Гурван улсын үлгэр | 74 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 74 ДҮГЭЭР БҮЛЭГ

ПАН ЛИНМИН ЦЭРГИЙН АРДААР АВС ДАМЖУУРЛУУЛАН ҮХЭН БАЙЛДСАН ГУАНЬ ЮНЬЧАН УС ТАВЬЖ ДОЛООН ХҮРЭЭНИЙ ЦЭРГИЙГ ЖИВҮҮЛСЭН

 

Өгүүлэх нь: Цаоцао Юйзинийг зарж “Фаньчэнийг өмөглүүлсүгэй!” хэмээн олон жанжнаас “Хэн аймшиггүй гавшгай болмуй?” хэмээн асууваас нэгэн хүн өчин гарч ирэв. Цаоцао үзвээс Пандө болой. Цаоцао ихэд баярлаж өгүүлрүүн: “Гуань овогтны сүр хүч дундад оронд алдаршаад түүнд тэнцэгсдэд уулзаагүй бөлгөө. Өдгөө Линминд учирваас үнэхээр хүчтэн дайсан болой” хэмээгээд даруй Юйзинийг өмнөдийг дайлах жанжин, Пандөг баруун нийслэлийг дайлах гавшгайч болгоод, долоон хүрээний цэргийг авч Фаньчэнгийн зүг мордуулав. Энэ долоон хүрээний цэрэг цөм хойд газрын чийрэг идэрхэг бөгөөд цэрэг дагуулсан хоёр түшмэлийн нэгийн нэр Дүнхөн, нэгийн нэр Дүнчао болой. Тэр өдөр олон цэргийн дарга нарыг аваад Юйзиньд ёслон золгоод, Дүнхөн өгүүлрүүн: “Өдгөө жанжин долоон хүрээний их цэргийг авч, Фаньчэнгийн зовлонг тайлахаар одоход хүрсэн даруй эрхгүй дийлэх болой. Гагц Пандөг гавшгай болгосон нь их үйлийг саатуулах бус уу?”. Юйзинь цочин тэр үгийг асууваас Дүнхөн өгүүлрүүн: “Пандө угтаа Мачаогийн доорхи мөрний жанжин мөн бөлгөө. Цухалдаад аргагүйдээ Вэй улсад дагажээ. Өдгөө түүний хуучин эзэн Шу улсад таван барсын жанжны зэрэгт буйн дээр, түүний төрсөн ах Панруо бас л Сычуаньд түшмэл болж буй тул өнөө түүнийг гавшгай болгох нь тосыг үсэргэж галыг сөнөөх мэт болой. Жанжин яахин Вэй ванд тайлан мэдүүлж өөр хүнийг халахгүй буй?” хэмээв.

Түүнээс Юйзинь тэр үгийг сонсоод шөнө дөл Цаоцаогийн дэргэд ирж тайлан хэлсэн хойно Цаоцао сэрэгдээд даруй Пандөг яндрын дор дуудан ирж гавшгайн тамгыг эгүүлэн авахад Пандө ихэд гэлмэж өгүүлрүүн: “Би ямагт их ванд хүч гарган хариулсугай хэмээтэл юуны учир хэрэглэхгүй болсон аж?”. Цаоцао өгүүлрүүн: “Би чамайг харин сэжиглэхгүй бөлгөө. Гагц Мачао өдгөө Сычуаньд аж, чиний ах Панруо бас ч тэнд Любэйд тусалж ахуй тул би сэжиглэхгүй хэрхсү? Олон хүний амыг яанам?”. Пандө сонсоод малгайгаа аваад, мөргөлхийлэн нүүр дүүрэн цус урсгаж өгүүлрүүн: “Би Ханьжунгаас их ванд дагасны хойно, үргэлж зузаан хишгийг санаж элэг тархийг газарт элээвч ачид хүрүүлэн чадахгүй атал их ван юунд Пандө намайг сэжиглэмүй?. Би эрт хуучин гацаанд асан цагт ахын хамт суусан бөлгөө. Миний бэргэн маш харгис муугийн учир, би согтсоны хойно алсан тул ах намайг чөмгөнд хүртэл занаад амалдаж харилцан золгохгүй хэмээсэнд ах дүүгийн журам нэгэнтээ тасрав. Хуучин эзэн Мачао нь баатар боловч бодлогогүй, цэрэг дарагдан жанжин хохироод гагц бие Сычуаньд орж Пандө лугаа тус бүр нэгэн эзнийг үйлдсэн тул хуучин журам нэгэнтээ тасарчээ. Пандө би их вангийн хүнд өршөөснийг хүртсэн атал ямар аймшиггүй өөр санааг баримуй? Их вангийн хянан байцаахыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао Пандөг өргөн босгож тохинуулан өгүүлрүүн: “Би угаас чиний шударга журамтайг мэдмүй. Урьдын үг болбоос тусгайлан олны сэтгэлийг төвшитгөхийн учир болой. Чи хүч гаргаж гавьяа байгуул! Чи намайг үтээрэхгүй болбоос би бас ч чамайг эс үтээрмүй” хэмээв.

Түүнээс Пандө мөргөж гэртээ эгсэн хойно, урчуудыг дуудаж нэгэн авс хийлгэв. Дэд өдөр олон ургуудыг нөхдийг авчирч хуримлахад авсыг танхимд жагсаан тавьсанд олон ураг нөхөд үзээд цөм цочиж асууруун: “Жанжин цэрэгт гарах атал юунд энэ өлзийгүй юмыг хэрэглэмүй?” Пандө хундагыг өргөж ураг нөхдөд өгүүлрүүн: “Би Вэйвангийн гүн хишгийг хүртсэн тул амалдаж үхэн хариулмуй. Өдгөө Фаньчэнд одож Гуань овогт лугаа таслан байлдахад хэрвээ түүнийг алж чадахгүй болбоос би эрхгүй түүнд алагдмуй. Завшаанаар түүнд алагдахгүй боловч би биеэ өөрөө алмуй. Тийнхүү урьд энэ авсыг бэлтгэн тавьж яавч хоосноор эгэх ёсгүйг үзүүлмүй”. Олон цөм шүүрс алдав. Пандө бас түүний эм Ли овогт эхнэр хийгээд хөвгүүн Панхүйг дуудан гаргаж эмийн зүг хэлрүүн: “Би өдгөө гавшгай болсон тул журмыг гүйцэтгэн байлдааны талбарт үхвээс зохимуй. Би хэрвээ үхвээс чи хөвгүүнийг сайхан тэжээ. Миний хөвгүүнд овор буй тул өссөн хойно, эрхгүй миний өшөөг хариулан өгмүй!” хэмээсэнд эм хөвгүүн цөм уйлан үдэж салсан хойно Пандө авсыг дамжуурлан мордов. Явахдаа доорхи жанжин нарын зүг өгүүлрүүн: “Би өдгөө очиж Гуань овогт лугаа үхэн байлдахад алагдваас та нар миний ясыг энэ авсанд агуулагтун! Би хэрвээ Гуань овогтныг албаас би бас түүний тэргүүнийг авч энэ авсанд агуулан ирж Вэй Ванд өргөмүй”. Харъяат таван зуун цэргийн хүн цөм өгүүлрүүн: “Жанжин энэ мэт шударга баатарт бид ямар аймшиггүй хүч гаргаж жанжныг туслахгүй аж?” хэмээв.

Түүнээс цэрэг авч мордсон хойно тэр үгийг хүн Цаоцаод хэлсэнд, Цоацоа баярлан өгүлрүүн: “Пандө ийм шударга баатар болбоос би юунд зовмуй?”. Зясюй өгүүлрүүн: “Пандө ийм цусан амьсгалын баатартаа эрдэж Гуань овогт лугаа үхэн байлдахыг сайд би зовном бөлгөө”. Цаоцао үгийг мөн хэмээж даруй хүн зарж Пандөд цээрлүүлэн өгүүлсэн нь “Гуань овогтны ухаан баатар, хос бүрдсэн тул хэрхивч хөнгөлөн байлдаж үл болмуй. Авч болох болбоос авагтун! Эсвээс хичээн сахьтугай!” хэмээжээ. Пандө захиаг сонсож дуусаад, олон жанжинд өгүүлрүүн: “Их ван яахин Гуань овогтныг ийм хүнд үзмүй. Би санахуйяа миний энэ удаагийн очсонд Гуань овогтны гучин онд байгуулсан гавьяа нэрийг хохируулмуй” хэмээсэнд Юйзинь өгүүлрүүн: “Вэйвангийн үгийг дагахгүй болж үл болмуй”. Пандө шаламгайлан цэрэг авч Фаньчэнд хүрээд сүр үзүүлэн харанга цохиж хэнгэрэг дэлдэв.

Тэндээс Гуань гүн төвхийтэл цацарт суун бүхийд, гэнэт харуулын хүн ирж хэлрүүн,“Цэргийн мэдээ авбаас Цаоцао Юйзинийг жанжин болгон, долоон салааны шилдэг цэрэг авч иржээ. Өмнө ангийн гавшгай Пандө нь цэргийн дунд нэгэн авс дамжуурлаж аманд муу үгийг өгүүлэн, амалдаж жанжин лугаа үхэн байлдмуй хэмээмүй. Цэрэг хотоос гагц гучин газрын үзүүрт буй”. Гуань гүн тэр үгийг сонсоод царай хувьсаж сахал сэгийн хилэгнэж өгүүлрүүн: “Дэлхий дахины аруухан баатрууд миний нэрийг сонссон бүхэн айн эс дагах нь үгүй, Пандө өчүүхэн хөвгүүн юун аймшиггүй намайг наагуур үзэх аж” хэмээгээд Гуаньпинийг дуудаж “Чи нэгэнтээгүүр Фаньчэн хотыг байлдахаар очигтун! Би өөрөө одож тэр боолыг алаад заналыг цагаатгасугай!” хэмээхэд Гуаньпин хориглож өгүүлрүүн: “Болохгүй! Эцэг юунд Тай Шань уул мэт хүнд биеийг барьж бага чулуу лугаа өндөр богиныг тэмцмүй. Хөвгүүн би эцгийн төлөө одож Пандөг байлдсугай!”. Гуань гүн өгүүлрүүн: “Чи тэнсэж нэгэнтээ очигтун! Би хойно дагалдаагаар одсу!” хэмээсэнд Гуаньпин цацраас гараад дам илд барьж, морь унаад цэрэг дагуулан Пандөг угтахаар одов. Хоёр этгээд эсэргүүлэн зогссон хойно Вэй улсын хүрээний нэгэн хар туг дээр “Нань аньгийн Пандө” хэмээн цагаанаар бичжээ. Пандө бараан хувцас, цагаан хуяг өмсөөд, дам илд барин цагаан морь унаж, жагсаалын өмнө зогсоход хойно нь таван зуун цэрэг бие шахам дагаж, хэдэн явган цэрэг нэгэн авсыг дамжуурлан гарч ирэв. Гуаньпин Пандөг “Эзнээс тэсэргүүлсэн хулгай!” хэмээн хараахад Пандө цэргийн ардаас асууруун: “Энэ яасан хүн?”. Зарим өчиж хэлрүүн: “Энэ Гуань гүнгийн журмын хөвгүүн Гуаньпин болой”. Пандө бархиран өгүүлрүүн: “Би Вэй Вангийн зарлигаар эцгийн чинь тэргүүнийг авахаар ирсэн бөлгөө. Чи нэгэн хамуурсан хүүхэд тул би алахгүй! Чи хурдан эцгээ дуудаж ирэгтүн!” хэмээсэнд Гуаньпин ихэд хилэгнэн морийг довтолгон, илд далайн Пандө лүгээ байлдахаар ирвээс Пандө дам илдээр эсрэг угтан гучин удаа халз тулалдаад хэн нь ч дийлсэнгүй тул хоёр этгээдэд амсхийв.

Тэндээс хүн хэдийн Гуань гүнд мэдүүлсэнд тэр ихэд уурлан Ляохуаг “Фаньчэн хотыг байлд!” хэмээн илгээгээд, өөрийн бие Пандө лүгээ тулалдахаар ирэв. Гуаньпин угтаж, Пандө лүгээ байлдаад аль нь ч дийлсэнгүй хэмээн хэлсэн хойно Гуань гүн дам илдийг хөндлөн барьж гараад дуудан өгүүлрүүн: “Гуань Юньчан энд буй. Пандө юунд хурдан үхэхээр ирэхгүй аж” хэмээсэнд, хэнгэрэг дэлдсэн газраас Пандө гарч хэлрүүн: “Би Вэй Вангийн зарлигаар чиний тэргүүнийг авахаар ирэв. Чамайг итгэхгүйгээс эмээн энд авс бэлтгэн иржээ. Чи хэрвээ үхэхээс айваас түргэнээ мориноос бууж дагагтун!”. Гуань гүн ихэд хараан өгүүлрүүн: “Санахад чиний нэгэн бэртэгчин эрд ямар чадал баймуй? Миний хөх луут дам илдээр чиний хулгана мэт хулгайг цавчихад хайрлалтай бөлгөө!” хэмээгээд морио давхиулан дам илдийг далайж, Пандөг байлдахаар ирсэнд Пандө бас илдээ эргүүлэн угтаад хоёр жанжин байлдсаар зуу илүү удаа болтол улмаар хүч нэмэгдэх тул хоёр этгээдийн цэрэг үзсээр цөммонжуун45 болжээ. Вэй улсын цэрэг “Пандөг алдуузай!” хэмээн харанга цохиж, цэрэг хураав.

45 Мангуу, дүйнгэ гэсэн утгатай. Монжуу.

Гуаньпин эцгээ насажсанд эмээн харанга цохисон тул хоёр жанжин тус тусдаа эгэв. Пандө эгээд олон жанжин нарын зүг өгүүлрүүн:“Хүмүүс цөм Гуань гүнийг аруухан баатар хэмээн хэлэлцдэг. Энэ өдөр сая итгэмжлэв” хэмээн хэлэлцэхэд Юйзинь ирээд золгож дууссан хойно өгүүлрүүн:“Жанжин таныг Гуань гүн лүгээ зуун удаа илүү байлдаад тус олсонгүй хэмээн сонсов. Юунд түр цэрэг эгүүлэн зайлахгүй аж?”. Пандө царай хувилган өгүүлрүүн:“Вэй Ван чамайг их жанжин болгосон атал юунд ийм уйлхай болой? Би маргааш түүн лүгээ үхэх, эдгэхийг ялгамуй. амалдаж зайлах ёсгүй!” хэмээсэнд Юйзинь эмээж хориглосонгүй эгэв.

Түүнээс Гуань гүн хүрээндээ эгээд Гуаньпинд өгүүлрүүн: “Пандөгийн илдний арга маш боловсронгуй тул үнэхээр надад тэнцэх нь болой”. Гуаньпин өгүүлрүүн: “Хүний өгүүлсэн нь “сая гарсан тугал барсаас айхгүй” хэмээжээ. Эцэг хэдий энэ хүнийг алавч гагц Цян аймгийн нэгэн өчүүхэн цэргийн хүн болой. Хэрвээ алдагдал гарваас их авгын тушаасныг гүйцэтгэх нь бус болмуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Би энэ боолыг алахгүй бөгөөс яахин миний хорслыг тайлмуй? Миний санаа нэгэнтээ тогтов. Битгий дахин үлэмж өгүүлэгтүн!” хэмээгээд дэд өдөр морь унаад цэрэг авч ороход Пандө бас цэрэг авч угтан ирээд, хоёр этгээд эсэргүүлэн зогссон хойно хоёр жанжин цугаар гарч үг дуу ч үгүй байлдаад тавин удаа болсонд Пандө морийг буцуулж илдийг чирэн буруулав. Гуань гүн хойноос нэхэхэд Гуаньпин алдагдал гарахаас эмээн бас хойноос дагаж одов. Гуань гүн амандаа “Пандө хулгайчийн илд чирэх аргыг хэрэглэвч би хэрхин чамаас аймуй?” хэмээн дуудан ихэд хараамуй. Пандө илд чирэх худал арга гаргаж харин илдийг эмээлийн бүүргэнд торгоож сэмээр нумыг сугалан зэв онилон харван илгээхэд Гуаньпингийн нүд хурц Пандө нум авсныг үзээд өндөр дуугаар: “Хулгайн жанжин битгий зэв харвагтун!” хэмээн дуудах дууг Гуань гүн сонсоод сая тэргүүнийг өргөж үзтэл нумын хөвч дуугараад зэв хүрч ирэв. Гуань гүн зайлан завдсангүй зүүн мөр оногдсонд, Гуаньпин морь довтолгон ирээд эцгээ тэнхрүүлэн хүрээндээ эгэв. Пандө морио эгүүлж илдийг даллан нэхэхээр иртэл гэнэт уул хүрээний харангын дуу ихэд дуулдсанд, Пандө хойд цэрэгт алдахаас эмээн яаран эгэв. Үзвээс Юйзинь Пандөгийн Гуань гүнийг харваж оносныг үзээд түүнийг гавьяа бүтээн өөрийн сүрийг сөнөөгүүзэй!” хэмээн тийнхүү харанга цохиж цэрэг хураасан ажгуу. Пандө хүрээндээ ирээд юунд харанга цохив хэмээн асууваас Юйзинь өгүүлрүүн: “Вэй Вангаас цээрлүүлсэн үг буй. Гуань гүнгийн баатар бодлого хос бүрджээ хэмээсэн тул тэр хэдий зэвд оногдсон боловч хуурмаг болов уу хэмээн болгоомжилж тийнхүү харанга цохиж цэрэг хураав”. Пандө өгүүлрүүн: “Хэрвээ цэрэг эс хураасан болбоос түүнийг нэгэнтээ алсан бөлгөө!”. Юйзинь өгүүлрүүн: “Шахам орвоос сайнгүй, тул алгуураар хичээсүгэй!”. Пандө Юйзиньгийн цаад санааг ухаж мэдэхгүй тул гагц хорсож гомдон зогсохгүй. Тэндээс Гуань гүн хүрээнд эгж зэвийг үгтээн авбаас, завшаанаар зэв гүн орсонгүй тул шарханд эм түрхэв. Гуань гүн Пандөг занаж олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Би эрхгүй энэ зэвийн хариуг авмуй”. Олон өгүүлрүүн: “Даруй хэдэн өдөр амарсан хойно байлдахад эс хожимдмуй”. Дэд өдөр хүн ирж хэлрүүн: “Пандө цэрэг авч байлдахаар ирлээ” хэмээвээс Гуань гүн даруй гарч байлдсугай хэмээснийг олон жанжин нар хориглон зогсоов. Пандө цэргийн хүнийг гаргаж ямагт муутган харааваас Гуаньпин хавцал амыг сахиад олон жанжин нарыг битгий Гуань гүнд хэл хэмээн сургав. Пандө арваад илүү өдөр өдөөн байлдахаар ирэвч гарч угтах хүнгүй тул Юйзинь лүгээ зөвлөж өгүүлрүүн: “Нүд үзсээр Гуань гүнгийн зэвийн шарх лаварсхийгээд хөдлөн чадахгүй болжээ. Мөн тухайд долоон хүрээний цэргийг авч цугаар хүрээн дотор цавчин орвоос Фаньчэн хотын хаагдсаныг тайлж болмуй”. Юйзинь Пандөгийн гавьяа бүтээхээс эмээн гагц “Вэй Вангийн цээрлүүлсэн зарлиг буй!” хэмээн шалтаглаж цэргээ хөдөлгөсөнгүй. Пандө дахин давтан “Цэрэг орсугай!” хэмээвэл Юйзинь гагц хүлээж авалгүй, харин долоон хүрээний цэргийг нүүлгэж уулын амыг өнгөрөөд, Фаньчэн хотоос хойш арван газрын үзүүрт уулыг дагаж хүрээ буулгав. Юйзинь их замыг таслан буугаад Пандөг уулын завын дотор буудаллуулан цэрэг орж гавьяа байгуулан чадахгүй болгожээ.

Түүнээс Гуаньпин, Гуань гүнгийн зэвийн шарх сайн болсныг үзээд маш баярлаж байтал гэнэт Юйзинь долоон хүрээний цэргийг Фаньчэнгийн хойно нүүлгэж хүрээ байгуулсныг сонсоод түүний санааг мэдэхгүй тул Гуань гүнд мэдүүлбээс Гуань гүндаруй морь унаж арваад морьтонг дагуулан өндөр газарт гарч анхаарваас Фаньчэн хотын хэрмийн дээр туг хиур тэгшгүй цэргийн хүн бургилдмуй. Хотын хойно арваад газын үзүүрт уулын завын дотор цэрэг буудаллажээ. Бас Сянзян мөрний усны байдал ихэд түргэн байхыг нэлээд удаан үзээд зам дагуулах түшмэлийг дуудаж асууруун: “Фаньчэнгийн хойно арван газрын үзүүрт байх уулын зав ямар нэртэй газар аж?” хэмээсэнд өчрүүн: “Зюнь Коучуань болой”. Гуань гүн ихэд баярлан өгүүлрүүн: “Юйзинь лав надад баригдмуй” хэмээв. Жанжин нар асууруун: “Жанжин хэрхэн олж мэдэв?”. Гуань гүн өгүүлрүүн: “Загас томорцгийн46 аманд орвоос яахин удаж болмуй?”. Олон жанжин итгэсэнгүй. Гуань гүн хүрээндээ эгэв. Тэр цаг намрын дунд сар бөгөөд хэдэн өдөр бороо нөрөн орсонд Гуань гүн хүн гаргаж онгоц сал бэлтгүүлэн, усны сав үйлдсэнд Гуаньпин асууруун: “Хуурай газар тулалдаж буй атал усны сав хэрэглэж юу хиймүй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Чи мэдэх газар бус. Юйзиньгийн долоон хүрээний цэрэг төвшин газарт хүрээ байгуулахгүй, Зюнь Коучуаньгийн бэрх хавцал газарт цуглажээ. Өдгөө намрын бороо нөрөн орж, Сянзян мөрний ус эрхгүй үерлэмүй. Би нэгэнтээ хүн гаргаж газар газрын усны амыг хаалгаад усны үерлэхийг хүлээн өндөр газраас онгоцонд сууж усыг тавин нэгэнтээ урсгасанд Фаньчэн хот болон Зюнь Коучуаньд байгаа цэрэг цөм загас зарам47 болох болой” хэмээсэнд Гуаньпин сая ухав.

46 Томорцог гэж загас агнах нэг зүйл хэрэгсэл

47 Мэлхийтэй төстэй нэгэн зүйл усны амьтан.

Тэндээс Вэй улсын цэрэг Зюнь Коучуань уулсын аманд буудаллаж бүхүйд өдөр бүр их бороо нөрөн орж зогсохгүй тул цэргийг байцаах түшмэл Чөнхө Юйзиньд золгож өгүүлрүүн: “Их цэргийн буудалласан голын ам болбоос газрын байдал маш богино. Хэдий уул дов буй гэвч хүрээнээс хол болохын дээр өнөө намрын бороо залгалдаагаар орох тул цэргийн хүн ихэд гашуудмуй. Өнөөхөн харуулын хүн мэдүүлрүүн: “Зинжоугийн цэрэг цөм өндөр газарт нүүж бас Ханьсүй голын аманд байлдах онгоц сал бэлтгэж амуй” хэмээмүй. Хэрвээ мөрний ус үерлэвээс манай цэрэг түгшүүртэй болмуй. Эртнээс аргаа бодоход хүрэхгүй” гэхэд Юйзинь зандарч өгүүлрүүн: “Бэртэгчин эр чи миний цэргийн сэтгэлийг хэлбэлзүүлмүй үү? Дахин ийм үг гаргагсдыг алмуй!” хэмээн өгүүлэхэд Чөнхө ичингүйрч эгээд бас Пандөд золгож энэ учрыг хэлсэнд Пандө хэлрүүн: “Чиний санасан нь мөн маш зохистой. Юэ жанжин цэргийг нүүлгэх дургүй болбоос би маргааш гагцаар цэргийг нүүлгэж өөр газар буусугай!” хэмээн зөвлөж тогтов. Тэр шөнө салхи бороо ихэд ороход Пандө цацрын дотор сууж сонсвоос түмэн морь тэмцэлдэн ирэх мэт шуугимуй. Пандө яаран морь унаад гарч үзвээс дөрвөн зүг найман зовхисоос их ус хүрч ирээд, олон цэрэг бургилдан усны давлагааг дагаж урссаныг нь тооловч барахгүй. Тэгш газрын ус хос алд илүү гүн болсон тул Юйзинь, Пандө олон жанжны хамт бага ууланд гарч уснаас зайлав. Гэгээрсэн хойно Гуань гүн олон жанжин нарын хамт туг өргөн хэнгэрэг дэлдэн их онгоцонд сууж ирэв. Юйзинь үзвээс дөрвөн этгээдэд одох замгүй бөгөөд хоёр хажууд гагц тавь жаран хүн үлджээ. Бодвоос гарч чадахгүй тул өндөр дуугаар “Дагахыг хүсмүй!” хэмээхэд Гуань гүн хуяг дуулгыг тайлуулан аваад баримтлаж онгоцонд тавьсан хойно Пандөг баримтлахаар ирвээс хоёр дүн овогт хийгээд Чөнхө жич таван зуун цэрэг цөм хувцасгүйгээр довд зогсжээ. Гуань гүнгийн ирснийг үзээд Пандө өчүүхэн ч эмээх шинжгүй угтан байлдахаар ирэв. Гуань гүн онгоцоор дөрвөн зүгийг тойрон хаагаад цэргийн хүнээр харвуулахад Вэй улсын цэргийн их хагасыг харваж алав. Дүнхөн, Дүнчао нар байдал бэрх болсныг мэдээд Пандөд хэлрүүн: “Цэргийн их хагас үхэв. Дөрвөн зүгт буруулах замгүй тул дагахад хүрэхгүй!” хэмээвээс Пандө ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би Вэйвангийн зузаан хишгийг хүртсэн атал хүнд өвдөг нугалах ёс буюу” хэмээн өгүүлээд өөрөө Дүнхөн, Дүнчаог цавчин унагааж өндөр дуугаар өгүүлрүүн: “Дахин дагамуй хэмээн өгүүлэгсдийг энэ хоёр хүний ёсоор болгосугай!” хэмээсэнд олон цөм шаламгайлан эсэргүүцэж өглөөнөөс үд болтол байлдавч хүч нэн нэмэгдмүй. Гуань гүн дөрвөн зүгээс түргэн байлд хэмээн шахамдуулж зэв чулуу бороо орох мэт харвуулахад Пандө цэргийн ардыг “Охор илд авч байлд!” хэмээгээд хойш хандаж Чөнхөгийн зүг өгүүлрүүн: “Би сонсвоос “Баатар жанжин үхэхээс айж хайш яйш хэлтэрье хэмээхгүй! Идэрхэг эр зоригийг эвдэж амьдрахыг эрэхгүй” хэмээжээ. Энэ өдөр миний үхэх өдөр болой. Чи хүчлэн байлд!” хэмээсэнд Чөнхө захиаг дагаж урагшлаад Гуань гүнгийн зэвд оногдож усанд унав. Олон цэрэг цөм дагатал, гагц Пандө хүчлэн байлдсаар байжээ. Төвхийтэл Зинжоугийн хэдэн арван цэрэг суман онгоцонд суун ойр ирсэнд Пандө илд барьж онгоцонд харайн гараад зогсоогоор арваад хүнийг алсан хойно үлдсэн нь цөм онгоцыг гээгээд усанд орж амь гарав. Пандө нэгэн гартаа илд барин нөгөө гараар залуурыг хөдөлгөж Фаньчэн хотын зүг яван атал гэнэт дээр урсгалаас нэгэн жанжин их салыг сэлбэсээр хүрч ирээд бага онгоцыг мөргүүлэн урвуулаад Пандөг усанд унагасанд онгоцон дээрх тэр жанжин усанд харайн орж Пандөг амьд барьж онгоцон дээр гаргажээ. Олон үзвээс тэр Пандөг барьсан жанжин нь Жоуцан болой. Жоуцан угаас усны чанарыг мэдэх бөгөөд Зинжоуд хэдэн он суухдаа нэн илүү боловсронгуй болсны дээр хүч их тул Пандөг барьж чаджээ. Юйзиньгийн дагуулсан долоон хүрээний цэрэг цөм усанд үхэв. Ус чадах цэрэг ч санахад одох замгүй тул бас ч дагав. Хожмын хүний шүлгийн үг:

“Шөнө дөл дайны хэнгэрэг тэнгэр түрхрэн дуурьсаад

Сян Ян, Фаньчэньгийн тэгш газар нуур далай болжээ

Тосолт сайд хувилгаан бодлогыг хэн хүрч чадмуй

Дундад улсад Гуань гүнгийн нэр түмэн үед уламжлав”

Гуань гүн өндөр газар хүрээд цацарт суусан хойно олон цэргийн хүн Юйзинийг түлхлэн авчирваас Юйзинь сөгдөж амийг авар хэмээн гуйжээ. Гуань гүн өгүүлрүүн: “Чи ямар аймшиггүй над лугаа мөчөөрхөв?” хэмээсэнд Юйзинь өчрүүн: “Дээдийн зарлигаар явах тул бие өөрөө эзэн болж эс чадмуй. Зюньхоугийн өршөөн аваачсанд үхэхээр ач хариулсугай!”. Гуань гүн сахлаа шувтарч инээн өгүүлрүүн: “Би чамайг албаас нохой гахайг алсан адил тул хоосоор илд сүхийг бузарламуй.

Зинжоугийн гянданд хүргэж хоригтун! Би эгсэн хойноо дахин шийтгэсүгэй!” хэмээгээд Гуань гүн Пандөг авч ирүүлсэнд Пандө хөмсгийг сэгийн зогсоод сөгдөхгүй. Гуань гүн өгүүлрүүн: “Чиний ах өдгөө Ханьзюньд буй. Чиний хуучин эзэн Мачао ч мөн Шу улсад их жанжин болж ахуу тул чи яахин эртнээс дагахгүй буй?”. Пандө ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би илдэн дор үхэвч гэмээнэ чамайг дагахгүй” гэж хараан эс зогсоход, Гуань гүн ихэд хилэгнэн илд сүх барьсан хүнийг дуудаж “Хурдан аваачиж ал!” хэмээн түлхлэн гаргахад Пандө хүзүүг сунгаж үхлийг зоримог сөржээ. Гуань гүн түүнийг ихэд хүндлэлтэй оршуулав.

Түүнээс усны хүч улам намхарсанд дахин онгоцонд гарч их бага жанжин цэргийг дагуулан Фаньчэн хотод байлдахаар ирэв.

Тэндээс Фаньчэн хотыг тойрон усны давлагаа тэнгэр тулмаар оволзон хүч маш их болоод хотын хэрэм улам улмаар эвдрэхэд хотын иргэд эр эмгүй цөм шороо дамжуурлан чулууг зөөж далан тавивч болохгүй тул Цаоцаогийн цэргийн олон жанжин цөм айн эмээж яаран Цаорэньгийн дэргэд ирж хэлбээс Цаорэнь өгүүлрүүн: “Энэ зовлонг хүний хүчээр тэнхрүүлж чадахгүй. Дайсны цэрэг ирэхийн урьд шөнө онгоцонд сууж дутааваас зохимуй. Ийм болбоос хэдий хотыг алдавч биеийг авч гарах болой” хэмээн шийдээд сая “Онгоц бэлтгэн зайлсугай!” хэмээхэд Маньчун хориглож өгүүлрүүн: “Болохгүй уулын үер гэнэт хүрч ирсэн тул яахин удах аж. Хэдэн өдөр болохгүйгээр өөрөө татармуй. Гуань гүн хэдий хотыг байлдахаар ирсэнгүй боловч нэгэнтээ өөр жанжин зарж Зяся газар руу илгээжээ. Түүний хөнгөлөн орж ирэхгүй нь бидний цэргийг түүний хойдыг сундлуузай хэмээн эмээсэн нь болой. Өдгөө хэрвээ хотыг гээж одвоос Шар мөрнөөс өмнөх газар орон бидний улс гэрийнх бус болмуй. Гагц хүсэх нь жанжин энэ хотыг бэхлэн сахиж хайгуул халхавч болгох ажаам уу!”. Цаорэнь гар өргөн талархаж өгүүлрүүн: “Бонингийн сургаснаас бус болбоос арай их үйлийг саатуулаад хүрүүлэх бөлгөө” хэмээн өгүүлээд цагаан морь унаж хэрмийн дээр гараад олон жанжин нарыг цуглуулан тангараглаж өгүүлрүүн: “Би Вэйвангийн зарлигаар энэ хотыг сахисан тул алив хүн хотыг гээж одмуй хэмээн өгүүлэгсэд аваас даруй алах болмуй!” хэмээсэнд олон жанжин “Дуртайяа хотыг хамтдаа үхэн сахих болно!” хэмээлджээ. Цаорэнь ихэд баярлаж хэрмийн дээр хэдэн зуун холхивч нум бэлтгээд цэргийн ардаар өдөр шөнөгүй сэргийлэн сахиулах болов. Хөгшин залуу ард цөм шороо чулуу зөөж усыг бөглөсөөр хэдэн арван өдрийн дотор ус улам улам намхрав. Гуань гүн Юйзинь нарыг барьснаас алдар суу нь дэлхий дахинд алдаршиж үл айх нь үгүй байтал нэгэн өдөр дэд хөвгүүн Гуаньсин хүрээнд эцэгтээ золгохоор ирсэн тул Гуань гүн олон түшмэдийн гавьяа байгуулсан бичгийг түүнд тушаан “Чөндүд аваачиж Ханьжун Ванд бараалхаж тус бүрийг дэвшүүлэгтүн!” хэмээсэнд Гуаньсин эцгээс салж шууд Чөндүг зорин одов.

Тэндээс Гуань гүн цэргийг нэгэн хагас хувааж, Зясяд илгээгээд Гуань гүн өөрийн бие цэрэг авч Фаньчэнийг дөрвөн зүгээс байлджээ. Тэр өдөр хойд хаалганд одож морины дээрээс ташуураар зааж өгүүлрүүн: “Танай цэргийн хулгана мэт боолууд хурдан дагахгүй бас ямар цагийг хүлээнэ вэ?” хэмээн хэлэх хооронд, Цаорэнь асрын дээрээс гагц Гуань гүнгийн биед гагц биеийг халхлах хуяг өмсөөд ногоон магнаг дээлийг зөрүүгээр нөмөрснийг үзээд даруй таван зуун холхивч нум барьсан цэргийг гаргаж нэгэн зэрэг харвуулахад Гуань гүн яаран морио буцаатал баруун мөрөнд нэгэн зэв онож мориноос урвалхийлэн унав. Энэ чухамхүү:

“Ус дотор Долоон хүрээний цэрэг сая цөс хэмхэрсэнд  

Хотон доторх нэгэн сум гэнэтхэн ирж биеийг шархдуулав”

Эгнэгт нь Гуань гүнгийн амь нас ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top