"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 69 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЗУРХАЙТ НОМЫГ ҮЗЭЖ ГУАНЬЛҮ ЦАГ ТУХАЙГ МЭДСЭН ХАНЬ УЛСЫН ХУЛГАЙГ ДАЙЛЖ ТАВАН САЙД ЗОРИГООР ҮХСЭН
Өгүүлэх нь: Тэр өдөр Цаоцао хар салхин дотор олон яс цөм боссоныг үзээд цочиж хөсөр унав. Удсангүй салхи зогсож олон яс цөм үзэгдэхгүй болжээ. Зүүн баруун этгээдийн ард Цаоцаог түшиж ордонд аваачсан хойно цочиж өвчин олов.
Хожмын хүн Зуоцыг магтсан шүлгийн үг:
“Нисэх алхмаар үүлнээ давхилан есөн мужийг хөдөөссөнд
Нэг мөсөн Дүньзяд итгэж санааны аяар зугаацмуй
Этгээд увдисыг өдий төдийгөөр гаргаж
Эргүү Цаоцаог ухааруулавч эгнэгт эргэх”
Цаоцао эм уувч эдгэсэнгүй. Тэр тухай Тайшичэн түшмэл Cюйжы Cюйчангаас Цаоцаод золгохоор ирсэнд Цаоцао сюйжигээс “Төлөг үзэж өг!” хэмээхэд Cюйжы өгүүлрүүн: “Их ван сахиус төлөгч Гуаньлүг сонссонгүй юу?”. Цаоцао өгүүлрүүн: “Түүний нэрийг нэлээд сонссон боловч увдисыг үзсэнгүй. Чи нарийвчлан хэлэгтүн!”. Cюйжы өгүүлрүүн: “Гуаньлүгийн өргөсөн нэр Гүнмин, Пин Юань газрын хүн. Төрсөн байдал муухай. Архинд дуртай, дөлгөөн хүн. Түүний эцэг Лан Я мужийн Зицю газрын дарга болсон бөлгөө. Гуаньлү бага наснаас одон гаригийг шинжин үзээд шөнө унтахгүй, эцэг эх хоригловч зогсохгүй, үргэлж хэлрүүн: “Гэрийн тахиа, хээрийн хөхөө харин өөрөө цагийг мэдэх атал нэнд хүн болж ертөнцөд байхыг юун өгүүлнэм?” хэмээмүй. Зэргэлдээгийн бага хүүхэд лүгээ хамт наадахдаа газрыг зурж тэнгэрийн байдлыг гарган, нар сар од гаригийг хуваан жагсаанам бөлгөө. Баахан их болсон хойно “Зурхайт ном” бичигт гүн тодорхой нэвтэрч, салхины аяыг үзэн чадах бөгөөд зурхайн сургаалд нэвтэрхий, бас сайнаар хүний царайг шинжиж чадмуй. Лан Ягийн тАйшоу түшмэл Шань Зычунь түүний нэрийг сонсоод Гуаньлүг урьж золгох цагт, суудалд зуу илүү зочид аж. Цөм үгэнд уран эрдэмтэд бөлгөө. Гуаньлү Зычуньд хандан өгүүлрүүн: “Гуаньлү би нас бага тул цөс хатуужаагүй. Урьд гурван аяга архи гуйж уусан хойно сая хэлэлцсүгэй!” хэмээсэнд Зычунь гайхаад даруй гурван аяга архи өгсөнд ууж дууссан хойно Гуаньлү, Зычуньгаас асууруун: “Өдгөө Гуаньлү лүгээ өчсүгэй хэмээчид нь авгайн дөрвөн этгээдэд суулцсан сайд эрдэмтэн буй за”. Зычунь өгүүрлүүн: “Би чам лугаа хэнгэрэг дэлдэх мэт харилцан хэлэлцсүгэй хэмээсэн болой” хэмээн өгүүлээд Гуаньлү лүгээ “Зурхайт номын” доторх ёсыг булаалдахад Гуаньлү түрчигнэтэл шүүмжилж, үг бүр нарийн нягт бөгөөд Зычунь урвуулан хөрвүүлж гартаан хэлэвч Гуаньлү өчиж өгүүлэх нь ус урсах мэт. Өглөөнөөс үдэш болтол архи будаа идсэнгүй тул Зычунь жич зочид нар эс гайхаж биширсэн нь үгүй. Түүнээс дэлхий дахины хүн өргөж “Хувилгаан хүүхэд” хэмээжээ. Түүнээс хойно Гуо Ень хэмээгч хүн ах дүү гурвуул хөл өвчтэй болсонд Гуаньлүгаар төлөгдүүлбээс Гуаньлү өгүүлрүүн: “Төлгөнд бууснаас үзвэл авгайн гэрийн дотор эм чөтгөр буй. Чиний их авга эх бус болбоос бага авга эх болой. Урьд нь өлсгөлөн жил тохиоход хэдэн суулга амуугийн ашгийн төлөө худагт түлхэн унагаагаад их чулуугаар дарж, түүний толгой хагарсанд сүнс нь гашуудан уйлж, дээд тэнгэрт заалдав. Тийнхүү танай ах дүүд энэ хариулал буй тул арилгаж болохгүй!” хэмээсэнд Гуо Ень нар уйлан ялыг хүлээв. Жич Аньпин газрын тАйшоу түшмэл Ванжи, Гуаньлүгийн хувилгаан төлөгч болохыг сонсоод өөрийн гэрт залж аваачсанд чив хэмээн Син Дүлингийн эм толгойн сүүдэр өвчин хүртэж, түүний хөвгүүн бас зүрх өвдөх өвчинтэй болсонд Гуаньлүгаар үзүүлбээс Гуаньлү өгүүлрүүн: “Энэ танхимын баруун зовхист хоёр үхсэн хүүр буй. Нэг нь жад барьж, нэг нь нум сум атгажээ. Тэргүүн туурганы дотор буй, хөл туурганы гадна амуй. Жад барьсан нь тэргүүнийг хатгах тул өвдмүй. Нум сум барьсан нь цээжийг хатгах тул зүрх өвдмүй” хэмээсэнд даруй газрыг өрж24 найман тохой болоод үнэхээр хоёр авс гарчээ. Нэг авсанд жад, жич нэг авсанд нум сум буй. Мод нь цөм илжирчээ. Гуаньлү тэр ясыг гаргаж хотоос арван газрын эцэст аваачиж булуулсанд эм, хөвгүүн даруй өвчингүй болов. Гуаньтаогийн Лин түшмэл Жугө Юанийг Синьсингийн тАйшоу түшмэлд дэвшүүлсэнд Гуаньлү үдэхээр очсон хойно, зочид Гуаньлүг “Мэргэн түргэн хүн” хэмээн хэлэлцэхэд Жугө Юань итгэсэнгүй.
24 Ухах
Сэмээр хараацайн өндөг, зөгийн үүр, аалз энэ гурван юмыг хуваан гурван багварт агуулан Гуаньлүгаар төлөгдүүлбээс төлөг үзээд багвар бүрт дөрвөн бадаг бичиг бичжээ. “Нэгд бичсэн нь: “Амьсгалыг урааваас хувилж, гэр барааг түшиж үүр барьмуй. Эрэгчин эмэгчингийн ялгавар буй бөгөөд жигүүр өд үүсвээс нисмүй” Энэ нь хараацайн өндөг болой. Жич нэгд бичсэн нь: “Гэр хорго дорогш хандан өлгөгдөж үүд цонх маш олон шимийг хадгалан хорыг тэжээж намар болмогц хувилмуй”. Энэ нь зөгийн үүр болой. Бас нэгд бичсэн нь: “Эрвэн сэрвэн хөл урт, ширхэг бөөлжиж тор хиймүй. Өгөөшийг тойрон идэш эрж харанхуй шөнө сая тусыг олмуй” Энэ нь аалз болой” хэмээсэнд суудал дүүрэн зочид цөм гайхжээ. Гацааны нэгэн эмгэн үхрээ гээгээд Гуаньлүг гуйж төлөг үзүүлсэнд, Гуаньлү үзээд өгүүлрүүн: “Умард нуурын хөвөөнд долоон хүн алж чанажээ. Түргэн одож үзвээс арьс, мах харин байсаар буй” хэмээсэнд эмгэн үнэхээр эрэхээр очвоос долоон хүн улалжин гэрт чанаад идэж байв. Арьс мах бас агсаар тул эмгэн эгж тус хошууны ноён Любиньд заалдсанд долоон хүнийг барьж ялласан хойно эмгэнээс “Чи яахин мэдсэн аж?”. Тэр эмгэн Гуаньлүгийн сахиулсан төлгийг хэлж өгөв. Любинь итгэхгүй, Гуаньлүг залж ордондоо аваачаад дугтуйтай тамга хийгээд гургуулын өрөвлөгийг авч багварт нуугаад Гуаньлүгаар төлөглүүлбээс Гуаньлү үзээд өгүүлрүүн: “Нэг нь “Дотроо өнцөгтэй, гаднаа дүгрэг таван өнгийн артай, батыг сахих эрдэнэ бөгөөд гаргаваас утга бүтмүй”. Энэ нь дугтуйтай тамга болой. Нөгөө нь “Өндөр их хаданд улаан биет шувуу буй. Жигүүр өрвөлөг шаравтар, дуугарахад цагийг алдахгүй”. Энэ гургуулын өрвөлөг болой”. Любинь ихэд гайхаж хүндлэн дээд зочин болгожээ. Нэгэн өдөр хотоос гараад, зоог хийн явахад үзвээс нэгэн залуу тарианы дунд тариа тарьжамуй. Гуаньлү замын хажууд зогсож үзээд асууруун:
“Залуу чиний овог юун, хэдэн настай буй?”. Залуу өчрүүн: “Миний овог Жао, нэр Янь арван есөн настай. Аймшиггүй асуусугай! Ноёнтон та өөрөө хэн болой?” хэмээсэнд “Би Гуаньлү бөлгөө. Би үзэхэд чиний хөмсгийн хооронд үхлийн амьсгал буй. Гурван өдрийн дотор эрхгүй үхмүй. Чиний төрсөн байдал сайхан гэвч хайрхан нь гагц нас охор” хэмээжээ. Жао Янь гэртээ эгээд яаран эцэгтээ хэлсэнд эцэг сонсоод Гуаньлүг гүйцэж хүрээд газарт сөгдөж уйлан: “Залран бууж миний хөвгүүний амийг аварна уу!” хэмээн өгүүлсэнд “Энэ нь тэнгэрийн зарлиг болой. Яахин хэлтрүүлж болох вэ?”. Жао Яньгийн эцэг өчиж өгүүлрүүн: “Хөгшин надад ганц энэ нэгээхэн хөвгүүн буй тул өршөөн аврахыг гуймуй!”. Жао Янь бас уйлан гуйхад Гуаньлү тэр эцэг хөвгүүн үнэнхүү сэтгэлтэй болохыг үзээд Жао Яньд хандан:
“Чи ариун дарс нэг малүү, бугын гуя нэгийг бэлтгээд маргааш өмнө уулын дотор одвоос их модны дор үхэр чулууны дээр хоёр хүн шатар тавьж буй. Нэг нь цагаан хувцас өмсөөд өмнө зүг хандаж суумуй. Түүний дүрс маш муухай. Нэг нь улаан хувцас өмсөөд хойд зүг хандаж суумуй. Түүний зүс ихэд сайхан. Чи тэдгээрийн шатар тавьж халмагшсаныг завшиж архи хийгээд бугын гуяыг сөгдөж өргөгтүн! Түүнийг ууж идэж дууссан хойно чи даруй уйлан мөргөж хутаг гуйваас эрхгүй нас нэмж өгөх болой. Гагц битгий намайг хэлж өгөв хэмээн хэлэгтүн!” хэмээсэн хойно хөгшин Гуаньлүт гэртээ агуулав. Жич өдөр Жао Янь архи махыг тэвшинд тавин өмнө уулын дотор орж тав зургаан газар яваад үзвээс үнэхээр хоёр хүн их нарс модны дор чулууны дээр шатар тавьж байлаа. Огт нааш цааш харахгүй. Жао Янь сөгдөөд архи мах өргөвөөс хоёул шатарт шунаад санамсаргүй архи махыг дуустал ууж иджээ. Жа о Янь газарт сөгдөж уйлан насан хутгийг гуйсанд хоёул ихэд цочиж улаан хувцас өмссөн хүн өгүүлрүүн: “Энэ эрхгүй Гуаньлүгийн үг болой. Бид хоёул нэгэнтээ түүний өргөснийг эдлэсэн тул эрхгүй өршөөх хэрэгтэй” хэмээсэнд цагаан хувцас өмссөн хүн биенээс данс бичгийг гаргаж байцаан үзээд Жао Яньд хандаж хэлрүүн: “Чи энэ жил арван есөн настай үхэх нь зүй. Би өдгөө энэ хоёр тооны байрлалыг сэлгэн дээр нь нэгэн ес хэмээх үсэг нэмж өгсүү! Тийм болбоос чи ерэн есөн нас хүрч болмуй” хэмээгээд “Хойш одож Гуаньлүд хэлэгтүн! Жич битгий тэнгэрийн нууцыг задруул! Бус болбоос эрхгүй тэнгэрийн хариулал буй” хэмээн өгүүлээд улаан хувцас өмссөн хүн бийр гарган нэмж бичсэн хойно нэгэн үнэрт салхи салхилан өнгөрмөгц хоёул хоёр цагаан тогоруунд хувилан огторгуйн зүг нисэн одов. Жао Янь эгж ирээд Гуаньлүгаас асууваас “Улаан хувцас өмссөн нь Наньдоу одны сахиулсан. Цагаан хувцас өмссөн нь Бидоу одны сахиулсан болой”. Жао Янь өгүүлрүүн: “Би сонсвоос Бидоу одыг ес хэмээмүй. Юунд ганц нэгэн хүн болой?” Гуаньлү өгүүлрүүн: “Сарниваас ес болж нийлбээс нэг болмуй. Бидоу од үхэхийг захирах бөгөөд, Наньдоу од амьдрахыг эрхшээмүй. Өдгөө нэгэнтээ чамд нас нэмж өгсөн тул чи бас юунд зовмуй?” хэмээсний хойно эцэг хөвгүүн тал өгч мөргөв. Үүнээс Гуаньлү “Тэнгэрийн нууцыг задруулуузай” хэмээн болгоомжлон нэнд хүнд хөнгөнөөр төлөг үзэж өгөхгүй болжээ. Энэ хүн өдгөө Пин Юаньгийн газарт сууж амуй. Эзэн гүн сайн мууг мэдсүгэй хэмээвээс юунд авахаар одохгүй аж?” хэмээв. Цаоцао ихэд баярлан даруй хүн зарж Пин Юаньд Гуаньлүг авахаар илгээв. Гуаньлү хүрч ирээд золгож дууссан хойно Цаоцао Гуаньлүгаар төлөг үзүүлсэнд Гуаньлү өчрүүн: “Энэ шимнусын увдис болой. Юунд зовмуй?” хэмээсэнд Цаоцаогийн дотор амар болоод өвчин даруй сайн болов. Цаоцао дэлхий дахины үйлийг үзүүлбээс Гуаньлү өгүүлрүүн: “Гурав найм хөндлөн гулд. Шарагчин гахай барсад учирмуй. Цэрэг тогтоох нь өмнө зүгт, нэгэн мөр эвдэрмүй” хэмээв. Бас уламжлах тоог төлөгдүүлбээс Гуаньлү өгүүлрүүн: “Арслангийн хөвгүүн ордны дотор хувилгаан суудалд амар сууж вангийн төр шинээр хувьсаж хөвгүүн ач нар эрхмийн туйлд хүрмүй” гэхэд Цаоцао түүнээс нарийн нягтыг асууваас Гуаньлү өгүүлрүүн: “Тэнгэрийн тоо бүрэг бараг, урьдаас мэдэж болохгүй. Хойно аяндаа тохиолдмуй” хэмээжээ. Цаоцао Гуаньлүг Айшоу түшмэл болгосугай хэмээвээс Гуаньлү өгүүлрүүн. “Би буян нимгэн, дүрс ядуу тул энэ тушаалд хир тэнцэхгүй тул хүлээн авч эс чадмуй” хэмээн Гуаньлүгийн өгүүлсэнд Цаоцао түүний учрыг асууваас Гуаньлү өгүүлрүүн: “Миний магнайнд гол ясгүй, нүдэнд цөцгийгүй, хамарт самсаа баганагүй, хөлөнд борвигүй, ард махгүй, хэвлийд харвингүй, гагц Тай Шань уулын чөтгөрийг засваас болмуй. Амьд хүнийг захирч болохгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Чи миний байдлыг үзвээс ямар байна вэ?”. Гуаньлү өгүүлрүүн: “Их суурь түшмэлийн туйлд хүрчээ! Бас шинжиж яамуй?”. Цаоцао дахин давтан асууваас Гуаньлү инээх бөгөөд өчихгүй. Цаоцао бичиг цэргийн түшмэдийг цөм шинжлүүлсүгэй хэмээвээс Гуаньлү өгүүлрүүн: “Цөм ертөнцийг засах түшмэл болой” гэжээ. Цаоцаогаас сайнмууг асууваас цөм дуусган хэлэхгүй. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Хувилгаан төлөгч Пин Юаньгийн Гуань Гүнмин
Хойд долоо өвгөн ба өмнөд орыг бодож чадмуй
Найман хүлэлээр далд тэмдэг нууц бэлгэсийг ухаад
Зургаан зурхайгаар нарийн нягт тэнгэрийн орныг шүүмжилмүй
Насан хутаггүй болсныг урьдаас шинжин мэдээд
Мэргэн бодлого туйлын хурц тул өөрөө нэгэнтээ ухав
Хорсолтой нь тэрхүү увдис огт хоцорсонгүй тул
Хожмын хүнд уламжилсан ном судар огт үгүй”
Цаоцао Зүүн ү улс, баруун Шу улсыг төлөгдүүлбээс Гуаньлү төлгийг дэлгэж үзээд өгүүлрүүн: “Зүүн Ү улсын нэгэн их жанжин үхмүй. Шу улс хязгаарыг халдахаар ирмүй”. Цаоцао итгэсэнгүй гэнэт Хөфэйгээс мэдүүлэн ирсэн нь: “Зүүн Ү улсын Люкоу амыг сахисан жанжин Лүсү үхэв” хэмээмүй. Цаоцао ихэд хиртхийж даруй Ханьжунд хүн зарж мэдээ авахаар илгээвээс хэдэн өдөр болсонгүй нисэх мэт мэдүүлж ирсэн нь: “Любэй Жанфэй, Мачао хоёулыг илгээж Сябаньд цэрэг буугаад боомтыг авахаар иржээ” хэмээсэнд Цаоцао ихэд хилэгнэж өөрийн бие цэрэг авч дахин Ханьжунд орсугай хэмээн Гуаньлүгаар төлөгдүүлбээс Гуаньлү өгүүлрүүн: “Их ван дэмий хөдөлбөөс болохгүй. Хойд хавар Сюйдүд эрхгүй галын зовлон буй”. Цаоцао Гуаньлүгийн үг цөм тохиолдох тул хөнгөлөн хөдөлсөнгүй. Езюнь хошуунд суугаад Цаохунд таван түмэн цэрэг өгөн “Сяхоу Юань, Жанхөд тусалж дунчуанийг сахь!”хэмээн илгээв. Бас Ся Хоудүньд гурван түмэн цэрэг өгч “Сюйдү хотыг тойрон цагд!” хэмээн илгээж түргэн түүхийг сэрэмжлэв. Чанши түшмэл Ванбигээр шадар цэрэг бүгдийг ерөнхийлөн захируулсанд Жубу түшмэл Сыма И өгүүлрүүн: “Ванби архинд дуртай санаа алгуур тул энэ тохиолыг хүлээн чадахгүй болов уу хэмээн аймуй”. Цаоцао өгүүлрүүн: “Ванби өргөс бороог биедээ дааж зовлон бэрхийн цагт намайг дагаж явсан хүн, шударга бөгөөд хичээнгүй, сэтгэл төмөр чулуу мэт маш зохистой бөлгөө” хэмээгээд, даруй Ванбид шадар цэргийг тушаан захируулж дун Хуамэнь хаалганы гадна хүрээ байгуулав.
Тэр цагт нэг хүн овог Гэн, нэр Зи, өргөсөн нэр Зисин, Луо Ян газрын хүн, Чансангийн ордны хуучин сайд бөлгөө. Хожим Шижун Шаофу түшмэл болжээ. Сыжы түшмэл Вэйхуан лугаа ихэд янаг ажгуу. Цаоцаогийн Вэйвангийн хэргэмд дэвшсэнээс гарах ороход хааны тэрэг хувцас хэрэглэхийг үзээд дотроо таалахгүй болжээ. Амгалан байгуулагчийн хорин гуравдугаар оны хаврын тэргүүн сард Гэнзи, Вэйхуан лугаа нууцаар зөвдөж өгүүлрүүн: “Цаоцаогийн зальхай сэтгэл өдөр ирэхүйеэ гүн болж удалгүй лав суурийг булаах хэрэг илэрмүй. Бид цөм Хань улсын сайд атал, хэрхин мууд тусалж болмуй”. Вэйхуан өгүүлрүүн: “Миний нэгэн сэтгэл зүрхний мэт хүн буй, овог Зинь, нэр Вэй, Хань улсын чансан Ридигийн үр, ер Цаоцаог арилгах санаатай. Нэнд бас Ванби лүгээ маш янаг, хэрвээ хамт зөвлөн нийлбээс их үйл бүтэх болой”. Гэнзи өгүүлрүүн: “Тэр нэгэнтээ Ванби лүгээ янаг болбоос яахин бидэн лүгээ зөвлөл нийлмүй?” Вэйхуан өгүүлрүүн: “Түр одож хэлэлцээд түүний санааг үзсүгэй!” хэмээгээд хоёул Зиньвэйгийн гэрт ирэв. Зиньвэй угтаж хойд гэрт оруулан суулцсан хойно Вэйхуан өгүүлрүүн: “Та Ван Чанши лугаа зузаан найртай тул бид хоёул тусгайлан нэг зүйлийг гуйхаар ирэв”. Зиньвэй өгүүлрүүн: “Ямар үйл гуймуй?”. Вэйхуан өгүүлрүүн: “Би сонсвоос Вэйван өглөө үдэш “Хань хааны дэлхий дахиныг залгамжилмуй” хэмээмүй. Гүн нь Ван Чанши лугаа гүн найртай тул эрх биш дэвшмүй. Хэрвээ манийг гээхгүй тэтгэвээс өршөөл эрдэм гүехэнгүй болой”. Зиньвэй сонсоод ханцуйгаа гөвж бостол төвхийтэл зарах хүн цай авчирсанд даруй цайг газарт асгав. Вэйхуан зоримог цочин өгүүлрүүн:
“Дөвэй25 хуучин нөхөр юунд ийм нимгэн аашилмуй?”. Зиньвэй өгүүлрүүн: “Би чам лугаа зузаан нөхөрлөсөн нь таныг Хань улсын түшмэдийн үр хэмээсэн учир болой. Өдгөө уг үндсийг санаж хариулсугай хэмээхгүй харин урвагсдад тусалсугай хэмээвээс би ямар нүүрээр чам лугаа нөхөрлөж явмуй?”. Гэнзи өгүүлрүүн: “Хэрхсүү, Тэнгэрийн тоо иймд, тиймгүй болбоос болохгүй” хэмээсэнд Зиньвэй ихэд хилэгнэжээ. Гэнзи, Вэйхуан нар Зиньвэйд үнэхээр шударга журамт сэтгэл байхыг мэдээд даруй үнэн учраа дуусган хэлрүүн: “Бид нар чухам хулгайг арилгасугай хэмээн эрхэм таныг эрэхээр ирсэн бөгөөд урьдын үг, тусгайлан шалгаж үзсэн нь болой”. Зиньвэй өгүүлрүүн: “Би үе улиран Хань улсын сайд болоод яахин хулгайг дагах ёс буй? Гүн та нар Хань улсыг тэтгэсүгэй хэмээвээс ямар арга буй?”. Вэйхуан өгүүлрүүн: “Хэдий улсад хариулах сэтгэл буй боловч хулгайг арилгах аргагүй!”. Зиньвэй өгүүлрүүн: “Миний санаа “Дотроос угтан гаднаас байлдаж, Ван Биг алаад түүний цэргийн эрхийг булаан авч хааныг тэтгэсүгэй!” хэмээмүй. Нэнд лю хааны авга лугаа нийлж гаднаас туслуулбал Цаоцао хулгайг сөнөөж болмуй”, хоёул сонсоод алгаа ташиж “Сайн!” хэмээв.
25 3иньвэйгийн өргөсөн нэр
Түүнээс Зиньвэй өгүүлрүүн: “Надад сэтгэл зүрхний хоёр хүн буй. Цаоцао хулгай лугаа эцгийг алсан өшөө буй. Өдгөө хотын гадна сууж ахуу тул жигүүр өд болгон хэрэглэж болмуй”. Гэнзи асууруун: “Тэр хэрсэн хүн аж?”. Зиньвэй өгүүлрүүн: “Хааны эмч Зипингийн хөвгүүн. Ахмадын нэр Зиляо. Өргөсөн нэр Вэньрань, дэдийн нэрийг Зиму, өргөсөн нэр Сирань бөлгөө. Цаоцао урьд өдөр Дүнчэнгийн дээл бүсний зарлигийн учир түүний эцгийг алсан тул хоёр хөвгүүн хол газар оргон очсоноор зовлонгоос хэлтэрчээ. Өдгөө Сюйдүд нууж буй. Хэрвээ хулгайг арилгамуй хэмээн туслуулбаас лав дагах болой”. Гэнзи, Вэйхуан хоёр ихэд баярлаж “Уулзсугай!” хэмээхэд Зиньвэй сэмээр хүн зарж хоёр Зиг дуудуулсанд, удалгүй хоёул хүрч ирсэн хойно Зиньвэй учрыг хэлбээс хоёул нулимс унагааж “Хорсол тэнгэрт тулаад, амалдаж улсын хулгайг алсугай!” хэмээмүй. Зиньвэй өгүүлрүүн: “Цагаан сарын арван тавны шөнө хотын дотор зул өлгөж, өлзийт бөмбөлгийн улирлыг цэнгэлдэхэд
Гэн Шаофу26, Вэй Сыжы27, та хоёул өөр өөрийн гэрийн ардыг дагуулан Ванбигийн цэргийн хүрээний өмнө алж ирээд ганц хүрээн дотор гал мандахыг үзмэгц хоёр замаар чивчин орж Ванбиг алаад намайг дагаж дотор орж тэнгэрийн хөвгүүнийг Ү Фөнлуо асарт залж зуун түшмэдийг цуглуулан “Хулгайг арилгагтун!” хэмээн ухуулсугай! Зи Вэньрань ах дүү хотын гаднаас чивчин ороод гал тавьж дохио болгон зуун овгийн иргэнээр “Улсын хулгайг алмуй!” хэмээн бархируулж хотын доторх туслах цэргийг хөндөлдөн зогсоо. Хааны зарлиг бичиг буулгахыг хүлээн иргэнийг элсүүлж тогтоосон хойно, жич Езюнь хошуунд байлдан орж Цаоцаог бариад даруй зарлиг бичиг илгээн лю хааны авгыг авахаар одсугай! Энэ өдөр болзон тогтоод хугацсан өдөрт хүрвээс хоёрдугаар жинд хэрэг үүсгэсүтэй! Битгий дүнчэнгийн адил сэрэгдүүлэн зовлонг эрэгтүн!” хэмээгээд тавуул цусаа ууж болзон тэнгэрт амалдан өөр өөрийн гэрт эгж цэрэг зэвсгийг бэлтгэн тухайд явуулсугай хэмээв.
26 Гэнзигийн хэргэм
27 Вэйхуангийн хэргэм
Тэндээс Гэнзи, Вэйхуанд тус бүр гэрийн ард гурав дөрвөн зуун хүн буй аж. Зэвсэг зэргийг бэлтгэж, Зимяогийн ах дүү мөн бас гурав дөрвөн зуун хүнийг цуглуулж гагц “Авлахаар гармуй” хэмээн зоримог жагсаан тогтоов. Зиньвэй урьд ирж Ванбид золгоод өгүүлрүүн: “Өдгөө далайн дотоодынхон сая амар болоод Вэйвангийн сүр дэлхий дахинд алдаршжээ. Өнөө чив хэмээн өлзийт бөмбөлгийн улирал тул зул өлгөж цаасан буу тавиад их төвшингийн байдлыг үзүүлбээс зохимуй” Ванби тэр үгийг зөвшөөж хотын доторх ардад “Нийтээр зул өлгөж өлзийт улирлыг тэмдэглэгтүн!” хэмээн ухуулав. Цагаан сарын арван тавны шөнө тэнгэр гэгээн тунгалаг, сар од харилцан гялбалзаж, зургаан зээл гурван гудамжинд тэмцэлдэн цаасан буу, хөвөө зул тавьмуй. Ванби шадар цэргийн олон жанжин лугаа хүрээнд хуримлан бүхийд, хоёр жингийн үест гэнэт хашхирах дуу сонсогдов. Хүн ирж хэлрүүн: “Хүрээнээс гал мандав” хэмээхэд Ванби яаран цацраас гарч үзвээс галын гэрэл цацарч, хашхиралцах дуу ихэд гармуй. Хүрээнд хувьсгал гарсаныг мэдээд даруй морь унаад өмнөд хаалгаар гарч очиход Гэнзи төв хэмээн учирч нэгэнтээ харвасанд мөр оногдож арай эс мориноос унав. Даруй баруун хаалгаар гарч буруулахад арын хойноос цэрэг нэхэж ирсэн тул Ванби санд мэнд морио гээж явгалан явсаар Зиньвэйгийн үүдэнд хүрч ирээд яаран хаалгыг дуудахад үзээс Зиньвэй нэгэнтээгүүр хүн зарж хүрээнд гал тавиулан нөгөөтээгүүр өөрийн бие гэрийн ардыг дагуулан хойноос туслахаар одоод гагц эмс охидыг үлдээсэн ажгуу. Тэр үест гэрийн хүн Ванбигийн хаалга дуудахыг сонсоод Зиньвэйг эгж ирсэн хэмээн бодож Зиньвэйгийн эм үүдний дотроос асууруун: “Ванби амьтныг алсан буюу?” хэмээхэд Ванби ихэд цочиж сая Зиньвэйгийн зөвлөснийг ухаад шууд Цаосюгийн гэрт хүрч “Зиньвэй, Гэнзи нар хамт урвав” хэмээн хэлсэнд Цаосю яаран хуяглаад морь унаж, мянга илүү цэргийг аван хот дотор байлдав. Хотын дотор дөрвөн зүгт гал мандаад ү Фөнлуо асарт гал ноцож хаан дотоод ордонд зайлсан ажгуу. Цаоцаогийн сэтгэл зүрхний мэт ард ордны хаалгыг үхэхээр сахижээ. Хотын дотор гагц хүн бүр цөм Цаоцао хулгайг алж Хань хааны төрийг тэтгэмүй хэмээн дуудах нь сонсогдов.
Үзвээс Ся Хоудүнь, Цаоцаогийн захиаг хүлээж Cюйчаныг цагдахын учир гурван түмэн цэрэг авч хотоос таван газрын эцэст бууж байсан бөлгөө. Тэр шөнө хотын дотор гал мандсаныг үзээд даруй их цэрэг авчран Сюйдү хотыг тойрон хааж нэгэн салааны цэргийг хотын дотор оруулан Цаосюд тусалж хотын дотор хутган байлдсаар гэгээ оруулжээ. Гэнзи, Вэйхуан нар туслах цэрэгтүй бүхийд хүн ирж хэлрүүн: “Зиньвэй хийгээд хоёр Зи цөм алагдав” хэмээмүй. Гэнзи, Вэйхуан даруй зам булааж хотын хаалгыг байлдан гарахад төвхийтэл Ся Хоудүньгийн цэрэгт хаагдаад амьд баригдав. дагасан зуу илүү хүн цөм алагджээ. Ся Хоудүнь хотод орж галыг унтраагаад таван гэрийн хөгшин залууг цөм барьсан хойно, хүн зарж Цаоцаод мэдүүлэхээр илгээв. Цаоцао захиа зарлаж: “Гэнзи, Вэйхуан хоёул хийгээд жич таван гэрийн хөгшин залууг цөм зээлд аваачиж алаад, төрийн их бага түшмэдийг цөм баримтлан Езюнь хотод аваачиж шүүгтүн!” хэмээжээ. Ся Хоудүнь нь Гэнзи, Вэйхуаныг зээлд аваачиж алахад, Гэнзи өндөр дуугаар харааж өгүүлрүүн: “Цао Амань чамайг амьдад олж алсангүй боловч үхсэн хойно чөтгөр болж чамайг эрхгүй баримуй”. Алах хүн илдээр амыг хатгасанд цус газар дүүрэн урсавч харааж огт зогсохгүй байсаар үхэв. Вэйхуан царайгаар газрыг шөргөөн өгүүлрүүн: “Заналтай! Заналтай!” хэмээгээд шүд цөм хэмхэрсэн хойно сая үхэв.
Хожмын хүний магтсан шүлгийн үт:
“Шударга Гэнзи эрдэмт Вэйхуан хоёр
Шийдэмгүй атлаа тэнгэрийг тэтгэсүгэй хэмээжээ
Хань улсын улирал дуусах шахсаныг хэн мэдэх аж?
Халуун цээжинд хорсол дүүрч есөн булагт одов”
Түүнээс Ся Хоудүнь таван гэрийн хөгшин залууг цөм алаад олон түшмэдийг Езюнь хотод авч ирсэн хойно Цаоцао талбарт улаан тугийг зүүн этгээдэд, цагаан тугийг баруун этгээдэд босгоод зарлаж өгүүлрүүн: “Гэнзи, Вэйхуан нар урваж Сюйдү хотод гал тавихад та нараас галыг унтраахаар гарсан нь буй. Хаалгыг хааж гарсангүй нь мөн бий. Галыг унтраахаар гарсан хүн улаан тугийн дор зогс! Гэрээс гараагүй хүн цагаан тугийн дор зогс!” хэмээсэнд олон түшмэд цөм санаруун “Галыг унтраахаар гарсан нь лав ялгүй буй за” хэмээгээд улаан тугийн дор очиж зогссон нь олонтоо буй. Гурван хувийн дотроос ганц нэгэн хувь нь цагаан тугийн дор зогсов. Цаоцао “Улаан тугийн дор зогссон түшмэдийг цөмийг баригтун!” хэмээн хэлсэн хойно олон цөм “Маньд ялгүй!” хэмээн өчвөөс: Цаоцао өгүүлрүүн: “Тэр цагийн санаа галыг унтраасугай хэмээсэн нь бус үнэндээ хулгайд тусалсугай хэмээсэн болой” хэмээгээд цөмийг Жанхө голын хөвөөнд аваачиж алав. Үхсэн нь гурван зуу илүү буй. Тэр цагаан тугийн дор зогссон түшмэдийг цөм шагнаад хэвээр хойш Сюйдүд эгүүлэв. Тэр үест Ванби зэвийн шарх лавархаад нэгэнтээ үхсэн тул Цаоцао хүндээр оршуулаад Цаосюгээр шадар цэргийг ерөнхийлөн захируулж, Жун Яог улсын туслагч, Хуасинийг Юйши Дайфу болгов. Хоугийн хэргэм тогтоож зургаан зэрэг, арван найман дэс, Гуаньжүн Хоугийн хэргэмийг арван долоон дэсээр тогтоож, цөм алтан тамга буюу цомцог бас Гуань Нэйхоу,
Гуань Вайхоу хэмээн тавьж, арван зургаан дэс, мөнгөн тамга, яст мэлхийн сэнжид, хар цомцог, хэргэм тогтоон түшмэлд өргөмжилж бас нэгэн бүлэг хүмүүсийг халж төрд дэвшүүлэв. Цаоцао сая Гуаньлүгийн галын гамшиг хэмээснийг бодож олоод “Гуаньлүг хүндээр шагнасугай!” хэмээвээс Гуаньлү хүлээн авсангүй.
Тэндээс Цаохун цэрэг авч Ханьжунд хүрээд Жанхө, Сяхоу Юаньгаар тус бүр хавцал амыг сахиулж өөрийн бие цэрэг дагуулан дайсныг дарахаар оров. Тэр цагт Жанфэй Лэйтун лүгээ Басиг сахиж Мачао Сябаньд буугаад үланийг гавшгай болгож цэрэг өгч цагдахаар гаргасанд, төв хэмээн Цаохунгийн цэрэгтэй учирсан тул үлань эгсүгэй гэтэл доорхи жанжин Рэньнао өгүүлрүүн: “Дайсны цэрэг анхан хүрч ирсэнд хэрвээ түүний хурц сүрийг бууруулахгүй болбоос ямар нүүрээр Мөнцид золгохоор одмуй?” хэмээгээд жад барьж, морио давхиулан байлдахаар гарав. Цаохун илд даллан морио давхиулан угтаж гурван удаа байлдаад Рэньнаог чивчин унагааж мөн хүчинд даран алахад үлань ихэд дарагдаад Мачаод золгохоор ирсэн хойно Мачао донгодож өгүүлрүүн: “Миний захиагүй атал юуны учирт хөнгөлөн байлдаад дарагдахад хүргүүлсэн аж?”. Үлань өгүүлрүүн: “Рэньнао миний үгийг сонсохгүй тийнхүү дарагдав”. Мачао өгүүлрүүн: “Одоо хавцал амыг бэхлэн сахиад битгий гарч байлдагтун!” хэмээгээд нэгэнтээгүүр Чөндүд мэдүүлэн илгээж, орохыг зогсож, хүлээн суув. Цаохун, Мачаогийн гарч ирэхгүйд “Хуйхар арга буй болов уу!” хэмээн цэргээ авч “Наньзюньд эгсүгэй!” хэмээхэд Жанхө Цаохунд золгохоор ирээд асууруун: “Жанжин нэгэнтээ дайсны жанжныг алаад юунд цэргээ эгүүлмүй?”. Цаохун өгүүлрүүн: “Мачаогийн гарч ирэхгүйг үзээд өөр арга буй болов уу! хэмээн болгоомжилмуй. Нэнд Езюнь хотод бүхийд сахиуст төлөгт Гуаньлү энэ газарт нэгэн их жанжин хохирмуй хэмээсэн үгийг сонсоод би сэжиглэж аймшиггүй хөнгөлөн орсонгүй”. Жанхө ихэд инээн өгүүлрүүн: “Жанжин дунд нас хүртэл байлдаад өдгөө юунд нэгэн төлөг үзэх хүний үгэнд бачлагдмуй. Надад хэдий эрдэмгүй боловч өөрийн харъяат цэргийг аваад Басиг авахаар одохыг хүсмүү! Хэрвээ Басиг олбоос Шузюнь хошууг авахад хялбар болмуй”. Цаохун өгүүлрүүн: “Басиг сахисан жанжин Жанфэй тул өтөл хүн лүгээ адилтгаж хөнгөлөн байлдваас болохгүй”. Жанхө өгүүлрүүн: “Хүн цөм Жанфэйгээс эмээмүй. Би түүнийг бага хүүхдийн адил үзэх тул энэ удаа одвоос эрхгүй барьмуй” гэж өгүүлэв. Цаохун өгүүлрүүн: “Хэрвээ алдсанд яамуй?”. Жанхө өгүүлрүүн: “Цэргийн цаазаар аваач!” хэмээсэнд Цаохун цаазын бичиг бичүүлж авсан хойно Жанхө цэрэг авч одов. Энэ чухамхүү:
“Эртнээс оморхог цэрэг олонтоо дарагдахад хүрүүлж
Язгуураас дайсныг хөнгөлөгчид гавьяа бүтэх нь цөөн”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )