БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Мэдэгдэлд, Умард Солонгост онц нөхцөл байдал үүслээ. 2020 оны хоёрдугаар сараас хойш хоёр жил гурван сарын турш найдвартай хамгаалж байсан халдварын эсрэг фронтыг сэтэллээ гэж онцолсон байна. Пёньян хотноо энэ сарын 8-нд авсан сорьцуудын шинжилгээний дүнг сайтар судалсны үндсэн дээр ковидын “омикрон” хувилбарын ВА.2 дэд хувилбар илэрсэн гэж тус агентлаг мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдааныг зарласан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун улсын аюулгүй байдалд ан цав үүсгэхгүй байхын тулд бүхий л арга хэмжээг авч, хил болон коронавирусний эсрэг фронт дээрх үйл ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэж мэдэгджээ.
Ковидын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ким Жон Ун бүх хот, бүс нутагт хөл хорио тогтоох, үйлдвэрийн газрууд болон орон сууцны барилгуудыг тусгаарлах захирамж гаргажээ.
Умард Солонгосын эрх баригчид өвчтөнд үр дүнтэй эмчилгээ хийж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах үүрэг болгосон байна. Улс төрийн товчооны хуралдаанаар мөн БНАСАУ-д коронавирусний халдвар гарахаас урьдчилан сэргийлж, даруй хариу арга хэмжээ аваагүй халдвар хамгааллын салбарын хариуцлагагүй, чадваргүй байдлыг шүүмжилжээ.
Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНАСАУ 2020 оны эхээр халдвар орж ирэхээс хамгаалан хилээ хааж, шуурхай арга хэмжээ авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээллээр, Пёньян олон улсын “COVAX” механизмын хүрээнд тус улсад хуваарилагдсан вакциныг хүлээн авахаас татгалзсан. Улмаар тус улсад оногдсон вакциныг бусад улсад хуваарилсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Вакцинд хамрагдаагүй болохоор өнжмөл өвсөнд гал түймэр дүрэлзэх мэт тархах байхдаа яана даа Кин?
khuuli zurchsunuu medeed bgaa bol khariutslagaa khulee ...aldsan ch gekh shig...
covid ankh garch bkhad Khoid so-d ilersen 1 nas barsan 1 geed olon ulsiin medeegeer garaad l bdag bsan sh dee.....