Гурван улсын үлгэр | 61 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 61 ДҮГЭЭР БҮЛЭГ

ЖАО ЮНЬ МӨРНИЙГ ХӨНДӨЛДӨН АДОУГ БУЛААСАН СҮНЬЦУАНЬ БИЧИГ ИЛГЭЭЖ ЛАОМАНИЙГ ЭГҮҮЛСЭН

Өгүүлэх нь: Пантун, Фажөн хоёул Сюаньдөг ятгаж “Хуримлах хооронд Люжаныг барьж албаас Сычуаньгийн газрыг гар хөдлөхгүйгээр олж болмуй” хэмээвээс Сюаньдө өгүүлрүүн: “Би анхан Шугийн газарт ороод хишиг батыг ч хүртээгээгүй атал ийм үйлээр огт явж болохгүй!” хэмээсэнд Пантун, Фажөн дахин давтан хэлбээс Сюаньдө баахан ч дагах санаагүй. Дэд өдөр Люжаныг хот дотор хуримлахад харилцан маш амраглаж архи уулцсаар халмагшсан хойно Пантун, Фажөн лүгээ зөвлөж өгүүлрүүн: “Хэрэг нэгэнт үүнд хүрсэн тул эзэн гүнгийн дураар болгож болохгүй болов” хэмээгээд даруй Вэй Янийг дуудаж “Танхимд гарч илд бүжиглээд завыг үзэж ал!” хэмээсэнд Вэй Янь даруй илдээ сугалан урагш давшиж өгүүлрүүн: “Хуримд огт цэнгэл болгох юмгүй тул би илд бүжиглэн наадахыг хүсмүү!” хэмээв. Пантун олон цэргийн ардыг дуудан танхимын дор жагсаагаад гагц Вэй Яньгийн гар хөдлөхийг хүлээлгэв. Люжангийн доорхи жанжин нар Вэй Янь хуримын ширээний өмнө илд бүжиглэх бөгөөд бас танхимын дор цэргийн ард илдний ишийг барьж танхимын зүг харахыг үзээд Цунши түшмэл Жанрэнь бас илдээ сугалж өгүүлрүүн: “Илд бүжиглэхэд эрхгүй хослох хэрэгтэй. Би Вэй жанжин лугаа хамт бүжиглэхийг хүсмүй!” хэмээгээд хоёул ширээний өмнө хослон бүжиглэхэд Вэй Янь, Люфэнгийн зүг нүд ирмэсэн тул Люфэн бас илд сугалан бүжиглэхээр оров. Люгүй, Линбао, Дөнсянь нар өөр өөрийн илдээ гаргаж өгүүлрүүн: “Бид нар сүрэглэн бүжиглэж инээдэм болгосугай!” хэмээсэнд Сюаньдө ихэд цочиж хоёр этгээдийн ардын зүүсэн илдийг сугалан авч суудлаас босож өгүүлрүүн: “Манай ах дүү уулзан, архи уулцахад огт муу санаагүй бөгөөд бас “Хунмэньгийн хурим” бус атал юунд илд бүжиглэхийг хэрэглэмүй? Илдээ гээхгүй хүнийг зогсоогоор алмуй!”. Люжан бас зандран өгүүлрүүн: “Ах дүү учирсан газарт юу хэмээн илд зүүмүй?” хэмээгээд дагагсдын зүүсэн илдийг цөм тавь! хэмээсэн хойно олон цөм танхимаас буужээ. Сюаньдө олон жанжин нарыг танхимын дээр дуудан ирүүлж архи хүртээгээд өгүүлрүүн: “Бидний ах дүүс угсаа төрөл, яс мах тул хамтаар их үйлийг зөвлөхөд хоёр сэтгэл байх ёсгүй. Та нар битгий сэжиглэгтүн!” хэмээсэнд олон жанжин нар цөм тал өгч мөргөв. Люжан Сюаньдөгийн гарыг барьж уйлан өгүүлрүүн: “Миний ахын хишгийг хэрхивч умартахгүй” хэмээжээ. Хоёул уулцсаар орой болж сая тархав. Сюаньдө хүрээндээ эгж Пантунийг буруушаан: “Гүн нар юунд Любэй намайг журамгүйд унагаамуй? үүнээс хойш энэ үйлийг битгий үйлд!” хэмээсэнд Пантун шүүрс алдаж гарав.

Тэндээс Люжан хүрээндээ эгсэн хойно Люгүй нар өгүүлрүүн: “Эзэн гүн энэ өдрийн хуримын байдлыг үзсэн үү? Хурдан эгж хожмын зовлонг хэлтрүүлэхэд хүрэхгүй?”. Люжан өгүүлрүүн: “Миний ах Лю Сюаньдөг бусад хүнтэй адилтгаж үл болмуй”. Олон жанжин нар өгүүлрүүн: “Сюаньдөд хэдий муу сэтгэлгүй боловч түүний доорхи түшмэл цөм “Сычуанийг залгиж баян эрхэм болсугай!” хэмээн санамуй”. Люжан өгүүлрүүн: “Та манай ах дүүг битгий завсардуулж хэл!” хэмээгээд үгийг авсангүй, өдөр бүр Сюаньдө лүгээ цэнгэлдэн уулцмуй. Гэнэт “Жанлү цэрэг морийг засаж Зя Мөнгуань боомтыг халдахаар ирмүй” хэмээн хэлэхээр ирсэнд Люжан Сюаньдөд гуйн: “Очиж байлдмуу!” хэмээсэн хойно Сюаньдө хуур шүүрээр хүлээн авч мөн өдөртөө харъяат цэргээ авч Зя Мөнгуань боомтын зүг одов. Олон жанжин нар Люжаныг ятгаж: “Их жанжингуудаар газар газрын боомт хавцлыг бэхлэн сахиулж, Любэйгийн цэрэг хувьсахыг сэргийлсүгэй!” хэмээсэнд Люжан анханд дагахгүй, хойно олноор гашуудан ятгасанд даруй “Байшүй газрын дүдү Янхуай, Гаопэй хоёрт Фу Шүйгуань боомтыг сахь!” хэмээн илгээгээд Люжан өөрийн биеэр Чөндүдээ эгэв. Сюаньдө Зя Мөнгуань боомтод хүрээд цэргийг чангалан цаазалж, хишиг шимийг ихэд тархаан иргэний сэтгэлийг хураав.

Үүнийг хэдийнээ харуулын хүн Зүүн ү улсад мэдүүлэхээр очсонд үхоу Сүньцуань даруй бичиг цэргийн түшмэдийг цуглуулан зөвлөсөнд Гү Юн дэвшиж өгүүлрүүн: “Любэй цэрэг хуваан, уул завыг давж, хол одсон нь очиж эгэхэд хялбар бус. Бид урьдаар нэгэн хүрээний цэргийг илгээн Сычуаньгийн амыг тосож, түүний ирэх замыг тасалж, түүний хойно бид

Зүүн ү улсын цэргийг дуусган байгуулбаас нэгэн хэнгэрэг дэлдэх төдийхөнд Зинжоу, Сян Янгийн газрыг олж болмуй, энэ нь алдаж болохгүй тухай бөлгөө” хэмээсэнд Сүньцуань өгүүлрүүн: “Энэ арга хэт сайн” хэмээгээд чив зөвдөж атал гэнэт ташаалавчийн хойноос нэгэн хүн гараад зандарч өгүүлрүүн: “Энэ аргыг өргөсөн хүнийг албаас зохимуй. Миний охины амийг хөнөөсүгэй хэмээмүй үү?”. Олон цөм хиртхийж үзвээс харин Ү Гуотай болой. Гуотай хилэгнэж өгүүлрүүн: “Би нэгэн насандаа гагц нэгээхэн охин буй аж, Любэйд холбов. Өдгөө хэрвээ цэрэг хөдөлгөвөөс миний охины амийг яамуй?” хэмээгээд Сүньцуанийг донгодож өгүүлрүүн: “Чи эцэг, ахын төрийг залгамжилж суусаар наян нэгэн муж хошууг эзлээд, бас ханахгүй бага ашигт ховдоглож яс, махыг санахгүй юу?”. Сүньцуань дахин давтан “Мөн мөн!” хэмээж өчрүүн: “Хөгшин эхийн сургаалаас ямар аймшиггүй зөрчмүй” хэмээн даруй бичиг, цэргийн түшмэдийг зандарч эгүүлэв. Гуотай ихэд занаж оров. Сүньцуань саравчийн дор зогсож дотроо санаруун: “Энэ тухайг алдваас Зин, Сянгийн газрыг аль өдөр сая олмуй?” хэмээн хараахан санагалзан бүхийд Жанжао орж асууруун: “Эзэн гүн юунд зовмуй?”. Сүньцуань өгүүлрүүн: “Сая зөвлөсөн хэргийг санагалзаж амуй”. Жанжао өгүүлрүүн: “Энэ туйлын хялбар хэрэг болой. Өнөө сэтгэл зүрхний мэт нэгэн жанжинд таван зуун цэрэг өгч хулгаж, Зинжоуд ороод, хошой авгайд нэгэн битүүмж далдлах бичиг өгч гагч “Гуотайгийн өвчин хүнд тул төрсөн охинтойгоо уулзсугай хэмээн” авгайг авч шөнө дөлөөр Зүүн ү улсад эгүүлэхэд Сюаньдөд гагц нэгээхэн хөвгүүн буй. Түүнийг дагуулан авч ирвээс тэр цагт Сюаньдө эрхгүй Зинжоугоор Адоуг арилжин авах болой. Хэрэв тийм бус бөгөөс дураар цэрэг цэрэглэхэд юун харшил буй?”. Сүньцуань өгүүлрүүн: “Энэ арга ихэд сайн. Надад нэгэн хүн буй. Овог Жоу, нэр Шань, цөс их, бяцханаас гэрийг нэвтлэн өрхөд орох чадалтай тул миний ахыг дагаж удтал явав. Тэр хүнийг зарваас болмуй” хэмээсэнд Жанжао өгүүлрүүн: “Битгий сэрэгдүүл! Даруйхан мордуулбаас зохимуй” хэмээв.

Тэндээс Жоушанийг зарж, таван зуун цэргийг худалдаачин хүний янзаар хувьсган чимэглээд, таван онгоцонд суулган, нэн бас хуурмаг тэмдэг бичиг хийж өгөөд, байцаан асуухад бэлтгэн цэргийн зэвсгийг онгоцны дотор нууж илгээв. Жоушань захиаг хүлээн Зинжоу мужийн зүг усан замаар одоод, онгоцыг мөрний хөвөөнд зогсоосон хойно, Зинжоу биеэр хотод ороод хаалганы хүнээр Сүнь хатанд нэвтрүүлэхэд хатан Жоушанийг оруулав. Жоушань далдлах бичгийг өргөсөн хойно, Сүнь хатан үзээд “Эхийн өвчин хүнд” хэмээн хэлсэнд нулимс унагааж асууваас Жоушань сөгдөж хэлрүүн: “Улсын эхийн өвчин хүнд тул өглөө үдэш гагц хатан таныг мөрөөдмүй. Хэрэв одох нь алгуурлаваас олж учрахгүйгээс эмээмүй, хатан даруй Адоуг авч очоод золгох болов уу?” хэмээсэнд Сүнь хатан өгүүлрүүн: “Хааны авга цэрэг авч хол гарсан тул би эгсүгэй хэмээвээс хүн зарж цэргийн багшид хэлсэн хойно сая явж болмуй”. Жоушань өгүүлрүүн: “Хэрвээ цэргийн багш эзэн гүнд мэдүүлээд хойш зарлиг ирэхийг хүлээж сая “Онгоцонд суусугай!” хэмээвээс яамуй?”. Сүнь хатан өгүүлрүүн: “Хэлэхгүйгээр одвоос зам хорихоос эмээмүй”. Жоушань өгүүлрүүн: “Мөрний хөвөөнд нэгэнтээ онгоц бэлтгэн тавьжээ. Хатан даруй тэргэнд сууж хотоос гарсугай!”. Сүнь хатан эхийн өвчин хүнд хэмээн сонсоод яахин сандрахгүй аж, яаран долоон настай Адоуг тэргэнд авч суугаад, дагах гуч илүү хүн илд зүүж, моринд мордон Зинжоу хотоос гараад мөрний хөвөөнд хүрч онгоцонд гарав. Гэрийн хүн “Хэлэхээр одсугай!” хэмээхэд Сүнь хатан хэдийн Ша Тоужэнь сууринд хүрээд онгоцонд суужээ.

Тэндээс Жоушань “Онгоцыг хөдөлгөсүгэй!” хэмээтэл мөрний хөвөөнд хүн аж, их дуутаар “Түр битгий онгоцыг хөдөлгөгтүн! Хатанг үдэхээр ирэв!” хэмээн дуудмуй. Үзвээс Жао Юнь болой. Үзвээс Жао Юнь цагдан байцааж сая эгээд, энэ мэдээг сонсож ихэд гэлмэж гагц дөрөв таван морьтонг авч хөвөөг барьж нэхэхээр ирсэн ажгуу. Жоушань жад барьж ихэд зандарч өгүүлрүүн: “Чи ямар хүн хэмээн эзэн эхийг хоригломуй?” хэмээгээд цэргийн ардаар онгоцыг сэлүүрдүүлэн, бас зэр зэвсгийг гаргаж онгоцонд жагсаагаад салхины аяар одоход Жао Юнь мөрний хөвөөг дагаж нэхэх дуудруун: “Хатанг дураар одуулсугай! Гагц нэгэн айлтгах үг буй” хэмээвч Жоушань хайхрахгүй гагц онгоцыг хөөж, яаран явмуй. Жао Юнь мөрнийг хөвөөлөн нэхэж арван хэдэн газар одоод гэнэт хөвөөнд нэгэн загас гөхдөх онгоц аргамжиж ахуйг үзэж, морийг гээж жад барин мөнөөх онгоцонд харайж гараад гагц хоёр хүнээр сэлбүүлэн хатны суусан онгоцыг зүглэн нэхэхэд Жоушань цэргийн ардаар сум харвуулав. Жао Юнь жадаар зайлуулахад зэв дам дамаар усанд унамуй. Их онгоцноос хоёр алд илүү алслахад, Ү улсын цэрэг дэмий л жадалмуй. Жао Юнь жадыг гээж зүүсэн “Цинган Зянь” илдийг сугалан авч жадыг ярж зайлуулаад нэгэнтээ хараймагц хэдийн их онгоцонд гарав.

Ү улсын цэрэг цочиж цөм онгоцонд унав. Жао Юнь онгоцны гэрт ороод үзвээс Сүнь хатан Адоуг тэврэн суун амуй. Жао Юнийг зандран өгүүлрүүн: “Юунд ийм ёс бусчилмуй?”. Жао Юнь сэлмийг хуйнд хийж өгүүлрүүн: “Хатан эх та хаашаа одсугай хэмээмүй? Юунд цэргийн багшид сонсгохгүй буй?”. Хатан өгүүлрүүн: “Миний эхийн өвчин маш хүнд тул хэлэхээр одож завдсангүй”. Жао Юнь өгүүлрүүн: “Эзэн их өвчнийг үзэхээр одоход юу хэмээн бага эзнийг дагуулан аваачмуй”. Хатан өгүүлрүүн: “Адоу болбоос миний хөвгүүн тул Зинжоу хотод үлдээвээс харгалзах хүнгүй”. Жао Юнь өгүүлрүүн: “Хатан эх ташаарав. Миний эзнээс төрсөн нь гагцхүү энэхэн яс мах болой. Бага жанжин би дан Ян, Чан Бань По толгодын дэргэд түүнийг зуун түмэн цэргийн дотроос тэнхрүүлэн гаргасан бөлгөө. Энэ өдөр хатан сэмээр тэвэрч аваачих нь ямар ёс болой?”. Хатан хилэгнэж өгүүлрүүн: “Чи цацрын доорхи нэгэн цэргийн хүн байтлаа ямар аймшиггүй миний гэрийн хэргийг хамаармуй?”. Жао Юнь өгүүлрүүн: “Хатан одсугай хэмээвээс явсугай! Гагцхүү бага эзнийг үлдээ!”. Хатан зандарч өгүүлрүүн: “Чи замын дундаас миний онгоцонд орж ирсэн нь эрхгүй урвах сэтгэл буй”. Жао Юнь өгүүлрүүн: “Хэрвээ бага эзнийг үлдээхгүй болбоос хэдий түмэн зэрэг үхэвч аймшиггүй хатанг тавьж илгээн чадахгүй!”. Хатан хоёр жигүүрийн шивэгчин эхнэрийг зандран “Үтэр чирч эгүүлэгтүн!” хэмээсэнд Жао Юнь тэр эхнэрүүдийг түлхэж унагаан өвөр дотроос Адоуг булаан авч тэврэн гараад онгоцны тэргүүнд зогсоод “Хөвөөнд гарсугай!” хэмээвээс бас туслах хүнгүй “Алалцсугай!” хэмээвээс бас ёс зүйд нийцэхгүй болов уу хэмээн болгоомжлон аргагүй бачимдаж бүхийд хатан хоёр жигүүрийн шивэгчин эхнэрүүдийг зандран “Адоуг булаан ав!” хэмээмүй. Жао Юнь нэгэн гартаа Адоуг тэврэн нөгөө гартаа сэлэм барьсанд айж ойр ирэх хүнгүй Жоушань онгоцны сүүлэнд залуурыг хавчиж, сэжлээд салхины аяар онгоцыг усны уруу яаран сэлэн одоход “Өрөөсөн алгыг дуугаргахад бэрх” хэмээсэнчлэн Жао Юнь гагц Адоуг хамгаалахаас бус хэрхин онгоцыг хөвөөнд аваачин чадах бөлгөө.

Тэндээс хараахан зовлон тохиож бүхийд гэнэт доор урсгалын тохой дотроос арваад онгоц нэгэн эгнээгээр жагсан онгоц бүрт туг далбаа хатгаад хэнгэрэг дэлдэж ирмүй. Жао Юнь дотроо сэтгэрүн: “Энэ удаа Зүүн Ү улсын арганд оногдов” хэмээгээд үзвээс онгоцны тэргүүнд нэгэн их жанжин гартаа урт жад бариад өндөр дуугаар: “Бэргэн чи миний ач хөвгүүнийг үлдээж явагтун!” хэмээн дуудмуй. үзвээс Жанфэй мөрний захыг цагдан явахдаа энэ мэдээг сонсоод завдаж Юзянгийн аманд ирвээс төв хэмээн Ү улсын онгоцонд учирсан тул тосож зогсоов. Тухайд Жанфэй илд бариад Ү улсын онгоцонд харайн гартал Жоушань, Жанфэйгийн онгоцонд гарсаныг үзээд илд барьж угтан ирэхэд Жанфэй гар өргөмөгц цавчин унагаагаад тэргүүнийг нь Сүнь хатны өмнө орхив. Сүнь хатан ихэд хиртхийж: “Авга юунд ийм ёс бусчилмуй?” хэмээвээс Жанфэй өгүүлрүүн: “Бэргэн миний ахыг хүндэтгэхгүй нууцаар гэртээ одох нь харин ёс бусчилсан үгүй юу?”. Сүнь хатан өгүүлрүүн: “Миний эхийн өвчин хүнд бөгөөд маш түгшүүртэй тул хэрвээ чиний ахын эгж ирэхийг хүлээвээс гэдрэг миний их үйл саатмуй. Чи тавьж илгээхгүй болбоос би мөрөнд харайж үхмүй!” хэмээв.

Тэндээс Жанфэй, Жао Юньгийн зүг зөвлөж: “Хатанг цухалдуулан үхүүлбээс түшмэдийн ёс бус болой. Гагц Адоуг хамгаалан онгоцонд гарваас барав” хэмээгээд Сүнь хатны зүг өгүүлрүүн: “Миний ах их Хань улсын хааны авга болох тул бэргэнийг ичээж, хэрд тэнцэхгүй нь бус. Энэ өдөр салж одоод, хэрэв ахын хишиг журмыг санаваас эртхэн эгж ирэгтүн!” хэмээн өгүүлээд Адоуг тэврэн Жао Юнь лугаа хамт онгоцонд эгж Сүнь хатны таван онгоцыг тавин илгээжээ. Хожмын хүний Зылунг магтсан шүлгийн үг:

“Эрт цагт Дан Янгийн газар эзнээ тэнхрүүлсэн бөлгөө

Энэ өдөр нисэх мэт түргэн Хөх мөрний зүг иржээ

Онгоц дээрх Үгийн цэргийн цөсийг хэмхрүүлсэн нь

Огоот Зылунгийн баатар ертөнцөд хосгүй ажгуу”

Бас Идөг магтсан шүлгийн үг:

“Чан Баньцяо гүүрний дэргэд хилэнгийн уурыг түмэн зан мандуулан

Цахилгаан мэт нэгэнтээ бархираад Цаоцаогийн цэргийг эгүүлжээ

Энэ өглөө мөрний дээр эзнээ түгшүүрээс тэнхрүүлсэн тул

Эдгээр гавьяа түмэн онд хөх сударт тэмдэглэгджээ”

Хоёул баярлангуйгаар онгоцыг эгүүлэн хэдэн газар явтал Кунмин хэдэн баг онгоцыг авч угтахаар ирээд Адоуг булаан эгүүлснийг үзэж ихэд баярлан гурвуул морь зэрэгцэн эгсний хойно Кунмин бичиг хийж Зя Мөнгуань боомтод Сюаньдөд мэдүүлэхээр илгээв.

Тэндэс Сүнь хатан Ү улсад хүрээд Жанфэй, Жао Юний мөрөнд тосож, Жоушанийг алаад, Адоуг булаан аваачсаныг хэлсний хойно Сүньцуань хилэгнэж өгүүлрүүн: “Өдгөө миний охин дүү нэгэнтээ эгж ирсэн тул түүн лүгээ ураг бус болов. Жоушанийг алсан өшөөг яахин хариулахгүй болж болмуй” хэмээгээд бичиг цэргийн түшмэлийг цуглуулж зөвлөн цэрэг байгуулж “Зинжоуг авсугай!” хэмээн төвхийтэл зөвдөлцөн ахуйд гэнэт “Цаоцао дөчин түмэн цэрэг авч Улаан хавцалд байлдсан өшөөг авахаар ирмүй” хэмээн хэлэхээр ирсэнд Сүньцуань ихэд цочиж түр Зинжоуг авахыг зогсож Цаоцаог халхлахыг зөвдөн атал хүн ирж: “Жанши түшмэл Жанхун өвдөж гэртээ эгээд нэгэнт бие барав. Өдгөө хүн зарж уяралын бичгийг өргөхөөр ирэв” хэмээсэнд Сүньцуань бичгийг нээж үзвээс бичгийн дотор “Сүньцуанийг Молин газарт дэвшсүгэй!” хэмээн ятгаж хэлрүүн: “Молингийн уул усны байдалд хаан, ван гарах амьсгал буй. Хурдан тэнд нүүдэллэж, түмэн үеийн хөрөнгө болгосугай” хэмээжээ. Сүньцуань бичгийг үзээд ихэд гашуудан уйлж олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Жан Зыган1 намайг “Молин газарт дэвшиж суу!” хэмээсэн тул би яахин дагахгүй аж?” хэмээгээд даруй захиж Молинг Зян Е хэмээн нэрлэн, чулууны хот цогцлоов. Люймөн дэвшиж өгүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг ирвээс Рүсюйгийн аманд хэрэм цогцлоож тулбаас зохимуй” хэмээсэнд олон жанжин нар цөм өгүүлрүүн: “Хөвөөнд авиран хулгайг байлдаж, хөл нүцгэлэн онгоцонд орох тул хот байгуулж юу хиймүй?”. Люймөн өгүүлрүүн: “Цэрэгт хурц, мохдог буй аваас байлдах бүр дийлэх нь бус. Хэрэв санд мэнд дайсан лугаа учраад явган морьт цухалдваас хүн бас ч усанд хүрэх чөлөөгүй атал яахин онгоцонд орж чадмуй?”. Сүньцуань өгүүлрүүн: ““Хүнд хол бодлого үгүй болбоос эрхгүй ойр зовлон буй” хэмээжээ. Зымин мэдсэн газар хол” хэмээгээд даруй хэдэн түмэн цэргийг Рүсюй газарт илгээн “Өдөр шөнөгүй хот цогцлоож, товлосон хугацаанд бүтээн босгогтун!” хэмээв.

Тэндээс Цаоцао Сюйдүд аж, эрх сүр нь өдрөөс хүнд болсонд Жанши түшмэл Дунжао дэвшиж өгүүлрүүн: “Эртнээс нааш хүний түшмэд Чансангийн мэт гавьяа их нь үгүй бөлгөө. Хэдий Жоу Гүн, Люй Ван хэмээн хүрэхгүй болой? Салхи бороонд шурган зовж явсаар гуч илүү он болж олон мууг шүүрдэн, зуун овгийн иргэний зовлонг арилгаад, Хань хааны төрийг тогтнуулсан тул хэрхин олон сайд түшмэд лүгээ зэрэгцүүлж болмуй? Вэйгүнгийн суурийг хүлээн есөн зүйлийн хүртээл нэмж, гавьяа эрдмийг дэлхий дахинд илэрхийлбээс зохимуй” хэмээжээ.

Цаоцао: “Чи хэлэгтүн! Аль есөн зүйлийн хүртээл буй?” хэмээвээс, өчрүүн:

Нэгд. Тэрэг морь (алтан луут тэрэг, цэргийн тэрэг нэжгээд. Тохох хонгор морь найм.)

Хоёрт. Дээл хувцас (ван хүний хувцас, улаан шаахай)

Гурав. Хөгжим (ван хүний хэрэглэх хөгжим)

Дөрөв. Улаан хаалга (суусан гэрийн үүд улаанаар зосодмуй)

Тав. Яндар (яндар дээр гарч ёсолмуй)

Зургаа. Хаалга үүдийг сахих гурван зуун цэрэг

Долоо. Сүх төмөг2 (сүх төмөг тус бүр нэжгээд)

Найм. Нум сум (улаанаар зосодсон нум нэг, зэв нэг зуу, хараар зосодсон зэв мянга)

Ес. Зюйчан (сахиулсанг тахих зориулалттай хар амуугаар нэрсэн архи),

Гүйзань (өвгөдийн сүмийг тахих сав). Шижун түшмэл Сюнь Юй өгүүлрүүн: “Болохгүй Чансан язгуураас журмын цэрэг байгуулан Хань улсын төрийг тэтгэсэн тул шударга сэтгэлийг барин хөнгөмсгөөр үнэнийг сахиваас зохих бөлгөө. Ихэс эрдэмтэн эрдмээр хүнийг өршөөмүй. Ийм болбоос зохисгүй” хэмээсэнд Цаоцао сонсоод гэнэт царай алджээ.

1 Жанхунгийн өргөсөн нэр

2 Саран сүх хэлбэртэй цэргийн зэвсэг

Дунжао өгүүлрүүн: “Хэрхин нэгээхэн хүний учраар олны эрмэлзлэлийг зогсоож болмуй” хэмээн хэлээд даруй илтгэл айлтгаж Цаоцаод Вэйгүн цол өргөмжилж есөн зүйлийн хүртээл нэмэв. Сюнь Юй шүүрс алдаж өгүүлрүүн: “Энэ өдөр би ийм хэргийг үзнэ гэж санасангүй” хэмээжээ. Цаоцао сонсоод “Түүнд тусалсангүй” хэмээн ихэд занах болов. Амгалан байгуулагчийн арван долоодугаар оны өвлийн тэргүүн сард Цаоцао цэрэглэж, мөрний өмнийг дайлахаар одохдоо Сюнь Юйд хандан: “Дагаж яв!” хэмээв. Сюнь Юй нэгэнтээ Цаоцаогийн өөрийг нь алах санаатайг мэдээд зоригмогоор өвдөв хэмээн шалтаглаад Шоучуньд үлдсэнд гэнэт Цаоцао хүн зарж нэгэн багвар3 идэш хүргэж иржээ. Багварын дээгүүр Цаоцаогийн гараар бичсэн битүүмж буй. Нээж үзвээс хоосон тул Сюнь Юй түүний санааг ухаад даруй хор идэж үхэв. Тэр жил тавин настай бөлгөө.

Хожмын хүн шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Вэньруогийн оюун эрдэм дэлхий дахинаа алдаршсан боловч

Үнэхээр хайрханд хөл алдаж эрхтний үүдэнд оржээ

Хожмын хүн талаар түүнийг Люхоу лүгээ адилтгавч

Шар булгийн дор хаан эзэнд уулзах нүүргүй болой”

Түүний хөвгүүн Сюнь Юнь эмгэнэлийн бичиг хийж Цаоцаод хэлэхээр одсон хойно Цаоцао ихэд гэмшин хүн зарж хүндээр оршуулж, нэхэж Зинхоу цолд өргөмжлөв.

3 Идээ, хоол хийх сав

Тэндээс Цаоцаогийн цэрэг Рүсюйд хүрээд урьд гурван түмэн төмөр хуягт, морьт цэрэг гаргаж, мөрний хөвөөнд цагдахаар илгээсэнд хойш ирж хэлрүүн: “Холоос харвал мөрний хөвөөг дагаж туг хиур маш олон, цэрэг хаана цугларч ахуг мэдэхгүй”. Цаоцао санаа амаргүй тул биеэр цэрэг авч урагш дэвшиж Рүсюйгийн аманд цэргийг жагсаагаад, зуу илүү хүнийг авч уулын дээр гарч үзвээс байлдах онгоц тус бүр анги хувааж, дэс дараалан жагсаагаад, туг далбааг таван өнгөөр хуваан, цэргийн зэвсэг гялбалзмуй. Төв дундын их онгоцонд бараан шүхрийн дор Сүньцуань сууж буй. Хоёр этгээдэд бичиг цэргийн түшмэд зогсжээ. Цаоцао ташуураар зааж өгүүлрүүн: “Хөвгүүн төрвөөс Сүнь Жунмоугийн адил болбоос зохимуй. Лю Зиншэнгийн хөвгүүд нохой, гахай болой” хэмээтэл гэнэт өмнөөс онгоц нисэх мэт ирмүй. Бас Рүсюйгийн хэрэм дотроос нэгэн баг цэрэг гарч Цаоцаогийн цэргийг дайран ирэхэд арга буюу хойш эргэн буруулав. Бархиран зогсоовч чадахгүй бүхийд бас мянга гаруй морьт цэрэг уулын дэргэд нэхэж ирэв. Тэргүүлсэн нэгэн хүн нь нүд хөх, сахал улаан олноор үзвээс чив хэмээн Сүньцуань бөлгөө. Сүньцуань биеэр морьт цэргийг дагуулан Цаоцаог байлдахаар иржээ. Цаоцао ихэд цочиж яаран буруулсугай гэтэл Зүүн ү улсын их жанжин Ханьдан, Жоутай хоёул дайран ирэв. Цаоцаогийн хойноос Сюйчу морио тавьж илд даллан хоёр жанжныг тулж авсан тул Цаоцао сая чөлөө олж гараад хүрээндээ эгэв. Сюйчу хоёр жанжин лугаа гучин удаа байлдаад сая буцав. Цаоцао хүрээнд эгсэн хойно Сюйчуг хүндээр шагнан олон жанжин нарыг донгодруун: “Дайсанд учирмагц буруулж, миний хурц сүрийг бууруулжээ, хойно дахин ийм хэрэг болбоос цөмийг алмуй!” хэмээв. Мөн шөнийн дэд жингийн үест гэнэт хүрээний гадна хашхирах дуу ихэд гарав. Цаоцао яаран морь унаж гарч үзвээс дөрвөн этгээдэд цөм гал манджээ. Ү улсын цэрэг их хүрээнд булаахаар ороод байлдсаар гэгээрсэн хойно Цаоцаогийн цэрэг тавин газар илүү буруулж хүрээ байгуулав. Цаоцао дотор уйдан цэргийн бичиг үзэж бүхийд Чөн Юй орж өгүүлрүүн: “Чансан цэргийн аргыг мэдэж агаад хэрхэн цэрэг сахиус мэт түргэнийг мэдэхгүй буй? Чансан цэрэглэхэд өдөр сарыг удаасан тул Сүньцуань бэлтгэн завдаж Рүсюйгийн аманд хот цогцлоосноор байлдахад бэрх болов. Түр цэргийг зогсоож Сюйдүд эгээд, өөр сайн арга бодолхийлэхэд хүрэхгүй?” хэмээхэд Цаоцао эс өчив.

Түүнээс Чөн Юйг гарсан хойно Цаоцао ширээг түшиж унтсанд, гэнэт сонсвоос усны долгион буцлан өрөвхийлж түмэн морь тэмцэлдэн довтлох адил. Цаоцао яаран үзвээс их мөрний дундаас нэгэн нар мандаад гэрэл нүдэнд харважээ. Огторгуйн зүг харваас бас хоёр нар эсэргүүлэн гэрэлтэв. Гэнэт зуур мөрний дундах тэр нар нисэж босоод шууд хүрээний өмнөх ууланд унав. Дуу аянга мэт, үүнд хиртхийж сэрвээс харин цацрын дотор зүүд зүүдэлсэн ажгуу. Цацрын өмнөх цэргийн хүн: “Морин цаг болов” хэмээн мэдүүлжээ. Цаоцао моринд эмээл тохуулж, тавь илүү морьтонг авч хүрээнээс гаран, зүүдэнд үзэгдсэн уулын хормойд хүрч хараахан үзэж бүхүйд, гэнэт нэгэн баг хүн морь ирэв. Тэргүүлсэн нэгэн хүн алтан дуулга шар хуяг өмсжээ. Цаоцао үзвээс Сүньцуань мөн аж. Сүньцуань Цаоцаогийн хүрч ирсэнийг үзээд огт яарахгүй, уулын дээр морио татаж зогсоод ташуураар зааж өгүүлрүүн: “Чансан Жун Юаньгийн газрыг эзлэн суугаад баян эрхмийн туйлд хүрчээ, юунд бас түүнд ханахгүй ховдог сэтгэлээр миний Зяннань газрыг халдахаар ирэв?” хэмээсэнд Цаоцао өчиж өгүүлрүүн: “Чи түшмэдийн хувьд буй бөгөөд хааны цаазыг дагахгүй тул би хааны зарлигийг хүлээж тусгайлан чамайг байлдахаар ирэв”. Сүньцуань инээж өгүүлрүүн: “Чи энэ үгийг хэлэхдээ ичингүйрэхгүй юү? Дэлхий дахины хүн хэн чиний хаанаар нэр болгон мужийн эзнийг захирахыг мэдэхгүй аж? Би Хань улсын хааныг үл хүндлэх нь бус. Чухам дийлж улс гэрийг төв цэх болгосугай хэмээж амуй” гэхэд Цаоцао ихэд хилэгнэн олон жанжин нарыг зандарч: “Ууланд гарч Сүньцуанийг баригтун!” хэмээхэд гэнэт хэнгэргийн дуу гартал уулын хойноос хоёр замын цэрэг гарч ирэв. Баруун этгээдээс Ханьдан, Жоутай, зүүн этгээдээс Чэнь Ү, Паньжан нарын дөрвөн жанжин гурван мянган нумт цэргийг авч, бороо орох мэт зэв харвахад Цаоцао яаран олон жанжин нарыг авч буруулав. араас дөрвөн жанжин нэхэж ирэх нь маш шахам, хагас зам хүртэл нэхсэнийг Сюйчу “Барсын сүрт” торгон цэргийг авч байлдаад Цаоцаог тэнхрүүлэн гаргав. Зүүн ү улсын цэрэг дийлсэн дууг дуулсаар Рүсюйд эгэв. Цаоцао хүрээнд эгж санаруун “Сүньцуань зүгээр хүн бус улаан наранд тохиолдсон нь хожмын өдөр эрхгүй хаан болмуй” хэмээн “Цэрэг эгсүгэй!” хэмээх сэтгэл өвөрлөжээ. Гэвч бас “Зүүн Ү улсад элэглэгдүүзэй!” хэмээн болгоомжилмуй. Ийнхүү орох эгэхийг таслан чадахгүй агсаар хоёр этгээд харилцан тулалцаж бас нэг сар илүү болов. Хэд хэдэн зэрэг байлдсан боловч хоёр этгээд харилцан дийлж, дийлэгдсэн бөлгөө. Шууд ирэх жилийн цагаан сард хүрээд хаврын бороо залгалдаагаар орж, тохой бүхэнд цөм ус бялхаад, цэргийн хүн цөм шаварт буудаллаж, түүний гашууныг хэлэх газаргүй. Цаоцао дотроо ихэд зовж нэгэн өдөр мэргэн зөвлөхүүд лүгээ зөвлөвөөс зарим нь “Эгсүгэй!” хэмээн сануулна. Бас зарим нь: “Хаврын дулаан цаг, ямагт эсэргүүцвээс зохимуй! Эгвээс зохимжгүй” хэмээн өгүүлмүй. Тийнхүү орох эгэхийг таслан чадаагүйн урьд гэнэт “Ү улсын элч бичиг хүргэж ирэв” хэмээн хэлэхээр ирэв. Цаоцао бичгийг нээж үзвээс тэр бичгийн үг нь:

“Мөхөс би Чансан лугаа цөм Хань улсын төрийн түшмэд бөлгөө. Чансан улс гэрт хариулж, иргэнийг амар болгохыг санахгүй, цэрэг дайныг хөдөлгөж дэмий олон амьтныг хорлох нь өршөөлт хүний үйлдэх явдал буюу? Өдгөө хаврын дэвээ4 хөдлөх цаг тул гүн хурдан эгвээс зохимуй. Хэрвээ тийм бус болохул дахин Улаан хавцал газрын мэт зовлон ирмүй. Гүн өөрөө сайтар санаж үзэгтүн!” хэмээжээ.

4 Чийг нойт ихтэй зүлгэрхэг газар

Бичгийн хойно бас хоёр мөр бичсэн нь: “Чи үхэхгүй болбоос мөхөс би амгаланг олохгүй” хэмээжээ. Цаоцао үзэж бараад ихэд инээн өгүүлрүүн: “Сүнь Жунмоу намайг мэхлэхгүй болой” хэмээгээд элчийг шагнан эгүүлж даруй цэрэг эгэхийг зарлав. Лүзян газрын тайшоу түшмэл Жугуангаар Ваньчэн хотыг сахиулаад өөрөө цэргээ дагуулан сюйчанд эгэв. Сүньцуань мөнхүү цэрэг хурааж Молинд эгээд олон жанжин нарын зүг зөвлөж хэлрүүн: “Цаоцао хэдий хойд газартаа эгсэн боловч Любэй Зя Мөнгуань боомтод аж, эгээгүй. Юунд Цаоцаог тулсан цэргээр Зинжоу мужийг авахаар очихгүй аж?” хэмээсэнд Жанжао арга өргөж өгүүлрүүн: “Түр зууртаа цэрэг хөдөлгөж болохгүй. Надад нэгэн арга буй. Любэйг дахин Зинжоу мужид эгж чадахгүй болгосугай” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Мөндөгийн идэрхэг цэрэг сая хойдод эгсэнд

Жунмоу зориг төрж бас өмнийг ховдогломуй”

Эгнэгт Жанжао ямар аргыг хэлж гаргахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top