Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Дэлхийн Юрта холбооноос хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Сарлагийн сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00-15.45 цагт цахим хэлбэрээр зохион байгуулах аж.
Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд, тухайлбал Монгол, Энэтхэг, Хятад, Бутан, Непал улсын сарлагийн аж ахуй, сарлагийн сүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, арга хэмжээ, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Ази тивийн бүсийн хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлнэ.
Хэлэлцүүлэгт Бутан улсын Хөдөө аж ахуй, ойн яамны Мал аж ахуйн газар, Непал улсын Сүүний салбарын үндэсний зөвлөл, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төв, Хятад улсын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Treasure of Plateau” компаниас тус тус илтгэл, танилцуулга хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Сарлагийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Дэлхийн “Юрта” холбооны үүсгэн байгуулагч, захирал Сантьяго Бэнитез, Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төвийн захирал, доктор Михир Саркар, Хятад улсын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч “Treasure of Plateau” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ванг Сикуан нар панелистаар оролцоно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )