2020 онд дэлхий нийтээрээ коронавирусний халдварын эсрэг тэмцэж хөл хорио тогтоосноор байгууллагууд онлайнаар хурал, зөвлөгөөн зохион байгуулж, гэрээсээ ажиллах бодлого баримталж, мэдээлэл технологийн хэрэглээ ихээр нэмэгдэв.
Энэ нь кибер халдлага үйлдэгчдэд том завшаан болсон бөгөөд байгууллагын удирдлага, систем, сүлжээний админууд ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг хангахад гол анхаарлаа төвлөрүүлж, аюулгүй байдлаа хангах ажлыг орхигдуулснаар кибер халдлагын хохирогч болсоор байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын томоохон судлаач шинжээчдийн тайлан мэдээг нэгтгэн дүгнэв.
“ISC²” дэлхийн кибер аюулгүй байдлын мэргэжлийн байгууллагын шинжээчид Хойд Америк, Европ, Латин Америк, Ази, Номхон далайн бүс нутагт жижиг, дунд, томоохон байгууллагуудын 3790 мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлын ажиллах хүчний судалгаа хийсэн байна.
Судалгаанаас харахад кибер аюулгүй байдлын мэргэжил нь дэлхийн хэмжээнд эрс өсч, одоогоор энэ салбарт ажиллаж буй 3.5 сая хүн болж, өнгөрсөн жилийн тооцооноос 25 хувиар өссөн байна. Дэлхийн хэмжээнд ажиллах хүчний хомсдол буурч байгаа бөгөөд өнгөрсөн онд мэдээлэгдсэн 4.7 сая хүн амын хомсдолоос 3.12 сая болж буурчээ. Энэ салбарт ажил эрхлэх нь АНУ-д ойролцоогоор 41%, дэлхийн хэмжээнд 89% -иар өсөх шаардлагатай байгааг харуулж байна.
Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 30 % нь "зохих хэмжээний тусгай хамгаалалтын ажилтнуудтай” гэж мэдээлсэн бол 42 % нь “бага зэрэг дутагдалтай”, 22 % нь “мэдэгдэхүйц дутагдалтай” байгааг мэдээлэв.
Коронавирусын хор уршигаар дэлхийн эдийн засаг санхүүгийн том хямралд өртөөд байгаа ч аж ахуйн нэгжүүд гэрээсээ ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж, үүнийг дагаад кибер аюулгүй байдлыг хангах боловсон хүчин болон аюулгүй сүлжээний дэд бүтцэд хөрөнгө зарцуулж эхэлсэн байна.
АНУ-ын үүлэн тооцоолол дээр суурилсан аюулгүй байдлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Zscaler” компанийн судалгааны баг 2020 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд илэрсэн 6.6 тэрбум халдлагад дүн шинжилгээ хийж, технологийг нарийвчлан судалж үзжээ. Үүнд:
Зураг 1. SSL-д суурилсан халдлага /байгууллагын төрлөөр/
Тус компанийн мэргэжилтнүүд цар тахлын улмаас онлайнаар ажиллах, cloud бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж, SSL траффик нь аюулгүй траффик биш гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон, шифрлэлтийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор халдлага үйлдэгчид довтолгоогоо нуун дарагдуулах арга нь улам нарийсч байгаа бөгөөд шифрлэгдсэн урсгалыг шалгах шаардлагатай болж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Европын Холбооны Кибер Аюулгүй байдлын агентлаг (ENISA)-аас гаргасан кибер аюул занал бүхий 2020 оны 8 дахь тайланд халдлагын статистик тоон мэдээлэл болон учруулсан хор хохирол зэргээс хамаарч топ 15 халдлагын төрлийг жагсаасан байна.
Зураг 2. Топ 15 халдлагын төрөл
Энэхүү жагсаалтад хортой код, вебд суурилсан болон веб аппликейшн төрлийн халдлага, фишинг, DDoS буюу үйлчилгээ бусниулах зэрэг халдлагууд давтамж болон хор хохирол өндөртэйгээр тусгагдсан бөгөөд кибер халдлага, түүний өнөөгийн чиг хандлагыг дараах байдлаар онцлон тэмдэглэв.
Цар тахлын аюул дэлхийг донсолгосон энэ үед засгийн газар, байгууллага аж ахуйн нэгжүүд дижитал шилжилт хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа нь олон кибер гэмт хэрэг үйлдэгдэх, кибер орчны эмзэг байдлын тоо улам бүр өргөжин тэлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Иймд иргэд аж, ахуйн нэгжүүд коронавирусний халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэм сахихаас гадна кибер аюул заналын үр нөлөөг ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг мэдээллийн аюулгүй байдлын газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )