Я.Эрдэнэсайхан: Эхний ээлжийн есөн хоршоонд хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

 

Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Зах зээл ба бэлчээрийн удирдлага, хөгжил" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран Хоршоодтой зээлийн гэрээ байгуулах, Хоршооны тухай хуулийг сурталчлан таниулах арга хэмжээг өнөөдөр /2021.09.08/ зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан Хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болж буй юм. Тодруулбал, есөн  хоршоо  Зээлийн гэрээнд гарын үсэг зурж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан  арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас хоршооны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр дүнг сайжруулах, хоршоог хөрөнгө оруулалт, санхүү зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, хоршоогоор дамжуулан түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний оновчтой тогтолцоог бий болгох замаар орон нутгийн хөгжлийг дэмжих,  хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 40 дүгээр тогтоолыг баталж Жижиг, дунд үйлдвэр, хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор  Сум хөгжүүлэх санг Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчилж хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдээд байна.

Мөн 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх ажлууд хийгдэж байгаа ба загвар хоршоодыг байгуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйг цахимжуулах, ХАА-н биржийн үйл ажиллагааг хоршооны үйл ажиллагаатай уялдуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр  ажиллаж байна.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулиар “Хоршооны гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд зуучлан борлуулсан орлого нь НӨАТ-аас чөлөөлөгдөх” өөрчлөлтийг оруулж хоршоогоор дамжуулан түүхий эд, бараагаа дундын олон дамжлагагүйгээр өндөр үнээр борлуулах, биржээр арилжаалах нөхцөл бүрдлээ.

1921 онд Монгол Улсад “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй анхны хоршоо байгуулагдаж өдгөө энэ онд Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хоршоодыг шинэчилсэн бүртгэлд хамруулах, 21 аймаг, нийслэлийн хоршоологчдын төлөөллийг оролцуулсан туршлага судлах аялал, үзүүлэх сургалтыг зохион байгуулах, Хоршоологчдын үндэсний ээлжит чуулганыг зохион байгуулах, Улсын шилдэг хоршоодыг шалгаруулж, шагнах, хоршооны хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчны талаарх танилцуулга, сургалтыг улсын хэмжээнд хийх зэрэг олон ажлын төлөвлөн хийж хэрэгжүүлж эхлээд байна.

“Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-т тусгагдсан хоршоог хөрөнгө оруулалт, санхүү зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Хоршоодод үзүүлэх дэмжлэг”-ийн эх үүсвэр болгон 810 сая төгрөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуйн хоршоодод олгохоор болоод байна.

Төсөл хэрэгжиж буй Архангай, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгуудаас ирүүлсэн бизнес төслүүдээс Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан шалгаруулалт хийн санхүүжүүлэхээр баталгаажуулан ирүүлсэн эхний ээлжийн есөн хоршоонд Жижиг, дунд үйлдвэрийн газраас шаардлагатай хөнгөлөлттэй зээлийг олгоход бэлэн болоод байна.

COVID-19 цар тахлын үед Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хоршоологчдыг бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчноор дэмжиж, эдийн засаг, нийгмийг сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа энэ үед та бүхэн ажил хөдөлмөрөөрөө түүчээлэн орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, загвар хоршоо болон өргөжиж ажиллахыг хүсье” гэсэн юм.


Арга хэмжээний хүрээнд Жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн В.Занданбат Хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, Хоршооны  шинэ хуулийн танилцуулгыг хийх бол Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа   Хөдөө аж ахуйн хоршооны онцлогийн талаар танилцуулна.

Харин Хөдөө аж ахуйн бирж ложистик, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын нэгжийн менежер Д.Батсайхан Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны талаар тус тус оролцогчдод мэдээлэл өгнө.

Тодотгоход, тус арга хэмжээ 9-ний өдөр мөн үргэлжилнэ. Сонгинохайрхан дүүрэгт Загвар хоршоотой танилцах үйл ажиллагаа болох юм. Тодруулбал,  ‘Цэвэр хөрсний шим” дундын хоршоо, “Жаргалант сүү” хоршоо болон Хөдөө аж ахуйн биржийн ложистикийн төвтэй танилцах үйл ажиллагаанууд тус тус зохион байгуулагдана.

 

БИЧЛЭГ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top