XVI зуунд испаничуудын байгуулсан Арика боомт хот дэлхий дээрх хамгийн хуурайд тооцогддог Атакама цөлийн элсэн манхнуудтай хаяа дэрлэн оршино. Олон зуун жилийн өмнө энэ газрыг чинчоррочууд эзэгнэн амьдарч байжээ. Судлаачдыг эс тооцвол тэр бүр хүн мэддэггүй байсан энэ газарт олдсон хэдэн зуун занданшуулсан шарилыг ЮНЕСКО Дэлхийн өвд энэ оны зураадугаар сард бүртгэснээс хойш хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна.
Чинчорро соёл МЭӨ 7000-1500 оны хооронд орчин цагийн Чилийн хойд, Перугийн өмнөд нутагт цэцэглэж байжээ. Тэд суурин амьдарч, шавар шатаах техник эзэмшээгүй байсан ч эртний египетчүүдээс ч өмнө талийгчдаа занданшуулах урлагийг эзэмшжээ.
Чинчорро занданшуулсан шарилуудыг анх 1917 онд Германы судлаач Макс Уль нээжээ. Гэсэн ч эдгээр олдворын насыг тодорхойлоход олон жил шаардагдсан байна. Радио нүүрстөрөгчийн шинжилгээний дүнгээс үзвэл, занданшуулсан шарилууд долоон мянганы нүүрийг үзжээ. Өөрөөр хэлбэл эдгээр олдвор алдарт эртний Египетийн занданшуулсан шарилуудаас хоёр мянган жилийн өмнө үед хамаарах аж.
“Өвөг дээдсээ занданшуулах санааг орон нутгийн уур амьсгал өгсөн байх магадлалтай” гэж Чинчорро соёл судлаач антропологич Бернардо Арриаза таамаглаж байна. Хуурай, халуун нөхцөлд зарим шарил өөрөө занданшдаг аж. Ийм шарил Арика хот орчимд олон бий. Хожим нь чинчоррочууд шарилуудыг ухамсартайгаар занданшуулдаг болжээ. Ингэхдээ тэд маш нарийн арга техник боловсруулсан байна. Үүний тулд талийгчийн арьсыг хуулан авч, бага хэмжээний зүсэлт хийж, дотор эрхтнийг нь гарган авдаг байжээ. Үүний дараа шарилыг хатааж, ургамлаар дүүргэн босоо байдалтай модон дээр байрлуулж, арьсыг нь утсаар нийлүүлж “оёдог” байсан гэж Бернардо Арриаза дүрсэлнэ. Дараа нь шарилын толгойд хар өнгийн өтгөн үс тогтоож, нүүрийг нь шавраар бүрж, баг зүүдэг байна. Эцэст нь шарилыг байгалийн тод улаан, хар өнгөөр буддаг байжээ. Шарил занданшуулах арга барилын хувьд ч тэр, энэхүү зан үйлд хандах хандлагын хувьд ч тэр чинчоррочууд эртний египетчүүдээс ялгаатай байсан гэнэ.
Чинчоррочууд ургамлын тос, даавуун тууз ашигладаггүй байжээ. Египетэд эл хүндтэй зан үйл зөвхөн дээдэст хамаардаг байсан бол чинчоррочууд нийгмийн байдлыг үл харгалзан эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд, тэр байтугай дутуу төрсөн ургийн шарилыг хүртэл занданшуулдаг уламжлалтай байв.
Хоёр ертөнц зэрэгцэн оршино
ХХ зуунд Арика хотоос гадна өөр хэд хэдэн газарт олон зуун занданшуулсан шарил олджээ. Орон нутгийн ард иргэд шарилуудтай зэрэгцэн амьдарсаар дасал болжээ. Барилгын ажлын явцад эсвэл үнэрч нохойн тусламжтай занданшуулсан шарил илрүүлэх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ олон жилийн турш нутгийн иргэд ямар үнэтэй “эрдэнэс”-тэй харьцаж байснаа ухамсарлаагүй иржээ.
“Өмнө нь хүүхдүүд гавлаар хөлбөмбөг тоглож, занданшуулсан шарилын өмсгөлүүдийг авч хаядаг байсан. Харин одоо олдвор бүрийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлж, тэднийг иртэл гар хүрч болохгүй гэдгийг бүгд мэддэг болсон” гэж археологич Ханна Кампос Фуэнтес ярьж байна.
Өнөөг хүртэл илрүүлсэн 300 орчим занданшуулсан шарилын зөвхөн цөөн хэдийг нь Арика хотоос хагас цаг явах зайд орших Сан Мигуэл де Азарла хотхоны их сургуулийн музейн сум нэвтэрдэггүй шилэн хоргоны цаана байрлуулжээ. Үзмэрүүдээс шарилыг занданшуулах процессыг ойлгож болно.
Судлаачид малтлагын газарт орчин үеийн технологи бүхий томоохон музей байгуулж, орон нутгийн иргэдийг хөтчөөр бэлтгэхийг мөрөөднө. Гэвч энэ бүгдэд мөнгө хэрэгтэй.
Бернардо Арриаза, Ханна Кампос нар археологичдыг дахиад олон олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа гэдэгт эргэлздэггүй. Малтлагын ажилд мөн л мөнгө хэрэгтэй. Арика боомт хотын захирагч Херардо Эспиндола Рохас эртний оршуулгын газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэснээр эрх баригчид, ивээн тэтгэгчдийн анхаарлыг татаж, жуулчдыг урсгалыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Энэ бүгдийг сайн бодож, нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулж хийх ёстой гэж тэр үзэж байна.
“Гантиг хөшөөнүүд дээр сүндэрлэх Ром хотыг бодвол Арика хүмүүсийн булшин дээр боссон. Тиймээс бид үүнд маш хүндэтгэлтэй хандах ёстой” гэж Рохас онцолжээ. Тус хот аливаа барилгын ажил явагдахад археологичдыг заавал байлцуулахыг заасан хууль баталсан байна. Хотын захирагч эл онцгой өв хотын өмч байж, оршин суугчдад нь орлого оруулах ёстой гэж үзэж байна.
Чилийн түүхэн дурсгалт газрууд аялал жуулчлалын болон олон улсын компаниудын эзэмшилд очсон байдаг аж. Эх сурвалж: ВВС агентлаг
Сэтгэгдэл ( 0 )