"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 67 ДУГААР БҮЛЭГ
ЦАОЦАО ХАНЬЖУНГИЙН ГАЗРЫГ ТӨВШИТГӨСӨН ЖАНЛЯО СЯО ЯОГИЙН ОЛМЫГ СҮРДҮҮЛСЭН
Өгүүлэх нь: Цаоцао цэрэг байгуулан баруунш байлдахаар очиход цэргийг гурван анги хувааж, Cяхоу Юань, Жанхөг гавшгай болгож, Цаоцао өөрийн биеэр олон жанжин нарыг авч дунд яваад, Cя Хоудүнь, Цаорэнь нарт амуу өвсийг захируулан хойно анги болгож мордов. Хэдийн тагнуулч Ханьжунгийн Жанлүд хэлэхээр ирсэн хойно Жанлү, дүү Жанвэй лүгээ дайсныг эгүүлэх аргыг зөвлөхөд, Жанвэй өгүүлрүүн: “Ханьжунгийн газрын бат нь Ян Пингуаньд хүрэх нь үгүй тул боомтын зүүн баруун этгээдийн уул шугуйг түшиж арваад хүрээ байгуулан Цаоцаогийн цэргийг угтан байлдаж болно. Ах Ханьжунд сууж амуу өвсийг үлэмж зөөлгөн явуул!” хэмээсэнд Жанлү үгийг дагаж даруй их жанжин Ян Ан, Янрэнь нарыг зарж түүний дүүгийн хамт мөн өдөртөө цэрэг авч мордуулав. Цэрэг морь Ян Пингуань боомтод хүрээд хүрээ буусан хойно Cяхоу Юань, Жанхө нарын өмнөд цэрэг хүрч ирээд Ян Пингуань боомтод бэлтгэснийг сонсож боомтоос арван газрын эцэст хүрээ буужээ. Цэрэг зүдсэн тул тэр шөнө цөм унтсанд, гэнэт хүрээний хойдоос гал мандан Ян Ан, Янрэнь хоёр замын цэрэг хүрээг дарахаар ирэв. Cяхоу Юань, Жанхө хоёр яаран морь унатал дөрвөн зүгээс их цэрэг хааж ирсэнд, Цаоцаогийн цэрэг ихэд дарагдаад эгж Цаоцаод золговоос Цаоцао ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Та хоёр хичнээн он цэрэгт яваад цэрэг хэрвээ хол явж цөхсөн болбоос дайсны хүрээг дарахаар ирэхийг сэргийлэх хэрэгтэй атал юунд бэлтгэсэнгүй болой?” хэмээгээд хоёулыг “Цэргийн цаазаар алсугай!” хэмээхэд олон түшмэд гуйж хэлтрүүлэв.
Жич өдөр Цаоцао өөрийн бие цэрэг авч өмнө болж яваад үзвэл уулын байдал маш бэрх бөгөөд шугуй сахлагт зам үзэгдэхгүй тул “Цэрэг бүгсэн болов уу?” хэмээн болгоомжилж хойш хүрээнд эгээд Сюйчу, Сюйхуан хоёр жанжинд өгүүлрүүн: “Би хэрвээ энэ газрын ийм бэрхийг мэдсэн болбоос яавч цэрэг авч ирэхгүй билээ”. Сюйчу өгүүлрүүн: “Цэрэг нэгэнтээ энд хүрч ирсэн тул эзэн гүн зүдэхээс эмээх үл болмуй”. Жич өдөр Цаоцао морь унаж гагц Сюйчу, Сюйхуан хоёулыг дагуулан Жанвэйгийн хүрээг үзэхээр очоод гурвуул сая уулын хөтлийг өнгөрөн гарахад хэдийн Жанвэйгийн хүрээ харагджээ. Цаоцао ташуураар холоос зааж хоёр жанжны зүг өгүүлрүүн: “Энэ мэт бат бэхийг яаран авахад бэрх” хэмээн хэлж дуусахын урьд, хойноос гэнэт хашхирах дуу гараад, зэв бороо орох мэт харваж, Ян Ан, Янрэньгийн хоёр замын цэрэг хуваагдан байлдахаар ирсэнд Цаоцао ихэд цочив. Сюйчу их дуугаар өгүүлрүүн: “Би хулгайн цэргийг тулсугай! Сюй Гунмин14 чи сайтар эзэн гүнийг хамгаал!” хэмээн өгүүлээд, морио давхиулан чинээгээр хоёр жанжныг эсэргүүцсэнд Ян Ан, Янрэнь, Сюйчугийн баатрыг тулан чадахгүй морийг эгүүлэн буруулав. Түүнээс өөр нь аймшиггүй эс урагшилмуй. Сюйхуан, Цаоцаог хамгаалж уулын хөтлийг гарсан хойно, өмнөөс нэгэн салааны цэрэг хүрч ирэв. Үзвээс Cяхоу Юань, Жанхө хоёр жанжин хашхирах дууг сонсоод тийнхүү цэрэг авч угтан ирээд Ян Ан, Янрэньгийн цэргийг дарж Цаоцаог тэнхрүүлэн хүрээндээ эгсэн хойно Цаоцао дөрвөн жанжныг хүндэд шагнав. Түүнээс хойш хоёр этгээдийн цэрэг харилцан сахиад тавин өдөр болтол байлдсангүй. Цаоцао “Цэрэг эгмүй!” хэмээн цааз тархаасанд Зясюй өгүүлрүүн: “Хулгайн хүч хүчирхэг баатрыг мэдээгүй атал эзэн гүн юунд эгсүгэй хэмээмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Бодоход хулгайн цэрэг өдөр бүр бэлтгэж буй тул даруйд эвдлэхэд бэрх! Бид хуурч цэрэг эгмүй хэмээн нэр гаргаваас хулгай эрхгүй сул болж, бэлтгэхгүй болмуй. Тэр цагт гавшгайлан орж хойдохыг сундласанд эрхгүй хулгайг дийлмүй”. Зясюй өгүүлрүүн: “Чансангийн хувилгаан бодлогыг ухаж олохгүй” хэмээв. Цаоцао, Cяхоу Юань, Жанхөд гурван мянган гавшгай цэрэг өгч: “Ян Пингуань боомтын хойд бага замаар одож байлд!” хэмээн илгээгээд өөрөө их цэргийг дуусган авч эгэв. Ян Ан, Цаоцаогийн цэрэг эгснийг сонсоод Янрэнь лүгээ зөвдөж: “Мөн хүчинд нэхэж байлдсугай!” хэмээхэд Янрэнь өгүүлрүүн: “Цаоцао зусар арга ихэд олон тул үнэн ташааг мэдэхгүйгээр нэхэж үл болмуй”. Ян Ан өгүүлрүүн: “Чи одохгүй болбоос би ганцаар одсугай!” хэмээсний хойно Янрэнь гашуудан хоригловч үг авсангүй. Ян Ан таван хүрээний цэргийг цөм дагуулан нэхэхээр одож бага тооны цэргийг үлдээж хүрээг сахиулав. Тэр өдөр их манан бууж харилцан үзэхгүй тул Ян Ангийн цэрэг замын дунд хүрээд явж болохгүй түр хүрээ буув.
14 Сюйхуангийн өргөсөн нэр
Тэндээс Cяхоу Юаньгийн нэгэн салааны цэрэг уулыг тойрон хойдод хүрэхэд их манан татаж хүн үзэгдэхгүй. Гагц хүн хэлэлцэж морь янцгаах дуу сонсогдмуй. “Бүгсэн цэрэг буй болов уу?” хэмээн яаран цэргийг дэвшүүлэн одож их манангийн дотор ташаараад Ян Ангийн хүрээний өмнө хүрчээ. Хүрээ сахисан цэрэг морины туурайн чимээг сонсон “Ян Ангийн цэргийг эгэж ирэв” хэмээн эндүүрээд хүрээний хаалгыг нээж өгсөнд Цаоцаогийн цэрэг цутаар орж үзвээс харин хоосон хүрээ тул даруйд гал тавьсанд таван хүрээний цэрэг гэлмэж цөм хүрээг гээж буруулав. Манан шүүсний хойно Янрэнь цэрэг авч тэнхрүүлэхээр ирээд Cяхоу Юань лугаа байлдаж хэдэн удаа болсонгүй арын хойноос Жанхөгийн цэрэг хүрч иржээ. Янрэнь байлдаж нэгэн зам гаргаад Наньзюнь хошууны зүг буруулав. Ян Ан “Хойш эгсүгэй!” хэмээтэл Cяхоу Юань, Жанхө хоёул хүрээг эзлэжээ. Бас хойноос Цаоцаогийн цэрэг нэхэж ирээд хоёр этгээдээс хавчин байлдсанд дөрвөн зүгт гарах замгүй болж, Ян Ан жагсаалыг дайрахад төв хэмээн Жанхө лүгээ учраад байлдсаар Жанхөд алагдав. Буруулсан цэрэг Ян Пингуань боомтод одож Жанвэйд хэлэхээр ирвээс харин Жанвэй “Хоёр жанжин дарагдаж яваад олон хүрээг цөм алдав” хэмээн сонсоод шөнө дөл боомтыг гээж эгсэн ажгуу. Үүнд Цаоцао даруй Ян Пингуань боомт жич олон хүрээг олсон бөлгөө. Жанвэй, Янрэнь хоёр эгж Жанлү лугаа золгож Жанвэй хоёр жанжин хавцал амыг алдсанаар боомтыг сахин чадахгүй болсныг хэлсэн хойно Жанлү ихэд хилэгнэж: “Янрэнийг алсугай!” хэмээхэд, Янрэнь өгүүлрүүн: “Би Ян Анийг “Цаоцаогийн цэргийг битгий нэхэгтүн!” хэмээн хоригловч тэр миний үгийг авахгүй тийнхүү дарагдав. Би дахин нэгэн салааны цэрэг гуйж байлдахаар одож эрхгүй Цаоцаог алсугай! Хэрэв дийлэхгүй болбоос цэргийн цаазаар аваачигтун!”. Жанлү цэргийн цаазын бичиг хийж хоёр түмэн цэрэг өгсөнд Янрэнь, Наньзюнь хошуунаас салаад хүрээ буув.
Тэндээс Цаоцао цэрэг авч урагшлахдаа урьд Cяхоу Юаньд таван мянган цэрэг өгч Наньзюнь хошууны замыг үзэхээр илгээсэнд төвхийтэл Янрэньгийн цэрэг лүгээ учраад хоёр этгээдийн цэрэг эсэргүүлэн жагсахад Янрэнь доорхи жанжин Чанциг гаргаж Cяхоу Юань лугаа байлдуулжээ. Гурван удаа болсонгүй Cяхоу Юань Чанциг цавчиж мориноос унагаав. Янрэнь жад барьж угтан байлдаад гучин удаа болтол аль аль нь дийлэх, дийлэгдэхгүй тул Cяхоу Юань зоримог буруулав. Янрэнь нэхэж ирэхэд Cяхоу Юань илд чирэх аргыг хэрэглэж бие урван цавчиж унагаасанд цэрэг ихэд дарагдан эгэв. Цаоцао, Cяхоу Юань Янрэнийг алсан болохыг сонсоод даруй цэрэг дэвшин Наньзюньд ирж хүрээ буув. Жанлү яаран бичиг цэргийн түшмэдийг цуглуулж зөвлөхөд Яньпу өгүүлрүүн: “Би нэгэн хүнийг гаргасугай! Цаоцаогийн доорхи жанжин нар лугаа тулбаас болмуй”. Жанлү асууруун: “Яасан хүн?”. Яньпу өгүүлрүүн: “Нань Аньгийн хүн Пандө болой. Урьд Мачаог дагаж эзэн гүнд дагахаар ирсэн бөлгөө. Хойно Мачао Сычуанийг авахаар одоход Пандө өвдөөд одсонгүй. Өдгөө эзэн гүн өршөөн тэжээж буй тул юунд энэ хүнийг илгээхгүй буй?”. Жанлу ихэд баярлан даруй Пандөг дуудаж, зузаан шагнасан хойно нэгэн түмэн цэрэг өгч илгээв. Пандө гараад хотоос арван газрын эцэст гарч Цаоцаогийн цэрэг лүгээ эсэргүүлэн жагсааж, Пандө байлдахаар гарчээ. Цаоцао Вэйцяогийн газарт Пандөгийн баатрыг гүн мэдэх тул олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Пандө болбоос Силянгийн баатар жанжин болой. Угтаа Мачаогийн харъяат бөлгөө. Өдгөө хэдий Жанлүг түшсэн боловч сэтгэл дагаагүй, би энэ хүнийг “Олсугай!” хэмээх тул танай олон жанжин ээлжлэн байлдаж түүний хүч цөхсөн хойно барьсугай!”. Жанхө урагш гарч хэдэн удаа байлдаад эгсэнд Cяхоу Юань бас хэдэн удаа байлдаад эгэв. Сюйхуан бас гурав таван удаа байлдаад эгжээ. Эцэст Сюйчу гарч тавин удаа илүү байлдаад бас эгэв. Пандө дөрвөн жанжин лугаа хүчлэн байлдавч огт айх байдалгүй. Олон жанжин Цаоцаогийн өмнө Пандөгийн эрдмийг магтаж хэлэх тул Цаоцао дотроо ихэд баярлаад олны зүг зөвлөж хэлрүүн: “Энэ хүнийг яахин олж дагуулсугай?”. Зясюй өгүүлрүүн: “Би сонсвоос Жанлүгийн дор нэгэн зөвлөлийн сайд Янсүн хэмээгч аж. Тэр эдэд ихэд ховдог хэмээмүй. Өдгөө бид сэмээр алт, торго хүргүүлж түүгээр Пандөг Жанлүд ховлон хэлүүлбээс олж болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Хэрхиж Наньзюньд хүн оруулах буй?”. Зясюй өгүүлрүүн: “Маргааш өдөр байлдахад хууран хүрээг гээж яваад, Пандөгөөр манай хүрээг эзлүүлсүгэй. Шөнө дөл цэрэг авч хүрээг дарваас Пандө эрхгүй хотод буруулан ормуй. Үгэнд сайн нэг цэргийг дайсны цэргийн янзаар хувьсган хувцаслаад жагсаалд хутгалдан хотод олж ормуй”. Цаоцао тэр аргыг сонсоод нэгэн цэргийн хүнийг дуудаж өгүүлрүүн: “Чи энэ үйлийг бүтээвээс хүндэд шагнасугай!” хэмээгээд нэгэн зах алтан хуяг өгч дотуур өмсгөн гадуур нь Ханьжунгийн цэргийн тэмдэгт дээл өмсгөж урьд замын дунд хүлээлгэв. Жич өдөр Cяхоу Юань, Жанхө хоёр салааны цэрэг салган өгч хол илгээн бүгүүлээд Сюйхуангаар өдөөн байлдуулж хэдэн удаа болсонгүй буруулан явав. Пандө цэргийг дохиж даран алахад Цаоцаогийн цэрэг цөм эгжээ. Пандө Цаоцаогийн хүрээг булаан аваад хүрээний дотор амуу өвс маш олныг үзэж ихэд баярлаад даруй хүн зарж Жанлүд хэлэхээр илгээсэнд Жанлү хүрээнд хурим бэлтгэж баярлав. Тэр шөнийн хоёрдугаар жингийн хойно гэнэт гурван этгээдээс гал мандаж төв дунд Сюйхуан, Сюйчу, зүүн этгээдэд Жанхө, баруун этгээдэд Cяхоу Юань, гурван замын цэрэг морь хамт хүрээг дарахаар ирэхэд Пандө бэлтгэж завдсангүй морио унаад дайран байлдаж хотын зүг буруулан одов. Хойно гурван замын цэрэг нэхэж ирсэнд Пандө: “Даруй хотын хаалгыг нээ!” хэмээн дуудаад цэргийг дагуулан хотод оров.
Тэр тухай зарсан хүн нэгэнтээ хотод ороод шууд Янсүнгийн ордноо хүрч золгоод: “Вэйгүн Цао Чансан хэдийнээс эрхмийн эрдмийг сонсож тусгайлан намайг зарж алтан хуяг хүргүүлэн бат болгож нэн бас далддах бичиг өгүүллээ” хэмээн хэлээд бичгийг өргөсөнд Янсүн баярлаж далдлах бичгийн учрыг үзээд зарсан хүнд өгүүлрүүн: “Чи хойш Вэйгүнд мэдүүлж “Сэтгэлээ тавиу болгогтун!” хэмээгтүн. Надад эрхгүй хариу барих сайн арга буй!” хэмээн ирсэн хүнийг буцааж эгүүлээд шөнө дөлөөр Жанлүд золгож өгүүлрүүн: “Пандө Цаоцаогийн хахуулийг олоод зориуд буруулжээ” гэсэнд Жанлү ихэд хилэн төрж Пандөг дуудан авчирч хараан донгодож “Алсугай!” хэмээхүйеэ Яньпу гашуудан хориглож зогсоов. Жанлү өгүүлрүүн: “Маргааш өдөр гарч байлдаад дийлэхгүй болбоос чамайг эрхгүй алмуй!” хэмээнд Пандө хорсож эгэв. Жич өдөр Цаоцаогийн цэрэг хотыг байлдахаар ирсэн тул Пандө цэрэг авч дайран гарчээ. Цаоцао Сюйчуг байлдахаар гаргаж Сюйчу зоримог буруулсан хойно Пандө нэхэж ирэв. Цаоцао морь унаж уулын хөтөл дээр зогсоод дуудаж өгүүлрүүн: “Пан Линмин15 юунд хурдан дагахгүй аж?” хэмээхэд Пандө өгүүлрүүн: “Цаоцаог барьж авбаас нэгэн мянган сайн жанжныг барьсанаас илүү!” хэмээн нисэх мэт уулын хөтөлд авиран одоход нэгэнтээ хашхирах дуу гармагц тэнгэр газар юүрсэн мэт хүн морьтойгоо гууд унав. Дөрвөн этгээдээс цугаар дэгээлж Пандөг амьдаар бариад өтөл дээр авчирсан хойно Цаоцао мориноос буун цэргийн ардыг зандарч эгүүлээд өөрийн биеэр хүлсэн дээсийг тайлж Пандөгөөс асууруун: “Дагамуй уу? Үгүй үү?” хэмээхэд Пандө Жанлүгийн өршөөлгүйг санаж дуртайяа мөргөн дагав. Цаоцао Пандөг морин дээр өргөж унуулаад хамт их хүрээнд эгэхэд санаатайгаар хотын дэргэдэх хүнээр харуулсан тул тэр хүн Жанлүд хандан “Пандө Цаоцао лугаа морь зэрэгцэн явмуй” хэмээн хэлсэн хойно Жанлү Янсүнгийн үгийг нэн үнэн хэмээн итгэв.
15 Пандөгийн өргөсөн нэр
Жич өдөр Цаоцаогийн цэрэг хотын гурван талаас үүлэн шат босгоод буу нисгэж, байлдах тул Жанлү хүч мохсоноо мэдээд дүү Жанвэйгийн зүг зөвлөхөд Жанвэй өгүүлрүүн: “Сан хөмрөг, гэр хороог дуусган гал тавиад, аньшаньгийн зүг буруулан одож, Бажун газрыг сахин суухаар одсугай!” хэмээсэнд Янсүн өгүүлрүүн: “Хаалга нээж дагахад үл хүрмүй”. Жанлү татгалзан бүхийд Жанвэй өгүүлрүүн: “Хурдан гал тавиад явсугай!”. Жанлү өгүүлрүүн: “Би угаас хаанд дагасугай хэмээвээс санаа хүрсэнгүй бөлгөө. Эдүгэ аргагүйдээ зайлан явахын учир сан хөмрөг болбоос улс гэрийн юм тул гээж үл болмуй” хэмээгээд, цөмийг оньслон битүүмжлээд, тэр шөнийн дэд жинд Жанлү гэрийн хөгшин залууг аваад алан гарч явсанд Цаоцао нэхүүлсэнгүй. Даруй Наньзюньд ороод Жанлүгийн сан хөмрөгийг битүүмжилж одсоныг үзээд дотроо ихэд хөөрхийлж “Даруй дагагтун!” хэмээн Бажунд хүн зарсанд Жанлү дагах санаатай ч Жанвэй болохгүй хэмээх тул Янсүн далдлах бичгийг Цаоцаод илгээн “Цэрэг авч ирвээс сүн би дотуур тусалсугай!” хэмээв. Цаоцао бичгийг үзээд биеэр цэрэг авч Бажунд ирсэн тул Жанлү дүү Жанвэйд цэрэг өгч байлдуулахаар гаргасанд Жанвэй Сюйчу лугаа байлдаж алагджээ. Буруулсан цэрэг Жанлүд хэлэхээр ирсэн хойно Жанлү “Бэхлэн сахьсугай!” хэмээхэд Янсүн өгүүлрүүн: “Өдгөө хэрэв гарч байлдахгүй болбоос суусаар үхэхийг хүлээмүй. Би хотыг сахьсугай! Эзэн гүн гарч нэгэн зэрэг үхэн байлдваас зохимуй” гэхэд Жанлү үгийг дагав. Яньпу, Жанлүг “Битгий гарагтун!” хэмээн хоригловоос Жанлү сонсохгүй даруй цэрэг аван гараад байлдахын урьд хойдох цэрэг цөм дутаасанд Жанлү яаран эгтэл Цаоцаогийн цэрэг хойноос нэхэж ирэв. Жанлү хотын дор хүрвээс Янсүн хаалгыг хааж оруулахгүй тул Жанлү одох замгүй болсонд Цаоцао хойноос завдаж ирээд их дуугаар: “Яахин бас хурдан дагахгүй буй?” хэмээн дуудахад Жанлү мориноос бууж дагав. Цаоцао ихэд баярлан Жанлүгийн сан хөмрөгийг битүүмжилснийг санаж, онцгой сайнаар хүндлээд Жанлүг өмнөдийг түвшитгэх жанжин болгоод Яньпу нарыг цөм Хоу өргөмжлөв. Түүнээс Ханьжунгийн газар төвшин болсонд Цаоцао цааз зарлан хот бүрт Тайшоу түшмэл хийгээд Дү Юй түшмэл тавьж цэргийг ихэд шагнасан хойно ганц Янсүнг “Эзнээ худалдаж эрхмийг эрэв!” хэмээн зээлд аваачиж алаад, олонд үзүүлэв.
Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Эрдэмтнийг хорлож эзнийг худалдсанаа гайхамшиг гавьяа болгож
Эд хөрөнгийг олон цуглуулаад ер хоосон болжээ
Өрх гэр гэрэлтээгүйгээр амь бие нь буснив хэмээн
Этгээд гавьяатан Яньсүнийг мянган онд элэглэмүй”
Тэндээс Цаоцао нэгэнтээ Дунчуаньгийн газрыг олсонд, Жубу түшмэл Сыма И орж өгүүлрүүн: “Любэй хойгуур аргыг хэрэглэн Люжаныг барьсан тулд Шу улсын хүний сэтгэл дагаагүй бөлгөө. Өдгөө эзэн гүн нэгэнтээ Ханьжуныг авсан тул Ижоу догдолзов. Хурдан цэрэг орж байлдваас ваарыг хагалах адил хялбар болой. Мэдэгчид нь цаг тохиолдоход эрхэм хэмээх тул цагийг үл болмуй!” хэмээжээ. Цаоцао шүүрс алдаж өгүүлрүүн: “Хүн зововч ханалыг мэдэхгүй. Нэгэнтээ лун газрыг олоод бас Шуг эрмэлзмүй үү?”. Лю Е өгүүлрүүн: “Сыма Жүндагийн үг мөн болой. Хэрвээ баахан алгуурлаваас Жугө Лян улсыг гэгээнээр засаж тэргүүлэгч сайд болоод Гуань, Жан нарын баатраар олон цэрэгт жанжин болгож, Шугийн иргэнийг нэгэнтээ тогтоож хавцал амыг сахих болбоос халдаж болохгүй болно”. Цаоцао өгүүлрүүн: “Цэргийн ард хол явж зүдэн зовжээ. Түр амруулах хэрэгтэй” хэмээн өгүүлээд цэрэг хөдлөсөнгүй бөлгөө.
Тэндээс Сичуаньгийн иргэн Цаоцаогийн Дүнчуанийг нэгэнтээ авсныг сонсоод “Лав Сичуанийг авахаар ирмүй” хэмээн санаж нэгэн өдрийн хооронд хэд хэдэн зэрэг бургилдмуй. Сюаньдө цэргийн багшийг залж зөвлөхөд Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян надад нэгэн арга буй. Цаоцао өөрөө эгмүй”. Сюаньдө асууруун: “Ямар арга буй?” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Цаоцао цэрэг хувааж, Хөфэйд буусан нь Сүньцуаньгаас айсан хэрэг болой. Өдгөө бид хэрвээ “Зянся, Чанша, Гүй Янгийн гурван хошууг Ү улсад эгүүлсүгэй!” хэмээн нэгэн үгэнд уран хүнийг зарж ашиг зовлонг гаргаж хэлэгтүн! Ү улсаар цэрэг байгуулж Хөфэйг сундлуулан түүний хүчийг хувааваас Цаоцао эрхгүй цэрэг авч өмнө зүг хандмуй” хэмээн Кунмин өгүүлэхэд Сюаньдө асууруун: “Хэнийг элч болгон зарваас болмуй?”. Изи гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсэж байна!”. Сюаньдө ихэд баярлан даруй бичиг хийлгэн ёсны эдийг бэлтгэн Изиг “Урьд Зинжоу мужид хүрч Юньчанд хэлсэн хойно Ү улсад орогтун!” хэмээн илгээв. Түүнээс Изи молинд хүрээд Сүньцуань лугаа золгохд, урьд нэр овгоо нэвтрүүлсэн хойно Сүньцуань Изиг дуудаж оруулав. Изи Сүньцуаньтай уулзаад ёсолж дууссан хойно Сүньцуань асууруун: “Чи ямар хэргийн төлөө энд ирэв?”. Изи өгүүлрүүн: “Урьд Жугө Зинь, Чанша зэргийн гурван хошууг авахаар очсонд цэргийн багш улсад байсангүй тул салган өгч чадсангүй. Өдгөө бичиг уламжлан хүргэхээр иржээ. Жич “Зинжоу, Наньзюнь, Линлинийг мөн хамт эгүүлсүгэй” хэмээхүл гагц Цаоцао, Дүнчуанийг авснаар Гуань жанжны бие орших газаргүй. Өнөө Хөфэй хоосон буй тул эрхэм та цэрэг байгуулан дайлахаар одож Цаоцаог цэргээ татаж өмнө хандуулбаас миний эзэн Дүнчуанийг олсон хойно Зинжоу мужийн газрыг бүрнээр эгүүлсүгэй” хэмээмүй. Сүньцуань өгүүлрүүн: “Чи түр буух яаманд эгэгтүн! Би алгуураар зөвлөсүгэй!”