Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖАН АМБАН ЮАНЬ ЯН ЛОУ ХЭМЭЭХ ДАВХАР БАЙШИН ДЭЭР ЦУСАА УРСГАХ Ү СУН,
Ү ГҮН ЛИН ХЭМЭЭХ ДАВХАРГЫГ ХАРАНХУЙ ШӨНӨ ДАВАХ
Өгүүлэх нь, Жан амбан, Жан Мэнь Шэнь нар хоёр цэргийн хүнийг илгээж, Ү Сунг алуулахаар явуулсан хойно эд нар Юань Ян Лоу давхарлаг байшинд архидаж, Ү Сунг алах чимээ цэргийн ардыг хүлээж суусныг бүү өгүүлэн, тэндээс Ү Сун тэр дөрвөн цэргийг алаад, нэлээд бодол бодож байгаад, уур нь гэдсэн дотор багтан ядаж, хэрхэвч эднийг эс албаас хорсол нь арилахгүй тул цэргийн хүний барьж явсан сэлмээс шилдэг хурц хоёрыг сонгон аваад Мэн Жоу хотод ирвээс наран шингээгүй. Үүнд нэгэн нууц газар сууж, шөнө болоод Жан амбаны хойд цэргийн хүрээлэнг давж орж ирээд нэгэн сүүдэр харанхуй газар сууж байтал, морь тэжээх нэгэн хүн дэнлүү шатаан адууны хашаанд орж ирэхийг үзээд Ү Сун түүн лүгээ учрав.
Тэр хүн нь чухам хэнийг мэдэхгүй ийн өгүүлрүүн: - чи ямар хүн, яахин адууны хашаанд баймуй хэмээн бахирахад Ү Сун даруй түүний толгойноос барьж ийн өгүүлрүүн: - чи намайг үл таних буюу хэмээхүйд тэр хүн Ү Сунгийн дууг таньж, та Ү Сун ах буюу хэмээхүйд Ү Сун өгүүлрүүн: - чи энд над лугаа учирсан нь маш сайн, чиний амийг гаргах болжээ эсвээс чи бас л үхэх хэмээн нэгэн их сэлмийг гарган, ийн асууруун: - чи над үнэнээ хэлэгтүн, эс хэлбээс чамайг одоо алмуй. Хэрвээ үнэнийг хэлбээс чиний амийг уучилмуй. Танай ноён Жан амбан одоо чухам хаана хэний хамт архидаж баймуй хэмээхэд тэр хүн өтгөн шингэнээ өмдний дотор урсган байж, ийн өгүүлрүүн: - манай ноён Жан Мэнь Шэнь лугаа энэ өдрийн турш архидаж, мөнөө Юань Ян Лоу дээр баймуй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - энэ үг үнэн буй за хэмээхүйд тэр хүн: - үнэн үнэн хэмээхэд Ү Сун тэр хүний үгийг авч сул тавих ёс байна уу, даруй сэлмээр түүнийг алав. Тэндээс гараад Юань Ян Лоуг эрж давах хэмээн явтал дуганы гэрт гэрэл баймуй. Түүний дэргэд очиж, сэмээр чагнаваас хоёр охин хүн зовлон тоочин хэлэлцэж баймуй. Хэлэх үг нь энэ Жан Мэнь Шэнь, Жан дарга манай ноёны гурав энэ өдрийн турш архидаад бас үл тархмуй. Үүнд бид унтах нойргүй их зүдрэв хэмээн гаслалцан бүхийд Ү Сун орж тэр хоёрыг алах хэмээтэл нэгэн нь зугатан гарах хэр Ү Сун барьж аваад мөн алав. Энэ хоёрыг алаад лааг унтрааж, галд ус хийж гараад Юань Ян Лоу дээр их гэрэл бүхийд сэмээр шатаар давж гараад гадна нь чих тавин чагнаваас Жан Мэнь Шэнь өгүүлрүүн: - ноён энэ өдөр маш их тус хийж Ү Сунг алуулахаар хүн илгээсэн нь хүнд ач. Үүнийг санавал энэ нас байтугай эцэс хойд ч мартах хэрэг бус хэмээхүйд Жан дарга өгүүлрүүн: - энэ нь өчүүхэн би мөнгө барьж тусалсан давхар хэрэг буй.
Түүнээс гадна Ү Сун хулгай эдүгээ амьгүй болов хэмээн хэлэлцэхийг Ү Сун сонсоод уур нь хүрч, түймрийн гал адил болохоос гадна тайж тэнгэр цөмөрсөн лүгээ адил дэгдэж, тэсэн ядаад шууд лоу дээр нисэн орж ирэв. Үүнд Ү Сун үзвээс энэ гурван хүн ширээ тавьж, найр тавин барин тус тус сандал дээр сууж байв. Энд Жан Мэнь Шэнь Ү Сунг үзээд зүрх нь түгшиж, ухаан нь баларч байхад Ү Сун өгүүлрүүн: - чи нь надаас айх юун, би чамд архи барьж, амиа гуйх хэмээн ирэв хэмээгээд дээш татваас Жан Мэнь Шэньгийн ухаан балрагдсан тул Ү Сун даруй гар хөдөлж, Жан Мэнь Шэньгийн бие толгойг салган, Жан амбаны зүг давшлахуйд Жан амбан юу хэлмүй. Бага ноцолдох санаа байвч тэнсэл нь хүрэхгүйд Ү Сун Жан да рэнь хулгай эдүгээ үхэхээ үзэгтүн хэмээгээд нэгэн сэлмийг эргүүлж, бие толгойг салгаж, цонхны гадна хаяв. Үүнд Жан дарга нь онц цэргийн эрдэм бага сурсан боловч Ү Сун адил тэнгэрийн хүч хаа баймуй. Жан дарга Ү Сун лүгээ үзэлцэх нэгэн сандал авч, Ү Сунгийг цохиход Ү Сун Жан дарга мэт тав яахим хэмээгээд мөн толгой огтолж алав. Ү Сун тэр гурвын өмссөн дээлээс нэгэн хэсэг огтолж аваад, тэр архи ногооноос идэж, тэдний цусанд огтолсон дээлийг хийж аваад цагаан байшингийн хавиргад найман үсэг бичив. Тэр бичгийн үг нь ша рэнь жэ да ху Ү Сун еэ хэмээн бичжээ. Үүнийг тайлбаас хүн барсыг алсан баатар эр Ү Сун мөн хэмээжээ.
Тэндээс Ү Сун тэр гурвыг алаад, алт мөнгөн хундага ба эдлэл тэргүүтнийг цөм хамагчиж өвөртөө хийж доош буух гэтэл нэгэн бүсгүй хүний дуу сонсогдмуй. Үүний дууг чагнаваас тэр ийн өгүүлрүүн: - гурван ноён архи ууж согтсон мэт чимээгүй. Хоёр зарц гарч дэргэд нь байж, архийг сэргээгтүн хэмээхэд хоёр зарц ирж байшинд ороход Ү Сун нууж зогсов. Тэр хоёр зарц орж ирээд гурван ноёны бие толгой салж, цусан далай урсаж байхыг үзээд даруй цочин буцах гэтэл Ү Сун гарч ирээд, тэр хоёрыг даруй алаад, би нь нэгэн хүн байтугай, зуун хүн боловч нэгэн амь хэмээгээд доош бууж эхнэрийн суух гэрт орж, эхнэрийг шууд барин үснээс авч сэлмийг далайн, толгойг цавчваас ер даахгүйд Ү Сун ихэд сэжиглэж, эхнэрийг чирэн гарч, сарны гэрэлд сэлмийг үзвээс олон хүн алсан тул сэлэмний ир нь мэтэрхий болоод даасангүй. Арайхийн хөрөөдөж толгойг нь авав. Бас тэр гэрт үлдсэн улсыг Ү Сун урьд байх цагт бэлхнээ мэдэх тул цөмийг алахгүй байж болов уу хэмээгээд бусдыг эрэн явтал урьд дуу бүжиглэж өгсөн Юй Лан хүүхэн хоёр бага хөвгүүнийг хөтлөн тохиолдов. Үүнд Ү Сун сэлмээр алваас сэлэм одоо даахгүй тул тогооны гэрээс хутга авчирч, тэр гурвыг тус тус алаад, эдүгээ бас