Дэлхий Украин дээр нэгдэж, АНУ дээр хуваагдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Хоёрдугаар Хүйтэн дайн хаяанд ойртохын хэрээр дэлхий хуваагдахаас болгоомжилж байна.


“Хүйтэн дайны хувьд...дэлхийн ихэнх улс Путины үйлдлийг эсэргүүцэж байна. Оросын хувьд хүйтэн өдрүүд болж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 24-нд ОХУ Украин руу дайрсны дараахан хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байв. Гэсэн ч хэдхэн хоногийн дараа дэлхий даяараа Москваг буруутгана гэсэн хүлээлт талаар болов.

Азийн хоёр тэргүүлэгч улс болох БНХАУ, Энэтхэг улс Оросын ажиллагааг хатуу буруутгасангүй. Нигери, Өмнөд Африк, Египет зэрэг Африкийн томоохон улсууд мөн ижил.

Бразил улс АНУ-ын шахалт дор энэ сарын 25-нд НҮБ-ын Аюулгүй Оросын түрэмгийллийг буруутгасан тогтоолын төлөө санал өгөх хүртлээ мөн л эргэлзэж байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс 11 нь тэрхүү тогтоолыг батлахын төлөө санал өгсөн бол олон улс орон хатуу буруушаахаас түдгэлзэж, ихэнх нь хүчирхийллийг зогсоож, яриа хэлэлцээ хийхийг уриалснаар хязгаарлагдав.

Энэ бүгдээс харахад яагаад гэсэн асуулт гарч байна. Яагаад эдийн засаг, стратегийн хувьд нэгдсэн өрнөдийн тэргүүлэгч улсууд олон улсын эрх зүйг бүдүүлгээр зөрчиж буй үйлдлийг дэлхий нийтээр зэмлүүлж чадсангүй вэ?

Товчхон хариулахад энэ нь Украинаас илүүтэйгээр АНУ-тай хамаатай. АНУ, ОХУ-ын хооронд зэрэглээтэж буй ээлжит хүйтэн дайнд татагдан орох айдас, хардлага бий. Киев хохирогч, Москва түрэмгийлэгч байж магадгүй. Гэхдээ олон улс орны нүдэнд Вашингтон ч үүнд ямар ч гэм зэмгүй гэж харагдахгүй л байна.

Өөрийгөө дэлхийн цагдаа гэж өргөмжилсөн АНУ-ыг ч янз бүрийн шалтгаар бусад улсын, тэр дундаа ОХУ, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс ордог гэж буруутгадаг, үгүй юм гэхэд тэгж хардаг. Нэгдсэн Улсыг түрэмгийлэл, олон улсын эрх зүйг зөрчих асуудал дээр “дабл стандарт” баримталдаг гэж мөн шүүмжилдэг. Яг л Хүйтэн дайны үе шиг холбоотондоо нэг, бусдад өөр байр сууриас ханддаг. Тэр дайн хойд хэсэгт хүйтэн байсан байх талтай. Гэхдээ Москва, Вашингтон хоёр ямар ч үнээр хамаагүй өөрийн ашиг сонирхлоо тэлэхээр тэмцсэн дэлхийн өмнөд хэсэгт шатаж байсан. Хэрэв өнөөгийн харилцан хамааралтай ертөнц нэг талд Өрнөд ба НАТО, нөгөө талд ОХУ ба БНХАУ гэсэн хоёр туйлд хуваагдвал хоёрдугаар Хүйтэн дайн зөвхөн тодорхой улс орнуудын хувьд төдийгүй бүхэл бүтэн хүн төрөлхтний хувьд хор хохиролтой байх болно.

1980-аад оны сүүлээр Хүйтэн дайн төгссөнөөс хойш ихэнх улс орон дэлхийн их гүрнүүдтэй эдийн засаг, цэргийн харилцаагаа солонгоруулж, ОХУ, АНУ эсвэл ЕХ болон БНХАУ-ыг аль нэгийг нь сонгохоос зайлсхийсээр ирсэн. Геополитикийн энэ хуваагдалтай зэрэгцэн олон улс орон өөрийн ашиг сонирхлоо хамгаалсаар ирсэн. Зарим улс Оросын улаан буудай, эрчим хүн, цэргийн зэр зэвсгээс хамааралтай байхад нөгөө хэсэг нь Хятадын хөрөнгө оруулалт, зээл, худалдаанд найдаж байна.

Гэсэн хэдий ч олон арван жилийн турш АНУ хямралын үед түүний талд ор эсвэл шангаа хүрт хэмээн улс орнуудад тулгасаар ирсэн. “Эсвэл бидэнтэй хамт, эсвэл бидний эсрэг” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Нью Йорк, Вашингтонд болсон 9/11 халдлагын дараа терроризмтой дайн зарлахдаа мэдэгдэж байв. Тун удалгүй АНУ Иран, Ирак, Умард Солонгосыг дэлхийн “муу бүхний туйл” хэмээн цоллон, Иракт довтлохоор бэлтгэж, улмаар бусад улс орноос өөрийнхөө талд орох эсвэл уур хилэнг нь хүрт хэмээн сүрдүүлсэн.

Дараагийн арван жилд Вашингтон Хятадад илүү хатуу шахалт үзүүлж, худалдааны түншүүддээ өөрийнх нь талд зогсох эсвэл үр дагаврыг нь амсахыг тулгав.

Трампын засаг захиргаа бүр цаашлаад Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрснийг нь буруушаасан тогтоолыг дэмжсэн НҮБ-ын гишүүн орнуудын жагсаалтыг гаргана гэж сүрдүүлэв. АНУ-ын нэр хүнд унаж, Хятад хүчирхэгжиж, ОХУ өс хонзонтой эргэн ирэхийн хэрээр АНУ-ын тушаасан өнгө аяс улам л ойлгомжгүй, туйлдсан, цөхөрсөн шинжтэй болж, улс орнуудаас сонголтоо нээлттэй үлдээхийг шаардаж эхэлсэн.

Афганистан дахь тохуурхал, Ирак дахь ялагдлын дараа  ч тэр, Сири, Йемен, Ливи зэрэг дэлхийн халуун цэгүүдэд гаргасан бүдүүлэг алдааны дараа ч тэр, тэр тусмаа Украины хувь заяаг Оросын цэргийн хүчний мэдэлд үлдэхэд хүргэсэн өдөөн хатгалгын дараа ч тэр улс орнууд Вашингтоны тусламж, хамгаалалтад найдахаа больсон.

Өнгөрсөн жилүүдэд дэлхий ч мөн гэнэн итгэмтгий зангаа гээж, өөрөө эрх чөлөө, ардчилалдаа халдаж буй Вашингтоны эрх чөлөө, ардчилал гэх ганган урианд итгэхээ больсон.

Украины эсрэг түрэмгийлэл эхлэхэд Байден Америкийн нийгмийг тулаанд орж, үр дагаврыг нь амсахгүйгээр үл барам хийг өндөр үнээр авахгүй гэж яаран итгүүлэв. “Америк сүүлчийн Украин цэрэг амь эрсттэл Оростой тулалдана” гэж нэгэн ажиглагч ёжилсон нь бий.

Олон улсын энэ үл итгэсэн байдал Хүйтэн дайны үед 100 гаруй улсыг эгнээндээ нэгтгэж байсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнтэй ижил төрлийн санаачилга гарч ирэхэд хүргэх талтай. Энд нэг л зүйл тодорхой. Тэр нь өнөөдөр дэлхийн өмнө тулгарч буй сорилтууд хуваагдлаас илүү хамтарч ажиллахыг шаардаж байна.

Хоёрдугаар Хүйтэн дайн уур амьсгалын өөрчлөлт, цар тахалтай тэмцэхэд нэн чухал байгаа хамтын хүчин чармайлтыг хазаарлаж, хүнсний аюулгүй байдлыг хангах, ядуурал, өвчин, тахалтай тэмцэхэд чиглэсэн дэлхий дахины хамтын ажиллагааг сааруулна.

Хоёрдугаар Хүйтэн дайн дахин зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж, дэлхий дахиныг цөмийн гамшгийн ирмэгт авчирна. Товчхондоо, хоёрдугаар Хүйтэн дайн хүн төрөлхтөнд аймшигтай зовлон шаналал, эдийн засгийн хямрал, төсөөлөхөд ч бэрх үр дагавартай дэлхийн зөрчилд хүргэнэ.

Ийм атал Вашингтон Оросыг түрэмгий, дайчин байдлынх төлөө шийтгэхээр улангасаж, Украин нь Афганистаны нэгэн адил Оросын хувьд хар дарсан зүүд нь байна гэж найдаж, магадгүй төлөвлөж байна.

Зарим нь үүнийг Байдены хувьд 75 жилийн өмнө Оросыг тогтоон барих стратегийг хэрэгжүүлж байсан “Труманы цаг үе” ирлээ гэх.

Гэхдээ Европын өмнө зурайх зам өнгөрсөн рүү хөтлөх учиргүй. Бидний өмнө буй сонголт дайнаар хязгаарлагдах ёсгүй. Сунжирсан Хүйтэн дайн ч тэр эсвэл хөнөөлт цөмийн дайн ч тэр.

Олон улсын хамтын нийгэмлэг Украины бүрэн эрхт байдлыг сэргээхийг үлэмж ихээр дэмжиж, НАТО, Оросын дундах жийргэвч улсын хувьд гал зогсоох, дипломат арга замыг эрэлхийлж, улмаар өрнөд, Москвагийн хооронд Европын ирээдүйн аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээ хийхэд  нь шахалт үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийх учиртай.

Оросын түрэмгийлэлд хатуу хариу барих ёстой нь үнэн. Гэхдээ энх тайванд хаалга нээж өгөх нэгэн байх ёстой. Өрнөдөд Украиныг шинэ Хүйтэн дайны тахилын ширээнд өргөх ёсгүй.

Эх сурвалж: Al Jazeera, Marwan Bishara
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tun zov dvgnej (202.55.191.130) 2022 оны 03 сарын 21

ene hedii arab setgvvlch bichsen vnenii hubid ih oitorjee. bi bol ih zov sain bichij delhiin asuudald amerikiin noloo buurch byui tuhai tun zob dvgnej bichlee gej vzej bna. iim ervvl saruulaar setgej bichdeg hvmvvs bgaa sain shuu..

1  |  0
Кол(103.57.95.247) 2022 оны 03 сарын 21

Орос их барьсан ч өмхий бага өарьсан өмхий болсон юм чинь дуустал ньявах хэрэгтэй цөмийн зэвсэг ашигласан ч яадаг юм

1  |  0
Хх(66.181.161.116) 2022 оны 03 сарын 21

NATO ч бас дахин задрах шив. АНУ Жорж Бушийн үеэс л гэхэд Ирак Иран Сири Израйль Афганистан эдгээр улсыг бас л энх тайван тогтооно гээл дайны хөлд үрэгдүүлсэн өөрсдөө ч хожсон . хамгаалах мөрлөө зэр зэвгээ зарчихна , хамгаалах нэриидлээр пуужингийн цогцолбор энд тэндгүй ихийг барьсан. Өөрсдөө цөмийн бөмбөгтэй атлаа бусад улсыг цөмийн бөмбөг хиих гэлээ хииж бна гээл дарамтласаар бгаал дуусгадаг. Харин оросууд цөмийн зэвсэгтэй ч яанкууд шиг түүндээ эрдээд яриад бдггүй . Хамгийн сүүлд гэхэд л Афганыг яаж алав дэмжинэ гээл Талубуудад алуулсан. Яанкууд бол би зөвхөн би гсн хар амиа бодсон глгнүүд

2  |  0
Америк сөнөтүгэй(66.181.161.22) 2022 оны 03 сарын 21

Америк мөрөөрөө капиталист улс байхаа болиод удаж байна .америк гаж донтонны ардчилсан нийгэм байгуулж дэлхийг бузарлаж байна

7  |  0
(202.9.46.75) 2022 оны 03 сарын 21

Хэрэв америк байгаагүй бол... хэрэв натогийн эвсэл украинд цэргээ оруулах гээгүй бол, хэрэв домбасс мужийн уугуул оросуудыг хоморголон хядаагүй бол,хэрэв сүүлийн 30 аад жил элдвээр дарамтлаагүй бол, хэрэв украинчууд үндэс угсаа нэгт оросын ард түмний ачийг бачаар хариулаагүй бол, хэрэв зелинский өөрийн бодолтой байсан бол эмгэнэлт үйл явдал болохгүй байлаа. Өт хорхой хүртэл өөрийгөө хамгаалдөг шүү дээ

18  |  0
Top