"Монголын эзэнт гүрний үеийн бүртгэл, статистикийн төлөв байдал"-ын талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өгч байна.
Хубилай хааны үеийн бичгийн түшмэл Яо Суны бичсэн нь: “Монгол хүн яагаад ийм цөөхөн байна хэмээн хаан асуухад хариу айлтгалд өгүүлрүүн: Өчүүхэн би эдүгээ цагт Чингис хааны үеийн хуучин байдлыг мөхөс мэдэх бөлгөө. Хуучин цагт олон байсан бол олноороо, цөөн байсан бол цөөнөөрөө байгаа болов уу гэж бодно гэхэд Хаан "Тийм биш, хэзээ ч цөөн байгаагүй. Иймээс ч дайнд ололт олсон юм хэмээжээ”.
Тухайн үеийн хүн амыг тооцоолох оролдлогыг судлаачид хийж ирсэн бөгөөд тухайлбал, Оросын эрдэмтэн Н.Ц.Мункуев Рашид Ад-диний “Судрын чуулган”-д гардаг Чингис хаан түүний ураг төрлийнхөнд харьяалагдаж байсан цэргийг 139 мянга байсан гэж тооцоолжээ. Уг эрдэмтэн “XIII зууны эцэс XIV зууны эхээр монгол нутагт оршин сууж байсан хүний тоо 834 000, харин нийт гүрний дотор 1 390 000 монгол хүн байсан” гэжээ. “Чингис хааны бүх цэрэг 130 000-аад хүнтэй байв. Мянган 117, мянганы ноёд жаран дөрвөн гэж тодорхой тэмдэглэгджээ”. Энэ нь дээрх Оросын эрдэмтэн Н.Ц.Мункуевийн тооцоотой дүйж байна.
Мөн ”1247 онд, IY жарны 41 дэх Улаагчин хонь жил Их Монгол улс даяар хүн амын тооллого явуулав” гэсэн баримт байдаг. Үүнээс гадна “Өлзийт (Төмөр)-ийн зарлигаар 80, 90 нас хүрсэн хүмүүст тэтгэмж олгож байсан ба 1312 оны Y жарны 46 дахь Хар хулгана жил Нийслэл Дайду хотын 90-ээс дээш настай 2300 гаруй хүн бүрт хоёр толгой торго, 80-аас дээш настай 8300 гаруй хүн нэг бүрт нэг толгой торго шагнажээ” гэснээс үзэхэд Монголчууд бүртгэл статистикийг гол төлөв цэрэг дайн, албан татварын зорилгоор хүн амаа бүртгэн тоолж байснаас гадна тухайн үед бусад улсад байгаагүй ахмад буурлуудаа хүндэтгэн шагнаж байсан нь хүн амын нэлээд боловсронгуй бүртгэлтэй байсныг харуулж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл ( 1 )
Gaihaltai