"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 62 ДУГААР БҮЛЭГ
ФУШУЙГУАНЬ БООМТЫГ АВАХАЛ ЯН, ГАО НАР АЛАГДСАН, ЛУОЧЭН ХОТЫГ БАЙЛДАХАД ХУАН, ВЭЙ НАР ГАВЬЯА ТЭМЦСЭН
Өгүүлэх нь: Жанжао арга өргөж өгүүлрүүн: “Түр битгий цэрэг хөдөлгөгтүн! Хэрэв цэрэг хөдөлсөнд Цаоцао эрхгүй дахиж ирмүй. Хоёр битүүмж бичиг хийж нэгэн битүүмжийг Люжанд хүргүүлж “Любэй Зүүн Ү улс лугаа янаглан хамт Сычуанийг авсугай хэмээж” хэмээн хэлээд Люжаныг сэжиг төрүүлж, Любэйг байлдуулж өөр нэгэн битүүмжийг Жанлүд өгч түүнийг цэрэглэн Зинжоу мужийн зүг ирүүлбээс Любэй тэргүүн сүүлийг хамгаалан чадахгүй болсон үед бид цэрэг үүсгэн авахаар очвоос үйл бүтэх болой”. Сүньцуань үгийг авч даруй хоёр газарт хүн зарж илгээв.
Тэндээс Любэй Зя Мөнгуань боомтод удтал сууснаар иргэний сэтгэлийг ихэд олжээ. Гэнэт Кунмингийн захидлыг хураан авч Сүнь хатан нэгэнтээ Зүүн ү улсад эгсэн болон бас Цаоцао цэрэг авч Рүсюйг байлдахаар одсоныг сонсоод Пантунгийн зүг зөвлөж өгүүлрүүн: “Цаоцао Сүньцуаньтай байлдаад Цаоцао дийлбээс эрхгүй Зинжоуг авмуй. Сүньцуань дийлбээс бас ч мөн Зинжоу мужийг авах бөлгөө. Яаваас зохимуй?”. Пантун өгүүлрүүн: “Эзэн гүн битгий зовогтун! Кунмин тэнд буй тул санахад Зүүн Ү улс хэрхэвч Зинжоуд халдахгүй бөлгөө. Эзэн гүн Люжанд бичиг довтолгон илгээж бичигт: “Цаоцао, Сүньцуанийг байлдахаар очсон тул Сүньцуань Зинжоугаас тусал хэмээн гуйхаар иржээ. Би Сүньцуань лугаа уруул шүдний мэт улс болохын учир туслахгүй болж эс болмуй. Жанлү биеийг сахих хулгай тул хэрхэвч айж хязгаарыг халдахаар ирэхгүй бөлгөө. Би эдүгээ цэргийг авч Зинжоуд эгэн, Сүньцуань лугаа нийлж Цаоцаог эвдэлсүгэй хэмээвээс цэрэг цөөн амуу ховор, хэрвээ нэгэн угсааны сэтгэлгээг санаваас түргэн шилсэн цэрэг гурав дөрвөн түм, амуу арван түмэн суулгаар тусалмуй! Битгий гуйсныг саатуул!” хэмээн шалтаглан хэлсүгэй! Хэрэв цэрэг морь амуу цалин олсонд жич өөр зөвлөл хийсүгэй!” хэмээв.
Тэндээс Сюаньдө үгийг дагаж Чөндүд хүн зарав. Зарсан хүн боомтод хүрсэн хойно Янхуай, Гаопэй
Энэ хэргийг мэдээд даруй Гаопэйгээр боомтыг сахиулан Янхуай зарсан элч лүгээ хамт Чөндүд ирээд Люжанд золгож бичгийг өргөв. Люжан бичгийг үзэж бараад Янхуайгаас асууруун: “Чи бас ямар хэргийн учирт хамт ирэв?”. Янхуай өгүүлрүүн: “Тусгайлан энэ бичгийн тулд ирэв. Любэй Сычуаньд орсноос нааш хишгийг уудмаар тархаан иргэний сэтгэлийг ихэд олжээ. Түүний санаа маш сайн бус, эдүгээ цэрэг морь амуу цалин гуйсныг өгч үл болмуй. Хэрвээ өгвөөс хуурай өвсийг тэвэрч ноцох галд орхих адил болой”. Люжан өгүүлрүүн:“Би Сюаньдө лүгээ ах дүүгийн журам буй тул хэрхэн гээж болмуй?”. Нэгэн хүн гэхэлзэн гарч өгүүлрүүн: “Любэй баатар идэрхэг хүн. Хэрэв Шу газарт удтал агуулбаас “Барсыг тавьж гэртээ оруулах” мэт. Эдүгээ бас цэрэг морь, амуу цалингаар тусалбаас “Барсад жигүүр нэмснээс” юун өөр болой?”. Олон тэр хүнийг үзвээс Линлингийн Жэнь Ян газрын хүн. Овог Лю нэр Ба, өргөсөн нэр Зычу хэмээгч ажээ. Люжан, Любагийн үгийг сонсоод татгалзан тасалж чадаагүйд Хуанцуань бас хориглосонд, Люжан хөгшин буурай цэрэг дөрвөн мянга, амуу нэг түмэн суулга салган өгч хариу бичиг үйлдэн элч зарж Любэйд хэлэхээр илгээгээд Янхуай, Гаопэйг “Боомт хавцлыг бэхлэн сахь!” хэмээн тушаав. Люжангийн зарсан элч Зя Мөнгуань боомтод хүрч Сюаньдө лүгээ золгон хариу бичгийг өргөсөнд Сюаньдө ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би чиний төлөө дайсныг халхлан өгөөд сэтгэл зовон хүч сүйтгэсэн атал чи эдийг овоолж шагнахыг хайрлаад яахан цэрэг түшмэдийг үхэн байлд хэмээж болмуй” хэмээгээд даруй бичгийг урж ихэд хараан босоход зарсан элч Чөндүд оргон одов. Пантун өгүүлрүүн: “Эзэн гүн гагц өршөөл журмыг хүнд болгосон бөгөөд энэ өдөр бичгийг урж хилэгнээд урьдын найрыг гээсэн болой” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Ийм болбоос яаваас зохих буй?” хэмээсэнд Пантун өгүүлрүүн: “Надад гурван арга буй. Эзэн гүн өөрөө сонгож явтугай!” хэмээв.
Түүнээс Сюаньдө асууруун: “Аль гурван арга болой?” Пантун өгүүлрүүн: “Эдүгээ шилсэн цэргийг сонгож шөнө дөлөөр газар эвхэж ороод шууд Чөндүг сундалсугай! Энэ нь дээд арга болой. Янхуай, Гаопэй болбоос Шу улсын нэрт жанжин, тус бүр хүчирхэг цэрэг бүгүүлж боомт хавцлыг сахижээ. Эдүгээ эзэн гүн хууран “Зинжоуд эгмүй” хэмээхүл хоёр жанжин сонсвоос эрхгүй үдэхээр ирмүй. Түүнийг үдэх газарт нь барьж алаад боомтыг булаагаад урьд Фучэн хотыг авч хойно Чөндүгийн зүг хандах нь дунд арга болой. Байди хот руу буцаж шөнө дөл Зинжоуд эгээд алгуурлан дэвшиж авч болмуй. Энэ нь доод арга болой. Ямагт сэжиглэж үл очвоос зовлон хүрч ирсэнд тэнхрүүлэхүйеэ бэрх болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Цэргийн багшийн дээд арга огоо түргэн, доод арга нь даанч алгуур, дунд арга болбоос алгуургүй, түргэн ч үгүй явж болмуй” хэмээв. Тэндээс бичиг хийж Люжанд өгч хэлсэн нь: “Цаоцао харьяат жанжин Юэзинийг зарж цэрэг аван Цин Нижэньд хүрч ирснийг олон жанжид тулж чадахгүй тул би биеэр туслахаар одмуй. Тийнхүү золгохоор одож завдахгүй тусгайлан салах ёсоор бичиг илгээв” хэмээжээ. Бичиг Чөндүд хүрсэн хойно Жансун, Лю Сюаньдөг “Зинжоуд эгмүй!” хэмээхийг сонсоод үнэн хэмээн итгэж даруй нэгэн битүүмж бичиг бичин Сюаньдөд хүргэсүгэй хэмээхэд гэнэт өөрийн төрсөн ах Гуанхань газрын Тайшоу түшмэл Жансу хүрч ирсэн тул Жансун даруй бичгийг ханцуйн дотор нуун Жансу лугаа хэлэлцэхэд Жансу, Жансунгийн байдал тогтворгүйг үзээд дотроо сэжиглэн атал Жансун архи авч ирүүлэн түүн лүгээ хамт уулцаж, зууш өргөх хооронд гэнэт тэр бичгийг газарт унагасныг Жансугийн дагах ард олоод хурим тархсан хойно Жансуд өгөв. Жансу нээж үзвээс тэр бичийн үг нь: “Жансунгийн урж өдөр хааны авгад мэдүүлсэн үг огт ташаагүй атал юунд ийн алгуурлаж хөдлөхгүй аж? Сөргүүгээр авч эергүүгээр сахихыг эртний хүн эрхэмлэжээ. Эдүгээ их үйл алганы дотор атгасан мэт бөгөөтөл ямар учир үүнийг гээж Зинжоуд эгмүй. Жансун би сонсоод юмыг алдсан мэт, бичиг хүрсэн өдөр даруй түргэн цэрэг дэвшвээс Жансун би дотуураар тусалмуй. Гуйх нь: Битгий өөрөө саатуул! “ хэмээжээ. Жансу үзэж дуусаад ихэд цочиж өгүүлрүүн: “Миний дүү гэрийн бүхнийг сөнөөх ял хийжээ. Гаргахгүй болбоос болохгүй!” хэмээгээд бичгийг барьж шөнө дөлөөр ирж Люжанд золгож хэлрүүн: “Миний дүү Жансун Любэй лүгээ бодлого нийлж Сычуанийг өргөсүгэй хэмээмүй” гэхэд Люжан ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Би ерийн өдөр өчүүхэн ч хөнгөлсөнгүй бөлгөө. Юунд урвасугай хэмээмүй?” хэмээгээд даруй зарлаж Жансунгийн гэрийн бүхнийг барьж цөмийг зээлд алав. Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Нэгэнт үзмэгц үл умартах нь эртнээс үнэхээр цөөн
Нимгэн захидал нэгэн дугтуйд тэнгэрийн нууцыг задруулжээ
Сюаньдө ирж вангийн төрийг мандуулахыг үзсэнгүйгээр
Чөндүгийн газар дээлээ цусаар будан завджээ”
Люжан нэгэнтээ Жансуныг алсан хойно бичиг цэргийн түшмэд лүгээ зөвлөж өгүүлрүүн: “Любэй төрийг булаасугай хэмээмүй. Эдүгээ хэрхвээс сайн” хэмээсэнд Хуанцуань өгүүлрүүн: “Энэ үйлийг алгуурлаж үл болмуй. Хурдан хүн зарж газар газрын боомт хавцалд зарлан даруй цэрэг нэмж сахиулаад “Зинжоугийн нэгэн хүн, нэгэн морь хэмээн өгүүлэхгүй боомтод битгий тавин оруулагтун!” хэмээн илгээтүгэй” хэмээсэнд Люжан үгийг дагаж шөнө дөлөөр хүн зарж олон боомтод довтолгон зарлахаар илгээв.
Тэндээс Сюаньдө цэрэг авч Фучөн хот руу эгэхдээ урьд Фу Шүйгуань боомтод хүн зарж “Янхуай, Гаопэйг боомтоос гарч салалцсугай!” хэмээн хэлэхээр илгээв. Янхуай, Гаопэй хоёул чимээг сонсоод зөвлөж өгүүлрүүн: “Сюаньдөгийн энэ буцах нь ямар буй? Гаопэй өгүүлрүүн: “Сюаньдөгийн үхэх цаг болов. Бид тус тусдаа хурц илдийг биед нуун үдэхээр одсон газарт алаад манай эзний зовлонг таслан өгсүгэй!”. Янхуай өгүүлрүүн: “Энэ арга ихэд сайн” хэмээгээд хоёул харьяат хоёр зуун хүнийг аваад боомтоос гарч үдэхээр ирэв. Өөрийг цөм боомтод үлдээжээ. Сюаньдөгийн их цэрэг мордож Фушуй усанд хүрч ирсэн хойно Пантун морин дээр Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Янхуай, Гаопэй хоёул хэрэв дуртайяа ирвээс сэргийлэх хэрэгтэй. Хэрэв тэд ирэхгүй болбоос даруй цэрэглэн шууд боомтыг авсугай! Алгуурлаваас болохгүй!” хэмээн хараахан хэлэлцэхэд гэнэт нэгэн хуй салхи босож морины өмнө их тугийг газарт унагав. Сюаньдө Пантунгаас асууж өгүүлрүүн: “Энэ ямар ёр болой”. Пантун өгүүлрүүн: “Энэ нь сэрэгдүүлэх ёр бөлгөө. Янхуай, Гаопэйд эрхгүй эзэн гүнийг хороох санаа буй. Сайтар сэргийлбээс зохимуй!” хэмээсэнд Сюаньдө давхар хуяг өмсөн илд зүүж сэргийлэв. Удалгүй Янхуай, Гаопэй хоёр жанжин үдэхээр ирсэнд Сюаньдө: “Цэрэг морийг амуул!” гэв. Пантун Вэй Янь, Хуанжунд сургаж өгүүлрүүн:“Гагц боомтоос ирсэн морьт явган цэргийн арвин цөөнийг өгүүлэхгүй нэгийг ч битгий хойш тавин илгээгтүн!” хэмээсэнд хоёр жанжин захиаг дагаж хаахаар одов.
Тэндээс Янхуай, Гаопэй хоёул хурц илдийг биед нууж хоёр зуун цэргийг дагуулан хонь хөтлүүлэн, архи дамнуулж шууд цэргийн өмнө хүрч ирээд үзвээс огт бэлтгэлгүйд дотроо сэмээр “Арганд оров” хэмээн баярлаж цацарт орж үзвээс Сюаньдө, Пантун лугаа хамт цацрын дотор сууж амуй. Хоёр жанжин ёсолж өгүүлрүүн: “Хааны авгыг “Хол эгмүй” хэмээн сонсоод тусгайлан нимгэн ёсны юм бэлтгэж үдэхээр ирэв” хэмээгээд даруй архины хундагыг өргөсөнд Сюаньдө өгүүлрүүн: “Хоёр жанжны боомт сахисан нь хялбар бус, энэ хундагыг та урьд ууваас зохимуй” хэмээсэнд хоёул ууж дууссан хойно Сюаньдө өгүүлрүүн: “Надад нэгэн нягт үйл буй. Хоёр жанжин лугаа зөвлөсүгэй хэмээх тул сул ардыг эгүүл!” хэмээн дагуулан ирсэн хоёр зуун хүнийг цөм дотоод хүрээнээс гаргаад Сюаньдө зандарч хэлрүүн: “Хоёр этгээдийн ард та энэ хулгайг надад баримтлан өгөгтүн!” хэмээмэгц цацрын хойноос Люфэн, Гуаньпин өчиж гарч ирсэнд Ян, Гао хоёул яаран “Тэмцэлдсүгэй!” хэмээтэл Люфэн, Гуаньпин тус бүр нэгийг баримтлав. Сюаньдө зандарч өгүүлрүүн: “Би чиний эзэн лүгээ төрлийн ах дүү атал танай хоёул юуны учир зөвдөж төрлийн хоорондыг завсардуулмуй?”. Пантун хажуугийн ардыг зандран: “Түүний биеийг нэгж!” хэмээн нэгжүүлбээс үнэхээр хоёулын биеэс хурц илд нэжгээдийг олов. Пантун: “Даруй гаргаж алагтун!” хэмээсэнд Сюаньдө татгалзан чадахгүй бүхийд Пантун өгүүлрүүн: “Хоёул язгуураас эзэн гүнийг алсугай хэмээн санасан тул алах ялыг яахан хэлтрүүлж болмуй” хэмээгээд даруй илд сүх барьсан ардад зарлаж Янхуай, Гаопэй хоёрыг цацрын өмнө аваачиж алав. Хуанжун, Вэй Янь хоёр дагаж ирсэн хоёр зуун хүнийг хэдийн цөм барьж аваад нэгийг ч алдаж гаргасангүй. Сюаньдө дуудан оруулж архи хүртээж цочсоныг тохруулж өгүүлрүүн: “Янхуай, Гаопэй манай ах дүүг завсардуулан бас илд нууж намайг “Хорлосугай!” хэмээсэн учирт өнөө алав.
Танай зэргийн хүнд ялгүй. Битгий эмээгтүн!” хэмээсэнд олон цөм сөгдөж мөргөв. Пантун өгүүлрүүн: “Би энэ шөнө та нарыг хэрэглэж зам дагуулсугай! Манай цэрэг боомтыг авсан хойно цөмийг хүндэд шан хишиг буй” хэмээсэнд олон цөм ойшоов. Тэр шөнө хоёр зуун хүн урагш явж их цэрэг хойно дагаад өмнө цэрэг боомтын дор хүрээд дуудруун: “Хоёр жанжинд яарах хэрэг байж эгсэн тул хурдан хаалгыг нээ!” хэмээн дуудсанд хэрмийн дээрх хүн өөрийн цэргийн хүн болохыг таньж даруй хаалгыг нээмэгц их цэрэг сүрэглэн оров. Цэрэг илдэнд цус хүргүүлсэнгүйгээр Фучөн хотыг олоод Шу улсын цэрэг цөм дагав. Сюаньдө тус бүрийг хүндэд шагнаад цэрэг хувааж өмнө хойдыг сахиулав. Жич өдөр “Цэрэг зовов” хэмээн хурим бэлтгэж яаманд хуримлахад Сюаньдө маш согтоод Пантунгийн зүг өгүүлрүүн: “Энэ өдрийн хуримыг цэнгэл хэмээж болмуй?” Пантун өгүүлрүүн: “Хүний улсыг дайлаад цэнгэл болгох нь өршөөлт хүний цэрэг бус болой” Сюаньдө өгүүлрүүн: “Би сонсвоос эртний Ү ван, Жоу хааныг дайлахад өмнө дуулж хойно бүжиглэн дайлжээ. Түүнийг бас өршөөлт хүний цэрэг бус хэмээмүй үү? Чиний үг ёс зүйд нийлэхгүй, үтэр эгэгтүн!” хэмээсний хойно Пантун ихэд инээж босохуйяа хоёр жигүүрийн ард Сюаньдөг бас ч түшиж гэрт оруулан хэвтүүлэв. Унтсаар дөрөвдүгээр жинд хүрч архи сая сэргэсэнд хоёр жигүүрийн ард Пантуныг үлдэж гаргасан учрыг Сюаньдөд хэлсэнд ихэд гэмшин жич өдөр хувцас өмсөн танхимд гарч Пантуныг залж ирээд тал өгч өгүүлрүүн: “Өчигдөр архинд согтоод үг алджээ. Завшаанд үл муу санамуй!” хэмээвээс Пантунгийн өгүүлэх, инээх ерийн янз тул Сюаньдө өгүүлрүүн: “Өчигдрийн үгийн алдагдал гагц надад буй” Пантун өгүүлрүүн: “Эзэн түшмэл цөм алдав. Юунд гагц эзэн гүнд буй хэмээмүй?” гэхэд Сюаньдө бас ихэд инээгээд анхны мэт цэнгэлдэв.
Тэндээс Люжан, Сюаньдөг “Гао, Ян хоёр жанжныг алаад Фу Шүйгуань боомтыг олов” хэмээн сонсоод ихэд цочиж өгүүлрүүн: “Санамсаргүй энэ өдөр үнэхээр ийм хэрэг ажээ” хэмээн даруй бичиг цэргийн түшмэдийг цуглуулж цэрэг эгүүлэх аргыг асуухад Хуанцюань өгүүлрүүн: “Шөнө дөлөөр цэрэг илгээж Луосянь гацаанд буудаллуулан замын хоолойг хааваас Любэйд хэдий шилсэн цэрэг баатар жанжин буй хэмээвч үүнийг өнгөрөн гарч чадахгүй” хэмээсэнд Люжан даруй “Люгүй, Лөнбао, Жанрэнь, Дөнсянь нарт таван түмэн цэрэг өгч шөнө дөлөөр Луосяньд одож сахиад Любэйг халхал!” хэмээн илгээв.
Тэндээс дөрвөн жанжин цэрэг авч одох замд Люгүй өгүүлрүүн: “Би сонсвоос Зиньпин Шань уулнаа нэгэн гайхамшигт хүн буй. Өргөсөн цолыг “Зысюйгийн дээдийн хүмүүн” хэмээмүй. Тэр болбоос “Хүмүүний үхэх сэхэх, дэвших буурахыг мэдмүй” хэмээх тул бид энэ өдөр чив цэх тэр замаар өнгөрөх тул юунд очиж шалгаан асуухгүй аж?” Жанрэнь өгүүлрүүн: “Их эр цэрэг аван дайсан лугаа тулахад хэрхэн уул хөдөөгийн хүнээс асуумуй”. Люгүй өгүүлрүүн: “Тийм бус. Богд хүмүүний өгүүлсэн нь “Туйлын үнэнчийн ёс болбоос эрхгүй урьдаас мэдэж болмуй” хэмээжээ. Бид их гэгээн хүнээс асууж сайнд одож, муугаас зайлбаас зохимуй” хэмээн өгүүлээд дөрвүүл тавь жаран морьтонг авч уулын дээр хүрээд мод цавчих хүнээс зам асуусанд мод цавчих хүн зааж хэлрүүн: “Тэр өндөр уулын орой дээр даруй дээд хүмүүний суусан орон болой” хэмээсэнд дөрвүүл уулын дээр гарч сүмийн өмнө хүрвээс нэгэн номын хүүхэд угтан гарч нэр овгийг асууж сүмийн гэрт дагуулан оруулсанд үзвээс “Зысюй Шанрэнь5 ” зэгсэн дэвсгэрт сууж буй тул дөрвүүл дор сөгдөж биеийн явдлыг гуйн асуувас дээд хүмүүн өгүүлрүүн: “Үгээгүй бомбо болбоос уул хөдөөгийн гээгдсэн хүн, буян зовлонгийн учрыг яахан олж мэдмүй”. Люгүй дахин давтан мөргөж гуйн асуухад “Дээд хүмүүн” даруй номын хүүхдээр бийр цаас авахуулаад найман бадаг бичиг бичээд Люгүйд өгөв.
5 Дээд хүмүүн
Тэр бичгийн үг нь: “Зүүн этгээдийн луу, баруун этгээдийн гарьд нисэж Си Чуаньд ороод Чу Фөн газарт унаж, Волун тэнгэрт дэгдмүй. Нэгийг олж нөгөөг алдах нь тэнгэрийн тоо ийм болой. Тухайг үзэж үйлд! Битгий бие барж есөн булгийн дор хүрэгтүн!” хэмээжээ. Люгүй бас асууруун: “Манай дөрвүүлийн амьсгалын тоо ямар буй?”. Дээд хүн өгүүлрүүн: “Тогтсон тооноос хэлтрэхүйеэ бэрх. Дахин асууж яамуй?”. Люгүй бас асуусугай гэтэл “Дээд хүмүүн”-ий хөмсөг унжийж нүдээ аниад унтсан мэт болж огт дуугарахгүй болжээ. Дөрвүүл уулнаас буугаад Люгүй өгүүлрүүн: “Сахиус хүний үгийг итгэхгүй болбоос болохгүй”. Жанрэнь өгүүлрүүн: “Энэ балмад хөгшин болой. Сонсовч юунд тус болох аж” хэмээгээд даруй морь унаж яваад Луосяньд хүрсэн хойно цэрэг морийг улируулан салгаж газар газрын хавцал амыг сахихаар илгээхэд Люгүй өгүүлрүүн: “Луочэн болбоос Чөндү хотын халхавч болох тул энэ хотыг алдваас Чөндүг хамгаалахуйяа бэрх болмуй. Бид дөрвүүл зөвлөж хоёр хүн хотыг сахиж хоёр нь Луосянь хотын өмнө уулыг түшиж хоёр хүрээ байгуулаад дайсны цэргийг хотын ойр хүргүүлэхгүй болбоос зохимуй”. Лөнбао, Дөнсянь нар өгүүлрүүн: “Би одож хүрээ байгуулахыг хүсмүй”. Люгүй ихэд баярлаж даруй хоёр түмэн цэрэг хуваан Лөнбао, Дөнсяньд өгч хотоос жаран газрын эцэст очуулж хүрээ байгуулуулаад Люгүй, Жанрэнь Луочэн хотыг сахиж суув.
Тэндээс Сюаньдө Фушуй Гуань боомтыг олоод Пантун лугаа Луочэн хотыг авсугай хэмээн зөвлөхөд хүн ирж хэлрүүн: “Люжан дөрвөн жанжныг илгээж Лөнбао, Дөнсянь хоёр түмэн цэрэг авч Луочэн хотоос жаран газрын үзүүрт хоёр их хүрээ байгуулав” хэмээсэн хойно Сюаньдө олон жанжин нарыг цуглуулж асууруун: “Хэн хүн тэргүүн гавьяа байгуулан Луочэн хотын хоёр хүрээг авахаар одмуй?” хэмээхэд хөгшин жанжин Хуанжун гарч өгүүлрүүн: “Хөгшин би одохыг хүсмүү!” Сюаньдө өгүүлрүүн: “Өвгөн жанжин чи харьяат цэргээ авч Луочэн хотод хүрээд хэрвээ Лөнбао, Дөнсяньгийн хүрээг олбоос эрхгүй хүндэд шагнасугай!” хэмээв.
Тэндээс Хуанжун ихэд баярлаж харьяат цэргээ авч даруй “Мордсугай!” хэмээхэд гэнэт цацрын доороос нэгэн хүн гарч хэлрүүн: “Хөгшин жанжин настай болсон тул хэрхэн одож болмуй. Бага жанжин чадалгүй боловч одохыг хүсмүй!”. Сюаньдө үзвээс Вэй Янь бөлгөө. Хуанжун өгүүлрүүн: “Би нэгэнтээ захиа зарлалыг хүлээн авсанд чи ямар аймшиггүй хэтрэмхийлмүй?” Вэй Янь өгүүлрүүн: “Чи өтлөөд шөрмөс хүч буурав.
Би сонссоноор Лөнбао, Дөнсянь хоёр болбоос Шу улсын нэртэй жанжид бөгөөд төв хийтэл цус амьсгал хурц цаг тул хөгшин жанжин одоод түүнийг баримталж чадахгүй болохул харин эзэн гүнгийн их үйлийг саатуулуузай хэмээн эмээж тийнхүү одсугай хэмээсэн нь чухам миний сайн сэтгэл болой”. Хуанжун ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи намайг хөгшин хэмээвээс чи над лугаа цэргийн эрдмээ адилтган шалгаж үзмүй үү?”. Вэй Янь өгүүлрүүн: “Эзэн гүнгийн өмнө адилтган үзээд дийлсэн хүн одвоос ямар болой?”. Хуанжун даруй яндраас буугаад дагах ардыг дуудан “Илд авчир!” хэмээхэд Сюаньдө яаран зогсоож өгүүлрүүн: “Болохгүй би эдүгээ цэрэг авч Сычуанийг авсугай хэмээгч гагц танай хоёулын хүчинд итгэжээ. Хэрэв хоёр барс харилцан тэмцэлдвээс эрхгүй нэг хохирмуй. Ийм болбоос миний их үйлийг саатуулмуй. Би танай хоёулын тэмцэхийг тайлан өгсүгэй. Битгий тэмцэлд!”. Пантун өгүүлрүүн: “Та хоёул битгий тэмцэгтүн! Өнөө Лөнбао, Дөнсянь хоёр хүрээ байгуулжээ. Та өөр өөрийн харьяат цэргийг аваад тус бүр нэгэн хүрээг байлд! Урьд булаан олсныг нь тэргүүн гавьяа болгосугай!” хэмээгээд Хуанжунгаар Лөнбаогийн хүрээг Вэй Яньгаар Дөнсянгийн хүрээг байлдахаар тогтоосонд хоёул хүлээн авч одов. Пантун өгүүлрүүн: “Энэ хоёул замд харилцан тэмцэх магад эзэн гүн цэрэг авч хойноос тусалбаас зохимуй” хэмээсэнд Сюаньдө Пантунг үлдээж хотыг сахиулан, өөрөө Люфэн, Гуаньпинийг мянган цэрэгтэй авч хойноос мордов.
Тэндээс Хуанжун хүрээндээ эгэж цааз тархаан: “Маргааш дөрөвдүгээр жинд будаа чанаж тавдугаар жинд бэлтгэн гэгээрмэгц цэрэг хөдлөн гарч зүүн этгээдийн уулын заваар ормуй” хэмээв. Үүнд Вэй Янь сэмээр хүн гаргаж “Хуанжун ямар цагт ормуй?” хэмээн үзүүлэхээр илгээсэнд хүн хойш ирж хэлрүүн: “Маргааш өдөр дөрөвдүгээр жинд будаа чанаж тавдугаар жинд мордмуй хэмээмүй” Вэй Янь дотроо баярлаж цэргийн ардад: “Хоёрдугаар жинд будаа чанаж гуравдугаар жинд мордоод гэгээрмэгц эрхгүй Дөнсяньгийн хүрээнд хүрмүй!” хэмээн зарлав. Цэргийн ард цаазыг хүлээн цөм цадтал идсэн хойно морины хонхыг авч цэргийн хүн амандаа мод зуугаад далбааг ороон, хуягийг баглаж сэмээр хүрээг авахаар очив. Гуравдугаар жингийн урьд хүрээнээс гарч замын хагаст хүрээд Вэй Янь дотроо санаруун: “Гагцхүү Дөнсяньгийн хүрээг авсан төдийхнөөр чадлыг илрүүлж чадахгүй. Харин урьд Лөнбаогийн хүрээг аваад дийлсэн цэргээр Дөнсяньгийн хүрээг авахад хүрэхгүй. Тийм болбоос хоёр зүгийн гавьяа цөм надад болмуй” хэмээгээд даруй морины дээрээс зарлаж цэргийн хүнийг “Цөм зүүн этгээдийн уулын замыг барин явагтун!” хэмээгээд гэгээртэл Лөнбаогийн хүрээний ойр хүрсэнд цэрэг ардыг баахан амруулж харанга хэнгэрэг, туг хиурыг жагсааж илд жадыг зэрэгцүүлэв.
Тэндээс хэдийн харуулын хүн нисэх мэт хүрээнд хэлэхээр очвоос Лөнбао эртээс бэлтгэж асан тул нэгэнтээ буу тавимагц цэргийн хүн морь унаж байлдахаар гарав. Вэй Янь морь довтолгон илд барьж Лөнбаогийн зүг угтан байлдаад гучин удаа болсонгүй. Сычуаньгийн цэрэг хоёр замаар Хань улсын цэргийг сундлан ирэхүйеэ Хань улсын цэрэг нэгэн шөнө явсан тул хүч мохож морь ядраад тулж чадахгүй хойш буруулан явав. Вэй Янь хойд цэрэг самуурсныг сонсоод Лөнбаог гээж морь буцаан буруулбаас Сычуаньгийн цэрэг хойноос нэхэж ирсэнд Хань улсын цэрэг ихэд дарагдан таван газар одсонгүйгээр уулын хойноос газар хөдлөх мэт хэнгэргийн дуу гарч Дөнсянь нэгэн салааны цэргийг авч уул заваас гарч замыг тосоод их дуугаар дуудан: “Вэй Янь хурдан мориноос бууж дагагтун!” хэмээмүй. Вэй Янь хараахан буруулахад гэнэт морь бүдэрч хоёр хөлөөр сөгдөөд Вэй Янийг газарт унагажээ. Дөнсянгийн морь хүрч ирээд Вэй Янийг сая жадалсугай хэмээн жад хүрээгүйгээр нумын хөвч дуугаран Дөнсянь мориноос унаж ирэв. Хойд этгээдээс Лөнбао туслахаар иртэл нэгэн их жанжин уулын хөтлөөс морийг харайлган сүрхий дуугаар: “Өвгөн жанжин Хуанжун энд буй” хэмээн бархираад илд даллан Лөнбаог цавчихаар ирэв. Лөнбао тулбаас болохгүй тул хойш буруулав. Хуанжун мөн хүчинд нэхсэн тул Сычуаньгийн цэрэг ихэд самуурав.
Тэндээс Хуанжунгийн нэгэн салааны цэрэг Вэй Янийг тэнхрүүлэн Дөнсянийг алаад шууд хүрээний ойр нэхэж ирсэнд Лөнбао морь эгүүлэн Хуанжун лугаа дахин байлдаж арван удаа болохын урьд хойд этгээдийн цэрэг цухалдан ирсэнд Лөнбао аргагүй зүүн хүрээг гээж дарагдсан цэргийг дагуулан баруун хүрээнд хүрч ирэн үзвээс хүрээний доторх туг хиур цөм өөр болжээ. Лөнбао ихэд цочин морио татаж зогсоод үзвээс тэргүүлсэн жанжин алтан хуяг, магнаг дээлтэй Лю Сюаньдө мөн. Зүүн этгээдэд Люфэн, баруун этгээдэд Гуаньпин буй, их дуугаар хэлрүүн: “Хүрээг би нэгэнтээ булаан авав. Чи хаана орсугай хэмээмүй” хэмээв. Үзвээс Сюаньдө цэрэг авч хойд талаас туслахаар ирээд завыг үзэж Дөнсяньгийн хүрээг авсан бөлгөө. Лөнбао орох эгэх замгүй болсон тул уулын бага замыг барьж Луочэн хотын зүг одоод арван газар явсангүй хавцал замаас гэнэт бүгсэн цэрэг босоод дэгээгээр Лөнбаог амьд барив. Үзээс Вэй Янь өөрөө ял халдсаныг мэдээд тайлах аргагүй тул хойд цэргийг хураан Шу улсын цэргээр зам заалгаж энд бүгээд хүлээж байтал төв хэмээн учирсан ажээ. Даруй Лөнбаог дээсээр уяад Сюаньдөгийн хүрээнд авчрав.
Тэндээс Сюаньдө үхэхийг хэлтрүүлэх туг босгон “Сычуаньгийн цэрэг хуяг тайлан зэвсэг гээж дагасныг нь огт алан хорлож болохгүй. Хэрвээ албаас амь төлүүлмүй!” хэмээгээд бас дагасан олон цэрэгт өгүүлрүүн: “Танай Сычуаньгийн хүнд цөм эцэг эх, эм хөвгүүн буй. Дураар дагагсдыг нь цэрэгт оруулмуй. Дагах дургүйг нь тавьж явуулсугай!” хэмээсэн үгэнд баярлах дуунд газар доргижээ. Хуанжун хүрээ байгуулаад Сюаньдөгийн дэргэд ирж хэлрүүн: “Вэй Янь цэргийн цаазаас зөрчсөн тул албаас зохимуй”. Сюаньдө яаран Вэй Янийг дуудахад Вэй Янь Лөнбаог авч ирэв. Сюаньдө өгүүлрүүн: “Вэй Янь хэдий ял буй боловч энэ гавьяагаар хэлтрүүлж болмуй” хэмээгээд Вэй Яньгаар Хуанжунд амийг аварсан ачид хариу тал хэлүүлж “Үүнээс хойш харилцан тэмцэж болохгүй!” хэмээсэнд Вэй Янь мөргөж ялыг хүлээв. Сюаньдө Хуанжунг хүндэд шагнаж хүнээр Лөнбаог цацрын өмнө авчруулан Сюаньдө түүний дээсийг тайлж өгөөд архи уулгаж асууруун: “Чи дагамуй уу? Үгүй үү?”. Лөнбао өгүүлрүүн: “Өршөөн үхэхийг хэлтрүүлбээс юунд дагахгүй болой. Люгүй, Жанрэнь над лугаа үхэвч амьдравч хамт хэмээсэн нөхөр бөлгөө. Хэрэв өршөөж тавин илгээвээс даруй тэднийг элсж дагуулан Луочэн хотыг өргүүлсүгэй!”. Сюаньдө ихэд баярлаж дээл хувцас эмээлтэй морь өгч Луочэн хотод илгээв. Вэй Янь өгүүлрүүн:
“Энэ хүнийг тавьж илгээвээс болохгүй. Хэрвээ бие мултран очвоос дахин ирэхгүй болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Би өршөөл журмаар хүнийг авч явахад тэр намайг үтээрэхгүй бөлгөө” хэмээжээ.
Тэндээс Лөнбао, Луочэн хотод эгээд Люгүй, Жанрэньд учирч баригдаад тавьж илгээснийг хэлэхгүй гагц: “Би арваад хүнийг алж морийг булаан оргож ирэв” хэмээн хэлэв. Люгүй яаран Чөндүд хүн зарж туслахыг гуйхаар илгээв. Люжан, Дөнсянгийн хохирсныг сонсоод ихэд цочиж санд мэнд олныг цуглуулж зөвлөхөд ахмад хөвгүүн люсюнь өгүүлрүүн: “Хөвгүүн би цэрэг авч Луочэн хотыг сахихаар очихыг хүсмү!”. Люжан өгүүлрүүн: “Миний хөвгүүн одвоос хэн хүнийг зарж туслуулмуй?” хэмээсэнд нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй!” хэмээв. Люжан үзвээс нагац Ү И болой. Люжан өгүүлрүүн: “Чи одвоос маш сайн. Хэнийг хавсрагч жанжин болгож илгээмүй?”. Ү И нь Үлань, Лэйтунг баталж хавсрагч жанжин болгоод хоёр түмэн цэрэг аван Луочэн хотноо хүрсэн хойно Люгүй, Жанрэнь нар угтаж оруулаад урьдын хэргийг хэлэв. Ү И өгүүлрүүн: “Цэрэг хотын дэргэд хүрч ирсэн хойно тулахуйяа бэрх. Таньд ямар сайн арга буй?” Лөнбао өгүүлрүүн: “Энэ газар Фузян мөрнийг түшсэн бөгөөд мөрний ус ихэд түргэн, өмнө хүрээ уулын хормойд буужээ. Газрын байдал ихэд богино тул би таван мянган цэрэг авч тус бүр хүрз цавчуур аваад Фузян мөрний усыг сэтэлбээс Любэйгийн цэргийг цөм живүүлж үхүүлж болмуй”. Ү И энэ аргыг дагаж даруй Лөнбаог илгээн усыг сэтлүүлэн Ү Лань, Лэйтунг цэрэг авч туслахаар тогтоосон тул Лөнбао захиаг хүлээн усыг сэтлэх зэвсэг бэлдэхээр одов.
Тэндээс Сюаньдө Хуанжун, Вэй Яньгаар нэжгээд хүрээг сахиулаад өөрөө Фучөн хотод эгэж цэргийн багш Пантун лугаа зөвлөж байтал тагнуулч ирж хэлрүүн: “Зүүн ү улсын Сүньцуань, Дөнчуань газрын Жанлү лүгээ янаглан Зя Мөнгуань боомтыг байлдахаар ирэв хэмээмүй”. Сюаньдө гэлмэж өгүүлрүүн: “Хэрвээ Зя Мөнгуань боомтыг алдаад хойдох замыг таслах болохул би орвоос эгвээс болохгүй болмуй. Яаваас зохимуй?”. Пантун Мөндад өгүүлрүүн: “Гүн болбоос Шу улсын хүн бөгөөд газар орны байдлыг ихэд мэдэх тул чи одож Зя Мөнгуань боомтыг сахиваас ямар буй?”. Мөнда өгүүлрүүн: “Би нэгэн хүнийг гаргасугай! Над лугаа хамт очиж боомтыг сахиваас түмэнд нэг ч алдагдахгүй”. Сюаньдө асууруун: “Ямар хүн болой?”. Мөнда өгүүлрүүн: “Энэ хүн урьд Зинжоугийн Любяогийн дор Жун Ланзян түшмэл болж асан бөлгөө. Наньзюнь хошууны Дизян газрын хүн. Овог Хуо, нэр Зюнь, өргөсөн нэр Жунмяо”. Сюаньдө ихэд баярлаж даруй Мөнда, Хуозюнь нарыг зарж Зя Мөнгуань боомтыг сахиулахаар илгээв.
Тэндээс Пантун буусан яамандаа эгсэн хойно хаалганы хүн ирж хэлрүүн: “Нэгэн зочин тусгайлан золгохоор иржээ”. Пантун угтан гарч үзвээс тэр хүний биеийн өндөр найман тохой, байдал дүр маш ихэмсэг, гэзэг охор, хүзүүг бүтээжээ. Өмссөн хувцас тэгшгүй. Пантун асууруун: “Ноёнтон ямар хүн буй?”. Тэр хүн огт өчихгүй шууд танхимд ороод хэвтэх ширээн дээр гарч гэдрэгээ харан хэвтэв. Пантун ихэд сэжиглэн дахин давтан асуухад тэр хүн өгүүлрүүн: “Түр хүлээгтүн! Би чамд дэлхий дахины их үйлийг хэлж өгсүгэй!”. Пантун сонсоод нэнд сэжиглэмүй. Даруй жигүүрийн ардаар архи, идэш өргүүлбээс тэр хүн даруй босож идээд огт найр тавихгүй маш үлэмж идмүй. Идэж дуусаад бас унтав. Пантун ихэд сэжиглэж тогтворгүй: “Тагнуулч болов уу?” хэмээн хүн зарж Фажөнгөөр таниулсугай хэмээн илгээвээс Фажөн яаран хүрч ирэв. Пантун угтан гараад өгүүлрүүн: “Нэгэн хүн аж. Ийм тийм” хэмээн хэлсэнд Фажөн өгүүлрүүн: “Эсвээс Пөн Юн Янь буюу?” хэмээгээд яндарт гарч үзвээс тэр хүн үсэрхийлэн босож өгүүлрүүн: “Сяожи салснаас нааш сайн уу?” хэмээн асуув. Энэ чухамхүү:
“Гагц Сычуаньгийн төлөө хуучин нөхөрт уулзаад
Даруй Фушуй усны ихэд урсахыг зогсоов”
Эгнэгт энэ хүнийг хэн болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )