Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлж, өчигдөр \2021.06.28\ УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
УИХ-аас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан. Гэвч уг хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа тул Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна. Энэ бүхэн нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гол үндэслэл болсон аж.
Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй юм. Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэжээ. Нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.
Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна. Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.
Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасны зэрэгцээ нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.
Түүнчлэн нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсны зэрэгцээ дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ.
Нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм. Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.
Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилох бөгөөд Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна. Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төсөлд тусгажээ.
Ингээд хуулийн төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг уншигч бүхэнд хүргэж байна.
(51).jpg)
УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН:
-Нийслэлд хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Энэ хэрээр түгжрэл, дахин төлөвлөлт, агаар, орчны бохирдол гэх мэт тулгамдаж байгаа олон асуудал бий. Иймээс нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулсан. Түр хороо бодлогын гурван түвшинд ажиллана. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, гарц, гаргалгаа олоход анхаарах юм. Хоёрдугаарт, нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нийслэл, дүүрэг, Засгийн газрын хэмжээнд хамтарч ажиллаж, дэмжин тусална. Гуравдугаарт, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль, тогтоомжид Хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллана гэж харж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
Засгийн газар нийслэлийн асуудлыг анхаарч байна. Одоо бид бодлогын түвшинд уялдаа холбоогоо хангаж ажиллахгүй бол хэзээ болтол нийслэлийн удирдлагад гэж даатгаж орхих вэ, мөн бие биен рүүгээ түлхэх вэ. Энэ бол Засгийн газрын нүүр тулах асуудал мөн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн бол УИХ-ын дарга Улаанбаатар хотын асуудал Монгол Улсын хөгжил, эдийн засаг, эрх зүйн тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг хөдөө, орон нутгийнхаа хөгжлийг орхигдуулна гэсэн үг биш. УИХ энэ жил Улаанбаатар хот руу чиглэсэн эдийн засаг, эрх зүйн ажлуудыг хийнэ.
(23).jpg)
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна. Үлдсэн 30 гаруй хувь нь 21 аймаг, 330 сумын төвд амьдардаг. Үлдсэн 20 хүрэхгүй хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Тиймээс төвлөрөл Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл хамгийн том тулгамдаж байгаа асуудал. Иймээс нийслэлээс сонгогдсон гишүүд нийслэлийн хөгжлийн бодлогыг дэмжих Түр хороо байгуулж байна. Хамгийн гол тулгамдсан асуудал түгжрэлийг хэрхэн шийдэх, үүнийг дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг хэрхэн сааруулах вэ гэдэг бодлого явах ёстой. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод анхаарах ёстой. Үүнээс гадна иргэддээ нутагтаа сайхан амьдрах боломжийг бий болгох, төвлөрлийг сааруулах, 21 аймгийн төвийг хот болгох хэрэгтэй. Үүний тулд хэрхэн хууль, эрх зүйн болон татварын орчныг бүрдүүлэх вэ гэдгийг цогцод нь ярих ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:
Хотын төсвийг улсын төвлөрсөн төсөв рүү бүгдийг татаж, орон нутаг руу тараадаг. Гэсэн атлаа Улаанбаатар хотод хогоо ачих шатахууны мөнгө ч байхгүй болчихсон байдаг. Энэ бодлого дээр Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэг цул болж, бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тиймээс үр дүн гарна. Мөн алсын бодлогоос гадна ойрын бодлогыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ:
Түгжрэлийг шийднэ гэдэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Гадаадад амьдралын стандарт гэж байдаг. Улаанбаатар хотод 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Үүнээс болж түгжрэл бий болдог. Явган хүний замыг блокоор хийснээс болж хүүхдээ тэрэгтэй нь түрэх, мөн дугуйгаар зорчих боломжгүй байдаг. Тэгэхээр явган хүн, дугуйн замын стандарт, оршин суугчдын тоонд хамааруулсан нийгмийн, төрийн үйлчилгээг ойртуулах, Улаанбаатар хотын аль ч хэсэгт амьдарч байсан төвд амьдарч байгаатай адилхан үйлчилгээг хүргэж байж түгжрэлийг шийднэ. 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бид хамгийн ихдээ 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэр хорооллыг барилгажуулах гэж асар их зам тавьж, эрчим хүч татдаг ч өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Тэгэхээр бид гэр хорооллын бүсийг яах вэ гэдгийг шийдэх ёстой. 50 мянган айлыг дэд бүтцүүлж, бусдыг нь газар чөлөөлөх байдлаар орон сууцанд оруулах тооцоо, судалгааг хийж үзэх ёстой. Тэгэхгүй бол ойрын 20, 30 жил үүнийг шийдэх боломжгүй. Дэд бүтэц татахад улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө гарах тоо байдаг. Бид тооцоо, судалгаан дээр үндэслэсэн шийдвэрийг гаргаад явна. Улаанбаатар хотын удирдлагууд, Засгийн газартай хамтран ажиллана. Түгжрэл, хөрсний бохирдол, гэр хорооллын асуудлуудыг шийдэхээр хичээж ажиллана.
.jpg)
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:
-Автомашины хөдөлгөөнөөс гадна оюун санааны, төрийн үйлчилгээний, банк, санхүүгийн, авлига, хээл хахуулийн гээд олон түгжрэл байна. Өнөөдрийн тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвийг хараад бүтэхгүй. Намрын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Улаанбаатар хотод концессын гэрээ хийх, мөн бонд босгох эрхийг нь өгсөн. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх боломж, бололцоог эрх зүйн хувьд яаж нээж өгөх вэ гэдэгт Түр хороо анхаарал хандуулж, тусалж, дэмжиж ажиллана. Жил бүр улсын төсөв рүү нийслэлийн хамаг эх үүсвэрийг нь татчихдаг. Энэ асуудлыг Түр хороо эхний ээлжид шийдэх ёстой. Дэд бүтэц хүрэлцээтэй байгаа, эрчим хүчний шугам, дулаан нь тавигдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрийг нь ашиглаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгцээ, шаардлага байна. Мөн Богдхан төмөр замыг Багахангайгаар дайруулах ёстой.
Сэтгэгдэл ( 2 )
нийслэлийн засаг даргыг засгийн газрын гишүүн байх, уих, зг-т асуудлаа оруулдаг эрх үрэгтэй болгохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Сүүлийн 20 жил хот олон эзэнтэй, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт явагдаагүй, шилжих хөдөлгөөн зохицуулалтгүй дур зоргоор хандаг болсон нь өнөөдрийн хүндрэл буй болж иргэд аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа. Энэ асуудал хот, хотын удирплагаас болоогүй.
1998 оноос хойш Улаанбаатарт ирж суурьшсан хөдөө орон нутгийн харъяалалтай бүх оркуудийг харъяаллынх нь дагуу буцаах компанит ажлыг өрнүүлж хот аөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангахаар хууль санаачланбатлах цаг болсон. Хөдөөнөөс сонгогдсон гишүүдийг ч буцаах хэрэгтэй. Тэндээсээ цахимаар хуралд оролцоно биз. Хотынх нь хотдоо, хөдөөнийх нь хөдөөнөө гэдэг хуулийн үйлчлэлтэй байх ёстой.Аймаг лундын том эмнэлгүүд байгуулж өгөх хэрэгтэй. Сүүлийнс20 жилд Улаанбаатарын уугуул иргэдийн тав тух алдагдсан байдалд дүн шинжилгээ хийж нөхөн төлбөр олгох цаг аль хэдийн болсон байна.