Банкуудын зээлийн үлдэгдэл энэ оны аравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өсөж, 19.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
Тодруулбал өмнөх оны мөн үеэс хувийн байгууллагын зээл 17.1 хувиар өсөж 9.3 их наяд төгрөгт, иргэдийн зээл 15.5 хувиар өсөж 10.1 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 их наяд төгрөг буюу 8 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна.
Өмнөх сартай харьцуулахад зээлийн үлдэгдэл 142.2 тэрбум төгрөг буюу 0.7 хувиар буурчээ. Хувийн байгууллагын зээл 1.0 хувиар буурч, иргэдийн зээл 0.5 хувиар өсжээ. Харин банкуудаас МИК ОССК-д шилжүүлсэн иргэдийн ипотекийн зээлийг нэмж тооцвол нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсөж, өмнөх сараас 1.0 хувиар буурчээ.
Аравдугаар сард шинээр олгосон зээл өмнөх сараас 203.8 тэрбум төгрөгөөр буурч, эргэн төлөгдсөн зээл 310.3 тэрбум төгрөгөөр өсжээ. Шинээр олгосон зээлийн 5.3 хувь буюу 112.9 тэрбум төгрөгийг гадаад валютаар олгожээ.
Чанаргүй зээл өмнөх сараас 8.9 тэрбум төгрөгөөр буурч 1,968.7 тэрбум төгрөгт хүрлээ. Тодруулбал, уул уурхайн салбар 20 хувийг, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 19.8 хувийг, 14.4 хувийг барилга, 9.6 хувийг үл хөдлөх, 8.9 хувийг цалин, тэтгэврийн зээл тус тус эзэлж байна. Нийт чанаргүй зээлийн 11.0 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна.
Чанаргүй зээлийн 73.1 хувийг, анхаарал хандуулах зээлийн 79.1 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )