Кабул өнөө хэр шинэ амьдрал эхлэхийг хүлээсээр байна. Харамсалтай нь, Талибуудын Кабулд мөрөөдөл зэрэглээ мэт хэврэг өдрүүд үргэлжилсээр...
Өдгөө маш олон зүйл шинэ эздийн буюу талибуудын хүсэл, зоригоос шалтгаална. Гэхдээ ойрын жилүүдэд Афганистаны хамгийн ноцтой хямрал нь өлсгөлөн болох аюул нүүрлээд байна гэж ВВС агентлаг бичжээ. Кабул хотын жирийн оршин суугчдын талаар тус агентлагийн сэтгүүлчийн хийсэн сурвалжлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Кабул хотын хүн амын ихэнхийг бүрдүүлж буй ядуу оршин суугчдын хувьд өлсөж үхэхгүйн тулд хэдхэн зуун афгани буюу хоёр, гурван ам.доллар олж, өл залгуулах явдал хамгийн том асуудал болж байна.
Олон улсын тусламжаар асар их хэмжээний мөнгө авч байсан улсын сая сая иргэн өдгөө ядуурлын доод түвшинд хүрч, цөхөрч байна. Төв банкны валютын нөөцөд үлдсэн ес орчим тэрбум ам.доллар тэдэнд тусалж чадах авч АНУ-ын зүгээс эл мөнгийг талибуудад өгөхгүйн тулд царцаасан.
Үүрээр нээгдсэн хотын захын ойролцоо хэдэн зуун барилгачид өдрийн ажил олох санаатай цугларна. Томоохон барилгын ажлууд зогсжээ. Банкнууд хаалгаа барьсан.
Цөөн хэдэн барилгачдыг барилгын талбай руу авч явна. Бусад нь сэтгэл гонсгор үлдэнэ. Тэдний нэг Хаят Ханы хэлснээр, сүүлийн 20 жил түүний мөнгийг авлигажсан элитүүд хулгайлсан. Тэрбээр “Баячууд ядуусыг бус өөрсдийгөө л бодно. Би талхаа хүртэл авч чадахгүй л байна. Би нэг ч доллар олж чадахгүй байхад баячууд барууны тусламжийн доллар бүрийг халаасалж байна” гэж ярина.
Харин Мохаммед Анварт офист ажиллах аз тохиожээ. Тэрбээр барилгачидтай хүүрнэх бидний яриаг сонсохоор зогсов. Англиар ярих тэрбээр америкчуудыг хулгайд буруутгана. “Аллахын нэрийн өмнөөс, Афганистаны Засгийн газраас авсан бидний мөнгийг буцааж өгөхийг Америкад уриалж байна. Энэ мөнгө Афганистаны сэргээн босголтод зарцуулагдах ёстой” гэв.
Энэ үед бавайсан хар сахалтай нэгэн талиб энд байх аюултай тул биднийг тарахыг шаардав. Ямар ч аюул байгаагүй ч маргах цаг нь ч биш, газар нь биш байлаа. Талибтай хамт америк цэргийн адил хар шил зүүж, америк буу агссан бие хамгаалагч байв. “Талибан” хөдөлгөөнийхөн Исламын Эмирт улс гэж нэрлээд буй улсын нийслэлийн төвд холоос танигдана. Нисэх онгоцны буудлыг хамгаалж буй талибууд америк цэргүүдийн хувцас өмсжээ.
Харин хотын нөгөө захад шальвар камиз гэгдэх уламжлалт өмсгөлтэй, толгойгоо алчуураар боосон талибуудтай таарна. Бүгд винтов буу агссан байна.
Кабул хотод хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн тухай гомдол байнга сонгогдоно. Ялангуяа хүүхдүүдээ тэжээж чадахгүй байгаа эцэг эхчүүдийн амнаас ийм гомдол их гарна. Үнэ огцом өсөж, сая сая гэр бүл өлөн зэлмүүн амьдарч байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээллээр, афганчуудын 93 хувь нь хангалттай хэмжээний хүнс авч чаддаггүй. Талибууд засгийн эрхэнд ирэхээс өмнө энэ үзүүлэлт 80 хувь байжээ.
