"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 68 ДУГААР БҮЛЭГ
ГАНЬНИН ЗУУН МОРЬТОНГООР ВЭЙ УЛСЫН ХҮРЭЭГ ДАРСАН ЗУОЦИ ХУНДАГА ОРХИЖ ЦАОЦАОГ ДООГЛОН НААДСАН
Өгүүлэх нь: Cүньцуань Рүсюй аман дотор цэрэг засаж байтал гэнэт хүн ирж өгүүлрүүн: “Цаоцао Ханьжунгаас дөчин түмэн цэрэг авч Хөфэйд туслахаар ирэв” хэмээжээ. Cүньцуань зөвлөлийн сайд лугаа сүвэгчилж урьд Дунси, Сюйшөн хоёулд тавин их онгоц өгч Рүсюйгийн аманд бүгүүлэн, Чэнь Үгээр цэрэг авахуулж мөрний дээгүүр нааш цааш цагдахаар илгээв. Жанжао өгүүлрүүн: “Өдгөө Цаоцаогийн цэрэг холоос ирэхэд эрхгүй түүний хурц сүрийг бууруулах хэрэгтэй”. Cүньцуань цацар доорх олон жанжнаас асууруун: “Цаоцаогийн их цэрэг холоос ирснийг хэн урьдаар гарч түүний хурц сүрийг дармуй?”. Линтун гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй!”. Cүньцуань өгүүлрүүн: “Хэдий цэрэг аваачмуй?” хэмээсэнд Линтун өгүүлрүүн: “Гурван мянган цэрэг байваас болуй”. Ганьнин өгүүлрүүн: “Гагц зуун цэрэг хэрэглэвээс дайсныг эвдэлж болмуй. Яахан гурван мянган цэрэг хэрэгсмүй?” хэмээсэнд Линтун ихэд хилэн төрж хоёул Cүньцуангийн өмнө тэмцэлдээн үүсгэхэд Cүньцуань өгүүлрүүн: “Цаоцаогийн цэргийн хүч их тул хөнгөлөн байлдаж эс болмуй” хэмээгээд Линтунд гурван мянган цэрэг өгч Рүсюйгийн аманд цагдахаар очуулж “Цаоцаогийн цэрэг учирваас даруй байлд!” хэмээсэнд, Линтун гурван мянган цэрэг авч Рүсюйгийн аманд хүрвээс тоос дэгдсэн газраас Цаоцаогийн цэрэг хэдийн ирээд гавшгай Жанляо Линтун лүгээ учирч байлдаад тавин удаа болтол дийлэх дийлэгдэхгүй бүхийд Cүньцуань Линтуныг алдуузай хэмээн Люймөнийг гаргаж угтан байлдуулаад хүрээнд эгүүлэв. Ганьнин, Линтунгийн эгж ирсэнийг үзээд даруй Cүньцуаньгаас гуйж өгүүлрүүн: “Би энэ шөнө нэг зуун морьт цэргийг авч Цаоцаогийн хүрээг дарахаар одсугай! Хэрэв нэгэн хүн нэгэн морийг алдваас гавьяа хэмээн тооцож үл болмуй”. Cүньцуань сайшаагаад өөрийн цацрын доорх хурц шилдэг цэргийг нэг зуун нэр салган өгөөд бас архи тавин малүү, хонины мах тавин жинг “Цэрэгт шагна!” хэмээн өгөв. Ганьнин хүрээндээ эгээд нэг зуун цэргийн хүнийг цөм жагсаан суулгаад урьд мөнгөн аяганд архи нэрж, өөрөө хоёр аягыг уугаад зуун цэргийн хүний зүг өгүүлрүүн: “Энэ шөнө эзний зарлигийг хүлээн хүрээг дарахаар одмуй. Олон гүн та тус бүр нэг хундага уугаад шаламгайлагтун!”. Олон хүн үгийг сонсоод харилцан нүүрийг ширтэлцэхэд Ганьнин олны эмээх байдлыг үзээд даруй гартаа илд барин зандарч өгүүлрүүн: “Би дээд жанжин атлаа харин ч амийг хайрлахгүй атал та нар юунд татгалзмуй?”. Олон хүн Ганьнингийн хилэгнэснийг үзээд цөм босож ёслон өгүүлрүүн: “Үхэхээр хүч гаргахыг хүснэм!” хэмээсэнд Ганьнин архи, махыг олон лугаа хамт хуваан хүртээд хоёрдугаар жингийн үес цагаан галууны өд нэг зууг авч дуулганы дээр хатгаж, тэмдэг болгоод цөм хуяглан морь унаж Цаоцаогийн хүрээнд нисэх мэт хүрч хашаа барьсан шургийг татан авч, их дуугаар бархирмагц хүрээнд алахаар ороод шууд дундын цэрэгт Цаоцаог алахаар ирэв. Үзвээс дунд цэргийн замыг хэдийн тэргээр халхалж цуулан