"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 75 ДУГААР БҮЛЭГ
ГУАНЬ ЮНЬЧАН ЯСАА ХУСУУЛЖ ХОРЫГ ЗАСУУЛСАН ЛЮ ЗЫМИН ЦАГААН ХУВЦСААР МӨРНИЙГ ГЭТЭЛСЭН
Өгүүлэх нь: Цаорэнь, Гуань гүнгийн мориноос унасныг үзээд даруй цэрэг дагуулан хотоос гарч дайран ирсэнд Гуаньпин байлдан эгүүлж, Гуань гүнийг тэнхрүүлэн хүрээндээ эгээд зэвийг үгтээн авав. Үзвээс зэвд эмтэй тул хор нэгэнтээ ясанд ороод баруун тохой хөхрөн хавдаж, хөдөлж болохгүй болжээ. Гуаньпин зовж олон жанжин нарын зүг зөвлөж өгүүлрүүн: “Эцгийн тохой эвдэрвээс хэрхин гарч байлдан чадах билээ? Түр Зинжоуд эгж засуулахад хүрэхгүй” хэмээгээд олон жанжин нар лугаа цацарт оров. Гуань гүн асууруун: “Та нарын ирсэн нь ямар санаа болой?”. Олон өчрүүн: “Бид нар Зюньхоугийн баруун тохой шарх олсон тул дайсантай гарч байлдахад хилэгнэвээс тусгүй болох болов уу хэмээн болгоомжилж, олноор зөвлөж, түр цэрэг зогсоогоод Зинжоуд эгж сувилан засуулсугай” хэмээмүй. Гуань гүн хилэгнэж өгүүлрүүн: “Би Фаньчэн хотыг олох нь нүдний өмнө буй, Фаньчэн хотыг авсан даруй чармайн мацалхийлэн орж, шууд Сюйдүд хүрээд Цаоцао хулгайг сөнөөж Хань улсын төрийг амар болгосугай хэмээх тул хэрхэн энэ бага шархны учир их үйлийг саатуулмуй. Танай олон миний цэргийн сэтгэлийг осол сул болгомуй уу?” хэмээсэнд Гуаньпин нар дуугүй болж эгэв.
Олон жанжин нар Гуань гүн цэрэг эгэх дургүй бөгөөд шарх бас сайн болохгүйг үзээд дөрвөн зүгээс сайн эмч сурвалжлуулан асуув. Нэг өдөр, гэнэт нэгэн хүн мөрний зүүнээс суман онгоцонд сууж шууд хүрээний өмнө хүрч ирсэнд, цэргийн хүн Гуаньпингийн дэргэд авч ирж золгуулав. Гуаньпин тэр хүнийг үзвээс хив малгай, уужим хувцас өмсөж, тохойд хөх уут дүүжлэн, өөрөө овог нэрийг хэлмүү: “Би болбоос Пэйгуогийн Цяозюнь газрын хүн, овог Хуа, нэр Туо, өргөсөн нэр Юаньхуа. Жанжныг дэлхий дахины аруухан баатар мөн бөгөөд өдгөө хорт зэвд оногдов хэмээн сонсож, тусгайлан эмчлэхээр ирэв” хэмээмүй. Гуаньпин өгүүлрүүн: “Эрт өдөр зүүн Ү улсын Жоутайг эмчилсэн нь бус уу?” хэмээсэнд Хуатуо өгүүлрүүн: “Тийм болой”. Гуаньпин ихэд баярлаж, даруй олон жанжин лугаа хамт цацарт дагуулан орж, Гуань гүнд учруулбаас тэр цагт Гуань гүн хэдий шарх нь өвдөх боловч цэргийн сэтгэлийг саатуулахаас эмээн уйтгар тархаах юмгүй тул төвхийтэл Малян лугаа шатар тавьж агсан ажгуу. Эмч ирснийг сонсоод даруй дуудан оруулж суудал өгч, цай уулгасан хойно Хуотуо тохойг үзсүгэй хэмээхэд Гуань гүн хувцсыг тайлж тохойг сунган үзүүлэв. Хуатуо өгүүлрүүн: “Энэ холхивч зэвийн шарх болой. Түүний дотор хор аж, ясанд нэвтрэн оржээ. Хэрвээ хурдан засахгүй болбоос энэ тохойг хэрэглэж болохгүй болмуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Ямар юм хэрэглэж засмуй?”. Хуатуо өгүүлрүүн: “Надад засах арга буй. Гагц Зюньхоугийн айхаас эмээх болой”. Гуань гүн инээж өгүүлрүүн: “Би үхэхийг эгэх мэт үзэх тул ямар айх хэрэг буй?”. Хуатуо өгүүлрүүн: “Нэгэн нам сэлүүн газар багана босгож дээр цагариг хадаад, Зюньхоу тохойгоо цагаригт хэлхэж, дээсээр уяад, хөнжлөөр толгойг халхласан хойно би хурц хутгаар арьс махыг хагалж ясанд хүрээд, ясны дээрх зэвийн хорыг хусаж аваад эм тавьж, утсаар сорвийг оёвоос сая гайгүй болмуй. Гагц Зюньхоугийн айхаас бэрхшээх болой”. Гуань гүн өгүүлрүүн: “Ийм хялбар болбоос яахан цагариг хэрэглэмүй?” хэмээгээд хурим бэлтгүүлж хуримлав. Гуань гүн хэдэн хундага уусан хойно нэгэнтээгүүр Малян лугаа шатар тавьж тохойг сунган Хуатуогоор ховхолгов. Хуатуо хурц үзүүрт хутга атгаж, бага цэргээр нэгэн их гадар бариулан, тохойны доор цус тосуулаад Хуатуо өгүүлрүүн: “Би одоо гар тулгамуй. Зюньхоу битгий айхтун!”. Гуань гүн өгүүлрүүн: “Чи дураар засагтун! Харин намайг ертөнцийн өтөл ардын өвдөхөөс айгчид лугаа адилтгаж болмуй уу!”. Хуатуо даруй хутгаар арьс махыг ховхолж, шууд ясанд хүргүүлэн үзвээс ясан дээр нэгэнтээ хөхөрчээ. Хуатуо хутгаар ясыг хусахад яс нь шир шар хэмээн дуугарах тул цацрын дотор гаднах хүн үзээд цөм нүүрийг халхалж, царай хувилжээ. Гуань гүн архи ууж мах идэн инээн хэлэлцэж, шатар тавиад огт өвдөж гашуудах өнгөгүй бөлгөө. Түүнээс баахан зуур цус урсаж гадараас бялхав. Хуатуо хорыг хусаж аваад, эм тавьж утсаар оёсон хойно, Гуань гүн ихэд инээж босоод олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Энэ тохойг нугалан атируулахад хэвийн мэт баахан ч өвдөхгүй болов. Үнэхээр сахиулсан эмч болой” хэмээсэнд Хуатуо өгүүлрүүн: “Би эмч болоод нэгэн насанд Зюньхоугийн мэт хүнийг үзсэнгүй. Зюньхоу үнэхээр тэнгэрийн сахиулсан болой” хэмээв. Хожмын хүний шүлгийн үг:
“Өвчин засахад дотоод гадаадаар ялгах хэрэгтэй ч
Эмнэлгийн мэргэжил ертөнцөд тун чухаг бөлгөө
Хувилгаан сүр их нь Гуань гүнд хүрэгсэд үгүй
Хосгүй мэргэжил хэцүү нь Хуатуо гагцаар болой”
Гуань гүнгийн шарх нэгэнтээ илаар болсон хойно хурим бэлтгэж Хуатуод талархан хүндлэхэд Хуатуо өгүүлрүүн: “Зюньхоугийн шарх хэдий илаар болсон боловч сайтар гам хийж, битгий хилэн төрүүлэгтүн! Зуун өдрийн эцэст хуучин хэвээр болмуй”. Гуань гүн зуун лан алтаар харамж өгсөнд Хуатуо өгүүлрүүн: “Би Зюньхоуг дэлхий дахины журамт сайд хэмээн сонсож, тусгайлан засахаар ирсэн тул юунд хариулахыг эрмүй?” хэмээгээд хатуу маргаж авсангүй. Нөхөөсөнд48 тавих эм нэгэн тунг үлдээгээд салан оджээ.
48 Шархыг эртний монгол хэлэнд нөхөөс гэж нэрлэдэг
Тэндээс Гуань гүн Юйзинийг бариад Пандөг алсан тул нэр сүр ихэд мандаж, дундад улсын хүн цөм цочин айх болжээ. Харуулын хүн хэдийнэ Сюйдүд энэ тухай хэлэхээр ирсэнд Цаоцао гэлмэж олон бичиг цэргийн түшмэдийг цуглуулж зөвдөлцөн өгүүлрүүн: “Би угаас Гуань гүнгийн ухаан баатар ертөнцийг бүрснийг мэдмүй. Эдүгээ Зинжоу, Сян Яныг эзлэвээс барст жигүүр ургасан адил, Юйзинь баригдаж Пандө алагдаад Вэй улсын цэргийн сүр буурчээ. Хэрвээ тэр цэрэг авч шууд Сюйдүд ирвээс хэрхмүй, би нийслэлийг нүүлгэж зайлсугай!”. Сыма И хориглож өгүүлрүүн: “Үл болмуй. Юйзинь нар усанд живсэн нь байлдсны харьяа бус. Улс гэрийн ихэд шалгахад огт хохиролгүй болой. Өдгөө Сүньцуань Любэй хоёр найр эвдрээд Юньчан зорилтыг олсонд Сүньцуань лав таалахгүй болой. Их ван зүүн Ү улсад элч зарж, ашиг зовлонг жагсаан хэлж, Сүньцуанийг сэмээр цэрэглэн “Юньчангийн хойдыг сундлагтун!”, төвшитгөсөн хойно мөрний өмнө газрыг тасдаж өгөн, Сүньцуанийг өргөмжилбөөс Фаньчэньгийн зовлон аяндаа тайлагдмуй”. Жубу түшмэл Зянзи өгүүлрүүн: “Жундагийн үг мөн болой. Өдгөө даруй зүүн ү улсад элч явуулагтун! Нийслэлийг нүүлгэж олныг хөдөлгөх хэрэггүй” хэмээсэнд Цаоцао үгийг дагаж даруй нүүхийг зогсоогоод олон жанжны зүг шүүрс алдаж өгүүлрүүн: “Юйзинь мөхөс намайг гучин жил дагасан атал зовлон тохиосонд харин Пандөд хүрэхгүй аж” хэмээв. “Нэгэнтээгүүр, зүүн Ү улсад элч зарж илгээсүгэй! Нэгэнтээгүүр, их жанжин илгээж Юньчангийн хурцыг халхлах хэрэгтэй!” хэмээн хэлж дуусахын урьд яндрын доороос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао үзвээс Сюйхуан болой. Цаоцао ихэд баярлаж даруй шилсэн цэрэг таван түмийг өгч Сюйхуаныг их жанжин Люйзянийг мөрний жанжин болгож мөн өдөртөө цэрэг мордуулсанд урьд Янлин По хөтөлд хүрээд хүрээ байгуулав. Тэд “Зүүн өмнийн туслах цэрэг хүрч ирэхийг хүлээж байгаад сая дэвшсүгэй!” хэмээжээ.
Тэндээс Сүньцуань Цаоцаогийн бичгийг үзээд үгийг даган хариу бичиг хийж урьд, элчийг эгүүлээд даруй бичиг цэргийн түшмэдийг хурааж зөвлөхөд Жанжао өгүүлрүүн: “Өдгөө сонсвоос Юньчан, Юйзинийг барьж Пандөг алсан тул, сүр алдар дундад улсад алдаршсанд Цаоцао нийслэлийг нүүлгэж түүний хурцаас зайлсугай хэмээмүй. Өдгөө Фаньчэн хот шахам болсон тул сая элч зарж туслахыг эрсэн болой. Хэрэг тогтсон хойно уравхийлэх нь магад” хэмээсэнд Сүньцуань үг гарахын урьд хүн ирж хэлрүүн: “Люймөн суман онгоцонд сууж, Люкоу амнаас ирээд нүүр золгон уулзаж, хэлэлцэх үг буй хэмээмүй”. Сүньцуань дуудан оруулж асууваас Люймөн өгүүлрүүн: “Өдгөө Гуань гүн цэрэг авч Фаньчэн хотыг хаахаар очсон тул мөн хол явсан завсарт Зинжоуг сундлахаар очсугай!”. Сүньцуань өгүүлрүүн: “Би умард руу Сюйдүг авсугай хэмээмүй. Ямар аж?”. Люймөн өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао хол Хөбэйгийн газар буй тул зүүншийг хайхрах чөлөөгүйн дээр Сюйжоу мужид сахисан цэрэг үлэмж үгүй. Очвоос эрхгүй олмуй. Тийм гэвч газрын байдлаар хэлбээс хуурай замаар байлдахад сайн бөгөөд усаар байлдаж болохгүй. Хэдий хялбараар оловч эцэст хамгаалан сахих бэрх тул урьд Зинжоуг аваад Хөх мөрнийг бүрнээ эзэлсэн хойно өөр газрыг хичээхэд үл хүрмүй”. Сүньцуань өгүүлрүүн: “Би угаас Зинжоуг авсугай хэмээн бөлгөө. Урьдын үг тусгайлан чамайг тэнссэн нь болой. Чи түргэнээ миний төлөө арга сүвэгчлэж өг. Би дагалдаагаар хойноос чинь цэрэглэж очмуй” хэмээв.
Түүнээс Люймөн Сүньцуаньгаас салаад Люкоу аманд эгж ирвээс харуулын хүн мэдүүлрүүн “Мөрнийг ирмэглэн дээр доор хорин газар эсвээс гучин газрын өндөр газарт цөм гал өргөх тагт байгуулаад бас Зинжоу хотод цэрэг бэлтгэж буй хэмээн сонсов”. Люймөн ихэд гэлмэж өгүүлрүүн: “Хэрвээ энэ мэт болбоос даруйд авахад бэрх болмуй. Би нэгэн цагт Үхоугийн өмнө Зинжоуг авсугай хэмээн хөхөлгөн хэлээд эдүгээ ийм болжээ” хэмээгээд яахин бодовч арга олохгүй тул даруй өвчингөөр шалтаглаад гарахгүй болоод хүн зарж Сүньцуаньд мэдүүлсэнд, Сүньцуань “Люймөнг өвдөв!” хэмээн сонсож дотроо маш амаргүй гэхэд Лүсюнь орж өгүүлрүүн: “Лю Зымингийн49 өвчин нь хуурмаг болой”. Сүньцуань өгүүлрүүн: “Бо Янь50 чи нэгэнтээ хуурмагийг мэдвээс очиж үзэгтүн!”. Лүсюнь захиаг хүлээн шөнө дөл одож, Люкоу аманд хүрээд Люймөнтэй учирваас үнэхээр нүүр дээр өвдөх байдал үгүй тул Лүсюнь өгүүлрүүн: “Би Үхоугийн зарлигаар Зымингийн өвчинг үзэхээр ирэв”. Люймөн өгүүлрүүн: “Доорд би гэнэт өвчин хөдөлснийг хэрхэн алжаалыг асуулгахаар ирмүй?”. Лүсюнь өгүүлрүүн: “Үхоу хүнд үйлийг гүн чамд тушаасан атал, гүн цагт нийлүүлэн хөдлөхгүй, хоосоор биеийг уйтгах нь юун болой?”. Люймөн Лүсюнийг харж удтал дуу шуу гарахгүйд, Лүсюнь бас өгүүлрүүн: “Надад нэгэн бяцхан эмийн жор буй. Жанжны өвчинг засаж болмуй. Хэрэглэх ба эс хэрэглэхийг мэдэхгүй”. Люймөн яаран хажуугийн ардыг зайлуулан асууруун: “Бо Янь сайн жороо сургахыг хүсмүй”. Лүсюнь хэлрүүн: “Зымингийн өвчин нь Зинжоуд цэрэг морь чийрэг бөгөөд мөрнийг хөвөөлж гал өргөх тагт байгуулж бэлтгэлтэйн учир буюу. Надад нэгэн арга буй. Мөрний хөвөөг сахисан цэрэг тэмдэг гал өргөж чадахгүй, Зинжоугийн цэргийг гар уулзуулан дагуулбаас болмуй?”. Люймөн ихэд талархан ёсолж өгүүлрүүн: “Бо Яньгийн үг үнэхээр миний сав, цулыг үзсэн адил. Сайн аргыг сонсохыг хүсмүй”. Лүсюнь өгүүлрүүн: “Гуань гүн баатар хэцүүдээ эрэмшээд, түүнд дайсангүй хэмээн санажээ. Гагц эмээх нь жанжны төдий болой. Жанжин энэ тухайд нийлүүлэн өвчингөөр шалтаглан тушаалаа түлхэж Люкоугийн амны тушаалыг бусдад өгөөд, тэр хүнээр хөнгөмсөг үгээр Гуань гүнг магтаж, түүний сэтгэлийг оморхог болговоос тэр эрхгүй Зинжоуд байх цэргийг бүрнээ авч Фаньчэнгийн зүг хандмуй. Хэрвээ Зинжоу хот бэлтгэлгүй болох ахул нэгэн хүрээний цэргийг хэрэглээд өөр нууц аргаар сундлаваас Зинжоу хот гарын алганд дотор болох болой”. Люймөн ихэд баярлаж өгүүлрүүн: “Үнэхээр сайн арга болой” хэмээв. Түүнээс Люймөн өвчингөөр шалтаглаж босохгүй болоод бичиг өргөж тушаалаа түлхэв. Лүсюнь эгж Сүньцуаньд золгоод урьдын аргыг хэлсэнд Сүньцуань даруй Люймөнийг “Зянь Ед очиж биеийг сувилагтун!” хэмээн дуудан ирүүлсэнд Люймөн ирж Сүньцуаньд учирваас Сүньцуань асууруун: “Люкоугийн амны тушаалыг эрт Жоу Гунзинь, Лю Зызинг баталж, бие төлөөлүүлэв. Хойно Зызин бас чамайг гаргаж төлөөлүүлэв. Өдгөө чи бас нэгэн эрдэм чадал бүрэн төгс хүнийг гаргаж өөрийгөө төлөөлүүлбээс сая сайн” хэмээсэнд Люймөн өгүүлрүүн: “Хэрвээ олны хүсэгчдийг гаргаваас Гуань гүн эрхгүй бэлтгэмүй. Лүсюньгийн ухаан маш гүн бөгөөд нэр алдаршаагүй тул Юньчаны жигшигсэд бус, хэрвээ даруй хэрэглэж сайд миний тушаалыг төлөөлүүлбээс эрхгүй тусыг олмуй”. Сүньцуань ихэд баярлан мөн өдөртөө Лүсюнийг хажуугийн жанжин баруун этгээдийн Дүдү болгож, Люймөнийг төлөөлөн Люкоуг сахиулсугай хэмээвээс Лүсюнь хэлрүүн: “Миний нас залуу, сурсан гүехэн тул их тушаалд очиж чадахгүй” хэмээсэнд Сүньцуань өгүүлрүүн: “Люймөн чамайг баталсан тул хэрхивч шаардуулахаар үгүй! Сайд чи битгий маргагтун!” хэмээв. Лүсюнь даруй тамга, цомцгийг хүлээн аваад шөнө дөлөөр Люкоу аманд ирж морьт, явган, усан гурван аймаг цэргийг захирах тушаалыг хүлээн авсан хойно бичиг хийж сайн морь, сонин торго, амтат архи зэрэг юмыг бэлтгэн элч зарж Фаньчэн хотноо Гуань гүнд хүргэхээр илгээв. Тэр үест Гуань гүн зэвийн шарх анаагүй хэмээн цэрэг хөдлөхгүй бүхийд хүн ирж хэлрүүн: “Зяндунгийн Люкоу амыг сахьсан Люймөнгийн өвчин хүнд болсон тул Сүньцуань сувилахаар аваачаад Лүсюнийг жанжин болгож, Люймөнийг төлөөлөн Люкоуг сахиулан суулгав. Эдүгээ Лүсюнь хүн зарж бичиг бариулан тусгайлан ёслохоор илгээв” гэхэд Гуань гүн дуудан оруулж ирсэн элчийг зааж өгүүлрүүн: “Жунмоугийн үзэл охор гүехэн тул ийм бага хүүхдийг хэрэглэж жанжин болгожээ” хэмээн өгүүлсэн хойно ирсэн элч газарт мэхийн сөгдөж өгүүлрүүн: “Лү жанжин ёсны бэлэг бэлтгэн бичиг өргөсөн нь нэгд баяр мэдүүлэн, хоёрт улс янаг болохыг гуйсугай хэмээсэн бөлгөө. Завшаанд инээмсэглэн үлдээхийг хүсмүй” хэмээсэнд Гуань гүн бичгийг нээж үзвээс үгс нь маш доорд хичээнгүй. Гуань гүн үзэж дуусаад дээш хандаж ихэд инээгээд жигүүрийн ардад захиж, бэлгийн юмыг хураан авсан хойно ирсэн элчийг хүндэлж, хойш илгээв. Элч эгж ирээд Лүсюньд хэлрүүн: “Гуань гүн ихэд баярлав. дахин Зяндунгийн учирт зовох санаагүй” хэмээв.
49 Люймөнгийн өргөсөн нэр
50 Лүсюньгийн өргөсөн нэр
Түүнээс Лүсюнь ихэд баярлаад сэмээр хүн зарж, Гуань гүнгийн мэдээг авахуулбаас “Үнэхээр Зинжоугийн цэргийн их хагасыг татаж Фаньчэнд аваачжээ. Гагц шарх аньсан хойно цэрэглэсүгэй хэмээж буй” хэмээсэнд Лүсюнь мэдээг нарийвчлан байцааж мэдээд хүн зарж шөнө дөл Үхоуд мэдүүлэхээр илгээв. Сүньцуань Люймөнийг дуудаж зөвдөлцөн өгүүлрүүн: “Өдгөө Гуань гүн үнэхээр Зинжоугийн цэргийг татаж Фаньчэнийг байлдахаар одов хэмээжээ. Одоо арга үүсгэж Зинжоуг авч болох болой. Чи миний дүү Сүньзяо лүгээ цэрэг авч урагш очвоос ямар?”. Сүньзяогийн өргөсөн нэр Шумин, Сүньцуаньгийн авга Сүньзингийн дэд хөвгүүн болой. Люймөн өгүүлрүүн: “Эзэн гүн намайг хэрэглэж болмоор болбоос гагц Люймөнийг хэрэглэ! Шуминийг хэрэглэж болох болбоос гагц Шуминийг зарагтун. Эрт өдөр Жоу Юй, Чэнпү хоёулыг зүүн баруун этгээдийн Дүдү болгоод хэргийг таслан шийтгэх эрх хэдий Жоу Юйд буй гэвч Чэнпү хуучин түшмэл бөгөөд харин Жоу Юйгийн доор ахуйд маш тааламжгүй болжээ. Хэзээ Жоу Юйгийн эрдмийг үзээд сая бишрэн дагасныг сонсонгүй аж. Өдгөө Люймөнгийн эрдэм Жоу Юйд хүрэхгүй бөгөөд Шумингийн төрсөн нь Чэнпүгээс өнгөрөх тул тус гарахгүйгээс эмээмүй” хэмээв.
Түүнээс Сүньцуань ухаж даруй Люймөнг их Дүдү болгоод Зяндунгийн бүх замын цэрэг морийг захируулан, Сүньзяог хойно амуу өвсийг зөөж, туслагтун хэмээн тушаав. Люймөн хишигт мөргөөд гурван түмэн цэргийг шалгаж хурдан онгоц наяад илүү болон сайн усчдыг сонгож, худалдааны хүн мэт хувьсган цөмд нь цагаан хувцас өмсгөөд онгоц сэлбүүлж, өөр шилдэг цэргийг онгоцны дотор нуулгав. Дараа нь Ханьдан, Зянцин, Журань, Фаньжан, Жоутай, Сюйшөн, Динфөн энэ долоон их жанжныг дараагаар мордуулж бусдыг цөм Үхоугийн хамт хойно хайгуул болгов. Нэгэнтээгүүр элч зарж Цаоцаог цэрэглэж Юньчангийн хойдоор ортугай хэмээн бичиг илгээгээд нэгэнтээгүүр Лүсюньд чимээ өгсөн хойно цагаан хувцаст хүнийг гаргаж, хурдан онгоцонд суулган Сюнь Янзян мөрний зүг оруулан, өдөр шөнөгүй явсаар хойд хөвөөнд хүрсэнд, мөрний хөвөөний гал өргөх тагтыг сахьсан цэрэг байцаан асууваас Ү улсын хүн хэлрүүн: “Бид цөм худалдааны хүн бөгөөд мөрний салхинд онгоц явж болохгүй тул энд ирж түр зайлмуй” хэмээгээд эд юм гаргаж тагт сахьсан цэрэгт өгвөөс цэргүүд итгэмжлэн, тэдгээрийн дураар хөвөөнд зогсоолгожээ. Дэд жингийн үест хүрээд онгоцны доторх шилсэн цэрэг цугаар гарч, гал өргөх тагтын дэргэдэх цэргийн хүнийг цөм хүлж, битүү тэмдэг үг хэлмэгц, наяад онгоцны шилсэн цэрэг цөм босон ирж, чухал газарт зогсож агсан цэргийг цөм барьж онгоцонд тавьж, нэг ч хүнийг алдаж явуулсангүй. Түүнээс довтолгон орж шууд Зинжоуг авахаар очихыг мэдсэн хүнгүй. Нэгэнтээ Зинжоуд хүрсэн хойно Люймөн мөрний хөвөөнд баримталсан цэргийн хүнийг сайн үгээр тохинуулан хэлж тус бүрт нь хүнд шан хишиг хүртээгээд “Хотын хаалгыг хууран нээлгэж гал өргөж тэмдэг болгогтун!” хэмээсэнд олон цэрэг үг дагав. Люймөн тэдгээрийг өмнөө болгон явсаар шөнө дунд хотын дор хүрээд “Хаалгаа нээ!” хэмээн дуудсанд хаалганы түшмэл Зинжоугийн цэрэг болохыг таньж хаалгыг нээн өгвөөс олон цэрэг нэгэнтээ хашхиралдан босоод хотын хаалганд тэмдэг гал өргөсөнд, Ү улсын цэрэг бүгдээрээ ороод Зинжоуг эзлэв. Люймөн даруй цааз тархаан “Хэрвээ нэгэн хүнийг дэмий алах ба ардын юмыг дураар авагсдыг цэргийн цаазаар аваачмуй. Тушаалд агсан хүнийг уг хэвээр байлгагтун!” хэмээн зарлав. Гуань гүнгийн гэрийнхнийг өөр гэрт шилжүүлэн суулгаж, сул орж болохгүй хэмээгээд нэгэнтээгүүр хүн зарж Сүньцуаньд мэдүүлэв. Түүнээс нэгэн өдөр их бороо орсонд Люймөн морь унаад хэдэн хүнийг дагуулан дөрвөн хаалгыг тойрон үзэж явтал нэгэн цэргийн хүн иргэний өмссөн чийрсэн бүрхийг булаан аваад өөрийн хуягаа халхласныг үзээд Люймөн хажуугийн хүнээр баримтлуулж асууваас Люймөнгийн нэгэн гацааны хүн болой. Люймөн өгүүлрүүн: “Чи мөн миний гацааны хүн боловч гагц миний цааз нэгэнтээ гарчээ. Чи халдсан тул цэргийн цаазаар аваачваас зохимуй”. Тэр хүн уйлж хэлрүүн: “Би борооноор албаны хуяг норуузай хэмээн тийнхүү халхласан бөлгөө. Гуячаар хэрэглэсэн нь бус болой. Жанжин хуучин гацааны сэтгэлгээг санаж өршөөмүй!”. Люймөн өгүүлрүүн: “Би чиний хуягийг халхлахын төлөө авсныг мэдмүй. Тийм боловч эцэстээ иргэний юмыг авч зохихгүй” хэмээгээд жигүүрийн ардаар түлхэн буулгаж, алуулаад тэргүүнийг огтлон авч олонд үзүүлсэн хойно ясыг хураан авч уйлан оршуулав. Түүнээс олон цэрэг чанга болов.
Түүнээс нэгэн өдөр Сүньцуань олныг авч ирсэнд Люймөнхотоос гарч угтан яаманд ороод, Сүньцуань олныг зовоов хэмээн тохинуулан хэлсэн хойно, хэвээр Фаньзюныг Жижун түшмэл болгож, Зинжоугийн үйлийг шийтгүүлэв. Гяндангаас Юйзинийг гаргаж Цаоцаогийн дэргэд явуулаад, иргэнийг тогтоон, цэрэгт шагнаж, хурим бэлтгэн хуримлахад Сүньцуань Люймөнд өгүүлрүүн: “Өдгөө Зинжоуг нэгэнтээ олов. Гагц Гүн аньгийн Фу Ширэнь, Наньзюнь хошууны Мифан энэ хоёр газрыг яахин хураамуй?” хэмээн үг дуусахын урьд, нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Нум зэвийг хэрэглэхгүйгээр би гурван ямхын ялгаршгүй хэлээр Гүн аньгийн Фу Ширэнийг хэлэлцэж ирүүлсүгэй!” хэмээсэнд, олон үзвээс Юйфань болой. Сүньцуань өгүүлрүүн: “Жунсянд ямар сайн арга аж, Фу Ширэнийг дагуулмуй?”. Юйфань өгүүлрүүн: “Би бяцханаас Фу Ширэнь лугаа зузаан нөхөрлөсөн бөлгөө. Өдгөө хэрвээ ашиг зовлонг гарган хэлэлцвээс тэр эрхгүй дагамуй”. Сүньцуань ихэд баярлан, даруй Юйфанийг таван зуун цэрэгтэй шууд Гүн ань газар руу илгээв. Тэндээс Фу Ширэнь Зинжоу хот автагдсаныг сонсоод яаран хотын хаалгыг хааж бэхлэн сахисан ажгуу. Юйфань хотын дор хүрч үзвээс хотын хаалга хаалттай байх тул даруй бичиг бичиж, зэвд уяад хот дотор харваж оруулсанд, цэргийн хүн олоод Фу Ширэньд өргөв. Фу Ширэнь нээж үзвээс харин даллан дагуулах санаа болой. Үзэж дууссан хойно Гуань гүнгийн явахдаа өөрийг нь занасныг санаж олоод “Эртхэн дагахад хүрэхгүй” хэмээн даруй хотын хаалгыг ихэд нээж, Юйфанийг залж оруулаад хоёул ёслон дууссаны дараа тус бүр хуучин найрыг хэлэлцэхэд, Юйфань өгүүлрүүн: “Үхоугийн сэтгэл уудам бодлого их мэргэнийг ёсолж, эрдэмтнийг хүндэлмүй” хэмээсэнд Фу Ширэнь ихэд баярлаж даруй Юйфаньгийн хамт тамгыг авч Зинжоуд дагахаар ирэв. Сүньцуань ихэд баярлаж уг хэвээр Гүн Ань хотыг сахихаар илгээсүгэй хэмээхэд Люймөн нууцаар Сүньцуаньд өгүүлрүүн: “Өдгөө Юньчаныг бариагүй тул Фу Ширэнийг Гүн аньд агуулбаас хожим эрхгүй урвамуй. Харин Наньзюнь хошуу руу илгээж Мифаныг дагуулахаар илгээхэд хүрэхгүй!” хэмээсэнд Сүньцуань Фу Ширэнийг дуудан ирж өгүүлрүүн: “Мифан чам лугаа гүн нөхөрлөсөн хэмээмүй. Чи түүнийг элсүүлж дагуулан ирвээс би хүндээр шагнасугай!” хэмээсэн хойно Фу Ширэнь гэхэлзэн хүлээн аваад, арваад морьтонг авч Наньзюнь хошууны зүг мифаныг дагуулахаар одов. Энэ чухамхүү:
“Энэ өдөр Гүн Анийг сахих зорилтгүй болоод
Эрт өдрийн Ванфугийн хэлсэн нь сайн үг мөн”
Эгнэгт энэ очсон нь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )