"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 73 ДУГААР БҮЛЭГ
СЮАНЬДӨ ДЭВШИЖ ХАНЬЖУНГИЙН ВАН БОЛСОН ЮНЬЧАН БАЙЛДАЖ СЯН ЯНЗЮНЬ ХОШУУГ АВСАН
Өгүүлэх нь: Цаоцао цэргийг хэвгий завд эгүүлсэнд Кунмин түүний эрхгүй Ханьжуныг гээж буруулахыг мэдээд тийнхүү Мачаогийн зэрэг олон жанжин нарыг цэрэг хуваалган арван замаар амруулахгүй байлдуулахад Цаоцао удаан байж чадахгүй болсоны дээр бас Вэй Яньд нэгэнтээ харвагдаад, яаран цэрэг эгэх үед олон цэрэг нэгэнтээ сүр буураад, өмнө анги дөнгөж мордсонд хоёр этгээдээс гал мандаж Мачаогийн бүгсэн цэрэг нэхэж ирсэн тул Цаоцаогийн жанжид цэрэг хүн бүр шижигнэн бэгтэрсэнд Цаоцао бас “Хурдан яв!” хэмээн зарласнаар өдөр шөнийн хувьд зогсолгүй буруулсаар шууд Зинжаод хүрээд сая сэтгэл амрав.
Тэндээс Сюаньдө Люфэн, Мөнда, Ванпин нарыг илгээж Шан Юнгийн олон хошууг байлдуулахад Шөн Дань нар “Цаоцао Ханьжун газрыг гээж одов” хэмээн сонсоод цөм дагав. Сюаньдө иргэнийг тохинуулсан хойно олон цэргийг шагнасанд хүний сэтгэл тэсгэлгүй баясав. Түүнээс олон жанжин нар цөм Сюаньдөг өргөж хаан суулгах санаатай боловч шууд хэлж чадахгүй тул Жугө Лян дээр ирж хэлбээс Кунмин өгүүлрүүн: “Миний санаа мөн тогтжээ” хэмээгээд даруй Фажөн нарыг дагуулан орж, Любэйд өгүүлрүүн:“Өдгөө Цаоцао эрхийг зориудаад, зуун овгийн иргэнд эзэнгүй болжээ. Эзэн гүнгийн өршөөл дэлхий дахинд илэрч өнөө нэгэнтээ хоёр Чуаньгийн газрыг олсон тул тэнгэрт нийцүүлэн хүний зүйг дагаж, хаан сууринд сууваас нэр төв, үг эевэргүү болж, хулгайг байлдваас зохимуй. Хэргийг алгуурлаж болохгүй өлзийт сайн өдрийг сонгомуй!” хэмээхэд Сюаньдө ихэд цочиж өгүүлрүүн: “Цэргийн багшийн үг цалгайрчээ. Любэй би хэдий Хань улсын угсаа боловч сайд түшмэл болой. Хэрвээ энэ үйлийг үйлдвээс Хань улсаас урвасан нь бөлгөө”. Кунмин өгүүлрүүн: “Тийм бус. Өдгөө дэлхий дахин эвдрээд аруухан баатар нар цугаар дэгдэж тус бүр нэжгээд зовхисыг эзэлжээ.
Дөрвөн далайн доторхи эрдэм чадалтан үхэхийг тэвчээд, амьдрахыг умартаж, түүний дээдийг үйлчлэх нь цөмөөр нэр гавьяа байгуулахын учир болой. Өдгөө эзэн гүн сэжиглэлээс зайлж журмыг сахиад олон хүний эрмэлзэн хүсэхийг алдахаас эмээх тул, эзэн гүн боловсруулан санаж үзмүй!”. Сюаньдө өгүүлрүүн: “Би хэтрэмхийлэн эрхэм сууринд суухыг яавч явахгүй! Та нар дахиж ордомжлох аргыг зөвлөгтүн!”. Олон жанжин нар цугаар өгүүлрүүн: “Эзэн гүн хэрвээ энэ мэт түлхлэвээс олны сэтгэлийг алдмуй”. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн угаас журмыг үндэс болгох тул эрхэм нарийг даруй хүлээн авахгүй гэвэл одоохондоо Зин, Сян хийгээд хоёр Чуаньгийн газрыг олсон тул, түр Ханьжун Ван болбоос зохимуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Та нар хэдий өргөж намайг Ван болгосугай хэмээвч тэнгэрийн хөвгүүний тодорхой Жао бичгийг олохгүй болбоос даруй хэтрэмхийлсэн хэрэг болой”. Кунмин өгүүлрүүн: “Өдгөө эрхэд дагуулбаас зохимуй. Даанч хэвийн ёсыг хатуу сахиж болохгүй болой”. Жанфэй өндөр дуугаар дуудан хэлрүүн: “Өөр овогт хүн харин ч хаан болсугай хэмээн ахуй тул ах Хань улсын хааны удам болохыг өгүүлэх юун? Ханьжун Ван байтугай даруй хаан суувч эс болох явдалгүй бөлгөө”. Сюаньдө зандарч өгүүлрүүн: “Чи битгий олон өгүүлэхтүн!”. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн зохисыг үзэж, эрхээр болгон, урьдаар Ханьжун Вангийн сууринд суугаад, дараа илтгэл хийж хаанд айлтгахад эс хожимдмуй” хэмээв. Сюаньдө ямагт маргаваас болохгүй тул аргагүй дагав. Амгалан байгуулагчийн хорин дөрөвдүгээр оны намрын тэргүүн сар, Мянь Янгийн газарт мандал байгуулж, эргэн тойрон есөн газар таван зүгээр хувааж, тус бүр тут далбаа жагсаалын юмыг жагсаан бичиг цэргийн түшмэд цөм дэс дараагаар зэрэгцэн зогссон хойно, Сюйзин, Фажөн хоёул Сюаньдөг залж мандалд дэвшээд ёст малгай, тамга цомцгийг өргөсний дараа, өмнө зүг хандаж суулгаад бичиг цэргийн түшмэд Ханьжун Ванд баярлах ёсоор мөргөв. Хөвгүүн Лючанийг вангийн угсаа залгамжлагч болгож, Сюйзинийг Дайфу, Фажөнг эрхин сайд, Жугө Ляныг Жунши өргөмжлөн, улс цэргийн бүгд хэргийг ерөнхийлөн захируулав. Гуань Юй, Жанфэй, Жао Юнь, Мачао, Хуанжуныг таван барсын жанжин, Вэй Янийг Ханьжун газрын тайшоу түшмэл болгоод түүнээс өөрийг тус бүр гавьяад нийцүүлэн зэрэг хэргэм тогтоон өгчээ. Сюаньдө нэгэнтээ Ханьжун Ван болсон хойноо даруй нэгэн ороодос илтгэл бичиг үйлдэж элчээр бариулан Сюйдүд өргөхөөр илгээв. Тэр илтгэлийн үг нь:
“Любэй би сайдын чадлаар дээд жанжны хэргэмийг хулээж бүгд цэргийг ерөнхийлөн захирав. Зарлигийг хүлээн гадаад мужид байхдаа, хулгайн зовлонг арилган вангийн төрийг тохууруулан чадахгүй, хааны гэгээн сургаалыг саатуулав. Дэлхий дахин дөрвөн зүгт самууран энх болоогүй тул гагц бие зовж урвалхийлэн хөрвөж толгой өвдөх болой. Эрт Дунжуо самууныг үүсгэснээс нааш олон муу эрэлхэг хөндлөн гулд явж, далайн дотоод тэр аяараа хохиров. Хааны Богд эрдмийн сүрд итгэж, олон түшмэд бүгдээр туслан зарим нь шударга журмыг гүйцэтгэж, шаламгайлан байлдаж, эсвээс дээд тэнгэр ял буулгаж, сөргүү догшныг хамтаар алаад, мөс хайлах мэт улмаар устав. Гагц Цаоцаог удтал арилган чадаагүй тул улсын эрхийг эзлээд, санааны дураар самууны туйлд хүрснийг сайд би урьд тэрэг хөлөглөгч жанжин Дүнчэнгийн хамт Цаоцаог арилгасугай хэмээн зөвлөсөнд үйлийг нарийвчласангүй тул Дүнчэн харин хөнөөгдөв. Сайд би зайлж яван сахилтыг алдаад шударга журмыг гүйцэтгэсэнгүй тийнхүү Цаоцаогийн муу нэнд сөрөөд, хатныг алж, тайжыг хорлов. Хэдий амалдаж хамтаар үг нийлэн хүч гаргасугай хэмээвч, уйлхай үхээнц, цэрэггүй тул хэд хэдэн жил тус гарсангүй. Үргэлж бие бараад, улсын хишгийг үтээрүүзэй хэмээн унтаж хэвтэхэд шүүрс алдаж, шөнө зовж тийчигнэн зогсохгүй. Өдгөө сайд миний олон түшмэд, эртний Юшу бичигт есөн төрөлд хүртэл хөхүүлэн, жигүүр мэт хөгжсөнийг хаан, ван харилцан уламжилсаар энэ ёсыг гээсэнгүй хэмээмүй. Жоу улс хоёр үеийг үйлдэж Зи овогтныг хамт байгуулсан нь үнэндээ Зинь, Жэнь хоёр улс хүч хавсран тусалсны учир болой. Гаозу хаан сууринд суусан цагт дүү нар хүүхдийг Ван болгож есөн улс нээн, эцэстээ олон Люг алан, их угсааг амар болгожээ. Өдгөө Цаоцао чигчид муу, төвийг жигшиж, харгис сэтгэлийг өвөрлөн, суурнийг булаах үйл нэгэнтээ илрээд угсаа төрөл үхээнц буурай болж, хааны удам орон суудалгүй
Болсон тул, эртний хуулийг бодож зохисыг үзэн эрхээр болгож сайд намайг айлтган Да Сыма түшмэл Ханьжун Ван болгов. Сайд би дахин давтан мэхийн санаваас улсын зузаан хишгийг хүртээд нэгэн зовхисыг эзлэж хүч гарган тус хийсэнгүй, ял олсон атал эрхэм суурийг гутааж сууваас зохихгүй, муушаах үйл олон болжээ. Гагц олон түшмэд гачигдуулан, сайд намайг журам хэмээн шахамдуулах тул эрэгцүүлэн бодвоос хулгай худлыг арилган чадсангүй, улсын зовлонг зогсоогоогүй бөгөөд өвгөсийн сүм унамаар болоод, улс төр эвдрэх шахсанд сайд би үнэхээр зовж өдөр бүр толгой хагарах адил болов. Хэрвээ эрхийг дагаж гүйцэтгэн, зүй зохисыг үзэж улируулаад, улс төрийг амар болгоход ус галанд ормуй гэвч маргаж зайлах газаргүй. Тийнхүү олны үгсийг дагаад тамга цомцгийг мөргөж хүлээн аваад улсын сүрийг эрхэмлэжээ. Дээш хандан санаваас хэргэм цол суурины өндөр, хааны хишиг маш зузаан тул, хариулахыг сэтгэлд агуулж мэхийн бодвоос, тушаал нь үнэхээр хүндэд шижигнэн эмээж зогсохгүй бөгөөд уул завд хүрсэн мэт тул ямар аймшиггүй хүч гүйцэтгэн, бүх цэргийг хөгжөөн шагнаж, олон журамт ардыг авч тэнгэрт нийцүүлэн, цагийг дагаж, муу тэрслүүг байлдан барьж, улс төрийг амар болгох зүгт чармайн хариулахгүй аж. Үүний тул хичээнгүйлэн илтгэл бичиг айлтгаж дээр сонсгомуй” хэмээжээ.
Илтгэл бичиг Сюйдүд хүрсэнд Цаоцао Езюнь хошуунд аж. Сюаньдөгийн Ханьжун Ван болсныг сонсоод ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Чийрс гөрсөн бага хөвгүүн юун аймшиггүй ийн аашилмуй. Би чамайг амалдаж сөнөөмүй!” хэмээгээд даруй цааз зарлан улсын цэргийг дуусган байгуулж “Хоёр Чуаньд очиж, Ханьжун Ван лугаа эрэгчин эмэгчинг ялгасугай!” хэмээхэд нэгэн хүн зэргээс гараад хориглож хэлрүүн: “Их ван нэгэн цагийн хилэнгээр өөрийн биеэ зүдээж, хол байлдахаар очиж болохгүй! Сайд надад нэгэн арга буй бөгөөд нуманд зэв онилохгүйгээр Любэйг Шу улсад суусаар өөрөө зовлонг амсуулсугай. Түүний цэрэг бууран хүч мохсонд гагц нэгэн жанжныг илгээн байлдуулбаас даруй гавьяа бүтэх болой”. Цаоцао тэр хүнийг үзвээс Сыма И болой. Цаоцао ихэд баярлаж асууруун: “Жундад41 ямар дээд арга буй?”. Сыма И өгүүлрүүн: “Зяндунгийн Сүньцуань охин дүүгээ Любэйд холбоод бас чөлөөг үзэж буцааж эгүүлэн авчээ. Любэй бас Зинжоуг эзлээд эгүүлэн өгөхгүй тул харилцан цөм шүд зуух өшөөтэй болсон бөлгөө. Өдгөө нэгэн үгэнд сайн хүнийг зарж бичиг бариулан Сүньцуаньд золгон хэлэлцүүлж цэрэг хөдөлгөн Зинжоуг авахаар илгээвээс Любэй эрхгүй хоёр Чуаний цэргийг илгээж Зинжоуд туслах болно. Тэр цагт Ван цэрэглэн Ханьчуанийг авахаар одвоос Любэй тэргүүн сүүлийг хамгаалан чадахгүй болж лав хүч буурмуй” хэмээн хариулав.
41 Сыма Игийн өргөсөн нэр
Түүнээс Цаоцао ихэд баярлаж даруй бичиг хийлгэн Маньчунг элч болгон шөнө дөлөөр Зяндунд зарж Сүньцуаньд золгохоор илгээв. Сүньцуань Маньчунгийн ирсэнийг сонсоод даруй олон зөвлөлийн түшмэд лүгээ зөвлөхөд Жанжао дэвшиж өгүүлрүүн: “Вэй улс, ү улс хоёр угаас өшөөгүй бөлгөө. Урьд Жугө Лянгийн үгэнд ороод хоёр улс завсардан жил бүр байлдан зогсохгүй олон амьтныг зовлон амсуулахад хүргүүлжээ. Өдгөө мань Бөнин ирсэн нь эрхгүй зохицсугай хэмээх санаа болой. Ёсчлон угтваас зохимуй”. Сүньцуань үгийг дагаж олон зөвлөлийн түшмэдийг зарж Маньчунг угтуулсанд хотод ороод золгож ёслон дууссан хойно Сүньцуань зочны ёсоор хүндлэв. Маньчун, Цаоцаогийн бичгийг өргөж өгүүлрүүн: “Ү улс, Вэй улс угаас өшөөгүй бөлгөө. Цөм Любэйгийн учирт харилцан завсартай болжээ. Өдгөө Вэй Ван намайг энд илгээсэн нь “Жанжин лугаа болзон Зинжоуг байлдаж, Вэй ван цэрэг авч Ханьчуаньд ороод тэргүүн сүүлийг хавчин байлдаж Любэйг эвдсэн хойно, хоёр этгээд газар орныг адилаар хуваагаад, хэрхивч харилцан хөнөөлдөхгүй болсугай!” хэмээмүй”. Сүньцуань бичгийг үзэж дуусаад хурим бэлтгэж Маньчун лугаа хуримласан хойно буух гэрт хүргэв.
Түүнээс Сүньцуань олон зөвлөлийн сайд лугаа зөвлөхөд Гү Юн өгүүлрүүн: “Хэдий биднийг оруулан хэлэлцвээс үүний дотор учир буй. Нэгэнтээгүүр Маньчунг эгүүлэн, Цаоцао лугаа болзож тэргүүн сүүлийг хавчиж байлдаад, нөгөөтээгүүр хүн зарж мөрнийг гэтлээд Юньчангийн байдлыг сурвалжлан ирж хэрэг үүсгэвээс сая болмуй”. Жугө Зинь өгүүлрүүн: “Би сонсвоос Юньчан Зинжоуд ирсэн хойно Любэй эхнэр авч өгөөд урьдаар нэгэн хөвгүүн төрөөд хожим нэгэн охин төржээ. Охин нь бага асаар тул хүнд ам алдаагүй хэмээмүй. Би одож эзэн гүнгийн ахмад хөвгүүнд ураг гуйн хэлэлцсүгэй! Юньчан үгийг дагах болбоос даруй Юньчан лугаа хамт зөвлөөд Цаоцаог эвдлэсүгэй! Юньчан болохгүй болбоос хожим Цаоцаод тусалж Зинжоуг авсугай!”. Сүньцуань түүний саналыг дагаж урьдаар Маньчунг Сюйдүд эгүүлээд Жугө Зинийг элч болгон зарсанд Зинжоугийн зүг ирж хотод ороод золгож ёслон дууссан хойно Юньчан өгүүлрүүн: “Зи Юйгийн энэ ирсэн нь ямар санаа буй?” гэжээ. “Тусгайлан хоёр гэр сайнаар зохицсугай хэмээн ирэв. Миний эзэн Үхоу42-д нэгэн хөвгүүн буй. Маш цэцэн гэгээн. Жанжинд нэгэн охин буй тул ураг барилдаж хоёр гэр харилцан янаг болоод хамтын хүчээр Цаоцаог эвдлэсүгэй хэмээмүй. Энэ үнэхээр сайхан хэрэг тул эрхэм та хянан тогтоохыг хүсмүй”. Юньчан ихэд хилэгнэж хэлрүүн: “Миний барсын охиныг яахин нохойн хөвгүүнд холбомуй? Би чиний дүүгийн нүүрийг үзэхгүй бөгөөс зогсоогоор чинь тэргүүнийг цавчих бөлгөө. Жич олон юм битгий өгүүл!” хэмээгээд даруй зүүн баруун этгээдийн ардыг дуудаж “Үлдэн гарга!” хэмээхэд Жугө Зинь яаран гараад эгж үхоуд далдлахгүйгээр үнэнийг хэлсэн хойно Сүньцуань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Даанч ёсгүй!” хэмээгээд даруй Жанжао нарын бичиг цэргийн түшмэд лүгээ Зинжоуг авах аргыг зөвлөвөөс Бужи өгүүлрүүн: “Цаоцао хэдийн Хань төрийг булаасугай хэмээгээд гагц эмээх нь Любэй болой.
42 Сүньцуаньгийн хэргэм зэрэг
Өдгөө элч зарж ү улсыг цэрэглэн Шу улсыг автугай хэмээх нь зовлонг манай улсад шилжүүлэх нь болой”. Сүньцуань өгүүлрүүн: “Мөхөс би бас Зинжоуг авсугай хэмээн санаж удав”. Бужи өгүүлрүүн: “Өдгөө Цаорэнь, Сян Ян, Фаньчэнд цэрэг суулгаж байхын дээр бас Хөх мөрний бэрх үгүй. Хуурай замаар Зинжоуг авч болох атал юунд тэгэхгүй харин эзэн гүнгээр цэрэг хөдөлгүүлмүй? Үүнээс даруй түүний сэтгэлийг мэдэж болох болой. Эзэн гүн Сюйдүд элч зарж Цаоцаод золгуулаад “Цаорэнийг хуурай замаар түрүүлж цэрэг оруулж Зинжоуг авагтун!” хэмээвэл Юньчан эрхгүй Зинжоугийн цэргийг хураагаад Фаньчэнг авахаар одмуй. Юньчан хэрвээ хөдөлсөнд, эзэн гүн нэгэн жанжныг илгээж Зинжоуг хулган авбаас хөдлөсөн даруйдаа бүтэх болой”. Сүньцуань үгийг дагаж, даруй элч зарж, мөрнийг гэтлэн Цаоцаод бичиг өргөж, энэ хэргийг жагсаан өгүүлбээс Цаоцао ихэд баярлаж элчийг урьдаар эгүүлээд даруй Маньчунг Цаорэньд туслах Цаньмуо түшмэл болгон Фаньчэнд илгээгээд, цэрэг хөдөлгөхийг зөвдөж нэгэнтээгүүр
Зүүн ү улсад бичиг илгээн “Усан замаар тусалж Зинжоуг авагтун!”.
Тэндээс Ханьжун Ван43, Вэй Яньгаар бүгд цэргийг ерөнхийлөн захируулж Дунчуаньгийн газрыг сахиулаад зуун түшмэдийг авч Чөндүд эгэв. Түшмэл гаргаж орд харш байгуулан, бас Чөндүгээс Вэйшүй газарт хүртэл дөрвөн зуу илүү өртөө гэр байгуулаад, амуу өвсийг үлэмж хураан, цэргийн зэвсгийг ихэд бэлтгэж, Жун Юаньгийн газрыг авсугай хэмээмүй. Тагнуулч Цаоцаогийн “Зүүн Ү улс лугаа хамт нийлэн, Зинжоуг авсугай!” хэмээх мэдээг нисэх мэт Шу улсад хэлэхээр ирсэнд Ханьжун Ван яаран Кунминийг залж зөвлөхөд Кунмин өгүүлрүүн: “Цаоцаогийн энэ аргыг би хэдийнэ бодож мэдсэн бөлгөө. Гэвч зүүн Ү улсад бодлоготон ард үлэмж тул эрхгүй Цаоцаог Цаорэньгээр урьд цэрэг оруул хэмээх болой”. Ханьжун Ван өгүүлрүүн: “Ийм болбоос яамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Элч зарж Юньчанд бичиг илгээж урьдаар цэрэглүүлэн Фаньчэн хотыг авахаар илгээвээс дайсны цэрэг эмээж өөрөө эгмүй”. Ханьжун Ван даруй сыма түшмэл Фэйшиг элч болгон зарлиг бичгийг бариулаад Зинжоуд илгээсэнд Юньчан хотоос гарч угтан авч оруулаад яаманд хүрч ёсолж дууссан хойно Юньчан асууруун: “Ханьжун Ван намайг ямар түшмэлд өргөмжлөв?”. Фэйши өчрүүн: “Таван барсын жанжны тэргүүлэгч болой”. Юньчан асууруун: “Хэн хэн таван барсын жанжин буй за?”.
43 Лю Сюаньдөгийн шинэ хэргэм зэрэг
Фэйши өгүүлрүүн: “Гуань Юй, Жанфэй, Жао Зылун, Мачао, Хуанжун нар бөлгөө”. Юньчан ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Идө миний дүү болой. Мөнци үе улирсан сурвалжит гэрийн үр. Зылун миний ахыг удтал дагасан тул даруй миний дүү мэт тул харин над лугаа зэрэгцэж болмуй. Хуанжун ямар зэргийн хүн болоод над лугаа зэрэгцмүй? Эр хүн болж төрөөд хэрхивч хөгшин цэрэг лүгээ хамт болохгүй” хэмээн тамгыг хүлээн авахгүйд Фэйши инээж өгүүлрүүн: “Жанжин ташаарав. Эрт Сяохө, Цаоцань, цөм бяцханаас Гаозу44 лугаа хамт хэрэг үүсгээд, маш янаг ойр байсан билээ. Гэвч Ханьсинь нь Чу улсын оргодол жанжин бөгөөд Ханьсинь Ван болоод, харин Сяо, Цаогаас дээд болсон атал Сяо, Цао түүний учир гасласан гэж сонссонгүй. Өдгөө Ханьжун Ван хэдий таван барсын жанжны өргөмжлөл авч, жанжин лугаа ах дүүгийн журам аж. Нэгэн биеийн адил жанжин мөн Ханьжун Ван бөгөөд, Ханьжун Ван даруй жанжин болой. Хэрхин бусад хүн лүгээ адилтган хэлж болох аж. Нэнд жанжин Ханьжун Вангийн зузаан хишигт хүртэж, баярлах зовохыг цугаар эдлэн, гамшиг буяныг хамтатгах тул зэрэг хэргэмийн өндөр богиныг тэмцэлдэж зохихгүй болой. Жанжний боловсруулан бодохыг хүсмүй”. Юньчан ихэд сэрэгдээд, дахин давтан ёсолж хэлрүүн: “Миний гэгээн бусыг эрхэм та сургасангүй болбоос бараг их үйлийг саатуулах бөлгөө” хэмээгээд даруй тамга, цомцгийг хүлээн авав.
44 Хань улсыг анх байгуулсан хаан Любаныг хэлж байна.
Түүнээс Фэйши сая Вангийн зарлиг бичгийг гарган өгч Юньчаныг цэрэг авч Фаньчэн хотыг авагтун хэмээсэнд Юньчан захиаг даган Фу Ширэнь, Мифан хоёулыг гавшгай болгож урьдаар нэгэн салааны цэрэг авч Зинжоу хотын гадна байгуулаад, нэгэнтээгүүр хот дотор хурим бэлтгэж Фэйшиг хүндлээд архи уусаар хоёрдугаар жин болсонд гэнэт мэдүүлрүүн: “Хотын гадна цэргийн хүрээнд гал гарав!” хэмээмүй. Юньчан хуяглан өмсөж, морь унаад хотоос гарч үзвэл харин Фу Ширэнь, Мифан хоёр архи ууж цацрын хойно гал алдаад буун дарь ноцож, хүрээ бүхэн бургилдаад цэргийн зэвсэг амуу өвсийг дуусган шатаав. Юньчан цэрэг авч сөнөөгөөд дөрөвдүгээр жинд сая сөнөөн дуусажээ. Юньчан хотод ороод Фу Ширэнь, Мифаныг дуудан ирж донгодон өгүүлрүүн: “Би танай хоёулыг гавшгай болгож цэрэг гараагүйгээр урьд өчнөөн зэвсэг, амуу өвсийг түлээд, гал буу өөрийн цэрэг морийг харваж үхүүлжээ. Энэ мэт хэргийг саатуулбаас танай хоёулаа юу хиймүй? Түргэнээ аваачиж ал!” хэмээхэд Фэйши хориглон өгүүлрүүн: “Цэрэг гарахын урьд их жанжныг албаас цэрэглэхэд тусгүй! Түр ялыг хэлтрүүлмүй” гэсэнд Юньчангийн хилэн намдаагүй хоёулыг зандарч хэлрүүн: “Би Фэйшигийн нүүрийг бодоогүй болбоос та хоёрыг эрхгүй алах байлаа” хэмээгээд цэргийн ардыг дуудан тус бүр дөчөөд мод занчаад гавшгайн тамгыг хурааж мифанд “Нанзюнь хошууг сахь!” Фу Ширэньд “Гүн Ань газрыг сахь!” хэмээгээд Юньчан өгүүлрүүн: “Би дийлж эгтэл та хоёр хэргийг баахан саатуулсан байваас хоёр ялыг хамт хийсүгэй!” хэмээсэнд хоёул маш ичингүйрч “Мөн!” хэмээн эгэв. Юньчан даруй ляохуаг гавшгай болгон Гуаньпинийг мөрний жанжин болгоод өөрийн бие дундадын цэрэгт болж, Малян, Изи хоёрыг Цаньмуо түшмэл болгон хамт мордсугай хэмээв. Урьдаар Хухуагийн хөвгүүн Хубань, Зинжоуд Гуань гүнийг дагахаар ирсэнд Гуань гүн түүний эрт өдрийн тэнхрүүлсэн сэтгэлгээг бодож маш өршөөн Фэйшиг дагалдуулан Сычуаньд очуулж Ханьжун Вангаас “Хэргэм хүлээхээр оч!” хэмээсэнд Фэйши Гуань гүнгээс салж Хубанийг дагуулан Шу улсад эгэв. Тэндээс Гуань гүн тэр өдөр жанжин тугийг тахиад цацарт хэвтэж унтсанд гэнэтхэн үхрийн мэт их нэгэн гахай, бие бэхийн хар өнгөтэй, цацарт гүйн орж ирээд Юньчангийн хөлийг зуумуй. Юньчан ихэд хилэгнэн яаран илдээ сугалаад цавчихад торгыг татаж хаглах адил дуу гарч агшин зуур цочин сэрвээс зүүд болжээ. Зүүн хөл ивэр, живэр баахан өвдөх мэт тул дотроо сэжиглэж Гуаньпинийг дуудаж ирүүлээд зүүдийг хэлбээс Гуаньпин өгүүлрүүн: “Гахай хэмээгч луугийн байдал. Луу хөлийг зууваас дээш дэгдэн дэвших нь болой. Сэжиглэх хэрэггүй!” хэмээв. Юньчан бас олон түшмэд нарыг цацарт цуглуулан зүүдээ хэлбээс зарим хүн сайн ёр хэмээмүй. Зарим хүн муу ёр хэмээж олны үг адилгүй. Юньчан өгүүлрүүн: “Ихэс эр болон төрөөд жаран нас шахсан тул хэдий үхэвч ямар гомдол буй?” хэмээн хараахан хэлэлцэхэд Шу улсын элч хүрч ирээд Ханьжун Вангийн зарлигийг уламжлан Юньчаныг өмнө жанжин болгоод, хэмжээт цомцог өгч, Зин, Сянгийн есөн хошууны хэргийг ерөнхийлөн захируулсанд Юньчан зарлигийг хүлээн авсан хойно олон түшмэл ёслон баярлаж өгүүлрүүн: “Үүгээр гахай луугийн ёр бэлгэ үзүүлсэнийг мэдэж болмуй” хэмээв. Түүнээс Юньчан сэжиглэхгүй болоод даруй цэрэг мордон Сян Янгийн их замыг барьж ирэв.
Цаорэнь хотод сууж бүхийд харуулын хүн ирээд “Юньчан цэрэг авч ирэв” хэмээсэнд Цаорэнь ихэд цочиж батлан сахиж гарахгүй хэмээхэд мөрний жанжин Жай Юань өгүүлрүүн: “Өдгөө Вэй Ван жанжныг зүүн Ү улс лугаа хамт нийлэн Зинжоуг ав хэмээсэн бөлгөө. Өдгөө тэр өөрөө ирсэн нь үхэхээ эрж ирсэн болой. Ямар учирт зайлна вэ?” хэмээвээс зөвлөгч түшмэл Маньчун хориглож өгүүлрүүн: “Би угаас Юньчангийн баатар бөгөөд бодлоготойг мэдмүй. Хөнгөлөн байлдаж болохгүй! Баталж сахих нь дээд арга болой” гэхэд баатар жанжин Сяхоу Цүнь өгүүлрүүн: “Энэ бичгийн хүний үг болой. Яахин “Ус ирвээс шороогоор бөглөж, жанжин ирвээс цэргээр угтмуй” хэмээх үгийг сонсонгүй аж. Бидний амар цэргээр түүний зүдсэн цэргийг тулбаас аяндаа дийлмүй”. Цаорэнь үгийг дагаж Маньчунгаар Фаньчэнийг сахиулан, өөрийн бие цэрэг авч Юньчаныг угтахаар ирэв. Юньчан Цаорэньгийн цэрэг ирэхийг сонсоод Гуаньпин Ляохуа хоёр жанжныг дуудаж арга сургаж илгээсэнд Цаорэньгийн цэрэг лүгээ эсэргүүлэн жагсаасан хойноо Ляохуа байлдахаар гарваас Жай Юань угтан гарч, хоёул байлдаж удсангүй Ляохуа зориудаар морио буцааж дутаав. Жай Юань хойноос нэхэхэд Зинжоугийн цэрэг хорин газар эгэв. Дэд өдөр бас ирж өдөөн байлдваас Сяхоу Цүнь, Жай Юань цугаар угтсанд Зинжоугийн цэрэг бас буруулав. Бас хорин газар нэхвээс гэнэт арын хойноос хашхирах дуу ихэд гарч, хэнгэрэг бүрээн дуу цугаар түрхрэхэд Цаорэнь яаран өмнө цэргийг “Хурдан эгэгтүн!” хэмээтэл араас Гуаньпин, Ляохуа алахаар ирсэнд Цаоцаогийн цэрэг ихэд самуурчээ. Цаорэнь аргад унасныг мэдээд урьдаар нэгэн анги цэргийг авч нисэх мэт Сян Янгийн зүг явтал, хотоос хэдэн газрын эцэст хатгамал туг дэрвэлзэн Юньчан морийг татаад дам илдийг хөндлөн барьж, одох замыг хорьжээ. Цаорэнь нар цөм цацран сэтгэл дагжиж аймшиггүй байлдсангүйгээр Сян Янгийн зүг буруулсанд Юньчан нэхсэнгүй. Удалгүй Сяхоу Цүнь цэрэг дагуулан хүрч ирээд Юньчаныг үзээд ихэд хилэгнэн даруй түүн лүгээ байлдаж нэгэн халз тулахын зуур Юньчанд цавчигдаж мориноос унав. Жай Юань буруулан явтал Гуаньпин завдаж хүрээд цавчин алсан хойно дийлсэн хүчээр хөөж алахад Цаоцаогийн цэрэг их хагас Сян Ян мөрөнд унаж үхэв. Цаорэнь эгж Фаньчэнийг сахив. Түүнээс Юньчан, Сян Яныг олоод цэргийг шагнан иргэнийг тохинуулсан хойно, цэргийг дагах Сыма түшмэл Ванфү өгүүлрүүн: “Жанжин нэгэн хэнгэргэнд Сян Яныг олоод хэдий Цаоцаогийн цэрэг цөс хагарсан боловч мунхаг миний санахад өдгөө зүүн Ү улсын Люймөн Люкоугийн аманд цэрэг буулган үргэлж Зинжоуг авахаар санаархаж байгаа. Хэрвээ тэр цэргээ удирдан шууд Зинжоуг авахаар ирвээс яамуй?”. Юньчан өгүүлрүүн: “Би бас ч үүнийг санасаар буй. Чи даруй энэ үйлийг сэрэмжлэхээр оч! Мөрнийг ирмэглэн дээр доор хорин газар буюу эсвээс гучин газрын өндөр газрыг сонгож нэгэн зулын тагт байгуулаад, тагт бүрт тавин цэргийг сахиулаад хэрвээ Ү улсын цэрэг мөрнийг гэтлэх болохул, шөнө болбоос гал өргөж өдөр болбоос утаа тавин тэмдэг болгогтун. Би даруй биеэр байлдахаар одмуй” гэхэд Ванфу өгүүлрүүн: “Мифан, Фу Ширэнь хоёр чухал хавцлыг сахисан тул сэтгэл тавин хүч гаргахгүй нь магад. Эрхбиш жич нэгэн хүнийг олж Зинжоуг ерөнхийлүүлбээс сайн”. Юньчан өгүүлрүүн: “Би нэгэнтээ Дижүн түшмэл Фаньзюнийг зарж сахиулсан тул зовох хэрэг буй?”. Ванфу өгүүлрүүн: “Фаньзюнь ер хартай бөгөөд ашигт дуртай тул тушаан хэрэглэж болохгүй. Цэргийн өмнөх Дүдү, амуу цалинг захирах түшмэл Жаолэйг зарж төлөөлүүлбээс зохимуй. Жаолэй болбоос хүний хувьд шударга бат чигч. Хэрвээ энэ хүнийг хэрэглэвээс түмэнд нэг ч алдагдуулахгүй”. Юньчан өгүүлрүүн: “Би угаас Фаньзюнийг мэдмүй. Өнөө нэгэнтээ тушаан тогтсоныг дахин халж хувьсгах хэрэггүй! Жаолэй өдгөө амуу өвсийг ерөнхийлсөн нь бас ч хүнд чухал алба болой. Чи битгий олонтоо сэжиглэ! Миний төлөө тэмдэг гал тавих тагт байгуулахаар очигтун!” хэмээсэнд Ванфу гаслан салж одов. Юньчан Гуаньпингаар онгоц бэлтгүүлж сянзян мөрнийг гэтлэн “Фанчэнь хотыг байлдахаар очмуй” хэмээв.
Тэндээс Цаорэнь хоёр жанжнаа алдсан тул эгж Фаньчэнг сахин суухдаа Маньчунд хандаж: “Би гүнгийн үгийг авсангүй тул цэрэг дарагдан жанжин хохироод Сян Ян хотыг алдав. Хэрхивээс сайн?”. Маньчун өгүүлрүүн: “Юньчан барс мэт жанжин арга гүйцэд бодлого олон тул хөнгөлөн байлдаж болохгүй. Гагц батлан сахиваас зохимуй” хэмээн хараахан хэлэлцэж бүхийд хүн ирж хэлрүүн: “Юньчан мөрнийг гэтлээд Фанчэнийг авахаар ирмүй” хэмээсэнд Цаорэнь ихэд цочив. Маньчун “Гагц батлан сахьсугай!” хэмээхэд доорхи жанжин Люйчан гэхэлзэн гарч өгүүлрүүн: “Надад хэдэн мянган цэрэг өгвөөс ирэх цэргийг Сянзянгийн дунд байлдаж зогсоохыг хүсмүй”. Маньчун хориглож өгүүлрүүн: “Болохгүй!”. Люйчан хилэгнэж өгүүлрүүн: “Танай зэргийн бичгийн түшмэдийн үгээр гагц батлан сахиад яахин дайсныг эгүүлмүй? Цэргийн бичигт дайсныг хагас гэтлэсэнд байлд хэмээн өгүүлсэнийг чи сонссонгүй юу? Өдгөө Юньчангийн цэрэг Сянзян мөрнийг хагас гэтлэсэн үед яахин байлдахгүй байж аж? Хэрвээ цэрэг хотын дэргэд хүрч ирээд, жанжин гууны ирмэгт хүрвээс даруй байлдахад бэрх болмуй” хэмээсэнд Цаорэнь хоёр мянган цэрэг өгч Люйчаныг Фаньчэн хотоос гаргаж угтан байлдуулав. Люйчан мөрний аманд хүрч ирээд үзвээс өмнө нь хатгамал туг нийлсэн газраас Юньчан илдийг хөндлөн барьж морь унасаар гарч ирэв. Люйчан дөнгөж “Угтан тулсугай!” хэмээтэл хойдох олон цэрэг Юньчангийн сүр жавхланг үзээд байлдахгүйгээр түрүүлж буруулсныг Люйчан зогсоож дийлсэнгүй. Юньчан нэгэн зэрэг хутган алахад Цаоцаогийн цэрэг ихэд дарагдаад, морьт явган цэрэг дийлэнх хагас хохиров. Дарагдсан үлдсэн цэрэг буруулан Фаньчэн хотод орсонд Цаорэнь яаран хүн зарж туслах цэрэг гуйхаар илгээв. Зарсан элч шөнө дөл Чан Ань хотод хүрээд Цаоцаод бичгийг өргөж “Юньчан Сян Яныг аваад, өдгөө Фанчэнийг хааж маш шахам байх тул түргэнээ их жанжныг гарган туслахаар илгээхийг эрээлцэн амуй” хэмээсэнд Цаоцао олны дотроос нэгэн хүнийг зааж өгүүлрүүн: “Чи цэрэг авч очоод хаасныг тайлагтун!” хэмээвээс тэр жанжин даруй өчин гарав. Олон үзвээс Юэзинь ажгуу. Юэзинь өгүүлрүүн: “Би нэгэн жанжныг гуйж гавшгай болгон хамт цэрэг авч одсугай!”. Цаоцао бас олон хүнээс асууруун: “Хэн аймшиггүй гавшгай болж очмуй?”. Нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Би нохой, морины мэт хүчийг гаргаж Гуань овогтныг амьдаар бариад тугийн дор өргөсүгэй!”. Цаоцао үзээд ихэд баярлав. Энэ чухамхүү:
“Зүүн Ү улсын ирж гэтэлхийлэхийг хараагүйгээр
Умард Вэй улсын цэрэг нэмэхийг урьд үзжээ”
Эгнэгт энэ хүн хэн болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )