Гурван улсын үлгэр | 76 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 76 ДУГААР БҮЛЭГ

СЮЙ ГУНМИН ИХЭЭР МЯНЬШҮЙ УСАНД БАЙЛДСАН ГУАНЬ ЮНЬЧАН ДАРАГДАЖ МАЙЧӨН ХОТ РУУ ЯВСАН

 

Өгүүлэх нь: Мифан Зинжоу мужийг автав хэмээн сонсоод хараахан зовж аргагүй бүхийд хүн ирж хэлрүүн: “Гүн аньгийн сахьсан жанжин, Фу Ширэнь хүрч ирэв” хэмээн хэлсэнд Мифан яаран угтаж хотод оруулаад түүний учрыг асууваас Фу Ширэнь өгүүлрүүн: “Би шударгагүй нь бус. Хүч мохоод мөчөөрхөж чадахгүй тул би өдгөө нэгэнтээ Зүүн Ү улсыг дагав. Жанжин бас эрт дагахад хүрэхгүй” хэмээсэнд Мифан өгүүлрүүн: “Бид Ханьжун Вангийн зузаан хишгийг хүртсэн атал хэрхин тэсэргүүлж төвдмүй”. Фу Ширэнь өгүүлрүүн: “Гуань гүн одох өдөр бид хоёулыг тэсдэшгүй занасан бөлгөө. Хэрвээ нэгэн өдөр дийлээд эгж ирвээс хэрхивч хөнгөнөөр хэлтрүүлэхгүй болой. Гүн чи нарийвчлан хянаж үзэгтүн!”. Мифан өгүүрлүүн: “Бидний ах дүүс удтал Ханьжун Ванд үйлчлээд хэрхин нэгэн өглөөний зуур тэсэргүүлж болмуй” хэмээн хараахан татгалзаж бүхүйд гэнэт “Гуань гүн элч зарж илгээв” хэмээмүй. Угтаж оруулсан хойно элч мэдүүлрүүн: “Гуань гүнгийн цэрэгт амуу дутагдсан тул тусгайлан Наньжюнь, Гүн ань энэ хоёр газраас цагаан амуу арван түмэн таар авч хоёр жанжныг шөнө дөлөөр цэргийн өмнө хүргэж ир! Хэрвээ алгуурлан саатуулбаас зогсоогоор алмуй” хэмээсэнд Мифан ихэд цочиж Фу Ширэньгийн зүг хандаж өгүүлрүүн: “Өдгөө Зинжоу муж нэгэнтээ Зүүн Ү улсад автагдсан тул энэ амууг яахан олж өнгөрмүй?” гэсэнд Фу Ширэнь их дуугаар өгүүлрүүн: “Татгалзах хэрэггүй!” хэмээгээд даруй илд сугалан элчийг танхимын өмнө цавчиж алав. Мифан ихэд цочиж өгүүлрүүн: “Гүнд ямар санаа болой?”. Фу Ширэнь өгүүлрүүн: “Гуань гүнгийн энэ байдал төвхийтэл биднийг алсугай хэмээх нь илт тул хэрхин гар уулзуулан үхэхийг хүлээмүй? Гүн эдүгээ Зүүн Ү улсад дагахгүй болбоос эрхгүй Гуань гүнд алагдмуй” хэмээн хэлэх хооронд гэнэт мэдүүлрүүн: “Люймөн цэрэг авч хотын дор хүрч ирэв” хэмээхэд Мифан ихэд гэлмээд Фу Ширэнь лүгээ хамт хотоос гарч дагав. Люймөн ихэд баярлаж тэднийг дагуулан явсаар Сүньцуань лугаа учруулсанд Сүньцуань хүндээр шагнаад иргэнийг элсүүлж, тогтоосон хойно олон цэрэг лүгээ ихэд хуримлав.

Тэр цагт Цаоцао Сюйдүд сууж төвхийтэл олон зөвлөлийн сайд лугаа Зинжоу мужийн хэргийг зөвлөж байтал гэнэт Ү улсын элч бичиг өргөхөөр ирлээ хэмээжээ. Цаоцао дуудан оруулбаас элч бичгийг өргөв. Цаоцао нээж үзвээс уг бичигт: “Ү улс даруй Зинжоуг авахаар очих тул Цаоцао цэрэг авч Юньчаныг хавчин байлд! Хэрхивч задруулж Юньчаныг бэлтгэлтэй болгож үл болмуй!” хэмээжээ. Цаоцао бичиг цэргийн түшмэдийг цуглуулж зөвлөхөд Жубу түшмэл Дүнжао өгүүлрүүн: “Өдгөө Фаньчэн хот автах шахаад хүзүүгээ сунгаж өмгөөлөхийг эрэн аху тул нэгэн хүнийг зарж, бичгийг Фаньчэн хотод харваж оруулаад цэргийн сэтгэлийг амгуулахад хүрэхгүй.

Түүнээс Гуань гүнд Ү улс Зинжоу мужийг сундлахаар ирсэн тухай мэдэгдвээс тэр Зинжоуг алдахаас эмээн эрхгүй цэргээ татах болно. Хойноос нь Сюйхуангаар даран алуулбаас бүрэн гавьяа бүтэх болой”. Цаоцао түүний бодлогыг хэрэглэж, нэгэнтээгүүр Сюйхуанг “Түргэнээ цэрэг орогтун!” хэмээгээд, нөгөөтээгүүр өөрөө их цэрэг авч шууд Луо Янгийн өмнөх Янлин По хөтөлд хүрээ бууж Цаорэньд тусалсугай хэмээв.

Тэндээс Сюйхуан төвхийтэл цацартаа байх зуур Вэйвангийн элч ирэв хэмээн мэдэгджээ. Сюйхуан угтаж оруулаад учрыг асууваас элч өгүүлрүүн: “Өдгөө Вэйван цэрэг мордож Луо Яныг нэгэнтээ өнгөрчээ. Жанжныг хурдан Гуань гүн лүгээ байлдаж Фаньчэньгийн бүслэлтийг тайлагтун хэмээлээ” хэмээн хэлэлцэх зуур хүн ирж хэлрүүн: “Гуанпиньгийн цэрэг Яньчэнь хотын ойролцоо бууж, Ляохуагийн цэрэг Сыжун цайзад буугаад, өмнө хойно арван хүрээ залгалдмуй” хэмээсэнд Сюйхуан даруй мөрний жанжин Сюйшан, Люйзянь нараар өөрийн туг хиурыг өргүүлж Яньчэнь хотноо Гуаньпин лүгээ байлд!” хэмээн илгээгээд өөрийн бие таван зуун шилсэн цэргийг аваад Мяньшүй усыг ирмэглэн явсаар Яньчэнь хотын хойдыг сундлахаар очив. Тэндээс Гуаньпин Сюйхуангийн өөрийн биеэр цэрэг авч ирснийг сонсоод, даруй харьяат цэргийг аван дайсныг угтахаар гарч хоёр цэрэг эсэргүүлэн жагсаад Гуаньпин, Сюйшан лугаа байлдаж гагц гурван удаа болсон хойно Сюйшан ихэд дарагдаж буруулав. Люйзянь гарч байлдаад тав зургаан удаа болоод бас буруулсанд, Гуаньпин дийлсэн хүчиндээ хөөж алсаар хорь илүү газар болсон хойно гэнэт хот дотор гал мандав хэмээн мэдүүлмүй. Гуаньпин аргад унасныг мэдээд яаран цэргээ хураан Яньчэнь хотыг өмөглөхөөр ирвээс төвхийтэл нэгэн салааны цэрэгтэй учрав. Үзвээс Сюйхуан тугийн дор зогсож өндөр дуугаар өгүүлрүүн: “Гуаньпин мэргэн үеэл юунд үхэхийг мэдэхгүй аж? Танай Зинжоу хот нэгэнтээ Зүүн Ү улсад автагдсан атал бас ч энд бардамлаж аашилмуй уу!”. Гуаньпин хилэгнэж морийг ухасхийлгэн дам илдийг далайж Сюйхуаныг цавчихаар ороод хоёул байлдаж гурав дөрвөн удаа тулалдаагүй байтал цэргийн хүн бархиран: “Яньчэнь хотод гал их мандав” хэмээхэд Гуаньпин эмээж нөрлөн байлдахгүй нэгэн газраар цавчлаж нэвтлэн гараад шууд Сыжун цайзад ирвээс Ляохуа угтаж өгүүлрүүн: “Хүн Зинжоу хотыг Люймөнд автагдав хэмээн хэлэлцэх тул цэргийн сэтгэл гэлмэгдснийг хэрхвээс сайн?”. Гуаньпин өгүүлрүүн: “Энэ эрхгүй хуурмаг үг болой. Цэргийн хүмүүсээс дахин энэ тухай хэлэлцэгсдийг алсугай!” хэмээхэд харуулын хүн ирж хэлрүүн: “Төв хойд тэргүүн хүрээнд Сюйхуан цэрэг авч байлдаж амуй”. Гуаньпин өгүүлрүүн: “Хэрвээ тэргүүн хүрээнд алдагдал гарваас бус хүрээ яахин амар болмуй? Энэ хооронд цөм Мяньшүй усыг түшсэн тул хулгайн цэрэг айж энд ирэхгүй бөлгөө. Бид хоёул хамт очиж тэргүүн хүрээг тусалсугай!” гэж хэлсэнд Ляохуа доорх жанжин нарыг дуудаж өгүүлрүүн: “Та нар энэ хүрээг бэхлэн сахь! Хэрвээ хулгай ирвээс даруй гал өргөгтүн!”. Доорх жанжин өгүүлрүүн: “Сыжун цайзын шөрөг арван давхар байх тул хэдий нисэх шувуу боловч орж чадахгүй, яахан хулгайгаас аймуй?”. Түүнээс Гуаньпин Ляохуа нар Сыжун цайзын шилсэн цэргийг дуусган аваад, хойд хүрээнээ ирж буудаллав. Гуаньпин Вэй улсын цэрэг уулан дээр буусныг үзээд Ляохуад өгүүлрүүн: “Сюйхуангийн цэрэг буусан нь газрын зүйг олсонгүй. Энэ шөнө түүний хүрээг дарахаар одвоос болмуй”. Ляохуа өгүүлрүүн: “Жанжин чи цэргийн хагасыг хуваан урагш очигтун! Би уул хүрээг бэхлэн сахьсугай!” хэмээв.

Тэр шөнө Гуаньпин нэгэн салааны цэргийг аваад Вэй улсын хүрээнд цавчин орвоос нэг хүн ч үзэгдэхгүй тул Гуаньпин аргад орсныг мэдээд яаран эгтэл зүүн этгээдээс Сюйшан баруун этгээдээс Люйзянь хавчин байлдсанд, Гуаньпин ихэд дарагдаад хүрээндээ буруулан ирвээс Вэй улсын цэрэг мөн хүчинд нэхэж ирээд дөрвөн зүгээс хаав.

Гуаньпин, Ляохуа нар тулж тэсэхгүй болоод хүрээг гээж Сыжун цайзын зүг довтолгосоор хүрээний өмнө хүрч ирвээс цөм Вэй улсын туг хиур хатгасан тул Гуаньпин нар яаран цэргээ эгүүлж Фаньчэн хотод очих их замаар яван атал өмнөөс нэгэн баг цэрэг тосов. Тэргүүлсэн их жанжин Сюйхуан бөлгөө. Гуаньпин, Ляохуа нар үхэн байлдаж, зам булаан буруулаад их хүрээнд хүрч Гуань гүнд золгож өгүүлрүүн: “Өдгөө Сюйхуан, Яньчэнь зэргийн газрыг булаан авсаны дээр Цаоцао өөрөө их цэрэг авч гурван замаар Фаньчэн хотод туслахаар ирэв. Олон хүн Зинжоу мужийг Люймөнд автагдав хэмээн хэлэлцэж буй” хэмээсэнд Гуань гүн зандарч өгүүлрүүн: “Энэ дайсны хүн хуурмаг үг хэлж манай цэргийн сэтгэлийг самууруулах нь болой. Зүүн Ү улсын Люймөн өвчин хүнд болоод бага хүүхэд Лүсюнь түүнийг төлөөлсөн тул зовох хэрэггүй!” хэмээв.

Түүнээс гэнэхэн “Сюйхуангийн цэрэг хүрч ирэв!” хэмээн мэдүүлэн ирэв. Гуань гүн “Морь эмээллэ!” хэмээсэнд Гуаньпин хориглож өгүүлрүүн: “Эцгийн бие илаар болоогүй тул байлдаж болохгүй!” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Сюйхуан миний хуучин нөхөр тул би түүний эрдмийг мэдмүй. Хэрвээ тэр эгэхгүй болбоос би урьд түүнийг алаад, Вэй улсын жанжин нарыг сүрдүүлсүтэй!” хэмээн өгүүлэн даруй хуяглаад илд барин морь унаж гэхэлзэн гарав. Вэй улсын цэрэг үзээд үл аюух нь үгүй. Гуань гүн морийг татаж зогсоогоод асууруун: “Сюй Гунмин хаана буй?”. Вэй улсын хүрээний туг нээсэн газраас Сюйхуан гарч ирээд бие бөхийн ёсолж өгүүлрүүн: “Мужийн захирагчаас салаад нэг л мэдсэн олон жил болжээ. Санамсаргүй мужийн захирагчийн сахал үс цөм цайв. Эрт залуу насанд дагж яваад олонтоо сургаал хүртээснийг талархан умартаагүй, өдгөө мужийн захирагчийн аруухан нэр дундад улс даяар түрхрэн дуулдахыг хуучин хүн сонсоод тэсгэлгүй бахархмуй. Завшаанд нэгэнтээ учирснаар баярлан барахгүй” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Би Гунмин лүгээ найрлан явсан нь маш зузаан, бусадтай адилтгаж үл болмуй? Ямар учраас дахин давтан миний хөвгүүнийг цухалдуулсан аж?”. Сюйхуан хойш хандаж олон жанжин нарыг их дуугаар дуудан өгүүлрүүн: “Хэрвээ Гуань гүнгийн тэргүүнийг олсонд хүнд мянган лан алтаар шагнасугай!”. Гуань гүн хиртхийж өгүүлрүүн: “Гунмин юунд ийм үг гаргамуй?”. Сюйхуан өгүүлрүүн: “Энэ өдөр болбоос улс гэрийн хэрэг, би ямар аймшиггүй гуячийг бодож нийтийг гээж болмуй?” хэмээгээд сүх барин Гуань гүн лүгээ байлдахаар ирсэнд Гуань гүн хилэгнэж бас дам илдээр угтан байлдаад наян удаа болов. Гуань гүн хэдий цэргийн эрдэм хүнээс хэтийдсэн гэвч эцэстээ баруун тохойн хүч буурчээ. Гуаньпин, Гуань гүнг осолдуузай хэмээн яаран харанга цохисонд Гуань гүн морио буцаан хүрээндээ эгэв. Гэнэт дөрвөн этгээдээс хашхирах дуу сонсдмуй. Үзвээс Фаньчэн хотынхон Цаоцаогийн туслах цэрэг ирснийг сонсоод цэрэг авч хотоос гарч Сюйхуан лугаа нийлээд хоёр этгээдээс хавчин байлдахаар ирсэн нь энэ ажгуу. Зинжоу мужийн цэрэг ихэд самуурсанд Гуань гүн морь унаж олныг дагуулсаар яаран Сянзян мөрний дээд урсгал руу одоход хойноос Вэй улсын цэрэг нэхэн иржээ. Гуань гүн даруй Сянзян мөрнийг гэтлэн гараад Сян Янгийн зүг явж байтал харуулын хүн ирж хэлрүүн: “Зинжоу нэгэнтээ Люймөнд автаад гэрийн бүхэн цөм шавартав”. Гуань гүн ихэд цочиж, Сян Янгийн зүг одолгүй, Гун аньгийн зүг зориход мэдээний хүн ирж хэлрүүн: “Гун аньгийн Фу Ширэнь нэгэнтээ Зүүн Ү улсыг дагав” хэмээжээ. Гуань гүн хараахан хилэгнэж байтал амуу хөөхөөр очсон хүн хүрч ирээд хэлрүүн: “Гун аньгийн Фу Ширэнь, Наньзюнь хошуунд одож зарсан элчийг алаад Мифаныг элсүүлж ү улсад дагахаар одов” хэмээв.

Түүнээс Гуань гүн энэ мэдээг сонсоод ихэд тачаадсанд шарх үтээрээд газарт харангадан унав. Олон жанжин тэнхрүүлэн сэргээсэн хойно Гуань гүн Сыма түмшэл Ванфүгийн зүг өгүүлрүүн: “Хорсох нь чиний үгийг сонссонгүй. Энэ өдөр үнэхээр ийм хэрэг гарчээ” хэмээгээд, асууруун: “Мөрний хөвөөний дээр доор юунд тэмдэг гал өргөсөнгүй болой?”. Харуулын хүн өгүүлрүүн: “Люймөн усан цэрэгтээ цөмд нь цагаан хувцас өмсгөж худалдаачин хүний дүрд хувилгаад, мөрнийг гэтлэхдээ шилсэн цэргийг онгоцны дотор нууж, тагт сахьсан цэргийг урьд барив. Тийнхүү тэмдэг гал өргөж чадсангүй хэмээсэнд, Гуань гүн дэвхцэн шүүрс алдаж өгүүлрүүн: “Би зальхай хулгайн аргад оржээ. Одоо ямар нүүрээр ахад золгомуй?”. Амуу өвсийг захирах түшмэл Жаолэй өгүүлрүүн: “Өдгөө хэрэг цухал болжээ. Нэгэнтээгүүр хүн зарж Чөндүд туслах цэрэг гуйхаар илгээн, нэгэнтээгүүр хуурай замаар Зинжоуг авахаар одсугай”. Гуань гүн үгийг дагаж, даруй Малян, Изид гурван ороодос бичиг бариулан “Өдөр шөнөгүй довтолгон Чөндүгээс туслах цэрэг авахаар илгээв!”. Нөгөөтээгүүр Зинжоуг авахаар одоход өөрөө өмнө ангийг дагуулан явж Ляохуа, Гуаньпингаар ар талаа хамгаалуулжээ.

Тэндээс Фаньчэн хотын бүслэлтийг тайлсан тул Цаорэнь цэргээ авч Цаоцаод золгохоор ирээд уйлан сөгдөж, ял хүлээхэд Цаоцао өгүүлрүүн: “Энэ тэнгэрийн тоо болой. Чиний ял бус!” хэмээгээд Цаоцао олон цэргийг хүндээр шагнаад, биеэр Сыжун цайзад одож, эргэн тойрныг үзэж байснаа олон жанжин нарт өгүүлрүүн: “Зинжоугийн цэргийн хүрээ буусан нь шөргийг хэдэн давхар босгосон атал Сюй Гунмин түүнд гүн орж бүрэн гавьяа байгуулжээ. Би гуч илүү он дайнд явсан боловч аймшиггүй дайсны хаасан дотор шууд довтлон орсон нь үгүй. Гунмин үнэхээр зүрх, ухаан хэтийдсэн нь болой” хэмээсэнд олон цөм гайхав. Цаоцао эгээд Мо По газарт хүрээ бууж бүхийд Сюйхуангийн цэрэг хүрч ирсэнд Цаоцао биеэр гарч угтаад үзвээс Сюйхуангийн цэрэг цөм анги зэрэгцэж яваад огт самуурахгүй. Цаоцао ихэд баярлаж өгүүлрүүн: “Сюй Жанжинд үнэхээр Жоу Яфугийн51 байдал буй!” хэмээн өгүүлээд даруй Сюйхуаныг өмнө зүгийг түвшитгэх жанжин болгон “Ся Хоушан лугаа Сян Ян газрыг сахиж Гуань гүнгийн цэргийг тосогтун!” хэмээн илгээв. Цаоцао Зинжоугийн газар тогтоогүй хэмээн Мо По хөтөлд буудаллан чимээг хүлээв.

Тэндээс Гуань гүн Зинжоугийн замд орвоос, эгвээс болохгүй тул Жаолэйгийн зүг өгүүлрүүн: “Өдгөө өмнө талд Ү улсын цэрэг, хойд талд Вэй улсын цэрэг бид дундад агаад туслах цэрэг хүрч ирэхгүй, хэрхмүй?”. Жаолэй өгүүлрүүн: “Эрт Люймөн люкоуд бүхий цагт үргэлж мужийн захирагч танд бичиг өгч “Үүнээс хойш хоёр гэр янаглаж хамтын хүчээр Цаоцао хулгайг алсугай!” хэмээсэн атал өдгөө харин Цаоцаод тусалж Зинжоуг сундласан нь болзооноос тэсэргүүлсэн нь болой. Мужийн захирагч түр энд цэрэг буудаллан хүн зарж Люймөнд бичиг илгээн буруушааваас түүний яахан өчихийг үзсүгэй!”. Гуань гүн үгийг дагаж, даруй бичиг хийж, Зинжоуд элч зарав.

51 Баруун Хань улсын үеийн алдарт жанжин болой.

Тэндээс Люймөн Зинжоуд агаад цааз тархаасан нь: “Аливаа Зинжоу мужийн олон хошуунаас Гуань гүнийг дагалдаж байлдахаар одсон жанжин нарын гэр өрхөд Ү улсын цэрэг орж түйвээж болохгүй! сар бүр ёсоор амуу өг! Өвчтэй хүн байвал эмч илгээн засуулагтун!” хэмээв. Тийнхүү олон жанжин нарын гэрийн бүхэн өршөөлийг санаж амар сууж хөдөлсөнгүй. Гэнэт Гуань гүнгийн элч ирэв хэмээн хэлэхээр ирсэн хойно, Люймөн хотоос гарч угтан аваад зочмодын ёсоор хүндлэв. Элч бичгийг Люймөнд өргөсөнд Люймөн үзээд элчид өгүүлрүүн: “Эрт өдөр “Гуань гүн лүгээ ханилсугай!” хэмээсэн нь миний нэгээхэн хүний гуяч үзэл бөгөөд энэ өдрийн хэрэг болбоос дээдийн зарлигаар үйлдэгдсэн тул би яахин толгой мэдэн шийдэж чадах билээ? Гуйх нь элч та эгж очоод Гуань жанжинд энэ санааг сайтар уламжлах ажаам уу!” хэмээгээд даруй хурим бэлтгэж найрлаад, өртөө гэрт хүргэж буулгав. Тэндээс цэрэгт одсон жанжин түшмэдийн гэрээс цөм ирж мэдээ асуугаад захидал илгээсэн нь буй. Амаар захиж уламжласан ч мөн олон ажээ. Тэд цөм гэртээ амар сайн сууж, идэх, өмсөх дутагдахгүй байгааг дуулгав. Түүнээс элч Люймөнгөөс салахад Люймөн өөрийн биеэр хотоос гартал үдэв. Элч хойш ирээд Гуань гүнд учирч Люймөнгийн үгийг нэг нарийвчлан өчөөд бас Зинжоу хотод байх мужийн захирагчийн гэрийн хотлоор болон олон жанжин нарын гэрийн бүхэн цөм амар сайн аж, өгч тэжээх нь дутахгүй хэмээсэнд Гуань гүн ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Энэ зальхай хулгайн арга болой. Би амьддаа энэ хулгайг алж чаддаггүй юм бол үхсэн хойноо түүнтэй уулзаж өөрийн хорслыг тайлах болно” гээд зарсан элчийг зандарч гаргав. Элч гарч ирсэн хойно олон жанжин нар цөм түүнтэй уулзаж гэрийн мэдээг асуухад элч тус бүр амгалан сайн байгаагийн зэрэгцээ Люймөн маш өршөөн тэтгэж буйг дуулгаад захидал бичгийг олон жанжинд уламжлан өгсөн хойно тэд цөм баярлаж байлдах сэтгэлгүй болов.

Түүнээс Гуань гүн цэргээ аваад Зинжоуг авахаар ирэхэд цэрэг хүрсний хойно олонтоо Зинжоуд оргож орсон нь буй тул Гуань гүн нэн илүү хорсов. Даруй цэргийг хөөж явахад гэнэт хашхирах дуу гараад нэгэн багийн цэрэг хөндөлдөв. Тэргүүлсэн жанжин Зянцинь болой. Тэр морийг татаж, жадаа өргөөд, өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Гуань Юньчан юунд хурдан дагахгүй аж?”. Гуань гүн харааж өгүүлрүүн: “Би болбоос Хань улсын жанжин хэрхин хулгайг дагах ёсон буй?” хэмээгээд морийг давхин, дам илдээ далайсаар Зянцинь лугаа байлдаад гурван удаа болсонгүй, Зянцинь дарагдаж буруулав. Гуань гүн илд өргөн нэхэж, хорь илүү газар өнгөрөхүйеэ хашхирах дуу бас үүсэж зүүн этгээдийн уулын заваагийн дотроос Ханьдан цэрэг авч дайран ирэх бөгөөд баруун этгээдийн уулын заваас Жоутай бас цэрэг авч ирсэнд Зянцинь морио эргүүлэн дахин иргээд гурван замаар хавчин байлдахад Гуань гүн яаран цэргээ эгүүлэн хойш ухраад хэдэн газар болсонгүй өмнөд уулын довд хүн утаа мэт цугларан, нэгэн талын цагаан тугийн дээр “Зинжоугийн уул газрын хүмүүс” хэмээн бичжээ. Олон хүн цөм “Уул газрын хүн хурдан дагахаар ирэгтүн!” хэмээн дуудмуй. Гуань гүн ихэд хилэгнэн довын дээр гарч, алсугай хэмээхэд уулын заваагийн дотроос бас хоёр салааны цэрэг дайран гарч ирэв.

Зүүн этгээдээс Динфөн, баруун этгээдэд Сюйшэн жич Зянцинь нарын гурван замын цэрэг лүгээ нийлээд, хашхирах дуунд газар хөдлөн хэнгэргийн дуунд, тэнгэр түрхрээд, Гуань гүнийг тойрон хаав. Доорх цэрэг улам улмаар сарниж байлдсаар гэгээ тасрах үест хүрээд Гуань гүн дөрвөн зүгт анхаарваас цөмөөр Зинжоугийн уул газрын цэрэг ахаа дуудан, дүүгээ бархирч, хөвгүүнээ даллан, эцгээ эрээд, дуудалцах дуу зогсохгүйд цэргийн сэтгэл хувьсаж цөм дуудахыг үзэж одмуй. Гуань гүн зандран хоригловч дийлэхгүй явсаар, гагц гурван зуу илүү цэрэг дагамуй. Байлдсаар гуравдугаар жингийн эцэст хүрээд, цэх зүүн биеэс хашхирах дуу тэнгэр тулмаар гарав. Харин Гуаньпин, Ляохуа нар хоёр замаар цэрэг авч ирэн зузаан хаасан газрыг нэвтлэн ороод Гуань гүнийг тэнхрүүлэн гаргасны хойно, Гуаньпин өгүүлрүүн: “Цэргийн сэтгэл самуурсан тул түр нэгэн хотыг олж буугаад, туслах цэргийг хүлээвээс зохимуй. Майчэн хот хэдий бага боловч цэрэг буухад гүйцэд!” хэмээсэнд Гуань гүн үгийг дагаж, үлдсэн цөөн цэргийг хөөж, Майчэн хотод хүрч ирээд цэрэг хувааж, дөрвөн хаалгыг батлан сахиулаад олон жанжин нарыг цуглуулж зөвлөхөд Жаолэй өгүүлрүүн: “Шан Юн хот эндээс холгүй бөгөөд өдгөө Люфэн, Мөнда нар тэнд сахин сууж байгаа тул түргэн тэдэн рүү хүн зарж өмгөлөх цэрэг гуйхаар илгээсүгэй! Хэрвээ нэгэн салааны цэргийг олж туслуулаад Сычуаньгийн туслахаар ирэх цэргийг хүлээвээс цэргийн сэтгэл амар болмуй” хэмээн ямагт зөвлөн бүхүйд хүн ирж хэлрүүн: “Ү улсын цэрэг хүрч ирээд дөрвөн зүгээс тойрон хаав” хэмээв. Тэндээс Гуань гүн өгүүлрүүн: “Хэн хүн хаасныг нэвтлэн гарч Шан Юнд өмгөөлөхийг гуйхаар очмуй?” хэмээсэнд Ляохуа өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй”. Гуаньпин өгүүлрүүн: “Би чамайг хамгаалж зузаан хааснаас гаргасугай!” хэмээсэнд Гуаньпин бичиг хийж, Ляохуад өгөөд биеийн дотор нуулгасан хойно цадтал идүүлж, морь унуулаад хаалгаар гарч одоход Ү улсын жанжин Динфэн цэрэг авч угтав. Гуаньпин шаламгайлан түүн лүгээ байлдсанд Динфэн дарагдаж буруулав. Ляохуа мөн хүчинд хаасан газраас гарч Шан Юнгийн зүг одов. Гуаньпин хотод ороод бэхлэн сахижээ.

Тэндээс Люфэн, Мөнда болбоос Шан Юнгийн тайшоу түшмэл Шэньдань олныг дагуулан дагсанд өгсөнд Ханьжун Ван Люфэнийг мөрний жанжин нэмэн өргөмжлөөд, Мөнда лугаа Шань Юн газрыг сахиулсан ажгуу. Тэр өдөр Гуань гүнгийн цэрэг дарагдсаныг сонсоод хоёул хараахан зөвлөж байтал Ляохуа ирэв хэмээн мэдүүлсэнд Люфэн залж оруулан асууваас Ляохуа хэлрүүн: “Гуань гүн цэрэг дарагдаад өдгөө Майчэн хотод хаагдаж маш цухал буй. Шу улсын өмгөлөх цэрэг, агшин зуур хүрч ирэн чадахгүй тул тусгайлан намайг зарж хаасныг нэвтлэн энд туслахыг гуйхаар ирэв. Хоёр жанжин даруй Шан Юнгийн цэргийг авч, энэ зовлонг тэнхрүүлэхээр очмуй! Хэрвээ баахан хэмээ саатваас Гуань гүн шавартагдмуй”. Люфэн өгүүлрүүн: “Жанжин түр амсхийгтүн! Бид зөвдсүгэй!” хэмээв.

Түүнээс Ляохуа буух гэрт очиж цэрэг хөдлөхийг хүлээв. Энэ зуур Люфэн, Мөндагийн зүг өгүүлрүүн: “Өдгөө авга эцэг хаагдсаныг яаваас сайн?”. Мөнда өгүүлрүүн: “Зүүн Ү улсын цэрэг хурц, жанжин баатар дээр Зинжоугийн есөн хошуу цөм тэдэнд хамаарагдаад гагц Майчэнгийн төдийхөн бага газар үлджээ. Бас сонсвоос Цаоцао биеэр дөч, тавин түмэн их цэрэг авч Мо По хөтөлд цэрэг буув хэмээх тул бидний уулын хотын цэрэг яахин хоёр гэрийн цэргийг эсэргүүцэж чадмуй? Хөнгөлөн хөдөлж болохгүй!” хэмээсэнд Люфэн өгүүлрүүн: “Би тэр тухай мэдмүй! Гэвч Гуань гүн болбоос миний авга эцэг болох тул хэрхэн үзэж суусаар туслахгүй болж болмуй?”. Мөнда инээж өгүүлрүүн: “Жанжин чи Гуань гүнийг авга эцэг гэх боловч Гуань гүн жанжин чамайг үеэл хөвгүүнээ гэхгүй? Бааханд би сонсвоос Ханьжун Ван анхан жанжныг үрчлэх үест Гуань гүн ихэд баяргүй хэмээмүй. Хойно Ханьжун Ван сууринд суусан цагт залгамжлах хөвгүүнийг байгуулсугай хэмээн Кунмингаас асуухад Кунмин өгүүлрүүн: “Энэ нь гэрийн хэрэг тул Гуан, Жангаас асуусугай!” хэмээсэнд Ханьжун Ван даруй Зинжоуд хүн зарж Гуань гүнгээс асуухаар илгээсэн хойно Гуань гүн “Жанжин таныг тэжээсэн хөвгүүн болох тул байгуулж болохгүй!” хэмээн Ханьжун Ванг хориглож “Жанжин таныг хол Шан Юнд тавьж тавьж хожмын зовлонг арилга!” хэмээжээ. Энэ хэргийг хүн бүр цөм мэдэх атал жанжин хэрхин мэдэхгүй буй? Юу хэмээн энэ өдөр бас авга эцэг, үеэл хөвгүүний журмыг санан бэрхшээлтэй газар хөнгөлөн очсугай хэмээмүй?”. Люфэн өгүүлрүүн: “Чиний үг хэдий үнэн боловч гагц ямар үгээр маргамуй?”. Мөнда өгүүлрүүн: “Уулын хотыг сая олсноор иргэний сэтгэл тогтоогүй тул цэргийг дэмий хөдөлгөвөөс сахисан газрыг алдахаас аймуй хэмээн өч!”. Люфэн үгэнд нь ороод жич өдөр Ляохуаг авчирч өгүүлрүүн: “Энэ хотыг сая олсон тул цэрэг хуваан туслахаар очиж чадахгүй нь” хэмээсэнд Ляохуа ихэд цочин мөргөж өгүүлрүүн: “Ийм болбоос Гуань гүн автах болой!” гэв. Мөнда өгүүлрүүн: “Бид өдгөө одовч нэгэн хундага усаар хэрхэн нэг тэрэг түлээний галыг сөнөөж чадмуй, Жанжин хурдан эгж алгуураар Шу улсын цэрэг ирэхийг хүлээгтүн!”. Ляохуа тэсгэлгүй уйлан гуйваас Люфэн, Мөнда хоёр ханцуйгаа гөвж оров. Ляохуа хэрэг бүтэхгүйг мэдээд Ханьжун Ванд очиж өмгөөлөх цэрэг гуйсугай хэмээн санаад даруй морь унаж ихэд хараасаар хотоос гарч Чөндүгийн зүг одов.

Тэндээс Гуань гүн Майчэн хотод байж Шан Юнгийн цэрэг ирэхийг хүлээвч огт чимээ имээгүйн дээр гар дор гагц тав зургаан зуун хүн байвч олонх нь цөм шархтай болжээ. Хотын дотор идэх амуугүй маш гашуудаж байтал хүн ирж хэлрүүн: “Хотын дор нэгэн хүн битгий зэв харвагтун! Үг байж мужийн захирагчид золгохоор ирэв” хэмээн дуудмуй. Гуань гүн оруулж ирвээс Жугө Зинь болой. Ёслон золгож цай уусан хойно Жугө Зинь өгүүлрүүн: “Өдгөө Үхоугийн зарлигаар тусгайлан жанжныг хориглон ухуулахаар ирэв. Эртнээс нааш “Цагийн байдлыг ухагчид нь аруухан баатар мөн” хэмээн хэлэлцдэг. Өнөө жанжин таны захирсан Ханьшангийн есөн хошуу цөм өөр хүнийх болжээ. Гагц энэ өчүүхэн хотын төдийхөн үлдсэнээс гадна, амуу өвсгүйн дээр, гаднаас ирэх өмгөлөх цэрэггүй, тул эвдрэх нь нүдний өмнө болсон тул жанжин та Жугө Зинь миний үгийг авч Ү улсад дагаваас Зин, Сянгийн газрыг дахиж эзлээд гэр хотлоорыг хамгаалан чадах бус уу? Завшаанаар мужийн захирагчийн боловсруулан хянахыг хүсмүй!” хэмээсэнд Гуань гүн царайг төв болгож өгүүлрүүн: “Би болбоос Зелян газрын нэгэн цэргийн эр бөгөөд миний эзэн гар хөл мэт өршөөсөнд хэрхин журмыг тэвчээд дайсны улсад дагахаар одмуй? Хэрвээ хот автагдваас үхэх баахан хас хэмхэрч болох боловч түүний цагаан өнгийг хувилгаж болохгүй. Хулс модыг түлж болох боловч түүний үеийг эвдэлж эс болмуй. Төрсөн бие маань үхэвч, нэрийг хулс, торгонд хоцроож болох болой. Чи битгий дахин олонтоо өгүүл! Түргэнээ хотоос залран гарагтун! Би Сүньцуань лүгээ үхэхээр нэгэнтээ байлдсугай!”. Жугө Зин өгүүлрүүн: “Үхоу, мужийн захирагч лугаа Цинь, Зинь хоёр улсын адил янаглан хамтын хүчээр Цаоцаог эвдэлж Хань хааны төрийг тэтгэсүгэй хэмээхээс огт өөр санаагүй байтал жанжин юунд ийм төөрмүй?” хэмээн өгүүлж дуусахын урьд Гуаньпин илдээ гаргаж Жугө Зинийг цавчсугай хэмээхэд Гуань гүн зогсоож өгүүлрүүн: “Түүний дүү Кунмин, Шу улсад чиний их авгад тусалж, байх тул өдгөө хэрвээ албаас түүний ах дүүгийн сэтгэлгээг гэмтүүлмүй” хэмээгээд даруй хажуугийн ардыг дуудан: “Жугө Зинийг үлдэж гаргагтун!” хэмээсэнд Жугө Зинь нүүр дүүрэн ичингүйрч морь унан хотоос гараад, эгж Үхоу лугаа золгож өгүүлрүүн: “Гуаньгүнгийн сэтгэл төмөр чулуунаас ч хатуу бат тул хэлэлцэж болохгүй”. Сүньцуань өгүүлрүүн: “Үнэхээр шударга сайд болой! Үүнийг одоо хэрхмүй?” хэмээвээс Люйфань өгүүлрүүн: “Би түүний сайн мууг төлгөдөж үзсүгэй!”. Сүньцуань даруй төлгө үзүүлбээс, төлгөнд “Газар, ус, цэрэг” хэмээх хүлил буусан бөгөөд түүнтэй яст мэлхий тохиолдсон тул дайсан хол буруулмуй” хэмээжээ. Сүньцуань Люймөнгөөс асууруун: “Төлгөнд дайсан хол явмуй хэмээн буусан тул сайд чи ямар аргаар баримуй?”. Люймөн инээж өгүүлрүүн: “Төлгийн байдал төвхийтэл миний санасанд нийлжээ. Гуань гүнд хэдий тэнгэрийг нэвтлэх жигүүр буй боловч миний өгөөшнөөс нисэн гарч чадахгүй” хэмээв. Энэ чухамхүү:

“Луу гуу сувагт зоог хийвээс сэм хорхойн наадам хийхэд дооглогдон

Гарьд шувуу чингэлэгт орвоос олон шувуунд дарлагдмуй”

Эгнэгт Люймөнгийн арга ямрыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top