Хөрсөн дээр буудаггүй баялгийн сангийн талаар хэлэлцэв

2021 оны 12 сарын 01

Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй  Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, танилцуулсан өдрөө эдийн засгийн хүрээг тэлэх, эрчимжүүлэх 100+ төслийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ гэж зарласан билээ. Энэ хүрээнд уул уурхайн салбарт бодлогын реформ хийнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй өнөөдрийг хүртэл явж ирсэн уул уурхайг  нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ гэхчлэн Ерөнхий сайд мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр /2021.11.30/ Үндэсний баялгийн сан байгуулах талаар хэлэлцүүлэг боллоо. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн ахлагчаар ажиллаж байгаа УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал хэлэхдээ  “Газрын баялгийн өгөөжийг зөв ашиглаж, зарцуулж чадсан улс орнууд бүгд баялгийн сангийн зарчмаар хөгжсөн байдаг. Үндэсний баялгийн санг байгуулах асуудлыг 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо болон хойч үедээ хүртээмжтэй, ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилна гэж заасан үеэс ярьж эхэлсэн.  Иймд Үндсэн хуулийн шаардлагаар газрын хэвлийн баялгийн өгөөжийг Баялгийн сангийн зарчмаар иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Арванхоёрдугаар сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэсэн юм.

Харин Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн  “Дэлхийн хамгийн шилдэг туршлагыг Монголд нутагшуулах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлгийг явуулж байна. Олон нийтийн санаа бодлыг сонсож байж сангийн үйл ажиллагааг хамгийн оновчтой байдлаар зөв зохион байгуулах боломжтой. Хуулийн заалтуудад олон улсын тэргүүлэх туршлага, шилдэг жишгүүдийг шингээж өгсөн нь олон талын ач холбогдолтой гэж харж байна” гэлээ.

Сануулахад, баялгийн сан бол манай тухайд эртний хэрнээ хуучраагүй сэдэв.Өдгөө хотын даргаар ажиллаж буй Д.Сумъяабазар УУХҮЯ-ыг удирдаж байх үедээ 2018 он гэхэд Монгол Улс Баялгийн сантай болчихсон байна хэмээн хэлж ярьж байв.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын даргын хувиар  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзахдаа  “Эрдэнэс Монгол” ХХК-ийг хөгжүүлэх замаар Баялгийн сан байгуулах боломжтой эсэхийг тодруулж, уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсныг дуулгаж байсан.

Ер нь манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд дэлхийн жишиг болсон сангуудтай явж танилцсан жишээ цөөнгүй. Яриад л, яваад үзээд л байдаг жишиг тогтсон.

Байгуулсан хэдэн сан нь энэ улс оронд биш эрх мэдэлтнүүдэд илүү ээлтэй байдаг нь ЖДҮ-ийн сангийн жишээгээр илэрч байсныг сануулахад гэмгүй. Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан зэрэг нь энэ улс оронд чухам ямар эерэг нөлөөтэй нь өнөөдрийг хүртэл тодорхой бус.Төсвийн бодлогод хувьсгал хийнэ гэж ярьж байгаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж байсан ч, тэр хувьсгал нь ирээгүй. Хуулийн дагуу Тогтворжуулалтын санг байгуулсан. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс хоёрынхоо үнийг Нэрлэсэн үнэ, Тэнцвэржүүлсэн үнэ гэж ялгачихаад, Тэнцвэржүүлсэн үнээс нь илүү гарч борлогдвол, тэр хэсгийг нь Тогтворжуулалтын сандаа хийгээд байгаа гэдэг ч, тэр сангийн мөнгөний зарцуулалт олон жилийн туршид ойлгомжгүй явж ирсэн.

Санд байгаа мөнгийг өөр эх үүсвэрүүдэд байршуулж, арвижуулах санаа оноо байгаа талаар, гадаадын Засгийн газрын өрийн бичгийг авч, тэднээс хүү авч, хэрэглэх тухай нэг хэсэг яригдаад л байсан, ажил хэрэг болоогүй.Монголын төр засаг уул уурхайн  салбараас олсон 1 ам.доллар тутмаас 1 л центийг ирээдүй хойчдоо үлдээхдээ гар татаж, хадгалсан данснаасаа нууцаар авч хэрэглэдэг, муухай арга барилаасаа салж, ангижрах хэрэгтэй.Нэг ёсондоо байгаа хэдэн сангуудынхаа үйл ажиллагааг сайжруулах, ил тод, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахад дутуу дулимаг хандсаар өнөөдрийг хүрсэн Монгол Улс дараа дараагийн шинэ сангуудад тулгуурлан нийгмийн олон салбарт реформ хийхийн тулд олон талын өөрчлөлт хэрэгтэй.

Байгалийн баялаг ихтэй байх нь хөгжлийн зайлшгүй нөхцөл биш, хангалттай ч нөхцөл биш. Байгалийн баялаг нь хөгжлийг түргэтгэх увдистай ч, хараал болох бас чадвартай гэдгийг мэдрүүлсэн он жилүүдийг Монгол Улс туулж өнөөдрийг хүрсэн. Чухам харин үүнийг үнэхээр ойлгож, алдаагаа давтах ёсгүйг ухаарсан эсэхийг харуулах он жилүүд Монгол Улсыг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сангуудын зарцуулалт(103.212.118.154) 2021 оны 12 сарын 01

ЖДҮ -гийн зарцуулалтын булхай дэлгэгдэх үеэр энэ мэт гоё нэртэй 25 сан байдгийг одоогийн ХЭГ дарга өөрийгөө шудраг гэж өргөмжилж өхөөрдөг эрхэм Ц.Нямдорж хэлж.зарцуулалтыг ил гэргэхыг шаардах,сануулын завсрт хэлж байсан. Түүнээс хойш эдгээр 25 сангийн зкарцуулалтыг сөхөж ярьсан хүн үгүй билээ.Одоо ярьж ил тод болгох цаг болсоон.Үүр дүнг ч МАН-ын их хурал дээр Оун-Эрдэнэ тайлагнана гэж хайдаж байна.

1  |  0
монгол(64.119.25.23) 2021 оны 12 сарын 01

үндсэн хуулинд тусгайлан заасан байгалийн баялагийн тухай гол хуулиа гаргаагүй байж юун баялагийн сан байгуулах, тэр сангаа ямар баялагаас байгуулах юм, монгол улсад байгалийн баялаг гэсэн нэрээр гарсан хууль опдоо болтол байхгүй\nбайгалийн баялагаа ”ашигт малтмал”, түгээмэл тархацтай” бас бичил уурхайгаар олборлох баялаг гээд хуваачихсан бас тэр болгоноос татвар хураамж авч чаддаггүй шүү дээ

1  |  0
Top