залгаж төмөр цагариг мэт, орж чадахгүй тул Ганьнин зуун морьтонг авч хүрээний дотор зүүнийг дайрин барууныг хөшиж, явахад Цаоцаогийн цэрэг ихэд бургилдан дайсны цэрэг хэдий байхыг мэдэхгүй. Харилцан самуураад алалцмуй. Ганьнингийн зуун цэрэг хүрээн дотор хөндлөн гулд явж, учирсныг даруй алмуй. Хүрээ бүхэн хэнгэрэг дэлдэн гал өргөж өдрийн нар мэт, хашхиралцах дуу ихэд үүсжээ. Ганьнин өмнө хаалгаар алж гарахад аймшиггүй халхлах хүнгүй. Cүньцуань Жоутайд нэгэн салааны цэрэг өгч угтуулсанд Ганьнин зуун морьтонг авч Рүсюйд эгэв. Цаоцао “Цэрэг бүгсэн болов уу!” хэмээн болгоомжилж нэхсэнгүй. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Үхэр хэнгэрэг дүнгэнэн дуурьсаж газар түрхрэн ирэхэд
Ү улсын цэрэг хүрсэн газар хүлчин чөтгөр хувилгаан гасалмуй
Зуун өдтөн Цао овогтны цайзыг шууд нэвтэлсэнд
Жанжин Ганьнинд барсын сүр буй хэмээн цөм магтмуй”
Ганьнин хүрээндээ эгж ирээд үзвээс нэгэн хүн, нэгэн морь ч хохирсонгүй. Хүрээний үүдэнд хүрээд зуун хүнээр цөм хэнгэрэг дэлдэн бишгүүр үлээлгэж “Түмэн наст!” хэмээн бархируулав. Cүньцуань өөрөө угтаж Ганьнинг мориноос бууж сөгдсөн хойно Cүньцуань өргөж босгоод Ганьнингийн гарыг атгаж өгүүлрүүн: “Жанжны энэ удаа очсонд хөгшин хулгай лав цочсон буй за! Би чамайг тэвчсэн нь бус. Төв хэмээн чиний баатрыг үзсүгэй хэмээсэн бөлгөө” хэмээгээд торго нэг мянган энтэй, хурц илд нэг зууг өгөв. Ганьнин сөгдөж үлээн аваад даруй цэргийн хүмүүст хуваан шагнажээ. Cүньцуань олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Цаоцаод Жанляо буй. Надад Ганьнин буй аваас дайсныг халхлахад гүйцэд болой” хэмээжээ.
Жич өдөр Жанляо цэрэг авч байлдахаар ирсэн хойно, Линтун Ганьнингийн гавьяа олсныг үзээд шаламгайлан өгүүлрүүн: “Линтун би одож Жанляог байлдахыг хүсмүй!”. Cүньцуань ойшоосонд Линтун таван мянган цэрэг аваад Рүсюйгээс гарахад Cүньцуань өөрийн бие Ганьнинг дагуулан жагсаалд байлдахыг үзэхээр очив. Хоёр тийш эсэргүүцэн зогссон хойно Жанляо морь унаж гарав. Зүүн этгээдэд Лидянь, баруун этгээдэд Юэзинь зогсжээ. Линтун морио давхиулан илд, даллан байлдахаар орсонд Жанляо, Юэзинийг гарган угтуулж хоёул байлдаж тавин удаа болтол аль аль нь ч дийлэх дийлэгдэхгүй бүхийд Цаоцао сонсоод биеэр жагсаалд ирж үзвээс хоёр жанжин шунажээ. Цаоцао “Сэмээр зэв харвагтун!” хэмээсэнд Цаосю Жанляогийн арын хойно далдлан харвасанд, төв хэмээн Линтунгийн унасан морь оногдсонд тэр морь хоёр хөлөөр босож зогссоноор Линтунг газарт унагав. Юэзинь яаран жад барин ирээд жадлахын урьд нумын хөвчийн дуу сонсогдтол нэгэн зэв Юэзиньгийн магнайд онож мориноос унагав. Хоёр этгээдээс цэрэг цугаар гарч тус бүрийн жанжиндаа тусалж, хүрээндээ аваачаад даруй харанга цохиж цэрэг хураажээ. Линтун хүрээнд эгж Cүньцуаньд тал хийж мөргөвөөс Cүньцуань өгүүлрүүн: “Зэв харваж чамд тусалсан нь Ганьнин болой” гэв. Линтун даруй Ганьнинд мөргөж өгүүлрүүн: “Санамсаргүй гүн харин энэ мэт хишиг хүртээсэн ажгуу” хэмээгээд үүнээс хойш Ганьнин лугаа хамт үхэж амьдрах нөхөр болж, дахин мууг бодохгүй болов.
Тэндээс Цаоцао “Юэзинийг шарх олов” хэмээн сонсоод өөрийн биеэр одож үзэн эмчлүүлээд дэд өдөр цэргийг таван зам хуваан Рүсюйг сундлахаар ирэв. Цаоцао өөрөө дунд замын цэргийг дагуулан, зүүн замд Жанляо, хоёрдугаар замд Лидянь, барууны нэгдүгээр замд Сюйхуан, хоёрдугаар замд Пандө, зам бүр нэгэн түмэн цэрэг дагуулан мөрний хөвөө зүг байлдахаар ирэв. Тэр үес Дунси, Сюйшөн хоёр жанжин онгоцон дээр зогсож, таван замын цэрэг хүрч ирснийг үзээд олон цэрэг цөм айх байдалтай тул Сюйшөн өгүүлрүүн: “Эзний пүнлүүг идээд, эзний хэрэгт шударгыг гүйцэтгэхэд юунд аймуй?” хэмээгээд даруй хэдэн зуун идэрхэг ардыг аван, бага онгоцоор мөрнийг гэтлэн хөвөөнд ирж Лидяньгийн цэрэг лүгээ байлдахаар оров. Дунси онгоцонд сууж олон цэргээр хэнгэрэг дэлдүүлэн хашхирч сүрдүүлэхэд гэнэт мөрний дундаас их салхи хөдлөөд, цагаан далбаа тэнгэрт тулж, их долгион ирэхэд цэргийн хүн онгоц урвах шахсаныг үзээд амь хэлтэрсүгэй хэмээн тэмцэлдэн бага онгоцонд буухад, Дунси илд барьж ихэд зандран өгүүлрүүн: “Эзний зарлигийг хүлээн энэ газар хулгайг сэргийлэхээр ирээд юунд аймшиггүй онгоцыг гээж одмуй” хэмээгээд зогсоогоор арван хүнийг алав. Удсангүй их салхинд онгоц урваад Дунси мөрөнд унаж үхэв. Сюйшөн Лидяньгийн цэргийн дотор урагш хойш байлдан явмуй.
Тэндээс Чэнь Ү мөрний хөвөөнд байлдахыг сонсоод, нэгэн салааны цэргийг авч ирэхэд төвхийтэл Пандөтэй учран хоёр этгээд хутгалдан байлдав. Cүньцуань Рүсюйд байхдаа Цаоцаогийн цэрэг мөрний хөвөөнд хүрч ирснийг сонсож өөрийн бие Жоутай лугаа цэрэг авч туслан байлдахаар ирээд үзвээс Сюйшөн төв хэмээн Лидяньгийн цэрэг дотор бөмбөрөн байлдаж ахуу тул Cүньцуань цэргийг дохиж өмгөөлөхөөр ирэхэд, харин Жанляо, Сюйхуангийн хоёр анги цэрэг Cүньцуанийг дүгрэглэн хаав. Цаоцао өндөр довд зогсож Cүньцуань хаагдсныг үзээд даруй Сюйчуг гарган цэргийн дотор байлдан оруулаад, Cүньцуаньгийн цэргийг хоёр тийш салгаснаар харилцан тусалж чадахгүй болгожээ.
Тэндээс Жоутай цэргийн дотроос алан гараад, мөрний хөвөөнд ирж үзвээс Cүньцуань үгүй тул хойш эгж, бас жагсаалд алан ороод өөрийн цэргийн хүнээс асууруун: “Эзэн гүн хаана буй?”. Цэргийн хүн тэр зузаан хаасан газрыг зааж өгүүлрүүн: “Эзэн гүн хаагдаж амуй”. Жоутай бие гэхэлзэн алж ороод Cүньцуанийг эрэн олж өгүүлрүүн: “Эзэн гүн Жоутай намайг дагаж байлдан гарагтун!” хэмээгээд Жоутай өмнө замчлан Cүньцуань хойно дагаж шаламгайлан дагаж явсаар мөрний хөвөөнд хүрээд хойш хандаж үзвээс Cүньцуань бас үзэгдэхгүй болжээ. Жоутай бие эргэн дахин хаасанд байлдан ороод Cүньцуанийг эрж учирсанд Cүньцуань өгүүлрүүн: “Сум зэв цугаар харвах тул гарч чадахгүй, одоо яамуй?”. Жоутай өгүүлрүүн: “Эзэн гүн өмнө яв! Би хойно болохул хааснаас гарч болмуй” хэмээсэнд, Cүньцуань морио давхиулан урагш явж Жоутай зүүн баруун этгээдийг халхлан биед хэд хэдэн газар шарх олоод, Cүньцуанийг гаргаж мөрний хөвөөнд хүрсэнд, Люймөн нэгэн салааны усан цэргийг авч ирээд угтаж онгоцонд суулгав. Cүньцуань өгүүлрүүн: “Би Жоутайгийн хоёр зэрэг орж байлдан тэнхрүүлсэнд сая давхар хааснаас олж гарав. Ганц Сюйшөн басхүү хаагдаж буй тул яахин олж гаргамуй?”. Жоутай өгүүлрүүн: “Би дахин одож гаргасугай!” гэж хэлээд жадыг эргүүлэн бас байлдан ороод, Сюйшөнд туслан гаргасанд хоёр жанжин цөм хүнд шарх олсонд, Люймөн цэргийн ардаар мөрний хөвөөн дээрх цэргийг сацлан харваж зогсоогоод, хоёр жанжныг онгоцонд суулгажээ.
Тэндээс Чэнь Ү нь Пандө лугаа ихэд байлдаж, хойно туслах цэрэг үгүй тул Пандөд нэхэгдэж уулын амны сахлаг шугуйд хүрч ирмэгц Чэнь Ү хойш буцаж байлдсугай хэмээхэд, дээлийн ханцуй модонд торж, хариулан завдахын урьд Пандө цавчин алав. Цаоцао Cүньцуаньгийн мултран гарсныг мэдээд, өөрийн бие цэрэг авч мөрний хөвөөнд хүртэл нэхэж ирээд эсэргүүлэн харвахад, Люймөнгийн зэв дуусаад цухалдан атал гэнэт эсрэг мөрнөөс нэгэн сүрэг онгоц хүрч ирэв. Үзвээс тэргүүлсэн их жанжин нь Сүньцигийн хүргэн Люсюнь ажгуу. Өөрөө арван түмэн цэрэг авч ирээд нэгэн удаа Цаоцаогийн цэргийг харваж эгүүлээд мөн хүчиндээ даруй хөвөөнд гарч, Цаоцаогийн цэргийг ихэд дарж хэд хэдэн мянган байлдааны морийг булаан авав. Цаоцаогийн цэрэг шарх олсон нь тоолбоос барахгүй, ихэд дарагдаж эгэв.
Тэндээс самуун цэргийн дотроос Чэнь Үгийн ясыг эрэн олсонд, Cүньцуань Чэнь Үг нэгэнтээ үхсэн хийгээд Дунсигийн усанд унаж үхсэнийг мэдээд ихэд уйлан цэргийн хүнийг усанд оруулж Дунсигийн ясыг эрүүлж олоод Чэнь Үгийн яс лугаа хамт хүндэтгэн оршуулж тавив. Жоутайгийн биеийг тэнхрүүлэн гаргасан гавьяаг санаж, хурим бэлтгэж Cүньцуань биеэр хундага бариад, түүний нурууг түшиж нулимс унагаан өгүүлрүүн: “Сайд чи хоёр удаа туслахаар орж амийг хайрласангүй биед шарх олсон нь арьсанд зураг сийлсэн мэт тул ямар аймшиггүй чамайг яс мах мэт хүндэлж, цэргийн хүнд үйлийг тушаахгүй байж болох аж. Чи миний гавьяатан сайд бөгөөд би яахин чам лугаа баян жаргаланг хамтатган явахгүй болой” хэмээгээд Жоутайгаар дээлийг нь тайлуулан олон жанжин нарт үзүүлбээс бие бүхэн хутгаар ухсан мэт, шарх сорви дүүрсэн байсанд Cүньцуань шархыг хуруугаар зааж нэг нэгээр асууваас Жоутай байлдаж шарх олсон байдлыг хэлэх бүр нэг хундага уулгасан тул тэр дөр Жоутай ихэд согтжээ. Cүньцуань өөрийн бараан луут шүхрийг хүртээж гарах, ороход өргүүлэн тал өгчээ. Түүнээс Cүньцуань Рүсюйд сууж Цаоцао лугаа тулалцан нэгэн сар илүү болтол дийлж чадсангүйд Жанжао, Гу Юн нар айлтгаруун: “Цаоцаогийн хүч их тул хүчээр тулбаас болохгүй. Хэрвээ дэмий байлдваас цэрэг ихэд хохирмуй. Түүн лүгээ найрлаж иргэнийг амар болгоход хүрэхгүй!”. Cүньцуань үгийг авч Буэжиг зарж, Цаоцаогийн хүрээнд найралдахыг гуйхаар илгээж “Жил бүр алба баримуй!” хэмээсэнд Цаоцао мөрний өмнийг даруйдаа авахад бэрхийг мэдээд, Cүньцуанийг урьдаар цэрэг морийг татаж эгсэн хойно, бие сая буцмуй хэмээсэнд Буди хойш мэдүүлэв. Cүньцуань гагц Зянцинь, Жоутайг үлдээн, Рүсюйгийн амыг сахиулаад цэргийг дуусган авч онгоцонд гараад молинд эгэв.
Түүнээс Цаоцао Цаорэнь, Жанляог Хөфэйд цэрэг буулган өөрөө сюйчанд эгэв. Олон бичиг цэргийн түшмэд цөм зөвдөлцөж, Цаоцаог Вэйван болгосугай хэмээсэнд Шаншу түшмэл Цүй Янь хориглож өгүүлрүүн: “Болохгүй!” хэмээсэнд олон түшмэд өгүүлрүүн: “Чи гагц Сюнь Вэньруог үзсэнгүй юу?”. Цүй Янь ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Цаг болой! Цаг болой! Удахгүй хувьсмуй!
Таны дураар үйлдэгтүн!” хэмээв. Цүй Янь лүгээ нийцгүй хүн Цаоцаод энэ тухайг дуулгасанд Цаоцао ихэд хилэгнэн, Цүй Янийг гянданд хорьж асууваас Цүй Янь барсын нүдээ бүлтийлгэн, нярай луугийн сахлаа сөрвийлгөж Цаоцаог эзнээ дарласан зальхай баатар хэмээн хараасныг гяндан сахих хүн Цаоцаод хэлсний хойно, Цаоцао хүн илгээж Цүй Янийг гяндан дотор занчиж алав.
Хожмын хүний магтсан үг:
“Цинхө газрын Цүй Янь
Чанар зан чийрэг хатуу.
Луугийн сахал, барсын нүд
Төмөр сэтгэл, чулуун зүрх
Гажуу зальхайг зайлан дутаагаад
Гайхалтай алдар идэрхийлэн гэрэлтжээ.
Ханьгийн төрд шударга тул
Ханагар алдар мянган онд мандмуй”.
Амгалан байгуулагчийн хорин нэгдүгээр он, зуны дунд сард, олон түшмэд Сяньди хаанд илтгэл айлтгаж “Вэйгүн, Цаоцаогийн эрдэм гавьяаг тэнгэрт хүртэл, газарт тултал сайшааж, хэдий Изинь, Жоугүн хэмээвч түүнд хүрэхгүй тул Вангийн хэргэмд дэвшүүлбээс зохимуй” хэмээсэн хойно Сяньди хаан даруй Жун Яогоор зарлиг бичгийн эх бичүүлэн Цаоцаог Вэйван18 болгожээ. Цаоцао хуурмагаар гурван зэрэг бичиг айлтган маргаваас хаан болсонгүй тул Цаоцао зарлигаар Вэйвангийн хэргэмийг хүлээн аваад, арван хоёр унжилгат малгайг өмсөж, зургаан морь хөллөсөн алтан жуузанд сууж, тэнгэрийн хөвгүүний жагсаалыг хэрэглээд, орох гарахад явах хүнийг цаазлан зогсоомуй. Езюнь хошуунд Вэйвангийн ордон байгуулж “Угсаа залгамжлах хөвгүүнийг тодруулсугай!” хэмээн зөвлөв. Цаоцаогийн их эм дин хатан төрсөнгүй, бага эм лю овогтоос төрсөн нь Цао ань, Жансюг дайлахаар одох үед
18 Цаоцаогийн хэргэм
Ваньчэн хотод үхэв. Бянь овогт хатангаас дөрвөн хөвгүүн төржээ. Ахмад нь Пэй, дэд нь Жан, гуравдугаар нь Жы, дөрөвдүгээр нь Сюн болой. Үүнд Дин хатанг зайлуулан, Бянь овогтныг Вэйвангийн хатан болгов. Гуравдугаар хөвгүүн Цаожыгийн өргөсөн нэр Зызянь, маш сэцэн сэргэлэн, бийр өргөвөөс уянга шүлэг бүтэх тул Цаоцао залгамжлах үр болгосугай хэмээжээ. Ахмад хөвгүүн Цаопэй “Олж байгуулагдахгүй!” хэмээн Жун Дайфу түшмэл Зясюйгээс арга асуусанд Зясюй “Ийм тийм!” хэмээн сургав. Үүнээс алив Цаоцаогийн дайлахаар гарах үест олон хөвгүүд үдэхээр ирсэнд Цаожы эрдэм гавьяаг өгүүлж үг гаргаваас уянга бүтмүй. Гагц Цаопэй эцгээс салахад нулимс унагааж ёслох тул зүүн баруун этгээдийн ард цөм халширмуй.
Түүнээс Цаоцао сэжиглэж “Цаожы уран чигч боловч үнэнч сэтгэл Цаопэйд хүрэхгүй” хэмээв. Цаопэй бас хүн тавьж гарган эцгийн ойр дэргэдийн шадар хүмүүсийг эдээр худалдан авсан тул цөм Цаопэйгийн эрдмийг магтнам бөлгөө. Цаоцао хожим залгамжлах хөвгүүн байгуулсугай хэмээвч татгалзан тасалж чадахгүйдээ Зясюйгээс асууруун: “Би үр залгамжилсугай хэмээх тул хэнийг байгуулбаас зохимуй?”. Зясюй хариу өчсөнгүй. Цаоцао түүнийг учрыг асууваас Зясюй өгүүлрүүн: “Чив хэмээн бодлого хийж буй. Тийнхүү даруйд өчин чадсангүй”. Цаоцао өгүүлрүүн: “Юуг бодсон аж?”. Зясюй өгүүлрүүн: “Юань Бэньчу, Лю Зиншэнгийн эцэг хөвгүүнийг бодсон болой” гэв. Цаоцао ихэд инээгээд даруй ахмад хөвгүүн Цаопэйг вангийн угсаа залгамжлагчаа болгов.
Түүнээс өвлийн тэргүүн сард Вэйвангийн ордон харшийг барьж дуусгасанд газар газарт хүн зарж сонин цэцэг, этгээд жимсний мод өрүүлэн ирээд, хойд хүрээлэнд суулгаж, бас Ү улсад элч зарж Cүньцуаньд Вэйвангийн зарлигийг захиж өгсний хойно, дахин Вэйванд илгээн бэрсүүт жүрж авахаар очиход тэр цагт Cүньцуань төвхийтэл Вэйванг хүндэлж эхлэсэн тул даруй хүн зарж уул хотоос их бэрсүүт жүрж дөчин дамжуур сонгон авч шөнөдөө Езюнь хошуунд хүргүүлэв. Замын дунд дамжилсан хүн ядарч зүдрээд уулын дор бие амран сууж байтал үзвээс нэг нүд сохор, нэг хөл доголон, цагаан хулсан малгай, улбар хар хувцас өмссөн бумба ирж дамжилсан хүний зүт ёсолж өгүүлрүүн: “Та нар дамжуурлаад ядаж зүдсэн буй за? Ядуу бумба таны төлөө дамжуурлаж өгсүгэй!” хэмээсэнд олон хүн ихэд баярлав. Түүнээс тэр бумба дамжуур бүрийг таваад газар дамжуурдаж өгсөн хойно бумбын эл дамжуурласан нь цөм хөнгөн болжээ. Олон цөм цочин сэжиглэв. Бумба одохдоо бэрсүүт жүрж захирах түшмэлийн зүг өгүүлрүүн: “Ядуу бумба би Вэйвангийн нэгэн гацааны хуучин танил бөлгөө. Овог Зуо нэр Цы, өргөсөн нэр Юаньфан, цол маань “Үзяо ноён” болой. Чи Езюнь хошуунд хүрсэн хойноо Зуоцы амрыг эрж буй хэмээн хэлэгтүн!” хэмээгээд ханцуйгаа гөвж одов.
Түүнээс бэрсүүт жүрж авахаар очсон хүн Езюнь хошуунд хүрээд Цаоцаод золгон бэрсүүт жүржийг өргөсөн хойно Цаоцао өөрөө авч хагалан үзвээс хоосон хальсын төдий, дотроо огт махгүй19 байхыг үзээд Цаоцао ихэд цочоод бэрсүүт жүрж авахаар очсон хүнээс асуухад тэр хүн Зуоцыгийн үгийг хэлэв. Цаоцао итгэхгүй байтал хаалганы хүн орж өгүүлрүүн: “Нэгэн бумба өөрийн нэрийг Зуоцы хэмээн нэрлэж их ванд золгосугай хэмээмүй”. Цаоцао дуудаж оруулсанд, бэрсүүт жүрж авахаар одсон хүн өгүүлрүүн: “Энэ төвхийтэл замд учирсан хүн болой”.
Цаоцаог зандарч өгүүлрүүн: “Чи ямар шимнусын увдисаар миний сайн жимсийг хураав?”. Зуоцы инээж өгүүлрүүн: “Яахин ийм хэрэг буй?” хэмээгээд бэрсүүт жүржийг авч хагалж үзвээс дотроо цөм мах буй бөгөөд маш амттай. Гагц Цаоцаогийн өөрөө хагалсан нь цөм хоосон хальс болой. Цаоцао улам цочиж Зуоцыг суулган асууваас Зуоцы “Архи мах авчир!” хэмээмүй. Цаоцао архи мах авчруулан таван малүү20 уулгаваас согтохгүй, нэгэн хонь идээд цадсангүй. Цаоцао асууруун: “Чамд ямар увдис аж ийм болгов?”. Зуоцы өгүүлрүүн: “Ядуу бумба сичуаньгийн Зялингийн Ө Мэй Шань уулын дотор бясалгаж гучин он болов. Нэгэн өдөр гэнэт чулууны дотроос дуу гарч миний нэрийг дуудах нь сонсогдлоо. Хүрч үзвээс юу ч үзэгдэхгүй. Энэ мэт хэдэн өдөр болсон хойно гэнэт тэнгэрийн аянга дайрч чулууг хэмхлэсэнд тэнгэрийн бичиг гурван дэвтэр олдов. Нэрийг нь “Дүньзя тэнгэрийн бичиг” хэмээмүй. Дээд дэвтрийг “Тяньдүнь”, дунд дэвтрийг “Дидүнь”, доорд дэвтэрийг “Рэньдүнь” хэмээж, “Тяньдүнь бичигт” болбоос үүлэнд дэгдэн, салхинд сууж, хоосон агаараар нисэж чадмуй. “Дидүнь бичигт” нэвтэрвээс уулыг нэвтлэн чулуунд орж чадмуй. “Рэньдүнь бичгийг” сурч чадвал үүлэнд суун дөрвөн далайд хэрж сүүдрийг нууж биеийг хувьсган, сэлэм нисгэн илдийг орхиж хүний тэргүүнийг авч чадмуй. Их ван суурин түшмэлийн туйлд хүрсэн атал, юунд тушаалаа зогсоод, үгээгүй бумбыг дагаж, Ө Мэй Шань ууланд одож бясалгахгүй аж? Тийм бөгөөс энэ гурван дэвтэр тэнгэрийн бичгийг өгсүгэй!”.
19 Жимсний доторх шүүслэг эд
20 Архины жижиг сав
Цаоцао өгүүлрүүн: “Би бас ч хурдан эгсүгэй хэмээн хэдийнэ санасан бөлгөө. Гагц хаан төрд тийм сайн хүнийг олоогүйг яанам?”. Зуоцы өгүүлрүүн: “Ижоугийн Лю Сюаньдө хааны удам тул хэрхин энэ суурийг түүнд найр тавин өгөхгүй буй? Тийн бус болбоос үгээгүй бумба би сэлэм нисгэн чиний тэргүүнийг авмуй”. Цаоцао ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Энэ эрхгүй Любэйгийн тагнуулч” хэмээгээд зүүн баруун этгээдийн хүнийг зандарч, “Баригтун!” хэмээхэд Зуоцы ихэд инээж зогссонгүй. Гяндан сахих арваад хүнээр бариулж дөнгөлсөн хойно гяндангийн хүн чинээ хүчээр занчаад Зуоцыг үзвээс харин хуржигнатал унтаж, огт өвдөх байдалгүй. Цаоцао уурлан их дөнгийг тайлаад төмөр гинжээр оньслон гянданд хураан хүнээр сахиулав. Үзвээс дөнгө гинж цөм өөрөө унаад Зуоцы газарт хэвтэж огт шарх сорви олсонгүй. Дараагаар долоон өдөр идэш ууш өгсөнгүй хорьж үзвэл
Зуоцы газарт лахайн сууж, нүүр нь харин ув улаан болжээ. Гяндангийн хүн Цаоцаод ирж хэлсэнд Цаоцао гяндангаас гаргаж асууваас Зуоцы өгүүлрүүн: “Би хэдэн арван жил юм идэхгүй боловч мөн өлсөхгүй. Нэгэн өдөр мянган хонь идэвч мөн дуусгаж чадмуй”. Цаоцао яаваас болохгүй болов.
Mөн өдөр олон түшмэд цөм вангийн ордонд ирж хуримлаад, уулцсан бүхийд Зуоцы модон шаахай өмсөж хуримын ширээний өмнө зогссонд олон түшмэд цөм гайхав. Зуоцы өгүүлрүүн: “Их ван энэ өдөр усан хуурайн юмыг бүртгэн, олон түшмэд лүгээ хуримлахад дөрвөн зовхисын өөр зүйлийн юм маш үлэмж, дотоор ямар юм дутагдаж буй, ядуу бумба авч өгөхийг хүсмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Би луугийн элгээр шөл хийсүгэй хэмээнэм. Чи авч ирэн чадмуй уу?”. Зуоцы өгүүлрүүн: “Энэ ямар бэрх буй?” хэмээгээд бийр авч ирүүлэн, цагаан туурганд нэгэн луу зурж хувцасны ханцуйгаар нэгэнтээ гөвсөнд луугийн хэвлий өөрөө хагарав. Зуоцы луугийн гэдсэн дотроос элгийг татаж гаргахад нярай цус бас урссаар, Цаоцао итгэхгүй зандарч өгүүлрүүн: “Чи урьдаар ханцуйн дотроо нуусан нь болой”. Зуоцы өгүүлрүүн: “Өдгөө цаг хүйтэн тул өвс мод цөм хагдарчээ. Их ван ямар зүйлийн сайн цэцэгд дурламуй? Cанасан ёсоор авч ирэн өгсүгэй”. Цаоцао өгүүлрүүн: “Би мандарваа цэцэг авсугай!”. Зуоцы өгүүлрүүн: “Энэ хялбар болой” хэмээгээд их цэцгийн хоосон ваар авчруулан хуримын өмнө тавиад ус үсэргэсэнд агшин зуур мандарваа цэцэг нэгэн бут гарч хос цэцэг цэцэглэв. Олон түшмэд ихэд гайхаж Зуоцыг дуудан хамт сууж идэхэд, удалгүй будааны түшмэл загасны шөл хүргэж ирэв. Зуоцы өгүүлрүүн: “Энэ шөлөнд Сунжян мөрний сагаман загасыг олбоос сая амттай”. Цаоцао өгүүлрүүн: “Мянган газар хол тул яахин авчирч чадмуй?”. Зуоцы өгүүлрүүн: “Үүнийг олоход ямар бэрх буй” хэмээгээд “Гөх авчир!” хэмээн авчруулж танхимын доорх нуураас гөхдөж удсангүй хэдэн арван сагаманыг гөхдөн гаргаад харшын өмнө тавив. Цаоцао өгүүлрүүн: “Миний нуурын дотор угаас энэ загас байсан бөлгөө”. Зуоцы өгүүлрүүн: “Их ван юунд ийн хүнийг доромжилмуй? Дэлхий дахины сагаман цөм хоёр заламгайн төдийхөн. Гагц Сунжян мөрний сагаман21 загасанд дөрвөн заламгай буй тул үүгээр ялгаж болмуй”. Олон түшмэд үзвээс үнэхээр дөрвөн заламгайтай байв. Зуоцы өгүүлрүүн: “Сунжян мөрний сагаманыг чанахад улаан сүеэт22 халуун өвс болбоос сайн”. Цаоцао өгүүлрүүн: “Чи бас авч ирэн чадмуй уу?”. Зуоцы өгүүлрүүн: “Хялбар болой” хэмээгээд нэгэн алтан тэвш авчруулж, дээлээрээ бүтээгээд удсангүй тэвш дүүрэн сүеэт халуун өвс олоод Цаоцаогийн өмнө хүргэж ирэв. Цаоцао гараар авбаас гэнэт тэвшний дотор нэгэн дэвтэр бичиг байхыг олж үзэв. Цохдост23 “Мөндөгийн шинэ бичиг” хэмээн бичжээ. Цаоцао авч үзвээс нэгэн үсэг ч ташаагүй тул Цаоцао ихэд сэжиглэв. Зуоцы ширээн дээрх хас хундагыг авч мэлмэлзтэл архи нэрээд Цаоцаод өргөж өгүүлрүүн: “Их ван энэ архийг ууваас хутаг мянган жил болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Чи урь уу!” хэмээсэнд Зуоцы даруй тэргүүнд хатгасан хас хатгуурыг аваад хундагын дотор нэгэнтээ зурсанд архи хоёр анги хуваагджээ. Өөрөө нэгэн хагасыг ууж тэр хагасыг Цаоцаод өгвөөс Цаоцао зандрав. Зуоцы хундагыг дээш орхисонд нэгэн цагаан хөхөө болон хувилаад харшыг тойрч нисмүй. Олон түшмэд дээш үзэх хооронд Зуоцы хаа одсоныг мэдэхгүй. Зүүн баруун этгээдийн ард гэнэт мэдүүлрүүн: “Зуоцы хаалгаар гарч одов” хэмээмүй. Цаоцао өгүүлрүүн: “Энэ мэт шимнусыг арилгах хэрэгтэй. Эсвээс лав хор болмуй” хэмээгээд Сюйчуг “Гурван зуун цэрэг авч нэхэж очоод баригтун!” хэмээв. Сюйчу даруй морь унаад нэхэж хотын хаалганд хүрч үзвээс Зуоцы модон шаахай өмсөөд өмнө алгуур явмуй. Сюйчу нисэх мэт довтолгон нэхвээс огт гүйцэхгүй нэхсээр нэгэн уулын дотор орвоос нэгэн хонь адгуулах бага хүүхэд нэгэн сүрэг хонь хөөж ирэв. Зуоцы хонин сүргийн дотор орсонд Сюйчу зэв авч харваваас Зуоцы үзэгдэхгүй болжээ. Сюйчу тэр хонийг дуусган алаад хойш эгэв. Хонь адгуулах бага хүүхэд хонийг харж уйлахад гэнэт хонин толгой газарт хүний үгээр бага хүүхдийг дуудан өгүүлрүүн: “Чи эдгээр хонины тэргүүнийг хүзүүнд нь нийлүүлэгтүн!” хэмээхэд бага хүүхэд ихэд цочиж нүүрийг халхлан явсанд гэнэт хэн нэгэн хүн хойноос нь дуудаж өгүүлрүүн: “Цочин явах хэрэггүй хонийг чинь эргүүлэн өгсүгэй!” хэмээмүй. Бага хүүхэд хойш хандан үзвээс Зуоцы газар дээрх үхсэн хоньдыг амилуулан босгоод хөөн ирж байх ажээ. Бага хүүхэд яаран асуусугай хэмээтэл Зуоцы ханцуйгаа гөвөн очоод явах нь нисэх мэт агшин зуур үзэгдэхгүй болов.
21 Далайн алгана загас, сагамаг.
22 Ургамалын үндэс хөөж, сая ургаж эхэлсэн нь.
23 Цохолт бичиг, цохолт цаас.
Түүнээс бага хүүхэд гэрийн эзэндээ хэлсэнд эзэн эмээж дарсангүй Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао байдал дүрийг зураад газар газарт “Зуоцыг баригтун!” хэмээн зарлав. Гурван өдрийн дотор хотын дотор гадна цөм нэг нүд сохор, нэг хөл доголон, цагаан хулсан малгай, улбар хар хувцас, модон шаахай өмссөн зэрэг нэгэн адил зүстэйг барьсан нь гурав дөрвөн зуу буй. Зээл гудамжыг цөм өрнүүлжээ. Цаоцао олон жанжинд зарлаж гахай, хонины цусыг үсэргэж цөм хотын өмнө талбарт аваачаад Цаоцао өөрийн бие таван зуун хуягт цэргийг дагуулан хаагаад дуусган алсан хойно хүн бүрийн хүзүүнээс нэжгээд зурвас бараан уур үүсэж, огторгуйд мандаад нэгэн газарт тунарч удалгүй нэгэн Зуоцыгийн биед хувилан цагаан тогорууг унаад үүлний дотор алгаа ташиж ихэд инээж өгүүлрүүн: “Шороон хулгана алтан барсыг дагаж зальхай баатар нэгэн өглөөний зуур үхмүй” хэмээжээ. Цаоцао олон жанжин нараар харвуулахад гэнэт догшин салхи ихэд салхилж чулуу өнхрөн, элс хийсэж эл алагдсан хүний яс цөм үсэрхийлэн босоод гартаа толгойгоо барьж цэрэг боловсруулах танхимын зүг ирээд Цаоцаог цохиход, бичиг цэргийн түшмэд цочиж нүүрийг халхлан унаад харилцан туслалцаж чадахгүй болов. Энэ чухамхүү:
“Зальхай баатар эрх хүчээр улсыг мөхөөн чадаад
Бумбын сахиус увдисаар хүнийг халж хувьсгамуй”
Эгнэгт Цаоцаогийн амь ямар болохыг доорхи бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 1 )
Бүтнээр авч эн хэлбэрээр авч болох уу