Гурван улсын үлгэр | 65 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 65 ДУГААР БҮЛЭГ

МАЧАО, ЗЯ МӨНГУАНЬ БООМТОД ИХЭД БАЙЛДСАН ЛЮБЭЙ ӨӨРӨӨ ИЖОУ МУЖИЙН ЭЗНИЙГ ХҮЛЭЭН АВСАН

Өгүүлэх нь: Яньпу төв хэмээн Жанлүг “Битгий Люжанд тусла!” хэмээн хориглон бүхийд Мачао гэхэлзэн гарч өгүүлрүүн: “Эзэн гүнгийн өршөөсөн ачийг хүртээд хариулах газаргүй, дуртайяа нэгэн салааны цэрэг авч Зя Мөнгуань боомтыг байлдахаар одож Любэйг амьд бариад, эрхгүй Люжангаас хорин хошууны газрыг хасаж аван, эзэн гүнд барьсугай!” хэмээсэнд Жанлү ихэд баярлаж урьд Хуанцуанийг бага замаар эгүүлээд даруй хоёр түмэн цэрэг шалгаж Мачаод өгөв. Тэр үес Пандө өвдөөд хөдөлж чадахгүй тул Ханьжунд үлдээжээ. Жанлү, Янбог Зяньзюнь болгосноор, Мачао, дүү Мадай лугаа өдөр сонгож мордов.

Тэндээс Cюаньдөгийн цэрэг Луочэн хотод буудаллан бүхийд Фажөнгийн зарсан хүн эгж хэлрүүн: “Жөндү, Люжаныг ятгаж хээрийн тариа хийгээд газар газрын сангийн амууг дуусган гал тавиад, Баси газрын иргэнийг Фушүйгийн баруунтаа нүүлгээд, гүн гуу, өндөр хэрэм цогцлоон сахиж байлдахгүй болгосугай!” хэмээн хэлэв. Cюаньдө, Кунмин сонсоод цөм ихэд цочиж өгүүлрүүн: “Хэрэв энэ үгийг авбаас бидэнд түгшүүр болмуй”. Фажөн инээн өгүүлрүүн: “Эзэн гүн битгий зовогтун! Энэ арга хэдий хортой боловч Люжан лав хэрэглэхгүй бөлгөө” хэмээжээ. Хэдэн өдөр болсонгүй хүн уламжлан хэлрүүн: “Люжан иргэнийг нүүлгэх дургүй тул, Жөндүгийн үгийг эс авав” хэмээжээ. Cюаньдө тэр үгийг сонсоод сэтгэл сая сул болов. Кунмин өгүүлрүүн: “Хурдан цэрэг дэвшин Мяньжуг авбаас зохимуй. Хэрвээ энэ газрыг олсонд Чөндүг авахад хялбар болмуй” хэмээгээд Хуанжун Вэй Янийг “Цэрэг авч ор!” хэмээн илгээв. Фэйгуань, Cюаньдөгийн цэрэг ирснийг сонсоод Ли Янийг “Угтан байлд!” хэмээн гаргав. Ли Янь гурван мянган цэрэг авч гараад жагсаал жагсааж дууссаны хойно Хуанжун байлдахаар гараад Ли Янь лугаа дөч тавин удаа байлдаад хэн алин нь ч дийлэх дийлэгдэхгүй бүхийд Кунмин цацрын дотор байгаад харанга цохиулж цэрэг хураав. Хуанжун жагсаалд эгж ороод асууруун: “Би ямагт Ли Янийг барьсугай хэмээхэд цэргийн багш юунд цэргийг хураамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Би Ли Яньгийн цэргийн эрдмийг үзвээс хүчээр авбаас болохгүй, маргааш байлдахад чи хууран дарагдаж уулын завд удирдаж оруул! Бүгсэн цэргээр дийлсүгэй!” Хуанжун аргыг хүлээн авч эгэв. Дэд өдөр Ли Янь дахин цэрэг авч байлдахаар ирсэнд Хуанжун бас гарч байлдаад арван удаа болсонгүй зоримог дарагдаж буруулан явав. Ли Янь эгж ирээд дараагаар уулын завд орсны хойно, гэнэт ухаад яаран “Эгсүгэй!” гэтэл өмнө Вэй Янь цэрэг авч жагсаажээ. Бас Кунмин уулын орой дээрээс дуудруун: Гүн та эс дагаваас хоёр этгээдэд цөм холховч нумтан бүгжээ. Бид Панши Юаньд өшөө авч өгмүй” хэмээсэнд Ли Янь яаран мориноос бууж хуягаа тайлан дагав. Цэргийн хүний нэгийг ч хорлосонгүй. Кунмин, Ли Янийг авчирч Cюаньдө лүгээ уулзуулсан хойно Cюаньдө зузаан хүндлэв. Ли Янь өгүүлрүүн: “Фэйгуань хэдий Лю мужийн захирагчийн ураг боловч над лугаа зузаан нөхөрлөжээ. Би одож хэлэлцэн дагуулсугай!” хэмээсэнд Cюаньдө Ли Янийг хотод эгүүлэн Фэйгуанийг элсэн дагуулахаар илгээв. Ли Янь, Мяньжу хотод ороод Фэйгуаньгийн зүг Cюаньдөгийн өршөөл журам, эрдэм чадлыг магтаж, “Өдгөө хэрэв дагахгүй болбоос эрхгүй их зовлон болмуй” хэмээсний хойно Фэйгуань үгийг авч хаалгыг нээж дагав. Cюаньдө Мяньжу хотод ороод цэрэг салган Чөндүг авахыг зөвлөхөд гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Мөнда, Хуозюнь нар Зя Мөнгуань боомтыг сахиж байтал Дунчуань газрын Жанлү Мачаог Янбо Мадай нар лүгаа цэрэг авч илгээгээд боомтыг байлдах нь асар шахар, өмөглөх нь алгуурлаваас боомт автагдмуй”. Cюаньдө ихэд цочсонд Кунмин өгүүлрүүн: “Жанфэй, Жао Юнь хоёр жанжин болбоос сая эсэргүүцэж чадмуй” хэмээжээ. Cюаньдө өгүүлрүүн: “Зылун цэрэг дагуулан эгээгүй. Идө энд буй тул даруй илгээвээс болмуй”. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн түр битгий хэлэгтүн! Жугө Лян миний хөгжөөхийг хүлээ!” хэмээв.

Тэндээс Жанфэй Мачаогийн боомтыг байлдахаар ирснийг сонсоод, өндөр дуугаар дуудан орж өгүүлрүүн: “Би ахаас салж Мачаог байлдахаар очсугай!”. Кунмин зоримог сонссонгүй мэт Cюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Өдгөө Мачао боомтыг халдахаар ирснийг тэнцэж байлдах хүнгүй тул Зинжоу мужид хүн илгээж Гуань Юньчанийг авчирсан сая байлдаж болмуй”. Жанфэй өгүүлрүүн: “Цэргийн багш юунд намайг бага үзмүй? Би хэзээний ганцаар Цаоцаогийн зуун түмэн цэргийг халхалсан атал, хэрхэн ганц нэгэн Мачаогийн бэртэгчин эрээс аймуй?”.

Кунмин өгүүлрүүн: “Идө голоор халхлан гүүрийг хөндөлдсөнд Цаоцао түүний үнэн ташааг мэдсэнгүйн учир болой. Хэрвээ үнэн ташааг мэдсэн болбоос жанжин юуны хэрэггүй болж болмуй? Өдгөө Мачаогийн баатар зоригийг дэлхий дахинд цөм мэдэх бөгөөд Вэйшүй голын гүүрэнд зургаан зэрэг байлдаад Цаоцао сахлаа огтлон хувцсаа гээж арай эс алагдав. Зэргийн хүнд адилтгаваас болохгүй болой. Юньчан ирвээс мөн эрхгүй дийлмүй хэмээн хэлж чадахгүй” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Би өдгөө даруй одож Мачаог дийлэн чадахгүй болбоос цэргийн цаазаар аваачихыг хүсмүй!”. Кунмин өгүүлрүүн: “Чи цэргийн цаазын бичиг бичвээс даруй чамайг гавшгай болгосугай! Эзэн гүн биеэр очих болов уу? Жугө Лян намайг үлдээж Мяньжуг сахиулагтун! Зылун ирсэн хойно жич зөвлөсүгэй!” Вэй Янь өгүүлрүүн: “Би бас одохыг хүсмүй!” хэмээсэнд Кунмин Вэй Яньд таван зуун цэрэг өгч урьдаар явуулав. Жанфэй хоёрдугаар, хойно Cюаньдө, Зя Мөнгуань боомтын зүг мордов. Вэй Янь урьдаар боомтын дор хүрээд чив хийтэл Янбо лүгээ учирсан тул Вэй Янь, Янботэй байлдаад арван удаа болсонгүй Янбо дарагдаж буруулжээ. Вэй Янь Жанфэйгийн “Тэргүүн гавьяаг булаасугай!” хэмээн хүчинд нэхэж одоход, өмнө нэгэн багийн цэрэг тосов. Тэргүүлэгч жанжин Мадай ажгуу. Вэй Янь түүнийг лав “Мачао буй за!” хэмээн санаж илдээ даллан, морио давхиулан ороод Мадай лугаа байлдаж арван удаа болсонгүй Мадай буруулан явах. Вэй Янь нэхэж очиход Мадай бие эргэж нэгэнтээ харвасанд, Вэй Яньгийн зүүн мөр оногдсон тул Вэй Янь яаран морио эгүүлж буруулав. Мадай хойноос нэхэж боомтын дор хүрмэгц нэгэн жанжин аянга мэт бархираад боомтоос морь довтолгон өмнө хүрч ирэв. Үзвээс Жанфэй анх боомтод хүрч ирээд боомтын өмнө алалдах дууг сонсоод даруй ирж үзвээс төвхийтэл Вэй Янь зэвд оногджээ. Тийнхүү боомтоос морь довтолгон гарч ирээд Вэй Янийг тэнхрүүлсэн хойно Жанфэй Мадайг зандарч өгүүлрүүн: “Чи ямар хүн? Урьдаар овог нэрээ хэлсэн хойно сая байлдсугай!”.

Мадай өгүүлрүүн: “Би Силянгийн Мадай болой”. Жанфэй өгүүлрүүн: “Чи харин Мачао бус уу, хурдан эгэгтүн! Надад тэнцэх эр бус. Гагц Мачаог биеэр ирүүл! Түүнд “Янь газрын Жан Идө энд буй” хэмээн хэлэгтүн!”. Мадай ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи юунд аюумшиггүй намайг бага үзмүй?” хэмээгээд морио давхиулан Жанфэй лүгээ байлдахаар ирээд, арван удаа болсонгүй Мадай дарагдаж буруулав. Жанфэй “Нэхсүгэй!” гэтэл боомтоос нэгэн морьт хүн хүрч ирээд “Дүү түр битгий нэхэгтүн!” хэмээн дуудмуй. Жанфэй хойш харж үзвээс харин Cюаньдө хүрч иржээ. Тийнхүү Жанфэй нэхсэнгүй хамт боомтод эгэв. Cюаньдө өгүүлрүүн: “Чиний зан догшингоос эмээн, хойноос завдаж энд хүрч ирэв. Нэгэнтээ Мадайг дийлсэн тул түр нэгэн үдэш бие амран, маргааш Мачао лугаа байлдваас барав” хэмээв.

Тэндээс дэд өдөр тэнгэр гэгээрмэгц боомтын гадна хэнгэргийн дуу дуугаран Мачаогийн цэрэг хүрч ирэв. Cюаньдө боомтын дээрээс үзвэл Мачао жад барин морио довтолгож, хаалганы тугийн доороос гарав. Арслангийн дуулга, гөрөөсөн бүс, мөнгөн хуяг, цагаан магнаг өмсөжээ. Нэгд, засварласан нь ер бус. Хоёрт, чадал эрдэм хүнээс хэтийджээ. Cюаньдө шүүрс алдаж өгүүлрүүн: “Хүний сайхан Мачао хэмээн өгүүлсэн нь нэрийг хоосноор уламжилсангүй аж”. Жанфэй даруй “Байлдахаар гарсугай!” хэмээхэд Cюаньдө яаран зогсоож өгүүлрүүн: “Дүү түр битгий од! Урьдаар түүний хурц сүрээс зайлбаас зохимуй”. Боомтын дор Мачао гагц “Жанфэй байлдахаар ир!” хэмээн дуудахад боомтын дээрээс Жанфэй, Мачаог залгимаар аашлан, дөрөв таван зэрэг “Гарсугай!” хэмээхийг цөм Cюаньдө хориглон зогсоов. Үзсээр үдийн хойш болсонд Cюаньдө Мачаогийн жагсаалын цэрэг морь ядарсныг үзээд, даруй таван зуун морьт цэргийг шалган Жанфэйг дагуулан боомтоос гаргав. Мачао Жанфэйгийн цэрэг ирснийг үзээд жад даллан цэргээ нэгэн харвамын газар эгүүлэв. Жанфэйгийн цэрэг цугаар зогсож боомтын дээрхи цэрэг дараа дараагаар хүрч ирсэн хойно Жанфэй жад барьж морио давхиулан гарч их дуугаар дуудан “Янь газрын Жан Идөг танимуй уу?” хэмээв. Мачао өгүүлрүүн: “Миний гэр үе улируулан гүн хоугийн хэргэмтэй тул яахин тосгоны эрийг танимуй?”. Жанфэй ихэд хилэгнэн хоёр морь цугаар гарч, хос жад хамтаар өргөж, зуун удаа болтол хэн алин ч дийлэх дийлэгдэхгүй болсонд Cюаньдө үзээд гуньхран хэлрүүн: “Үнэхээр барс мэт жанжин болой” хэмээгээд Жанфэйг “Алдуузай!” хэмээн яаран харанга цохиж цэргийг хураав. Хоёр жанжин тус бүр эгжээ. Жанфэй жагсаалд хүрч морийг түр амруулан дуулгыг тайлж, толгойгоо ороож уяаад морь унаж бас Мачао лугаа байлдахаар гарав. Мачао бас гарч ирээд хоёул дахин байлдсанд Cюаньдө Жанфэйг “Алдуузай!” хэмээн өөрөө хуяг дуулга өмсөн, боомтоос гарч жагсаалын өмнө хүрч үзвээс Жанфэй Мачао лугаа зуун удаа илүү байлдсанд хоёулын хүч нэн нэмэгджээ. Cюаньдө харанга цохиулан цэрэг хураахад хоёр жанжин ангижирч тус бүр хүрээндээ эгэв. Тэр өдөр нар орой болсон хойно Cюаньдө Жанфэйгийн зүг өгүүлрүүн: “Мачао баатар хэцүү тул хөнгөлөн байлдваас үл болмуй. Түр боомтод эгж, жич өдөр дахин байлдагтун!” хэмээхэд Жанфэй байлдсаар халмагшсан тул яахин зогсох аж. Өндөр дуугаар өгүүлрүүн: “Би амалдаж үхэвч эгэхгүй!” хэмээмүй. Cюаньдө өгүүлрүүн: “Энэ өдөр орой болсон тул байлдаж болохгүй болов”. Жанфэй өгүүлрүүн: “Гэрэл өргөж шөнө байлдахаар бэлтгэсүгэй!” хэмээв. Мачао бас морь халж, жагсаалын өмнө ирж өндөр дуугаар: “Жанфэй чи шөнө байлдахаас аймуй уу?” хэмээв. Жанфэйгийн тэнэг хөдлөөд, Cюаньдө лүгээ морийг халаад гарч дуудруун: “Би чамайг амьд барихгүй болбоос амалдаж боомтдоо эгэхгүй!”. Мачао өгүүлрүүн: “Би чамайг дийлэхгүй болбоос хүрээндээ мөн эгэхгүй” хэмээв. Хоёр этгээдийн цэрэг хашхиралдан, зуун мянган гэрэл өргөж, өдрийн нар мэт гэрэлтүүлжээ. Хоёул зууралдан байлдаж, хорь илүү удаа байлдаад Мачао Жанфэйг ялахгүй болоод нэгэн арга төрж хууран буруулсан ажгуу. Жанфэй хойноос нэхэн ирсэнд сэмээр гуулин гүйвэр8 гаргаж хойш хандан Жанфэйгийн зүг цохив. Жанфэй Мачаогийн буруулсныг үзээд дотроо бас ч сэргийлж байсан тул гуулин гүйвэр иртэл Жанфэй бие зайлснаар чихний хажуугаар өнгөрөн гарчээ. Жанфэй морио татаж эгтэл Мачао бас нэхэж ирэв. Жанфэй даруй зэв онилон хариу харвасанд Мачао бас зайлжээ. Үүнд хоёр жанжин өөр өөрийн жагсаалд эгсэн хойно, Cюаньдө жагсаалын өмнө гарч өгүүлрүүн: “Би өршөөл журмаар дэлхий дахины эрдэмтнийг хүндэлмүй. Огт зусар аргыг явуулахгүй тул ма мөнци чи цэргээ хурааж амрагтун! Би чамайг нэхэхгүй!” хэмээсэнд Мачао сонсоод өөрийн бие хойд хайгуул болж, цэрэг дараа дараагаар хүрээндээ эгэв. Cюаньдө бас цэрэг хурааж боомтод оров.

Жич өдөр Жанфэй бас “Байлдахаар одсугай!” гэтэл хүн ирж хэлрүүн: “Цэргийн багш хүрч ирэв” хэмээв. Cюаньдө Кунминийг угтаж золгосон хойно Кунмин өгүүлрүүн: “Би сонсвоос “Ма Мөнци орчлонгийн барс мэт жанжин хэмээмүй. Хэрвээ Идө үхэн байлдваас эрхгүй нэг нь хохирмуй. Тиймийн тул Зылун, Ханьшүнгээр Мяньжуг сахиулаад би шөнө дөл энд ирэв. Нэгэн өчүүхэн арга үүсгэж Мачаог эзэн гүнд дагуулсугай!” хэмээв.

8 Алхтай төстэй нэгэн зүйл цэргийн зэвсэг

Cюаньдө өгүүлрүүн: “Би Мачаогийн баатрыг үзээд маш хүснэм бөлгөө. Яаваас олмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Би сонсвоос Дунчуаньгийн Жанлү өөрөө Хань Нинванд болсугай хэмээмүй. Түүний харьяат зөвлөлийн сайд Янсүн хахуульд ховдог тул нэгэн хүнийг зарж шууд бага замаар Ханьжунд илгээн урьдаар Янсүнд алт мөнгө хүргэж, янагласан хойно Жанлүд бичиг хүргэж хэлэх нь “Би Люжан лугаа Сычуанийг тэмцэх нь чамд хариу авч өгмүй. Битгий бусдын завсардуулах үгэнд орогтун! Үйл тогтсон хойно чамайг дээш айлтгаж Хань Нинван болгоё!” хэмээгээд түүгээр Мачаогийн цэргийг буцаалгуулсугай. Түүний цэрэг буцахаар ирэх цагийг хүлээн, арга үүсгэж Мачаог дагуулбаас болмуй”. Cюаньдө ихэд баярлан даруй бичиг хийлгэж Сүньцяньд алт, сувд өгч бага замаар Ханьжун руу илгээв. Сүньцянь хүрч ирээд Янсүнд золгон тэр үйлийг хэлж, алт, сувдыг өргөсөнд Янсүн ихэд баярлаж Сүньцянийг авч Жанлүд уулзуулан дөхөм тусыг гарган хэлэхэд Жанлү өгүүлрүүн: “Cюаньдө зүүн этгээдийн жанжин бөгөөтөл яахин намайг Хань Нинван болгож чадмуй?” Янсүн өгүүлрүүн: “Любэй Хань хааны авга тул төв хэмээн айлтгахад нийлмүй” хэмээсэнд Жанлү ихэд баярлан даруй хүн зарж “Мачаог цэрэг зогс!” хэмээн хойш дуудахаар илгээв. Сүньцянь Янсүнгийн гэрт хариу чимээ хүлээн суув.

Түүнээс нэгэн өдөр болсонгүй зарсан хүн хойш ирж хэлрүүн: “Мачао гавьяа бүтээгээгүй байхад цэрэг эгж болохгүй хэмээв” хэмээмүй. Жанлү бас хүн зарж, дуудахаар илгээвээс бас эгэхгүй, нэгэн дараагаар гурван удаа зарсанд цөм эгсэнгүй болсонд Янсүн өгүүлрүүн: “Энэ хүн ердөө батгүй тул цэрэг эгэхгүй нь эрхгүй урвасугай хэмээх санаатай буй за!” хэмээгээд даруй хүн зарж үг задруулан хэлсэн нь: “Мачаогийн санаа Сычуанийг булаан авч, өөрийн биеийг Шугийн эзэн болгоод “Эцгийн хариуг авсугай!” хэмээмүй. Ханьжунд түшмэл болох дургүй” хэмээжээ. Жанлү сонсоод Янсүнгээс арга асууваас Янсүн өгүүлрүүн: “Нэгэнтээгүүр хүн зарж Мачаод хэлэхээр илгээ! Чи нэгэнтээ гавьяа байгуулсугай хэмээвээс чамд нэг сарын хугацаа өгсүгэй. Миний гурван зүйлийн хэргийг дагах хэрэгтэй. Хэрвээ дагаваас шан буй, бус хэмээвээс эрхгүй алмуй! Тэргүүнд, Сычуанийг авагтун! Дэдэд, Люжангийн тэргүүнийг авмуй! Гутгаарт, Зинжоу мужийн цэргийг эгүүлэгтүн! Энэ гурван зүйлийн хэрэг бүтэхгүй болбоос тэргүүнээ хүргэж ир!” хэмээн зарагтун! Нэгэнтэйгүүр Жанвэйгээр цэрэг шалгаж, боомт хавцлыг сахиулж, Мачаогийн цэрэг хувьсахыг сэргийлүүлсүгэй!” хэмээсэнд Жанлү үгийг авч хүн зарж Мачаогийн хүрээнд илгээн энэ гурван зүйлийн хэргийг хэлсэнд Мачао ихэд цочиж өгүүлрүүн: “Юунд ийм хувьсав?” хэмээгээд Мадай лугаа зөвлөж “Цэрэг эгэхэд хүрэхгүй!” хэмээв. Янсүн бас үг задруулан өгүүлрүүн: “Мачао цэрэг эгвээс эрхгүй өөр сэтгэл барьмуй” хэмээжээ. Үүнд Жанвэй цэргийг долоон замаар хувааж, хавцал амыг бэхлэн сахиад, Мачаогийн цэргийг тавьж оруулахгүй болсонд Мачао орвоос эгвээс болохгүй болоод арга олохгүй болжээ. Кунмин Cюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Өдгөө Мачао ямагт бэрхшээнэм бүхийд Жугө Лян би гурван ямхын ялзаршгүй хэлээрээ Мачаогийн хүрээнд одож, Мачаог хэлэлцэж, эзэн гүнд дагуулсугай!”. Cюаньдө өгүүлрүүн: “Ноён чи миний гар хөл мэт сэтгэл зүрхний хүн болой. Хэрэв алдагдал гарваас яанам?”. Кунмин сэтгэл хатуужин “Одсугай!” хэмээхэд Cюаньдө дахин давтан хориглон илгээсэнгүй бөлгөө.

Тэндээс хараахан татгалзан бүхүйд гэнэт мэдүүлрүүн: “Жао Зылун бичгээр сичуаньгийн нэгэн хүнийг дагуулахаар илгээжээ” хэмээв. Cюаньдө оруулж асууваас тэр хүн Зяньнингийн Юй Юань газрын хүн. Овог Ли, нэр Хуй, өргөсөн нэр Дө Ан. Cюаньдө өгүүлрүүн: “Би эрт өдөр гүнг Люжаныг “Гашуудан хориглов!” хэмээн сонссон бөлгөө. Өдгөө ямар учирт надад дагахаар ирэв?”. Лихуй өгүүлрүүн: “Би сонсвоос: “Сайн шувуу модыг үзэж суумуй. Мэргэд сайд эзнийг сонгож дулдуйдмуй” хэмээжээ. Урьд Лю мужийн захирагчийг хориглосон нь эзэн түшмэлийн ёсыг гүйцэтгэсэн бөлгөө. Хэрэглэж чадахгүй тул эрхгүй бүрлэхийг мэджээ.

Өдгөө жанжин өршөөл эрдмийг Шу улсад ихэд тархаасан тул хэрэг эрхгүй бүтэхийг мэдэж, тийнхүү дагахаар ирсэн болой” Cюаньдө өгүүлрүүн: “Ноёнтны энэ ирсэн нь эрхгүй Любэй надад тус болох буй за!”. Лихуй өгүүлрүүн: “Өдгөө сонсвоос Мачао орох эгэх бэрх болж ахуй тухай, Лихуй би эрт Лунси газарт Мачао лугаа баахан нөхөрлөсөн тул дуртайяа одож хэлэлцээд, эзэн гүнд дагуулбаас ямар буй?” Кунмин өгүүлрүүн: “Ямагт нэгэн хүнийг олж миний төлөө илгээсүгэй хэмээнэм бөлгөө. Гүнгийн хэлэх үгсийг нэгэнтээ сонсохыг хүсмүй!”. Лихуй Кунмингийн чихний дэргэд шивнэн ийм тийм хэмээн хэлсэнд Кунмин ихэд баярлаж мөн даруй илгээв.

Тэндээс Лихуй Мачаогийн хүрээнд хүрээд урьд хүн зарж нэр овгийг нэвтрүүлсний хойно Мачао өгүүлрүүн: “Би Лихуйгийн үгэнд урныг мэдмүй. Өдгөө эрх биш намайг хэлэлцэхээр ирсэн бөлгөө!” хэмээгээд урьд хорин илд сүх барьсан хүнийг дуудаж цацрын доор бүгүүлээд сурган өгүүлрүүн: “Та нарыг цавч хэмээвээс та даруй махан таташ болтол цавчигтун!” хэмээв. Удалгүй Лихуй гэхэлхийлэн орсны хойно, Мачао цацарт төвлөн сууж хөдлөхгүй. Лихуйг зандарч асууруун: “Чи ямар хэрэгт ирэв?” Лихуй өчрүүн: “Тухайлан хэлэлцэхээр ирэв”. Мачао өгүүлрүүн: “Миний хайрцагт шинэхэн билүүдсэн эрдэнийн илд буй. Чи шалгаж хэлэгтүн! Хэрвээ үг тааламжгүй болбоос даруй илдийг тэнсэж үзсүгэй!” хэмээхэд Лихуй инээн өгүүлрүүн: “Жанжны зовлон холгүй болжээ. Билүүдсэн илдийг миний тэргүүнд тэнсэж чадахгүй гэдрэг биедээ тэнсүүлүүзэй хэмээмүй”. Мачао өгүүлрүүн: “Надад ямар зовлон буй”. Лихуй өгүүлрүүн: “Би сонсвоос Юэ улсын Сишыг хэдий муулах хэцүү ард буй хэмээн түүний гоог халхлан чадахгүй. Ци улсын Ү Янийг9 хэдий магтах хэцүү ард байлаа ч түүний муухайг нууж эс чадмуй. Нар үд болбоос хэлбиймүй. сар дүгрэг болбоос хорогдмуй. Энэ дэлхий дахины ерийн ёс болой. Эүгээ жанжин Цаоцао лугаа эцгийг алсан өс буй бөгөөд Лунси газарт шүд зууж занах хорсол амуй. Урагш болбоос Люжанд туслан Зинжоугийн цэргийг эгүүлэн чадсангүй, хойшид болбоос Янсүнийг зайлуулан Жанлүгийн нүүрт золгон чадахгүй болоод дөрвөн далайн дотоодод багтахгүй. Бие эзэнгүй болжээ. Хэрэв бас Вэйцяод дарагдсан Зичэнгийн мэтэс алдагдал ахуй болбол ямар нүүрээр дэлхий дахины хүнийг үзэх буй?”. Мачао ёслон тал өгч өгүүлрүүн: “Гүнгийн үг маш сайн. Гагц Мачао надад одох газаргүй болсныг яанам?”. Лихуй өгүүлрүүн: “Гүн чи нэгэнтээ миний үгийг дагах болохул юунд цацрын гадна илд сүх барьсан ардыг бүгүүлмүй?”. Мачао ихэд ичгүүрч даруй олныг зандран эгүүлэв. Лихуй өгүүлрүүн: “Лю хааны авга мэргэдэд ёслон эрдэмтнийг хүндлэмүй. Би түүний эрхгүй хэрэг бүтээхийг мэдээд тийнхүү Люжаныг гээж дагахаар ирэв. Гүнгийн эцэг эрт өдөр хааны авга лугаа болзож “Хамт хулгайг арилгасугай!” хэмээсэн атал гүн чи юунд харанхуйг гээгээд, гэгээнийг эрэхээр одож, дээдэд болбоос эцгийн өсийг авч, доордод болбоос гавьяа нэрийг байгуулахгүй аж”. Мачао ихэд баярлан даруй Янбог дуудан авчирч цавчин алаад тэргүүнийг авч Лихуй лүгээ хамт боомтод Cюаньдөг дагахаар ирэв. Cюаньдө угтаж оруулаад дээд зочны ёсоор хүндлэсэнд Мачао мөргөж өгүүлрүүн: “Өдгөө гэгээн эзэнд учирсан нь үүлийг сөхөж, гэгээн тэнгэрийг үзсэн адил” хэмээв.

9 Ү Янь гэж Жүн Личүнь гэдэг байлдаант улсын үеийн Ци улсын Ү Янь газрын муухай эхнэрийг зааж байна.

Тэр үест Сүньцянь нэгэнтээ хойш эгсэн тул Cюаньдө бас Мөнда, Хуозюнь хоёулаар боомтыг сахиулаад даруй цэрэг татаж Чөндүг авахаар ирэхэд Жао Юнь, Хуанжун хоёр угтаж Мяньжуд орсон хойно хүн ирж хэлрүүн: “Шугийн жанжин Люзюнь, Махань нар цэрэг авч иржээ” хэмээмүй. Жао Юнь өгүүлрүүн: “Би одож хоёулыг баримтлан ирэхийг хүсмүй” хэмээн өгүүлээд морь унаж цэрэг авч гарав. Cюаньдө хот дээр Мачао лугаа хуримлан бас суулцаагүйд Зылун нэгэнтээ хоёулыг алаад тэргүүнийг хуримын ширээний өмнө өргөсөнд Мачао бас ч гайхах хувь нэмж хүндэлмүй. Мачао өгүүлрүүн: “Эзэн гүнгийн цэргийг хөдөлгөхгүйгээр Мачао би одож Люжаныг дуудан гаргаж дагуулсугай! Хэрвээ дагахгүй болбоос Мачао би дүү Мадай лугаа Чөндүг аваад, хоёр гараар эзэн гүнд өргөсүгэй!”. Cюаньдө ихэд баярлан тэр өдөр нар шингэтэл уулцав.

Тэндээс буруулсан цэрэг хойш Ижоу мужид одож Люжанд хэлсэн хойно, Люжан ихэд цочиж, хаалга даран гарахгүй бүхийд хүн ирж хэлрүүн: “Хотын хойдод Мачаогийн туслах цэрэг ирэв” хэмээсэнд Люжан сая хэрмийн дээр гарч үзвээс Мачао, Мадай нар хотын дор зогсоод, өндөр дуугаар дуудан “Лю Зи Юйг10 залж үг хэлэлцсүгэй!” хэмээмүй. Люжан хэрмийн дээрээс асууваас Мачао морин дээрээс ташуураар зааж өгүүлрүүн: “Би язгуураас “Жанлүгийн цэргийг авч чамд туслахаар ирсүгэй!” хэмээсэн бөлгөө. Хэн санав. Жанлү Янсүнгийн ховч үгэнд ороод харин намайг хөнөөсүгэй хэмээхэд би өдгөө нэгэнтээ Лю хааны авгыг дагажээ. Гүн чи газар орноо өргөж дагаад, иргэний зовлонг хэлтрүүлбээс зохимуй. Хэрвээ эргүүтэн, дагахгүй бол би урьдаар хотыг байлдмуй” хэмээсэнд Люжан цочин царай хувьсаж, уурлан муужраад хотын дээр харангадаж унав. Олон түшмэл тэнхрүүлэн сэргээсэн хойно Люжан өгүүлрүүн: “Миний гэгээн үгүйд гэмшивч юуг үзмүй? Өдгөө хаалгыг нээж дагаад, бүх хотын доторхи иргэний зовлонг хэлтрүүлэхэд хүрэхгүй!”. Дунхө хориглож өгүүлрүүн: “Хотын дотор бас гурван түм илүү цэрэг буй. Зоос торго, амуу өвс нэгэн оны идэхэд хүрэх атал юу хэмээн даруй дагамуй?”.

10 Люжангийн өргөсөн нэр

Люжан өгүүлрүүн: “Би эцэг хөвгүүн Шу газарт хорин жил илүү суугаад, иргэнд хишиг эрдмийг хүртээсэн нь үгүй. Гурван жил байлдаад хээр талд үхсэн нь цөм миний ял болой. Миний дотор яахин амар байх аж? Харин дагаад зуун овогт иргэнийг амар болгоход үл хүрмүй” хэмээн хэлсэнд олон түшмэл сонсоод цөм нулимс унагаав. Гэнэт нэгэн хүн дэвшиж өгүүлрүүн: “Эзэн гүнгийн үг чухам тэнгэрийн санаанд нийлжээ”. үзвээс Басигийн Сичун улсын хүн. Овог Цяо, нэр Жоу, өргөсөн нэр Юньнань. Тэр хүн ер тэнгэрийн байдлыг мэдмүй. Люжан асууваас Цяожоу өгүүлрүүн: “Би шөнө тэнгэрийн байдлыг шинжвээс олон од Шугийн газарт хуржээ. Их одны гэрэл сар мэт гэгээн, тэр хааны одны байдал бөлгөө. Тэр ч байтугай нэг жилийн урьд өчүүхэн хүүхдийн дуулсан ёртой үг нь: “Хэрвээ шинэ будаа идсүгэй хэмээвээс, Сяньжу ирэхийг хүлээх хэрэгтэй” хэмээжээ. Энэ нь урьд илэрсэн ёр тул тэнгэрийн зүйг сөрж үл болмуй!” хэмээсэнд Хуанцуань, Люба хоёул ихэд уурлаж “Алсугай!” хэмээхэд Люжан хориглон зогсоов. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Шузюнь хошууны Тайшоу түшмэл Сюйзин хотыг давж гараад дагав” хэмээсэнд Люжан ихэд уйлан гэртээ эгэв. Жич өдөр бас хүн ирж хэлрүүн: “Лю хааны авга, дотоод зочин Зянь Юнийг зарж хотын доор ирээд “Хаалгыг нээ!” хэмээн дуудмуй”. Люжан “Хаалгыг нээж угтан оруул!” хэмээв. Зянь Юн оморхоглож, тэргэнд суун ороход гэнэт нэгэн хүн илд барьж өндөр дуугаар зандарч өгүүлрүүн: “Өчүүхэн амьтан зорилтыг олоод хажууд хүнгүй мэт, чи аймшиггүй манай Шу газрыг доромжилмуй уу?”. Зянь Юн яаран тэрэгнээс бууж, ёслон золговоос тэр хүн Гуанхань газрын Мяньжугийн хүн, овог Цинь, нэр Ми, өргөсөн нэр Зи Чы. Зянь Юн инээн өгүүлрүүн: “Мэргэн ахыг таньсангүй. Битгий буруушаагтун!” хэмээн өгүүлээд хамт орж Люжан лугаа золгоод Cюаньдөгийн уудам сэтгэлээр хүнийг өршөөж огт хөнөөх санаагүйг хэлсэнд Люжангийн дотор сая сулхан болж дагахаар тогтоод Зянь Юнийг хүндэлжээ.

Дэд өдөр Люжан тамга, цомцог, данс бичгийг авч Зянь Юн лугаа хамт тэргэнд сууж хотоос гаран дагахаар ирэв. Cюаньдө хүрээнээс гарч угтаад Люжангийн гарыг барьж уйлан өгүүлрүүн: “Би өршөөл журмаар явах нь бус. Аргагүйдээ ийм болсон болой” хэмээгээд хамтаар хүрээнд орж бичиг тамгыг хүлээн авсан хойно морь зэрэгцэж хотод оров.

