2021 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нийт экспортын 31.9 хувийг зэсийн баяжмал, 24.7 хувийг нүүрс, 13.4 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.3 хувийг боловсруулаагүй алт, 4.1 хувийг боловсруулаагүй нефть, 2.5 хувийг цайрын хүдэр ба баяжмал, 2.1 хувийг жоншны хүдэр эзэлжээ. Эрдсийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1,368.8 сая ам.доллар буюу 67.7 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүдийг авч үзвэл:
Нүүрс: Оны эхний хагас жилийн байдлаар 9.3 сая тонн нүүрс экспортлож, 1,017.0 сая ам.долларын экспортын орлого олжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын орлого 327.0 сая ам.доллароор буюу 47.4 хувиар өссөн байна. Нэг тонн нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 37.9 хувиар өссөн болон тоо хэмжээ 1.1 дахин нэмэгдсэн нь нүүрсний экспортын орлогыг өсөхөд нөлөөлжээ.
Зэсийн баяжмал: Оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 77.2 хувь буюу 571.8 сая ам.доллароор нэмэгдэж, 1,312.9 сая ам.долларт хүрсэн байна. Зэсийн баяжмалын экспортын биет тоо хэмжээ 614.9 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувь буюу 61.0 мянган тонноор буурсан боловч экспортын дундаж үнэ нь 94.7 хувиар өсжээ.
Цайрын баяжмал: Оны эхний хагас жилийн байдлаар цайрын баяжмалын экспортын тоо хэмжээ 66.7 мянган тоннд хүрч, 101.1 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Цайрын баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 26.3 хувь буюу 21.0 сая ам.доллароор өсөхөд цайрын баяжмалын биет хэмжээ 0.1 хувь буюу 0.05 мянган тонноор өссөн боловч 1 тонн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 26.0 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмрийн хүдэр: Оны эхний хагас жилийн байдлаар төмрийн хүдрийн экспортын тоо хэмжээ 4.0 сая тоннд хүрч, 550.8 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Төмрийн хүдрийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 94.5 хувь буюу 267.6 сая ам.доллароор өсөхөд төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 хувь буюу 0.1 сая тонноор буурсан боловч 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 99.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )