Гурван улсын үлгэр | 55 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-55 ДУГААР БҮЛЭГ

СЮАНЬДӨ УХААНААР СҮНЬ ХАТНЫГ ӨРНҮҮЛСЭН КУНМИН ХОЁРДУГААР УДАА ЖОУ ГУНЗИНИЙГ ТАЧААДУУЛСАН

Өгүүлэх нь: Сюаньдө, Сүнь хатны гэрийн хоёр этгээдэд илд жадыг шугуй мэт жагсаасан бөгөөд шивэгчин эхнэрүүд сэлэм зүүж байхыг үзээд санамсаргүй ихэд царай алдсанд гэрийн хэргийг захирах эмгэн орж өгүүлрүүн: “Эрхэм хүн битгий эмээгтүн! Манай авхай бяцханаас цэргийн үйлд дуртай тул ердийн цагт шивэгчин эхнэрүүдийг илд цавчуулан наадахаар цэнгэл болгох бөлгөө. Тийнхүү энэ мэт болой” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Эмс охидын үзэх үйл бус тул миний дотор маш жихүүрэх тул түр захиж зайлуулна уу!”. Эмгэн Сүнь хатанд мэдүүлрүүн: “Гэр дотор зэвсэг жагсаасанд эрхэм хүний сэтгэлд амаргүй хэмээх тул эдүгээ түр хураамуу!”. Сүнь хатан инээн өгүүлрүүн: “Тавин нас болтол алалдаж яваад бас ч цэргийн зэвсгээс айна уу?” хэмээгээд “Цөм хураатугай!” хэмээн охидын илдийг тайлуулан зарагдуулав. Тэр шөнө Сюаньдө Сүнь хатан лүгээ ураг холбосонд хоёулын сэтгэлгээ маш нийлжээ. Сюаньдө бас алт, торгыг шивэгчин эхнэрүүдэд түгээн өгч тэдний сэтгэлийг олоод урьдчилан Сүньцянийг Зинжоу мужид эгүүлэн баярын мэдээг хүргэхээр илгээв. Түүнээс өдөр бүр архи ууж Гуотай бас арван хувь өршөөн хайрлах бөлгөө.

Тэндээс Сүньцуань Чайсан хошуу руу хүн зарж Жоу Юйд хэлүүлсэн нь “Миний эх өөрөө эзэн сууж нэгэнтээ охин дүүг Любэйд буулган өгөв. Санаандгүй хуурмагийг үнэн болгожээ. Энэ хэргийг яаваас сайн буй?” хэмээжээ. Жоу Юй сонсоод ихэд гэлмэж суувч явавч амаргүй болоод гэнэт нэгэн аргыг сэтгэж олоод даруй нягт бичиг үйлдэж ирсэн хүнд бариулж Сүньцуаньд илгээв. Сүньцуань бичгийг нээж үзвээс бичгийн үг нь: “Жоу Юйгийн алив бодолхийлсэн хэрэг санамсаргүй энэ мэт урван хөрвөжээ. Нэгэнтээ хуурмаг нь гэдрэг үнэн болсон тул үүнд аясдаж хэрэглэвээс зохимуй. Любэй аргатай баатар бөгөөд Гуань , Жан, Жао Юнь зэргийн жанжин байхын дээр нэн бас Жугө

Лян хэмээх бодлоготон хүмүүн хавсарсанд эрхгүй хүний дор удтал байх хүн бус бөлгөө. Мунхагийн санаанд болбоос зөөлнөөр Ү улсад хориход эс хүрмүй. Дэлгэрэнгүйгээр ордон гэр байгуулан өгч түүний санаа зоригийг гээгдүүлэн олонтоо сонин сайхан эдэлбэрийн зүйлийг хүргэж өгөөд чих нүдийг баярлуулан, Гуань , Жангийн сэтгэлгээг салган хувааж, Жугө Лянгийн нийлэлцийг ташаалан холдуулаад, тус бүр нэгэн оронд тавьсан хойно цэрэг хэрэглэн байлдваас их үйлийг тогтоож болмуу? Эдүгээ хэрэв тавин илгээвээс гүмбараа матар үүл бороог олж эцэстээ нуурын доторх юм бус болмуй. Гэгээн гүн сайтар хянах ажаам уу!” хэмээжээ.

Сүньцуань бичгийг үзэж дуусаад Жанжаод үзүүлбээс Жанжао өгүүлрүүн: “Гүнгийн бодлого төв хэмээн миний санаанд нийлжээ. Любэй үгээгүй дордоос бие гарсан бөгөөд дэлхий дахинд тойрон явсаар огт баян эрхмийг олж эдлэсэнгүй. Эдүгээ гялтганасан танхим, их гэр, гоо эхнэр, эд мөнгийг бэлтгэж эдлүүлэн баярлуулбаас аяндаа Кунмин, Гуань , Жангаас алс хол болж тэд нараар харилцан хорсол занал төрүүлсэн хойно Зинжоу мужийг хичээж болмуй. Эзэн гүн гунзиньгийн аргад түшүүлэн түргэнээ явуулбаас сайн” хэмээсэнд Сүньцуань ихэд баярлаж мөн өдөртөө зүүн яамыг засаж цэцэг мод тарьж алив сайхан сав саалийг олонтоо жагсааж тавиад Сюаньдөг охин дүүтэйгээ залж суулгав. Бас хөгжмийн эхнэр хэдэн арвыг нэмж алтан хас, торго магнагийн сайн юмсыг хүргэж эдлүүлэхэд Гуотай, Сүньцуаньгийн сэтгэл “Сайн!” хэмээн тэсгэлгүй баярлах бөлгөө. Сюаньдө үнэхээр өнгө дуунд бачлагдан огт Зинжоу мужид буцахыг санахгүй болжээ.

Тэндээс Жао Юнь таван зуун цэрэг лүгээ зүүн яамны өмнө буудаллаад өдөр бүр огт хэрэггүй тул гагц хотын гадна гарч харваж намнан, морь довтолгож уйтгарыг сэргээх болжээ. Үзвээс жилийн эцэс болсонд Жао Юнь гэнэт сэтгэрүүн: “Кунмин надад гурван шуудай өгсөн бөлгөө. “Намайг Наньсюйд хүрвээс нэгийг нээ! Суусаар жилийн эцэс болбоос дэдийг нээ! Түгшилтэй яаралд хүрсэн цагт гутгаарыг нээ! Түүний дотор сонин гайхалтай арга буй тул эзэн гүнийг хамгаалан эгүүлж чадмуй” хэмээжээ. Өнөө нэгэнтээ жилийн эцэс болоод эзэн гүн өнгөнд шунаж огт золгохгүй тул юунд дэд шуудайг нээж аргыг үзэж явахгүй буй?” хэмээгээд даруй шуудайг нээн үзсэний хойно “Ийм хувилгаан арга ажгуу” хэмээн тэр өдөр даруй танхимд орж Сюаньдө лүгээ золгосугай хэмээсэнд шивэгчин охин мэдүүлж өгүүлрүүн: “Жао Зылун яаруу хэрэг байж эрхэм хүнд хэлэхээр иржээ”. Сюаньдө дуудан оруулж учрыг асууваас Зылун хуурмагаар гэлмэсэн өнгө гаргаж өгүүлрүүн: “Эзэн гүн хүнхэр зурсан танхимд суусаар Зинжоу мужийг санахгүй болсон уу?”. Сюаньдө өгүүлрүүн: “Ямар хэрэг буй хэмээн энэ мэт цочин эмээмүй?”. Зылун өгүүлрүүн: “Энэ өглөө Кунмин хүн зарж илгээн мэдүүлсэн нь: “Цаоцао Улаан хавцалд зууралдан байлдсан хариуг авмуй хэмээн тавин түмэн шилдэг цэрэг байгуулан Зинжоу мужийн зүг байлдахаар айсуй”, маш цухалдаж байх тул эзэн гүнийг хурдан эгсүгэй хэмээмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Эрхгүй хатан лугаа зөвлөх хэрэгтэй” хэмээсэнд Жао Юнь өгүүлрүүн: “Хэрвээ хатан лугаа зөвлөлдвөөс лав эзэн гүнг эгүүлэхгүй бөлгөө. Харин хэлэхгүйд үл хүрмүй. Энэ шөнө даруй хөдөлж явсугай. Удваас үйл саатмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи даруй эгэгтүн! Надад өөр санаа буй” хэмээв.

Жао Юнь хуурмагаар хэдэн зэрэг шаардаад сая гарав. Сюаньдө дотогш ороод Сүнь хатантай уулзан сэмээр нулимс унагаахад Сүнь хатан асууруун: “Ямар учирт уярмуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би гагц биеэр өөр гацаанд тойрч яваад амьд үес эцэг эхийг ачилж чадсангүй. Өнгөрсөн хойно өвгийн онгоныг шүүрдэн тахиж эс чадсан нь их сөргүү ачлалгүйн туйл болой. Эдүгээ жилийн эцэс болсон тул Любэй би тэсгэлгүй хорсмуй”. Сүнь хатан өгүүлрүүн: “Чи намайг битгий мэхлэгтүн! Би нэгэнтээ сонсож мэджээ. Сая Жао Зылун ирж Зинжоу муж маш шахам хэмээн мэдүүлсэн тул чи гэртээ эгсүгэй хэмээн санаж тийнхүү үүгээр шалтаглаж байгаа бус уу?”. Сюаньдө сөгдөж өгүүлрүүн: “Хатан чи нэгэнтээ мэдсэн тул би ямар аймшиггүй дармуй? Любэй би одохгүй болбоос Зинжоу муж автсанд дэлхий дахины хүнд элэглэгдмүй. Одсугай хэмээвээс бас хатан чамаасаа салан чадахгүй тул ийнхүү зовмуй” Сүнь хатан өгүүлрүүн: “Би нэгэнтээ авгайг үйлчилсэн тул чиний дураар хааш одовч эхнэр би дагаж явах болой?”. Сюаньдө өгүүлрүүн: “Хатан санаа хэдий ийм боловч гагцхүү Гуотай, Үхоу нар юунд хатныг илгээх аж? Хатан хэрвээ Любэйг өршөөн санаваас түр зуур салж одсугай!” хэмээгээд нулимсыг бороо мэт унагажээ. Сүнь хатан хориглож өгүүлрүүн: “Эр битгий зовогтун! Эхнэр би эхэд гашуудан хэлж эрхгүй авгай лугаа хамт явсугай!”. Сюаньдө өгүүлрүүн: “Хэдий Гуотай илгээвч Үхоу лав хоригломуй”. Сүнь хатан нилээд бодоод сая өгүүлрүүн: “Эхнэр би авгай лугаа цагаалах өдөрт баярлах үес “Мөрний хөвөөнд өвгөсийг тахихаар очмуй” хэмээн шалтаглан хэлээд мэдүүлэхгүйгээр одвоос ямар аж?” хэмээсэнд Сюаньдө сөгдөн харамж өгч өгүүлрүүн: “Үнэхээр тийм болбол үхэвч амьдравч умартахгүй. Гагцхүү битгий задруулагтун!” хэмээгээд хоёул зөвлөн тогтсон хойно Сюаньдө сэмээр Зылуныг дуудаж сурган өгүүлрүүн: “Цагаан сарын шинийн нэгний өдөр чи урьдаар цэргийг аван хотоос гараад их замд хүлээ! Би өвгөсийг тахихаар очих болно хэмээн хэлж хатан лугаа хамт одсугай!” гэсэнд Жао Юнь захиаг хүлээн одов.

Амгалан байгуулагчийн хорин тавдугаар оны цагаан сарын шинийн нэгний өдөр Үхоу бичиг цэргийн түшмэлийг танхимд цуглуулж ихэд хуримлахад Сюаньдө Сүнь хатан лүгээ хамт Гуотайд ёслоод Сүнь хатан өгүүлрүүн: “Миний эрийн эцэг, эх, өвгөдийн хүүр цөм Жуозюнь хошуунд байхыг санаж өдөр шөнөгүй уярч зогсохгүй тул энэ өдөр мөрний хөвөөнд очиж умар зүг хандаж тахисугай хэмээн тийнхүү эхэд мэдүүлэхээр ирэв”. Гуотай өгүүлрүүн: “Энэ ачлалын ёсны хэрэг тул хэрхин дагахгүй болж болмуй? Чи хэдий хадам эцэг, эхийг танихгүй боловч эр лүгээ хамт очиж тахиваас бас ч бэр хэмээгдсэний ёслол болой” хэмээсэнд Сүнь хатан Сюаньдө лүгээ тал өгч одов. Тэр үес гагцхүү Сүньцуаньд сонсгосонгүй Сүнь хатан тэргэнд сууж биедээ хэрэгсэх бага сага юмыг авч, Сюаньдө морь унаж хэдэн морьтонг дагуулан хотоос гараад Зылунтай уулзан таван зуун цэргээр өмнө хойдохыг хамгаалуулж Наньсюйгаас салаад зам эвхэж мордов. Тэр өдөр Сүньцуань ихэд согтсон тул жигүүрийн түшмэд хойд гэрт түшиж оруулаад бичиг цэргийн түшмэд цөм тархжээ. Олон түшмэл Сюаньдө, Сүнь хатны оргосныг сонстол тэнгэр нэгэнтээ орой болоод Сүньцуаньд мэдүүлсүгэй хэмээвээс Сүньцуань унтаад сэрсэнгүй. Сэртэл нэгэнтээ тавдугаар жингийн эцэс болжээ. Тэр өдөр Сүньцуань “Сюаньдөг оргов!” хэмээн сонсоод даруй бичиг цэргийн түшмэдийг дуудаж зөвлөхөд Жанжао хэлрүүн: “Энэ өдөр энэ хүнийг алдаж илгээвээс эрт орой лав самуун зовлон үүсгэмүйо. Хурдан нэхвээс зохимуй” хэмээсэнд Сүньцуань даруй Чэнь Ү, Фаньжанд таван зуун цэрэг өгч “Өдөр шөнөгүй нэхээд эрхгүй завдаж баримтлан эгүүл!” хэмээсэнд хоёр жанжин захиаг хүлээн одов. Сүньцуань Сюаньдөг ихэд занаж ширээнд тавьсан хасын зууруулыг хэмхэртэл шиджээ. Чэнпү өгүүлрүүн: “Эзэн гүн хоосноор тэнгэр тулмаар хилэн төрөвч би бодоход Чэнь Ү, Фаньжан хоёул энэ хүнийг лав барин ирж чадахгүй” гэсэнд “Ямар аймшиггүй миний цаазыг зөрчмүй?” Чэнпү өгүүлрүүн: “Жүнж334 бяцханаас цэргийн үйлийг үзэх дуртай бөгөөд чанд аламцаг, чанга тасархай тул олон жанжин нар цөм аймуй. Нэгэнтээ Любэйд эедвээс эрхгүй нэгэн сэтгэлээр одох бөлгөө. Аливаа нэхсэн жанжин жүнж лүгээ учирваас хэрхэн гар хөдлөн чадмуй”. Сүньцуань ихэд хилэгнэж зүүж байсан сэлмийг тайлаад Зянцинь, Жоутайг дуудаж зарлаж өгүүлрүүн: “Энэ илдээр миний охин дүү хийгээд Любэйгийн тэргүүнийг авч ир! Зөрчвөөс зогсоогоор алмуй”. Зянцинь, Жоутай хоёр захиаг дагаж нэгэн мянган цэрэг авч нэхэхээр одов.

334 Хааны дүү охин

Тэндээс Сюаньдө морийг ташуурдан жолоог тавьж яаравчлан явсаар тэр шөнө замд амсхийгээд хоёр жингийн эцэст санд мэнд одсоор Чайсангийн захад хүрээд хойш харж үзвээс шороо тоос ихэд дэгдэн хүн ирж хэлрүүн: “Нэхэх цэрэг хүрч ирэв” хэмээмүй. Сюаньдө гэлмэж Жао Юньгаас асууруун: “Нэхэх цэрэг нэгэнтээ хүрч ирэв. Одоо яамуй”. Жао Юнь өгүүлрүүн: “Эзэн гүн урагш яв! Би хойдыг халхалсугай!” хэмээгээд өмнө уулын хөтлийг тойрон гарахуйяа нэгэн багийн цэрэг одох замыг хааж зогсжээ. Тэргүүлсэн хоёр жанжин өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Любэй эртхэн мориноос бууж хүлүүл! Бид Жоу Дүдүгийн цаазаар энд хүлээж удав” хэмээжээ. Угаас Жоу Юй Сюаньдөг оргон явахаас айж хэдийнэ Сюйшэн, Динфөн хоёулд гурван мянган цэрэг өгч чухал газарт хүрээ буулган хүлээлгэж цаг бүр хүнийг өндөр дээр гаргаж харуулмуй. Санахад Сюаньдө хуурай замаар явбаас эрхгүй энэ замыг дайран гармуй хэмээсэн ажгуу. Тэр өдөр Сюйшэн, Динфөн нар Сюаньдөгийн нэгэн анги хүн хүрч ирэхийг олж мэдээд тус бүр зэвсэг авч очих замыг тоссон бөлгөө. Сюаньдө санд мэнд морийг зогсоож хойш Жао Юньгаас асууж өгүүлрүүн: “Өмнө замыг нэхэх хуягтан ирээд хаасан болохоор урагш хойш замгүй болжээ. Одоо яамуй” хэмээвээс Жао Юнь өгүүлрүүн: “Эзэн гүн битгий цухалдагтун! Цэргийн багшийн гурван сайн арга цөм хэмэрлэгийн шуудай дотор буй. Нэгэнтээ хоёрыг нээн үзсэнд цөм тохиолджээ. Өнөө гуравдугаар нь энд буй. Бэрх цухалын цагт сая нээж үзэгтүн хэмээв. Энэ өдөр шахам болсон тул нээн үзвээс зохимуй” хэмээгээд хэмэрлэгийн шуудайг нээгээд Сюаньдөд өргөвөөс Сюаньдө үзээд яаран тэрэгний өмнө ирж Сүнь хатанд уйлан өгүүлрүүн: “Любэй надад сэтгэл зүрхний үгс буй. Энд хүрч ирээд үнэнийг хэлсүгэй!”. Хатан өгүүлрүүн: “Эрд ямар өгүүлэл буй, үнэнээр хэлмүй!”. Сюаньдө өгүүлрүүн: “Эрт өдөр Үхоу, Жоу Юй лүгээ зөвлөл нийлж хатан чамайг Любэйд холбосугай хэмээсэн нь үнэндээ чиний төлөө бус Любэйг зөөлнөөр хорьж Зинжоуг булаан авсугай хэмээсэн бөлгөө. Зинжоу мужийг булаан авбаас эрхгүй Любэйг алмуй хэмээн сая хатан чамаар өеө болгон Любэйг гөхөдсөн нь болно. Любэй би түмэн үхлээс айсангүй ирсэн нь хатан чи эр хүний оюунтайг мэдэж Любэйг эрхгүй өршөөн тэтгэж чадмуй хэмээсэн бөлгөө. Өчигдөр намайг хорлосугай хэмээснийг сонсоод тийнхүү Зинжоуд зовлон тохиолдов хэмээн зайлуулан хэлж буцах арга болгосныг хишгээр хатан чи намайг гээсэнгүй хамт энд хүрч иржээ. Эдүгээ Үхоу бас хүнээр нэхэхээр илгээж Жоу Юй бас хүн зарж өмнийг тосжээ. Энэ зовлонг хатан чамаас бусад тайлж чадахгүй болой. Хэрвээ хатан болохгүй болбоос Любэй би тэрэгний өмнө үхэж хатны эрдэмд хариулсугай!” хэмээсэнд Сүнь хатан ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Миний ах намайг төрсөн хэмээн санахгүй болбоос би ямар нүүрээр дахиж золгохоор одмуй. Энэ өдрийн зовлонг би биед дааж эгүүлсүгэй” хэмээгээд даруй дагагсдаар тэргийг өмнө түлхэн гаргаж тэрэгний халхавчийг нээгээд Сюйшэн, Динфөнийг зандарч өгүүлрүүн: “Та хоёул урвасугай хэмээмүй үү?”. Сюйшэн, Динфөн яаран мориноос бууж цэргийн зэвсгийг гээгээд тэрэгний өмнө ирж өгүүлрүүн: “Ямар аймшиггүй урвамуй, Жоу Дүдүгийн цаазыг дагаж энд цэрэг буудаллан Любэйг хүлээж байсан бөлгөө”. Сүнь хатан өгүүлрүүн: “Жоу Юй сөргүү хулгай, манай зүүн Ү улс түүнийг огт хорсгосон газаргүй бааханд, Сюаньдө болбоос их Хань улсын хааны авга бөгөөд миний эр болой. Би нэгэнтээ эх, ахад Зинжоу муж руу одмуй хэмээн хэлж ирсэн атал танай хоёул уулын хөтөлд цэрэг морь дагуулан зам тосох нь манай эр эмийн эд таваарыг булаасугай хэмээмүй үү?”. Сюйшэн Динфөн залгалдаагаар амандаа “Ямар аймшиггүй булаамуй, хатан хилэнгээ зогсоомуй!

Энэ маньд хамаагүй цөм Жоу Дүдүгийн цааз болой” хэмээжээ. Сүнь хатан зандарч өгүүлрүүн: “Та гагц Жоу Дүдүгээс айж надаас айхгүй юу? Жоу Юй та нарыг алж болох болбоос би хэрхин Жоу Юйг алж болохгүй аж?” хэмээн Жоу Юйг нэгэн зэрэг хараагаад “Хурдан тэргийг хөдөлгөн урагш явагтун!” хэмээв. Сюйшэн Динфөн сэтгэрүүн: “Бид цөм доорхи түшмэл тул ямар аймшиггүй хатан лугаа халдмуй?” хэмээж бас Жао Юнийг үзвээс ихэд уур төрж буй тул тийнхүү цэргийг зандран зогсоож нэгэн зэрэг зам гарган өнгөрөөн илгээв. Тэндээс явсаар тав зургаан газрын бараг болоход хойноос Чэнь Ү, Фаньжан нэхэж ирэв. Сюйшэн, Динфөн учирч урьдын үйлийг хэлсний хойно Чэнь Ү өгүүлрүүн: “Та түүнийг тавьж илгээсэн нь ташаарав. Бид хоёул Үхоугийн зарлигаар тэднийг барихаар иржээ” хэмээгээд дөрвөн жанжин цэргээ хамт нийлүүлэн бас нэхэхээр ирэв. Сюаньдө ямагт тэргийг шаардан явахад гэнэт хойноос хашхирах дуу үүсэв. Сюаньдө бас Сүнь хатны зүг өгүүлрүүн: “Хойноос бас нэхэх цэрэг иржээ. Хэрхивээс сайн?” хэмээсэнд Сүнь хатан өгүүлрүүн: “чи урагш яв! би Зылун лугаа хойдыг халхалсугай!” хэмээсэнд Сюаньдө гурван зуун цэргийг авч мөрний хөвөөний зүг одов.

Зылун морио татан тэрэгний хажууд зогсоод дагасан цэргээ жагсаан тусгайлан ирэх жанжин нарыг хүлээж байтал дөрвөн жанжин Сүнь хатанг үзээд аргагүй мориноос бууж гар уулзуулан зогсов. Сүнь хатан асууруун: “Чэнь Ү, Фаньжан энд ирж юу хиймүй?” хэмээсэнд хоёр жанжин өчрүүн: “Эзэн гүнгийн зарлигаар хатан, Сюаньдөг хойш залж эгүүлэхээр ирэв” хэмээжээ. Хатан царайгаа төв болгож өгүүлрүүн: “Чухам таны энэ мэт бэртэгчин эр, манай ах, охин дүүг завсардуулж нийцгүй болгожээ. Намайг нэгэнтээ өөр хүнд өгсөнд энэ өдрийн одох нь хүнийг дагаж хулган одох нь бус. манай эр эм эхийн зарлигийг хүлээн Зинжоу мужид эгэх тул миний ах ирэвч мөнхүү ёсоор аваачих болой. Та хоёул цэргийн хүчинд эрэмшээд намайг алсугай хэмээнэ үү?” хэмээн хараахад дөрвүүл харилцан нүүр ширтэлцэн өөр өөрийн дотроо санаруун: “Эд түмэн он боловч басхүү ах, охин дүү болой. Нэнд Гуотай эзэн сууж өгөх, дээр Үхоу бас ихэд ачлалтай хүн тул яахин эхийн үгийг зөрчмүй? маргааш царайгаа хувьсгаваас мөнхүү бидэнд буруу ирмүй. Харин нүүр тавьж илгээхэд хүрэхгүй” хэмээн санаад үзвээс Сюаньдө бас ч цэргийн дотор үгүй. Гагц Зылун нүдний хөмсгөө сэгийн босгоод байлдахыг хүлээж байх тул дөрвөн жанжин дахин давтан сайн үгээр өчөөд эгсэнд Сүнь хатан тэргийг хөдөлгөж даруй мордов. Сюйшэн өгүүлрүүн: “Бид дөрвүүл хамт одож Жоу Дүдүд энэ хэргийг хэлсүгэй” хэмээн хойш урагш татгалзан байхад гэнэт нэгэн багийн цэрэг хуй салхи мэт нэхсээр иржээ. Үзвээс Зянцинь, Жоутай нар болой. Хоёр жанжин асууруун: “Та Любэйд учирсан буюу?”. Дөрвөн жанжин өгүүлрүүн: “Өглөө өнгөрөөд нэгэнтээ хагас өдөр болжээ”. Зянцин өгүүлрүүн: “Юунд барьсангүй буй?”. Дөрвүүл Сүнь хатны хэлсэн үгийг хэлэхэд Зянцинь өгүүлрүүн: “Үхоу ийм болохоос айгаад илд өгч илгээжээ. Урьд өөрийн охин дүүг алаад хойно Любэйг хөнөөгтүн! Зөрчигсдийг зогсоогоор алмуй!” хэмээв. Дөрвөн жанжин өгүүлрүүн: “Нэгэнтээ одож хол болсон тул яамуй?” Зянцин өгүүлрүүн: “Түүнийг дагасан нь цөм явган цэрэг тул түргэн явж чадахгүй, Сюйшэн Динфөн хоёр жанжин хурдан одож Дүдүд мэдүүлээд усан замаар цэрэг гаргаж нэхтүгэй! Бид дөрвүүл хөвөөг барьж нэхээд усан хуурайн цэрэг алийг ч асуухгүй гүйцвээс даруй алсугай. Түүний үгийг битгий сонсогтун!” хэмээсэнд Сюйшэн, Динфөн Жоу Юйд хэлэхээр одож Зянцинь, Жоутай, Чэнь Ү, Фаньжан дөрвөн жанжин цэрэг авч мөрнийг ирмэглэн нэхэхээр мордов. Тэндээс Сюаньдөгийн нэгэн анги хүн морь Чайсан хошууг өнгөрөөд Лю Ланпүд хүрч ирээд сая баахан сэтгэл сул болж мөрнийг хөвөөлөн онгоц эрж явахад гагц мөрний ус гилбэлзэж огт онгоц сал үзэгдэхгүйд Сюаньдө тэргүүнийг дарж бодолхийлэхэд Жао Юнь өгүүлрүүн: “Эзэн гүн барсын амнаас дутаан ирээд эдүгээ нэгэнтээ өөрийн захад ойр болсон тул би санахад цэргийн багш эрхгүй хэмнэн бэлтгэсэн буй за. Зовох хэрэггүй!” хэмээхүйеэ Сюаньдө сонсоод гэнэтхэн Ү улсад баяр цэнгэлээр байсан учрыг бодож олоод санамсаргүй нулимс асгаруулав. Хожмын хүн шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Шу Ү хоёр улс энэ усны хөвөөнд ураг барилдахуйяа

Шүр сувдаар хөшиг татаж шар алтаар байгуулжээ

Нэгэн охиноор дэлхий дахиныг хөнгөлөх сэтгэл орж

Няцашгуй Любэйгийн зоригийг шилжүүлэх хэмээснийг хэн мэднэм”

Тэндээс Сюаньдө Жао Юньгаар урагш онгоц хайгуулахад гэнэт хүн ирж өгүүлрүүн: “Хойд биед тоос огторгуй тултал босов” хэмээмүй. Сюаньдө өндөр газар гарч үзвээс цэрэг морь газрыг бүрхтэл айсуй. Сюаньдө гуньхран өгүүлрүүн: “Өдөр залган яаран явсаар хүн морь цөм цөхрөв. Нэхэх цэрэг бас хүрч ирсэнд үхэх газрыг олохгүй болжээ” хэмээн бүхийд хашхирах дуу улам ойр болж хараахан цухалдаж атал гэнэт мөрний хөвөөнд далбаа өргөсөн хорь илүү онгоц нэгэн жагсаалаар ирэв. Зылун өгүүлрүүн: “Завшаанаар энд онгоц байх тул юунд хурдан онгоцонд суухгүй аж? Сэлүүрдэж чанад хөвөөнд гарсан хойно дахин аргацаасугай” хэмээгээд Сюаньдө, Сүнь хатан лугаа онгоцонд гарч, Зылун таван зуун цэргийг дагуулан бас онгоцонд гартал онгоцны дотроос нэгэн хүн хэвт малгай, бумбын хувцас өмсөөд ихэд инээн гарч ирээд өгүүлрүүн: “Эзэн гүн их баяр, Жугө Лян энд хүлээсээр удав. Энэ онгоцны доторх аяны зочин нь цөм Зинжоу мужийн усан цэрэг бөлгөө” хэмээсэнд Сюаньдө ихэд баярлав. Удалгүй дөрвөн жанжин нэхэн хүрч ирсэнд Кунмин инээж хөвөөний дэргэдэх цэргийг зааж өгүүлрүүн: “Би бодон тогтоож удав. Та нар хойш одож Жоуланд од “дахин битгий энэ мэт эхнэрээр хуурах аргыг хэрэглэ” хэмээгтүн!” хэмээв. Мөрний хөвөөнөөс дэмий л харвавч онгоц нэгэнтээ хол одсон тул Зянцинь зэргийн дөрвөн жанжин гагц ганьхран харж зогсмуй. Түүнээс Сюаньдө Кунмин лугаа хараахан одоход гэнэт мөрний ус ихэд давлагаа үүсмүй. Хойш хандаж үзвээс тоогүй олон байлдах онгоц “Өрлөг” хэмээх үсэгт тугийг босгож Жоу Юй биеэр усан цэргийг захиран ирэв. Зүүн этгээдэд Хуангай, баруун этгээдэд Ханьдан байдал нь нисэх морь мэт, түргэн нь од унах адил үзсээр завдаж ирэхэд Кунмин онгоцыг хойд хөвөөнд шахуулан онгоцыг дуустал гээж, цөм хөвөөнд авиран гарч хүн морь замаар орж явахуйяа

Жоу Юй хүрч ирээд хөвөөнд гарч хойноос сундлахад их бага усан цэрэг бүгд цөм явганаар явж гагц тэргүүлсэн цэргийн түшмэд морь унажээ. Жоу Юй урагшлахад Хуангай, Ханьдан, Сюйшэн, Динфөн нар ойр дагажээ. Жоу Юй өгүүлрүүн: “Энэ ямар газар болой?” хэмээвээс цэргийн хүн өчрүүн: “Өмнө Хуанжоу мужийн зах мөн. Сюаньдөгийн тэрэг морь холгүй” хэмээхэд Жоу Юй: “Хүч бүхий чинээгээр нэхэгтүн!” хэмээв. Нэхэж яван атал нэгэнт хэнгэргийн дуу гарахуйяа уулын зав дотроос нэгэн багийн цэрэг дайран гарав. Тэргүүлсэн их жанжин Гуань  Юньчан болой. Жоу Юй үзээд бэгтэрч яаран морийг унан буруулахад Юньчан нэхэж ирсэнд Жоу Юй морь тавьж буруулан явж атал зүүн этгээдээс Хуанжун баруун этгээдээс Вэй Янь хоёр замын цэрэг дайран ирсэнд зүүн Ү улсын цэрэг ихэд дарагдав. Жоу Юй санд мэнд онгоцонд суусанд хөвөөний дээрх цэргийн ард өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Жоулан гайхамшигт аргаар дэлхий дахиныг тогтоомуй хэмээгээд хатанг алдаад бас цэргийг хохируулав” хэмээжээ. Жоу Юй ихэд уурлан дахин хөвөөнд гарч нэгэнтээ таслан байлдсугай гэхэд Хуангай, Ханьдан хоёр хүчлэн хориглож байлгав. Жоу Юй дотроо сэтгэрүүн: “Миний арга бодлого бүтсэнгүй тул ямар нүүрээр Үхоуд золгохоор одмуй?” хэмээн санаад өндөр дуугаар нэгэнтээ бархирсанд шарх лаваран онгоцон дээр унав. Олон жанжин нар яаран тэнхрүүлэхэд Жоу Юй нэгэнтээ хүний хэргийг мэдэхгүй болжээ. Энэ чухамхүү:

“Хоёр удаа урлан үйлдээд гэдрэг хоосон болж

Энэ өдөр гутамшгийг амсаж ичгүүрийг хүлээн эгэв”

Эгнэгт Жоу Юйгийн амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top