Тус хотод бий болох шинэ захын тоо өссөөр. Хуучин Афганистаны үед тодорхой хэмжээний эд хөрөнгөтэй болсон хүмүүс эд хогшлоо наймаална. Олсон мөнгөө хүнсэнд зарцуулна.
Үнэтэй хивснээс авахуулаад зурагт, сав суулга гээд бүхэл бүтэн нэг айлын эд хогшил ачсан тэрэгнүүд хаа сайгүй харагдана. Нэгэн эр хиймэл цэцэг зарна. Гэвч худалдан авагчаас худалдаачид нь их. Мөнгө байхгүй. Том том захуудад цөхөрсөн байдал ажиглагдана.
Талибууд хүний эрх, охидын сурах эрх, эмэгтэйчүүдийн ажиллах эрхийг хааж байна гэж дэлхий даяар буруутгасан. Гэвч афганчуудад өлсөж үхэх аюул илүү хурцаар тавигдаж байна.
Афганчуудад тусламж үзүүлэх хүсэлтэй улс орнууд “Талибан” хөдөлгөөн болон үнэт зүйлсийг нь дэмждэггүй тул мухардмал байдалд ороод байна. Хүмүүст ажиллаж, мөнгө олох, амьдралаа залгуулах боломж олгохын тулд “Талибан” Афганистаныг бүрэн улс болгох ёстой.
Гэтэл талибуудтай тэмцэж байсан АНУ, Их Британи болон бусад улс орнуудад хуучин дайсан нь амжилт гаргаж буйг харахад хүнд байх болно.
Гэвч өөр сонголт үгүй. Эс тэгвээс хүмүүс цаашид ч шаналан зовсоор байх болно. Дүрвэгчид, өлсгөлөн хүүхдүүдийн тоо нэмэгдэж, Афганистан жихадистууд цэцэглэсэн улс болно.
Хотын захын өндөрлөг газарт орших дүүрэгт дөчин жилийн дайны шарх тодорч харагдана. Дайн энд амьдардаг айл өрхүүдэд мөрөө үлдээжээ. Тэдний түүх дайныг гэрчилнэ.
Нэгэн гэр бүл цөхрөнгөө баржээ. Орон гэр нь хоосон шахуу. Бүх эд хогшлоо зах дээр заржээ. Тэд Пакистан руу нүүхийн тулд мөнгө цуглуулна. Гэр бүлийн цорын ганц тэжээгч нь ээж нь. Нэрийг нь нууцлав. Өмнө нь тэрбээр багшилдаг байжээ. Эрэгтэй оюутнуудад багшилдаг байсан тул талибууд ажлаа хийхийг нь хоригложээ. Бага охин нь сурах эрхээ хасуулаад байна. Охин тайван, чин хүсэл, зорилготой харагдана. Эх орноо орхин явахад хэр байна вэ гэж асуухад тэрбээр дуугаа намсган, уйлахгүй гэж хичээнэ.
“Надад маш их гунигтай байна. Эх орноосоо явах шийдвэр гаргасан цагаас эхлэн зүрх минь шимширч байна. Яаж явахаа өнөө хэр мэдэхгүй ч өөр арга алга” гэж ээж нь учирлав. Хэрэв үлдвэл ажил хийх, сурахыг зөвшөөрөхгүй. Би гэр бүлээ яаж тэжээх юм бэ гэж тэр ярина. Би өөрөө хоолгүй олон хоног байж чадна. Гэхдээ хүүхдүүдээ өлсөж байхыг харж чадахгүй нь гэв.
Авлигажсан улсад тэдний мөрөөдөл зэрэглээ мэт хэврэг.
Афганистанд үүсээд буй хямрал афганчуудыг хоол хүнс, аюулгүй байдал, итгэл найдварыг нь үгүй хийх аюултай. Эдгээр зүйлээ алдсан хүнд уур хилэн, цөхрөл л үлдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )