Үйлдвэрлэгч орон болохын эхлэл нь барилгын материал үйлдвэрлэгчид

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 26

Бид өнөөдөр өөрсдөө ч мэдэлгүй барилгачин болчихсон цаг үе билээ. Өөрийн байшингаа барьж, орон сууцандаа засвар хийж байгаа хүмүүс “100 айл руу зуун удаа явдаг” гэдэг үг ч бий. Харин ингэж зуун удаа ийш тийшээ явдаг цаг нэгэнт ард үлдэх нь ээ. Учир нь “Барилгын материал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа 2021” арга хэмжээ “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д уржигдар, өчигдөр хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа.


Тус үзэсгэлэнг Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв”, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн төлөөллүүд өргөнөөр оролцлоо.

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэр­лэл, технологийн парк”-д зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд эх орондоо үйлдвэрлэж байгаа барилгын материалын бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьсан байлаа.

Олон, олон үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг газраас гэрэлтүүлэг, халаалт гээд юм юмаараа өөр байгааг оролцогчид хэлж байсан. Ер нь “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д зочлон очихдоо та бүхэн элдэв зүйлд санаагаа чилээхээргүй ажээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд дандаа эх орны дотоодын үйлдвэрлэл байсныг дурдах хэрэгтэй. Та бүхэн хувьдаа байшин барих, хувьсгалын орон сууц босгох байсан ч “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийг зорих нь хамгийн зөв сонголт гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан.

Энэ үеэр БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг "Цар тахлын улмаас импортоор оруулж ирж байгаа барилгын материалын үнэ 90-ээс дээш хувиар өссөн бол дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнэ дөрөв хүртэлх хувиар л өссөн" гэдгийг хэлсэн. Үүнээс харахад манай улс үйлдвэрлэгч орон болохын давуу талыг хамгийн тод томруунаар харуулсан үзүүлэлт, дотооддоо барилгын материалыг ихээр үйлдвэрлэх хэрэгтэйг харуулж байна.

Манай улсад нийт 400 гаруй барилгын материал үйлдвэрлэгч байдаг аж. Эдгээр үйлдвэр дотоодын хэрэгцээний 38 хувийг л хангадаг. Гэсэн хэдий ч зарим түүхий эдээ импортоор авдаг нь үнэ ханш нэмэгдэхэд нөлөөлдөг гэнэ. Тиймээс барилгын материал үйлдвэрлэгчдийг нэгдсэн бодлогоор хангаж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг Д.Батзориг дарга онцолсон. Хэрэв ингэж нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжиж өгвөл барилгын материал үйлдвэрлэгчид ямар ч эрэлтийг нийлүүлэлтээр хангаж чадна гэдгээ ч илэрхийлж байлаа.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон “Монцемент” компанийн хувьд 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 50 килог­раммын шуудайтай цементийг 10200 төгрөгийн үнээр худал­даалдаг гэнэ. Цемент бол барилгын хамгийн гол бүтээг­дэхүүний нэг болохоор эднийх бүтээгдэхүүнээ олон улсын чанарын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг байна. Тэгвэл “Хэв хашмал хуванцар” компанийн хувьд анхдагч түүхий эд хуванцраар хүүхдийн лего тоглоом, шагай, хүнсний зориулалттай сав, угсардаг тоглоомон гэр, сандал, хогийн сав зэргийг үйлдвэрлэдэг, худалдан авагчид ам сайтай байлаа.

Үнэхээр ч урд хөршөөс янз, янзаараа орж ирж борлуулагддаг хүнсний сав, сандал зэргийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь тэр чинээгээрээ гадагшаа урсдаг мөнгөний урсгалыг багасгаж таарна. Барилга, байшин барихад дулаалгын материал мөн л чухал үүрэгтэй. Байшингийн дулаалгыг одоогоор ихэнхдээ шилэн хөвөнгөөр хийдэг. Тэгвэл шилэн хөвөнг орлох хэмжээний дулаалгыг “Эко ноос” компани монгол хонины ноосоор үйлдвэрлэж байна. Тус компанийн үйлдвэр нь Дархан-Уул аймагт байрладаг, ойрын хэдэн аймгийн малчдаас түүхий эдээ авдаг гэнэ. Малчны хотноос худалдаж авсан ноосоо таван цехээр дамжин угааж, хатаах зуухаар хатаасны дараа Япон технологиор эцсийн бүтээгдэхүүнээ гаргадаг юм байна. Мөн эднийх бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, монгол гэрийн эсгий хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Барилга, байшин барихад нэлээд өндөр өртөгтэй бүтээгдэхүүн бол арматур төмөр байдаг. Тэгвэл энэ асуудлыг “Сейф арматур” компани мяндас полимер арматураар бүрэн шийджээ. Ган арматураас даруй 45 хувийн хямд үнэтэй, арматурчлал хийх, тээвэрлэхэд хялбар гэдгээрээ давуу талтай юм байна. Гол түүхий эд нь мяндас утас учраас цахилгаан, дулааныг дамжуулахгүй, зэвэрдэггүй аж. Төмөр арматур нь хэсэг хугацааны дараа зэврэлт үүсээд үндсэн бүтээцээсээ хөндийрдөг бол мяндсан арматур ингэдэггүй байна. Тус арматурыг 100 метрийн уртаар нь бөөрөнхий эвхэж бэлдсэн байдаг болохоор суудлын тэргээр ч тээвэрлэх боломжтой. Төмөр 12-ын арматур нэг тонн нь зах зээл дээр гурван сая гаруй төгрөгөөр борлуулагдаж байгаа бол мяндсан арматур 1.9 сая төгрөгөөр худалдаалагддаг байна

. Байшин барихад зуурмаг мэдээж чухал. Харин зуурмагийн хувийг яг таг тааруулж зуурна гэдэг мэргэжлийн бус хүмүүст хүндрэлтэй зүйл. Харин хуурай бетоныг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр зуурмаг зуурах асуу­дал­­гүй болжээ. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал зуурмагт ордог бүхий л орцыг хувиар нь тааруулж, хатаагаад хуурайгаар нь савласан бүтээгдэхүүнийг “Top prodact” компани үйлдвэрлэжээ. Хэрэглэгч 50, 10 килограммаар савласан бүтээгдэхүүнийг худалдаж аваад дээр нь ус нэмээд л зуурахад бетон зуурмаг бэлэн болох аж. Ингээд тус зуурмагаа даацын бетон цутгалт, өрлөг, ханын өнгөлгөө гээд бүхий л төрлөөр ашиглах боломжтой гэнэ.

Үзэсгэлэнгээр очиж, барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг харж явахад манай улс үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтой юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирснийг хэлэх хэрэгтэй байх. Үнэхээр ч нэг үеэ бодоход монголчууд маань зарим зүйлсийг өөрсдөө үйлдвэрлэдэг, чанартай хийдэг болжээ. Харин гагцхүү төрийн нэгдсэн бодлого, тогтвортой хөрөнгө оруулалт чухал байгааг үйлдвэрлэгчид болоод албаныхан онцолж байсныг дахин сануулъя. Чухам ингэж л бүгд нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж, нэгэн зүгт харж чадаж гэмээнэ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадны улсуудад ч борлуулах боломж бий болох учиртай билээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.97) 2021 оны 11 сарын 27

Хил нээгдмэгц манай дарга нарын компаниуд урдаас хог зөөгөөд ядуу иргэд нь тийшээ хошуураад та нар минь үнээиулам нэмсээр байгаад дампуурах вий дээ дотоодын юмаа дэмжих гэхлээр үнээ дэндүү хадаах юм даа бүх юман дээр адилхан шүү

1  |  0
Пано(103.57.93.130) 2021 оны 11 сарын 28

ХҮРЭЛСҮХ ОЮУЭРДЭНЭ 2 байхад Монгол улс үйлдвэрлэгч орон болно гэж мөөрөөд ч хэрэггүй. Амьдралдаа бизнес хийж үзээгүй хүмүүс амар хялбараар амьдраад сурчихсан байдгийн

1  |  1
Top