"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 72 ДУГААР БҮЛЭГ
ЖУГӨ ЛЯН АРГААР ХАНЬЖУНЫГ АВСАН ЦАОЦАО ЦЭРГИЙГ ХЭВГИЙ ЗАВД ЭГҮҮЛСЭН
Өгүүлэх нь: Cюйхуан цэргийг дагуулан, Ханьшүй усыг гэтлэхэд Ванпин гашуудан хоригловч сонсохгүй, Ханьшүйг гэтэлж хүрээ буув. Хуанжун, Жао Юнь нар Cюаньдөд өчиж хэлрүүн: “Бид өөр өөрийн харъяат цэргээ авч, Цаоцаогийн цэргийг угтахаар одсугай!” хэмээхэд Cюаньдө үгийг дагав. Хоёул цэрэг аван одоход Хуанжун, Жао Юньгийн зүг өгүүлрүүн: “Өдгөө Cюйхуан баатартаа эрдэн иржээ. Түр битгий байлдагтун! Хүлээж, нар шингээд цэргийн хүч буурсан хойно чи бид хоёул цэрэг хуваан хоёр замаар хавчин байлдваас зохимуй”. Жао Юнь “Мөн!” хэмээж, өөр өөрийн нэгэн салааны цэргийг аваад хүрээг сахив. Cюйхуан цэргээ авч ирээд луу цагаас бичин цаг хүртэл өдөөвч Шу улсын цэрэг огт хөдлөхгүй тулд Cюйхуан холхивч нум барьсан хүнийг урагш дэвшүүлж Шу улсын хүрээг харвуулахад Хуанжун, Жао Юньд хэлрүүн: “Cюйхуан холхивч нумаар дэмий харвуулах нь түүний цэрэг эрхгүй эгсүгэй хэмээж ахуй болой. Энэ тухайд байлдваас зохимуй” хэмээн хэлж дуусаагүйд гэнэт хүн мэдүүлрүүн: “Цаоцаогийн хойдох цэрэг үнэхээр буцаж эхлэжээ” хэмээсэн хойно Шу улсын цэргийн хүрээнээс хэнгэрэг дэлдэж Хуанжун цэрэг авч зүүн этгээдээс гарч Жао Юнь цэрэг авч баруун этгээдээс гаран хоёр талаас хавчин байлдсанд Cюйхуан ихэд дарагдаад цэрэг Ханьшүй усанд харайж үхсэн нь тоогүй. Cюйхуан үхэн байлдаад арай хэмээн олж гаран хүрээндээ хүрээд, Ванпинийг буруушааж өгүүлрүүн: “Чи миний цэрэг дарагдсаныг мэдсэн атал юунд туслахаар очихгүй байв?”. Ванпин өгүүлрүүн: “Би хэрвээ туслахаар очсон болбоос энэ хүрээг мөн хамгаалан чадахгүй болой. “Би гүнг битгий оч!” хэмээвээс сонсохгүй байсаар энэ мэт дарагдахад хүргүүлэв”. Cюйхуан ихэд хилэгнэж Ванпинийг “алсугай!” хэмээсэн тул Ванпин тэр шөнө өөрийн харъяат цэргээ авч даруй хүрээндээ гал тавьсанд Цаоцаогийн цэрэг ихэд самуураад Cюйхуан хүрээг гээж одов. Ванпин Ханьшүй голыг гэтэлж
Жао Юнийг дагасанд, Жао Юнь дагуулан ирж Cюаньдөд учруулсан хойно Ванпин Ханьшүй усны байдлыг цөм хэлсэнд Cюаньдө ихэд баярлаж өгүүлрүүн: “мөхөс хүн би Ванзы Зюнийг олсон нь Ханьжуныг авахад саадгүй болов” хэмээгээд даруй Ванпинийг хажуугийн жанжин болгон зам дагуул хэмээв.
Тэндээс Cюйхуан буруулан эгж Цаоцаод золгож хэлрүүн: “Ванпин урваж Любэйд дагахаар очжээ” хэмээсэн хойно, Цаоцао ихэд хилэгнэж өөрийн биеэр их цэрэг авч Ханьшүйгийн хүрээг булаахаар ирэв. Жао Юньгийн цэрэг цөөхөн тул тулбаас бэрх хэмээн хойш Ханьшүй усны баруун талд эгээд хоёр этгээдийн цэрэг гол алсалж эсэргүүлэв. Cюаньдө, Кунмин лүгээ газрын байдлыг үзэхээр ирээд, Кунмин үзвээс Ханьшүйгийн дээд урсгалд шороон уул буй. Мянга илүү цэрэг бүгүүлж болох тул хүрээнд эгж, Жао Юнийг дуудаж хэлрүүн: “Чи таван зуун цэрэг дагуулан цөм хэнгэрэг бүрээ авч шороон уулын дор бүг! Шөнө дунд эсвээс гэгээ тасрах үест миний хүрээний зүгээс буун дуу гарах бүрт чи хэнгэргийг даруй нэгэнтээ дэлд! Гагц битгий гарч байлдагтун!”. Зылун аргыг хүлээн авч одов. Кунмин өндөр уулын дээр одож сэмээр үзмүй.
Дэд өдөр Цаоцаогийн цэрэг ирээд байлдсутай хэмээвч Шу улсын хүрээнээс нэг ч хүн гарч ирэхгүй бас холхивч нумыг эс харвах тул Цаоцаогийн цэрэг өөрөө эгэв. Тэр шөнө Кунмин Цаоцаогийн хүрээний зул, гал бөхөж цэргийн хүн цөм хэвтсэнийг үзээд даруй тэмдэг буу тавьсанд Зылун сонсоод хэнгэрэг бүрээг цугаар дуугаргав. Цаоцаогийн цэрэг цочин эмээж “Хүрээг дайрах боловуу!” хэмээн сэжиглээд хүрээнээс гарч ирвээс нэг ч хүн үзэгдэхгүй тул сая хүрээндээ буцаж ороод хэвтсүгэй хэмээтэл бас буу тавьж бүрээ хэнгэрэг бас дуугаран, хашхирах дуунд уулын зав дүнгэнэн түрхэрмүй. Цаоцаогийн цэрэг гэгээртэл олж хэвтсэнгүй. Нэгэн дараагаар гурван шөнө цөм тийн үймүүлэхэд, Цаоцаогийн сэтгэл зовж гучин газар эгж, уудам газар хүрээ байгуулав. Кунмин инээд алдаж өгүүлрүүн: “Цаоцао хэдий цэргийн аргыг мэдэвч хуурах аргыг мэдэхгүй болой” хэмээгээд даруй Cюаньдөг залж Ханьшүй усыг гэтлүүлэн усыг тэсэргүүлж хүрээг байгуулав. Cюаньдө аргыг асууваас Кунмин “Ийм тийм болбоос болмуй” хэмээв.
Цаоцао, Cюаньдөгийн усыг тэсэргүүлж хүрээ буусныг үзээд дотроо сэжиглэж хүн зарж байлдах бичиг хүргэсэнд Кунмин “Маргааш таслан байлдсугай!” хэмээн цохолж илгээв.
Дэд өдөр хоёр этгээдийн цэргийг дунд замын Ү Зешань уулын өмнө харилцан жагсаагаад Цаоцао морь унаж хаалганы тугийн дор зогсжээ. Хоёр жигүүрт луу гарьд зурсан туг хиур жагсаан, гурван зэрэг хэнгэрэг дэлдсэн хойно Cюаньдөг дуудаж “Үг өч!” хэмээмүй. Cюаньдө Люфэн, Мөнда тэргүүтэй Сычуаньгийн олон жанжин нар лугаа хамт гарав. Цаоцао ташуураар зааж хараан өгүүлрүүн: “Любэй хишгийг умартаж журмыг тэсэргүүлэн хаанаас урвасан хулгай!” хэмээхэд Cюаньдө: “Би болбоос их Хань хааны удам бөгөөд зарлиг бичгийг хүлээж хулгайг арилгамуй. Чи хатан эхийг алж, өөрөө Ван болоод хэтэрхийд тэнгэрийн хөвгүүний жагсаал тэргийг хэрэглэсэн нь урвасан бус юун болой?”. Цаоцао хилэгнэн Cюйхуаныг гаргаж байлдуулсан тул Люфэн гарч угтан байлдалцахад, Cюаньдө урьд жагсаалдаа оров. Люфэн, Cюйхуан лугаа байлдан тэсэхгүй болоод морийг эгүүлж зугтсанд Цаоцао цааз зарлан “Любэйг барьж чадагчдыг Сычуаньгийн эзэн болгосугай!” хэмээсэнд их цэрэг ихэд хашхиралдан жагсаалын зүгалахаар ирэхэд Шу улсын цэрэг Ханьшүй голын зүг буруулж хүрээ ба морь зэвсгийг зам дүүртэл гээжээ. Цаоцаогийн цэрэг тэмцэлдэн булаахад Цаоцао яаран харанга цохиж цэргээ хураав. Олон жанжин нар өгүүлрүүн: “Бид ямагт Любэйг барьсугай хэмээхэд их ван юунд цэрэг хураав?”. Цаоцао өгүүлрүүн: “Би Шу улсын цэрэг Ханьшүй усыг тэсэргүүлж хүрээ байгуулсаныг үзвээс ихэд сэжигтэй болой. Нөгөө талаар цэргийн зэвсэг морийг ихэд гээсэнд сэжиглэх нь хоёр тул даруй цэргийг эгүүлэв. Дээл юмыг битгий авагтун! Дураар нэгэн юмыг ч авсан хүнийг зогсоогоор алмуй! Хурдан цэрэг эгэгтүн!” хэмээхэд Цаоцаогийн цэрэг сая эгтэл, Кунмин тэмдэг туг босгосонд Cюаньдө дундаас цэрэг авч гарав. Хуанжун зүүн этгээдээс алан, Жао Юнь баруун этгээдээс алан ирэхэд Цаоцаогийн цэрэг ихэд самуурч буруулав. Кунмин шөнө дөл нэхсэнээр Цаоцао цааз зарлаж цэргийг “Наньзюнь хошуунд эгэгтүн!” хэмээгээд үзвээс таван замаас гал манджээ. Үзвээс Жанфэй, Вэй Яньгийн төлөө Янь Янь одож Ланжунг сахисан тулд цэрэг хувааж алахаар ирээд урьд Наньзюнь хошууг олжээ. Цаоцао гэлмэж Ян Пингуань боомтын зүг одвоос Cюаньдөгийн их цэрэг Наньжэньгийн Баожоу хүртэл нэхэж ирээд иргэнийг тогтоосон хойно Cюаньдө Кунмингаас асууруун: “Цаоцао энэ удаа ирээд юуны учир ийм түргэн дарагдах болов?”. Кунмин өгүүлрүүн: “Цаоцао хүний хувьд угаас сэжиг ихтэй. Хэдий цэрэг хэрэглэн чадавч сэжиглэвээс олонтоо дарагдмуй. Би тийнхүү сэжиглэлийн цэргээр дийлэв”. Cюаньдө өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао эгж Ян Пингуань боомтыг сахисан нь түүний сүр нэгэнтээ буурсан тул ноёнтон ямар аргаар эгүүлмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Би нэгэнтээ бодож тогтсон” хэмээгээд даруй Жанфэй, Вэй Янийг илгээж цэрэг хуваан хоёр замаар “Цаоцаогийн амууны замыг тасалтугай!”. Хуанжун, Жао Юнь нарт хандан хоёр замаар хуваан илгээж, “Ууланд гал тавьтугай!” хэмээсэнд дөрван замын жанжин тус бүр зам дагуулаххүнийг авч одов.
Тэндээс Цаоцао эгж Ян Пингуань боомтыг сахиад, цэргийн хүнийг харуулд гаргасанд хойш ирж хэлрүүн: “Өдгөө Шу улсын цэрэг хол ойр замыг цөм таглаж, таслаад түлээ цавчиж гал тавьжээ. Цэрэг хаана байхыг мэдэхгүй”. Цаоцао ямагт сэжиглэж бүхийд бас хүн ирж хэлрүүн: “Жанфэй, Вэй Янь нар цэрэг хуваан амуу булааж явмуй”. Цаоцао асууруун: “Хэн аймшиггүй Жанфэй лүгээ байлдахаар очмуй?”. Сюйчу өгүүлрүүн: “Би одохыг хүсмүү!”. Цаоцао даруй Сюйчуд нэгэн мянган шилсэн цэрэг өгч Ян Пингуань боомтын замд амуу тэргийг хамгаалахаар илгээв. Амуу зөөх түшмэл уулзаад баярлаж өгүүлрүүн: “Хэрвээ жанжин ирсэнгүй бөгөөс энэ амуу Ян Пингуань боомтод олж хүрч чадахгүй” хэмээгээд тэргэнд тээсэн архи, махыг Сюйчуд өргөсөнд Сюйчу сайтар уугаад санамсаргүй ихэд согтож, мөн согтсон хүчинд амуугийн тэргийг “морд!” хэмээн шаардав. Амуу зөөх түшмэл өгүүлрүүн: “Нар нэгэнтээ шингэв. Өмнө талд Баожоугийн уул бэрх, цухал тул өнгөрөн гарч болохгүй”. Сюйчу өгүүлрүүн: “Надад түмэн хүнийг тулах баатар хүч байгаа тул хэрхин бус хүнээс аюух билээ? Энэ шөнө сарны гэрэлд амууны хөсөг тэрэг явахад яв чив сайн” хэмээгээд Сюйчу өмнөө дам илдийг хөндөл барьж морио ташуурдан цэргийг авч явав.
Дэд жингийн эцэст Баожоугийн замд орж, замын хагасыг өнгөртөл гэнэт уулын заваас хэнгэрэг бүрээний дуу гаран, нэгэн салааны цэрэг дайран ирэв. Тэргүүлсэн их жанжин нь Жанфэй болой. Жадаа далайж морио давхиулан Сюйчуг чиглэн ирсэнд
Сюйчу илд барин угтан очсон боловч гагц архинд согтсон тул Жанфэйтэй байлдан тэсэхгүй, хэдэн удаа Жанфэйд жадлагдаж мөр нь оногдсон тул мориноос унав. Доорхи жанжин нар яаран авран гаргаж буруулан явахад Жанфэй гагц амуу өвсний тэргийг булааж эгэв.
Тэндээс олон жанжин Сюйчуг тэнхрүүлэн эгж Цаоцао золговоос Цаоцао даруй эмч авчран шархыг засуулж нэгэнтээгүүр өөрийн бие цэрэг авч Шу улсын цэрэг лүгээ эрэгчин, эмэгчинг ялгахаар ирсэнд, Cюаньдө цэрэг авч угтан гараад хоёр этгээд жагссан хойно Cюаньдө Люфэнийг гаргав. Цаоцао харааж өгүүлрүүн: “Шаахай худалдагч муу боол чи үргэлж хуурмаг хөвгүүнээ гаргаж байлдуулмуй. Би хэрвээ шар сахалт хөвгүүнийг дуудан ирвээс чиний энэ хуурмаг хөвгүүнийг махан таташ мэт болгомуй!”. Люфэн ихэд хилэгнэж, морийг тавьж Цаоцаог жадлахаар оров. Цаоцао Cюйхуаныг гаргаж байлдуулахад Люфэн хуурмагаар буруулав. Цаоцао цэрэг авч нэхэн ирэхэд Шу улсын хүрээний дотор дөрвөн этгээдээс буу тавин, хэнгэрэг бүрээний дуу цугаар гарсан тул Цаоцао “Цэрэг бүгсэн болов уу!” хэмээн яаран “Цэрэг эгэгтүн!” хэмээсэнд Цаоцаогийн цэрэг өөр зуураа харилцан гишгэлдэж, үхсэн нь маш олон. Шууд Ян Пингуань боомтод хүрээд баахан амсхийж бүхийд Шу улсын цэрэг нэхэж, хотын дор хүрч ирээд зүүн хаалганд гал тавин баруун хаалганд хашхирч, өмнө хаалганд гал тавин хойд хаалганд хэнгэрэг дэлдсэнд Цаоцао гэлмэж боомтыг гээж одов. Шу улсын цэрэг хойноос сундлан хөөмүй. Цаоцао хараахан яван атал өмнөөс Жанфэй нэгэн салааны цэрэг авч зам тоссон бөгөөд Жао Юнь бас нэгэн салааны цэрэг авч хойноос алахаар ирэв. Хуанжун бас Баожоугаас алахаар ирсэнд Цаоцаогийн цэрэг ихэд дарагдаж олон жанжин Цаоцаог хамгаалан зам эрж явав. Сая хэвгий завын аманд хүрсэнд, гэнэт өмнө биед тоос тортог дэгдээд нэгэн салааны цэрэг хүрч ирэв. Цаоцао өгүүлрүүн: “Энэ хэрвээ бүгсэн цэрэг болбоос миний амь дуусах болой” хэмээв.
Тэр цэрэг ойр ирэхийг үзвээс Цаоцаогийн хоёрдугаар хөвгүүн Цаожан ажгуу. Өргөсөн нэр Зывэнь бяцханаас харвах намнахад сайн, хүч хүнээс илүү, нүцгэн гараар хортон араатныг занчин чадмуй. Цаоцао ер цээрлэн өгүүлрүүн:
“Чи бичиг ном уншихгүй, гагц морь нуманд дуртай нь энэ гань эрийн баатар болой? Яахин эрхэм болж болмуй?” хэмээхэд Цаожан өгүүлрүүн: “Эр хүн хэмээн төрөөд Вэйцин, Хуо37-г дуурайн говь газарт гавьяа байгуулж, хэдэн арван түмнийг авч, дэлхий дахинд хөндлөн гулд явахад, яахин олонтоо суралцагсдыг сурах ёс буй?”. Цаоцао үргэлж олон хөвгүүний санааг асуухад Цаожан өгүүлрүүн: “Жанжин болохыг хүсмүү!”. Цаоцао асууруун:
37 Баруун Хань улсын үеийн алдарт хоёр жанжин юм. Цөм Хүннүг байлдан дийлж байсан бөлгөө.
“Жанжин болох нь хэрхэн?”. Цаожан өгүүлрүүн: “Батыг нөмрөн, хурцыг барьж, хэдий зовлон тохиовч амийг хайрлахгүй, бие цэргийн хүнээс өмнө болж, шагнаваас зохиход шагнан, яллаваас зохихыг ялалмуй!”. Цаоцао ихэд инээв. амгалан байгуулагчийн хорин гуравдугаар он, Дайзюнь газрын Ү Ван урвасанд Цаоцао, Цаожанг “Таван түмэн цэрэг авч байлдахаар оч!” хэмээгээд мордоход сургаж өгүүлрүүн: “Гэрт болбоос эцэг хөвгүүн болж, хэрэг тушааваас эзэн түшмэл болмуй. Цаазад нүүрчлэхгүй тул чи сайхан болгоомжил!” хэмээв. Цаожан, Дайзюньд хүрээд өөрийн бие өмнө орж байлдсаар шууд санцяньгийн газарт хүрч хойд газрыг төвшитгөөд “Цаоцаог Ян Пингуань боомтод дийлэгджээ” хэмээн сонсож, тийнхүү туслан байлдахаар иржээ. Цаоцао Цаожангийн ирсэнийг үзээд ихэд баярлаж өгүүлрүүн: “Миний шар сахалт хөвгүүн ирсэн тул Любэйг эвдлэх нь лав болой” хэмээгээд цэргийг эгүүлэн хэвгий завын аманд хүрээ байгуулав. Хүн ирээд Cюаньдөд Цаожангийн хүрч ирсэн болохыг дуулгасанд Cюаньдө асууруун: “Хэн очиж Цаожан лугаа байлдах вэ?” хэмээхэд Люфэн гарч өгүүлрүүн:“Би очихыг хүсмүй”. Мөнда бас одсугай хэмээх тул Cюаньдө өгүүлрүүн: “Та хоёул хамт очигтун! Хэн гавьяа олохыг үзсүгэй!” хэмээсэн хойно, тус бүр таван мянган цэрэг авч угтахаар одоход, Люфэн өмнө Мөнда хойно болов. Цаожан гараад Люфэн лүгээ байлдан гурван удаад Люфэн дарагдаж эгсэнд Мөнда цэрэг авч ороод сая “Байлдсугай!” хэмээтэл Цаоцаогийн цэрэг ихэд самуурав. Үзвээс Мачао, Үлань нарын хоёр салааны цэрэг байлдан ирсэн ажгуу. Цаоцаогийн цэрэг цочин хөдөлсөн тул Мөнда цэрэг авч хавчин байлдав. Мачаогийн цэрэг өдөр удтал амарснаар энд хүрч ирээд сүр жавхлан үзүүлэн хүчтэй орох тул Цаоцаогийн цэрэг тулан тэсэхгүй буруулан одоход
Цаожан төв хэмээн үланьд учраад хоёул байлдаж хэдэн удаа болсонгүй, Цаожан үланийг жадлан мориноос унагааж, олон цэрэг нэгэн зэрэг хутган байлдаад Цаоцао цэргээ хураан хэвгий завын аманд хүрээ буув.
Түүнээс Цаоцаогийн цэрэг буудаллаж өдөр удаад цэрэг орсугай хэмээвээс Мачао халхлан сахижээ. Эгсүтэй хэмээвээс бас Шу улсын цэрэгт элэглэгдэхээс эмээн хараахан зовж тогтворгүй бүхийд будааны хүн тахианы шөл хүргэж ирэв. Цаоцао аяганы дотор тахианы хавьс байхыг үзээд хараахан санагалзан бүхийд Ся Хоудүнь цацарт орж ирээд шөнийн тэмдэг үгийг асуусанд Цаоцао амны аяар даруй “Тахианы хавьс, тахианы хавьс!”38 хэмээн өгүүлэв. Ся Хоудүнь цааз тархааж олон түшмэдийг цөм “Тахианы хавьс!” хэмээн хэл хэмээв. Жубу түшмэл Янсю “Тахианы хавьс!” хэмээх үгийг сонсоод даруй дагах цэргийн хүнийг өөр өөрийн ачаа хөсгийг тэгшлэн эгэхийг бэлтгэ хэмээжээ. Хавирган сар гэхийг сонгодог монгол бичгийн хэлэнд хависан сар гэх нь ч бий. Хүнд хандан “Өөр өөрийн ачаа хөсгийг тэгшлэн эгэхэд бэлтгэ!” хэмээжээ. Үүнийг хүн Ся Хоудүньд хэлсэнд Ся Хоудүнь даруй Янсюг хүрээндээ залж ирээд “Гүн юунд ачаа хөсгийг тэгшлүүлмүй?” хэмээвээс Янсю өгүүлрүүн: “Энэ шөнийн тэмдэг үгээр олж мэдэв. Вэйван удалгүй цэрэг эгэх болой. Тахианы хавьс хэмээгч идвээс амтгүй, гээвээс хайран буй. Өдгөө орвоос дийлэхгүй, эгвээс бусдад элэглэгдэхээс эмээмүй. Энд байваас тусгүй, хурдан эгэхэд үлхүрмүй хэмээсэн болой. маргааш өдөр Вэйван эрхгүй цэрэг эгмүй. Тийнхүү урьдаас тэгшилж, явах үес гар хөл самуурахгүй биш үү?”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Гүн үнэхээр Вэйвангийн сэтгэл зүрхийг мэдсэн нь болой”хэмээгээд бас ч ачаа хөсгийг тэгшлэв. Түүнээс олон хүрээний жанжин нар бас эс бэлтгэх нь үгүй. Тэр шөнө Цаоцао сэтгэл уйдан унтваас нойр хүрэхгүй тул сэмээр сүх барьж хүрээг тойрон явахад үзвээс Ся Хоудүньгийн хүрээний доорхи цэргийн хүн өөр өөрийн ачаа хөсгийг тэгшлэн амуй. Цаоцао ихэд цочиж яаран цацарт эгээд Ся Хоудүнийг дуудан авчирч учрыг асууваас Ся Хоудүнь хэлрүүн: “Жубу түшмэл урьдаас Ван таны эгэх санааг мэджээ”. Цаоцао, Янсюг дуудаж асуухад Янсю тахианы хавьс хэмээх санааг өчсөн хойно Цаоцао хилэгнэж өгүүлрүүн: “Чи ямар аймшиггүй миний цэргийн сэтгэлийг самууруулмуй!” хэмээгээд илд сүх барьсан хүнийг зандран гадна аваачиж алуулаад, тэргүүнийг хүрээний хаалганд өлгөж олонд үзүүлэв.
38 Хавьс гэдэг нь хавирганы өөр нэрийдэл юм
Угаас Янсю өөрийн эрдэмд эрдэж хэтрэмхийлэн хэд хэдэн удаа Цаоцаогийн сэтгэлд халдсан бөлгөө. Цаоцао нэгэн цэцгийн хүрээлэн барьж дууссан хойно Цаоцао үзэхээр одож сайн муу хэмээн өгүүлэхгүй гагц бийр авч хүрээлэнгийн үүдэнд нэгэн “Амьд” гэсэн үсэг биччихээд одов. Түүнийг хүн цөм ухсангүй бүхийд Янсю өгүүлрүүн: “Үүдний дотор “Амьд” хэмээх үсэг нэмвээс “Уудам” хэмээх үсэг болой. Чансан хүрээлэнгийн үүд даанч уудам хэмээн жигшжээ” хэмээсэнд дахин хэрэм барьж төгссөн хойно бас Цаоцаог залж үзүүлсэнд Цаоцао ихэд баярлаж асууруун: “Хэн миний энэ санааг мэдэв?” хэмээсэнд жигүүрийн хүн өчрүүн: “Янсю болой”. Цаоцао нүүрт сайшаавч дотроо ихэд жигшсэн бөлгөө. Бас нэгэн өдөр хойд газраас нэгэн багвар тараг хүргэж ирсэнд Цаоцао өөрийн гараар багвар дээр “И Хө сү”(一合酥) хэмээх гурван үсэг бичээд ширээн дээр тавьсаныг Янсю орж үзээд даруй халбага авч олон лугаа хуваан иджээ. Цаоцао учрыг асууваас Янсю өгүүлрүүн:“Багварын дээр ив илхэн нэгэн хүн нэгэн ам тараг хэмээн бичсэн байсан тул ямар аймшиггүй чансангийн зарлигаас зөрчмүй!”. Цаоцао хэдий баярлан инээсэн боловч дотроо таалахгүй. Цаоцао биеэ хүнийг хороогуузай хэмээн айж үргэлж, зүүн баруун этгээдийн ардад хэлрүүн: “Би зүүдээр хүнийг алах дуртай тул миний унтсанд та нар битгий ойр ирэгтүн!” хэмээсэн бөлгөө.Нэгэн өдөр цацарт хэвтээд хучсан хөнжил газарт унасныг ойр зарагдах нэгэн хүн яаран авч хучиж өгсөнд Цаоцао үсэрхийлэн босож, илдийг сугалан авч цавчин алаад дахин ширээнд гарч унтав. Нилээд удаж босоод цочиж асууруун: “Хэн хүн миний ойр зарах хүнийг алав?”. Олон цөм үнэнээр хэлсэнд Цаоцао гашуудан уйлж хүндээр оршуулав. Хүн цөм Цаоцаог үнэхээр нойроо харамлан хүнийг алав хэмээмүй. Гагц Янсю түүний санааг мэдээд оршуулах үест хүүрийг зааж шүүрс алдаж өгүүлрүүн: “Чансан зүүдэн дотор бус, авгай чи зүүдний доторх буй болой” хэмээснийг Цаоцао сонсоод нэн занав. Цаоцаогийн гуравдугаар хөвгүүн Цаожи, Янсюгийн эрдмийг бахдах тул үргэлж залж авчран шүүмжилж, шөнө дуустал зогсохгүй. Цаоцао олон лугаа зөвлөж, “Цаожид угсаа залгамжлуулсугай!” хэмээснийг Цаопэй сонсоод сэмээр Чаогө газрын дарга түшмэл үжиг залж дотор ордонд аваачиж зөвлөхдөө хүнд сэрэгдүүзэй хэмээн үжиг их авдарт агуулаад “Дотор торго буй” хэмээн авч орсныг Янсю тэр үйлийн мэдээд, шууд ирж Цаоцаод хэлэв. Цаоцао хүнээр Цаопэйгийн үүдний гадна хүлээн байцаахад Цаопэй яаран үжид хэлбээс үжи өгүүлрүүн: “Зовох явдалгүй! Маргааш их авдарт торго агуулан дахин оруулж хуурсугай!” хэмээсэнд Цаопэй үгийг дагаж их авдарт торго агуулан авчирсанд элч авдрыг нэгжвээс үнэхээр торго тул эгж Цаоцаод хэлсэнд Цаоцао “Арга бодож Цаопэйг хөнөөх санаа агуулжээ” хэмээн сэжиглээд Янсюг нэн жигшив.
Цаоцао Цаопэй болон Цаожигийн эрдмийг шалгасугай хэмээн нэгэн өдөр “Тус бүр Ечэн хотын хаалгаар гарагтун!” хэмээн өгүүлээд сэмээр хүн зарж “Тэднийг битгий гаргагтун!” хэмээн цаазлав. Цаопэй урьд хүрсэнд хаалганы түшмэл хориглон зогсоосонд аргагүй буцаж иржээ. Цаожи сонсоод Янсюгээс асуусанд Янсю өгүүлрүүн: “Авгай вангийн зарлигийг хүлээж гарах тул хэрвээ зогсоогчид буй бөгөөс даруй албаас зохимуй” хэмээв. Цаожи үгийг дагаж хаалганд хүртэл хаалганы түшмэл гаргахгүй тул Цаожи зандарч өгүүлрүүн: “Би вангийн зарлигийг хүлээн авсан тул хэн аймшиггүй зогсооно вэ!” хэмээгээд даруй алав. Түүнээс Цаоцао, Цаожиг чадвартай хэмээсэн бөлгөө. Хожим нэгэн хүмүүн Цаоцаод хэлрүүн: “Энэ Янсюгийн сургасан нь болой” хэмээхэд Цаоцао ихэд хилэгнэж тийнхүү Цаожиг бас ч таалах, баясахгүй болжээ. Янсю бас Цаожигийн төлөө хариу өчих арван хэдэн зүйлийн арга зааж сургасанд, Цаоцао ихэд сэжиглэнэм бөлгөө. Хожим Цаопэй, Цаожигийн доорхи хүнд хулгаж эд өгч хариулан өчих сургаалыг хулгайлж аваад Цаоцаод хэлсэнд Цаоцао үзээд ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Бэртэгчин эр ямар аймшиггүй намайг мэхлэмүй” хэмээгээд тэр үесээс эхлэн Янсюг алах сэтгэл төржээ. Өдгөө цэргийн сэтгэлийг самууруулснаар ял болгон алсан ажгуу. Янсю үхэх үес гучин дөрвөн настай байжээ. Хожмын хүний шүлгийн үг:
“Илүү сэргэлэн Ян Дөзүгийн39 бие
Үе улиран хатгуур залааг залгамжилжээ
Бийрийн үзүүр зуун луу могой мурилзаад
Цээжний дотор хэмэрлэг даж40 агуулжээ
Өгүүлэн хэлэлцэхэд дөрвөн суудлыг цочоогоод
Өчин хариулахад олон эрдэмтнийг манлайлмуй
Оюуны ихдээ хордсоноос бус
Ухрах цэрэгт огт харьяагүй”
39 Янсюгийн өргөсөн нэр
40 Элдэв муу тохиол, азгүй явдал
Цаоцао Янсюг алсан хойноо бас зоримог хилэгнэж “Ся Хоудүнийг алсугай!” хэмээсэнд олон түшмэд гуйж хэлтрүүлсэнд Цаоцао Ся Хоудүнийг зандарч эгүүлээд цааз зарлаж “Маргааш цэрэг ормуй!” хэмээв.
Дэд өдөр цэрэг хэвгий завын амнаас гарвал өмнө нэгэн салааны цэрэг жагсаажээ. Тэргүүлсэн их жанжин Вэй Янь болой. Цаоцао Вэй Янийг “Дагагтун!” хэмээн дуудваас Вэй Янь ихэд хараав. Цаоцао Пандөг “Байлдахаар оч!” хэмээн гаргаад хоёр жанжин хараахан байлдахад Цаоцаогийн хүрээний дотроос гал гарав. Хүн ирж хэлрүүн: “Мачао дунд хойд хоёр хүрээг булаав” хэмээмүй.
Цаоцао илдээ сугалан гартаа барьж өгүүлрүүн: “Олон жанжин нараас хойш буруулбаас алмуй!” хэмээсэн хойно олон жанжин нар хүчлэн орж байлдсанд, Вэй Янь хуурмаг буруулан дутаав. Цаоцао сая цэргийг дохиж хойш мачаотай байлдуулж, өөрөө өндөр газарт зогсож хоёр этгээдийн цэргийн тэмцэн байлдахыг үзэж атал гэнэт Вэй Янь нүүрний өмнө дайран ирж их дуугаар бархиран: “Вэй Янь энд буй” хэмээгээд нуманд зэв онилж харвахад, Цаоцао оногдон мориноос урвалхийлэн унажээ. Вэй Янь нумыг хаяад илдээ сугалж, морио давхиулан уулын дээр Цаоцаог алахаар ирвээс хажуугаас нэгэн жанжин гарч ирэн өндөр дуугаар “Миний эзнийг битгий хөнөө!” хэмээмүй, үзвээс Пандө ажгуу. Пандө шаламгайлан орж байлдаад Вэй Янийг эгүүлж Цаоцаог халхлан урагш ороход, Мачаогийн цэрэг нэгэнт эгсэн тул Цаоцао шарх олж хүрээндээ оров. Харин Цаоцао Вэй Яньд харвагдан, үүдэн шүд хоёр унасан тул яаран эмч авчирч засуулахдаа сая Янсюгийн үгийг санаж олоод ясыг хурааж зузаан оршуулсан хойно “Даруй эгэгтүн!” хэмээн зарлаж Пандөгөөр хойно хайгуул болгож Цаоцао эсгий тэргэнд хэвтэж, зүүн баруун этгээдэд торгон цэрэг хамгаалан явж атал гэнэт хүн ирж хэлрүүн: “Хэвгий зав уулын дээр хоёр этгээд гал мандаад бүгсэн цэрэг нэхэж ирэв” хэмээсэнд Цаоцаогийн цэрэг бүгд цочин аюужээ. Энэ чухамхүү:
“Эрт өдрийн Тунгуань боомтын гамшиг лугаа адилшиж
Тэр улаан хавцлын бэрх лүгээ бараг болжээ”
Эгнэгт Цаоцаогийн амь ямар болохыг мэдэхгүй, доорх бүлэгтүзтүгэй!
Сэтгэгдэл ( 1 )
Хятадын дотоодод болоод өнгөрсөн асуудал манайд чмар ч хамаагүй болой. Хятадын ард түмний унших ёстой түүхэн бичгийг монголчууд унших ёстой мэт ингэж тавьж байгаа нь хэний явуулга вэ?