Айсулуу Тыныбекова: Олимпын аварга болсон бол зодог тайлах байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

Киргизийн тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбековагийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Энэхүү ярилцлагыг Ослод болсон ДАШТ-ий дараа ДБНХ-ноос авчээ. Айсулуу 62 кг-ын жинд түрүүлсэн юм.

-Айсулуу, чөлөөт бөхөөр амжилт гаргаж чадна гэдэгтээ хэзээ итгэлтэй болсон бэ?

-Анх бөх барилдаад амьдрал, залуу насаа алдаж байгаа мэт санагддаг байсан. Ялагдчихаад сууж байхад толгойд “Цагаа шал дэмий үрж байна. Би хэзээ ч энэ спортоор мэргэжлийн түвшинд амжилт гаргаж чадахгүй” гэсэн бодол орж ирдэг байлаа. Гэвч дасгалжуулагч багш минь надад энэ ялагдал агуу ялалтын замыг нээж өгч байгаа юм гэж байнга ярьдаг. Хүүхэд багачуудын үлгэр жишээ болж чадна гэж үргэлж хэлж, итгэл найдвар хайрладаг байсан. Гэхдээ л би сайн бөх болж чадахгүй гэж байнга боддог байлаа. 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д би мөрний хүнд гэмтэлтэй барилдаад хүрэл медаль авлаа. Ганц зүүн гараараа л барилдсан юм. Хөлд орж чадахгүй, дархан мэхээ хийж чадахгүй байсан ч дэлхийн аваргын медаль авч чадсан. Тэр үед би дэлхийн аварга болж чадах юм байна гэсэн итгэлтэй болсон.

-Өөрийн хүч чадалдаа итгэлтэй болжээ дээ?

-Тамирчин болгон сэтгэл нь хөдөлдөг, догдолдог. Энэ сэтгэлийн хөдлөлөө хэрэгтэй үед дарж, эсвэл зөв чиглэлд гаргаж байх хэрэгтэй. Тэмцээн болгонд миний сэтгэл хөдөлдөг. Тэгэж байж би сайн барилддаг. Харин Токио олимпын финалын барилдаанд миний сэтгэл огт хөдлөөгүй. Маш тайван байлаа. Магадгүй тэгээд ялагдсан байх. Өөртөө хэт итгэлтэй байсан болохоор сэтгэл хөдлөхгүй байсан.

-Та дэлхийн хошой аварга боллоо. Энэ хоёр ялалт юугаараа өөр вэ?

-Маш их ялгаатай. 2019 онд огт өөр мэдрэмж төрж байсан. Баярлаж хөөрөөд би хэдэн сар тэнгэр дээр л байсан. Мөрөөдөл биеллээ гэж бодоод л. Харин энэ жилийн дэлхийн аваргад би зүгээр л өөрийгөө хэн бэ гэдгийг батлан харуулсан. Ослогийн ДАШТ өөрийгөө турших тэмцээн болж өглөө. Сэтгэд хөдлөөд, би өөртөө итгэлтэй болж байгаагаа мэдэрсэн. Парисын олимпод өөр арга барилаар бэлтгэх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон.

-Токиогийн олимпын мөнгөн медалийнхаа талаар?

-Би олимпын мөнгөн медальтай гэж бахархалтайгаар, ам дүүрэн хэлнэ. Олимпын финалд шалгарсан анхны киргиз эмэгтэй тамирчин боллоо. 2016 онд би медаль авч чадаагүй. Амьдралд уналт, мандалт үргэлж бий. Энэ бүхнийг бид давж гарах хэрэгтэй. Амьдрал гэдэг бол тэмцэл, бөх юм. Токиогийн олимпын ялагдлаасаа би ангижирсан. Би энэ мөнгөн медалиа алтан медалиас илүү дээгүүр хүлээж авсан. Киргизчүүд намайг маш их дэмжсэн. Токио олимпын өмнө би алтан медаль авч, түрүүлнэ гэдэгтээ итгэл төгс байлаа. Олимпын аварга болчихоод зодог тайлна гээд шийдчихсэн байв. Хуримаа хийж, хувийн амьдралаа цэгцэлнэ гэж бодож байлаа. Гэвч их спорт намайг ингээд явуулчих хүсэлгүй байгаа юм байна гэдгийг би ойлголоо. Би Парисын олимпод оролцохоор шийдсэн.

-Тань шиг мөрөөдөл тээж яваа залуу охидуудад юу хэлэх вэ?

-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүгээр л урагш яв. Юу чаддагаа дэлхий дахинд харуул. Хүний боломжид хязгаар гэж үгүй. Гол нь хөдлөж, хичээж зүтгэх хэрэгтэй шүү.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(66.181.161.75) 2021 оны 11 сарын 25

Орхон Парисын олимпод хөгшин авгай, усан гүзээ болцон байх тул энэ Киргиз түрүүлнэ

0  |  0
Хүрэл авж магадгүй (66.181.184.29) 2021 оны 11 сарын 22

Орхон гэж эрлэг бүсгүй алт авна.

0  |  0
Хүрэл д бэлд(66.181.184.29) 2021 оны 11 сарын 22

Орхон гэж монгол эмэгтэйд хусуулнааа!!!

0  |  0
Top