"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 66 ДУГААР БҮЛЭГ
ГУАНЬ ЮНЬЧАН ГАНЦ ИЛДЭЭР ХУРАЛЦАХААР ОЧСОН ФУ ХАТАН УЛСЫН ТӨЛӨӨ БИЕЭ ӨРГӨСӨН
Өгүүлэх нь: Cүньцуань “Зинжоуг эгүлсүгэй!” хэмээхэд Жанжао арга өргөж өгүүлрүүн: “Любэйгийн итгэсэн нь гагц Жугө Лян болой. Түүний ах Жугө Зинь өдгөө манай энд түшмэл болж буй. Юунд Жугө Зиньгийн гэрийн хөгшин залууг цөм хориод Жугө Зинь Сычуаньд илгээн түүний дүүд хэлүүлж, түүгээр Любэйг өгүүлж Зинжоу мужийг ангилан эгүүлмүй. Хэрэв “Эгүүлэхгүй болбоос эрхгүй хөгшин залууг цөм алмуй!” хэмээн тулгаваас Жугө Лян ах дүүгийн сэтгэлгээг дагаж, эрхгүй хүлээн авмуй?”. Cүньцуань өгүүлрүүн: “Жугө Зинь нэгэн бат чигч эрдэмтэн сайд тул яахин төвдөж түүний хөгшин залууг баримталмуй?”. Жанжао өгүүлрүүн: “Энэ болбоос арга хэмээн тодорхойёо ухуулсанд аяндаа сэтгэл тавиу болмуй”. Cүньцуань үтийг дагаж даруй хүн зарж, Жугө Зиньгийн хөгшин залууг хуурмагаар яаман дотор хориод нэгэнтээгүүр бичиг хийж Жугө Зинийг Сычуаньд зарав. Хэдэн өдөр болсонгүй Чөндүд хүрээд урьдаар хүн зарж Cюаньдөд хэлэхээр илгээсэнд Cюаньдө, Кунминээс асууруун: “Эрхмийн ахын энэ ирсэн нь ямар нь буй?”. Кунмин өгүүлрүүн: “Зинжоу мужийг хөөхөөр ирсэн болой”. Cюаньдө өгүүлрүүн: “Юу хэмээн өчмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Гагц ийм, тийм” хэмээн арга тогтов.
Түүнээс Кунмин хотоос гарч Жугө Зинийг угтан авч өөрийн гэртээ оруулсангүй. Шууд зочинг буулгах яаманд оруулж ёслон дууссан хойно Жугө Зинь дуу тавин уйлжээ. Жугө Лян өгүүлрүүн: “Ах хэрэг буй болбоос хэлтүгэй! Юунд уйлмуй?”. Жугө Зинь өгүүлрүүн: “Миний нэгэн гэрийн хөгшин залуу хөнөөгдөх шахжээ”. Жугө Лян өгүүлрүүн: “Харин Зинжоу мужийг эгүүлэхгүйн учир бус уу? Дүүгийн учирт ахын хөгшин залууг хорвоос дүүгийн дотор юун амар аж? Ах битгий зовогтун! Дүү надад Зинжоуг аяндаа эгүүлэх арга буй!”. Жугө Зинь ихэд баярлаж даруй Кунмингийн хамт орж Cюаньдө лүгээ золгоод Cүньцуаньгийн бичгийг өргөв. Cюаньдө бичгийг үзээд хилэгнэж өгүүлрүүн: Cүньцуань нэгэнтээ охин дүүгээ надад холбоод харин миний
Зинжоу мужид үгүйг завшиж, охин дүүгээ хулган аваачжээ. Энэ ёсонд эс нийцэх тул би төв хэмээн Сычуаньгийн цэргийг дуусган авч “Зяннаньд алж ороод хариу авсугай!” хэмээн атал өдгөө бас Зинжоу мужийг хөөхөөр ирмүй үү?”. Кунмин газарт сөгдөн уйлж өчрүүн: “Ү Хоу Жугө Лян миний ахын хөгшин залууг гянданд хорьжээ хэмээмүй. Хэрэв өгөхгүй болохул миний ахын гэрийн бүхэн цөм алагдмуй. Ах үхвээс Жугө Лян би хэрхин ганцаар амьдран явмуй? Эзэн гүн Жугө Лян миний нүүрийг харж, Зинжоу мужийг Зүүн Ү улсад эгүүлээд Жугө Лян миний ах дүүгийн журмыг бүртгэх ажаам уу!” хэмээсэнд Cюаньдө дахин давтан “Болохгүй!” хэмээмүй. Кунмин гагц уйлан гуйх тул Cюаньдө алгуур аажмаар өгүүлрүүн: “Нэгэнтээ тийм болбоос цэргийн багшийн нүүрт Зинжоу мужийн нэгэн хагасыг хуваан Чанша, Линлин, Гүй Янгийн гурван хошууг өгсүгэй!”. Жугө Лян өгүүлрүүн: “Нэгэнтээ өршөөн тогтоовоос даруй бичиг шийтгэн Юньчанд өгч гурван хошууг ангилан тушаалгах болов уу?”. Cюаньдө өгүүлрүүн: “Зи Юй12 чи нэгэнтээ хүрвээс эрхбиш сайн үгээр гуйх хэрэгтэй. Миний дүүгийн зан ноцох гал мэт тул би харин ч эмээмүй. Сайтар нарийвчилбаас зохимуй!” хэмээв. Жугө Зинь бичгийг гуйн олоод Cюаньдө, Кунмингаас салж шууд Зинжоу хотод хүрсэнд Юньчан дунд яаманд залж оруулаад зочин гэрийн эзний ёсоор суулцсан хойно Жугө Зинь Cюаньдөгийн бичгийг гаргаж өгүүлрүүн: “Хааны авга “Урьд гурван хошууг эгүүлсүгэй!” хэмээсэн тул жанжин даруй хуваан өгч, Жугө Зинь би эзэнд сайнаар золгуулах болов уу!”. Юньчан царайгаа хувилгаж өгүүлрүүн: “Би ах лугаа тоорын хүрээлэнд журмаар ханилан амалдаж, “Хамт Хань улсыг мандуулмуй!” хэмээн бөлгөө. Зинжоу муж бол угаас их Хань улсын газар шороо тул нэгэн ямхын төдий ч гэмээнэ хэрхин хүнд өгч болмуй? Жанжин гадна аваас эзний захиаг хүлээхгүй хэмээсэнчлэн ахаас хэдий бичиг буй боловч би эгүүлэн өгч чадахгүй” хэмээжээ. Жугө Зинь өгүүлрүүн: “Өдгөө үхоу Жугө Зинь миний хөгшин залууг цөм гянданд хорьжээ. Хэрвээ Зинжоу мужийг эгүүлэхгүй болбоос эрхгүй алагдах болой. Жанжин хөөрхийлөх болов уу?”. Юньчан өгүүлрүүн: “Энэ нь Үхоугийн зусар арга, намайг яахин мэхэлж чадмуй?”. Жугө Зинь өгүүлрүүн: “Жанжин юунд ийм нүүргүй аж?”. Юньчан илдээ барьж өгүүлрүүн: “Битгий дахин өгүүлэхтүн!
12 Жүгө Зиньгийн өргөсөн нэр
Энэ илдэнд нүүр талгүй”. Гуаньпин яаран гуйж өгүүлрүүн: “Цэргийн багшийн нүүрт муухай тул эцэг хилэнг зогсоомуй!”. Юньчан өгүүлрүүн: “Цэргийн багшийн нүүрийг санахгүй болбоос чамайг Зүүн Ү улсад эгж чадахгүй болгох бөлгөө” хэмээв.
Түүнээс Жугө Зинь маш ичингүйрэн санд мэнд онгоцонд суун дахин Сычуаньд ирж Кунмин лүгээ золгосугай хэмээвээс Кунмин нэгэнтээ цагдан байцаахаар гарчээ. Жугө Зинь аргагүй дахин Cюаньдөд золгож, Юньчангийн “Алсугай!” хэмээснийг уйлан хэлсэнд Cюаньдө өгүүлрүүн: “Миний дүүгийн зан түргэн тул хэлэхэд бэрх, Зи Юй түр эгэгтүн! Дунчуань, Ханьжунгийн олон хошууг авсан хойно Юньчаныг дуудан ирж сахиулсугай! Тэр цагт сая Зинжоу мужийг эгүүлэн өгч чадмуй”. Жугө Зинь аргагүй Зүүн Ү улстаа хариад Cүньцуаньд золгон өмнө хэргийг нэгд нэгэнгүй хэлсэнд Cүньцуань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Зи Юй энэ удаа очоод урагш хойш явсан нь харин цөм Жугө Лянгийн арга мөн буй”. Жугө Зинь өгүүлрүүн: “Бус болой! Миний дүү бас Cюаньдөгийн зүг уйлан гуйснаар сая “Гурван хошууг урагш эгүүлэн өгсүгэй!” хэмээсэн бөлгөө. Гагц Юньчан огт хүлээхгүйг хэрхмүй?”. Cүньцуань өгүүлрүүн: “Нэгэнтээ Любэй гурван хошууг эгүүлэн өгсүгэй хэмээсэн үг буй болохул даруй түшмэл зарж Чанша, Линлин, Гүй Ян зэрэг гурван хошуунд тушаал хүлээхээр илгээж түүний яахыг үзсүгэй!” хэмээвээс Жугө Зинь өгүүлрүүн: “Эзэн гүнгийн үг мөн болой” хэмээжээ. Cүньцуань даруй Жугө Зиньгийн гэрийн хөгшин залууг гаргаж эгүүлээд нэгэнтээгүүр түшмэл томилж, гурван хошууны тушаал хүлээхээр илгээв. Удалгүй гурван хошууны түшмэл цөм үлдэгдэж, хойш эгээд Cүньцуаньд өгүүлрүүн: “Гуань Юньчан биднийг багтаахгүй шөнөдөө цөм үлдэж “Ү улсдаа эгтүгэй! Алгуурласныг нь эрхгүй алмуй” хэмээжээ” хэмээсэнд Cүньцуань ихэд хилэгнэж хүн заран Лүсүг авчраад зандарч өгүүлрүүн: “Зызин угтаа зууч болж миний Зинжоу мужийг тэдэнд зээлэн өгсөн бөлгөө. Өдгөө Любэй нэгэнтээ Сычуанийг олсон атал бас ч эгүүлэн өгөхгүй тул Зызин чи хэрхэн үзэж суумуй?”. Лүсү өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Төв хэмээн эзэн гүнд өчсүгэй хэмээж агсан бөлгөө”. Cүньцуань асууруун: “Ямар арга болой?”. Лүсү өгүүлрүүн: “Өдгөө Лүкоу цэрэг бууж, Юньчаныг хуралд ирсүгэй хэмээн залуулсугай! Хэрвээ Юньчан ирвээс сайн үгээр хэлэлцсүгэй! Хэрэв үгийг эс дагаваас илд, сүх барьсан ардыг бүгүүлж алсугай! Тэр ирэхгүй болохул даруй цэрэг байгуулж дийлэх дийлэгдэхийг тасалж Зинжоу мужийг булаан авбаас барав”. Cүньцуань өгүүлрүүн: “Энэ арга миний санаанд нийлэв. Даруй явуулбаас зохимуй”. Каньзө дэвшиж өгүүлрүүн: “Болохгүй! Юньчан болбоос ертөнцийн барс мэт жанжин бөгөөд энгийн хүн лүгээ адилтгаж эс болмуй. Хэрэв хэрэг нягтгүй болоход харин түүний хорыг амсмуй”. Cүньцуань хилэгнэж өгүүлрүүн: “Ийм болбоос Зинжоу мужийг аль өдөр сая олмуй? Даруй Лүсүгийн энэ аргыг түргэнээ явуул!” хэмээв. Лүсү Cүньцуаньгаас салаад Лүкоугийн аманд хүрч Люймөн, Ганьнинг авчирч зөвлөөд Лүкоугийн хүрээний гаднах линь Зяньтин ордонд хурим бэлтгэн залах бичиг үйлдэж цацар доорх нэгэн үгэнд сайн хүнийг сонгож элч болгон, онгоцонд суулгаж, мөрнийг гэтлэсэн хойно, мөрний аманд Гуаньпин тосож асуугаад Зинжоуд дагуулан авчирч Юньчан уулзуулаад, Лүсүгийн залж хуралд урьсан учрыг хэлсэн хойно бичгийг өргөв. Юньчан бичгийг нээж үзээд ирсэн хүнд хэлрүүн: “Нэгэнтээ Зызин залсан болохул маргааш хуримд очсугай! Чи урагш эгэгтүн!” хэмээв.
Тэндээс элч салж очсон хойно Гуаньпин өгүүлрүүн: “Лүсүгийн энэ залахаар ирсэн нь эрхгүй сайн санаагүй. Эцэг юунд ам алдав?” хэмээхэд Юньчан инээд өгүүлрүүн: “Би хэрхин мэдэхгүй аж? Энэ нь Жугө Зинь эгж Cүньцуаньд намайг гурван хошууг өгөхгүй хэмээн хэлээд, тийнхүү Лүсүгээр Лүкоуд цэрэг буулган намайг хуралд урьж аваачаад “Зинжоу мужийг нэхсүгэй!” хэмээгч болой. Би хэрвээ одохгүй болбоос намайг аймтгай хэмээмүй. Би маргааш өдөр нэгэн бага онгоцонд сууж арваад хүнийг дагуулан, ганц илдийг барьж одсугай! Лүсү надад яахин ойртохыг үзсүгэй!”. Гуаньпин бас хориглож өгүүлрүүн: “Эцэг түмэн лан алтны биеэр барс чонын үүрэнд орох нь их авгын найдсан тушаалыг хүндэтгэх бус болов уу хэмээн эмээмүү”. Юньчан өгүүлрүүн: “Би мянган жад түмэн илдийн дотор зэв чулуу харилцан солилцох тухайд ч ганц мориор хөндлөн гулд явах нь хүнгүй газар орсон мэт атал хэрхэн Зяндун газрын хулганы сүргээс бэрхшээмүү!”. Малян сонсоод бас хориглож өгүүлрүүн: “Лүсү хэдий ахас захсын байдал буй боловч хэрэг шахам болсон тул өөр сэтгэл үүсгэхгүй хэмээн батлахад бэрх тул жанжин хөнгөнөөр одож болохгүй!”. Юньчан өгүүлрүүн: “Эртний Байлдаанч улсын үед Жао улсын Линь Сянруд тахиаг хүлэх хүч ч үгүй бөгөөд Мяньчи газрын чуулганд одоод Цинь улсын эзэн түшмэдийг хүнгүй адил үзсэн бөгөөтөл, би түмэн хүнд тулах баатарыг агаад юун өгүүлнэм? Нэгэнтээ ам алдсан тул одохгүй болбоос батыг алдах болой”. Малян өгүүлрүүн: “Жанжин эрх биш одох болохул бас ч бэлтгэхгүй болж үл болмуй”. Юньчан өгүүлрүүн: “Гагц миний хөвгүүнээр арван хурдан онгоц, усанд сайн таван зуун цэргийг бүгүүлэн мөрний дунд хүлээлгэгтүн! Миний улаан туг босгохыг үзмэгц даруй мөрнийг гэтлэн очсугай!” хэмээсэнд, Гуаньпин хүлээн авч бэлдэхээр явав.
Тэндээс тэр элч эгж одоод, Лүсүд хэлрүүн: “Юньчан хуур шүүр хүлээн авч маргааш өдөр эрхгүй ирмүй” хэмээв. Лүсү, Люймөн лүгээ зөвлөрүүн: “Энэ ирэх нь яахан?”. Люймөн өгүүлрүүн: “Тэр цэрэг авч ирвээс би Ганьнин лугаа өөр өөрийн цэргийг авч мөрний хөвөөнд бүгээд буу тавихаар тэмдэглэн байлдахаар бэлтгэсүгэй! Хэрвээ цэрэг авчрахгүй болбоос танхимын хойдод илд сүх барьсан тавин хүнийг бүгүүлж хуримлах хооронд даруй алсугай!” хэмээн арга тогтов.
Жич өдөр Лүсү хүн зарж мөрний хөвөөнд харуулбаас луу цагт, хойно мөрний дээгүүр нэгэн бага онгоцонд Гуань гүн зөвхөн хэдэн усч хүн лүгээ нэгэн талын улаан туг салхинд дэрвэлзэж доороос нэгэн “Гуань” хэмээх их үсэг илрэн гарч ирмүй. Онгоц улам хөвөөнд ойр хүрч ирэхэд үзвээс Юньчан ногоон хувцас, бараан малгай өмсөн онгоцонд суужээ. Хажууд нь Жоуцан дам илдийг барин зогсож амуй. Жич долоо найман Гуаньси газрын их эрс цөм илд зүүж ахуйд Лүсү хиртхийн сэжиглэмүй. Даруй угтаж ордонд оруулаад ёсолж дууссан хойно хуримын ширээнд сууж хундага өргөн шаардах боловч аймшиггүй дээш цэх харан үзэн чадахгүй бөлгөө. Юньчан инээн хэлэлцэх нь энгийн янз уусаар халмагшсан хойно Лүсү өгүүлрүүн: “Надад нэгэн үг буй бөгөөд авгайд хэлсүгэй хэмээмүй. Завшаанд сонсон тогтоохыг хүсмүү! Эрт өдөр эрхмийн ах хааны авга Лүсү намайг миний эзний өмнө зарж Зинжоу мужийг түр зээлэн сууж “Хэзээ Сычуанийг авсан өдөр даруй эгүүлэн өгсүгэй!” хэмээн надаар хөндлөн хүн болгосон бөлгөө. Өдгөө Сычуанийг нэгэнтээ олсон бөгөөтөл Зинжоуг эгүүлэхгүй нь батыг алдсан буюу”. Юньчан өгүүлрүүн: “Энэ улс гэрийн хэрэг тул хуримд хэлэлцэх нь зохихгүй”. Лүсү өгүүлрүүн: “Манай эзэн ганц Зяндунгийн өчүүхэн газартай бөгөөтөл Зинжоуг зээлэн өгсөн нь авгай таныг цэрэг дарагдан хол газраас ирж бие орших газаргүй хэмээн түр тусалсан бөлгөө. Өдгөө Ижоу мужийг нэгэнтээ олсон тул чухам Зинжоу мужийг эгүүлбээс зохих атал, хааны авга урьдаар гурван хошууг өгснийг авгай чи бас үг дагахгүй нь ёсонд хэлж гарахгүй болов уу!” хэмээмүй. Юньчан өгүүлрүүн: “Үлингийн байлдаанд Зуо жанжин биеэр зэв чулуунд шургаж, бүх хүчээр дайсныг эвдлэсэн атал юунд хоосноор зүдэж нэгэн тохойн газрыг ч олохгүй буй? Харин гэдэргээ эрхэм та дахин газрыг нэхэмжилмүй үү?”. Лүсү өгүүлрүүн: “Тийм бус. Авгай хааны авга лугаа Чанбань Под цэрэг дарагдан арга мохож, хүч цөхөөд, хол зайлсугай хэмээж агсаныг миний эзэн хааны авгыг суух газаргүй хэмээн газар шороогоо хайрласангүй. Түших орон суудалтай болгон хойно гавьяа бүтээхийг бодсон атал хааны авга эрдмийг алдаад, сайныг муутгажээ. Нэгэнтээ Сычуанийг олсон бөгөөтөл бас Зинжоу мужийг эзлээд ховдоглож журмыг тэсэргүүлэх нь дэлхий дахины хүнд элэглэгдэхээс эмээхгүй үү! Гагц авгайн гэгээнээр байцаахыг хүсмүү!”. Юньчан өгүүлрүүн: “Энэ цөм миний ахын хэрэг, миний хамаарах нь бус болой”. Лүсү өгүүлрүүн: “Би сонсвоос авгай хааны авга лугаа тоорын хүрээлэнд журмаар ханилахд, үхвээс хамт хэмээн ам алдсан тул хааны авга даруй авгай таны бие мэт атал юунд зайлуулмуй?”. Юньчан өчин завдаагүй байтал Жоуцан яндрын доороос өндөр дуугаар өгүүлрүүн: “Тэнгэрийн доорхи шороог гагц эрдэм бүхий хүн эзлэх болой. Хэрхин танай Зүүн ү улс ганцаар эзлэх буй?” хэмээсэнд Юньчан царай хувилж босоод Жоуцангийн барьсан дам илдийг булаан авч хүрээний дунд зогсоод Жоуцангийн зүг зандарч өгүүлрүүн: “Энэ улс гэрийн их хэрэг, чи юунд аймшиггүй олон өгүүлмүй? Түргэн тонилогтун!” хэмээсэнд Жоуцан санааг ухаад урьдаар мөрний хөвөөнд одож, улаан тугийг далласанд Гуаньпингийн онгоц харвасан зэв мэт Зяндунгийн зүг ирэв. Юньчан баруун гараар илд барин зүүн гараар Лүсүгийн гарыг атгаж согтогч болон өгүүлрүүн: “Гүн чи энэ өдөр намайг залж хуримлахад битгий Зинжоугийн хэргийг дурьд! Би өдгөө нэгэнтээ согтсон тул хуучин янагласан найрыг эвдлүүзэй! Бусад өдөр чамайг Зинжоуд залж хуралцаад дахин зөвлөсүгэй!” хэмээсэн хойно Лүсүгийн сүнс биеэс зайлжээ. Юньчанд чангаагдсаар мөрний хөвөөнд хүрсэнд Люймөн, Ганьнин харъяат цэргээ авч гараад үзвээс Юньчан нэг гартаа дам илдийг барьж нөгөө гараар Лүсүг атгаж буй тул Лүсүг хор олуузай хэмээн болгоомжилж хөдлөсөнгүй. Юньчан онгоцны дэргэд ирээд гар тавьмагц онгоцонд гараад Лүсүгийн зүг салах ёс хийгээд эгэв. Тэр үед Лүсү тэнэг мунхгийн адил болжээ. Үзвээс Юньчангийн онгоц салхины аяар одов.
Хожмын хүний Гуань гүнийг магтсан шүлгийн үг:
“Ү улсын түшмэлийг доромжлон нялх хүүхдээр үзэж
Өнчин ганцаар илд барин ороод ерийн янзаар байв
Тэрхүү нэгэн эрэлхэг баатар явдал нь
Жао улсын Сянру Мяньчид очсоноос илүү”
Юньчан Зинжоуд эгсэн хойно Лүсү Люймөнгийн зүг зөвлөж өгүүлрүүн: “Арга бас бүтсэнгүй хэрхсүгэй?”. Люймөн өгүүлрүүн: “Эзэн гүнд мэдүүлж цэрэг байгуулан, Юньчан лугаа таслан байлдсугай!” хэмээсэнд Лүсү даруй хүн зарж Cүньцуаньд хэлэхээр илгээв. Cүньцуань сонсоод ихэд хилэгнэж: “Улсын цэргийг дуусган байгуулж, Зинжоу мужийг авахаар одсугай!” хэмээхэд гэнэт: “Цаоцао гучин түмэн цэрэг авч ирэв!” хэмээн хэлэхээр иржээ. Cүньцуань ихэд цочиж Лүсүг “Зинжоуд түр битгий халдагтун! Цэргийг нүүлгэж Хөфэй, Рүсюйд аваачиж Цаоцаог халхлагтун!” хэмээв.
Тэндээс Цаоцао “Өмнө зүгийг байлдахаар одсутай!” хэмээхэд Цаньзюнь түшмэл Фугань өргөсөн нэр Яньцай хэмээгч бичиг өргөж Цаоцаог ятгав. Тэр бичгийн үг нь: “Цэрэг хэрэглэвээс сүрийг урьд болгож, бичгийг хэрэглэвээс эрдмийг урьд болгомуй. Сүр эрдэм бүрдсэн хойно вангийн хөрөнгө сая бүтмүй хэмээжээ. Урьд нь дэлхий дахин ихэд самуурсанд гэгээн гүн цэргээр засаж арван хувийн есөн хувийг төвшин болгов. Өдгөө хааны зарлигийг үл дагах нь гагц Ү, Шу хоёр ханлиг болой. Ү улсад урт мөрний бэрх буй. Ш уулсад өндөр уулын зовиур ахуу тул сүрээр дийлэхэд бэрх. Би мунхаглан бодвоос утга эрдмээр засах, хуяг тайлан цэрэг зогсож, цэргийн хүнийг амруулан тэжээгээд цагийг хүлээж хөдөлгөвөөс зохимуй. Өдгөө хэдэн арван түмэн цэргийг үүсгэж, урт мөрний хөвөөнд одоод хэрэв хулгай бэрхийг сахиж гарч ирэхгүй болохул манай цэрэг хэдий баатар боловч чадлыг гаргах газаргүй бөгөөд хэдий уран хувьсгал авч эрхээр болгон эс чадваас тэнгэрийн сүр буурмуй. Гагц гэгээн гүнгийн нарийвчлан байцаахыг хүсмүү!” хэмээжээ. Цаоцао бичгийг үзэж дуусаад даруй өмнө байлдахаар одохыг зогсоов. Даруй сургууль байгуулж бичгийн эрдэмтнийг хүндлэв. Тэндээс Шижун түшмэл Ванцань, Дүси, Вэйкай, Хөця дөрвүүл зөвдөж: “Цаоцаог Вэйван болгосугай” хэмээхэд Жүн Шулин түшмэл Сюнь Ю өгүүлрүүн: “Болохгүй! Чансангийн хэргэм зэрэг Вэйгүнд хүрч есөн зүйлийн хүртээл нэмсэн тул суурин нэгэнтээ туйлдаа хүрчээ. Өдгөө бас дэвшүүлэн Ван болгосугай хэмээвээс зүй лүгээ нийлэхгүй” хэмээснийг Цаоцао сонсоод ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Энэ хүн бас Сюнь Юйг дууриасугай хэмээнэ үү?”. Сюнь Ю үүнийг сонсоод тачаадан зовсоор өвчин олж арван хэдэн өдөр хэвтээд үхэв. Тэр онд тавин найман настай бөлгөө. Цаоцао хүндэтгэн оршуулж даруй Вэйван болохыг зогсоов.
Түүнээс нэгэн өдөр Цаоцао илд зүүн ордонд орж үзвээс сяньди хаан төвхийтэл Фу хатан лугаа хамт суун амуй. Фу хатан Цаоцаогийн орж ирснийг үзээд яаран босож зогсов. Хаан үзээд дагжтал чичрэхэд Цаоцао өгүүлрүүн: “Cүньцуань, Любэй тус бүр нэжгээд газрыг эзлээд хааны зарлигийг дагахгүй тул тэднийг яаваас зохимуй?”. Хаан өгүүлрүүн: “Цөм Вэйгүнгийн бодож тогтооход буй!”. Цаоцао хилэгнэж өгүүлрүүн: “Хаан энэ үгийг гаргаваас гадаад хүн сонсоод цөм намайг “Хааныг дарлав” хэмээх болой”. Хаан өгүүлрүүн: “Чи надад тусалбаас маш завшаан болой. Хэрвээ эс тусалбаас өршөөж намайг тэвчихийг хүсмүй” хэмээсэнд Цаоцао үгийг сонсоод хааныг хялайж үзээд занасаар гарч одов. Жигүүрийн хүн хаанд айлтган өчрүүн: “Ойрын өдөр сонсвоос Вэйгүн “Өөрөө байгуулж, Ван болсугай!” хэмээх санаа буй. Удалгүй лав суурийг булаамуй!” хэмээсэнд хаан Фу хатан хоёр ихид уйлаад Фу хатан хэлрүүн: “Эхнэрийн эцэг Фувань ер Цаоцаог алах санаатай тул эхнэр би нэгэн битүүмж бичиг өгч эцгийг “Нягтаар хичээгтүн!” хэмээсүгэй”. Хаан өгүүлрүүн: “Эрт өдөр Дунчэн хэргийг нягтласангүй гэдрэг зовлон тохиолдов. Өдгөө хэрэг дахин задарваас би чам лугаа цөм үхэх болно” хэмээсэнд Фу хатан өгүүлрүүн: “Өглөө үдэш зүүн дээр суусан адаил энэ мэт хүн болж амьдрахаас хурдан үхэхэд үл хүрмүй. Эхнэр би үзвээс тайган нарын дотор шударга журамтай, найдаж болмоор нь гагц Мушунийг хүрэх нь үгүй. Түүнд бичгийг тушааж хүргүүлсүгэй!” хэмээгээд даруй Мушунийг дуудан оруулж халхавчийн хойно аваачаад зүүн баруун этгээдийн ардыг зайлуулсан хойно хаан, хатан хоёр ихэд уйлж Мушунд өгүүлрүүн: “Цаоцао хулгай Вэйван болсугай хэмээн ахуу тул өглөө үдэш суурийг булаах хэрэг гармуй. Би Фу хатны эцэг Фуваньгаар нууцаар энэ хулгайг хичээлгэсүгэй хэмээвээс гагц жигүүрийн ард цөм Цаоцаогийн сэтгэл зүрхний мэт тул нэг нь ч найдаж болох хүнгүй. Санаанд чамаар хатны бичгийг Фуваньд хүргүүлсүгэй хэмээмүй. Чи шударга журамт тул лав намайг үтээрэхгүй болой!”. Мушунь уйлж өгүүлрүүн: “Сайд би хааны хишгийг хүртээд ямар аймшиггүй үхэхээр ач хариулахгүй аж. Сайд би даруй одсугай!” хэмээсэн хойно хатан бичиг хийж Мушуньд өгөв. Мушунь бичгийг гэзгэн дотор нууж ордноос хулган гараад шууд Фуваньгийн гэрт хүрч өргөн барьсанд Фувань, Фу хатны гарын бичиг мөн болохыг үзээд Мушуньд хандан: “Цаоцао хулгайгийн сэтгэл зүрхний хүн маш олон тул даруй хичээхүйеэ бэрх. Зяндунгийн Cүньцуань, Сычуаньгийн Любэй хоёул төрийн гаднаас цэрэг байгуулсанд Цаоцао эрхгүй биеэр цэрэг авч одмуй. Тэр цагт шударга журамт сайдыг эрж, хамтдаа зөвлөөд дотор гаднаас хавсран байлдвал хамаг хэрэг бүтэх болой”. Мушунь өгүүлрүүн: “Хааны хадам эцэг та хаан, хатанд хариу захидал хийж бариад нягт зарлиг бичиг гуйж сэмээр Ү, Шугийн хоёр газарт илгээж цэрэг байгуулан хулгайг байлдан эзнийг тэнхрүүлэхээр болзвоос болмуй?” хэмээсэнд Фувань даруй цаас авч бичээд Мушуньд өгөв. Мушунь бичгийг мөнхүү тэргүүний үсэн дотор нуун, Фуваньгаас салж ордны зүг эгэв.
Үзвээс хүн хэдийн Цаоцаод мэдүүлсэн тул Цаоцао урьдаар ордны хаалганы дэргэд хүлээжээ. Мушунь эгэхдээ түүн лүгээ учирсанд Цаоцао асууруун: “Хаашаа очсон буй?”. Мушунь өчрүүн: “Хатан эх өвчин олсон тул эмч залахаар очсон билээ”. Цаоцао өгүүлрүүн: “Авахаар очсон эмч хаана буй?”. Мушунь өгүүлрүүн: “Хүрч ирээгүй”. Цаоцао зүүн баруун этгээдийн ардыг дуудаж биеийг нэгжүүлбээс огт нуун далдласан юмгүй тул сая тавьж илгээсэнд гэнэт салхилж малгайг хийсгэн унагаав. Цаоцао гэдрэг дуудан ирүүлээд малгайг авч үзвээс огт юмгүй тул малгайг эгүүлэн өгч зүүлгэвээс Мушунь хоёр гараараа тосож аваад буруу хандуулан өмсөжээ. Үүнээс Цаоцао сэжиглээд жигүүрийн ардаар түүний гэзгийг байцаалгахад дотроос Фуваньгийн бичгийг нэгжин гаргав. Цаоцао бичгийн доторхи үгсийг үзвээс “Cүньцуань, Любэйгээр гаднаас тосуулсугай!” хэмээжээ. Цаоцао ихэд хилэгнэж Мушунийг хүлээд, нууц гэрт аваачиж асууваас Мушунь огт хүлээн авахгүй тул Цаоцао шөнөдөө гурван мянган цэрэг шалгаж, Фуваньгийн гэрийг тойрон хаагаад хөгшин залууг дуусган баримтал, Фу хатны гарын бичсэн бичгийг олсон тул Фу овогтны гурван угсааг цөм гянданд хориод, гэгээрсэн хойно шадар цэргийн жанжин Силюйгээр хэмжээт цомцгийг бариулан ордон дотор орж урьдаар Фу хатны тамгыг хураан авахаар илгээв.
Тэр өдөр хаан гадаад харшид сууж байтал Силюй гурван зуун цэрэг авч шууд орж ирснийг үзээд асууруун: “Ямар хэрэг буй?”. Силюй өгүүлрүүн: “Вэй гүнгийн зарлигаар хатан эхийн тамгыг хураан авахаар ирэв”. Хаан үйл задарсныг мэдээд зүрх, цөс цөм хэмхрэв. Силюй хойд ордонд хүрвээс Фу хатан сая босов. Силюй тамга хадгалсан хүнийг дуудаж тамгыг аваад гарч ирэв. Фу хатан үйл сэрэгдсэнийг мэдээд харшийн хойд гэрийн хаяан дотор нуугдав. Удсангүй Шан Шулин түшмэл Хуасинь таван зуун цэргийг авч хойд харшид ороод ордны эхнэрээс асууруун: “Фу хатан хаана буй?”. Эхнэрүүд цөм түлхэлцэн “мэдэхгүй!” хэмээжээ. Хуасинь хуягт цэргээр улаан үдийг нээлгэн эрэвч олсонгүй тул “Хаяан дотор буй” хэмээн санаж даруй цэргийн хүнээр хаяаг эвдэж эрүүлжээ. Хуасинь өөрөө гар хөдөлж эрэн олоод хатны үснээс атгаж, чирэн гаргасанд Фу хатан өгүүлрүүн: “Миний нэгэн амийг хэлтрүүлмүй”. Хуасинь зандарч өгүүлрүүн: “Чи өөрөө Вэйгүн лүгээ уулзаж гуйн хэлэгтүн!” хэмээгээд хатны үсийг сэгсийлгэн, хөл нүцгэнээр хоёр хуяг түлхэн гаргав. Угтаа Хуасинь ер утгачын нэртэй1 бөгөөд Бин Юань, Гуаньнин лугаа харилцан сайн нөхөрлөжээ. Тэр цагийн хүн гурвуулыг нэгэн луу хэмээж, Хуасинь болбоос луугийн толгой, Бин Юань болбоос луугийн гэдэс, Гуаньнин болбоос луугийн сүүл хэмээмүй. Нэгэн өдөр Гуаньнин, Хуасинь лугаа хүрээлэнд ногоо тарихаар арчуураар арчаад алт гарч ирсэнд Гуаньнин үзээд, арчуурыг хаяад харж үзсэнгүй, Хуасинь түүж аван үзсэн хойно цохижээ. Бас нэгэн өдөр Гуаньнин, Хуасинь лүгээ хамт сууж, бичиг уншихад үүдний гадна хашхиралцах дуу гарч нэгэн эрхэм хүн тэргэнд сууж өнгөрөн гарсанд Гуаньнин лахайн суугаад хөдлөсөнгүй. Хуасинь бичгээ гээж үзэхээр очив. Гуаньнин үүнээс Хуасинийг дорд үзэж даруй ширээг салган сууж дахин түүн лүгээ нөхөрлөхгүй болов. Хойно Гуаньнин Ляодунд зайлж суугаад үргэлж, цагаан малгай зүүж сууж хэвтэх нэгэн асарт агаад хөл газрыг гишгэхгүй, бие эцэслэтэл Вэй улсад түшмэд болсонгүй атал Хуасинь урьдаар Cүньцуанийг үйлдэж хойно Цаоцаог үйлчилсэн тул өнөөд хүрээд сая Фу хатанг баримтлах нэгэн хэрэг ажгуу.
Хожмын хүн Хуасингийн тул гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Хуасинь урьд өдөр харгис аргыг хэрэглэж
Хань улсыг эвдэж, хатанг нэгжин хураамжилсан бөлгөө
Харгисыг хавсарч нэгэн өглөө барсын жигүүр болсон тул
Хамаг хүмүүс хараан зүхэж “Луугийн толгой” хэмээн элэглэмүй” хэмээжээ.
Бас Гуаньнинг магтсан шүлгийн үг:
“Гуаньнингийн асар Ляодунд буй хэмээн уламжлан хэлэлцмүй
Гуа асар хоосрон үлдээд хүн нэгэнтээ оджээ.
Баян эрхэмд ховдог Зы Юй13 үнэхээр инээлтэй
Бяцхан асартаа жаргаж цагаан малгай өмссөнийг хүрэхгүй”
Тэндээс Хуасинь Фу хатанг түлхэн гадаад харшид хүрсэнд хаан үзээд харшаас бууж хатангаа тэврэн уйлахад Хуасинь өгүүлрүүн: “Вэй гүнгээс зарлиг буй, хурдан явагтун!” хэмээмүй. Хатан уйлж хаанд өгүүлрүүн: “Хамт олж амьдрахгүй болов”. Хаан өгүүлрүүн: “Миний амь бас ч ямар үесийг мэдэхгүй болой”. Цэргийн хүн хатанг түлхлэн гаргахад хаан өвчүүгээ дэлдэж ихэд уяраад үзвээс Силюй хажууд зогсжээ. Хаан өгүүлрүүн: “Си гүн дэлхий дахинд энэ мэт үйл бас буй юу?” хэмээгээд уйлж газарт унав. Силюй зүүн баруун этгээдийн ардыг дуудаж хааныг түшиж ордонд оруулав. Хуасинь хатанг аваачиж Цаоцао лугаа уулзуулсан хойно Цаоцао хараан өгүүлрүүн: “Би үнэн сэтгэлээр та нарыг хүндлэсэн атал та юунд гэдрэг намайг хөнөөсүгэй хэмээмүй? Би чамайг алахгүй болбоос чи эрхгүй намайг алмуй” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг зандарч цавчиргаар занчиж алаад даруй ордонд орж Фу хатангаас төрсөн хоёр хөвгүүнд цөм хор өгч алав. Тэр шөнө Фувань, Мушуньгийн хоёр гэрийн хоёр зуу илүү хүмүүсийг цөм зээлд аваачиж алахад төрийн түшээд болон хээрийн иргэдийн дунд эс цочиж гунихарсан нь үгүй. Тэр цаг амгалан байгуулагчийн арван есдүгээр оны өвлийн дунд сар бөлгөө. Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Цаоцаог манай харгис, эзэрхэг ертөнц дэлхийд үгүй
Фуваньгийн шударга журмыг яасугай хэмээмүй
Хөөрхий хаан хатан ангижран салах үед
Хөдөөгийн ардын эр эмд хүрэхгүй”
Хань улсын Сяньди хаан, Фу хатанг санаж өдөр залгаж, будаа идэхгүй болсонд Цаоцао дотогш ороод өгүүлрүүн: “Хаан битгий зовогтун! Сайд надад өөр сэтгэл үгүй. Миний охиныг хаанд өгч эрхэм татвар болгосон болой. Ихэд мэргэн элбэрэлтэй тул төв ордны их хатан болговоос зохимуй”. Сяньди хаан ямар аймшиггүй үгийг эс дагах аж. Амгалан байгуулагчийн хоёрдугаар оны цагаан сарын шинийн нэгний өдөр баярлахыг тухайлж Цаоцаогийн охин Цао овогт эрхэм татварыг их хатанд өргөмжилсөнд олон түшмэдийн дотроос хэн аймшиггүй үг гармуй.
13 Хуасиньгийн өргөсөн нэр
Тэр үест Цаоцаогийн сүр хүч өдрөөс өдөрт нэмэгдсэнд олон түшмэдийг цуглуулан ү улсыг хурааж Шу улсыг сөнөөх хэргийг зөвлөхөд, Зясюй өгүүлрүүн: “Ся Хоудүнь, Цаорэнь хоёулыг дуудан эгүүлж энэ үйлийг зөвлөвөөс зохимуй”. Цаоцао даруй элч зарж шөнө дөлөөр дуудан “Хүрч ир!” хэмээхэд Ся Хоудүнь ирсэнгүй. Цаорэнь урьдаар хүрч ирээд шөнө дөлөөр ордонд орж Цаоцаод золгосугай хэмээвээс Цаоцао архинд согтож хэвтсэн тул Сюйчу илд барьж хаалган дотор зогсжээ. Цаорэнь “Орсугай!” хэмээхүл Сюйчу хориглож зогсоов. Цаорэнь хилэн төрж өгүүлрүүн: “Би болбоос Цао овогтны төрөл угсаа бөгөөтөл чи ямар амшиггүй хоригломуй?”. Сюйчу өгүүлрүүн: “Жанжин хэдий төрсөн боловч гадаад халхавчийг сахих сайд. Би хэдий хол завсартай боловч өдгөө дотоод гучгаагийн албыг хүлээжээ. Эзэн гүн согтоод танхимд хэвтэж буй тул аймшиггүй тавин оруулж эс чадмуй” хэмээсэнд Цаорэнь орж чадсангүй. Цаоцао сонсоод шүүрс алдаж өгүүлрүүн:
868
“Сюйчу үнэхээр шударга сайд болой” хэмээжээ. Хэдэн өдөр болсонгүй Ся Хоудүнь хүрч ирээд хамт байлдах, дайлахыг зөвлөхөд Ся Хоудүнь өгүүлрүүн: “Ү, Шу улсыг яаран байлдаж болохгүй! Урьдаар Ханьжунгийн Жанлүг эзлээд дийлсэн цэргээр Шу улсыг байлдваас нэгэн хэнгэрэг дэлдсэнд авч болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Чухам миний санаад нийлэв” хэмээн даруй баруунш байлдахаар одов. Энэ чухамхүү:
“Сая догшин бодлогоор үхээнц төрийн эзнийг дарлаад
Бас шилсэн цэргийг довтолгон зэргэлдээ улсыг шүүрдмүй”
Эгнэгт хойдох хэрэг ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )