"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-49 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЦИ СИН ТАНЬ305 МАНДАЛД ЖУГӨ САЛХИЙГ ТАХИСАН САНЬ ЗЯН КОУ АМНАА ЖОУ ЮЙ ГАЛ ТАВЬСАН
305 Долоон одот мандал
Өгүүлэх нь: Жоу Юй уулын оройд зогсож, удтал бараа харан агсаар гэнэт хойш хандаж унаад амнаас цусаар бөөлжиж нэгэнтээ хүний хэргийг ухахгүй болов. Жигүүрийн ард тэнхрүүлэн цацарт аваачсан хойно олон жанжин нар ирж асуугаад цөм цочиж, эмээн харилцан харалцаж өгүүлрүүн: “Мөрний хойдын зуун түмний олон “Барс мэт сууж их загас адил залгисугай!” хэмээн атал санамсаргүй Дүдү энэ мэт болжээ. Хэрвээ Цаоцаогийн цэрэг ирвээс хэрхмүй?” хэмээн яаран хүн зарж Үхоуд306 хэлэхээр илгээгээд нэгэнтээгүүр эмч залж засуулав! Тэндээс Лүсү, Жоу Юйгийн өвдсөнийг үзээд сэтгэл дотроо битүүрэн Кунмингийн дэргэд ирж Жоу Юйгийн гэнэт өвдсөн учрыг хэлбээс Кунмин өгүүлрүүн: “Гүн үүнийг юу хэмээмүй?”. Лүсү өгүүлрүүн: “Энэ Цаоцаогийн буян Зяндунгийн зовлон болой”. Кунмин инээн өгүүлрүүн: “Гунзиньгийн өвчнийг би засаж чадмуй”. Лүсү өгүүлрүүн: “Үнэхээр тийм болбоос улс гэрийн түмэн хишиг болой” хэмээгээд даруй Кунмингийн хамт өвчнийг үзэхээр очив. Лүсү урьдаар орж үзвээс Жоу Юй хөнжлөөр толгойгоо ороон хэвтжээ. Лүсү өгүүлрүүн: “Дүдүгийн өвчний байдал ямар буй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Аюулхай хатган өвдөж байн байн харангадмуй”. Лүсү өгүүлрүүн: “Эм ууж сувилсан уу?”. Жоу Юй өгүүлрүүн: “Дотор огшуулан эм ууж орохгүй”. Лүсү өгүүлрүүн: “Кунминтэй уулзахаар очсонд тэр хэлрүүн “Дүдүгийн өвчнийг эдгээж чадмуй” хэмээх тул өнөө цацрын гадна буй. Залж ирэн засуулбаас ямар аж?”. Жоу Юй “Залж оруул!” хэмээгээд жигүүрийн ардаар биеийг өргүүлж ширээнд суусан хойно Кунмин өгүүлрүүн: “Энэ хэдэн өдөр авгайн царайд олж золгосонгүй. Ямар үес эрхэм бие амаргүй болсон буй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Хүнд өглөө үдшийн буян зовлон буй тул хэрхин өөрөө хамгаалан чадмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Тэнгэрт шинжихүйеэ бэрх салхи үүл байх тул хүн хэрхин урьдаас мэдэж чадах аж?”. Жоу Юй сонсоод царай хувилж гэнгэнэн ёолон үүсгэв.
306 Сүньцуаньгийн хэргэм
Кунмин өгүүлрүүн: “Дүдүгийн дотор мэгдрүүлмүй үү?”. Жоу Юй өгүүлрүүн: “Тийм болой”. Кунмин өгүүлрүүн: “Эрхгүй хүйтэн чанартай эмийг хэрэглэж сарниулах хэрэгтэй”. Жоу Юй хариуд нь: Жоу Юй өгүүлрүүн: “Хүйтэн чанартай эмийг уусан боловч нэг нь ч тус болсонгүй”. Кунмин өгүүлрүүн: “Урьдаар хийг засах хэрэгтэй. Хий эевэргүү болбоос амьсгалах хооронд өвчин өөрөө эдгэх болой”. Жоу Юй дотроо “Кунмин эрхгүй миний санааг мэдсэн болой” хэмээн сэтгээд өгүүлрүүн: “Амьсгалыг эевэргүү болгоход ямар эм ууваас зохимуй?”. Кунмин инээн өгүүлрүүн: “Жугө Лян надад нэгэн жор буй, Дүдүгийн амьсгалыг эвтэй болгосугай!”. Жоу Юй өгүүлрүүн: “Ноёнтны хүртээн сургахыг хүсмүй!”. Кунмин бийр цаас авчруулж, хоёр жигүүрийн хүнийг гаргасан хойно сэмээр арван зургаан үсэг бичиж өгөв. Тэр үг нь “Цао гүнийг эвдлэсүгэй хэмээвээс галаар байлдах хэрэгтэй. Түмэн зүйл цөм бүрджээ. Гагц дорно зүгийн салхи дутуу!” хэмээн бичиж дуусгаад Жоу Юйд өгч өгүүлрүүн: “Энэ нь Дүдүгийн өвчний уг үндэс болой” хэмээв. Жоу Юй үзээд ихэд цочиж дотроо санаруун “Кунмин үнэхээр сахиулсан хүн болой. Миний санасан учрыг хэдийнээс мэдсэн аж” хэмээн инээн өгүүлрүүн: “Ноён нэгэнтээ миний өвчнийг мэдсэн тул одоо ямар эм тавьж засмуй? Учир явдал цухал түгшүүр болжээ. Даруй түргэн заан өгөхийг хүсмүй!”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би хэдий эрдэмгүй боловч өөр увдист хүнд учран “Цимэнь Дүньзя” хэмээх тэнгэрийн бичгийн гайхамшгийг уламжлан сурсан тул салхийг урьж бороог дуудан чадмуй. Дүдү хэрвээ “Зүүн өмнөдийн салхийг хэрэглэсүгэй!” хэмээвээс Наньпин Шань уулнаа нэгэн мандал байгуулагтун! Нэрийг “Долоон одот мандал” хэмээмүй. Өндөр есөн тохой, гурван дэгтэр цогцлон нэг зуун хорин хүнд далбаа бариулан мандлыг тойруулж зогсоо. Жугө Лян би мандал дээр увдис үүсгэж, гурван өдөр, гурван шөнийн зүүн өмнөх их салхийг уриад, Дүдүгийн цэрэг хэрэглэхэд тусалбаас ямар аж”. Жоу Юй өгүүлрүүн: “Гурван өдөр, гурван шөнийнх байтугай ганц нэгэн шөнийн их салхийг олбоос их үйл бүтэх болой. Үйл нүдний өмнө болжээ. Удааваас болохгүй”. Кунмин өгүүлрүүн: “Арван нэгэн сарын хорины хөх хулгана өдөрт салхийг дайж, хорин хоёрны улаан барс өдөрт салхийг зогсоовоос ямар буй?”. Жоу Юй ихэд баярлаж гэнэт босоод даруй цааз зарлаж, таван зуун шилдэг цэргийг томилон Наньпин Шань ууланд мандал цогцлоохоор илгээгээд, жич нэг зуун хорин хүнийг салган “Далбаа барьж мандлыг сахь хэмээн зарлан хэрэглэхийг сонс! “ хэмээв.
Тэндээс Кунмин салж цацраас гараад Лүсү лүгээ хамт морь унаж Наньпин Шань уулнаа хүрээд газрын байдлыг үзэн нягтлаж цэргийн хүнээр зүүн өмнө этгээдээс улаан шороо авчруулж, мандал цогцлуулав. Эргэн тойрон хорин дөрвөн хос алд нэгэн дэгтэр бүр гурван тохой, бүгд есөн тохой доорхи нэгэн дэгтэрт хорин найман одны далбаа хатгажээ. Зүүн зовхисын долоон хөх далбааг Зэдраа, Сувади, Шушаг, Анурад, Цэста, Мол, Бүрвасад307-ын ёсоор Хөх луугийн байдлаар жагсааж хойд зовхист долоон хар далбааг Удирасад, Авизи, Шираван, Даниста, Садабис, Бүрвабадрибад, Удирабадрибад308-ын ёсоор яст мэлхийн байдлыг гаргав. Баруун зовхист долоон цагаан далбааг Ривади, Ашувани, Барани, Хиртиг, Ровагини, Маргасар, Артир309-ын ёсоор цагаан барсын сүрийг илтгэж, өмнө зовхист долоон улаан далбааг Бүрнавашү, Бүс, Аслис, Мэг, Бурвабэлгүни, Удирабэлгүни, Хасдаг310-ийн ёсоор улаан бялзуухайн дүрийг бүтээжээ.
307 Зэдра, Сувади, Шушаг, Анурад, Цэста, Мол, Бүрвасад: Дорно зүгийн долоон одыг ерөнхийд нь Хөх луу буюу Чинлун гэдэг
308 Удирасад, Авизи, Шираван, Даниста, Садабис, Бүрвабадрибад, Удирабадрибад: Умар зүгийн долоон одыг ерөнхийд нь яст мэлхий буюу Сүань Ү гэдэг. Үүнийг яст мэлхий, могой, хойт зүгийн сахиулсан гэх зэрэг янз янзаар нэрлэдэг
309 Ривади, Ашувани, Барани, Хиртиг, Ровагини, Маргасар, Артир: Өрнө зүгийн долоон одыг ерөнхийд нь цагаан барс буюу Бай Ху гэж нэрлэдэг
310 Бүрнавашү, Бүс, Аслис, Мэг, Бурвабэлгүни, Удирабэлгүни, Хасда: Өмнө зүгийн долоон одыг ерөнхийд нь Улаан шаазгай буюу Жү Цяо гэж нэрлэдэг. Дундад улсын эртний үед дээр дурдсан “Хар зам” ба “Шар зам”-ын ойролцоох хорин найман одыг “Хорин найман од” гэж нэрийддэг. Үүнийг бас дөрвөн зүгээр ялган Хөх луу, цагаан барс, Улаан шаазгай, яст мэлхий гэж дөрвөн хэсэгт хуваадаг. Эртний хүмүүс үүнийг “Дөрвөн зүгийг төвшитгөгч дөрвөн сахиулсан” гэдэг.
Дунд дэгтрийг тойруулан жаран дөрвөн шар далбааг хатгаж, жаран дөрвөн хүлилийг найман зүг зохион байгуулжээ. Дээр нэгэн дэгтэрт дөрвөн хүн хэрэглэж тус бүр Шуфа Гуань нэрт малгай зүүлгэж, хар өнгөт магнаг өмсгөөд гарьдтай нөмрөг, өргөн бүс улаан шаахай, өнцөгт хормойвч зүүлгэжээ. Зүүн өмнө этгээдийн нэгэн хүн гартаа урт шураг атгаад, шурагны үзүүрт тахиан өд уяж салхины чимээг авмуй. Баруун өмнө этгээдийн нэгэн хүн урт шураг барьж шурагны дээр долоон одот далбаа өлгөн салхины зүгийг үзмүй. Зүүн умар этгээдийн нэгэн хүн эрдэнийн сэлэм өргөж, баруун умар этгээдийн нэгэн хүн гартаа гүйлс311-ийг тэвэрчээ. Мандлын доторх хорин дөрвөн хүн тус бүр хиур далбаа, шүхэр, их сэрээт жад, урт могойт жад, шар дөмөг, цагаан залаа, улаан манжлага, хар далбаа барьж дөрвөн зүгийг гархилан тойрмуй. Кунмин арван нэгэн сарын хорины хөх хулгана өдөр биеэ угаан цэвэрлэж, бумбын хувцас өмсөөд үсийг задгайлан, хөл нүцгэлж мандлын өмнө хүрч ирээд Лүсүгийн зүг сургаж өгүүлрүүн: “Зызин хүрээнд эгж Гунзиньд туслан цэргийг улируул! Хэрвээ Жугө Лян миний наманчлан гуйсан тохиолдохгүй болбоос үл зэмлэмүй!” хэмээхэд Лүсү салж одов. Кунмин бас мандлыг сахих жанжин цэрэгт сургаж өгүүлрүүн: “Дураар зүг орноос салж болохгүй! Чих толгой нийлүүлэн хэлэлцэж болохгүй! Амалдаж, самуун үг гаргаж болохгүй! Цочин айж гайхалдаж болохгүй. Цаазыг зөрчигсөд байваас алмуй!” хэмээсэнд олон цөм хүлээн авав. Кунмин алгуур мандал дээр гарч зүг зовхисыг тогтоосон хойно хүлсэнд хүж шатааж, ариун усыг өмнөө тавиад тэнгэрийн зүг сэмээр залбирав.
Мандлаас бууж цацарт орж баахан амран суугаад цэргийн хүнийг солилцон халж будаа идүүлнэ. Кунмин нэгэн өдөр гурван удаа мандалд өөдлөн, гурван удаа мандлаас бууж огт зүүн өмнө салхи салхилахгүй бөлгөө.
Тэндээс Жоу Юй, Чэнпү, Лүсүгийн зэргийн цэргийн түшмэдийг залж цацарт хүлээлгэн “Гагц зүүн өмнө салхи үүсвээс даруй цэрэг гармуй!” хэмээж нэгэнтээгүүр “Ү Хоуг туслахаар ир!” хэмээн хүн зарав. Тэр цагт Хуангай гал тавих хорин онгоцыг бэлтгэн онгоцны тэргүүнд төмөр гадсыг дүүртэл хатгаад онгоцны дотор хуурай хулс мод, туйванг агуулж дээр нь загасны тос үсэргэн, тосон дээрээ хүхэр, шуу312 зэргийн гал татах юмыг дэвсээд цөмийг нь хөх бүс болон тосодсон цаасаар бүрхэв. Онгоцны тэргүүнд хөх луут далбаа хатгаад, сүүлэнд нь бага онгоц уяж цацрын дор Жоу Юйгийн захиаг хүлээх ажээ.
311 Нэгэн зүйлийн өнгө цагаан цэцэг
312 Дарь хийхэд ордог түүхий эд
Ганьнин, Каньзө усан хүрээн дотор Цайжун, Цайхөг хорьж өдөр бүр хуримлан уулцаж нэгэн хүнийг ч гарган мөрний хөвөөнд илгээхгүй, эргэн тойрон цөм зүүн Ү улсын цэрэг морь болоод ус ч нэвтрэн чадахгүй, гагц цацраас захиа ирэхийг хүлээмүй. Жоу Юй төв хэмээн цацарт сууж бүхийд мэдээ авах хүн ирж хэлрүүн: “Ү Хоугийн онгоц эндээс наян таван газрын эцэст зогсож, Дүдүгийн сайн мэдээг хүлээмүй”. Жоу Юй даруй Лүсүг зарж газар газрын харьяат түшмэл цэрэгт “Өөр өөрийн онгоц сал, загас сүүл, зэр зэвсэг, далбаа зэргийн юмыг бүрнээр бэлтгэж байгтун! Нэгэнтээ зарламагц цаг мөч хэмээн зөрчсөнийг цэргийн цаазаар аваачмуй!” хэмээн нийтэд зарлуулав. Олон жанжин цэрэг захиаг сонсмогц нэг нэгээр нударгаа атгаж, алгаа зүлгээд гагц алалдахыг хүлээжээ. Тэр өдөр үзсээр үдэш болов. Тэнгэр сайхан арилж, өчүүхэн ч салхигүй. Жоу Юй Лүсүгийн зүг өгүүлрүүн: “Кунмингийн үг ташаарав. Өвлийн цагт хэрхин зүүн өмнөдийн салхийг олж чадмуй?”. Лүсү өгүүлрүүн: “Би бодвоос Кунмин хэрхивч ташаа үгийг хэлэхгүй бөлгөө” хэмээн хэлэлцэж гуравдугаар жингийн үес болохуйяа гэнэт салхи салхилах дуу сонсогдож далбаа, хиур хөдлмүй. Жоу Юй буудлаас гараад үзвээс далбааны үзүүр эгнэгт баруун хойд зүг хийсэж агшин зуур зүүн өмнөдийн салхи ихэд үүсэв.
Түүнээс Жоу Юй цочиж өгүүлрүүн: “Энэ хүн тэнгэр газрын хувьсах аргыг булааж, чөтгөр сахиулсан боловч ухахгүй увдис байх тул хэрэв түүнийг удаан агуулбаас Зяндун газрын зовлонгийн үндэс болмуй. Эртхэн алж хожим өдрийн зовлонг тасалсугай!” хэмээгээд даруй цацрын өмнөх цэргийг хамгаалах Сяо Юй түшмэл Динфөн, Сюйшэн хоёр жанжныг дуудаж тус бүр нэг зуун цэрэг өгч “Сюйшэнгийн цэрэг мөрнөөр Динфөнгийн цэрэг харин хуурай замаар явсаар бүгд Наньпин Шань уулын долоон одны мандалд очиж алив үгийг битгий асуугтун! Жугө Лянийг барьж алаад тэргүүнийг авчир!” хэмээн илгээв. Хоёр жанжин захиаг олоод Сюйшэн нэг зуун илд сүхт хүнийг авч долгионыг эвдэн хазуурыг хөдөлгөж явсан бөгөөд Динфөн нэг зуун холховч нумт ардыг дагуулан тус бүр сайн морь унаж хамтдаа Наньпин Шань уулнаа ирэв. Замд төв хэмээн зүүн өмнөдийн салхи үүсгэхэд учрав. Хожмын хүний шүлэглэсэн нь:
“Чи Син тан313 тагтад хэвтээ луу авирмагц
Цалгиант мөрнийг зүүн салхи нэгэн шөнөөр донсолгов
Жугө Лян хэрвээ уран арга хэрэглэсэнгүй бөгөөс
Жоулан яахин чадвараа үзүүлж чадах буй?”
313 Долоон одот
Динфөнгийн морьт цэрэг урагш хүрч үзвээс мандал дээр далбаа барьсан жанжин цэрэг салхинд зогсож амуй. Динфөн мориноос буун илдээ барьсаар мандал дээр гарвал Кунмин үзэгдэхгүй тул яаран сахисан жанжин цэргээс асууваас өчрүүн: “Өнөөхөн сая мандлаас бууж одов” хэмээсэнд Динфөн яаран мандлаас бууж эрэхэд Сюйшэнгийн онгоц нэгэнтээ хүрч ирэв. Хоёул мөрний хөвөөнд уулзтал цэргийн хүн мэдүүлрүүн: “Өчигдөр үдэш нэгэн суман онгоц өмнөх голын аманд зогсож агсан бөлгөө. Өнөө сая Кунмин үсээ тавьж онгоцонд гараад тэр онгоц голыг өөдлөн одов” хэмээхэд Динфөн, Сюйшэн нар хуурай усны хоёр замаар нэхэв. Сюйшэн онгоцны далбааг бүрэн өлгөөд салхийг огтлон довтолгон одож үзвээс өмнөд онгоц холгүй тул Сюйшэн онгоцны тэргүүнд зогсож өндөр дуугаар бархиран өгүүлрүүн: “Цэргийн багш битгий одогтун! Дүдү залж амуй” хэмээвээс Кунмин онгоцны сүүлд зогсоод ихэд инээж өгүүлрүүн: “Дүдүд эгж хэлэгтүн! Цэргийг сайхнаар хэрэглэ! Жугө Лян түр Сякоуд эгээд хойч өдөр дахин золгохоор ирмүй!”. Сюйшэн өгүүлрүүн: “Түр баахан зогс чухал үг буй”. Кунмин өгүүлрүүн: “Би нэгэнтээ урьдаас Дүдүгийн намайг багтаан чадахгүй бөгөөд эрхгүй хөнөөхөөр ирэхийг бодож тогтоод хэдийн Жао Зылун нарыг угтахаар ирүүлсэн бөлгөө. Жанжин нэхэхээр ирэх хэрэггүй!” хэмээжээ. Сюйшэн онгоцонд дарвуулгүйг үзээд нэхэн одсоор ойр хүрмэгц Жао Юнь нум барьж, зэв онилон онгоцны сүүлд зогсоод өндөр дуугаар өгүүлрүүн: “Би Чаншаньгийн Жао Зылун болой. Захиаг дагаж тухайлан цэргийн багшийг угтахаар ирэв. Чи юу хэмээн нэхэж ирмүй? Чухам би чамайг нэгэн зэвээр харваж алах бөлгөө. Гагц бид хоёр гэрийн найрыг алдах тул чамд өөрийн гарын эрдмээ үзүүлсүгэй!” хэмээгээд харвасанд Сюйшэнгийн онгоцны дарвуулын дээс тасраад тэр дарвуул нь усанд унаж онгоц эргэж хөндлөн болов. Жао Юнь өөрийн онгоцны далбааг өлгөн салхины аяар нисэх мэт одсонд нэхэж амжихгүй болжээ. Динфөн хөвөөн дээрээс Сюйшэнгийн онгоцыг хөвөөний ойр дуудаж өгүүлрүүн: “Жугө Лянгийн сахиулсан мэт бодлогод хүн хүрэхгүйн дээр бас Жао Юнийг түмэн эр ялгахгүй баатар буй. Чи Дан Ян газрын Чанбаний үеийг мэдэхгүй юү? Бид эгж учрыг мэдүүлбээс барав” хэмээгээд хоёул буцаад Жоу Юйд уулзан Кунмингийн урьдаас Жао Юньтай болзож, угтахаар ирүүлэн одсоныг хэлсэнд Жоу Юй ихэд хиртхийж өгүүлрүүн: “Энэ хүн ийм олонтаа бодлоготой болбоос намайг өдөр шөнийн хувьд амаргүй болгомуй” гэхэд Лүсү өгүүлрүүн: “Түр Цаоцаог эвдсэн хойно дахин хичээвээс болмуй”. Түүнээс Жоу Юй үгийг дагаж олон жанжин нарыг цааз сонс хэмээн цуглуулж, урьдаар Ганьнинг дуудаж “Чи Цайжун бас шинэ дагасан цэргийг авч өмнөд хөвөөг барин яваад хойд цэргийн туг хиурыг өргөн шууд Үлиньгийн газрыг авахаар очигтун! Энэ төв хэмээн Цаоцаогийн амуу цуглуулсан газар тул гүн орж тэмдэг гал өргөгтүн! Гагц Цайхөг үлдээтүгэй! Би хэрэглэх газар буй” хэмээгээд дараа нь Тай Шицыг дуудаж өгүүлрүүн: “Чи гурван мянган цэрэг авч шууд Хуанжоугийн хязгаарт хүрч Цаоцаогийн Хөфэй газраас туслахаар ирэх цэргийг таслан зогсоож даруй Цаоцаогийн цэргийн ойр очиж тэмдэг гал тавьтугай! Ганц улаан далбаа үзэгдвээс Үхоугийн туслахаар ирэх цэрэг мөн” хэмээжээ.
Энэ хоёр салааны цэрэг маш хол тул урьдаар илгээжээ. гуравдугаарт Люймөнг дуудаж “Чи гурван мянган цэрэг аван Үлинь газарт одоод Ганьнинд тусалж Цаоцаогийн хүрээнд гал тавь!”. Дөрөвдүгээрт Линтунийг дуудаж: “Чи гурван мянган цэрэг аван илингийн захад одож гагц Үлиньгийн газраас гал гарахыг үзмэгц цэрэг авч туслахаар оч!”. Тавдугаарт Дунсиг дуудаж өгүүлрүүн: “Чи гурван мянган цэрэг аваад Хань янгийн газарт одож, Ханьчуаньгийн зүгээс Цаоцаогийн хүрээнд алан орогтун! Цагаан далбаа үзэгдвээс туслах цэрэг болой” хэмээв. Зургаадугаарт Пань Жаныг дуудаж хэлрүүн: “Чи гурван мянган цэрэг авч цөм цагаан далбаа өргөн Хань Янгийн газарт хүрч Дунсид тусал!” хэмээжээ. Энэ зургаан салааны цэрэг тус бүр зам хуваан одов. Түүнээс Хуангайгаар галын онгоцыг бэлтгүүлж, нэгэн өчүүхэн цэргийн хүнээр Цаоцаод бичиг илгээн “Энэ шөнө дагахаар ирмүй!” хэмээн явуулаад нэгэнтээгүүр дөрвөн байлдах онгоц салгаж, Хуангайгийн онгоцны хойно дагаж тусалтугай! хэмээв. Тэргүүн ангийн цэргийн түшмэл Ханьдан, хоёрдугаар ангийн цэргийн түшмэл Жоутай, гуравдугаар ангийн цэргийн түшмэл Зянцинь, дөрөвдүгээр ангийн цэргийн түшмэл Чэнь Ү, дөрвөн анги тус бүр цөм гурван зуугаад байлдах онгоц авч урдаа цөм гал тавих онгоц хорийг жагсаав. Жоу Юй, Чэнпү лүгээ байлдах их онгоцонд сууж байлдахыг захирмуй. Сюйшэн, Динфөнийг зүүн баруун этгээдийн хамгаалагч болгож, ганц Лүсү, Каньзө жич олон зөвлөлийн сайдыг үлдээж хүрээг сахиулав. Чэнпү, Жоу Юйгийн цэргийг улируулан хэрэглэхэд зүй зохистойг үзээд маш бишрэв. Тэндээс Сүньцуань элчид цэргийн хагас тамгыг бариулан илгээгээд хэлсэн нь: “Лүсюнийг нэгэнтээ гавшгай болгож цихуан газарт цэрэг оруулж миний бие хойноос тусламуй” хэмээжээ. Жоу Юй бас хүн зарж: “Си Шань ууланд буу тавь! Наньпин Шань ууланд тэмдэг туг өргө!” хэмээн илгээж аливаа зүйлийг тогтоогоод гагц “Гэгээ тасарваас хөдлөмүй” хэмээн хүлээв.
Тэндээс Сюаньдө Сякоуд байж гагц Жугө Лянгийн эгж ирэхийг хүлээж байтал гэнэт нэгэн анги онгоц хүрч ирэв. Үзвээс гүнз Люци өөрөө мэдээ авахаар ирсэн ажгуу. Сюаньдө даруй угтаж асрын дээр гарч суусан хойно өгүүлрүүн: “Зүүн өмнөөс салхилж удсан болой. Жао Зылун Кунминийг угтахаар одоод өдгөө болтол хүрч ирэхгүй байх тул миний дотор маш их зовмуй” хэмээсэнд нэгэн цэргийн хүн хуруугаар зааж: “Фанькоугийн аманд нэгэн онгоц далбаа өлгөн салхины аясаар хүрч ирмүй. Тэр эрхгүй цэргийн багш болой!” хэмээхэд Сюаньдө, Люцигийн хамт асраас буугаад угтахаар ирвээс удалгүй онгоц хүрч ирээд Кунмин, Жао Зылун хөвөөнд гарсан хойно Сюаньдө ихэд баярлаж, ёслон золгов. Кунмин өгүүлрүүн: “Би өнөө өөр хэргийг хэлэх чөлөөгүй, урьдын хэлсэн цэрэг морь, байлдах онгоцыг цөм бэлтгэн дуусгасан буюу?”. Сюаньдө өгүүлрүүн: “Дуусаж удав. Гагц цэргийн багшийн улируулан хэрэглэхийг хүлээж буй”. Кунмин даруй Сюаньдө, Люци лугаа цацарт гарч суусан хойно Жао Юньгийн зүг өгүүлрүүн: “Зылун чи гурван мянган морьт цэргийг аван мөрнийг гэтэлж, Үлинь газрын бага замаар одож, шугуй хулсны игч314 газарт бүгэгтүн! Энэ шөнийн дөрөвдүгээр жингийн эцэст Цаоцао эрхгүй тэр замаар буруулан одмуй. Түүний цэргийг хагас өнгөрүүлээд гал тавигтун!
314 Мод ургамалын нягт, шигүү, чигжүү байдал
Хэдийгээр дуустал алж чадахгүй боловч бас ч хагасыг олж алмуй” хэмээсэнд Жао Юнь өгүүлрүүн: “Үлинь газарт хоёр зам буй. Нэг нь Нань Зюнь хошууны зүг одох бөгөөд нэг нь Зинжоу мужид нэвтэрмүй. Аль замаар ирэхийг мэдэхгүй.” Кунмин өгүүлрүүн: “Наньзюнь хошууны зам цухал тул Цаоцао айж одохгүй. Эрхгүй Зинжоу мужид ирж, хойно сая их цэргийг аван Сюйчангийн зүг одмуй” хэмээсэнд Жао Юнь хүлээн авч одов. Бас Жанфэйг дуудаж өгүүлрүүн: “Идө чи гурван мянган цэрэг авч мөрнийг гэтлэн Илиньгийн замыг огтолж Ху Лүгү завын аманд бүгэгтүн! Цаоцао айж өмнөд Илинь рүү очихгүй. Эрхгүй умар илинийг эрэн очмуй. Маргааш бороо арилсан хойно эрхгүй ирж тогоо тулж будаа чанамуй. Гагц гал утааны үүсэхийг үзвээс даруй уулын хормойд гал тавигтун! Хэдийгээр Цаоцаог олж барихгүй боловч Идө чиний энэ удаагийн гавьяа багагүй” хэмээсэнд Жанфэй хүлээн авч одов. Бас Мижу, Мифан, Люфэн гурвуулыг дуудаж тус бүр онгоцонд суун мөрнийг тойрон бууруулах цэргийг барьж, зэвсгийг булаан авагтун!” хэмээсэнд гурвуул хүлээн авч одов. Кунмин босоод гүнз Люцигийн зүг өгүүлрүүн: “Үчан болбоос хэдийгээр бага газар боловч маш чухал орон болой. Гүнз хурдан эгж доорхи цэргийг аван мөрний аманд жагсааж байгтун! Цаоцао нэгэнтээ буруулсанд эрхгүй тэр газарт дутааж ирэх тул чи түүнийг баригтун! Хэрхивч хэмээн хөнгөлж хотоос ангижирч үл болмуй!”. Люци даруй Сюаньдө, Кунмингаас салж одов. Кунмин Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Эзэн гүн Фанькоугийн аманд цэрэг буудаллан нэгэн өндөр газарт гарч энэ шөнө Жоулангийн их гавьяа бүтээхийг сууж үз!” хэмээв. Тэр үест Юньчан хажууд зогсож байсан боловч Кунмин огт дурдахгүй тул Юньчангийн дотор хүлээх тэсэхгүй болж өндөр дуугаар өгүүлрүүн: “Би ахыг дагаж ямагт байлдан дийлэн хэдий он болтол нэг ч хожидсон явдалгүй бөлгөө. Энэ өдөр их дайсантай учирсан атал цэргийн багш харин намайг тушаан хэрэглэхгүй нь ямар санаа буй за?”. Кунмин инээж өгүүлрүүн: “Юньчан битгий зэмлэгтүн! Би чамайг нэгэн чухал газрын хавцал амыг сахиулсугай хэмээтэл баахан харшилдах газар буй, тиймийн тул болгоомжилж илгээхгүй болой”. Юньчан өгүүлрүүн: “Ямар торох газар буй? Даруй ухуулахыг хүсмүй!”.
Кунмин өгүүлрүүн: “Урьд Цаоцао чамайг хүндэлсэн нь ихэд зузаан тул чи яавч ач хариулах буй за. Энэ удаа Цаоцаогийн цэрэг дарагдсанд эрхгүй Хуа Рундаогийн замаар одох бөлгөө. Хэрвээ чамайг илгээвээс чи эрхгүй тавьж гаргамуй. Тиймийн тулд болгоомжлоод илгээхгүй” хэмээсэнд Юньчан өгүүлрүүн: “Цэргийн багшийн сэтгэл юунд тийм олонтаа буй? Тэр тухайд Цаоцао үнэхээр намайг нэн зузаан хүндэлсэн боловч би нэгэнтээ Яньлян, Вэньчоуг алан, Байманд хаагдсаныг дийлж, түүний ачийг хариулсан бөлгөө. Энэ өдөр учирваас би хэрхиж хөнгөнөөр тавимуй” хэмээсэнд. Кунмин өгүүлрүүн: “Чи хэрвээ тавибаас яамуй?”. Юньчан өгүүлрүүн: “Цэргийн цаазаар аваачихыг хүсмүй”. Кунмин өгүүлрүүн: “Тийм болбоос цэргийн цаазын бичиг байгуулагтун!”. Юньчан даруй бичиг хийж өгөөд өчрүүн: “Цаоцао хэрвээ тэр замаар ирэхгүй болохул яамуй?”. Кунмин хэлрүүн: “Би бас бичиг хийж өгсүгэй!” хэмээсэнд Юньчан ихэд баярлав. Кунмин өгүүлрүүн: “Юньчан чи Хуа Рундаогийн нарийн замын өндөр ууланд өвс модыг цуглуулж, гал тавин утаа гаргаж, Цаоцаог урьж ирүүл” хэмээсэнд Юньчан өгүүлрүүн: “Цаоцао гал утааг үзвээс бүгсэн цэрэг буй хэмээн мэдэж юунд ирэх буй.
Кунмин инээж өгүүлрүүн: “Цэргийн бичигт үнэн хэмээх нь худал, худал хэмээтэл үнэн” хэмээсэн шүүмжлэлийг сонссонгүй юу? Цаоцао хэдий цэрэг хэрэглэн чадавч гагц энэ аргаар түүнийг мэхлэн ирүүлж болмуй. Тэр утаа боссоныг үзвээс, хуурмаг сүрдүүлэв хэмээн мушгин энэ замыг эрж ирмүй. Жанжин битгий нүүрчил!”. Юньчан цаазыг хүлээн аваад Гуаньпин Жоуцан жич таван зуун илдэт цэргийг авч Хуа Рундаод бүгэхээр одов. Сюаньдө өгүүлрүүн: “Миний дүү хүнд журамт хүн тул хэрвээ Цаоцао үнэхээр Хуа Рундаогоор явбаас эрхгүй тавьж илгээх буй за”. Кунмин өгүүлрүүн: “Би шөнө тэнгэрийн байдлыг шинжихэд Цаоцаогийн үхэх цаг болоогүй бөлгөө. Тийнхүү энэ нэгэн сэтгэлгээ найрыг Юньчангаар хийлгэвээс бас ч сайхан хэрэг бус уу?” Сюаньдө өгүүлрүүн: “Ноёнтны хувилгаан бодлогыг ертөнцийн хүмүүний гүйцэх нь бус” хэмээв. Кунмин даруй Сюаньдө лүгээ Фанькоугийн аманд Жоу Юйгийн цэрэг хэрэглэхийг үзэхээр очоод Сүньцянь, Зянь Юнийг үлдээж хотыг сахиулав.
Тэндээс Цаоцао их хүрээний дотор олон жанжин лугаа зөвлөн гагц Хуангайгийн мэдээг хүлээн суумуй. Тэр өдөр зүүн өмнөдийн салхи салхилах нь маш шахам тул Чэн Юй орж Цаоцаод өгүүлрүүн: “Энэ өдөр зүүн өмнөөс салхи үүссэн тул сэргийлбээс зохимуй!”. Цаоцао инээн өгүүлрүүн: “Өвлийн туйл болж аргын уур мандах цаг ээлжлэн ирэхэд яахин зүүн өмнө салхигүй болох аж? Юунд тэгтэл сонирхмуй?” хэмээтэл гэнэт цэргийн хүн ирж хэлрүүн: “Зяндунгаас нэгэн бага онгоц хүрч ирээд Хуангайгийн илгээсэн нягт бичиг буй хэмээн өгүүлмүй”. Цаоцао даруй дуудаж оруулсан хойно тэр хүн бичгийг өргөв. Бичгийн дотор өгүүлсэн нь: “Жоу Юйгийн сэргийлэн сахих нь маш чанга тул болтол бие мултрах аргыг олсонгүй. Өдгөө Пө Янху тэнгисээс шинэ амуу зөөж ирсэнд Жоу Юй Хуангай намайг “Мөрний ирмэгийг цагд!” хэмээн зарснаар сая чөлөө олж сайн муу ч болов Зяндунгийн нэрт жанжныг алж тэргүүнийг өргөж дагахаар ирмүй. Мөн шөнө хоёрдугаар жинд онгоцны тэргүүнд хөх луут далбаа хатгасан нь даруй амууны онгоц болой” хэмээжээ.
Цаоцао бичгийг үзэж бараад ихэд баярлаж даруй олон жанжин нарын хамт усан хүрээнд ирж, их онгоцон дээр суугаад Хуангайгийн онгоц ирэхийг үзмүй. Тэндээс тэнгэр орой болмогц Жоу Юй Цайхөг дуудан ирж цэргийн хүнээр хүлүүлбээс цайхө “Ялгүй!” хэмээн хэлсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Чи ямар зэргийн хүн хэмээн аюумшиггүй хууран дагахаар ирэв? Надад өдгөө ганц нэгэн туг тахих буянт юм дутагдаж буй тул чиний тэргүүнийг зээлэн авахыг хүсмүй”. Цайхө зайлуулбаас болохгүй тул өндөр дуугаар өгүүлрүүн: “Чиний гэрийн Каньзө, Ганьнин бас хамт зөвлөсөн бөлгөө”. Жоу Юй өгүүлрүүн: “Тэр миний зарсан нь болой”. Цайхө гэмшивч гүйцэхгүй Жоу Юй мөрний хөвөөнд авчруулж их хар тугийн дор архи дусааж, цаас түлээд нэгэн илдээр Цайхөг цавчин алаад цусаар тугийг тахиж барсан хойно даруй цааз зарлан онгоцыг хөдөлгөв. Хуангай гуравдугаар онгоцонд суун гагц цээжийг халхлах хуягийг нөмрөн гартаа хурц илд барьж тугандаа “Гавшгай Хуангай” хэмээн бичээд салхины аясаар Улаан хавцлын зүг оров. Тэр тухай зүүнээс салхи ихэд салхилж усны давлагаа догшин болжээ. Цаоцао дунд цэрэгт байж холоос мөрнийг алсалж үзэхэд сар улам мандаж, гэрэл мөрний усанд тусаад түмэн зурвас алтан могой давлагааг дагаж хөрвөн наадах мэт. Цаоцао салхийг угтан ихэд инээн өөрөө зоригийг олов хэмээн оморхоглож байтал гэнэт нэгэн цэргийн хүн зааж өгүүлрүүн “Мөрний өмнөөс бүрэг бараг нэгэн сүрэг онгоц далбаа өлгөж салхины аясаар ирмүй”. Цаоцао өндөр газарт зогсож үзэж атал бас нэгэн хүн ирж хэлрүүн: “Цөм хөх луут далбаа хатгаж дотроо нэгэн их туганд “Гавшгай Хуангай” хэмээн бичжээ хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Гүнфү дагахаар ирэх нь тэнгэр надад туслах нь болой” хэмээв. Ирэх онгоц улам ойр болоход Чэн Юй нилээн удаан харж байснаа Цаоцаод өгүүлрүүн: “Ирэх онгоц эрхгүй хуурмаг болой. Түр битгий хүрээний ойр болгогтун!”. Цаоцао өгүүлрүүн: “Яахин мэдэв?”. Чэн Юй өгүүлрүүн: “Амуу онгоцны дотор буй болбоос онгоц эрхгүй даамай хүнд байж таарна. Өдгөө ирэх онгоцыг үзвээс хөнгөн бөгөөд дэгджээ. Бас энэ шөнө зүүн өмнөдийн салхи маш шахам тул хэрэв хуурах арга буй болбоос юугаар халхалмуй?”. Цаоцао мөн сэрэгдэж даруй асууруун: “Хэн очиж зогсоомуй?” хэмээхэд Вэньпинь өгүүлрүүн: “Би усан дээгүүр маш боловсронгуй тул очихыг хүсмүй” хэмээгээд бага онгоцонд үсэрхийлэн гарч гараа даллахад хэдэн арван цагдах онгоц Вэньпинийг дагаж одов. Вэньпинь онгоцны тэргүүнд зогсож, өндөр дуугаар бархиран: “Чансангийн тушаалаар өмнөх онгоц түр битгий хүрээнд ойр ирэгтүн! Мөрний дунд зогс!” хэмээсэн хойно олон цэрэг цугаар дуудруун, “Үтэр далбааг авагтун!” хэмээн үг дуусахын урьд нумын хөвч дуугармагц Вэньпингийн зүүн мөр оногдон онгоцны дотор унасан тул онгоцны доторх цэрэг ихэд самууран тус бүр буруулан эгэв. Өмнө онгоц Цаоцаогийн хүрээнээс ганц хоёр газар хэртэй алслах тул Хуангай илдээр нэгэнтээ далласанд өмнөх онгоц нэгэн зэрэг галт сум харвахад гал нь салхины сүрийг зээлэн салхи нь галын хүчинд туслаад, онгоц зэв мэт одож, гал утаа дээш мандаад, хорин галт онгоц усны цайзанд ормогц Цаоцаогийн хүрээний онгоц, нэгэн зэрэг цөм ноцоод бас цөм төмөр гархиар оньслогдсон тул оргох газаргүй, мөрний хөвөөнд буун дуу гармагц дөрвөн биеэс галт онгоц цөм хүрч ирэв. Үзтэл гурван мөрний дээгүүр гал салхитай мөргөлдөж нэлэнхүйдээ ув улаан болжээ.
Тэндээс Цаоцао эргэж хөвөөн дээрх хүрээг үзвээс хэд хэдэн газар гал гарчээ. Хуангай нэгэн бага онгоцонд гарч арын хойно хэдэн хүн онгоц тавьж, галд шурган Цаоцаог хайж ирэхэд Цаоцао шахам болсныг үзээд “Хөвөөнд авирсугай!” хэмээтэл Жанляо нэгэн бага онгоцыг авчран Цаоцаог өргөж, онгоцонд суулгатал тэр их онгоцонд нэгэнтээ гал гарав. Жанляо арваад хүн лүгээ Цаоцаог хамгаалан нисэх мэт хөвөөний аманд ирэхийг Хуангай үзээд санаруун: “Улаан хувцас өмсөж онгоцонд суусан нь эрхгүй Цаоцао байж таарна” хэмээж, даруй онгоцыг хөөж түргэвчлэн ороод гартаа хурц илд барьсаар өндөр дуугаар дуудруун: “Цаоцао битгий явагтун! Хуангай энд байна” хэмээхэд Цаоцао “Юуч хор!” хэмээн хэдэн зэрэг дуудав. Жанляо нум барьж, зэв онилон Хуангайгийн ойр хүрч ирснийг үзээд харван явуулбаас тэр үе салхи догшин тул Хуангай галын утааны дотор байх тул хаанаас сумны дууг олж сонсмуй. Төв хэмээн мөр оногдож бие хөрвөн усанд унав. Энэ чухамхүү:
“Галын гамшиг дэлгэрэнгүй үед усан аюул дайрч
Шийдмийн шарх илэрсний хойно зэвийн шархыг олов”
Эгнэгт Хуангайгийн амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )