Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 35 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү ЁН ТАЙ ЖҮН-Г ЛЯН ШАНЬ ПҮ УУЛАНД ОРУУЛАВ

ЖЕЙ ЯНЬ ЛИНЬ ДАВААНД СҮН ЖЯН ЛЮ ГЮНЬ-ТАЙ БАЙЛДАВ

Өгүүлэх нь, Сүн Тай Гүн тэр цэрэг бүсэлсэн чимээг сонсоод шат тавин дөрвөн зүг харваас цөм гал дэгдэж маш их сүртэй үүнд сайн харж үзвээс Ён Чан Хянь яамны хоёр Яа Ий-ийн дарга Жоу Жэнь, Жоу Дэ энэ хоёр ах дүү бөлгөө.

Тэндээс их дуунаар өгүүлрүүн: - Сүн Тай Гүн чи хэргийн учир мэдвээс Сүн Жян хөвгүүнээ гаргаж хүргэн ирэгтүн хэмээсэнд Сүн Тай Гүн өгүүлрүүн: - Эрхэм албаны дүү нар минь миний хөвгүүн Сүн Жян хэдийд гэртээ харьж ирснийг та нар яахин мэдэв хэмээхэд тэр хоёр Я Ий-ийн дарга өгүүлрүүн: - Чиний хөвгүүн Сүн Жян сая Жан Тай Гүн-ий гэрт архи уугаад сая ирэв гэнэм. Түүнийг гадна басхүү энэ гудамж зээлийн аман дээр зогсож баймуй хэмээхийг сонсов хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Өвгөн чи тэд лүгээ бүү цуугилд, эд нэгэнт намайг барих хэмээсэн тул би гарч эд лүгээ учирч Ён Чан яаманд очъё. Надад айх газар нэг ч үгүй намайг басхүү таних ах дүү олон нэгд эзэн хаанаас ял хэлтрүүлэх зарлиг буулгасан тул над ялаас айх зүйл үгүй, та над лугаа бүү ийм тийм хэмээлцэгтүн хэмээхэд Сүн Тай Гүн маш их уйлан өгүүлрүүн: - Энэ нь өчүүхэн эцгийн хийсэн ял болов.

Арга буюу чи нэгэнт ийм санаа санасан болбоос өөрөө мэдэгтүн хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эцэг бүү зовогтун. Маргааш би биеэр яаманд очъё. Энэ хоёр Жоу овогт угаас санаа муутай дээр басхүү хүмүүнд сайн хэлэгдээгүй тул эд нар энэ шөнө эрхбиш Сүн Жян Шуань-аас гарахгүй тиймийн тул би яаманд очиж ял гуйхаас гадна над их ял ирвээс цөлөх ялаас илүүгүй учирт мөн аанай өөр мужид цөлөгдөн очмуй. Очсоны хойно хуучин хэвээр олон мужийн сайн эрс лүгээ нөхөрлөөд мөн хэдэн жил болоод эцэгтээ эргэж ирээд ачлан түүнчлэн гүйцэтгэвээс хожимдох газар үгүй хэмээсэнд эцэг нь тийм бөгөөс чи өөр мэдэгтүн. Би ч бас албаны таних сайн ах дүүд хахууль мөнгө өгч тусалъя хэмээгээд Сүн Жян өөрөө шатны дээр давж тэдгээр Жоу Жэн нарт өгүүлрүүн: - Эрхэм ах нар бүү энэ мэтээр цээрлэн зовогтун. Нэгэнт шөнө болов олдвоос өчүүхэн миний гэрт бага суугаад хэдэн үг хэлэлцээд маргааш яаманд бараалхаж очъё хэмээнд Жоу Жэнь Жоу Да хоёр өгүүлрүүн: - Сүн Жян чи бүү биднийг мэхэлье хэмээн санагтун. Бид нэгэнт чиний гэрт ирж чамайг барья хэмээсэн атал чамтай тал бодож гэрт орох ёс байна уу хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Та хоёр тийм үг бүү хэл. Би нэгэнт ял хийсэн боловч миний ял уучлагдах ял тан нарт огт хамаагүй үүнд бүү сэжиглэгтүн хэмээхэд Жоу Жэнь тэр хоёр өгүүлрүүн: - Сүн Жян чи бүү бидний хоёрыг уригтун хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Бид болбоос урьд таних мөн ч нэгэн албаны ах дүү бөлгөө. Үүнд юуны өөр учир байх билээ. эрхбиш морилон орж ирэгтүн хэмээхэд тэр хоёр арга үгүй Сүн Жян-ы гэрт орж ирсэнд Сүн Жян нар угтаж дээд гэртээ залж ширээ бэлтгэн хурим засаж найрлав. Тэндээс гадаадах цэргүүдийг мөн оруулж тус тус архи бариад тэд нарт бага бэлэг болгон гуч шахам лан мөнгө өгөв.

Тэндээс маргааш нь Жоу Жэнь Жоу Да цэргүүн Сүн Жян-ыг авч харъяат яаманд очсонд Ши Фэнь Зай хэмээх хянь-ий ноён даруй танхим сууж үзвээс Сүн Жян-г Жоу Жэнь нар барьж хүргэн ирээд танхим дээр авчирч сөгтгөсөнд ноён өгүүлрүүн: - Ялт Сүн Жян чи урьд яахин оргон гараад өчнөөн жил болтол хаана явж ямар хэрэг дэгдээгээд ирэв. Чи урьд Фан Пү эмийг яахин алсан зэргийг нэгд нэгнээр мэдүүлэн хэлэгтүн. Өчүүхэн төдий худал хэлбээс үл болмуй хэмээгээд ширээгээ дэлдэн маш их зандрахад Сүн Жян мэдүүлрүүн: Их ноён урьд Чянь Пү Эр-ийн тэжээсэн хүүхэн Фан Фү Хэ-г бага эм болгон аваад тэр харин хэдэн он болсонгүй архи самуу дэгдээхэд өчүүхэн хүмүүн нэгэн цагт уур өрнөн түүнийг занчиж бага сургая хэмээн санаж архи уугаад занчсан нь архины эндүүгээр түүнийг занчиж алав. Одоо арга буюу ялаас айж нэлээд хэдэн онд хэсүүчлэн явж эцгээ элбэрэн санаж гэртээ ирээд баригдав хэмээн мэдүүлсэнд ноён өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэ ялт Сүн Жян-ыг гянданд хорьж байгтун. Энэ хотын олон хүмүүн Жян-г баригдсаныг сонсож үүн лүгээ тэмцэх хүмүүн гарч ирэх хүмүүн магад үгүй хэмээн Сүн Жян-ыг даруй гянданд хорьсныг бүү өгүүлэн өгүүлэх нь энэ Ён Чан Хянь хотын их бага олон хүмүүн Жинь Сүн Жян-ы лугаа танил үгүй цөм сэтгэл нь зовж Сүн Жян-ыг гяндангаас яахин гаргах аргыг зөвлөж олон хүмүүн зэргээр яамны зүг ирж хахууль өгч гаргахаар гуйхаар ирэв.

Тэндээс бас Сүн Тай Гүн өвгөн яаманд ирж албаны их бага хүмүүнд мөнгө зоос өгөөд Сүн Жян-ы ялыг хөнгөлөх нь гагцхүү Жан Фань Ю-ы учир тул Жан Фэнь Ю угаас Сүн Жян-ы эм Фан Пү Эр лүгээ нууц ханилсан боловч Сүн Жян-тай мөн хоорондоо сайн тул Ги Жоу хотод бичиг мэдүүлэхээр тогтов. Мэдүүлэх бичиг нь ялт Сүн Жян-ыг нэгэнт барьж гянданд хорив. Хийсэн хэрэг хэдий амины хэрэг боловч одоо түүнийг олох ял хишиг тараах зарлиг тохиолдсон тул хэлтрүүлэх эсэхийг дээд сайдад мэдүүлээд олдвоос ялт Сүн Жян-ыг гучин цавчуурга занчаад гурван мянган газар цөлөх ял унагаваас болох эсэхийг заахыг эрж бичиг мэдүүлсэнд дээд яамнаас ялт Сүн Жян-д унагасан ял хэдий яв цав тохиосон боловч түүний биеийг Жан Жоу хотод цөлье хэмээх зэрэг хариу бичиг ирэв.

Тэндээс Сүн Жян-ыг гянданаас гаргаж авчраад унагасан ялыг өчсөн өчгийн хамт бичиж хуруу дарсан батлах бичиг, бас албаны хоёр цэрэг Жан Чянь, Ли Фань хоёрт тамгатай бичгийг тушааж Сүн Жян-ы хүзүүнд төмөр дээс зүүж эдүгээ Жань Жоу хотод цөлөхөөр яамны үүд гарав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь Сүн Тай Гүн өвгөн хөвгүүн Сүн Жян-даа ийн захив. Хөвгүүн чи нь нэгэнт ийм болсон хойно арга буюу гагцхүү Жань Жоу хот хэмээх нь сонсвол загас будаа хоёроор амь зуудаг газар хэмээн сонслоо. Чи тэнд хүрэхэд Лян Шань Пү хэмээх уулын хажуугаар явмуй. Иймийн тул тэр уулын сайн эрс чамайг сонсвоос булаан авах нь магад, чи бүү тэднийг хэрэгсэгтүн. Хэрвээ булаан авчихаад чи дагаваас эцэг өвгөөс үрийн үр хүртэл журамгүй хулгай хэмээн муу нэр олох нь сайн эр бус болмуй. Бүү тэднийг дагагтун. Басхүү замд хэрэглэх мөнгө зоос боосон боодол нэгийг сайтар хадгалж яв. Эцэг чинь бас хожим аяндлын хүмүүнээр мөнгө зоос хүргүүлье хэмээн захиа захив.

Үүнд Сүн Жян эцэгтээ мөргөөд захиа хүлээж даруй явах гэтэл дүү Сүн Жян ахаа баахан хол газар үдэж гаргахаар явав. Үүнд Сүн Жян ах дүү хоёр нэлээн хэдэн газар очиж ах дүү хоёр уйлан байж ах Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү чи одоо буцагтун. Өвгөн эцгээ сайхан сувилж асарч байгаарай. Түүний гадна өвгөн эцгийг энэ хоёрт оруулсангүй нь их л тэнгэрийн завшаан гагцхүү миний бие цөлөгдөх нь худгаа гарсан загас адил дүү бүү зов, одоо харигтун хэмээхэд дүү Сүн Гин хойш буцаж хариад эцгээ өргөхийг өгүүлж яанам. Тэндээс Сүн Жян өмнө зүг Жан Жоу хотын зүг хоёр цэргийн хүмүүнтэй салаад явав. Явсаар нэгэн хэдэн өдөр болж нэгэн бага хотоод орж архины пүүсэнд ирж очоод тэнд бууж нэгэн шөнө амран хонож архи уугаад тэр хоёр цэргийн хүмүүнд өгүүлрүүн: - Эрхэм дүү нараас нууж яанам. Одоо үнэнээ хэлсүгэй. Энэ замаар явбаас Жан Жоу хотын шулуун зам үүгээр явж болохгүй. Учир юу хэмээвээс энэ замд Лян Шань Пү хэмээх их уул буй. Түүний дээр урвасан Чоу Кэй тэргүүлэн бүгд гучин хэдэн сайн эрс буй. Тэд нар миний энэ учрыг сонссон болбол зам тосож намайг булаан аваачмуй. Иймийн тул бид хол нарийхан зам хөөж нуун гарваас зохимуй. Үгүй бөгөөс та хоёрт гэм ирмүй хэмээхэд тэр хоёр зөв хэмээгээд зүүн бага замаар тойрон явж тал газар хүрч үзвээс Лян Шань Пү уулаас нэгэн хэсэг тоос гарч даруй бууж ирэв.

Үүнийг Сүн Жян үзээд ийн сэтгэрүүн: Энэ нь үнэхээр хэцүү хэрэг болов. Би ч яанам гагцхүү энэ хоёр хөөрхий амийг нь аварваас сайн асан хэмээн бодож байтал тэр бууж ирсэн хүмүүн улаан үстэй чөтгөр Лю Тан хэдэн цэрэг дагуулан ирэв. Үүнд Сүн Жян хоёр цэргийн хүмүүнд өгүүлрүүн: - Энэ одоо гэм болов. Лян Шань Пү уулаас хүмүүн айсуй. Тэр хоёр бүү айгтун, гэм үгүй би байнам хэмээхэд Тэр Лю Тан даруй хүрч ирсэнд тэр хоёр цэргийн хүмүүн цэрэг нь хагарах бие нь мэдээгүй шавар мэт болж сөгдөн гуйх учир ая олохгүй дэмий аяа хэмээн бархирахад Сүн Жян өгүүлрүүн: - Бүү ай, бүү ай би байнам хэмээгээд Лю Тан-д өгүүлрүүн: - Эрхэм дүү чи энэ хоёрыг бүү алагтун. Энэ нь миний албаны хүмүүн алсны хэрэг юу хэмээхэд Лю Тан өгүүлрүүн: - Энэ хоёр нохой мэт цэргийг үл алах болхул үндэс нь муу болмуй хэмээгээд сэлмээ далайхад Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс би алсугай.

Чи сэлмээ надад өгсүгэй хэмээсэнд Лю Тан даруй элмээ Сүн Жян-д өгсөнд Сүн Жян аваад ийн өгүүлрүүн: - Лю Тан чи энэ хоёр цэргийг яахин алж болмуй бүү алагтун хэмээн хэлэлцэн байтал, Лю Тан өгүүлрүүн: - Ах чамайг сонсвоос Мэн Жоу хотын Ён Чэн Хянь яаманд баригдаад гянданд хоригдов гэнэм. Иймийн тул бид бүгдээр цэрэглэж очоод Мин Жоу-г эвдээд Ён Чэн Хянь-ий ноёныг алаад ахаа булаан авъя хэмээн хэлэлцэн байтал харин зол тохиолдож Жан Жоу-д цөлөгдөхөөр ирэв хэмээн сонсоод хэдэн зам хуваан ах Сүн Жян таныг хүлээв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү нар муу мунхаг ахын шударга журмыг бүү алдуул. Мунхаг ах нь угаас шударгыг барьсан нь та бүхэн үл мэдэх буюу өчүүхэн ахын бие хоёр албаны хүмүүний хамтаар хэрхэвч зорьсон газраа хүрмүй хэмээхэд Лю Тан өгүүлрүүн: - Ах чиний үг их ташаарав. Амар суух биеэ аяндаа зовоох нь ямар учир хэрхэвч Жан Жоу-д очиж болохгүй. Эдүгээ энэ хоёр цэргийг алаад бид даруй ах лугаа явсугай хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү чи сонс. Ертөнцөд эр болж төрөөд дээдэд эзэн хааны цааз дэлхийд эцэг эх ноёны элбэрэл тушаал эдгээрийг цээрлэн чадваас эр хэмээн нэр олохоос бус яахин журамтай эр хэмээн нэр олмуй. Гайгүй би Жан Жоу хотод очоод хэдэн ар буюу жил суугаад буцаж дүү нар лугаа учирч үл болох газар үгүй хэмээхэд Лю Тан өгүүлрүүн: - Сүн Жян ах чи миний үгийг эс аваас энэ өмнө замд Ү Сюай Гоу Хуа Рүн-тэй хоёул мөн ах чамайг хүлээн баймуй.

Чи түүнийг бас яахин гармуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тэр хоёрыг би учирсан цагт болъё. Эрхэм дүү одоо хэмээн хэлэлцэн байтал Ү Сюай Гоу, Хуа Рүн хоёрт Лю Тан сэмхэн нэгэн цэргийн хүмүүн илгээж энэ учрыг сонссон тэр хоёр нисэх мэт хүрч ирэхийг Сүн Жян үзээд энэ хэрэг муухай болов. Хэрхэвч эдний замаас гэтлэхгүй болов гагцхүү хоёр цэргээ үл алуулах аваас сайн асан хэмээн бодож байтал тэр хоёр даруй хүрч ирээд мориноосоо бууж сөгдөн Сүн Жян-д маш их ёслол хийж үнэн мөрөөдөж анаан учраа хэлж уйлан хэлэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар бүү ийн сэтгэл чилэгтүн. Ах нь эр болж төрснөөс эдүгээ хүртэл тэнгэрийн журмыг алдаагүй билээ. Тиймийн тул аргагүй цааз дагаж Жан Жоу хотод цөлөгдөх болов хэмээхэд Ү Сюай, Хуа Рүн хоёр дээш босож өгүүлрүүн: - Ах чи энэ хүзүүндээ зүүсэн төмрийг одоо авахгүй аль цагийг хүлээмүй. Нэгэнт энд хүрч ирээд бас Жан Жоу-д очих хэмээх нь ямар үг.

Хэрхэвч явж болохгүй. Тэр ч байтугай Чоу Кэй ах бас мөрөөдөж санасан нь үнэхээр хэлж болохгүй. Тиймийн тул эдүгээ явъя хэмээн морио унуулахад арга буюҮ Сүн Жян үл унамуй, үл очмуй хэмээхэд тэд яахин Сүн Жян-ыг тавьж явуулмуй. Ах чи үнэн санаа шударга сэтгэл барьсан бөгөөс ууланд очоод Чоу Кэй болон олон дүү нарта нэгэн нүүр шагнаж очоод учир хэлэлцээд хэдэн хоног суугаад биеэ амраад явбаас ямар болов хэмээхэд Сүн Жян дотроо ийн сэтгэрүүн: Энэ гурав миний биеийг хэрхэвч тавихгүй, арга үүсгэж гаръя хэмээвээс ер арга аргалахгүй. Одоо яаваас сайн хэмээн гайхан атал тэр гурван дүү нар өгүүлрүүн: - Ах чи дэмий бодлого бодож яанам, одоо явсугай хэмээсэнд Сүн Жян аргагүй юу ч хэлж чадсангүй морь унаж хоёр цэргээ авч уулын зүг явж цэрэгтээ өгүүлрүүн: - Одоо би аргагүй болов. Та хоёр аргалах арга буй бөгөөс эртхэн бодож байгаарай хэмээгээд уулын бэлд хүрсэнд нэгэн их онгоц хүрч ирээд цөм тэр дээр сууж голыг гатлаад морь унах нь морио унаад явган нь уулын оройд зүглэв.

Тэндээс явж Дуань Жинь Тянь хэмээх ордонд бууж түр амраад явж уулын оройд хүрч Гюй И Тян хэмээх ордонд очсонд олон бага жанжин жагсаж түүний өмнө этгээдэд олон сайн эр Чоу Кэй тэргүүлэн сөгдөж угтан ийн өгүүлрүүн: - Дээд тэнгэрийн хувилгаан ах энэ өдөр хижиг заяа тохиолдож энэ орноо морилон ирсэн нь маш их хүнд ачлал одоо дотор ордонд залж суулгах цаг болж хэмээхэд Сүн Жян хариу өгүүлрүүн: - Өчүүхэн би нь нэгэн ялт хүмүүн бөгөөтөл дүү нар юунд ийнхүү ёслолоор хүндэлмүй хэмээхэд Чоу Кэй өгүүлрүүн: - Ах чи бид энд хэлэлцэж яанам, дотор оорж хэлэлцье хэмээгээд Сүн Жян-ыг ордондоо залж оруулаад төв дунд өндөр тавцан ширээ тавьж суулган хоёр цэргийн ардыг ар биеийн хойно нэгэн бага сандал дээр суулгасанд Сүн Жян тэр хоёр цэргийн хүмүүнд сэмээр өгүүлрүүн: - Та хоёр миний биеэс өчүүхэн төдий холдож үл болмуй.

Хэрвээ нэгэн алхам холдвоос хорлогдох болмуй хичээгээрэй хэмээн захиж байтал тэдгээр Чоу Кэй нар цай будаа авч ширээн дээр тавиад цөм ёсолж барсны хойно Чоу Кэй өгүүлрүүн: - Сонсвоос ах таныг өчүүхэн дүүгийн муу гэрт морилон ирж явна хэмээн сонссон билээ, яанам зам дээрээс буцав хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Мунхаг ах нь анх цаг эрхэм дүүгийн хайрласан нэгэн зуун лан алтнаас арван лан хүртээд үлснийг эгүүлэн барьснаас гадна тэр арван лан алтыг захианы хамт авч нэгэн зальхай эмийн гэрт очиж архидаад дараа эм алт захиаг дээрэмдэж үл өгсөнд хэрэг гарахаас айж тэр зальхай эмийг хутгалж алаад алт захиагаа аваад тэр Мэн Жоу хотоос оргож Ши Гэнь Да Гуан Са-ын гэрт нуун сууж тэндээс явсаар Жинь Фэн Жэн ууланд очиж Ян Сюн нар лугаа хүж барин ах дүү бололцоод эд нар лугаа нэгэн хотыг эвдээд тэндээс зам явж эрхэм дүүдээ бараалхах хэмээн ирж явтал зам тосож Ши Ён нэгэн захиа авчирч өгөв. Түүний хэлэх нь Сүн Жян чиний эцэг өвгөн Сүн Тай Гүн нар наснаас нөхцөж бие барав хэмээн чиний дүү Сүн Гин надаар захиа илгээв хэмээсэнд тэр захиа нээж үзвээс өчүүхэн ах Сүн Жян миний эцэг Сүн Тай Гүн үхсэн нь үнэн хэмээх нэг бас миний биеийг хүлээж хүүрийг нь далд оршуулах хэмээх зэрэг захиаг үзээд аргагүй зам дээрээс учраа дүү нартаа хэлэхүүн эрхэм дүүдээ захиа илгээсэн билээ.

Эдүгээ нутагтаа хариад үзвээс эцэг амьд дүү сайн тул өчүүхэн намайг хууран дуудсан билээ. Үүнд аргагүй очоод хуучин хэрэг гарч харъяат яамнаас цэрэг цэрэглэн албаны хүмүүн гарч өчүүхэн ахыг чинь барьж яамнаа аваачаад гянданд хорьж нэлээд хоног хүлээлгээд ах дүүгийн хүчээр арайхийн хурдан цөлөх ял унагаж гарч ирэв хэмээхэд олон бүгдээр баярлалдан даруй их ширээ бэлтгэж үхэр хонийг алж их хурим хуримлаж Сүн Жян-ыг маш хүндлэн Чоу Кэй тэргүүлэн дэс дараалан хундага барьж өргөсөнд Сүн Жян цөм хүлээн аваад ширээн дээрээс босож өгүүлрүүн: - Эрхэм дүү нарын хайр хишгийг хүртэж маш баясав. Эдүгээ мунхаг ах нь одоо явъя. Надад хоног удааширваас үл зохилдмуй хэмээхэд Чоу Кэй өгүүлрүүн: - Эрхэм ах чи явах хэмээх үгийг бүү хэл харин хоёр цэргийн хүмүүнийг бүү алагтун хэмээн хориглосонд бид ахын үгийг дагаж хүлээв. Гагцхүү энэ хоёр цэргийн хүмүүнд ихэд алт мөнгө шагнаж уул нутагт буцаагаад явуулбаас зохимуй. Энэ хоёр харьсан хойно харъяат ноёндоо Лян Шань Пү уулын Чоуй Кэй нар Сүн Жян-ыг дээрэмдэж авав хэмээх зэргээр хэлж бариваас болох буй за. Юунд Жань Жоу хотод цөлөгдөх билээ хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Чоу Кэй эрхэм дүү нар энэ мэт үг бүү өгүүл. Үүнийг би нэгэн цаг ч сонсож чадахгүй учир юу хэмээвээс өчүүхэн ах нь угаас журам мэдэх бөгөөд түүний дээр эдүгээ нас болсон эцэг Сүн Тай Гүн-ий захьсан нь үнэхээр маш хэцүү дээр тэнгэрийн цаазыг гажуудуулбаас надад яахин нас буян ирэх буй. Тиймийн тул ах чинь ёс дагуулан Жань Жоу хотод очиж цөлөгдөөд хэдэн сар сууж тэнгэр өршөөвөөс ах чинь эргэж ирээд дүү нар лугаагаа жарган сууж болох билээ хэмээхэд Чоу Кэй өгүүлрүүн: - Ах чи нэгэнт тэнгэрийн зүрхээр би лүгээ ах дүү хэлэлцээд одоо биднийг гуйсан хэдэн үгийг үл дагах нь ах дүүгийн ёс бас буй билээ. Санаваас таны санасан санаа, самуурсан хулгай нартай нэгэн хамт сууж болохгүй хэмээсэн санаа илэрхий хэмээсэнд Сүн Жян хур мэт уйлан байж ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү нар би болбоос нас багаас цэргийн эрдэм сурсан хүмүүн бус гагцхүү хааны төрд алба хийж ертөнцийн ёсоор эцэг эхийг элбэрч энэ нас эцэс болтол журам таслахгүй хэмээсэн нь тэнгэр дээрээс толилмуй.

Тиймийн тул дүү нар өршөөвөөс өчүүхэн ахаа тавин явуул. Үгүй бөгөөс одоо би нь бие хайрлал үгүй дүү нартаа үхье хэмээсэнд Чоу Кэй маш их зовон өгүүлрүүн: - Ах чиний энэ санаа их цөлстөв. Өчүүхэн дүү нар аливаа хэргийн учир ахын санааг яахин эс дагах буюу таны сэтгэл яахин ийм ширэм адил хатуу болов. Гагцхүү гуйх нь нэгэн шөнө нөгчөөж хоноод маргааш явбаас ямар хэмээн бүгдээр өглөө уулын доор хүргэн очсугай хэмээн мөргөн гуйхад Сүн Жян тийм бөгөөс энэ шөнө хоноод өглөө явсугай хэмээгээд маргааш босоод цай ууж байтал, Ү Сюай ГоҮ Сүн Жян-ы дэргэд ирж ийн өгүүлрүүн: - Ах чи Жань Жоу хтод очих тул миний нэгэн ах мөн тэр хотод суумуй. Бас тушаалтай тэр хотын гянданы дарга нэр нь Дай Жүн хэмээмүй. Энэ хүмүүн увдис ихтэй нэгэн өдөр найман зуун газар явах чадалтай энгийн хүмүүн түүнийг увдист хувилгаан хэмээн цол өргөжээ. Үүнд өчүүхэн дүү урьд шөнө нэгэн захиа бичиг бичсэн үүнийг ах та авч очоод түүн лүгээ танилцаж элдэв учраа хэлбээс тэр ямар хэргийг ч дааж чадмуй хэмээн захиад захиаг Сүн Жян-д тушаав.

Тэндээс ттэр уулын Чоу Кэй тэргүүлэн бүгдээр Сүн Жян-ыг үл явуулах хэмээн хориглоод болсонгүй тул арга буюу ширээ засаж хурим бэлтгэж цөм цугларан хундага барьж мөргөөд Сүн Жян-д нэгэн баавар алт мөнгө өргөөд дагасан хоёр албаны хүмүүнд тус бүр хорь хорин лан мөнгө шагнаад хуримлаж дууссаны хойно, уулаас Сүн Жян-ы буй бүхий юмыг дамнаж уулын их бага жанжин цөм үдэж уулын доор ирээд Сүн Жян-д эргэж ирэх ёслол хийж үдээд буцав. Хуа Рүн, Ү Сюай Гоу хоёр ус гатлах хэмээн онгоц ирэв. Тэндээс Сүн Жян ус гатлаад бас хорин газар үдээд цөм ууландаа харьсныг үл өгүүлэн өгүүлэх нь, Сүн Жян хоёр албаны хүмүүнээ дагуулан Жань Жоу хотын их зам хөөн явж хагас сар болж үүнд тэр хоёр цэргийн хүмүүн тус тус гайхалдан өгүүлрүүн: - Бас ертөнцөд ийм тал нүүр ихтэй сайн эр бас байдаг ажгуу. Бид хоёр завшаан тохиолдож хорь хорин лан мөнгө шагнуулав. Энэ Сүн Жян-ыг сайн сайхнаар харгазаж хүндлэн явж Жань Жоу-д хүргэвээс зохимуй хэмээн хэмээлцэн явтал нэгэн уул даваа утаа үзэгдэв.

Тэр давааны нэр нь Же Янь Линь хэмээмүй. Энэ даваа гэтэлсний хойно, Шүн Ян Жань хэмээх их мөрөн ойртмуй. Тэндээс тэр давааны дэргэд очиж Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм албаны дүү нар бид явж маш зүдрэв. Гагцхүү энэ давааг давбаас нэгэн учир буй байх нь хурдан явж даваад айл байваас бид бууж амраад архи байваас ууж хоол байвал идэж явбаас сайн уу хэмээхэд тэр хоёр өгүүлрүүн: - Сүн дарга үүнийг бид хоёроос асуух юун. Та өөрийн дураар бологтун хэмээсэнд Сүн Жян тийм бөгөөс эдүгээ хурдан явж энэ уулыг давж үзье хэмээгээд тэр уулын нуруун дээр гараад дорогш бууж үзвээс нэгэн хэдэн өвсөн байшин үүдний өмнө ургасан нэгэн их муу ёртой мод түүний дэргэд очоод харваас нэгэн цагаан тарчиг байшингийн дотор орж үзвээс нэг ч хүмүүн үгүй тэндээс Сүн Жян тэр гурав нэгэн хэсэг сууж байтал ер хүмүүн чимээгүйд Сүн Жянихэд дуугаар өгүүлрүүн: - Энэ байшингийн эзэн ямар хүмүүн байна хэмээн бархирахад нэгэн байшингаас нэгэн хүмүүн гарч ирээд өгүүлрүүн: - Эзэнгүй гэр орон хаана байна хэмээн үүд татаж орж ирснийг Сүн Жян үзвээс нэгэн сайн эр бололтой хүмүүн баймуй. Нарийвчилж үзвээс үс нь ув улаан, сахал нь улаан толгой дээрээ нэгэн онгорхой даавуу тавьсан хоёр мөрөндөө хоёр хэсэг даавуу унжуулсан доорд бие нь чарван нүцгэн ийм нэгэн хүмүүн үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Таны энэ пүүсээр ямар юм худалдах газар хэмээхэд тэр хүмүүн өгүүлрүүн: - Манай энэ пүүс архи мах худалдах газар хэмээгээд ёслон өгүүлрүүн: - Эрхэм ах нар архи уух буюу мах идэх буюу хэмээн асуусанд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс урьд таван жин үхрийн болсон мах авчрагтун хэмээсэнд тэр хүмүүн өгүүлрүүн: - Манай энэ Жей Янь Линь хэмээх ууланд архи худалдахад гийчдээс урьд үнийг авч хойно архийг өгмүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс чамд урьд мөнгө өгье хэмээгээд баадангаа тайлж нэгэн хэсэг мөнгө гаргахыг тэр хүмүүн үзээд ийн сэтгэрүүн: Эдгээр гийчид үзвээс төмөр дээс зүүсэн албаны бололтой хүмүүн нар яахин ийм их мөнгө авч явмуй. Юу ч болов би архи махыг урьд өгье хэмээгээд нэгэн хувин архи үхрийн мах таван жин авчирч өгсөнд Сүн Жян хоёр цэргийн хүмүүн хамт сууж архи махыг идэж байгаад Сүн Жян өгүүлрүүн: - Ер аливаа газрын хүмүүн нь санаа муу болжээ. Зам явагчид архи ууваас хорт мах идвээс хүмүүний мах өгөх тийм цаг болов хэмээх зэрэг хэлэлцэн байхад удсангүй хоёр цэргийн ард нэг нэгэн шаазан архи уусан төдий хоёр нүд нь цэхэр болоод ам хамраас нь шүлс гоожиход тэр хоёр бие биесээ барилцан газар хэвтсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Та хоёр нь яав хэмээн дэргэд нь очоод дээш татан босгох хэмээсэн билээ. харин өөрийн хоёр нүд нь зүг зүгээс цэцэг гарах янзтай болоод ухаан нь баларч хоёр цэргийн хамт хэвтэв.

Тэндээс тэр хүмүүн Сүн Жян-ы хөл дээрээс чирч хүмүүний мах шулах байшингийн дотор тавиад бас хоёр цэргийг чирч мөн Сүн Жян-ы дэргэд тавиад Жүн Жан-ы авч явсан боодолтой алт мөнгийг тайлж үзээд ийн өгүүлрүүн: - Энэ нь үзвээс ялт хүмүүн бөгөөд яахин ийм алт мөнгө авч явмуй. Эс бөгөөс баялаг айлын хөвгүүн эс бөгөөс замд хүмүүнийг дээрэмдсэн хулгай буюу юу ч болов эдүгээ над тэнгэр хайрлаж бүхэл хүмүүний мах гурав алт мөнгө төчнөөн ирэх нь ер эдүгэ болтол ийм наймаа хийж үзсэнгүй хэмээн санаж хашааны гадаа гарч өөрийн гэрийн хүмүүнийг харж байтал хойд уулын оройгоос гурван хүмүүн давж ирэв. Үүнд энэ хүмүүн угтаж очоод тэр гурван хүмүүний зүг очиж үзвээс цөм баатар эрс мэт тул ийн асууруун: Та гурав хаанаас яваа хүмүүн ямар газар очих хэмээн асууваас тэр гурвын нэгэн сайн эр өгүүлрүүн: - Бид нь хойд зүгээс ирэх нэгэн их эрийг хүлээж энд хоёр өдөр суув.

Тэр хүмүүн энэ өдөр эрхбиш ирэх хүмүүн билээ. Ер мэдээ чимээ үгүй болов. Чухам ямар газар яахин саатав гэх зэрэг хэлсэнд мөнөө махчин өгүүлрүүн: - Та нь чухам ямар хүмүүнийг эрсэн тэр хүмүүнээс хаанаас ирэх ямар учиртай хүмүүн бэ. Энд нэр ба нутаг, биеийн байдал төлөвийг цөм хэлж өг хэмээхэд тэр гурав өгүүлрүүн: - Энэ бидний хүлээх хүмүүн нь Мэн Жоу хотын Сүн Я Ша дарга Шаньдун мужийн хурыг хурдан оруулагч салхи Сүн Тай Гүн хэмээх Сүн Жян уг нутагтаа хэрэг халдаад Жань Жоу хотод цөлөгдөхөөр албаны хүмүүн хоёрын хамт бүгд гурван хүмүүн хэрхэвч үүгээр дайрч энэ замаар өнгөрмүй. Чи тийм гурван хүмүүн үзэв үү хэмээхэд тэр архины пүүсний хүмүүн өгүүлрүүн: - Эрхэм ах нараас нуух юун. Энэ өдөр гурван их бараатай олз оллоо. Би тэдний авч яваа алт мөнгө нь багагүй басхүү биеийн тарган сайхан нь үнэхээр сайн гагцхүү тэнгэр хайрлав хэмээхэд тэр гурав нэгэн их эр сэтгэл нь цочиж ийн асууруун: Тийм бөгөөс чи хурдан тадний авч яваа юмыг биедээ өмссөн хувцас гартаа барьсан шидэм биеийн их бага зэргийг нэгд нэгнээр хэл хэмээсэнд архины пүүсийн хүмүүн өгүүлрүүн: - Тэдний байдлыг үзвээс биедээ авч явсан мөнгийг бодвоос мөнгө тавин лан, алтыг бодвоос дөч шахам лан, зоосыг бодвоос хэдэн түм болой.

Нэгэн сайн эр бололтой тэр сайн эрийн хүзүүнд долоон жингийн хэртэй төмөр дээс зүүж, биедээ хар хувцас өндөр нь найм есөн чи, хоёр дагасан хүмүүн нь цэргийн ард билээ. Албаны бичиг нэгэн хувь модон шидэм нэг өөр зүйл үгүй хэмээхэд тэр гурав маш цочиж ийн асууруун: Чи тэр ялтан ба цэргүүдийн амийг хорлосонгүй буй за хэмээхэд тэр архины пүүсийн хүмүүн өгүүлрүүн: - Хорт архи өгч алсан эдүгээ хүмүүний махыг шулаагүй хэмээсэнд тэр гурав яаран мөнөө хүмүүнийг дагуулан тэдний пүүсэнд орж үзвээс тэр гурвыг гар хөлөөр зөрүүлэн ширээн дээр тавьж үүнийг тэр гурав үзээд чухам Сүн Жян мөн бусыг урьд таних зүсгүй тул алинаар баримталж мэдмүй хэмээн гайхалцан байтал тэр гурвын нэгэн их эр нь ийн өгүүлрүүн: - Үүнийг таньж ядах эд нарыг дагаж илгээсэн албаны бичиг бэлхэнээ буй тул тэр бичгийг энэ архины пүүсээс ач үзвээс танимуй хэмээгээд тэр махчиныг дуудаж ийн өгүүлрүүн: - Энэ хордсон гурван хүмүүнийг дагах албаны бичиг хаана баймуй. Түүнийг бушуу түргэн гаргаж ирэгтүн. Тэр хүмүүн аргагүй баадантай бичгийг авч өгөв. Үүнд Сүн Жян хэмээх үсгийн нэр бүхий тул даруй хорт архины эмийг гаргах эм цутгаж өгсөнд Сүн Жян даруй амьсгал орж босоод хэн хэнээ үл таних тул тэр архины пүүсийн тэр хүмүүнтэй дөрвүүл Сүн Жян-ы дэргэд ирж сөгдөн өгүүлрүүн: - Эрхэм дүү нар би нь зүүдлэв үү, эс бөгөөс архи сэргэнтэй болов уу хэмээгээд тэр сайн эрийг асууруун: Чи нь аль газрын хүмүүн хаанаас ирэв хэмээхэд тэр гурван хүмүүн нь нэгэн сайн эр өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь нэр Ли Жюнь хэмээмүй. Төрсөн нутаг Лоу Жоу захиргааны хүмүүн Ян Ши Жань хэмээх мөрөн голд онгоц сэлүүрдэн амь зуумуй. Усанд орвоос загаснаас илүү, энгийн хүмүүн надад Хуан Жань Лю хэмээх цол өргөжээ.

Тэр нь өчүүхэн дүү билээ. Энэ Жей Янь Линь хэмээх ууланд суудаг Шүй Минь Пан Гуань хэмээх амийг авах эрлэг хэмээмүй. Нэр нь Ли Люй хэмээдэг энэ хоёр дүү болбоос Сюй Нянь Жань хэмээх мөрөнд суудаг хүмүүн тэндээс давс хулган тээж худалдаа хийдэг хүмүүн цол нь Чоу Дүн Жоу хэмээмүй. Нэг нь Фан Жань Чүн Дүн Минь хэмээдэг хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү ер урьд зүс таниагүй бөгөөд над лугаа учрах хэрэг юун хэмээсэнд тэр Ли Жюнь өгүүлрүүн: - Өчүүхэн дүү сонсвоос Сүн Тай Гүн хэмээх Жоу хотоос Жань Жоу цөлөгдөх хэмээн сонсоод ах чам лугаа учрах заяа үгүй тул урьд эс учрав. Иймийн тул энэ зам тосож байваас эрхгүй учрах буй за хэмээж энэ уулын даваагаар давж дөрөв таван өдөр болтол ирсэнгүйд гайхаж байтал, энэ Ли Лиүй бид лүгээ учирч эдний архины пүүсэнд ирж таны албаны бичгийг үзээд Сүн Жян хэмээх үсгийг таньж сая мэдэв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс над лугаа учрах хэргээ хэлэгтүн хэмээсэнд Ли Жюнь өгүүлрүүн: - Ах надад хэлэх юун гагцхүү чамайг журамтай сайн эр хэмээн сонсоод дагаж явъя хэмээсэн санаа хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Намайг дагах нь ёс бус би цөлөгдөж яваа ялтан, үлгэрлэвээс торонд орсон шувуу сул дээгүүр нисэн явах шувуу хоёр яахин адилтгаж болмуй хэмээхэд Ли Жюнь өгүүлрүүн: - Ах чи Ги Жоу-ын Мэн Жоу-оос ямар хэрэг хийж ийм хол цөлөгдөв хэмээсэн Сүн Жян өгүүлрүүн: - Зальхай эм Фан Пү Хи Эр-ийг алсан учирт цөлөгдсөн ба, басхүү Лян Шань Пү-ийн сайн эрс лүгээ ах дүү болсон одоо ирэх замд Лян Шань Пү-ийн дүү нар үл явуулах хэмээсэнд журмыг эрхэлж гарч ирсэн зэргийг нэгд нэгнээр хэлсэнд тэр дөрөв алгаа ташин машид баярлан Ли Люй өгүүлрүүн: - Тийм бөгөөс эндээс одоо бүү явагтун. Хэдэн хоносны хойно бид бүгд Лян Шань Пү-д очъё хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эцгийн захисан захиа, цааз хуулийг нэгэн хэсэг хэлж эрхбиш явмуй хэмээхэд Ли Жюнь өгүүлрүүн: - Ахын журам дагах нь ёс үүнийг өгүүлж яанам. Ли Люй чи хурдан тэр хоёр албаны хүмүүнийг амь оруулж авчрагтун хэмээсэнд Ли Лю даруй хорт эмийг арилгах эм цутгаж тэр хоёр албаны хүмүүнийг амь оруулав.

Тэдгээр амь орж босоод ийн бид зам явж зүдрээр их унтав хэмээхэд маш их инээлцэв. Үүнд Ли Люй дахин их ширээ засаж хурим бэлдээд нэгэн шөнө анир тавин жаргаад маргааш нь Ли Люй-ийн гэрээс гарч Сүн Жян хоёр цэрэг албаны хүмүүний хамт зам салан явах гэтэл Ли Жюнь өгүүлрүүн: - Ах та манай гэрт очиж хэд хоноод явбаас ямар хэмээхэд Сүн Жян аргагүй Ли Жюнь-ийн гэрт очиж хэдэн хоног найрлан сууж одоо явмуй хэмээгээд явах гэтэл Ли Жюнь өгүүлрүүн: - Би нь ахыг мөрөөдөн санасан нь маш их тул би тэнгэрт мөргөж хүж барьж ах дүү болсны хойно явбаас зохимуй хэмээхэд Сүн Жян мөн хэмээгээд даруйширээ бэлдээд хүж шатааж зул барьж тэнгэрт мөргөж ёс ёслоод маргааш нь Сүн Жян Ли Жюнь-ийн гэрээс гарч Жань Жоу-ын зам хөөж явтал нэгэн бага хот баймуй.

Тэр хотын дотор нэгэн хэсэг хүмүүн цугларан буй үүнийг Сүн Жян үзээд дэргэд нь хүрч очоод харваас нэгэн сайн эр сэлэм жад барин наадам хийж баймуй. Үүнийг Сүн Жян үзээд маш магтан өгүүлрүүн: - Дэлхий дахинд ийм цэргийн эрдэм сурсан баатар эр бас байдаг ажгуу гэх зэрэг магтсанд тэр хүмүүн ирж сөгдөн өгүүлрүүн: - Мунхаг дүү багаас сурсан эрдмээ эс боловсруулбаас яахин болмуй. Тиймийн тул зүгээр наадаж баймуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү чи өөр зүйлийн наадам буй буюу хэмээхэд тэр хүмүүн өгүүлрүүн: - Өчүүхэн надад өөр зүйл үгүй гагцхүү гоёо хэмээх эм худалдмуй хэмээхэд тэр олон хүмүүн ер наадам зоос ба гоёо хэмээх эмийг худалдан авсан хүмүүн нэг ч үгүй тул тэр хүмүүн дахин нэгэн даваа барьж хүмүүн бүрийн өмнө очиж зоос гуйсанд бас өгөх хүмүүн үгүйд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм хоёр цэрэг энэ наадам үйлдэх хүмүүнд мөнгө таван лан гаргаж шагная хэмээхэд тэр хоёр цэрэг арга үгүй Сүн Жян-ы мөнгө тул таван лан мөнгийг баадангаас гаргаж тэр хүмүүнд шагнав.

Тэр хүмүүн хүлээн аваад ийн өгүүлрүүн: - Энэ хотын хүмүүн хэдий их баялаг эрдэмтэй хэмээвч цөм туслах хүмүүн үгүй гагцхүү зам явчихаад энд саатаж хүнсний мөнгөнөөс хайрлалгүй таван лан шагнав. Зүй нь энэ хотын их алдартай ноёд баяд шагнаваас зохих билээ. Зам явагчдаас мөнгө таван лан хайрласан нь өчүүхэн над хүнд их хишиг би хүлээн авахад үнэхээр ичгүүртэй, үүнийг үлгэрлэвээс хуучин цагт дууч эмст очоод хөгжим ба бүжиг наадам хийлгэж ая дууг үлэн авсан лугаа адил болжээ. Гар бүдүүн элбэг хүмүүн гэрийн ядуу хоосныг мэдэхгүй ядуу хүмүүнд эдээ бүрэлгэмүй. Хүмүүн сайн нэрийг олоход зоос мөнгөөр худалдан авахгүй. Энэ зам явагч ялтан надад мөнгө таван лан шагнасан нь бусад хүмүүн тавин лан мөнгө өгснөөс нэн чухал, гагцхүү гуйх нь өглөгийн эзэн ноён таны өндөр алдар хэн хойч өдөр хаана газар явбаас алдрыг нь дэлгэрүүлж явъя хэмээгээд амар эрэхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм баатар багш энэ таван лан мөнгө өчүүхэн хэрэг үүнд амар эрэх юун хэмээхэд тэр цугларсан хүмүүний дотроос нэгэн сайн эр бололтой хүмүүн тэр улс дунд орж ийн өгүүлрүүн: - Энэ мөнгө шагнагч аль газрын ялтан ямар учирт миний хотод ирж хүмүүний сүрийг дарламуй хэмээгээд Сүн Жян-ыг нударгалан ороход Сүн Жян хариу занчилдав. Энэ нь Шүн Янь Жань хэмээх мөрөнд далай хутгах луу цугласан адил, Лян Шань Пү ууланд нэгэн уулыг эзлэх барс суув. Сүн Жян энэ хоёр яахин бие биеийг дийлэхийг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top