хоёр охин дутуу хэмээн эрэн явж нэгэн байшингаас олж алав. Тэндээс Ү Сун нэгэн гэрийн бүгд арван хэдэн хүнийг бүрмөсөн алаад, одоо миний хэрэг үгүй, өстнөөс өс авав. Одоо явсугай хэмээн Жан амбаны гэрээс гарч яваад, гадна нь орхисон Ши Эньгийн өгсөн дээл хувцсыг сольж өмсөөд, Жан амбаны гэрээс авсан алт мөнгийн боож, гадаад хэрэмний үүдийг нээвээс хүн мэдмүй хэмээн санаж хэрмийн дээгүүр давж гарав. Энэ Мэн Жоу хот угаас бага бөгөөд хэрмийн гадна эргэн тойрон ус урссан билээ. Энэ цаг өвлийн тэргүүн сар, ус хүйтэн тул Ү Сун аргагүй тэр усыг гутал тайлан туулж гараад, шөнө дөрвөн жингийн цаг сар саруул. Тэр шөнө явж, Ши Энь дүү лүгээн учрах хэмээн ирэх замд ийн өгүүлрүүн: - Жан амбан, Жан Мэнь Шэнь эд нарыг нэгэнтээ алж сэтгэлийн уурыг арилгав. Одоо над гомдох сэтгэл үгүй хэмээн явж байтал тэр цаг хотоос нэлээд хол нэгэн бага сүм баймуй. Ү Сун үүнийг үзээд, би одоо энэ шөнө нэгд гэдсэнд хоолгүй, хоёрт олон хүн алж зүдэрсэн, гуравт нойргүй бие зүдэрсэн тул тэр сүмд баахан унтаж байгаад явсугай хэмээгээд нүд аних зуур дөрвөн тээг барьсан дөрвөн хүн орж ирээд Ү Сунг тээгээр тээгдэн авч хүлээгээд, түүнийг үүрч явсан юмыг булаан аваад, ахад аваачиж тушаагаад, эцэст үүнийг алж, махаар мантууны дотор хэрчиж амтлан идсүгэй хэмээн Ү Сунг хөтлөн явсан нь яргач хүн хонь хөтлөх лүгээ адил аван явав.
Тэндээс удалгүй нэгэн өвсний байшинд авч ороод, Ү Сунг нэгэн баганаас хүлж орхиод, ийн өгүүлрүүн: - энэ нь нэгэн сайн эр бүлгээ, юу ч болов бид дөрөв ах, бэргэн хоёрт сонсгож албаас. Тэр дөрөв гарч, Ү Сун үзвээс тэр өвсөн байшингийн дээд баганад хоёр хүнийг дүүжилжээ. Ү Сун дотроо машид гомдон сэтгэрүүн: - би нь Мэн Жоу хотын өчнөөн хүнийг алсан сайн эр хэмээгээд эдүгээ эдний зууш болох цаг тохиолдов. Үүнд Мэн хотын яаманд хүн алсан хэргээ мэдүүлээд, алах ял олвоос сайн эр хэмээн магтах бүлгээ. Одоо яахим, дүүрч үхэх цаг хэмээн сэтгэж байтал дотоод байшингаас эр, эм хоёр хүний дуу гарав. Тэр хоёр нь урьд Мэн Жоу цөлөгдөхөөр ирэх замд ууланд урвасан Сунь Эл Нянгийн эгч нөхөр, ногоочин Жан Чин Ши Хэн бүлгээ. Энэ хоёр даруй хүрч ирээд тэр дөврөөс асууруун: - та нарын сайн наймаа хийж ирсэн тэр хүн хаа баймуй. Би арьсыг нь өвчөөд, махыг нь Жан Чин өвчсүгэй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - энэ дуу гарагч миний ах Мү Е-гийн ахын эхнэрийн эгч Сунь Эл Нян бага авгай бус буюу хэмээх дуун гармагц, тэр эхнэр машид сэжиглэн, энэ нь урьд миний дүү Мү Е-гийн нөхөртэй хүж барьсан Ү Сун байхаа хэмээн яаран дотогш орж үзвээс энэ нь Ү Сун мөн тул сая таньж, түүний хүлээсийг тайлуулж, нэгэн бага гэрт аваачиж: -яахин энд явж ирэв хэмээн асуусанд Ү Сун өгүүлрүүн: - ах, бага авгай та хоёр сонс, нэгэн үгээр өнгөрөх бус хэрэг нэгэн өдөр шөнөөр хэлбээс дуусмуй хэмээгээд ах, бага авгай та хоёроос уулын газраас салаад Мэн Жоу хотод цөлөгдөн ирж, тэр хотын цэргийн үйлдвэрт хэдэн өдөр явж, тэр цэргийн яамны ноён Ши өвгөн хэмээгч хүн, нэгэн өдөр өчүүхэн намайг ихэд занчих зэрэг загнахад түүний хөвгүүн Ши Энь хэмээх нэгэн залуу эр, мөн ч алдартай тэр хотод барс нүдэт хэмээн цол өргөсөн. Энэ хүн Ү Сун намайг таньж, түүний эцгээс гуйж, ах дүү боллоо. Түүний хойно Мэн Жоу хотын захиргааны Куай Хуо Линь хэмээх бага зээл, энэ зээлэнд Ши Энь-ий нээсэн архины пүүс буй. Үүнийг Жан амбаны хүж барьсан Жан Мэнь Шэнь хэмээгч хүчээр булаан авсан, өчнөөн хүний амь зуулгийг тасалжээ хэмээн Ши Энь үүнийг хэрхэн эгүүлж, над зөвлөсөнд би очиж Жан Мэнь Шэнь-ээс эгүүлэн буцаан авсан. Үүнд Ши Энь бид хоёр найрлан сууж байтал Жан Мэнь Шэньгийн ах хэмээх Жан амбан намайг гэрийн хэрэг дагуулмуй хэмээн хууран аваачаад эцэст мөнгө хулгав хэмээн жы фүд тушааж ял оноов. Үүнд миний хүж барьсан дүү Ши Энь Еэ шообинд мөнгөөр бэлэг хүргэж, миний ялыг хөнгөлж, хорин банз занчиж, Эн Жоу хотод цөлөхөөр явуулсан хойно, Жан Мэнь Шэнь Жан амбанд ховолж, эрхбиш намайг алуулах хэмээн зам тосож хоёр цэрэг явуулсныг би Фэй Юнь Пү гүүрний газар тэдгээрийг алаад, уур нь эс тайтгармагц зальхай Жан амбан, Жан Мэнь Шэнь нарыг хүйс тэмтрэн алаад, нэгд бие зүдэрч, хоёрт нойргүй тул нэгэн бага сүмд хэвтэж байтал энэ дөрөв барьж авчрав хэмээхэд мөнөөх дөрөв газар сөгдөж, Ү Сунд ах та бидэнд бүү хилэгнэн айлдагтун. Бид нь уулан байвч үзэх нүдгүй тул ахыг эс таньж, гагцхүү бид дөрөв наадам наадаж, мөнгө зоос алдаад, түүнийг төлөх хэмээн наймаа хийхээр явж та лугаа учрав. Түүнээс гадна манай Жан Чин гэрийн эзний тушаасан нь, хэрвээ хүн учирваас амийг бүү хорло, амьдаар барьж авчрагтун хэмээн учирт ах таны заяа их болоод бидэнд хорлогдсонгүй, тийнхүү тээгээр барив. Үгүй бөгөөс таны энэ авч яваа юмыг аваад, амийг чинь хорлох билээ хэмээгээд мөргөхөд Жан чин өгүүлрүүн: - энэ Ү Сун нэгд зүдрээд, хоёрт нойр нь хүрээд та дөрөвт баригдаж, түүнээс бус та дөрөв байтугай дөчин цэрэг цэрэглэвч барих нь бэрх болой хэмээхэд Ү Сун тэр дөрвийг босгоод: - та дөрөв үнэхээр зоос наадаж алдсан болбоос би та нарт мөнгө өгсүгэй хэмээгээд арван таван лан мөнгө өгсөнд тэр дөрөв маш баярлан дахин дахин мөргөж гарав.
Тэндээс Жан Чин өгүүлрүүн: - тэр өдөр уулнаас салахад би нь нэгэн муу ёр зүүдлэв. Иймийн тул чамайг нэгэн их аюулд орохыг магадгүй хэмээн санаж, ямагтаар гар дор зарсан эдэнд захидаг билээ. Үүнээс хойш жад сэлэм тэргүүлэн авч явж болохгүй, төмөр тээг авч яваад ямар хүн учирваас амьд барьж ирэгтүн хэмээсэн нь дүү Ү Сунгийн энэ хэрэг яв цав тохиолдов хэмээгээд одоо яахим, бие амарч, байшинд орж унтсугай хэмээсэнд Ү Сун дотоод байшинд орж унтав. Үүнд Ү Сунг боссоны хойно архи ногоо идүүлэх хэмээн Жан Чин хатны хамт юм бэлтгэснийг өгүүлэх юун. Өгүүлэх нь: Мэн Жоу хотын мужийн сайд Жан овогтоос тэргүүлэн бүгд арван таван хүн, урьд шөнө хүнд хорлогдов хэмээн жы фү яаманд мэдүүлсэнд, жы фү маш ихэд айн, даруй шархач гаргаж, тэдний ясыг шинжүүлбээс цөм алагдсан нь үнэн хэмээхэд жы фү ноён даруй албан хүн цэрэг мордуулж, ялтныг бариулах хэмээн нэгэнтэйгүүр газар газар илгээгээд, өөрийн биеэр тэдгээр алагдсан хүнийг үзэхээр ирвээс үнэхээр хөөрхий хэмээн гасалж ажиглаваас байшингийн туурганд хүний цусаар бичсэн найман үсэг буй амуй. Тэр бичгийг урд Ү Сунгийн бие магтаж, өөрийн нэр тавьсан тул ялтан хүн тэр, үүнд жы фү маш айн эмээж, хэрмийн дөрөв хаалгыг хааж, өдөр шөнөгүй цэргээр сахиулж цагдан мануулаад, тэр хотын айл дараалан нэгжүүлж бас хот хотод Ү Сунгийн нас бие байдлыг бичиж, энэ Ү Сунг барьсан хүнийг алт мөнгө хайрлалгүй шагная, бас үүний байгаа газрыг хэлсэн хүнд таван мянган хэлхээ зоос шагная. Хэрвээ байгаад нуун дарах болбоос хэрэг гарсны хойно Ү Сунгийн адил ял оноомуй хэмээн газар газар бичиг тархав. Тэндээс Фэй Юнь Пүгийн газар дөрвөн хүн алсныг, бас Фэй Юнь Пүг захирсан сяньий түшмэл мэдүүлэн ирсэн нь мөн үүнийг Ү Сун алсан, бүгд арван есөн хүний амийг хорлосон хүн тул энэ яахин ойр байж болмуй. Тэндээс Ү Сун Жан Чингийн гэрт гурван хоног сууж найрлаж байтал, Ү Сунг газар газрын цэрэг хөдөлж, айл бүр нэгжиж баймуй хэмээхийг эд нар сонсоод Ү Сунд суух зогсох газаргүй болов. Үүнд Жан Чин өгүүлрүүн: - дүү чи ах бэргэн бид хоёрт бүү гомд. Хэрэв чиний биеийг эрээд энд ирвээс бид хоёрт ял ирэхээс гадна, чамд бас аюул болмуй. Миний санаа болбоос чамайг бус газар илгээвээс зохих бүлгээ. Чи миний үгэнд орох эсэхийг мэдэхгүй хэмээсэнд Ү Сун өгүүлрүүн: - би болбоос төрөл төрөгсөд үгүй дээр, бас намайг тэтгэх ах нар та бүгд эс мэдвээс хэн намайг сургамуй хэмээхэд Жан Чин өгүүлрүүн: - тийм бөгөөс чамд очих нэгэн газар би зааж өгсүгэй хэмээгээд өгүүлрүүн: - миний ах Лу Жы Шэнь хэмээх хүн Эл Лун Шань хэмээх уулын Бао Жү Сы хэмээх сүмд хөх нүүрт барс хэмээх сайн эр Ян Жыгийн хамт тэр уулыг эзэлж, тэнд суумуй. Эрхэм дүү тэнд очиж, тэр хоёр лугаа хавсран сууваас үнэхээр бие зүдрэхгүй, сэтгэл амар суухаас гадна, бусад газраа очвоос зовлон болж, бие баригдах нь лав. Гэвч эрхэм дүү миний санааг дагах эсэхийг үл мэдмүй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм ахын санааг яахин үл дагах буюу. Гагцхүү тэр хоёрыг үл таних тул очихуйд хэцүү хэмээсэнд Жан Чин өгүүлрүүн: - дүү чи бүү зовогтун. Би чамд нэгэн сайн захиа бичиг бичиж өгье. Түүнээс гадна тэндээс ирсэн тэдний гэрийн захиа бий тул улам баттай. Чи одоо явагтун хэмээн захиа бичиг бичиж өгөөд Эл Лун Шань уулын зүг илгээв. Тэндээс Жан чин, Сунь Эл Нян хоёр Ү Сунг архи будаа бэлтгэж идүүлээд, Сунь Эл Нян Ү Сунд өгүүлрүүн: - эрхэм дүү чи нь сайн эр бөгөөд Жан Чингийн үгийг дагаж, Эл Лун Шань ууланд очих нь бус хэрэг, учир юу хэмээвээс чи болбоос олон хүн алсан ялт тул харъяат хотын сайд жы фү нараас дэлхий дахинд бичиг тархааж, чиний нас байдал, биеийн зураг, нүүрт шивсэн үсэг зэргийг газар газраа тархаасан бөгөөтөл энэ хэвээр явж болохгүй хэмээсэнд Жан Чин өгүүлрүүн: - тэр нь гэмгүй, нүүрийг шивсэн үсэг дээр гоёо нааж, өөр янзын хувцас өмсөж явбаас болно хэмээхэд Сунь Эл Нян өгүүлрүүн: - нөхөр чи тэнгэрийн ухаантай баатар эр хэмээн биеэ магтаад энэ хэрэгт яахин ийм мунхаг хэмээлцэн байж будаа идээд дуусгасан хойно, Сунь Эл Нян өгүүлрүүн: - бага авгай чи миний үгийг дагаваас би чамд арга зааж өгье хэмээсэнд, Ү Сун өгүүлрүүн: - бэргэн би юунд үл дагамуй, даруй над аргыг зааж өгсүгэй хэмээхэд Сунь Эл Нян өгүүлрүүн: - урьд нэгэн хуушаан хүн уул талд ганцаар явж байтал миний дүү охин аргаар түүнийг гэрт оруулж, хүний махаар шанз үйлдсэн мантуу, хорт архи хоёрыг хольж идүүлсэнд тэр хуушаан даруй хордож үхсэн. Түүний махыг борцлож хатаан аваад, мөн олон хүнд идүүлж, чамайг бас хорлох хэмээснийг чи мартав уу, тиймийн тул тэр хуушаангийн биендээ авч явсан хүний гавлаар хийсэн их эрхи, нэгэн гэрээс гарсан тэмдэгт бичиг, эрээн хуйтай хурц хутга хоёр. Энэ хутгаас шөнө дунд дуу гараад гал цахимуй. Биедээ өмссөн номт дээл нэг, толгойндоо өмссөн таван бурхан титэм малгай нэг, эдгээрийг би гэртээ авчирсан нь эдүгээ тэр чамд тус болж, Эл Лун шань ууланд хүргэмүй. Үгүй бөгөөс хэрхэвч хүрч чадахгүй. Энэ арга ямар буй. Миний санааг дагаваас чи үсээ хяргаж, хуварга болоод тэдгээр хувцсыг өмсвөөс тэр нь чамд ихгүй багагүй чухамхүү яв цав зохимуй хэмээхэд Жан Чин маш баярлан: - үнэхээр тийм, би үүнийг мартав, юутай мэргэн, юутай сэцэн хэмээн алгаа ташин их баярлаад даруй Ү Сунгийн үсийг хяргаж, хуварга болоод тэдгээр хувцсыг өмсгөж үзвээс үнэхээр нэгэн бодтой бурханы шавь мөн хэмээгээд толь авч Ү Сунд өгч, өөрийн биеийг үзэгтүн хэмээсэнд Ү Сун үзвээс үнэхээр өмссөн хувцас зэрэг цөм өөрийн бие лүгээ яв цав зохицсонд маш баярлан ийн өгүүлрүүн: - За ах, бэргэн хоёрын над энэ мэт тус хүргэсний ачийг хожим хариулъя хэмээн сөгдөн мөргөхөд Жан Чин Сунь Эл Нян хоёр дээш босгож, нэгэн цагийн архи будаа бэлтгэж, Ү Сунд идүүлээд ийн захиа захив. -Мэргэн дүүгээс замд хэрэглэх мөнгийг Жан амбанаас авсан тул түүнийг зарж үл болмуй. Тэр мөнгөө над тушаа, би чамд өөр мөнгө өгье хэмээн тэр мөнгийг сольж аваад авдарт агуулав.
Тэндээс Сунь Эл Нян гэрээс гарсан тэмдэгт бичгийг захианы хамт нэгэн хүүдийд шидэж оёод, хүзүүнд зүүлгээд бас өгүүлрүүн: - эрхэм дүү чи айлд орж, архи ууж болохгүй. Хэрэг бүгд архинаас үүсмүй. Түүний гадна хүн лүгээ бүү хэрэлдэж явагтун. Бид хоёр бас мөнөө чиний хойноос дагаж, удалгүй тэр ууланд очмуй. Чи хүрсэн хойно тэдний мэндийг мэдэж, бидэнд захиа илгээгээрэй хэмээн захиад явуулав. Ү Сун тэр өдөр явж наран орой болмогц, өмнө нь нэгэн их өндөр уул баймуй. Түүний дээр явж хүрээд үзвээс тэр шөнө сар саруул, сарны гэрэлд мод өвс нь ялгарсан үнэхээр нэгэн сайн уул. Ү Сун цааш явж нэгэн шугуй модны дэргэд очсонд, тэнд нэгэн өвсөн байшин дотор нь хүний хүүр оршуулах газар. Үүнийг Ү Сун үзээд нэгэн хэсэг цааш явтал нэгэн байшин бий. Дотор нь эр, эм хоёр хүний дуу гармуй. Үүнд Ү Сун дотроо сэтгэрүүн: - ийм аглаг хүнгүй их ууланд хүүр сахих эр, эм хоёр хүн байх нь үнэхээр жигтэй хэрэг. Юу ч болов би ойр очиж үгийг чагнасугай хэмээгээд тэр байшингийн гадна хүрч, цонхыг нүхэлж үзвээс нэгэн сяньшэн бололтой залуу эр эм хоёр элдэв үг хэлэлцэн наадаж баймуй. Үүнд Ү Сун нэгэнтээ энд хүрч ирсэн тул энэ хоёртой учрах хэмээгээд үүдээ түргэн нээгтүн хэмээсэнд тэр хоёр үүдийг ягшуулж хэвтсэнд Ү Сунгийн уур хүрч нэгэн чулуу авч, цонхыг эвдсэнд дотроос нь нэгэн бага шавь гарч ирээд ийн өгүүлрүүн: - чи аль газрын ямар хүн, яахин манай энд ирж биднийг үймүүлмүй хэмээн маш их уурсан хараахад Ү Сун хариу хэдэн үг хэлээд, үүд хэмхлэн орж, бага хөвгүүнийг алав. Үүнд тэр сяньшэн мэдээд уур нь хүрч, ямар газрын зэрлэг хуушаан учиргүй хүнийг харааж амийг хорломуй хэмээгээд босон ирж ноцолдов. Үүнд Ү Сун өгүүлрүүн: - өчүүхэн ууланд урвасан нохойн зулзага чи эцэгтээ шийдэм барьж тэнцэн ирэх нь үнэхээр инээдтэй хэмээгээд тэр хоёр арван хэдэн удаа зөрөлдөн, хэн хэнээ үл дийлэхэд Ү Сунгийн уур нь хүрч чадал нь нэмэгдэж, ийн өгүүлрүүн: - өчүүхэн гахайн зэрлэг зулзага чи үлгэрлэвээс авдар дотор агуулсан тэжээвэр хулгана байтал бас над лугаа арван хэдэн удаа зөрөлдөх буюу хэмээн сэлмээ эргүүлэн сяньшэнгийн толгойг огтлох хэмээтэл тэр ууланд нэгэн их чимээ гараад, цагаан гэрэл дээш татав. Үзвээс тэр хоёрын алины толгой нь газар очсоныг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )