндээс тэр эмгэн Пань Жин Ляньд өгүүлрүүн: -  өчүүхэн  миний  энэ  чамаар  оёулж  байх  дээлийн  юмыг  өгсөн  буянтан  нь  энэ хүн бүлгээ хэмээгээд Пань Жинь Лянь-ий оёж байсан юмыг Ши Мэнь Чинд үзүүлснийг Ши Мэнь Чин аваад үзвээс дэлхий дахинд ийм цэвэрхэн оёх эм хүн бас байдаг ажгуу хэмээн элдвээр магтан хэлэхэд Пань Жин Лянь өгүүлрүүн: - да гуан рэнь юунд намайг егөөлж ичээмүй хэмээхэд Ши Мэнь Чин: - тийм бус, үнэхээр цэвэрхэн оёжээ хэмээгээд үл мэдэгчнээр эмгэнээс асууруун: - энэ эхнэр хаа суудаг хэний гэргий билээ хэмээн асуухад, эмгэн өгүүлрүүн:  -  энэ  эхнэр  нь  манай  айл  суух  Ү  Да  Лангийн  гэргий  Пань  Жин  Лянь хэмээгч бүлгээ. Эрт өдөр таны өмсөж явсан эсгий малгайг унагаасан хүн энэ эм бус буюу. Чи танив уу хэмээхэд Ши Мэнь Чин: - үнээр тийм, би эдүгээ эс танимуй. Гагцхүү үүний нөхөр Ү Да Ланг би танимуй. Тэр хүн зан нь  шулуун,  хүн  лүгээ  эвтэй,  зоос  мөнгийг  хонжих  нь  сайн.  Ийм  эр  олдох  нь бэрх хэмээн хошигнон наадаж өгүүлсэнд эмгэн өгүүлрүүн: - Ши да рэнь юунд  ийнхүү  түүнийг  магтах  буюу  хэмээхүйд  эхнэр  Пань  Жин  Лянь  тосч  үг  өгүүлрүүн:  -  да  гуан  рэнь  юунд  тэр  тэнэг  мууг  зөөлж  сайнд  тооцов.  Энэ  нь  даруй  хүнийг  ичээх  санаа  болой  хэмээсэнд  Ши  Мэнь  Жин  өгүүлрүүн:  -  хуучдын  үгэнд  зөөлөн  зантай  хүн  биеэ  манахуйд  сайн,  зүрх  их  ууртай  хүн  хэрэг  дэгдэхэд  сайн  хэмээжээ.  Иймийн  тул  ахай  таны  ноён  зан  үнэхээр  дөлгөөн,  бие  манасан  хүн  хэмээхэд  эмгэн  маш  ихэд  алгаа  ташин  инээн  өгүүлрүүн: - Ши да гуан рэнь-ий хэлэх нь үнэхээр зөв, үнэхээр мөн хэмээв.

Тэндээс  энэ  гурвуул  ширээ  засч,  цай  уугаад,  архи  ногоо  бэлтгэхийг  юун  өгүүлмүй.  Өгүүлэх  нь:  Ши  Мэнь  Чин  тэр  өдөр  биендээ  баахан  мөнгө  авч  явсан  ажгуу.  Үүнд  эмгэн  өгүүлрүүн:  -  да  гуан  рэнь  энэ  эхнэрийг  одоо  таних болов. Пань Жин Лянь чи энэ Ши Мэнь Чинг таних буюу хэмээсэнд Пань  Жин  Лянь:  -  үл  танимуй  хэмээгч  эмгэн  өгүүлрүүн:  -  энэ  нь  эртийн  эсгий малгайгаа чамд унагаагч хүн, манай энэ хотын Ши Мэнь да гуан рэнь хэмээдэг  их  баялаг.  Үүний  хураасан  алт  мөнгө  нь  үлгэрлэшгүй.  Дээр  орон  гэр нь ноёдын ордноос үлэмж, хэн үүнийг гүйцмүй хэмээн маш магтахад Ши Мэнь Чин дотроо баярлан суутал эмгэн босч цай барихад цайг ууж дуусаад, энэ  хоёрын  байдлыг  үзвээс  хоёр  нүдний  булангаар  нууж,  бие  биесийг  ажиглан  ширтэх  нь  нэн  улам  нэмэгдэж,  үүнд  эмгэн  дотроо  баясаад  архи  барин атал Ши Мэнь Чин өгүүлрүүн: - эмгэн ажаа энэ эхнэр таны дээлийг оёж, гар зүдэрсэн хүн тул би хооромдоос мөнгө гаргаж, архи ногоо бэлтгээд, үүний  ач  тусыг  хариулбаас  зохимуй  хэмээгээд  нэгэн  хэсэг  мөнгө  гаргаж  өгөв. Үүнийг Ван эмгэн тосож аваад Ши да гуан рэнь өчүүхэн эмгэн миний төлөөнөө энэ Пань Жин Ляньд ач хариулах нь юутай цэцэн сайн ажгуу. Би явж архи ногоо бэлтгэсүгэй. Мэргэн дүү Пань Жин Лянь чи энэ Ши да гуан рэньд хань болон миний төлөөнөө архи барьж байгтун хэмээгээд явав. Пань Жин Лянь даруй тэр үгийг сонсож дотроо баярлаад за хэмээн хүлээв.

Тэндээс  Ши  Мэнь  Чин  Пань  Жин  Лянь-ий  хамт  сууж,  архи  ууж,  бие  биедээ  үг  хэлж  чадахгүй  битүүгээр  нүдний  өнцгөөр  харалцсаар  энгийн  үг  хэлэлцэн  байтал  эмгэн  гаднаас  архи  ногоо  бэлтгэж  гэртээ  харьж  ирэв.  Удалгүй архийг халуулж, ногоог бэлтгээд дахин их ширээ засаж найр тавиад Ши Мэнь Чин босож нэгэн их хундаганд архи хийж Пань Жин Ляньд ийн өгүүлрүүн:  -  өчүүхэн  муу  Ши  Мэнь  Чин  би  нэгд  эмгэн  ажаагийн  дээл  оёж  өгсөн баяр, хоёрт одоо танилцсан ерөөлөөр хоосны төдий бага архи авч ахай танд өргөе хэмээсэн хүсэл билээ. Олдвоос гурван хундага зоогловоос ямар хэмээн  зөөлөн  эелдэг  аашаар  архи  барьсанд  Пань  Жин  Лянь  өгүүлрүүн:  -  эрхэм да гуан рэнь өчүүхэн шивэгчин эмийг энэ мэт хүндлэх нь юу, харин зүй нь да гуан рэньд танд урьд бариваас зохих билээ. Би нь мунхагтав хэмээн хүлээн үл авахад эмгэн өгүүлрүүн: - мэргэн дүү Пань Жин Лянь чиний сайн санааг мэдээд арван хурууны ач хариулах хэмээн арван лан мөнгө гаргаж, архи  ногоо  бэлтгүүлсэн  нь  гагцхүү  чамд  барих  хэмээсэн  билээ.  Өөрийн  идээг  өөрөө  дээжлэн  идэх  ёс  хаа  баймуй,  зочдыг  залахуйд  гэрийн  эзэн  их  байтугай ноён сайд боловч ард боолдоо хундага барих ёстой хэмээхүйд Пань Жин Лянь аргагүй босоо зогсож хүлээн авч бүрмөсөн уусанд бас дахин хийж, гурван хундага баримуй хэмээхүйд цөм ууж өгүүлрүүн: - да гуан рэнь, эмгэн ажаа  та  хоёрт  эдүгээ  би  хариу  хундага  бариваас  болох  болов  уу  хэмээхүйд  эмгэн  өгүүлрүүн:  -  надад  гайгүй,  Ши  Мэнь  да  гуан  рэнь  та  хоёрт  харин  би  барьсугай  хэмээгээд  эмгэн  даруй  босон  энэ  хоёрт  хундага  барив.  Дараа  нь  Пань  Жин  Лянь,  Ши  Мэнь  Чин  эмгэн  хоёрт  хариу  хундага  хийж  Ши  да  рэньд  бариад  бас  гурав  баримуй  хэмээгээд  инээмсэглэхүй  царай,  эелдхэн  занг  гаргасанд  нь  хүн  сүлд  даллах  лугаа  адил  үүнийг  Ши  Мэнь  Чин  үзээд  тэнгэрээс надад бас ийм хишиг хайрладаг ажгуу. Энэ эхнэр мэт ийм сайхан хүн дэлхий дахинд байх ч байтугай уран зураач ч болов бие зүсийг нь зурж үл чадмуй хэмээгээд дотроо сэтгээд Пань Жин Лянь-ий барьсан архи авах хэмээсэн билээ. Харин гарыг нь барьсанд Пань Жин Лянь мөн түүний гарыг тавиулахаар  гараа  наадалцахыг  эмгэн  үзээд  ийн  өгүүлрүүн:  -  хоёр  дүү  нар  архиа  бие  биедээ  барьж  зочилсугай.  Би  доор  бууж  архи  халуулж  авчиръя  хэмээн доод гэртээ буув.

Тэндээс  тэр  хоёр  одоо  бие  биесээ  хошигнон  наадахыг  өгүүлж  яахим.  Тэндээс  Пань  Жин  Лянь  энэ  Ши  Мэнь  Чинг  үзвээс  мөн  үнэхээр  цэвэрхэн  үзэсгэлэн,  бие  нь  тэгш,  одоо  үүн  лүгээ  учрах  ерөөл  буй  хэмээн  дотроо  сэтгээд  Ши  Мэнь  Чинд  ийнхүү  өгүүлрүүн:  -  да  гуан  рэнь  та  одоо  гэрийн  дотор  хичнээн  ам  хүн,  эцэг  эх  буй  үгүй,  бас  гэргий  хүүхэд  авсан  эссэн  гэх  зэрэг  наалихай  зангаар  асуухад  Ши  Мэнь  Чин  өгүүлрүүн:  -  ахай  би  нь  нас  багад нэгэн гэргий авсан, тэр нь мөн ч явдал нь төв, миний гэрийн хэргийг аливаа  зүйлээр  дааж  захирах  нь  надаас  илүү  сэргэлэн  билээ.  Тэр  эдүгээ  насан нөгчөөд гурван жил илүү болов. Эцэг эх үгүй, зарц болбоос эр эм бүгд тавин илүү хүн байдаг. Үүнийг би ганцаар үл захиран чадах тул нэгэн гэрийн эм олж аваад ажлаа хавсруулъя хэмээн хэдийнээ санасан боловч ер сэтгэл тохирох тийм журамтай сайн эм эс олдов хэмээхүйд эмгэн тосч өгүүлрүүн: -  да  гуан  рэнь  чамайг  сонсвоос  энэ  хотын  зүүн  зээлэнд  суух  Жан  Ши  Ши  хэмээх  хөгжим  наадам,  дуу  дуулах  нэгэн  сайхан  сул  эмийнд  очдог  хэмээн  сонслоо хэмээхүйд Ши Мэнь Чин өгүүлрүүн: - тэр гэрт би энгийн орж, дуу дуулуулахаар очсоноос бус өөр зүйл үгүй хэмээхүйд эмгэн бас өгүүлрүүн: - да гуан рэнь чи өөрийн гэргийг бие нөгчсөний хойно Ли Жяо Жяо хэмээх эмийг  аваачаад,  эдүгээ  бас  буй  билээ  хэмээхүйд  Ши  Мэнь  Чин  өгүүлрүүн:  -  түүнийг  аваачсан  нь  гэрийн  хэрэг  багыг  хавсруулъя,  хог  арилгах,  цай буцалгах,  хөнжил  дэвсгэр  засах,  зарц  охид  захирах  хэмээн  аваачсан.  Үнэн  чухам би янаг амраг сэтгэлээр аваачсан хэрэг бус. Би нь гэр тэргүүлсэн хүн бөгөөд  гэргий  авах  нь  ёстой  гагцхүү  энэ  Пань  Жин  Лянь  адил  ийм  сайхан  үзэсгэлэнтэй арван хуруу тэгш нь олдох маш бэрх байнам хэмээхүйд зальхай эм Пань Жин Лянь дотроо баярлах нь юу өгүүлмүй.

Өгүүлэх  нь:  эмгэн  Ши  да  рэнь  чиний  хэлэх  үгийг  сонсвоос  энэ  Пань  Жин Лянь лугаа адил ийм эхнэр олж авахыг санамуу хэмээхүйд Ши да рэнь өгүүлрүүн: - үнэхээр тийм, гагцхүү надад ийм эхнэр учрах ерөөлгүй тул эдүгээ сэтгэл ихэд зовнин, гэрт сууж үл чадмуй хэмээхүйд эмгэн өгүүлрүүн: - ийм эхнэр олох нь санаагаар болох бус, тэнгэрийн хувь зохиолоор тохиолдох тул да  гуан  рэнь  юунд  их  л  зовмуй  хэмээгээд  тэр  хоёрт  архи  барьж  шаардваас  архи  нь  дуусч,  үүнд  эмгэн  би  энэ  өдөр  эрхэм  зочдын  архийг  ууж,  ногоог  идээд  хариуг  барих  нь  мөн.  Би  явж  архи  авчирсугай  хэмээгээд  явах  гэтэл  Ши Мэнь Чин өгүүлрүүн: - эмгэн та архины төлөө бүү зоос гаргагтун, би зоос гаргаж авчирваас зохих хэмээж бас нэгэн хэдэн хэсэг мөнгийг эмгэнд өгч, архины  сайныг  сонгон  авагтун  хэмээхүйд  эмгэн  мөнгийг  хүлээн  аваад  тэр  хоёрыг нүд царайг нэгмөсөн таниад үлсэн архийг нэгэн аяганд хийж үүнийг та хоёр хувааж наадан суугтун, би ирэх нь нэлээд удмуй хэмээгч Пань Жин Лянь гэртээ буцъя хэмээн ам нь олон боловч бөгс нь улам хүнддэж суурьтай яван чадахгүй байв. Үүнд Ши Мэнь Чин тэр нэгэн аяган дахь архийг өөрөө уугаад Пань Жин Ляньд өгмөгц Пань Жин Лянь тосч авах гэтэл ширээний дээр  тавьсан  хоёр  савханы  нэг  нь  газар  унав.  Үүнийг  Ши  Мэнь  Чин  авах  хэмээгээд гар сунган Пань Жин Лянь-ий гурван ямх үл хүрэх улаан шаахай нь Ши Мэнь Чингийн авах гарт баригдсан нь Ши Мэнь Чин нэгэн чимхэж атгамагц Пань Жин Лянь өгүүлрүүн: - да гуан рэнь чи юунд миний хөлийг чимхэж атгав. Үүнийг үзвээс чи намайг дарлах самуун хэрэг дэгдээх хэмээн санасан нь илэрхий хэмээн үг аманд гаравч дотор нь далай мэт болж, давтсан цалин мөнгийг их галд хөөрөгдөн хайлах лугаа адил болж, инээмсэглэн Ши Мэнь Чинг тэврэн авч хөл хэмээн ёолох дуун гаргаж цунгинан авирлахуйд Ши  Мэнь  Чингийн  галын  дөл  нь  дээш  дэгдэж  шууд  нэгэн  ам  хүрч,  сэтгэл  нь баярлаж хоёул наадам үйлдэх нарийн үг хэлэлцэх хэмээж, дээл хувцасаа тайлаад нэгэн цагийн цэнгэл үйлдэн жаргаад босох хэмээтэл гаднаас эмгэн орж ирээд зориудаар ийн өгүүлрүүн: - та хоёр дээл хувцасаа тайлж миний гэрт ямар хэрэг үйлдэв хэмээн ихэд бархиран хэлэхүйд Ши Мэнь Чин айж, энэ хэрэг бус болов, гадаад хүн сонсвоос муу болно хэмээгээд үүд гаръя гэтэл Пань Жин Лянь өгүүлрүүн: - да гуан рэнь түр суу, эмгэн ажаа чи баахан уураа намхруулагтун  хэмээхүйд  эмгэн  инээн  өгүүлрүүн:  -  Пань  Жин  Лянь  чи  нь  миний дээлийг оёж өгөх хэмээн миний гэрт ирээд бусдын эрийг хулгайлан бурангуй  хэрэг  хийсэн  нь  үнэхээр  ёс  бус.  Ши  Мэнь  да  гуан  рэнь  өчүүхэн  эмгэн  над  тусалж  дээл  хийж  өгсөн  нь  үнэхээр  ачтай  боловч  архи  авчран,  ногоо  бэлтгэж,  ариун  шударга  эмийг  дарласан  нь  даруй  аймшигтай  хэрэг.  Иймийн  тул  та  хоёрыг  энэ  удаа  өнгөрүүлье  хэмээхэд  тэр  хоёр  эмгэнийг энэ  мэт  өгүүлснийг  сонсоод  даруй  зүрх  нь  түгшиж  айвч,  даруй  өнгөрүүлье  хэмээх үг буй тул үүнийг эс аргадваас үл болмуй хэмээн хоёул газар сөгдөн, ийнхүү  тийнхүү  хэмээн  гуйж  буруугаа  хүлээн  мөргөхөд  эмгэн  өгүүлрүүн:  -  та хоёр босогтун, үүнийг надаас гуйх нь бага хэрэг, гагцхүү нэгэн чухал хэрэг буй. Үүнээс хойш та хоёр мөн манай энэ гэрт учрахаас бус өөр газар хэрхэвч уулзаж  үл  болох  ба  бас  хэлэлцсэн  болзоо,  да  гуан  рэнь  эс  ирвээс  тухайд  эмгэн  надад  нэгэн  бодлого  буй.  Эм  Пань  Жин  Лянь  чи  эс  ирэх  ахул  даруй  чиний  нөхөр  Ү  Да  Ланд  хэлэхээс  гадна  олонд  хэлж  ичээмүй  хэмээхэд  энэ  хоёр үлгэрлэвээс торонд орсон шувуу, өөшинд баригдсан загас лугаа юуны өөр. Гагцхүү эмгэнд ийнхүү мэхлэгдсэнээ санаж дотор нь гутсаныг өгүүлэх юун. Тус тус эмгэний хэлснийг хүлээн авав.

Тэндээс  наран  орой  болж  Ү  Да  Лан  одоо  харьж  ирэх  цаг  ойртсон  тул  Пань Жин Лянь аргагүй буцах ёслолыг хийж эмгэн, да гуан рэнь нарт архи барьсанд  эмгэн:  -захисныг  бүү  март  хэмээв.  Үүнд  Пань  Жин  Лянь:  -  юунд  энэ  хэргийг  мартах  буюу,  хэзээ  Ши  Мэнь  Чинг  ирэх  буй  өдөр  бүр  ирвээс  маш  сайн  хэмээн  дотроо  сэтгэрүүн,  даруй  гэртээ  харьтал  удсангүй  Ү  Да  Лан  харьж  ирэв.  Эмгэн  Ши  Мэнь  Чин  хоёр  үлдэж  архидан  байгаад  эмгэн  сэмхэнээр өгүүлрүүн: - Ши да гуан рэнь миний энэ бодлого ухаан санаа нь болсон уу, хэрэг бүтэв үү хэмээхүйд Ши Мэнь Чин да гуан рэнь өгүүлрүүн: -  таны  энэ  бодлого  маш  хэцүү,  онолыг  олсон  бодисатва,  шидийг  олсон  шулмасаас  илүү  хэмээн  ихэд  магтан,  эмгэн  маргааш  би  чамд  худалдааны  хөрөнгө  болгох  үлэмж  мөнгө  авчирч  тусалъя.  Одоо  миний  биенд  авч  яваа  мөнгөнөөс  бага  зараад  үлдсэн  хэдэн  хэсэг  мөнгийг  чамд  тушаая.  Хожим  архи  бэлтгэж  байгаарай  хэмээв.

Үүнд  эмгэн  өгүүлрүүн:  -  Ши  да  гуан  рэнь  чиний  хэлснийг  эмгэн  би  сүслэн  санахаар  үл  барам,  харин  ганц  хөвгүүн  лүгээ  адил  санамуй.  Хожим  намайг  бие  нөгчсөний  хойно  аливаа  зүйл  да  рэнь  бэлтгэж  өгөхийг  гуймуй  хэмээн  хэлэлцээд  Ши  да  рэнь  гэртээ  буцав.  Үүнийг  бүү  өгүүлэн,  өгүүлэх  нь:  Энэ  эм  Пань  Жин  Лянь  эмгэний  хэлэхээс  айх  байтугай  Ши  Мэнь  Чинтэй  нэгэн  удаа  цэнгэлдсэн  нь  түүний  сэтгэл  нь  үргэлж  да  гуан  рэньг  санахаас  гадна,  цагаан  модон  дээр  түрхэж  наасан  маажин хэмээх тосонд унасан ялаа мэт болж энэ эмгэн Ван Погийн гэрт нэг өдөр арав дахин ирэх болов. Энэ нь сайн хэрэг үйлдвээс гэрийн дотроос үл гармуй. Самуун  хэрэг  хийвээс  түмэн  газар  сонстмуй  хэмээх  үг  лүгээ  адил  энэ хоёрын сэтгэл тохирсноос хойш хорин өдөр болоогүй атал хотын олон хүн бүгд мэдэв. Үүнийг бүү өгүүлье.

Энэ хотод Юнь овогт нэгэн бага настай хөвгүүн  буй.  Энэ  хөвгүүн  хэдий  сэргэлэн  боловч  гэр  ядуу  нас  болсон  эцэг  эхийг тэжээх нь бэрх тул аргагүй жимсийг авч зээлэн дээр худалддаг билээ. Нэгэн өдөр Юнь Гө Эл хэмээх хөвгүүн жимсээ худалдахаар зээлд очвоос авах хүн  үгүй.  Эдүгээ  гэрт  мөнгө  зоос  бас  үгүй,  одоо  яахин  идэх  будаа  төхөөрч  гэртээ  хариу  буй  хэмээн  гэнэт  бодоод  Ши  Мэнь  да  рэнь  лүгээ  урьд  мөн  сайн танимуй. Тэр надад мөн ч мөнгө тусалж байсан нь одоо түүнд уулзъя хэмээгээд  хүнээс  сураглаваас  энэ  Ши  Мэнь  Чинг  чи  байтугай  сяний  ноён уулзах  хэмээн  эрүүлээд  олоогүй  билээ.  Чи  уулзъя  хэмээвээс  Зи  Ши  Жие  хэмээх  зээлэнд  цайны  пүүс  нээсэн  Ван  По  Эл  эмгэний  гэрт  очвоос  учирч  болно. Энэ Ши Мэнь Чин тэнд байдаг учир нь Ү Да Лангийн эм Пань Жин Ляньтай сэтгэл амраг болж, тэр цайны пүүсэд учирдаг. Чи бага хөвгүүн тул Ван По эмгэний гэрт шууд орогтун хэмээхэд тэр хөвгүүн Ван эмгэний гэрт ирж,  их  хаалгыг  нээж  ороод  үзвээс  Ван  эмгэн  ганцаар  ажгуу.

Үүнд  эмгэнд  ёслоод гуанд агуулсан жимсийг газар тавьмагц, эмгэн өгүүлрүүн: - Юнь Гө Эл чи манай энд ямар хэргээр ирэв. Чиний энэ жимсийг авах хүн үгүй хэмээхэд Юнь Гө Эл хөвгүүн өгүүлрүүн: - эмгэн ажаа би нь гэр ядуу хүн, нас болсон эцэг эхээ тэжээх хэмээн жимс худалддаг билээ. Энэ өдөр худалдсангүй тул гэрт мөнгө зоос үгүйд бачимдаж да гуан рэнь-ээс мөнгө туслахыг эрж ирэв хэмээхэд эмгэн өгүүлрүүн: - Юнь Гө Эл да гуан рэнь хэмээх хүн нь олон, чи цолыг  хэлбээс  олохгүй,  нэрийг  хэлбээс  олно  хэмээгч,  хөвгүүн  ийн  хэмээв.

Эмгэн  ажаа  чи  хөвгүүн  надаар  бүү  наадагтун.  Чи  бэлхэнээ  өөрөө  мэдсээр  атал  нэрийг  хэлэгтүн  хэмээх  нь  юун.  Цол  нь  гурван  үсэг,  нэр  нь  хоёр  үсэг  хэмээгээд  шууд  дотогш  орох  гэтэл  эмгэн  ханцуйгаас  барьж  өгүүлрүүн:  -  хүний  дотоод  гэрт  орох  нь  ямар  ёс  учир  үл  мэдэх  адгуус  адил  хөвгүүн  чи,  бүү орогтун хэмээн ихэд уурсахад, тэр хөвгүүн угаас сэргэлэн хүн тул эмгэнд ийн  хэмээн  өгүүлрүүн:  -  эмгэн  чи  сонс,  нэгэн  жигүүртний  амандаа  зууж  авчирсныг  олон  жигүүртэн  цугларан  идмүй.  Тэр  лүгээ  адил  чи  ганцаар  идвээс  болох  буюу.  Харин  нэгэн  бага  халбаганы  дотор  их  ногоо  хийгээд  газар үл унагаах хэмээн их хутгаар зүссэн болой. Чи нь ногоог идвээс би нь шөлийг  хүртмүй  хэмээн  бас  өгүүлрүүн:  -  эмгэн  чи  надад  бүү  их  зан  гарга,  чиний  өчүүхэн  улаан  хорхой  адил  чийг  үзвээс  үнэрлэх  бус.

Би  журмаар  эцэг эхийг тэжээсэн шударга эр намайг бага хэмээвээс чиний хийсэн хэрэг алганы дээр тавьсан толиноос тодорхой, үүнийг Ү Да Лан ах сонсвоос сайн уу  хэмээн  ихэд  бархирахад  тэр  хөвгүүнийг  эмгэн  барьж  аваад  толгойн  тус  хэд хэдэн удаа занчиж: - сармагчны зулзага бушуу түргэн яв хэмээн чирэн хаалга гаргав. Үүнд энэ хөвгүүн нэгд нас бага, хоёрт эмгэний занчих ёсгүйд уур нь хүрч үүдний гадна эмгэнийг хараан өгүүлрүүн: - зальхай эмгэн чиний энэ  хийсэн  хэрэг  эдүгээ  эс  илрэвч  эцэстээ  илрэх  нь  лав  хэмээн  хараагаад  одоо  нэгэн  дээд  хүнд  энэ  учрыг  хэлье  хэмээн  сэтгээд  шууд  зам  хөөн  явав.  Энэ  нь  чухамхүү  хүрз  барьж  үнэг  туулайн  үүрийг  уудлахад  түүний  дэргэд  байсан ангир шувуу чимээнээс айж дутаан нисээд халуун элсний дээр буув хэмээгч лүгээ адил болжээ. Энэ Юнь Гө Эл бага хөвгүүн зам хөөн явж, хэн нартай хүн лүгээ учирч юу хэмээн хэлэхийг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top