Тэндээс Cюаньдө Чөндү хотод ороход олон иргэн хүж шатааж зул өлгөөд үүдэнд угтав. Cюаньдөг яаманд орж суусан хойно, хошууны олон түшмэл цөм ирж яамны дотор сөгдөж золгосон боловч гагц Хуанцуань, Люба хаалгыг дарж гарч ирсэнгүй. Тийнхүү олон цэргийн түшмэд хилэгнэж “Одож алсугай!” хэмээхэд Cюаньдө яаран цаазалж өгүүлрүүн: “Хэрвээ энэ хоёр хүнийг хөнөөгчид аваас гурван төрлийг хүйс тэмтэрмүй!” хэмээгээд Cюаньдө биеэр тэдгээрийн хаалганд очиж хоёулыг залсан тул хоёул, Cюаньдөгийн хишгийг санаад сая гарч ирэв. Кунмин гуйн өгүүлрүүн: “Өдгөө Сычуаньгийн газрыг төвшин болгосон тул нэгэн улсад хоёр эзнийг агуулах ёсон үгүй. Люжаныг Зинжоу муж руу илгээж суулгаваас зохимуй”. Cюаньдө өгүүлрүүн: “Би сая Шугийн газрыг олсон Лю Зи Юйг даруй хол газарт илгээвээс зохихгүй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Люжан үндсэн хөрөнгийг алдсан нь даанч үхээнц буурайн учир болой. Эзэн гүн чи хэрвээ эм хүний өршөөлийг барьж, тухайд үйлийг таслахгүй болбоос энэ газрыг үүрд залгамжлахад бэрх болмуй”. Cюаньдө үгийг дагаад нэгэн их хурим бэлтгэж, Люжангаар хөсөг засамжлуулаад, Жэньвэй жанжны тамга цомцгийг зүүлгэж, эм хүүхэд гэрийн бүхнийг цөм дагуулан Наньзюнь мужийн гүнгийн газарт илгээмүү!” хэмээн өгүүлээд мөн өдөртөө мордуулав.

Түүнээс Cюаньдө өөрөө Ижоу мужийн эзэн болж, эл дагасан бичиг цэргийн түшмэлийг цөм хүндээр шагнан зэрэг хэргэм тогтоон өгөв. Янь Янийг өмнө жанжин, Фажөнийг Шузюнь хошууны Тайшоу, Дунхөг цэргийн эрхтэй Жунлан жанжин, Сюйзинийг зүүн этгээдийн жанжин Жанши түшмэл, Пан Иг хүрээний доторх Сыма түшмэл, Любаг зүүн этгээдийн жанжин, Хуанцуанийг баруун этгээдийн жанжин болгов. Түүнээс өөр Ү И, Бэйгуань, Фөн Ян, Жуо Ен, Ли Янь, Үлань, Лэйтун, Лихуй, Жан И, Циньми, Цяожоу, Люй И, Хуозюнь, Дөнжи, Янхун, Жоуцюнь, Фэй И, Фэйси, Мөнда нарын бичиг цэргийн дагасан түшмэлийн жар илүү хүнийг цөм дэвшүүлэн хэрэглэв. Жугө Ляныг цэргийн багш, Гуань Юньчаныг Танкоу жанжин, Ханьшоу Тинхоу, Жанфэйг Жөнлюй жанжин, Синь Тинхоу, Жао Юнийг алсыг түвшитгэх жанжин, Хуанжуныг барууныг түвшитгэх жанжин, Вэй Янийг сүрийг бадруулагч жанжин, Мачаог өрнийг номхотгох жанжин болгов. Сүньцянь, Зянь Юн, Мижу, МифзН, Люфэн, Ү Бань, Гуаньпин, Жоуцан, Ляохуа, Малян, Масу, Зянвань, Ижи жич эрт өдрийн Зин, Сян газрын бичиг цэргийн түшмэлийг цөм дэвшүүлэн шагнаад, элч зарж шар алт таван зуун жин, цагаан мөнгө нэг мянган жин, зоос таван мянган түм, Шу газрын хэмэрлэг нэг мянган энтэйг Юньчанд хүртээн илгээв. Түүнээс өөр түшмэл жанжингуудыг ялгаж салган шагнаад морь үхэр алж, цэргийн хүнийг ихээр хуримлан санг нээж, зуун овогт иргэнд түгээж өгсөн тул цэргийн ард ихэд баярлалцав.

Түүнээс Ижоу нэгэнтээ тогтоосон хойно Cюаньдө бас “Чөндүгийн сайн тариа, гэр хороог авч олон түшмэлд хуваан өгсүгэй!” хэмээхэд Жао Юнь хориглож өгүүлрүүн: “Ижоу мужийн хүн ардад удаа дараа цэрэг дайны гамшиг тохиолдоод, тариалангийн өрх цөм хоосон болсон тул өдгөө зуун овогтод эгүүлэн өгч амгалангаар аж төрүүлбээс зохимуй. Иргэний сэтгэл сая тогтсонд булаан авч гуяч болгон шагнаж үл болмуй” хэмээсэнд Cюаньдө ихэд баярлаж үгийг дагав. “Жугө Ляныг улсыг засах цааз хуулийг тогтоо!”хэмээн тушаасанд цааз баахан хүнд болсонд Фажөн өгүүлрүүн: “Эрт Хань улсын Гаозу хаан гурван зүйлын цааз тогтоосноор иргэн цөм эрдэмд даган баярлажээ. Хүсэх нь цэргийн багш эрүүг уучлан, цаазыг хөнгөн болгож иргэний санаанд нийцүүлбээс зохимуй!”. Кунмин өгүүлрүүн: “Авгай чи нэгийг мэдээд түүний хоёрыг эс мэджээ. Цин улс цаазыг догшин гашуунаар хэрэглэсэнд түмэн иргэн цөм гасалцан дэлхий дахин самуун болсон бөлгөө. Тийнхүү Гаозу хаан өршөөл, уудмаар засаж тэнхрүүлэв. Өдгөө Люжан харанхуй буурай, эрдэмт засгийг үүсгэхгүй, сүр эрүүг чангалсангүй тул хааны сайдын ёс эвдрэв. Янаг болбоос түшмэл өгмүй. Түшмэлийн туйлд хүрвээс хохирмуй. Эедсэнд хишиг хүртээмүй. Хишиг мохвоос осолдмуй. Тийнхүү эвдрэх нь үнэхээр үүнээс болмуй. Би өдгөө цаазаар сүрдүүлээд, цаазаар явбаас хишгийг мэдмүй. Хэргэмийг хэмжээтэй болговоос хэргэм нэмсэн цагт нүүртэй болсныг мэдмүй. Хишиг нүүртэйг цугаар явуулбаас дээд доорд хэмжээтэй болж засахуйн ёс үүнд илэрхий болох болой” хэмээсэнд Фажөн биширчээ. Үүнээс цэрэг иргэн энх амар болж дөчин нэгэн муж хошууны газарт цэрэг хуваан тохинуулсанд цөмөөр төвшин болжээ. Фажөн Шузюнь хошууны тайшоу болсноос аливаа энгийн өдрийн будаа хүртээсэн ач ба нүд бүлтийн зөрүүгээр үзсэн гаслалыг эс хариулсан нь үгүй тул зарим хүн Кунминд өгүүлрүүн: “Сяожи даанч хэтрэмхий аашилнам. Баахан донгодвоос зохимуй” хэмээвээс Кунмин өгүүлрүүн: “Эрт өдөр эзэн гүн Зинжоу мужид гачигдан суух үест умардад Цаоцаогаас эмээн зүүн талд Сүньцуаньгаас бэрхшээж байхад Сяожигийн жигүүр мэт туслахад итгэж, хэдий хэрж явавч цаазалсангүй атал өдгөө хэрхин цаазлан өчүүхэн ч түүний санаагаар явуулахгүй болж болмуй!” хэмээгээд огт асуусангүй тул Фажөн сонсоод бас ч өөрөө хураамжлав.

Түүнээс нэгэн өдөр Cюаньдө Кунмин лүгээ сул хэлэлцэж байтал гэнэт хүн мэдүүлрүүн: “Гуань Юньчан, Гуаньпинг зарж алт, торго хүртээсэнд талархан хэлэхээр илгээв” хэмээмүй. Cюаньдө дуудан оруулсанд Гуаньпин ёсолж дууссан хойно бичгийг өргөж өгүүлрүүн: “Миний эцэг Мачаогийн цэргийн эрдэм хүнээс хэтрэхийг сонсоод “Энд ирж түүн лугээ өндөр, богиныг адилтган үзсүгэй!” хэмээн намайг авгад мэдүүл” хэмээв. Cюаньдө ихэд цочиж өгүүлрүүн: “Хэрвээ Юньчан Шу газарт ирэн мөнци лүгээ адилтгаваас эрхгүй нэг нь хохирмуй”. Кунмин өгүүлрүүн: “Гайгүй! Жугө Лян би нэгэн бичиг хийж хойш илгээсүгэй!”. Cюаньдө Юньчангийн түргэнд эмээн даруй Кунмингаар бичиг хийлгэж Гуаньпинд өгөн шөнө дөл Зинжоу муж руу илгээв.

Гуаньпинг Зинжоуд хүрсэн хойно Юньчан асууруун: “Би, Ма Мөнци лүгээ адилтган үзсүгэй хэмээснийг хэлэв үү, үгүй юу?”. Гуаньпин өчрүүн: “Цэргийн багшаас илгээсэн бичиг энд буй”, Юньчан бичгийг аваад нээж үзвээс бичгийн үг нь: “Жугө Лян би сонсвоос жанжин Мөнци лүгээ өндөр богиныг адилтган үзсүгэй хэмээмүй. Би санахул Мөнцигийн эрэмгий баатар, сүр эрдэм хүнээс илүү боловч Инбү, Пөн Юэ11 нарын зэрэг болой. Гагц Идө лугээ тэмцэлдвээс болмуй. Сайхан сахалт гүнгийн ертөнцөөс гарсан, хүнээс хэтийдсэнд юун гүйцэх аж. Өдгөө гүн Зинжоу мужийг сахих тушаалыг хулээн авсныг нь хүндгүй хэмээвээс үл болмуй. Хэрвээ Сычуаньд ороод Зинжоуд алдагдал гарваас ял үүнээс их нь үгүй болой. Гагц гэгээнээр айлтгахыг эрмэлзмүй!” хэмээжээ.

11 Энэ хоёр хүн бол Хань улсын Гаозү хааны гавьяат их баатар юм.

Юньчан бичгийг үзэж дуусаад өөрийн сахлаа илж инээн өгүүлрүүн: “Кунмин үнэхээр миний санааг мэджээ” хэмээгээд бичгийг олон зочдод үзүүлээд даруй Сычуаньд орох санаагүй болов. Тэндээс зүүн Ү улсын Сүньцуань Cюаньдө Сычуанийг залгиад Люжаныг Гүн Ань газрын зүг үлдэж илгээснийг сонсоод даруй Жанжао, Гө Юн нарыг цуглуулан зөвлөж, “Анхан Любэй Зинжоу мужийг зээлэх цагт хэлсэн нь “Сычуанийг олсон хойно даруй Зинжоу мужийг хойш эгүүлсүгэй!” хэмээсэн бөлгөө. Өдгөө Башугийн дөчин нэгэн муж хошууг олсон тул хүн зарж Ханьшангийн олон хошууг хөөхөөр илгээвээс зохимуй! Хэрвээ эгүүлэн өгөхгүй болбол даруй цэрэг хөдөлгөсүгэй!”. Жанжао өгүүлрүүн: “Ү улсын газар сая амар болсон тул цэрэг хөдөлгөж үл болмуй. Жанжао надад нэгэн арга буй. Cюаньдөгөөр Зинжоу мужийг хоёр гараар эзэн гүнд өргүүлсүгэй” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Баруун Шугийн газарт сая шинэ нар саран гийсэнд

Зүүн Ү улс бас хуучин уул мөрнийг хөөхөөр ирэв”

Эгнэгт түүний ямар аргыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top