Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СУН ЖЯН ХАРАНХУЙ ШӨНӨ ШЯО АО ШАНЬ УУЛЫГ ХАРАХ
ХУА РУН ЧИН ФЭН ЖАЙ ХОТОД ИХ ҮЙМҮҮЛЭХ
Өгүүлэх нь: тэндээс энэ Чин Фэн Жай хэмээх хот нь Чин Жоу хотод захирагдмуй. Энэ хоёр хот хоорондоо холгүй, зуун газар. Энэ Чин хотод захирагдсан бас нэгэн хот буй. Энэ хот Чин Фэн Жэнь хэмээх нь гурван салаа муу амьсгал бүхий гурван замын их уул буй. Энэ Чин Фэн Жэнь ууланд суусан айл нь гурван мянга шахам айл буй. Тэндээс Сун Жян ганцаар явсаар Чин Фэн Жэнь хэмээх хотод хүрч ирээд Хуа Рунг сураглаваас нэгэн хүн өгүүлрүүн: - Хуа Рун хэмээх нь энэ Чин Фэн Жэнь хотын төв дунд яамны хойд этгээд нэгэн бага хашаа буй. Түүний дотор Хуа Рун суумуй хэмээсэнд Сун Жян явж Хуа Рунгийн гэрийн үүдэнд очвоос үүд харсан хэдэн цэргийн хүн баймуй.
Тэдэнд амар эрж, Хуа Рунг асууваас нэгэн бага цэргийн хүн Сун Жянг тосож, үүрэн явсан ваадантай юмыг авч дотор оруулан нэгэн сэрүүхэн ширээн дээр суулгаад ийн өгүүлрүүн: - Сун ах өчүүхэн дүү чам лугаа учраагүй таван жилийн нүүр үзэв. Сонсвол, ах чи авсан гэргий Янь По Шиг алаад, оргон гарсанд газар газар нийтээр чамайг эрж барихаар бичиг тархаасан. Би нь ах чамд хэдэн удаа захиа илгээсэн боловч ер хүрсэн эссэнийг мэдэхгүй. Харин энэ өдөр зол тохиолдож, тэнгэр өршөөн, миний энд гийгүүлэн ирсэн нь маш их ерөөл буй ажгуу хэмээгээд дахин мөргөн ёслоё гэтэл Сун Жян дээш татаж ийн өгүүлрүүн: - мэргэн дүү чи тийнхүү бүү их хүнд ёслогтун. Би чамд хийсэн хэрэг, явсан учир, тохиолдсон зүйлийг цөм нэгд нэгээр өгүүлье хэмээгээд зальхай эм Янь По Шиг яахин алсан ба оргож Чай да гуан рэний гэрт нуусан бас тэндээс явж Кун тайгүний хоёр хөвгүүнд цэргийн сургууль заасан мөн Ү Сунтай Кун тайгүний гэрт учирсан бас Чин Фэн Шань ууланд урвасан гурван дайванд баригдсан зэргийг нэгд нэгнээр хэлсэнд Хуа Рун үнэхээр сэтгэл нь зовж, ах чи замд их зовлон үзэж яахим, дотогш орж суугтун хэмээгээд Ү Сунг дотоод гэртээ урьсанд Хуа Рунгийн эм бас нэгэн бага охин хоёул Сун Жянд ёслоод, дээл хувцасыг нь сольж, нүүр гарыг нь угаалгаад, архи будаа бэлтгэж, ширээ засан найрлав.
Тэндээс Сун Жян Лю Гао хэмээх бичгийн ноёны хатан уулын гурван дайванд баригдсаныг амийг гаргав гэх зэрэг хэлсэнд Хуа Рун энэ үгийг сонсоод хөмсөгөө атируулан, царайгаа хувилган ийн өгүүлрүүн: - ах чи юунд зальхай ардын амийг аврав. Энэ Лю Гао хэмээгч биеэ ихэд бодсон хүн хэмээвч нэгэн үсэг төсөөлөх хүн бус. Түүний гадна доод иргэний мөнгө зоосыг мөлжиж, хийсэн гэмгүй ардыг занчиж, хилс бэрхэд унагах тийм нэгэн зальхай хүн энэ Чин Фэн Жэнь хотод ирснээс хойш олон хүн амар төвшин суух нь үгүй. Би нь угаас цэргийн эрдэм сурсан болоод чадал мөн буй. Энэ Лю Гаогийн эмийн амь аврах нь огт тусгүй хэрэг билээ. Гэвч арга буюу ихэд тусалсан тул өнгөрөв хэмээхүйд Сун Жян өгүүлрүүн: - мэргэн дүү чи хуучин үгэнд би хилс гомдол байвч тайлан дуусваас зохимуй. Түүнийг үзэж хадгалваас эх хүн бус хэмээжээ. Тийм айл тул дүү чи яахин ийм гүн бодолгүй бага гэдсэнд баас хадгалмуй хэмээхэд Хуа Рун өгүүлрүүн: - энэ Лю Гаогийн эм нь хүний журамтай эм бус. Ямагт зальхай хэрэг хийх дээр Лю Гао худлаар ховыг хэлмүй хэмээсэнд Сун Жян өгүүлрүүн: - яахин эм хүний санаа нь богино болоод хар байх нь гагцхүү энэ бус хэмээхэд Хуа Рун өгүүлрүүн: - ах чи нэгэнтээ ийм үг өгүүлсэнд чи юу хэмээн хэлмүй. Гагцхүү дүү би маргааш Лю Гаогийн гэрт очиж, түүний эхнэрийн амийг миний ах Сун Жян аварсныг нэг удаа хэлье хэмээсэнд Сун Жян бүү очигтун хэмээн хориглов.
Тэндээс Сун Жян Хуа Рунгийн гэрт сар илүү суугаад, аль эрхээр жаргасныг өгүүлэх юун. Энэ Хуа Рун Сун Жянд өдөр бүр хэдэн лан мөнгө өгч, нэгэн хүн дагуулан Чин Фэн Жай хэмээх хотод аливаа нарийн сонин бараа ба бас лам нарын сүм, бумба нарын сүм тэргүүтэн их сайхан үйлдсэн сүмд би архи дарсны пүүс, дууч охидын хүрээлэн, үүнд ер дутуу юм үгүй тул ах чи энэ газраа ирсэн учирт тэдгээр сонин юмыг үзэгтүн хэмээн өдөр бүр нэгэн цэргийн хүн дагуулан Сун Жян явж үзээд, удалгүй цагаан сарын арван таван болжээ. Үүнд тэр хотын айл бүхэн дэнлүү шатаах зэргийг үзвээс үнэхээр сайхан. Түүнээс гадна нэгэн сүм баймуй. Үүнд шатаасан зул нь хэдэн зуу, үнэхээр маш сайхан, үзэж ханашгүй гэнэм. Нэр Да вангийн сүм хэмээмүй. Үүнийг энэ шөнө очиж үзвээс ямар хэмээхүйд Хуа Рун өгүүлрүүн: - ах би нь тушаал хүлээсэн хүн тул биеэр очиж болохгүй. Ах чи очъё хэмээвээс хэдэн цэрэг дагуулан очиж үзэгтүн. Орой эртхэн ирээрэй хэмээгээд хэдэн зуун цэрэг дуудаж өгүүлрүүн: - энэ шөнө айл бүхэн гар гаргаж, дэнлүү шатаамуй. Газар орныг цагдан манагтун хэмээн тушаав. Тэндээс Сун Жян хэдэн цэргийн хүн дагуулан явж, тэр Да вангийн сүмд хүрч үзвээс маш сайхан дэнлүү олныг шатааж, үнэхээр үзэсгэлэнтэй тул Сун Жян түүнийг үзээд буцах хэмээн явтал нэгэн айлын үүдэнд маш их гал дэгдэж баймуй. Үзвээс маш олон хүн цугларч үзмүй. Үүнд Сун Жян бие бага, нуруу богино тул гүйцэд үзэж чадахгүй тул хүнийг бага зам гаргаж өгсүгэй, би үзье хэмээсэнд олон хүн яахин Сун Жян зам зайлж өгмүй. Аргагүй дагагсдыг авч буцъя хэмээтэл этдгээр цөм үгүйд ганцаар баахан харж, их дуунаар инээхэд, тэр хашааны дээгүүр мөнөө хатан эхнэр нэгэн эр хүний хамт сууж, их дуунаар өгүүлрүүн: - урьд өдөр Чин Фэн Шань ууланд чиний биеийг булаан аваачив хэмээсэн Сун Жян энэ инээгч мөн буюу хэмээсэнд тэр эм мөн хэмээн их дуунаар хэлсэнд Лю Гао даруй хэдэн цэргийн хүнээр Сун Жянг бариулж, хүрээлэнд оруулав. Удсангүй тэр гал дэнлүүг унтрааж, Лю Гао өгүүлрүүн одоо Сун Жян дуудаж ирэгтүн, учрыг шүүж асуумуй хэмээгээд Сун Жянг авчруулж, эхнэр өгүүлрүүн: - зальхай хулгай чи Чин Фэн Шань ууланд урваж, миний биеийг барьж авчраад дарлах хэмээсэнд даруй цэрэг мордон очиж булаан авав.
Эдүгээ чи энд бууж ирээд, дэнлүү үзэх хэмээмүй хэмээсэнд Лю Гао эмийн үгийг дагаж Сун Жянгаас эл учрыг асууваас Сун Жян энэ цөм худал, би нь Су Жоу хотын хүн. Чин Фэн Жэнь хотын Хуа Рунтай урьд танил тул учрах хэмээн ирсэн. Харин би мөн тэр уулын хулгай нарт баригдаад арайхийн амь гарч, үүний амийг гуйсан атал миний биеийг тэргүүн хулгай болгох ёс байна уу хэмээсэнд зальхай эм өгүүлрүүн: - энэ хулгайгаас ам байцааж юу хиймүй, яс маханд нь хүрч шүүгээд үнэн өчгийг авбаас барав. Урьд өдөр төв дунд сууж, дайван нарын тэргүүн хэмээж, намайг бариад, эдүгээ няцаж баймуй. Бие хүчиндээ эрэмшиж, ял эс хүлээх санаа. Ноён үүнийг асууж яахин, даруй шүүгтүн хэмээсэнд Лю Гао хэдэн цэргийн хүнээр Сун Жянг танхим дээр чирч буулгаад, хоёр удаа хүндэд занчсанд Сун Жян яахин худал ял хүлээмүй. Үүнд Лю Гао арга барагдаж, зоргоор ял оноож, өөрийн нутаг Су Жоу хотод гэдрэг буцааж, дахин цөлөхөөр тогтож, гянданд хорьж, үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Сун Жянг дагаж явсан хэдэн хүн, хариад энэ учрыг Хуа Рунд хэлсэнд, Хуа Рун маш цочин өгүүлрүүн: - ах Сун Жян нэгэнтээ Лю Гаогийн гарт орсон аваас одоо хэрхэвч тусгүй. Юу ч болов би нэгэн гуйх захиа бичиж илгээсүгэй хэмээгээд бийр цаас авч, Лю Гаогийн амрыг асуугаад нэгэн хотод алба хааж явах бас сайн ханилсан сэтгэл харж, ах Сун Жянг тавьж өршөөмүү гэх зэрэг илгээсэнд Лю Гао энэ захиаг үзээд, уур нь маш хүрч, хариу захиа илгээв.
Тэр бичгийн үг нь Хуа Рун чи эзэн хааны хишигт цалин хүртсэн түшмэл бөгөөд ууланд урвасан хулгай Сун Жянг тавьж явуул хэмээсэн нь чиний ёсонд нийлэхээс бус. Ёсонд үл нийлэхээр үл барам, харин чи ял олох байх хэмээн олон үг хэлж, хариу илгээв. Үүнд Хуа Рун энэхүү захиаг үзээд уур нь хүрч, моринд эмээл тохуулж, цэргийн зэвсэг аваад, дөчин цэргийн хүн дагуулан Лю Гаогийн үүдэнд ирснийг Лю Гаогийг үүд сахисан цэргүүд дөрвөн зүг зугатан зайлав. Үүнд Хуа Рун цэргээ дагуулан Лю Гаогийг хаалгыг шууд орж ирээд ийн өгүүлрүүн: - зальхай Лю Гао чи хурдан гарч ирэгтүн, би чамаас асуух хэдэн үг баймуй хэмээснийг Лю Гао сонсоод, энэ хэрэг муухай болов. Хуа Рун биеэр цэрэглэж ирэв. Түүн лүгээ хэн аймшиггүй байлдмуй хэмээгээд нэгэн хүнгүй газар нуун зугатав. Тэндээс Хуа Рун Лю Гаог буруулсныг мэдээд өөрийн хэдэн цэргээр хашаа байшинг нэгжүүлж, Сун Жян ахаа булаан авч гэртээ хариулаад, өөрийн бие үлдэж ийн өгүүлрүүн: - Лю Гао чи миний журамтай ах Сун Жян дарлах нь түмэн бэрх дээр, бид хоёр маргааш өдөр жич хэлэлцье. Чи сайн эр болбоос надаас бүү буруулагтун. Эр биеэ эм болгоё хэмээвээс над лугаа бүү учир хэмээгээд гэртээ харьж ирэв. Үүнийг бүү өгүүлье.
Тэндээс Лю Гао Хуа Рунд хараалгасандаа хорсож, тэр шөнө хоёр зуун цэрэг сонгон гаргаж, басхүү шинэ тавьсан хоёр чадалтай дарга сонгож өгүүлрүүн: - та нар энэ шөнө Хуа Рунгийн гэрт очиж, ялт хулгай Сун Жянг булаахаас гадна Хуа Рунг баахан харааж өс хариулан ирэгтүн хэмээсэнд олон цэргүүд хүн хэн аймшиггүй Хуа Рунгийн гэрт очмуй. Аргагүй ноёны тушаал тул цөм цэрэг ирж, Хуа Рунгийн үүдэнд үзвээс нээсэн ажгуу. Тэр цаг таван жингийн цаг. Тэр цэргийн ард чи ор, би ор хэмээлцсээр үүр цайлгав. Үүнд Хуа Рун тэдний ирснийг мэдэж, нэгэн нум сум аваад, тэдэнд өгүүлрүүн: - та нь миний гэрт эсэргүүцэх болон нэхэх тэмцэл байваас орогтун. Авах өрний зоос байваас орогтун. Үгүй бөгөөс шууд орж болохгүй. Түүнээс гадна миний адил чадалтай болбоос орогтун. Худал хэмээвээс миний чадлыг үзэж байгтун хэмээгээд үүд гарч хаалганы хоёр хажуугийн махаранз баатар нь нэг нь их сүх барьсан, нэг нь жанжин малгай өмссөн хоёр их тэнгэр. Түүнийг Хуа Рун зааж өгүүлрүүн: - баруун талын сүх барьсан Тэнгэрийн сүхний толгой нь хүний нүдэн чинээ. Үүнийг би урьдаар харваж үзье хэмээгээд харвасан сум нь яв цав тэр сүхний толгойд шигдэв. Одоо зүүн талын тэнгэрийн өмссөн жанжин малгай, түүний дээр нэгэн өчүүхэн жинс бий. Тэр нь хүний зүрх, би үүнийг харвасугай хэмээгээд харвасан нь тэр жинсний дээр тусав.
Тэндээс тэр олон цэргүүд маш айлцан байхад Хуа Рун өгүүлрүүн: - үзвээс таны цэргийн тэргүүн цагаан дээл өмссөн баатар мэт эр баймуй. Түүний зүрхийг харвах хэмээгээд эргэж харвах хэмээтэл тэдгээр цэргүүд цөм зугатан буцав. Тэндээс Хуа Рун дотогш орж ирээд Сун Жянд энэ учрыг өгүүлсэнд Сун өгүүлрүүн: - мэргэн дүү чи бүү зовогтун. Ах нь чиний ачийг хариулах цаг буй хэмээхэд Хуа Рун өгүүлрүүн: - ах чи сэтгэлээ бүү зов. Өчүүхэн дүү их бодож, зэрэг жинсэд хүрэхээс бус яахим хэмээхэд, Сун Жян өгүүлрүүн: - бусад нь гайгүй . Гагцхүү ахын уг нутаг Юнь Чэн Сянь-ий захиргаа Су Жоуд хүргэвээс айх нь Янь По Шигийн хэрэг дахин гарч, үүнд огтчих ба цавчих ял олмуй. Үүнд ах нь хэдий гууль төмөр зэсээр үйлдсэн хэлтэй боловч энэ хэргээс гэтлэх нь бэрх хэмээхэд Хуа Рун өгүүлрүүн: - гэм гүй, ах энэ Лю Гао өчүүхэн дүүг байсан цагт булаан авч чамайг цөлөх энь хол. Тэр цэрэг мордуулсандаа их өшөө өвөрлөсөн байх хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - мэргэн дүү чи тийм их үг бүү хэл, хуучин үгэнд гэдсэндээ идээ идвээс бөөлжихийг хичээ, хээр замд явахдаа халтиран унахыг хичээ хэмээсэн бишүү. Одоо ах энд сууж болохгүй. Мөн өнөө Чин Фэн Шань ууландаа очиж сууваас амь гарах. Дүү чи намайг явсан хойно үүн лүгээ ийн тийн хэмээн хэлэлцэж үзэгтүн. Та хоёр болбоос эзний хишиг хүртсэн бичиг цэргийн түшмэд. Хоорондоо эв талгүй болоод зарга хийсэн билээ хэмээн дээд яаманд мэдүүлж, харилцан чадлаа үзэгтүн хэмээгээд ваадангаа аван Хуа Рунгийн гэрт баахан архи ууж, шөнө орой болоод Хуа Рунгийн гэрээс гарч Чин Фэн Шань ууланд зүг явав.
Үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Лю Гао Хуа Рунд дарлагдсандаа ихэд хорсож, гомдол байгаад ийн сэтгэрүүн: - Хуа Рун энэ Сун Жянг хэрхэвч гэртээ агуулахгүй, лав Чин Фэн Шань ууланд явуулмуй. Би энэ шөнө хэдэн цэрэг илгээж, зам тосуулж, Сун Жянг барья. Хэрэв тэнгэр өршөөж, Сун Жян баригдах аваас түүний биеийг сэмхэн хойд хүрээлэнд хорьж, маргааш бичиг мэдүүлээд энэ хоёрыг алсугай хэмээн бодоод, даруй цэрэг илгээсэнд удсангүй Сун Жянг барьж авчрав. Үүнд Лю Гао маш баярлан, нэгэн харанхуй байшинд хийж хадгалсны дараа Чин Жоу мужийн сайдад мэдүүлэх бичиг хийж, хоёр цэргийн хүнд өгч явуулав. Үүнийг өгүүлж яахим. Энэ Лю Гао, Хуа Рун хоёр биеэ хүлээгээд хэн хэн ч хөдлөхгүй, Хуа Рун Сун Жян эдүгээ Чин Фэн Шань ууланд хүрсэн хэмээн санав. Тэндээс энэ Лю Гао бичиг мэдүүлж, хариу хүлээн суув. Тэр хоёр цэрэг явж, удалгүй Чин Жоу хотод хүрээд, бичгээ барьсанд Чин Жоу хотын нэгэн их шообин буй. Энэ хүн Чин Жоугийн гурван муу уул захирсан дарга. Сурсан эрдэм чадал нь их, тэр уулын дээр суудаг гурван мянга илүү айл, хэн үл үүний доор захирагдмуй. Энэ хүн хааны төрөл болох хүн. Тэр бичгийг нээж үзээд Лю Гаогаас Хуа Рунг буруушаасан ба Чин Фэн Шань уулын урвасан хулгай нарт хэлхээ холбогдож, Сун Жянг дээрэмдсэн зэрэг олон учир гаргаж мэдүүлсэн бичиг баймуй. Энэ нь яахин ийм болов хэмээн сэтгэрүүн: - энэ Хуа Рун сонсвоос маш шударга эр хэмээн сонсов. Лю Гаотай яахин ийм өстэй болж хүндээр гүтгэгдэв. Юу ч болов би урьд хүн илгээж туршуулъя хэмээн сэтгээд Хаун Шинь хэмээх нэгэн хэдэн цэргийн хүн илгээв.
Үүнд тэр Хуан Шинь удалгүй явж ирээд Лю Гаогийн хот нээлгэж ороод цай уусан хойно, Лю Гао өгүүлрүүн: - эрхэм жы фүгийн дарга Хуан Яа ямар хэргээр энд ирэв хэмээсэнд Хуан Шинь өгүүлрүүн: - эрхэм чи сэмхэн сонс, манай жы фү ноёны хэлсэн үг, Лю Гао Хуа Рун хоёр харилцан эв найрлалгүй болж, чухамхүү ямар хэргийн учир булаалдаж, Хуа Рунг хүндээр мэдүүлснийг нарийвчлан асууж ирэгтүн хэмээсэн билээ хэмээхэд Лю Гао энэ үгийг сонсооп, Хуа Рун Чин Фэн Шань уулын урвасан хулгай Сун Жянтай нам нийлж нөхөрлөөд, ямагт энэ өчүүхэн хотыг хорломуй. Худал хэмээвээс би урьд шөнө булаан авчраад, одоо хар гэрт баймуй. Иймийн тул энэ хоёрыг мэдүүлж, шийтгүүлэх хэмээсэн хэмээгээд Сун Жянг авчруулж, Хуан Шиньд үзүүлсэнд Хуан Шинь даруй Сун Жянг үзээд сэтгэл нь урваж, ийн өгүүлрүүн: - үүнийг үзвээс лав Чин Фэн Шань ууланд урвасан хулгайн тэргүүн мөн. Үүнийг мэдүүлсэн бичгийн ёсоор цөлөх ял оноож, Мэн Жоуд цөлөгтүн. Түүний гадна битүү төмөр тэргэнд суулга. Дээр нь цагаан дарцаг босгоо, биед нь толгойд улаан алчуураар боогтун хэмээх үгийг Сун Жян чагнасан боловч яахим, арга буюу гянданд аваачиж хийв. Хуан Шинь Лю Гаод өгүүлрүүн: - эрхэм мэргэн дүү Хуа Рунг барих аргыг би чамд заан өгсүгэй. Чи маргааш өдөр нэгэн хонь, тахиа, нугас алаад, архины хамтаар бэлтгэгтүн. Би Хуа Рунд очиж дээд жы фүгийн зарлигаар хоёр дүүгийн эв засахаар ирэв хэмээж очоод түүнийг гэнэдүүлэн хуурч авчраад, би чамд нэгэн мэдээ өгье. Чи түүнийг сайн зочилж хүндлэн, тэндээс түүнийг согтсон хойно барихыг үлгэрлэвээс хувинд орсон мэлхийг барин авах лугаа адил. Энэ арга ямар хэмээхэд Лю Гао маш магтан, үнэхээр тэнгэрийн бодлогот түшмэл хэмээн зөвлөөд Хуан Шинь Хуа Рунгийн гэрт очиж, мөнхүү ёсоор манай дээд жы фүгээс та хоёрын эвгүй болсон учрыг битүүлэг сонсоод, нэгэн хотод албан хавсарч хийх түшмэл бөгөөд ямар хэргийн учир, яахин сэтгэл эвдэрснийг сонсож, өчүүхэн намайг янз эв энэрэлд оруулж ир хэмээсэн. Иймийн тул Лю Гаод энэ учир хэлсэнд тэр даруй жы фүгийн тушаал дагъя хэмээсэнд Хуа Рун чи очих хэрэгтэй хэмээсэнд Хуа Рун мөн арга буюу жы фү дээд ноёны тушаал тул дагаж Лю Гаогийн гэрт ирэв.
Тэндээс тэр Лю Гаогийн танхим дээр очиж үзвээс ширээ бэлтгэсэн нь цөм бүрэн. Үүнд Хуан Шинь, Лю Гао хоёрын энэ мэт зальхайг Хуа Рун яахин мэдмүй. Даруй үнэн болж Жы Фү ноёны тушаал маш хэцүү хэмээн сэтгэж байтал Лю Гао гэрээс гарч ирээд, танхим очвоос Хуан Шинь, Хуа Рун хоёр зэрэгцэн зогсож баймуй. Лю Гао худлаар инээмсэглэн ийн өгүүлрүүн: - Жы Фү дээд ноёны тушаалаар зарагдаж, энд өчүүхэн бид хоёрын хэргээр энэ мэт явж ирсэн нь үнэхээр ач хариулах цаг үгүй хэмээсэнд Хуан Шинь өгүүлрүүн: - энэ нь гайгүй, гагцхүү манай жы фү бас сэтгэл нь чилж, аргагүй намайг илгээсэн хэрэг. Үнд хоёр дүү бүү зовогтун. Та хоёр эвтэй найралтай болбоос баяр нь тэр хэмээсэнд Лю Гао Хуа Рунд өгүүлрүүн: - эрхэм дүү бид хоёр энэ хотод нэгэн хамт алба хийх бичиг цэргийн түшмэд болоод аливаа албаны хэргийг зөвлөн шийтгэвээс зохих билээ. Гагцхүү үл ялих албаны хэрэг булаалдаж, дээд ихсийг ийн зовоох нь үнэхээр журамгүй, мэргэн дүү ахдаа бүү гомдогтун хэмээгээд Хуа Рунгийн гараас барьж, дээд талд суулгах хэмээвээс Хуа Рун яахин сууж болмуй. Хун Шинь төв дэд этгээдэд сууж, тэр хоёр ширээ хавчин суугаад, архи уулцаад, одоо тэр хоёрын эвтэй болсон баяр хэмээж Хуан Шинь нэг нэгэн хундага архи барьсанд тэр хоёр хүлээн аваад уув.
Тэндээс тэр гурав нэлээд архидаж, одоо орой болов. Гадны хүн бидний үгийг чагнах ба үүнийг үзвээс мөн зохихгүй, үүдээ ягшуулагтун хэмээн Хуан Шинь хэлснийг Хуа Рун сонсоод дотор нь сэжигтэй боловч аргагүй үг дуун гарахгүй сууж байтал Хуан Шинь дөрвөн зүгээ харж үзвээс мөн ч дөч тавин цэргийн ард баймуй. Үүнд Хуан Шинь өгүүлрүүн: - дүү Хуа Рунгийн хэргийг сонсвоос Чин Фэн Шань уулын урвасан хулгай нар лугаа нам нийлэв хэмээн сэмхэн сонсов. Энэ үнэн үү худал уу хэмээсэнд Хуа Рунгийн зүс нь цус адил улайж, үгүй хэмээн мэтгэн бүхийд Хуан Шинь өгүүлрүүн: - Хуа Рун дүү чи нууж үл болмуй. Чамд гэрч бий гэнэм хэмээсэнд Хуа Рун тийм бөгөөс тэр гэрчээ над учруулагтун хэмээсэн Хуан Шинь өгүүлрүүн: - цэргийн ард энэ Хуа Рунг урьдаар барьж авагтун хэмээсэнд олон цэргийн ард Хуа Рунг барьж авсан нь торны дотор агуулсан шувуу мэт барин авав. Үүнийг өгүүлэн, өгүүлэх нь: энэ Лю Гао Сун Жян, Хуа Рун хоёрыг хадгалах хэмээн бэлтгэсэн хоёр төмөр тэрэг буй. Үүнд тэр төмөр тэргийг авчраад танхим дээр бэлтгэв. Тэр нь Сун Жянг гаргаж авчрагтун хэмээсэнд Сун Жянг авчраад танхим дээр сөгтгөөсөнд Сун Жян Хуа Рун хоёр бие биеэ үзээд юу хэлмүй. Зүрхний эхэнд сум тушаасан адил байхад, Хуан Шинь өгүүлрүүн: - та хоёр үнэнээ мэдсэн буюу хэмээсэнд тэр хоёр юу хэмээн мэдүүлмүй. Тус тусын үнэнээ мэдүүлсэнд Хуан Шинь энэ нь худал хэрэг. Би энд шүүж үнэнийг илтгэх газар бус. Чин Жоугийн жы фү биеэр байцааж, хэн үнэн ташааг тэр ялгаж өгмүй. Энэ хоёр энэ тэргэнд нэгэн нэгээр суулгаж, нэгэн зуун цэрэг хавсран жагсаагтун. Лю Гао морь унаж, Чин Жоуд хүрэгтүн хэмээн тус тус тушаасан тул хөөрхий Сун Жян, Хуа Рун хоёр төмөр тэргэнд хийж аваад, зуун цэргээр хавсруулан, Чин Фэн Жэнь хотноос гарч, Чин Жоу жы фү яамны зүг ирэв. Энэ нь үлгэрлэвээс түймрийн галд мянган сайн байшин түлэгдэх, дайны дотор нүд балар, хөл доголон хүн орж үхэх, хэрэг хийсэн хүн хэрэгт холбогдвоос өөртөө гомдох ёсгүй. Хүнийг хорлосон хүн өөрөө хорлогдох нь гомдох хэрэггүй. Сайн эр Сун энэ зовлонгоос яахин гэлтрэх эсэхийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )