"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 77 ДУГААР БҮЛЭГ
ХАСБУЛАГ УУЛАНД ГУАНЬ ГҮНГИЙН ХУВИЛГААН ИЛЭРСЭН ЛУО ЯН ХОТОД ЦАОЦАО САХИУСАНД СҮСЭГЛЭСЭН
Өгүүлэх нь: Сүньцуань Люймөнгөөс арга асуухад Люймөн өгүүлрүүн: “Миний санахад Гуань гүнгийн цэрэг цөөн тул лав их замаар одохгүй. Майчэн хотоос төв хойд зүгт нэгэн бэрх цухал бага зам буй. Эрхгүй энэ замаар одмуй. Жураньд таван мянган шилсэн цэрэг өгч, Майчэн хотоос хойш хорин газрын үзүүрт бүгүүлээд, түүний цэрэг хүрч ирвээс гарч байлдахгүй, гагц өнгөрөн гарсанд хойноос дайран алуулбаас түүний цэрэг лавтайяа байлдах сэтгэлгүй болоод эрхгүй Линьзюйгийн зүг буруулмуй. Жич Паньжанд таван зуун шилсэн цэрэг өгч Линьзюй уулын нарийн замд бүгүүлсэнд Гуань овогтныг барьж болмуй. Өдгөө жанжин цэргийг гаргаж хаалга бүрт байлдуулан, гагц хойд хаалгыг хоосон үлдээж тэдгээрийн гарч явахыг хүлээсүгэй!” хэмээв. Сүньцуань аргыг сонсоод Люйфангаар дахин төлгөдүүлсэнд, үзэж бараад өгүүлрүүн: “Энэ төлгөнд дайсан баруун хойд зүг явмуй. Энэ шөнийн гахай цагт баригдмуй” хэмээсэнд, Сүньцуань ихэд баярлан даруй Журань, Паньжанд хоёр салааны цэрэг өгч цөм цаазын ёсоор бүгэхээр очигтун хэмээн илгээв. Тэндээс Гуань гүн Майчэн хотод байгаад морьт явган цэргийг байцаан үзвээс гагц гурван зуу илүү хүн үлдээд, амуу өвсөө барсны дээр, тэр шөнө хотын гадна ү улсын цэрэг олон цэргийн овог нэрийг дуудах тул хотыг давж одсон нь маш үлэмж өмгөөлөх цэрэг бас ирэхгүйд дотроо элдэвчлэн санавч огт аргагүй тул, Ванфүгийн зүг өгүүлрүүн: “Би эрт өдөр гүн чиний үгийг авсангүй, энэ өдөр бэрх чухал болжээ. Одоо хэрхвээс сайн?”. Ванпу уйлж өгүүлрүүн: “Энэ өдрийн хэргийг хэдий Жан Зы Яа дахин төрлөө ч арга хэрэглэн чадахгүй болов”. Жаолэй өгүүлрүүн: “Шан Юнгээс өмгөөлөх цэрэг ирэхгүй нь Люфэн, Мөндагийн цэрэг хөдлөхгүйн учир болой. Яахан энэ гагц хотыг гээж Сычуаньд ороод жич цэрэг тэгшилж, дахин эргүүлэхийг эрэхгүй аж?” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Би бас ч ийн санасан бөлгөө” хэмээгээд, даруй хэрмийн дээр гарч үзвээс хойд хаалганд дайсны цэрэг арвингүй тул уул хотод суусан хүнээс асууруун: “Эндээс хойш явбал газрын байдал ямар вэ?” хэмээвээс нэгэн хүн өчрүүн: “Үүгээр одвоос цөм уулын бага зам бөгөөд Сычуаньд нэвтэрмүй”. Гуань гүн өгүүлрүүн: “Мөн шөнө энэ замаар одсугай!” гэхэд Ванфу хориглож өгүүлрүүн: “Бага замд бүгсэн цэрэг буй тул их замаар одвоос сайн”. Гуань гүн өгүүлрүүн: “Хэдий цэрэг бүгэвч би хэрхэн аймуй?” хэмээгээд, даруй цааз зарлан морьт явган цэргийг сайтар тэгшлээд “Хотоос гарсугай!” хэмээхэд Ванпу уйлж өгүүлрүүн: “Мужийн захирагч замд болгоомжлон, биеэ хүндэтгэгтүн! Би миний доорх зуу илүү цэргийг авч энэ хотыг үхэн сахисугай! Хэдий хот эвдрэвч, бие дагахгүй, тусгайлан мужийн захирагчийн түргэнээ өмөглөх цэрэг авч ирэхийг хүлээмүй!” хэмээв.
Тэндээс Гуань гүн бас уйлж салаад Жоу Цанийг, Ванфу лугаа хамт Майчэн хотыг сахиулан суулгаад Гуань гүнгийн бие Гуаньпин, Жаолэйгийн хамт ихэр, тахир хоёр зуун цэргийг авч хойд хаалгыг нээж дайран гараад Гуань гүн өмнө дам илдийг хөндлөн барьж явсаар анх жингийн үес болтол хорь илүү газар явжээ. Гэнэт үзвээс хотгор газраас харанга хэнгэргийн дуу цугаар гарч нэгэн баг цэргийн тэргүүлсэн жанжин Журань жад барин морь довтолгон ирээд өндөр дуугаар өгүүлрүүн: “Юньчан битгий явагтун! Эртхэн мориноос бууж дагавал үхэхээс хэлтэрмүй!” хэмээсэнд Гуань гүн ихэд хилэгнэн морио давхиулан байлдахаар ирэхэд Журань буруулан явав. Гуань гүн мөн хүчинд нэхэж очтол хэнгэргийн дуу гармагц дөрвөн зүгээс бүгсэн цэрэг цөм гарч ирсэнд Гуань гүн нөрөн байлдахгүй, Линьзюйгийн нарийн замаар буруулав. Журань цэрэг аваад хойноос нэхэхэд, Гуань гүнгийн дагасан цэрэг улам улам бага болж, дөрөв таван газар явсангүй, өмнөөс бас хашхирах дуу түрхэрч галын гэрэл мандаад, Паньжан морь тавин, илд даллан байлдахаар ирэв. Гуань гүн уурлан дам илдээр угтан байлдаж, гурван удаа болмогц Паньжан дарагдаж буруулав. Гуань гүн удаан байлдсангүй яаран уулын замын зүг явахад Гуаньпин хүрч ирээд хэлрүүн: “Жаолэй самуун цэргийн дотор үхэв” хэмээсэнд Гуань гүн тэсгэлгүй хорсоод, даруй Гуан Пинийг хойноо хайгуувчлуулж, Гуань гүн өөрөө урд нь зам нээж одоход, дагаж явах нь гагц арван хэдэн хүн үлджээ.
Одсоор Зюэшы нэрт газарт хүрвээс хоёр этгээд цөм уул бөгөөд газар дүүрэн үет цагаан хулс ургаж, түлээ мод зузаан, нэгэнтээ гэгээрэх шахжээ. Хараахан явах хооронд гэнэт хашхирах дуу гараад хоёр этгээдээс бүгсэн цэрэг гарч урт дэгээ, урхи торыг цугаар өргөж, Гуань гүнгийн унасан морийг чөдөрлөн унагаав. Гуань гүнгийн бие уравхийлэн мориноос унасанд Паньжангийн доорх жанжин Мажунд баригджээ. Гуаньпин эцгээ баригдсаныг мэдээд гал мэт түргэн өмгөөлөхөөр ирэхэд хойноос Журань, Паньжангийн цэрэг цугаар ирээд тойрон хаасан тул Гуаньпин ганцаар байлдсаар хүч мохоод бас л баригдав. Гэгээрсэн хойно Сүньцуань “Гуань гүн эцэг хөвгүүнийг цөм баригдав” хэмээн сонсоод ихэд баярлаж олон жанжин нарыг цацарт цуглуулан баахан удсан хойно Мажун, Гуань гүн авч ирэв. Сүньцуань өгүүлрүүн: “Би хэдийн жанжны эрхэм эрдмийг хүсч, Цинь, Зинь хоёр улсын адил ханилсугай хэмээсэн бөгөөтөл юунд намайг гээмүй? Гүн чи язгуураас дэлхий дахинаа эсэргүүцэлгүй хэмээж авсан нь энэ өдөр юунд надад баригдав? Жанжин энэ өдөр Сүньцуань намайг бишрэх буюу?”. Гуань гүн сүрхий дуугаар харааж өгүүлрүүн: “Хөхөвтөр нүдэт бага хүүхэд улаан сахалт хулгана мэт боол, лю хааны авга лугаа тоорын хүрээлэнд журмаар ханилаад амалдаж Хань төрийг тэтгэсүгэй хэмээсэн тул хэрхин чиний мэт Хань улсаас урвасан хулгай лугаа зэрэгцэн явмуй? Би өдгөө эндэж зальхай арганд орсон тул үхвээс барав. Юунд олонтоо өгүүлмүй?” хэмээсэнд Сүньцуань хойш хандаж олон түшмэлийн зүг өгүүлрүүн: “Юньчан ертөнцийн эрэмгий баатар тул би ихэд хайрламуй, өдгөө би ёслолоор хүндэлж, ятган дагуулбаас ямар?”. Жубу түшмэл Зуосянь өгүүлрүүн: “Болохгүй ээ! Эрт Цаоцао энэ хүнийг олоод, Хоу өргөмжлөн хэргэм хүртээж гурван өдөрт нэгэн бага хурим таван өдөрт нэгэн их хурим, морь унахад алт найман лан, мориноос буухад мөнгө найман лан хүртээгээд энэ мэт хишиг ёслолоор хүндлэсэн атал эгнэгт агуулж чадсангүй. Түүний дураар боомтын цавчин, жанжныг алж илгээсэн бөгөөтөл энэ өдөрт хүрээд гэдрэг цухалдагдаж, арай нийслэлийг нүүлгэн, түүний хурц сүрээс зайлсугай хэмээжээ. Өнөө эзэн гүн нэгэнтээ баримтласанд хэрвээ арилгахгүй болохул хожмын зовлонг үлдээжээ хэмээмүй”. Сүньцуань тэргүүнийг дарж нилээд удаан бодоод өгүүлрүүн: “Энэ үг мөн болой!” хэмээгээд даруй түлхэн гаргав. Түүнээс Гуань гүн эцэг хөвгүүн хөнөөгджээ. Тэр цаг амгалан байгуулагчийн хорин дөрөвдүгээр оны өвлийн сүүл сар болой. Гуань гүн тавин найман нас сүүдэртэй бөлгөө.
Хожмын хүн шүүрс алдаж, шүлэглэсэн шүлгийн үг:
“Ханьгийн эцсийн цулгарсан эрдэмтэн хэмээгч
Хаш Юньчан гагцаар бөлгөө.
Хувилгаан сүр, цог бадрангуй
Яруу зөөлөн утга уянгыг мэдмүй
Тэнгэр нарны сэтгэл толийн адил
Чүнь Цю52 журам үүлийг тулжээ
Гоо алдар түмэн үед үлдэх тул
Гурван улсад манлайлаад зогсохгүй”
Бас өөр нэгэн шүлэглэсэн шүлгийн үг:
“Эртний Зелян газарт53 мэргэн цэцэн хэмээн хүмүүс нэхэмжилж
Ханьгийн Юньчанг шүтэн түшмэл иргэд цөм мөргөмүй
Тоорын хүрээлэнгийн нэгэн өдрийн ах хийгээд дүүг
Тахилга тайллага мянган онд хаад ван нарын мэт
Уур нь салхи аянга мэт хандсан зүг дайсангүй
Зориг нь нар сарны адил гэрэл туяа цацармуй
Өдгөө болтол сүм, сүлд дэлхий дахинд дүүрээд
Хөгшин модонд хэрээн дуу үдшийн нарыг өнгөрмүй”
Гуань гүн нэгэнтээ өнгөрсөн хойно, унасан улаан туулай морийг Мажун барьж авчраад, Сүньцуаньд өргөсөнд Сүньцуань Мажуныг уна хэмээн хүртээв. Тэр морь хэд хэдэн өдөр өвс идсэнгүй байсаар үхжээ.
52 Хавар Намар улс буюу Байлдаант улс.
53 Гуань Юньчангийн төрсөн нутаг юм
Тэндээс Ванфу Майчэн хотод бүхийд яс тэртэгнэн, мах тартагнан амаргүй тул Жоу Цангийн зүг өгүүлрүүн: “Өчигдөр шөнийн зүүдэнд эзэн гүнгийн бүх бие цусанд будагдаад миний өмнө зогсож байхад нь асуусугай хэмээтэл цочин сэрэв”. Сайн мууг мэдэхгүй хэмээн хэлэлцэж бүхийд гэнэт мэдүүлрүүн “Ү улсын цэрэг хотын дор Гуань гүн эцэг хөвгүүний толгойгоор элсэн амаржуулмуй” хэмээсэнд Ванфу, Жоу Цан хоёр ихэд цочиж яаран хэрмийн дээр гарч үзвээс үнэхээр Гуань гүн эцэг хөвгүүний толгой мөн тул Ванфу нэгэнтээ бархираад хэрмийн дээрээс харайж үхсэн тул Жоу Цан өөрийн хоолойгоо өөрөө огтолж үхэв. Түүнээс Майчэн хот бас Ү улсын харьяанд оржээ.
Тэндээс Гуань гүнгийн цогт сүнс сарнихгүй дэгдэн нүүсээр нэгэн газарт хүрэв. Тэрхүү Зинмэнь мужийн Дан Ян суманд Хасбулаг нэртэй уул буй, нэрийг даяар ариун уул хэмээгээд, тэр ууланд нэгэн дияанч буй. Номын нэр Фо Зин, угтаа Сышуй Гуань боомтын Жэньгуо Сы54 сүмийн эзэн бөлгөө. Хожим дэлхий дахинаар тойрон явсаар энд хүрч ирээд уул ариун, ус тунгалаг болохыг үзэж нэгэн өвсөн овоохой байгуулан, өдөр бүр дияанд сууж, ном уншмуй. Биеийн хажууд гагц нэгэн бага зарц аж, будаа бадарлан ирж өдрийг өнгөрөөмүй.
Тэр шөнө сар гэгээн, салхи нам, гуравдугаар жин өнгөрөх үест Фо Зин төвхийтэл өвсөн гэрийн дотор сууж бүхийд, гэнэт хий агаарт нэгэн хүн их дуугаар өгүүлрүүн: “Миний тэргүүнийг эгүүлэн өг!” хэмээх дуу сонстмуй. Фо Зин дээш хандан хянан үзвээс хий агаар дээр нэгэн хүн улаан туулай морийг унаж, хөх луут дам илдийг бариад, зүүн этгээдэд нэгэн цагаан царайтай жанжин, баруун этгээдэд нэгэн хар нүүртэй луугийн сахалтай хүн дагмуй. Нэгэн цугаар үүлэнд сууж Юйцуань Шань55 оройд бууж ирэв. Фо Зин, Гуань гүн болохыг таниад даруй өөрийн гарт барьсан гөвүүрээр суусан газрыг цохиж өгүүлрүүн: “Юньчан хаана буй?” хэмээвээс Гуань гүнгийн цогт сүнс гэнэт ухаад, мориноос бууж салхийг гишгэн, гэрийн өмнө хүрч, гар уулзуулан зогсоод асууруун: “Багш хэн хүн болой? Нэр овгийг сонсохыг хүсмүй”. Фо Зин: “Хөгшин хувраг Фо Зин би урьд цагт Сышуй Гуань боомтын өмнөх “Улсыг түвшитгэх” сүмд тан лугаа уулзсан бөлгөө. Энэ өдөр харин умартсан буюу?” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Урьд тэнхрүүлсэн ачийг умартаагүй! Өдгөө би нэгэн зовлонд учирч, үхсэн тул сурган төөрсөн замыг зааж өгөхийг хүсмүй” хэмээхэд Фо Зин өгүүлрүүн:
“Эртэх буруу, эдүгээх зөв
Эл бүхнийг битгий шүүмжил
Эцсийн хараа, урьдын шалтгаан
Эдгээр тэдгээр харилцан саармаг үгүй”
Өдгөө жанжин Люймөнд хөнөөгдөөд их дуугаар миний толгойг эргүүлэн өг хэмээмүй. Тийм болбоос Яньлян, Вэньчоу болон таван боомтын зургаан жанжидын толгойг хэн хүнээс хөөн авмуй?” хэмээсэнд Гуань гүн гэнэт ухаараад мөргөн биширсээр одов.
54 Улсыг төвшитгөх нэрт сүм
55 Хас булаг нэрт уул
Түүнээс хойш байн байн Хасбулаг ууланд хувилгаан бие нь үзэгдэж ардыг хамгаалах тул тэр газрын хүн түүний эрдмийг бишрээд мөн уулын дээр сүм барьж дөрвөн цагт бэлтгэн тахив. Хожим нэг хүн тэр сүмд нэгэн хос уянга бичиж өлгөсөн нь:
“Улаан нүүрт, улаан зүрхийг барьж
Улаан хээр салхийг нэхэгч хүлгэнд хөлөглөөд
Довтолгох үед улаан дээлт хааныг умартахгүй
Хөх зулд хөх судрыг уншиж
Хөх луугийн хагас саран дам илдийг өргөөд
Өчүүхэн нууц газар ч хөх тэнгэрт ичингүйрэхгүй”
Тэндээс Сүньцуань нэгэнтээ Гуань гүнг хорлосноор Зин, Сян газрыг дуусган олсон тул цэргүүдийг шагнаж хурим бэлтгэн олон жанжин нарын гавьяаг ихэд тэмдэглэн баярлахад, Люймөнийг дээр суудалд залаад олон жанжин нарын зүг хандаж өгүүлрүүн: “Би удтал Зинжоуг олсонгүй. Өдгөө гар хөдлөмөгц олсон нь цөм Зымингийн гавьяа болой” хэмээсэнд Люймөн дахин давтан хөнгөмсөглөн талархав. Сүньцуань өгүүлрүүн: “Эрт нь Жоулангийн эрэмгий бодлого хүнээс хэтийдэж, Цаоцаог Улаан хавцалд эвдсэн атал хишиггүй эрт өнгөрөөд, Лү Зызингээр төлөөлүүлжээ. Зызин анхан над лугаа учрах цагт даруй хаан суух их төлвийг гарган хэлсэн нь нэгэн амраг болой. Цаоцао зүүнш хандахад олон цөм намайг дагатугай хэмээн ятгасан боловч гагц Зызин намайг хориглож, Гунзинийг урьж ирүүлээд гэдрэг байлдуулсан нь хоёр амраг болой. Гагц Зинжоуг Любэйд зээлэн өгсүгэй хэмээн дурьдатгасан нь нэгэн алдагдал бөлгөө. Өдгөө Зымин арга тогтоож, Зинжоуг даруй түргэн авч чадсан нь Зызин, Жоу лангаас давжээ”.
Түүнээс өөрөө архи нэрж, Люймөнд хүртээвээс Люймөн архийг тосож аваад сая уусугай хэмээснээ гэнэт хундагыг газарт хаяад нэгэн гараар Сүньцуанийг атгаж, өндөр дуугаар хараан өгүүлрүүн: “Хөхөвтөр нүдэт бага хүүхэд, улаан сахалт хулгана мэт боол басхүү намайг танимуй уу?”. Олон жанжин нар айж сая тэнхрүүлсүгэй гэтэл Люймөн Сүньцуанийг түлхэж унагаан их алхмаар алхаж, Сүньцуаньгийн оронд суугаад, нүдийг дүгрэг нээж, хөмсөг сэгийн, ихэд зандран өгүүлрүүн: “Би шар алчуурт хулгайг эвдсэнээс нааш дэлхий дахинд хөндлөн гулд явж гуч илүү он болов. Өдгөө агшин зуур, та зальт аргаар намайг гэндүүлсэн тул би амьдад таны махыг идэж чадсангүй боловч үхсэн хойноо ч Люй овогт хулгайн сүнсийг аваачмуй. Би болбоос Ханьшоу Тинхоу, Гуань Юньчан болой” хэмээсэнд Сүньцуань ихэд цочиж яаран олон жанжин нарыг дагуулан, газарт сөгдөж мөргөөд үзвээс Люймөн газарт унаад сүвээс цус гарч үхэв. Олон жанжин нар түүнийг үзээд эс айсан нь үгүй бөлгөө. Сүньцуань Люймөнгийн ясыг авсалж оршуулаад, Наньзюнь хошууны тайшоу Чаньлин Хоу хэмээн нэхэн өргөмжлөөд, түүний хөвгүүн люйбад хэргэмийг залгамжлуулав. Сүньцуань, Гуань гүнгийн хэргийг санах бүр шижигнэн зогсохгүй болов.
Түүнээс гэнэт “Жанжаог Зянь Игээс ирэв” хэмээн хэлэхээр ирэв. Сүньцуань оруулаад асууваас Жанжао өгүүлрүүн: “Өдгөө эзэн гүн Гуань гүн, эцэг хөвгүүнийг хорлосон нь Зяндунгийн зовлон холгүй болжээ. Энэ хүн Любэй лүгээ тоорын хүрээлэнд журмаар ханилах цагт, үхэвч амьдравч хамт хэмээн амалдсан бөлгөө. Өдгөө Любэйд хоёр Чуаньгийн цэрэг байгаагийн дээр Жугө Лянгийн бодлого хавсарч Жанфэй, Хуанжун, Мачао, Жао Юнь зэргийн баатар буй тул хэрвээ Юньчан эцэг хөвгүүнийг хороогдсон болохыг сонсвоос, улсын цэргийг дуусган авч эрхгүй хүчний чинээгээр хариу авахаар ирэх болно. Ийм болхул зүүн ү улс яахин эсэргүүцэж чадмуй?”. Сүньцуань сонсоод ихэд айж хөл дэвслэн өгүүлрүүн: “Би бодлогыг алдав. Тийм болбоос хэрхмүй?”. Жанжао өгүүлрүүн: “Эзэн гүн битгий зовогтун! Надад нэгэн арга буй. Шу улсын цэргийг зүүн ү улсад хандуулахгүй бөгөөд Зинжоуг үхэр чулуу мэт амар болгосугай!”. Сүньцуань асууруун: “Ямар арга буй?”. Жанжао өгүүлрүүн: “Өдгөө Цаоцао зуун түмэн олныг авч дундад газрыг барс мэт харж амуй. Любэй даруйд “Өшөөг авсугай!” хэмээвээс эрхгүй Цаоцао лугаа болзоо нийлмүй. Хэрэв хоёр этгээд нийлж ирвээс зүүн Ү улсад түгшүүртэй болох болой. Харин урьд хүн зарж Гуань гүнгийн тэргүүнийг Цаоцаод уламжлан хүргээд Любэйгээр Цаоцаогийн зарсан арга хэмээн мэдүүлбээс эрхгүй Цаоцаог үхтэл занамуй. Тийм болбоос Шу улсын цэрэг Ү улсад хандахгүй Вэй улсыг зүглэмүй. Хойно бид түүний дийлэх дийлэгдэхийг үзэж, түүний дотроос хэрэг үйлдэх нь дээд арга бөлгөө” хэмээв.
Түүнээс Сүньцуань үгийг дагаж даруй хүн зарж, модон хайрцагт Гуань гүнгийн тэргүүнийг агуулан шөнө дөлөөр Цаоцаод хүргэв. Энэ үед Цаоцао Мо Погоос Луо Ян руу цэргээ эгүүлсэн ажээ. “Зүүн Ү улс Гуань гүнгийн тэргүүнийг хүргэж ирэв” хэмээн сонсоод ихэд баярлаж өгүүлрүүн: “Юньчан нэгэнтээ үхсэн болохул би үдэш унтавч амар болов” хэмээтэл яндрын доороос нэгэн хүн гарч ирээд: “Энэ нь зүүн Ү улсын зовлонг нүүлгэх арга болой”. Цаоцао үзвээс Жубу түшмэл Сыма И бөлгөө. Цаоцао түүнийг учрыг асууваас Сыма И өгүүлрүүн: “Эрт Лю, Гуань, Жан гурвуул тоорын хүрээлэнд журмаар ханилахын цагт, үхэвч амьдравч хамт хэмээн амалдсан бөлгөө. Өдгөө зүүн Ү улс Гуань гүнг хорлосон хариу авахаас айн ийнхүү тэргүүнийг их ванд хүргэж ирүүлэн, Любэйгийн хилэнг их ванд нүүлгэж ү улсыг байлдахгүй, Вэй улс руу довтлуулаад тэр дундаас завсрыг үзэж үйл бүтээсүгэй хэмээх нь болой”. Цаоцао өгүүлрүүн: “Жүндагийн үг мөн болой. Би ямар аргаар тайлмуй?”. Сыма И өгүүлрүүн: “Энэ үйл маш хялбар. Их ван та Гуань гүнгийн тэргүүнийг нэгэн зандан модоор бие цоолборлож нийлүүлээд, тэргүүлсэн сайдын ёсоор ёслон оршуулсугай! Любэй энэ тухайг мэдвээс эрхгүй Сүньцуанийг гүн занаад, чинээгээр өмнөш байлдмуй. Бид тэдний дийлэх дийлэгдэхийг үзэн, Шу улс дийлбээс Ү улсыг байлдаж, Ү улс дийлбээс Шу улсыг байлдаад хоёр гэрийн нэгийг олсонд, тэр нэгэн нь мөн удахгүй үгүй болмуй”. Цаоцао ихэд баярлан үгийг нь дагаад, даруй Ү улсын элчийг дуудан оруулж хайрцгийг өргөсөн хойно Цаоцао нээж үзвээс Гуань гүнгийн нүүр амьдын адил байсанд Цаоцао инээн өгүүлрүүн: “Юньчан гүн салснаас нааш амар сайн буюу?” хэмээн үг дуусахын урьд Гуань гүнгийн ам ангайж, нүд хөдлөөд үс сахал цөм сэгийлдсэнд Цаоцаогийн яс мах шижигнэн газарт унав. Олон жанжин нар яаран тэнхрүүлбээс нилээд удаад сая сэргэж, олны зүг өгүүлрүүн: “Гуань жанжин үнэхээр сахиус болой” хэмээжээ. Ү улсын элч бас Гуань гүнгийн сахиулсан илэрч биед оршоод Сүньцуанийг харааж Люймөнийг үхүүлсэн хэргийг Цаоцаод хэлсэнд Цаоцао нэн илүү айн эмээжээ. Даруй мал алж тахиад, зандан модыг сийлж бие болгон Ван, Хоугийн ёсоор Луо Ян хотын өмнө хаалганы гадна оршуулахад олон их бага түшмэдээр хүргүүлж, Цаоцао өөрийн бие сөгдөж тахил дусаагаад Зин ван өргөмжилж, түшмэл тавин хүүрийг сахиулав. Хойно Ү улсын элчийг Зяндунд эгүүлэв.
Тэндээс Ханьжун Ван, Дунчуаньгаас Чөндүд эгсэн хойно Фажөн айлтгаж өгүүлрүүн: “Вангийн урьд хатан бие бараад сүн хатан эгээд дахин ирэхээргүй бөлгөө. Хүний эшийг гээж, эс болохын тул эрхгүй хатан залж, дотоодын хэргийг шийтгүүлбээс зохимуй”. Ханьжун Ван үгийг дагасанд Фажөн дахин айлтгаруун “Ү Ид нэгэн охин дүү буй. Гоо бөгөөд мэргэн, ер сонсвоос шинжигч нь энэ охиныг шинжээд хойно эрхгүй эрхэм дээд болмуй хэмээн өгүүлэв хэмээмүй. Урьд Лю Яньгийн хөвгүүн, Лю Маод үг алдсан бөлгөө. Гэвч Лю Мао хэдийн үхсэн тул, тэр охин өдгөө болтол бэлэвснээр суусаар буй. Их ван хатан болгон авч болмуй”. Ханьжун Ван өгүүлрүүн: “Лю Мао над лугаа төрөл болох тул ёс лугаа эс нийцүүзэй хэмээмүй”. Фажөн өгүүлрүүн: “Түүний хол ойрыг шүүмжилбээс Зин Вэнь гүнгийн Хуай Енгээс56 юун өөр аж?”. Тэр үгэнд Ханьжун Ван ойшоогоод, даруй Ү нэрт охиныг авч Вангийн хатан болгов. Хожим хоёр хөвгүүн төржээ. Ахмадын нэр Лю Юн, өргөсөн нэр Гүншоу, дэдийн нэр
Люли, өргөсөн нэр Фэнсяо хэмээмүй.
56 Хуай Ен гэгч бол Хавар Намар улсын үеийн Цинь мү гүнгийн охин. Зинь Хуй гүнгийн хөвгүүний бэр болой. Сүүлд нь Зинь Хуй гүнгийн дүү Зин Вэнь гүнгийн гэргий болжээ.
Тэндээс зүүн баруун хоёр Чуаньгийн иргэн амар, улс баян, тариа амуу ихэд төрөв. Гэнэт Зинжоугоос хүн ирж хэлрүүн “Зүүн Ү улсаас Гуань гүн лүгээ ураг барилдсугай хэмээн ирвээс Гуань гүн хатуужин тэвчив” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Зинжоу түгшүүртэй болов, даруй хүн илгээж Гуань гүнийг төлөөлүүлэн эгүүлсүгэй!” хэмээн хараахан зөвлөхөд Зинжоугоос залгалдаагаар хэдэн удаа сэтгүүл довтолгон ирэв. Хойно бас Гуаньсин хүрч ирээд, долоон хүрээний цэргийг усанд живүүлсэн хэргийг хэлэв. Бас харуулын хүн ирж Гуань гүн мөрнийг ирмэглэн гал утаа өргөх тагт байгуулж сэргийлсэн нь маш нягт тул түмний нэгэнтээ алдалгүй хэмээн хэлсэн учир Сюаньдө даруй санаа тавиу болжээ. Гэнэт нэгэн өдөр Сюаньдөгийн бүх бие татвалзан, суувч хэвтэвч амаргүй бөгөөд шөнө бас унтаж болохгүй тул гэр дотроо босож суугаад, зул шатаан ичиг үзсээр нойр хүрсэнд ширээг түшиж, нүд анимагц гэрийн дотор гэнэт нэгэн зурвас жихүүн салхи босоод, зулыг сөнөөж дахин гэгээн болсонд тэргүүн өргөж үзвээс нэгэн хүн зулын дор зогсжээ. Сюаньдө асууруун “Чи яасан хүн хэмээн шөнийн гүнд миний гэрт орж ирсэн аж?”. Тэр хүн өчихгүй тул Сюаньдө гайхаж босоод үзвээс харин Гуань гүн зулын гэрэлд нааш цааш далдлан зайлмуй. Сюаньдө асууруун “Дүү чи салснаас нааш сайн уу? Гүн шөнө энд ирсэн нь эрхгүй учир ахуй буй за! Бид хоёулын сэтгэлгээ төрсөн адил тул, юунд надаас зайлж далдалмуй?”. Гуань гүн уйлж өгүүлрүүн: “Ах цэрэг үүсгэж дүүгийн өшөөг авч өгөхийг хүсмүй” хэмээгээд жихүүн салхи үүсээд, Гуань гүн үзэгдэхгүй болов. Сюаньдө гэнэтхэн цочиж сэрвээс харин нэгэн зүүд ажгуу. Тэр үест гутгаар жин болжээ. Сюаньдө ихэд сэжиглэж даруй өмнөд харшид гарч хүнээр Кунминийг залж авчруулан учирсан хойно зүүдээ нарийвчлан хэлсэнд Кунмин өгүүлрүүн: “Энэ нь дээд эзэн та Гуань гүнийг санагалзаад тийнхүү ийм зүүд зүүдэлснийг юун олонтоо сэжиглэмүй?” хэмээв. Сюаньдө ямагт санагалзан зовниход Кунмин гагц сайн үгээр хэлээд салан гарч дунд үүдэнд хүрэхэд Сюйзинд уулзав. Сюйзин өгүүлрүүн: “Би сая цэргийн багшийн гэрт, нарийн нягт хэрэг мэдүүлэхээр орсонд таныг дотоод ордонд оров хэмээн сонсоод тусгайлан энд ирэв”. Кунмин асууруун: “Ямар нарийн нягт мэдээ буй?”. Сюйзин өгүүлрүүн: “Би гадуур сонсвоос зүүн Ү улсын Люймөн Зинжоуг аваад Гуань гүнийг нэгэнтээ хорлов хэмээн хэлэлцэх боллоо. Тийнхүү энэ мэдээг хэлэхээр ирэв”. Кунмин өгүүлрүүн: “Би шөнө тэнгэрийн байдлыг шинжвээс жанжны од Зин, Чугийн газарт унасныг үзээд Юньчанд эрхгүй зовлон тохиолдсоныг мэдэв. Гагц дээд эзнийг зовуузай хэмээн болгоомжилж хэлсэнгүй” хэмээн хоёул хэлэлцэж бүхийд гэнэт харшийн дотроос нэгэн хүн гарч ирээд Кунмингийн ханцуйг татаж өгүүлрүүн: “Ийм муу мэдээг цэргийн багш юунд надаас далдалмуй”. Кунмин үзвээс харин Сюаньдө ажгуу. Кунмин, Сюйзин хоёр айлтгаж өгүүлрүүн: “Сая хэлэлцсэн нь цөм уламжлан сонссон үг тул гүн итгэж болохгүй. Эзэн гүн та сэтгэлээ сул тавьж битгий зовогтун!”. Сюаньдө өгүүлрүүн: “Би Юньчан лугаа үхэвч амьдравч хамт хэмээн амалдсан тул тэр хэрвээ алдагдал гарваас би хэрхэн ганцаар амьдармуй?” хэмээв.
Түүнээс Кунмин Сюйзин лүгээ хараахан тохууруулан хэлэх хооронд гэнэт гучгаа нар хүрч ирээд айлтгаруун: “Малян, Изи хүрч ирэв” хэмээмүй. Сюаньдө оруулаад асууваас хоёул Зинжоуг алдаад Гуань гүн цэрэг дарагдсанд өмгөөлөхийг гуйхаар ирэв” хэмээн илтгэл бичиг өргөснийг нээж үзээгүй бүхийд гучгаа нар бас “Зинжоугоос Ляохуа ирэв” хэмээн мэдүүлжээ. Сюаньдө яаран оруулж асуухад Ляохуа сөгдөн мөргөөд Люфэн, Мөндагийн цэрэг үүсгэн туслахаар очоогүй хэргийг уйлан айлтгасанд Сюаньдө ихэд гэлмэж өгүүлрүүн: “Хэрвээ ийм болбоос миний дүү барагдав”. Кунмин өгүүлрүүн: “Люфэн, Мөнда хоёрын ялыг алавч ханахгүй. Дээд эзэн сэтгэл амар агтун! Лян би өөрийн биеэр нэгэн анги цэрэг авч Зинжоугийн түгшүүрийг тайлахаар одсугай!”. Сюаньдө уйлж өгүүлрүүн: “Юньчан алдсан болбоос би яавч ганцаар амьдрахгүй. Би маргааш биеэр цэрэг авч, Юньчанд туслахаар одмуй” хэмээгээд нэгэнтээгүүр ланжун газар руу хүн зарж Идөд дуулгахаар илгээн, нэгэнтээгүүр цэргээ тэгшлэв. Гэгээрэхийн урьд хэд хэдэн зэрэг хүн ирж “Гуань гүн шөнө буруулан, Линьзюй газарт хүрээд Ү улсын жанжинд баригдсан хойно чин зоригийг бодож, нугарахгүй тул эцэг хөвгүүн цөм сахиулсан болов” хэмээсэнд Сюаньдө сонсоод өндөр дуугаар нэгэнтээ бархирмагц газарт харангадаж унав. Энэ чухамхүү:
“Тэр жил үхэвч хамт хэмээн амалдсаныг санаад
Энэ өдөр хэрхэн гагцаар бие баруулж төвдмүй”
Эгнэгт Сюаньдөгийн амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )