Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ШИ ЖАНЖИН ХОТЫН ДЯНЬ ПҮҮСЭНД БАЙЖ ЗАХИА БИЧИГ ИЛГЭЭХ
ШҮ ЛИ ГУАН, ЛЯНЬ ША УУЛАНД ГАЛУУ ШУВУУ ХАРВАХ
Өгүүлэх нь, Хуан Гин, Гин Минь хоёр угтан байлдаж хэмээсэн нь бие биеийг таньж яахин байлдмуй. Тэдгээр дөрвөн дайванг дагуулж хаалгыг нээгээд цөм хотод ирж эд нар гэрт буугаад цэргүүдийн хотод тархав. Үүнд Сүн Жян цэргийн цааз тогтоож олонд өдөр зарлав. Манай олон цэрэг сонс. Энэ хотын хүмүүнийг хорлож болохгүй. Хэрэв нэгэн хүмүүн хорлож албаас та нараас арван хүмүүний толгой авмуй. Бас хүмүүний юмыг дээрэмдэж болохгүй. Шударга айлын эм охидыг түйвээж болохгүй гэх зэрэг тушаал гаргаад сэмхнээр нэгэн хэдэн цэргийн хүмүүнд ийн өгүүлрүүн: - Лю Коу-ын гэрийн бүгд их бага хүйс тэмтрэн алагтун. Алт мөнгө байваас хурааж авчир хэмээн тушаанд тэдгээр цэргүүд баярлан очоод Лю Коу-ын гэрийн бүгд их бага бүгд алаад гагцхүү эмийг алъя хэмээхэд Фан Ай Ху дайван булаан авч эмээ хиймүй хэмээгээд авав.
Тэр цэргүүд Лю Коу-ын алт мөнгө эд барааг хураан авч тэрэгт ачаад авчрав. Хуа Рүн өөрийн гэртээ харьж эхнэр ба охин дүүгээ эд барааны хамт цөм тэрэгт ачиж ирээд одоо Жинь Фэн Шань ууландаа харих цаг болов хэмээгээд тус тус хаалганаас хэнгэрэг дэлдэн харанга цохиж сүр бадруулан гарч ирснийг тэр хотын олон хүмүүн үзээд цөм толгой нь өвдөж зүрх нь түгшсэн боловч гагцхүү Жүн Жан хэмээх нэгэн бодьсад ирж бидний амийг аварв. Чухамхүү үнэн зөвийг ялгах нь гэгээн тэгэр адил хэмээлцээд хотдоо нам гүм аж төрөн сууцгаав. Үүнийг бүү өгүүлье. Өгүүлэх нь Сүн Жян Фан Ай Ху Ян Сюн Хуа Рүн Бай Ла хэмээх цагаан барс энэ тав санаа урвасан Гин Минь, Хуан Син бүгд долоон сайн эрс Жинь Фан Шань ууландаа хариад одоо бид тус тус жаргах цаг болов хэмээн хурим бэлтгэж найр тавин буй агаад Сүн Жян өгүүлрүүн: - Хуа Рүн дүү хойд хашааны нэгэн залгаад эм хүүхэд авч тэнд суугтун. Лю Коу-ын алт мөнгө эд барааг танхимын дээр авчрагтун. Бас олон цэргийн ардыг цөм цуглуулагтун хэмээгээд Лю Коу-ын алт мөнгө эд барааг олон тус тус хуваан шагнаад өгүүлрүүн: -Лю Коу-ын эм хаана баймуй. Түүнийг авчрагтун. Би асуух үг буй хэмээхэд тэр эхнэрийг Фан Ай Ху эмээ хийх хэмээн өөрийн суух байшиндаа нуусан нь яахин нууж болмуй. Манай гэрт баймуй. Би гагцхүү ганц бие бөгөөд хань болгон гарын доор зарваас болох буюу хэмээсэнд Ян Сюн ах өгүүлрүүн: - Чи бүү яарагтун. Чамд шагнаж болно. Хэдэн үг асуусны хойно Чи аваачигтун хэмээхэд тэр эмийг Ян Ай Ху гаргаж танхимын өмнө авчраад сөгтгөсөнд тэр эхнэр уйлан өгүүлрүүн: - Тэнгэр мэт ах нар өчүүхэн миний амийг авран өршөөгтүн хэмээгээд уйлахад Сүн Жян өгүүлрүүн: - Эрт өдөр би чамайг өрөвдөн санаж чиний амийг гаргаад гэрт нь тусалж буцааж атал чи намайг хорлосон хэргээ мэднэ үү хэмээхэд Ян Сюн өгүүлрүүн: - Ах үүнээс олон үг асууж яамуй хэмээгээд сэлмээ авч тэр эхнэрийн бие толгойг салгав. Үүнд Фан Ай Хуын уур нь хүрч Ян Сюн ахын сэлмийг булаан авч Ян Сюн ах лугаа үзэлцэх хэмээн ноцолдоход Сүн Жян хориглон өгүүлрүүн: - Мэргэн дүү уураа түр намхруулагтун. Энэ зальхай эхнэрийг нь алах нь ёс. Өчүүхэн миний биеийг Хуа Рүн-тэй хорлох хэмээснийг чи бэлхэнээ мэдсээр атал үүнийг эм болгон авч яахин ёсонд нийлмүй. Гэм үгүй мэргэн дүү чи түр уураа дарагтун хэмээхэд Ян Сюн өгүүлрүүн: - Энэ мэргэн дүү чи юун ч үл мэдмүй. Эрт өдөр ах Сүн Жян Хуа Рүн нарыг хорлох хэмээсэн нь бас сүүлд чамайг хорлохоор үл барам бас бидэнд халдах хэрэг бус буюу. Үлгэрлэвээс олон оготнын ноохойд нэгэн шар үнэг тавьсан адил билээ. тиймийн тул ах нь албай хэмээсэнд Фан Ай Ху юу хэлмүй. Дуу ч үгүй зогсов. Сүн Жян өгүүлрүүн: - Маргааш бид нэгэн их хурим хийсүгэй. Хуа Рүн-ийг дуудаж Сүн Жян, Хуан Син хоёр өгөх авах хоёрын эзэн болгох Ян Хюн, Фан Ай Ху, Жинь Дянь Сү энэ гурвыг зуучид явагтун. Хуа Рүн-ий дүү охиныг Гин Минь-д гэргий болгон Хуа Рүн өөрөө идээ будаа архи ногоо хуримын юмыг бэлтгэ хэмээгээд дараагаар хэдэн өдөр найр хурим болж байтал туршсан хэдэн цэргүүд ирж өгүүлрүүн: - Жинь Жоу хотын Чи Фү ноён Гинь Фэн Зай мужийн сайдад бичиг мэдүүлэв гэнэм. Сонсвол Хуа Рүн, Хуан Син, Гинь Минь энэ гурав цэргийн жанжин Жинь Фэн Шань ууланд урвав хэмээн мэдүүлснийг Гинь Фэн Зай хотын сайд их цэрэг мордож уулын хулгайг арилгах хэмээснийг сонсов хэмээн хэлж ирсэнд олон сайн эрс үүнийг сонсоод зөвлөн өгүүлрүүн: - Бид эдүгээ энэ ууланд сууж арга үгүй болов. Гинь Фэн Зай мужийн их цэрэг хөдөлбөөс бидний энэ бага уулыг хэд бүсэлж аваад гарах газар үгүй даруй баригдах одоо хэрхвээс сайн хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү нар бүү зовогттун. Миний санааг та бүхэн дагаваас над нэгэн арга бий хэмээхэд тэдгээр эрс юунд ахын санааг үл дагамуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс Лян Шань Пү хэмээх нэгэн их уул энэ уул дөрвөн тийш найман зуун газар, өндөр тийш таван зуун газар тойрон дөрвөн их далай энгийн гарч болохгүй онгоцоор явмуй. Тэр уулын дээр нь нэгэн их хот нэр нь Фан Зи Чэн Жу Эр Фань хэмээмүй.
Тэр хотын тэргүүлэгч Чю Тянь Фан хэмээмүй. Энэ хүмүүн гар доороо дөч тавин сайн эрс зарсан хүмүүн хэн аймшиг үгүй тэнд очмуй. Гагцхүү мэргэн дүү нар миний санааг дагаваас даруй тэр уулан очъё хэмээсэнд тэдгээр маш баярлаж өгүүлрүүн: - Ахын энэ очих газар нь үнэхээр тэнгэрийн орон гагцхүү бид үл таних тул яахин очиж болмуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Та хүмүүн урьд над лугаа хүж барьж ах дүү болсны дээр Шаньдун мужийн Шэн Чэн Фан хэмээх сайдын алт мөнгө дээрэмдэх цаад танилцсан ах дүү хэмээн урьдын явсан хэргээс цөм хэлсэнд Гин Минь өгүүлрүүн: - Энэ нь маш сайн ах бид одоо даруй юмаа дүүрч бэлдээд явсугай хэмээн арван хэдэн тэрэг дөрвөн зуу шахам морио бэлтгэж алт мөнгө хоол будаа дээл хувцсаа ачиж одоо явах цаг болмогц Сүн Жян олон цэрэгт өгүүлрүүн: - Биднийг дуртай дагаж явах нь явагтун. Үл дурлах нь буй аваас тус тус мөнгө шагная хэмээсэнд олон цэрэг яахин үл дурламуй. Цөм явмуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс уулнаас гурван хэсэг буугтун. Нэгмөсөн бууж болохгүй хэмээгээд гурван хэсэг хуваан уулнаас буугаад суусан орон байшингаа гал тавин шатаав.
Тэндээс Сүн Жян Хуа Рүн хоёр нэлээд цэрэг хэдэн тэрэг, Гин Минь Хуан Син нэлээд цэрэг хэдэн тэрэг, Ян Сюн Фан Ай Ху Жэнь Тянь Шү Янь гурав нэлээд цэрэг хэдэн тэрэг тус тус хуваан аваад уулнаас бууж Лян Шань Пү хэмээх их уулнаа явав. Эд нар зам явахдаа Лян Шань Пү ууланд урвасан хулгай барих хэмээн хэлж явахаас гадна, басхүү туг далбаа хиур дарцаг тэргүүтнийг барьж их цэрэг мэт явах бөгөөд дарцгийн дээр таван үсэг тавьсан тэр үсгийн үг Лян Шань Пү уулын хулгай барих их цэрэг хэмээн бичжээ. Үүнийг зам тохиолдогсод үзээд зам зайлах бус хэн аймшиг үгүй эд нараас үг асуумуй. Өдөр шөнө явсаар Жинь Жоу-ын захирах газраас алсалж тавин хоног явав. Тэндээс Сүн Жян Хуа Рүн хоёр газар үзэх хэмээн тэргүүлж явтал нэгэн их уул энэ уулын нэр нь Дү Ен Шань ургасан нь хоёр хэсэг ав адил дунд нь нэгэн их зам Сүн Жян Хуа Рүн хоёр явж тэр ууланд хүрвээс нэгэн уулнаас хэнгэрэг дэлдэн харанга цохих чимээ гарав. Үүнд Сүн Жян Хуа Рүн хоёр зогсож хойд хэсгээ хүлээн авч бүгд нийлж тэр уулын дунд буув.
Тэндээс баруун уулнаас цөм улаан дээл өмссөн зуу шахам хүмүүн тэр дотор нэгэн улаан дээл хуяг өмссөн залуу баатар бололтой эр гартаа шидэм барьж ба зүүн уулнаас цөм цагаан хувцас өмссөн зуу шахам хүмүүн бас цагаан хуяг өмссөн нэгэн залуу баатар эр энэ хоёр уулнаас бууж ирээд Сүүн Жан-ы цэргийг хавчин авав. Тэндээс Сүн Жян Хуа Рүн хоёр морио унаж тэр хоёрын барааг хэрвээс хоёр этгээд харилцан өсэй хоёр дээрэмчин бөлгөө. Энэ хоёр харанга хэнгэрэг дэлдээд хоёр этгээдээс зөрөлдөн орсон нь хуурай өвсөнд гал тавих мэт давшлан орж хэн хэнээ дийлэн үгүй хэдэн удаа зөрөлдөн ноцолдсоор тогтоосон цаг хэмжсэн газар хүрч мөн салахгүйд Хуан Жүн Сүн Жян хоёр үзээд маш гайхан мэгдэж өгүүлсэн боловч энэ хоёр нь уур хүрсэн тул яахин учир мэдмүй. Хуа Рүн нум сумаа авч нэгэн удаа тэр хоёрын хоорон харвасанд тэр хоёр салхи мэт хоёр өнгөрөн салав. Үүнд тэр хоёр босоод үзвээс нэлээд хол газрын хоёр жанжин бололтой хүмүүн морин дээр зогсож баймуй. Үүнд Хуа Рүн сэтгэл нь яаран даруй тэр хоёр дээр ирсэнд тэр хоёр эрхэм ахын энэ харвасан сум яахин ийм их цахилгаан адил сум буюу хэмээгээд мөргөсөнд Хуа Рүн тэр хоёрыг богож аваад Сүн Жян-ы дэргэд авчиранд тэр хоёр сөгдөн өгүүлрүүн: - Эрхэм ах нар нутаг хаана ямар хэргээр яваа зэргийг асуусанд Хуа Рүн өгүүлрүүн: - Миний энэ их ах Мэн Жоу хотын Сүн Я Шань дарга хэмээж явсан хойно Шаньдун мужид цол олсон нь Жан хэмээх үсэг иймийн тул Сүн Жян хэмээмүй. Би нь Жинь Фэн Жэнь хотод цэргийн дарга байсан Хуа Рүн хэмээх би хэмээхэд тэр хоёр өгүүлрүүн: - Тийм бөгөөс бид мэдэв хэмээхэд Хуа Рүн эрхэм хоёр сайхан эрийн нэр алдар хэн уг нутаг хаана суудаг вэ хэмээн асуусанд улаан дээлтэй хүмүүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн нь овог Лю нэр Фан, нутаг Тан Жоу-д эртний Лю Бао хэмээх хүмүүний жад Фан Тянь Хэй хэмээх жадны эрдмийг уламжлан сургасанд эдүгээх хүмүүн намайг Шү Фэнь Ху хэмээх цол өргөжээ. Өчүүхэн хүмүүн уг нутгаас гарах цагт Шаньдун мужид эм худалдахаар очоод наймаа алдаж уг нутагтаа харих арга үгүй болмогц Дү Ин Шань ууланд ууж зам явагчдаас олз харж байтал, мөн миний энэ ууланд бас нэгэн сайн эр ирж энэ уулыг надаас булаах хэмээхэд би энэ хоёр уулын нэгийг өгье хэмээвээс харин хүлээхгүй хоёр уулыг цөм авмуй хэмээн өдөр бүр над лугаа байлдан баймуй. Иймийн тул тэнгэр өршөөж эрхэм баатар ах нар ирэв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ учрыг сонсов. Энэхүү цагаан дээл өмссөн хүмүүний нэр овог нутаг хаана хэмээсэнд тэр цагаан дээлт хүмүүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний овог Ко, нэр Шэн уг нутаг Сэчуань мужийн захиргааны Жань Линь хэмээх газрын хүмүүн уг нутгаас мөнгөн ус авч худалдах усан замаар явж байтал гэнэт онгоц урваж буй бүхий юмаа усанд алдаад одоо нутагтаа харьж чадахгүй миний энэ барьсан жадыг олон хүмүүн эртний Жан Гүй-ээс илүү чадал олсон хэмээн цол өргөжээ. Сонсвоос энэ Дүй Ин Шань уулын Фан Тянь Хэй барьсан зэвсэг барьсан сайн эр эзэлбэй хэмээн сонсоод үүнээс булаан авч сууя хэмээн хэдэн удаа байлдсан боловч ер хэн хэнээр дийлсэнгүй байтал харин ах нар морилон ирэв. Энэ нь тэнгэр дэлхий хайрлав хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм хоёр дүү та хоёр сонс. Бид нэгэн үг өгүүлье. Та хоёрын энэ уулыг булаалдан тэмцэх нь эцэст сайн хэрэг бус урьдаар би та хоёрын эв найрлыг засаад хожим чухам үнэн үгийг хэлье хэмээсэнд тэр хоёр даруй дагаж Люй Фан-ы ууланд цөм очиж архи бэлдэн мах ногоо засаж тэр хоёрыг эвсүүлж өгүүлрүүн: - эрхэм хоёр дүү нар нэгэнтээ бидний нүүрийг харж эв найрлаа олбой. Одоо та хоёр энд ууж үл болмуй. Миний санааг дагаваас бид Лян Шань Пү хэмээх ууланд урвасан Чоу Кэй хэмээх хүмүүн дөчин хэдэн сайн эрийн хамт урвасан бид цөм тэнд очвоос ямар хэмээхэд тэр хоёр маш баярлан хоёр уулын цэргийг цуглуулан уулнаас бууж иэрээд Сүн Жян-ы цэргийн хүрээлэнд цуглаж ирсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү нар та Лян Шань Пү ууланд очиход энэ мэт бүрмөсөн нэгэн хамт явж үл болмуй. Хоёр гурван зуугаар хэд тасран явбаас болмуй. Үгүй бөгөөс буад газрын тагнуулч үзвээс бид сэжиглэгдмүй хэмээхэд тэд нар зөв хэмээгээд гурав тасран явж нэгэн өдөр яваад маргааш нь наран үд болсон цаг тул зам явж байтал нэгэн архины пүүс үзэв.
Тэндээс Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар бид зам явж зүдэрсэн тул энэ архины пүүсэнд орж бага амраад явъя хэмээсэнд Сүн Жян Ян Сюн хоёр архины пүүсэнд оров. Тэр архины пүүсэнд орж үзвээс гурван их ширээ засаад бас хажууд хэдэн бага ширээ зассан баймуй. Үүнд тэр пүүсэнд алд сүлжсэн гуулин утсаар хүзүүгээ ороосон гахайн хошуут малгай өвсөн шаахай өмссөн тийм нэгэн хүмүүн сууж баймуй. Сайтар ажиглаваас хоёр нүд нь ув улаан, хацар нь дов адил бие нь найман чи урт тийм нэгэн хүмүүн үүнд Сүн Жян Ян Сюн хоёр сэмээр өгүүлрүүн: - Энэ хүмүүнийг үзвээс тийм сайн хүмүүн бас биш байх нь. Юу ч болов бид хамаагүй бага архи уугаад явбаас барав хэмээн архины пүүсний зардсыг архи авчрагтун хэмээхэд архины пүүс даруй архийг авчрах хэмээгээд гадагш гараваас Сүн Жян-ын цэрэг хашааг бүсэлж явах зам үгүй болсонд тэр архины пүүсийн зардас өгүүлрүүн: - Та бүхэн бага зам тавьж өгөгтүн. Бид нааш чнааш явах хэрэгтэй хэмээсэнд тэдгээр цэргүүд ер хөдлөхгүй тул аргагүй зайг үзэж архийг авчирч Сүн Жян Ян Сюн нарт хоёр их шаазан архи авчирч ширээн дээр тавьсанд тэр хойд ширээний улаан нүдэт хүмүүн босон ирж өгүүлрүүн: - Би та хоёрын ширээнд багтан сууваас болох буюу хэмээсэнд Ян Сюн үг өгүүлье гэтэл, Сүн Жян өгүүлрүүн: - Чи бүү үг хэл, бүү гар хөдөл хэмээсэнд Ян Сюн Сүн Жян-ы үгийг дагаж суутал тэр хүмүүн суудал булаалдаж ийн тийн хэмээлдэхэд тэр архины пүүсний тэргүүлэгч ирж тэр хүмүүнд өгүүлрүүн: - Суудал булаалдах нь ямар хэрэг гагцхүү чи хуучин хийсэн хэргээ мэдэх буюу хэмээхэд улаан нүдэт хүмүүн маш их уурсан тэр пүүсийн тэргүүлэгч нохойн зулзага юу мэднэ хэмээх зэрэг хараахад Ян Сюн тэсэн ядан өгүүлрүүн: - Эрхэм нөхөр чи энэ пүүсийн муу хүмүүсийг энэ мэт дарлаж юу хиймүй хэмээхэд тэр хүмүүн өгүүлрүүн: - Би хараах хэлэх хүмүүндээ хэлмүй. Чамд юун хамаа хэмээгээд босон ирж шидмээ барин Ян Хюн-д сүр үзүүлэн үзүүлэн ийн өгүүлрүүн: - Энэ муу нохой мэт хүмүүс надад бас их үг өгүүлмүй. Тэнгэрийн доор над үг өгүүлэх хүмүүн нэг хоёроос илүү үгүй.
Хэрвээ илүү байваас миний хоёр хөлийн доор гишгэсэн шавар лугаа адил хэмээн машид уурсахад Ян Сюн мөн уур нь хүрч тэр хүмүүний өмнөө тавьсан ширээг авч цохихыг завдахад Сүн Жян хориглон өгүүлрүүн: - Эрхэм дүү нар бүү уурсагтун. Чиний саяын хэлдэг тэнгэрийн доор миний хүлээх хүмүүн нэг хоёр хэмээдэг үг тэр учир юу чухам ямар хоёр хүмүүн хэмээхэд тэр хүмүүн өгүүлрүүн: - Та нар асууваас би хэмээх хэмээгээд өгүүлрүүн: - Нэгэн нь Шан Жоу хотод захирагдсан Хан Кай Жүнь хотын Хю Хя Фү Эр хэмээх Шай Гэнь Да Гон Сань нэг нь энэ, хоёр нь Юн Чэн Хянь хотын Янь Шань дарга, Шаньдун мужийн цаг туслах хурдан орох хур лугаа адил журмаас хэтрэх үгүй Сүн Гүн Минь хэмээх хүмүүн энэ хоёр хэмээсэнд Сүн Жян энэ үгийг сонсоод маш баярлан Ян Хюн-ы өөдөөс харж инээсэнд Ян Сюн тэр ширээгээ тавьж нам гүм суув. Үүнд Сүн Жян тэр хүмүүнээс асууруун: Чи энэ хоёр хүмүүнтэй хаана танилцсан бэ хэмээхэд тэр хүмүүн өгүүлрүүн: - Сүн Гүн Минь хэмээх хүмүүн Ши Да Гүн Жа Жинь гэрт байхдаа зүс үзсэнгүй нэр алдрыг сонсов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чи Хэ Сань Лань-ийг таних буюу хэмээсэн тэр хүмүүн танихгүй харин би түүнийг эрж яваа билээ. түүний дүү Тяй Сань Ши хэмээх Сүн Жян над захиа бичиж өгсөн хэмээхэд Сүн Жян даруй тэр хүмүүнийг ханцуйгаас нь татаж өгүүлрүүн: - Энэ нь учрах ерөөл буй аваас түм мянганы газар боловч учирмуй. Ерөөл үгүй болбоос бие биесийг үзвээс үл танимуй хэмээсэн лүгээ адил болой хэмээгээд Сүн Жян бас өгүүлрүүн: - Тийм бөгөөс Хэ Сань Лянь хэмээх Сүн Гүн би мөн болой. Чи намайг үзээд яахин танимуй хэмээсэнд тэр хүмүүн хоёр нүдийг их харж үзээд даруй таньж газар сөгдөн өгүүлрүүн: - Өршөөлт ах өчүүхэн дүү лүгээ энд учирсан нь тэнгэр дэлхийн ач болой. Мөнөөх дүүгийн нэр нь Ши Ён хэмээдэг. Да Минь Фү хотын хүмүүн ах чиний гэрт очиж Сүн Тай Гүн өвгөн лүгээ учраад одоо энд ирж ирэв хэмээсэнд Сүн Жян өөрийн гэрт очсоныг сонсоод эцэг Сүн Тай Гүн-ий мэндийг асууж ийн өгүүлрүүн: - Чи нь ямар ажил хийдэг хүмүүн бэ хэмээхэд Ши Ён өгүүлрүүн: - Уг нутагтаа байх цагт бай наадаж амь зуудаг билээ. түүний улмаас нэгэн хүмүүн алдсан мөнгө зоосоо үл өгөх тул түүнийг нударгалж алаад нутгаас босож Ши Та Гүн Саын гэрт хэдэн сар нуун сууж таны дүү Сүн Жян-тай танилцаад эдүгээ таны биеийг хол явав хэмээн сонсоод Сүн Гин-ээс салаад би Ху Шань хэмээх ууланд Гүн Тай Гүн-ий хамт суув хэмээн сонсоод бас Лян Шань Пү хэмээх уулын зүг явав хэмээн сонсоор энд хүрч ирээд таныг таньсангүй буруу болов. Ах чи одоо та нутагтаа хурдан буцагтун хэмээгээд мөргөхөд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ үгийг энд хэлэлцэж болохгүй. Өөр газар Ян Хюн-ы хамт гурвуул хэлэлцье хэмээгээд өөр нэгэн байшинд орж суумагц Ши Ён нэгэн жадаас Сүн Жян-ын өгсөн захиаг гаргаж өгсөнд Сүн Жян даруй нээж үзээд сэтгэл нь хөдөлж үнэхээр их сэжигтэй зовлон болов. Энэ нь дүү Сүн Гиний бичиг, эцэг эх нь бие бараад мөнөө болтол далд оршуулаагүй ах чамайг хүлээн буй гэх зэрэг бичиг ирснийг Сүн Жян үзэж зүрх нь өвдөж өөрийн биеийг хараан өгүүлрүүн: - Ертөнцөд хүмүүн болж төрөөд эцэг эхийн элбэрлийг эс гүйцэтгэн нь энэ олон хүмүүнд журамтай эр хэмээгдсэн нэр үгүй үнэхээр мал адгуусаас ялгал үгүй хэмээн маш их уйлан байшингийн хавиргыг мөргөлөн уйлахад Ян Сюн Ши Ён хоёр хориглон өгүүлрүүн: - Ах чи одоо дэмий их уйлж яам эцэг эх нэгэнт бие барж одоо гомдовч юуны тус хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар сонс. Би нь зүй нь эцэг эх нь өргөж бага насны ач одоо орхиж явсныг санаваас үнэхээр миний санаанаас яахин гарч болмуй. Тиймийн тул миний тэнгэрийн наран нэгэнт халлагдав. Одоо энд бие дуусаж үхмүй. Дүү нар зорьсон ууландаа явагтун хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Ах таны эцэг Сүн Тай гүн нар нэгэнт тэнгэрт дэвшиж энэ нь гагцхүү танд бүхий хэрэг бус дэлхий дахины амьтан бүрд үхэх төрөх цөм буй тул үүнд одоо дэмий зовж яахим. Муу дүү нараа Лян Шань Пү ууланд хүргэсний хойно бидэндээ эргэж өвгөн Сүн Тай Гүн Тай Тай нарын хүүр далд оршуулбаас хожимдох үгүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Болохгүй дэлхий дахинд журамтай эр хэмээн цол олоод дахин журамгүй хэрэг яахин хийж болно хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Гэм үгүй ах чи тийм үг бүү өгүүл. Таны бие Лян Шань Пү-д эс очвоос бид хэнд итгэж тэр ууланд ормуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс би нэгэн баттай сайн захиа хийж өгье. Та нар үүнийг аваад явагтун хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Ах чи сонс. хуучин үгэнд могой толгойгүй болбоос явах зам үгүй хэмээжээ хэмээсэнд Сүн Жян болсонгүй архины пүүснээс нэгэн хэсэг цаас аван бичиг бичиж Ян Сюн Ши Ён хоёрт Лянь Шань-д очих бичиг хэмээн тушаагаад өөрийн бие морь ба эдлэл зүйлийг орхиод Ши Ён-ы өвсний шаахай, шидмийг аваад шууд хаалга гаран гэрийн зүг буцах гэтэл Ян Сюн өгүүлрүүн: - Ах чи түр сууж Хуа Рүн-тэй учраад буцваас зохимуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү нар ахын явдалд бүү саад хийгтүн. Би түүнийг хүлээж чадахгүй. Гагцхүү цагаан өмсөж бэлэвсрэл хийх өдөр хожимдвоос тэнгэрт ял олох тул одоо явмуй хэмээсэн нь Сүн Жян-ы санаа нэгэн алхам гишгээд харин санаа буй дээр бас далавч байваас нисэх санаатай явав.
Үүнд Ян Сюн Ши Ён хоёр Сүн Жян-ыг үдэж явуулаад бас тэр архины пүүсэнд бага архи уугаад тэндээс гарч нэгэн хэдэн газар явж очвоос нэгэн их дянь пүүс баймуй. Тэр пүүсэнд орж бүгдээр Сүн Жян-ы цагаан өмсөх явдлыг хэлэлцэж буй атал Ян Сюн өгүүлрүүн: - Ши Ён чи Сүн Жян-ыг явахыг юунд эс хориглов хэмээсэнд Ши Ён өгүүлрүүн: - Энэ нь ертөнц хүмүүний бэлэвсрэл хийх хэрэг нь тэнгэрийн тогтсон цааз тул би яахин хориглож болмуй. Түүнийг дээр бидний Лян Шань ууланд очих Чоу Кэйтэй учрах захиаг бичиж бэлхэнээ өгсөн тул бидэнд Лянь Шань-д орох зам бий хэмээсэнд ах дүү бүгдээр зөвлөлдөн Сүн Жян-ын эцэг эх бие барсныг онсоод цөм журам бодож цаас шатааж тэр буудлаас гарч Лян Шань уулын зам хөөж удсангүй уулын дэргэд ирэв. Тэндээс тэдгээр есөн ах дүү уул давж явтал, нэгэн хэсэг шугуй ихэс өвснөөс хоёр онгоц ус татан гарч ирснийг Ян Сюн эдгээр үзвээс нэгэн онгоцонд хэдэн цэрэг дарга нь улаан үстэй чөтгөр Лю Тан, нэгэн онгоцонд Линь Чүнь ийм хоёр хүмүүн улаан дарцаг хатгаж харанга дэлдэн буу тавьж тэдний ойр хүрч ирээд ийн өгүүлрүүн: - Та нар ал газраас яваа, ямар айшиггүй цэргүүд манай ууланд ирэв. Та нь энд нэгэнт ирсэн хойно бие мэнд гарах байтугай сүнс нь буцах бэрх. Чи бидний Лянь Сянь Шань Пү хэмээх их уулын алдрыг сонссон буй за. Нэр овгоо бушуу хэлэгтүн хэмээн зандрахад Чинь Минь Хуа Рүн хоёр мориноос бууж усны захад зогсож ийн өгүүлрүүн: - Бид нь цэрэглэж ирсэн их цэрэг бус гагцхүү Шаньдун мужийн салхи хур оруулах Сүн Жян-ы захиа хүргэж ирсэн хүмүүс хэмээхэд тэр Лю Тан, Линь Чүнь хоёр энэ үгийг сонсоод даруй онгоцоо татаж тийм бөгөөс манай их ах Сүн Жян-ы захиаг гаргаж бидэнд өгөгтүн. Бид үзсэний хойно архины пүүсэнд очиж хэлэлцэх үг буй хэмээлцэхэд бас нэгэн хар дарцагтай онгоцны дээр гурван загас барих бололтой хүмүүн ирээд тэр хоёрыг тэр онгоцны дээр суулгаад аван явав . Үлсэн Ян Хюн, Ши Ён нар тэнэг болоод юу ч мэдсэнгүй айн байтал бас нэгэн онгоц буу тавин харанга дэлдэн гарч ирэхэд тэдгээр айсан нь зүрхэнд сум туссан адил болов.
Тэндээс тэдгээр долоон сайн эрс арга буюу Хуа Рүн, Чинь Минь хоёрын хойноос нь дагаж явтал нэгэн хэсэг хуурай газар бас нэгэн их архины пүүс тэр пүүсний нэр нь Жү Гүй хэмээх тэргүүлэгч тэд нар тосож аваад оруулж Сүн Жян-ы бичгийг бүгдээр нээж үзээд шинэ ирсэн есөн сайн эр гурван зуу гаруй цэрэг, Хуа Рүн-ий эм Гин Минь-ий эм нарыг оруулж цөм үхэр хонь алж хурим бэлтгэн гурван хоног болсны хойно Жү Гүй Сүн Жян-ы захиаг уулын оройд хүргэв. Түүний маргааш луу цагт уулын оройгоос Чоу Кэй-ийн дэргэд байгч Ү Сюай Гоу хэмээх Сян Шан онгоцоор бууж Жү Гоу-ын гэрт угтан ирэв. Тэндээс тэдгээр есөн сайн эр бүгд угтан хариу ёслолцоод гэрт орж хурим бэлтгэж найрлан байтал Чоу Кэй-ийн дэргэдээс нэгэн их цагаан онгоц бууж ирээд тэдгээрийг цөм онгоцны цэргийн хүмүүн, эр эмийг цөм суулгаад Жинь Шань Тай хэмээх их усны дэргэд ирвээс Чоу Кэй мөн олон цэргүүдийн хамтаар есөн эрийг угтаж мориноос буугаад бүрээ бишгүүр татаж цөм тэндээс Чоу Кэй тэргүүлэн бусад хойноос дагаж уулын орой Гюй И Тин хэмээх их хуримын танхим дээр цөм цугларч маш ёслолцон зүүн этгээдэд сандал зааж тэргүүнд Чоу Кэй, Ү Ён, Гүн Сүн Шан, Линь Чүнь, Лю Тан, Жуань Хяо Эр, Жуань Хяо Ү, Жуань Хяо Ки, Дү Чянь, Сүн Фань, Жү Гүй, Бай Шан, Нань Бай Шан хэдэн сарын урьд Ги Жоу Фү хотын гянданд хоригдон байгаад гэнэт оргон босож гараад эдгээр лүгээ зам нийлэн хоршоо болов. Энэ нь Ү Сюай Жоу хэмээх хүмүүн яамны их бага албаны хүмүүнд хахууль мөнгө зоос өгч гуян тавиулсан учир болой. Баруун этгээдэд сандал заса Хуа Рүн, Чинь Минь Хуан Син Янань Шүн, Фан Ин, Жэнь Тянь Шоу, Люй Фан, Куань Шэнь, Ши Ён эдгээр цөм хоёр тал жагсан байж төв дунд нь нэгэн их ширээ байгуулж зул барин хүж шатааж тэнгэрт тангараглаж ах дүү бололцоод цөм хуримын ширээ бэлдэж найр тавьж жаргав.
Тэндээс тэдгээр есөн сайн эрийг дагаж ирсэн цэрэг эр эмийг бүгд дуудаж мөн ширээ засан үхэр хонь алж их хурим хийж Хуа Рүн Чинь Минь хоёр тэр хуримын ширээн дээр сууж Сүн Жян ахын Жинь Фэн Шань ууланд бид лүгээ урваж суусан ба Лю Коу хэмээхийн гэрийг бүрэлгэж эд мөнгийг аваад эмийг нь ууланд аваачиж алсан ба бас Жинь Коу-ын нэгэн муж цэргийг уулын тал талд хууран алсан зэргийг нэгд нэгээр магтан хэлсэнд Чоу Кэй тэргүүлэн олон цэргийн жанжин цөм магталцан баярлалдаж өнгөрсний хойно бас Дүй Ин Шань ууланд Люй Фан, Куань Шан хоёрыг байлдаж байхад Хуа Рүн нэгэн сум харваж салгасныг бас хэлэлцээд хоёр сайн эрийг салгаж эв найралд оруулсныг нэгэн удаа хэлсэнд Чоу Кэй үүнийг үнэмшихгүй тул ийн өгүүлрүүн: - Хуа Рүн чи тийм сайн мэргэн харваач болбоос сүүлд бид нэгэн хэдэн сум харваж үзье хэмээгээд ширээнээс бууж уулын хэдэн талд зугаалахаар очоод дахин ирж хуримын ширээн дээр сууж нэгэн хэдэн хэсэг архи ууж байтал, дээгүүр нь нэлээд галуу шувуу нисэн ирэхийг Хуа Рүн үзээд ийн сэтгэрүүн: Миний Люй Фан, Куань Шан хоёрын бөсийг тас харваж салгасныг үнэмшээгүй тул би эдэнд энэ нисэж яваа галууг харваж үзүүлсүгэй хэмээгээд нэгэн нум сум авч ийн өгүүлрүүн: - Ах нар та бүгд үзэгтүн. Сая би сум харвасан явдлыг хэлбээс та бүхэн цөм үнэмшихгүй тул би энэ галууны гуравдугаарын толгойг тас харваж буулгаад үзүүлсүгэй хэмээсэнд тэдгээр цөм үзмүй хэмээн гарч Хуа Рүн-ий харвахыг үзвээс үнэхээр нисэн яван шувууны гуравдугаарыг харваж унагасныг үзээд Хуа Рүн-ий хэлснээс өчүүхэн ч гажуу үгүй тул тэд нар Хуа Рүн-ээс айж хувилгаан гарт жанжин хэмээн цол өгөв. Ү Сюай Гоу Сян Шан өгүүлрүүн: - Хуа Рүн-д хувилгаан гарт жанжин цол буу өгөгтүн. Олон бага дарга нар цөм Хуа Рүнийг хүндэлж байваас барав. Хүмүүний биед бурханы гар яахин байж болно хэмээхэд цөм дагаж Хуа Рүн-ийг хүндлэх болов. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь эдгээр бүгд хорин нэгэн хүмүүн тус тус тус дараалан ёс ёсолж дахин ширээ засаж хурим бэлтгэв.
Тэндээс энэ хурим дээр олон жанжин цэрэг бүгдээр ийн хэлэлцэн эдүгээ бид усанд хэрэглэх их онгоц цэрэгт хэрэглэх их зэмсэг буу жад сэлэм зэрэг бас хашаа байшингаа өнөөх зэрэг зүйлийг цөм тогтон хэлэлцэж тус тус суух байшиндаа харив. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, Сүн Жян архины пүүснээс гараад өөрийн нутагтаа зорьсон нь өдөр шөнөгүй довтлон явж харъяат хотын хуучин танх Жан Шэнь Жань хэмээх архины пүүсэнд орж бага амраад явъя хэмээн бодоод тэдний пүүсэнд бууж архи ууж Жан Шэнь Жань-тай элдэв зүйл хэлэлцэж байтал, Жан Шэнь Жань өгүүлрүүн: - Эрхэм дүү чи гэрээс гараад хичнээн он болов. Хөгшин эцэг чинь чамайг мөрөөдөн санаж маш их зовов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм ах чи юу хэлж баймуй. Би миний эцэг эх үхэв хэмээн захиа бичиг Ши Ён хэмээх хүмүүнээр Сүн Гин өгүүлсэн атал намайг яахин доор барьж эцэг эх чинь мөрөөдөв хэмээн хошигнон өгүүлмүй хэмээгээд уйлахад Жан Шэнь Жань өгүүлрүүн: - Эрхэм дүү чи бүү зов үхсэн хэрэг бус ая гурван цагийн урьд манай пүүсэнд ирж чамайг санасан учраа тоочин хэлэлцээд баахан архи ууж харив. Чи одоо харин хол бүү явагтун. Нас болсон эцэг эхээ өргөж суугтун.
Чиний хийсэн хэрэг нэгэнт өнгөрч хэрвээ дахин үүсэх болхул бид аргалж үзье хэмээх зэрэг ятган хэлсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Бага авгай чи надад юунд энэ мэт хошигнон наадмуй. Бэлхэнээ миний дүү Сүн Гин-ээс очсон захиа нь энэ чи худал хэмээвээс үзэгтүн хэмээгээд өгсөнд Жан Шэнь Жань үзээд өгүүлрүүн: - Энэ эрхэм дүү энэ нь чухамхүү худал үг. Зүүн хотын Фан Тай Гүн-тэй хамт архи ууж сая харив. Чи очиж үзэгтүн хэмээсэнд Сүн Жян энэ чухам хааш хэрэг буюу хэмээн маш сэжиг төрж нэлээд зовон байж хэдэн хундага архи ууж Жан Шэнь Жан-ы гэрээс гарч даруй хариад гэрийн хаалгыг дуудсанд тэдний нэгэн зардас гарч үүнийг нээж Сүн Жян-ыг үзээд даруй сөгдөж мөргөөд ийн өгүүлрүүн: - Гэрийн бага эзэн одоо харьж ирсэн нь тэнгэрээс бууж ирсэн лүгээ адил хэмээгээд мөргөсөнд Сүн Жян дээш татаж босгоод ийн асууруун: Миний Эцэг Сүн Тай Гүн, Сүн Гин хоёр байна уу хэмээхэд зардас адил өгүүлрүүн: - Өвгөн Сүн Тай гүн зүүн хотын Фан Тай гүн-ий хамт Жан Шэнь Жан-ы гэрт архи ууж сая ирээд хойд их гэрт унтаж баймуй хэмээсэнд Сүн Жян маш баярлан барьсан шидэм модоо хаяж шууд хойд байшинд орох гэтэл Сүн Гин гарч ирээд Сүн Жян ахдаа мөргөж ёслоход Сүн Жян нэгд баярлан хоёрт уур хүрч Сүн Жян-ыг үзвээс ер цагаан өмсөж бэлэвсрэл хийсэнгүй тул хараан өгүүлрүүн: - Чи ямар ёс үл мэдэх мал адгуус буюу миний эцэг эхийг амьд бүхийд үхэв хэмээн муу ёр зааж надад цагаан хуудас бичиг бичиж өгсөн нь ямар санаа чи үгүй бөгөөс намайг цухалдуулж алах хэмээсэн үү хэмээх зэрэг цуугин бүхийд өвгөн эцэ Сүн Тай Гүн гарч ирээд ийн өгүүлрүүн: - Миний хөвгүүн одоо ирэв үү. Чи энэ Сүн Гин-д бүү хилэгнэ.
Энэ нь Сүн Гин дүүд чинь огт хамаарах газар үгүй гагцхүү өвгөн эцэг чинь хөвгүүн чиний хойноос мөрөөдөн санасан нь маш их бөгөөд өдөр шөнийн бодлого бодоод будаа хоолноос гарах цаг болсонд арга үгүй өөрийн биеийг үхэв хэмээн ов үүсгэж тийнхүү худал захиа хийж Сүн Гин чамд хүргэвээс эрхбиш цагаан өмсөх ёс яс хүүр далд оршуулахаар ирэх байх нь хэмээн санаж Сүн Гин-ийг Ши Да Гуан Са-ын гэрт илгээж түүнд мөн энэ ухааныг хэлж Ши Ён-ыг явуулж чамайг эрхбиш олж ирэгтүн хэмээн захиснаас гадна, хөвгүүн минь чамайг сонсвоос Бай Ху Шань уулын олон дээрэмчин нарт зам нийлэн хэрэг дэгдээж буй хэмээн сэм сонсоод амь алдах болов уу хэмээн санасан чи уур түр дарагдан энэ чиний дүү Сүн Гин-д огт хамаарах газар үгүй хэмээсэнд Сүн Жян эцэгтээ мөргөөд байшиндаа орж цай уугаад хийсэн хэргийн учрын ял зэргийг эцэг Сүн Тай Гүн-ээс асуусанд Сүн Тай Гүн өгүүлрүүн: - Сонсвол эзэн хааны хатнаас тайш хөвгүүн төрж дэлхий дахины ялтан ба, хөгшин залуу цэргийн ард, бас ядуу олон иргэдэд цөм хишиг тараах зарлиг буулгаж өршөөсөн хэмээн урьд ч сонслоо. Сая бас ван гүнгээс сонсов.
Иймийн тул миний хөвгүүний олсон ял нэгэнт хэлтэрсэн учирт эцэг чинь тийнхүү чамайг харьж ирсүгэй хэмээж үхэв хэмээн худал бичиг хийсэн гагцхүү Жоу Дүн Лэй Хан хоёр тэр үед чиний аминд орсон ачит хүмүүн билээ хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Жоу Дүн Лэй Хан энэ хоёр даргаа манай гэрт ирж байв уу. Би зам дээр хүмүүнээс сонсвол Жоу Дүн Лэй Хан хоёр албанд гарсан гэнэм. Жоу Дүн-г Дунжин ь хотод явсан Лэй Хан хааш албанд явсныг мэдэхгүй гэнэм. Бас манай Ён Чань Хянь яаманд хоёр шинэ Я И суусан гэнэм, тэр үнэн үү хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Үнэн хоёр Жоу овгийн хүмүүн суусан одоо орой болов. Миний хөвгүүн хол газраас ирсэн хүмүүн тул ядарч зүдэрсэн байх нь хэмээн тэр цаг сар гарч хоёр жингийн үе болж байгаа цаг сонсвол Сүн Жян Шуань хотыг олон цэрэг бололтой хүмүүн цуугин бүсэлж Сүн Жян хулгай нэгэнт харьж ирсэн тул дахин оргох магадгүй сайнаар харгалзагтун хэмээх үгийг өвгөн Сүн Тай Гүн сонсоод маш айж аяа, энэ нь үнэхээр хөөрхий болов.
Үлгэрлэвээс их мөрний захад айн эр цуглах, ертөнцөд байсан хүмүүн хэрэг хийж элэг зүрхээр журам дагаж шударга явах нь андаа мэдэгдмүй хэмээжээ. Сайн эр Сүн Жян энэ хотдоо харьж ирээд олон цэрэгт бүслүүлсэн нь амь гарч чадах үл чадахыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 1 )
Таслал гэж зүйлийг бүр хэрэглэхээ больжээ.