. Изи гарч ирсэн хойно Сүньцуань олон зөвлөлийн сайдаас арга асуухад Жанжао өгүүлрүүн: “Энэ Любэй, Цаоцаогийн Сичуанийг авахаас эмээн тийнхүү энэ аргыг үүсгэжээ. Хэдий тийм хэмээвч өдгөө Цаоцао Ханьжунд буй тул мөн тухайд Хөфэйг авах нь бас ч дээд арга болой” гэсэнд Сүньцуань үгийг дагаж Изиг буцааж эгүүлсэн хойно “Даруй цэрэг байгуулж Цаоцаог байлдсугай!” хэмээн зөвлөөд Лүсүгээр Чанша, Зянся, Гүй Янгийн гурван хошууг хураан авахаар илгээж, “Лукоугийн аманд цэрэг буугтун!” хэмээв. Люймөн, Ганьнинийг эгүүлэн ирж бас Юйхан газраас Линтунг авахаар илгээв.
Түүнээс удалгүй Люймөн, Ганьнин хоёр урьд хүрч ирээд Люймөн арга өргөж өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао, Лузянгийн тайшоу түшмэл, Жугуаныг Ваньчэнд цэрэг буудаллуулж тутрагын тариаг ихэд тариулан амууг Хөфэйд хураагаад цэргийн хэрэгсэл болгов. Өнөө урьд Ваньчэнийг авч хойно Хөфэй хотыг дайлсугай!” хэмээхэд Сүньцуань өгүүлрүүн: “Энэ арга миний санаанд нийлэв” хэмээгээд Люймөн, Ганьнинийг гавшгай болгож, Зянцинь, Фаньжаныг хойно болгон, Сүньцуань өөрийн бие Жоутай, Чэнь Ү, Дунси, Сюйшэн нарыг дагуулан дунд болов. Тэр цагт Чэнпү, Хуангай, Ханьдан нар газар газрыг сахихаар очсон тул, цөм дагаж гарсангүй бөлгөө.
Тэндээс Сүньцуаньгийн цэрэг мөрнийг гэтлэн Хөжоу мужийг аваад, шууд Ваньчэн хотыг зүглэн одов. Ваньчэнгийн тайшоу түшмэл Жугуан хүн зарж Хөфэйгээс туслах цэрэг гуйхаар илгээгээд нэгэнтээгүүр хотыг батлан сахиж гарахгүй болов. Сүньцуань өөрийн бие хотын доор одож үзэхэд, хэрмийн дээрээс бороо орох мэт зэв харваад Сүньцуангийн тугийн оройг оножээ. Сүньцуань даруй хүрээнд эгж олон жанжнаас асууруун: “Ваньчэнийг яахин авмуй?”. Дунси өгүүлрүүн: “Цэргээр шороон дов овоолж байлдваас зохимуй”. Сюйшөн өгүүлрүүн: “Үүлэн шат босгож солонгон гүүр үйлдэж дорогш хотыг харван байлдсугай!”. Люймөн хажуугаас: “Энэ арга цөм өдөр сарыг сүйтгэмүй. Хөфэйгээс туслах цэрэг хүрч ирвээс болохгүй болмуй. Бидний цэрэг сая хүрч ирсэн тул цэргийн амьсгал төв хурц буй учир мөн эрч хүчинд шаламгайлан байлдваас зохимуй, маргааш гэгээрмэгц цэрэг давшин орвоос морь болон хонин цагт даруй хотыг эвдмүй”. Сүньцуань үгийг дагаж дараа өдрийн тавдугаар жинд будаалж дуусаад олон цэрэг цугаар давшин байлдахад хэрмийн дээрээс зэв чулуу дэмий л хүрч ирмүй. Ганьнин гартаа төмөр гинж барьж, зэв чулуунд шурган дээш авирахад Жугуан холхивч нумаар сацлан харвуулбаас Ганьнин зэвийг зайлуулан гинжээр Жугуаныг цохиж унагав. Люймөн өөрийн бие хэнгэрэг дэлдсэнээр олон цэрэг хамтаар авиран гараад Жугуаныг цавчин алсанд үлдсэн олон цөм дагав. Ваньчэнийг автал сая луу цаг болсон ажгуу.
Жанляо цэрэг авч явсаар замын хагаст хүртэл харуулын хүн ирж “Ваньчэнийг нэгэнтээ алдав” хэмээн мэдүүлсэнд Жанляогийн цэрэг Хөфэйд эгэв. Сүньцуань Ваньчэн хотод ортол Линтун бас хүрч ирсэнд Сүньцуань зүдсэнийг тохинуулан хэлсэн хойно, олон цэрэг лүгээ хуримлаж Люймөн, Ганьнин тэргүүлэн олон жанжныг хүндэд шагнаж, хурим бэлтгэж, гавьяаг баярлахад Люймөн найр тавьж Ганьнинийг дээрээ суулгаад “Түүний гавьяа их!” хэмээн магтжээ. Уулцаж халмагшсан хойно Линтун, Ганьнин эцгийг нь алсан өшөөг санаж бас Люймөнгийн магтахыг үзээд дотроо ихэд уурлан нүд бүлтийн үзэж нилээд удсан хойно гэнэт жигүүрийн хүний зүүсэн илдийг аваад ширээний өмнө зогсож өгүүлрүүн: “Хуримд өөр цэнгэлгүй тул миний илд бүжиглэхийг үзэгтүн!”. Ганьнин түүний санааг мэдээд ширээг зайлуулан босож хоёр гараар хоёр сэрээт жадыг авч сугандаа хавчин алхан гарч өгүүлрүүн: “Миний хуримын өмнө жад хэрэглэ хийг үз!” хэмээсэн хойно Люймөн хоёулын санаа цөм сайн бусыг мэдээд нэгэн гараар халх барин, нөгөө гартаа илд бариад тэдгээрийн хооронд зогсож өгүүлрүүн: “Хоёр гүн хэдий чадвартай боловч цөм миний мэт урангүй” хэмээгээд илд, халхыг барьж бүжиглээд хоёулыг хоёр тийш салгажээ. Хэдийн үүнийг Сүньцуаньд мэдүүлсэнд Сүньцуань яаран морь унаж шууд хуримын ширээний өмнө хүрч ирэв. Олон бүгдээр Сүньцуаньгийн ирснийг үзээд сая тус бүрийн зэвсгийг тавив. Сүньцуань өгүүлрүүн: “Би үргэлж танай хоёулыг “Хуучин өсийг битгий санагтун!” хэмээн өгүүлсэн болой. Энэ өдөр бас юунд ийм болов?” хэмээсэнд Линтун газар сөгдөөд уйлсанд Сүньцуань дахин давтан хориглон зогсоов. Жич өдөр цэрэг хөдлөн Хөфэйг авахаар мордов.
Жанляо Ваньчэнийг алдсанд Хөфэйдээ эгж дотроо уйдан бүхийд гэнэт Цаоцао сюэтиг зарж нэгэн модон хайрцаг хүргэж ирэв. Дээр Цаоцаогийн битүүмж буй “Хажууд хулгай ирвээс сая нээж үз!” хэмээжээ. Тэр өдөр “Сүньцуань биеэр арван түмэн цэрэг авч Хөфэйг байлдахаар ирэв” хэмээн сонсоод хайрцгийг нээж үзвээс дотор бичсэн нь: “Хэрэв Сүньцуань ирвэл Жан, Ли хоёр жанжин гарч байлд! Юэ жанжин хотыг сахь!” хэмээн бичжээ. Жанляо тэр хуудсыг Лидянь, Юэзиньд үзүүлсэн хойно Юэзинь өгүүлрүүн: “Жанжны санаанд ямар аж?”. Жанляо өгүүлрүүн: “Эзэн гүн хол байлдахаар очоод гадна оронд буй тул Ү улсын цэрэг биднийг лав эвдлэмүй хэмээн ирэх болой. Өдгөө бид гарч угтан байлдаад түүний хурц сүрийг бууруулан олны сэтгэлийг амуулсан хойно сая сахиж болмуй”. Лидянь угаас Жанляо лугаа нийцгүй тул Жанляогийн энэ үгийг сонсоод огт үг өчихгүй. Юэзинь, Лидяньгийн үг дуугүйг үзээд өгүүлрүүн: “Та цөм гуяч сэтгэлтэй, албаны хэргийг хайхрахгүй, би ганцаар гарч нэг зэрэг үхэн байлдсугай!” хэмээгээд даруй зүүн баруун этгээдийн хүнийг “Морь эмээллэ!” хэмээхэд Лидянь босож өгүүлрүүн: “Жанжин энэ мэт тул Лидянь би юун аймшиггүй гуяч бодлоор албан хэргийг умартаж болмуй? Жанжны зааж зарахыг хүсмүү!”. Жанляо ихэд баярлаж өгүүлрүүн: “Маньчэн16 нэгэнтээ надад тусалбаас маргааш нэгэн салааны цэрэг авч Сяо Яогийн олмын хойдод бүгж, Ү улсын цэрэг өнгөрсөн хойно чи даруй урьд Сяо Шыцяо гүүрийг эвдлэгтүн! Би Вэньцянь17 лугаа хамт байлдсутай!” хэмээжээ. Лидянь захиаг хүлээн цэрэг авч бүтэхээр одов.
16 Лидяньгийн өргөсөн нэр
17 Юэзиньгийн өргөсөн нэр
Тэндээс Сүньцуань Люймөн, Ганьнинг өмнөд анги болгож өөрөө Линтун лугаа дунд болж өөр олон жанжин нар дараа дараагаар урагш давшсаар Хөфэйгийн зүг ирэв. Люймөн, Ганьнингийн өмнөх цэрэг урагш давшин атал төвхийтэл Юэзинь лүгээ учраад Ганьнин гарч Юэзиньтэй байлдаж хэдэн удаа болсонгүй Юэзинь хуурмагаар буруулав. Ганьнин Люймөнийг дуудаж цугаар цэрэг авч нэхэв. Сүньцуань өмнөд цэрэг дийлснийг сонсоод цэргийг урагш шавдуулсаар Сяо Яогийн олмын хойдод хүрмэгц гэнэт буун дуу гарч зүүн этгээдээс Жанляо, баруун этгээдээс Лидянь цугаар байлдахаар гарч иржээ. Сүньцуань гэлмэж яаран хүн зараад Люймөн, Ганьнин нарыг дуудан эгүүлж өмгөөлүүлтэл Жанляогийн цэрэг нэгэнтээ хүрч иржээ.
Линтунгийн гар дор гагц гурван зуу илүү морьт цэрэг буй бөгөөд Цаоцаогийн уул нурах мэт цэргийг халхлан чадахгүй тул Линтун өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Эзэн гүн юунд хурдан Сяо Шыцяог гэтлэхгүй аж” хэмээн үг дуусахын урьд Жанляо хоёр мянга илүү цэргийг авч байлдан ирсэн тул Линтун бие эргэж үхэн байлдав. Сүньцуань морио тавьж гүүрэн дээр хүрвээс гүүрний өмнийг нэг хос алд илүү эвдлээд нэг мод ч үгүй болжээ. Сүньцуань ихэд цочиж гар хөлийг тавих газаргүй бүхийд ойрх жанжин Гули их дуугаар дуудан: “Эзэн гүн морио хойш ухрааж байгаад дахин урагш хүчтэй харайлгагтун!” хэмээхэд Сүньцуань морийг хойш гурван хос алд илүү эргүүлж жолоог тавин ташуурдсанд тэр морь нэгэнтээ хараймагц гүүрний нөгөө талд гарав. Хожмын хүний шүлгийн үг:
“Эрт өдөр Дилу морь Таньси голыг харайсан бөлгөө
Эдүгээ Үхоу бас Хөфэйгийн газарт дарагдав
Унасан морио хойш ухруулж ташуурдан довтолгоход
Усан луу Сяо Яогийн олом дээр ниссэн мэт”
Тэндээс Сүньцуань гүүрний өмнө харайлган гармагц Сюйшэн, Дунси хоёр онгоц сэлбэн ирж угтан аваад Линтун, Гули Жанляог тулж авав. Ганьнин, Люймөн хоёр ч цэрэг авч өмгөөлөхөөр ирсэнд Юэзинь хойдоос нэхэж ирэв. Лидянь бас хөшиж ирсэнд Ү улсын цэрэг их хагас хохиров. Линтунгийн агуулсан гурван зуу илүү цэрэг цөм алагдаж Линтун биедээ хэдэн шарх олоод гүүрний дэргэд хүрч ирвээс гүүр нэгэнтээ тасарсан тул голыг тойрон оргон очив. Сүньцуань онгоцны дотроос үзээд даруй Дунсиг зарж онгоц сэлбэн угтуулахаар илгээсэнд сая гэтлэн ирэв. Люймөн, Ганьнин хоёр цөм үхэн байлдсаар голыг гэтлэн ирэв. Энэ нэгэн удаагийн байлдаанд Зяннань газрын хүн цөм айж Жанляогийн нэрийг сонсвоос бага хүүхэд цөм аймшиггүй шөнө эс уйлмуй. Олон жанжин Сүньцуанийг хамгаалж хүрээнд эгсэн хойно Сүньцуань Линтун, Гулиг хүндэд шагнаад цэрэг хурааж Рүсюйд эгж онгоц засаж усан хуурай замаар цугаар орсугай хэмээн зөвлөж нэгэнтээгүүр хүн зарж Зяннаньд илгээн “Дахин цэрэг байгуулж туслахаар ирэгтүн!” хэмээв.
Тэндээс Жанляо “Сүньцуангийн Рүсюйд аж. Дахин цэрэг үүсгэн байлдахаар ирнэ” хэмээхийг сонсоод “Хөфэйгийн цэрэг цөөн тул эсэргүүцэхүйеэ бэрх” хэмээн даруй сюэтиг зарж шөнө дөл Ханьжунд илгээн Цаоцаод мэдүүлээд өмгөөлөх цэрэг гуйжээ. Цаоцао олон сайдын зүг зөвлөж өгүүлрүүн: “Энэ үед Сычуанийг хурааваас болох уу?” хэмээхэд Лю Е өгүүлрүүн: “Өдгөө Шу улс баахан тогтож нэгэнтээ бэлтгэсэн тул байлдваас болохгүй. Цэрэг хурааж Хөфэйгийн цухалдсаныг тэнхрүүлж мөрний өмнө одоход үл хүрмүй”. Цаоцао Cяхоу Юаньгаар Ханьжун газрын дин Зюнынань уулын хавцал амыг сахиулаад Жанхөгөөр мөнтоу Янь зэргийн хавцлыг сахиулав. Түүнээс бусдыг цөм авч Рүсюйгийн зүг байлдахаар одов. Энэ чухамхүү:
“Төмөр хуягт сая Лунгийн барууныг төвшитгөн чадаад
Далбаа туг бас дахин мөрний өмнө зүг заан ирэв”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )