“Болливуд”-ын салбарыг Монголд байгуулах санал тавьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

БНЭУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын  Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-тай албан ёсны уулзалт хийлээ.

Тэрбээр уулзалтын эхэнд парламентын  түвшний энэхүү  айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, найрсаг дотно хүлээн авч буйд талархал илэрхийллээ.

Тэрбээр “Энэтхэг Улс Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг анхны 150 мянган тун “Астра Зенека” вакциныг буцалтгүй тусламжаар ирүүлсэн. Энэтхэг Улсад өвчний тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар 1.0 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгосон. Энэтхэг Улсын "Жубилант Женерикс" компанитай Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж нийт 200.000 тун “Ремдесивир” тариа худалдан авсан. Ийнхүү цар тахлын хүнд үед хоёр улс харилцан бие биенийг дэмжиж байгаад баяртай байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, БНЭУ-тай хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой анхаарал хандуулж, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль” баталж, Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай Ажлын хэсэг байгуулан төслийн хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг мэдээлэв. Тэрбээр үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөн.

Хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг онцлоод, өнгөрсөн 5 жилийн дотор Монгол Улсын ерөнхий боловсролын 76 багшийг Энэтхэгт зохион байгуулагдсан дунд хугацааны англи хэлний сургалтад хамруулсанд талархал илэрхийллээ.

Лок Сабха-гийн дарга Ом Бирла Энэтхэгийн парламентын урилгыг хүлээн авч айлчилж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, эх орондоо тавтай морилохыг хүслээ.

Тэрбээр “БНЭУ, Монгол Улс  олон жилийн түүхэн хэлхээ холбоогоо өргөжүүлж, ардчиллын үнэт зүйлсээрээ нэгдэж, зуунаас зуун дамжин түншилж байна. Төр, засгийн түвшинд хийсэн 2015, 2019 оны айлчлалууд  бидний харилцааг шинэ түвшинд авчирсан. Ялангуяа  Ерөнхий сайд Нарендра Моди-гийн танай  улсад 2015 онд хийсэн айлчлал түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Энэхүү айлчлал хоёр улсын төр засаг болон ард түмнүүдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг улам нягтруулсныг онцлон дурдахыг хүсэж байна” гэв.

Тэрбээр дэлхий нийтэд тохиолдсон цар тахлын үед харилцан бие биеэ дэмжиж ажилласан маань дэлхийн улс орнуудад үлгэр дуурайл болсонд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарлаа хандуулна хэмээн онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарын ололт амжилтаас суралцах, энэ зорилгоор хамтарсан сургууль байгуулах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад Энэтхэгийн туслалцааг авах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Болливуд”-ын салбарыг Монголд байгуулах, кино зураг авалтыг Монголд хийх зэрэг санал дэвшүүлэв.

Ноён Ом Бирла дээрх саналуудыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  Мөн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, худалдааны шинэ урсгал нээх боломжийг судлан, тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд Энэтхэг Улсад Монголоос коксжсон нүүрс экспортлох асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.242) 2021 оны 12 сарын 02

энэтхэг мэдээлэл технологийн салабарт дээгүүрт ордог гэсэн байхаа таж махал дээр авгайтайгаа очсон уу хөө

0  |  0
Top