"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 78 ДУГААР БҮЛЭГ
ХИЙ ӨВЧИНГ ЗАСААД ХУВИЛГААН ЭМЧ БИЕ ӨНГӨРСӨН ГЭРЭЭСИЙН ЗАХИАГ УЛАМЖИЛЖ ЗАЛЬХАЙ БААТАР НАС ТӨГССӨН
Өгүүлэх нь: Ханьжун Ван, Гуань гүн эцэг хөвгүүний хорлогдсоныг сонсоод уйлж, газарт харангадаж унасныг олон бичиг цэргийн түшмэл яаран өргөж босгосонд нилээд удсан хойно сая амьдрав. Дотоод гэрт түшиж оруулаад Кунмин хориглож өгүүлрүүн: “Дээд эзэн битгий зовогтун! Эртнээс нааш амьдрах үхэх нь хутгийн тоо бөлгөө. Гуань гүн язгуураас хатуу бөгөөд омгорхог тул ийнхүү энэ өдрийн зовлонд тохиов. Эзэн гүн эрхэм биеийг сайтар хамгаалж, алгуурхан хариулахыг бодвоос зохимуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Би Гуань, Жан хоёр дүү лүгээ тоорын хүрээлэнд журмаар ханилах цагт үхэвч амьдравч хамт хэмээн тангарагласан бөлгөө. Эдүгээ Юньчан үгүй болсон тул би яахин ганцаар баян жаргаланг эдлэж болмуй” хэмээн өгүүлж дуусаагүй бүхийд Гуаньсин орь дуу тавьсаар хүрч ирэв. Сюаньдө түүнийг үзээд өндөр дуугаар нэгэнтээ бархирмагц бас газарт харангадаж унав. Олон түшмэд тэнхрүүлэн босгосонд нэг өдөр дөрөв тав зэрэг уйлж муужирчээ. Гурван өдөр ус шөл ч уухгүй гагц уйлсаар нулимс энгэрт дусласан нь цөм цусан ар гарчээ. Кунмин олон түшмэд лүгээ дахин давтан хоригловоос Сюаньдө өгүүлрүүн: “Би амалдаж Ү улс лүгээ нар сарыг хамтатгахгүй”. Кунмин өгүүлрүүн: “Сонсвоос зүүн Ү улс Гуань гүнгийн тэргүүнийг Цаоцаод хүргэсэнд Цаоцао Ван Хоугийн ёсоор оршуулав хэмээмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ ямар санаа болой” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Энэ нь зүүн Ү улс зовлонг Цаоцаод нүүлгэсэн хэрэг болой. Цаоцао энэ аргыг мэдээд тийнхүү Гуань гүнийг хүнд ёсоор оршуулан эзний хорслыг Ү улсад эгүүлсүгэй хэмээн нь болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Би өдгөө цэрэг үүсгэн Ү улсаас ял асууж, миний хорслыг арилгасугай хэмээмүй”. Кунмин хориглож өгүүлрүүн: “Болохгүй! Өдгөө Ү улс биднийг Вэй улс лугаа байлдуулсугай хэмээх бөгөөд Вэй улс басхүү биднийг Ү улсад цэрэглэсүгэй хэмээн санаархаж байна. Тус бүр муу арга өвөрлөн завсрыг үзэж хичээсүгэй хэмээх тул эзэн гүн түр цэрэг хөдлөхийг байгаад урьдаар Гуань гүнд цаас гээж Ү улс, Вэй улсын нийцгүй болохыг хүлээн, тэр тухай дайлбаас зохимуй” хэмээн олон түмшэд хамтаар дахин давтан хориглосон хойно, Сюаньдө сая будаа идэв. Тэрээр зарлиг буулгаж: “Сычуаньгийн их бага жанжин цэрэг цөм бэлэвсрэлийн хувцас өмсөгтүн!” хэмээгээд Ханьжун Ван биеэр өмнө хаалганы гадна гарч сүнсийг урьж тахихдаа эвлэн ховлон уйлав.
Тэндээс Цаоцао, Луо Янд өөрийн бие Гуань гүнийг оршуулснаас шөнө бүр нүд анимагц Гуань гүн үзэгдэх тул Цаоцао маш эмээж бичиг цэргийн түшмэдээс асууваас олон түшмэд өгүүлрүүн: “Луо Янгийн буух ордон хуучин харшид чөтгөр шулмас арвин байх тул шинэ харш гэр барьж сууваас зохимуй”. Цаоцао өгүүлрүүн: “Би нэгэн харш бариад Зянь Шыдянь харш хэмээн нэр өгсүгэй хэмээвч гагц сайн урчууд үгүйд хорсмуй”. Зясюй өгүүлрүүн: “Луо Ян хотноо нэгэн Сү Юэ хэмээгч сайн уран хүн буй. Санаа маш урлаг!” хэмээсэнд Цаоцао дуудаж оруулаад дүрмийг зуруулсанд Сү Еэ есөн өрхийн их харшид өмнө хойно цөм саравч хэрсэг, асар тагттай зураад Цаоцаод өргөсөнд Цаоцао үзээд өгүүлрүүн: “Чиний зурсан нь миний санаанд ихэд нийлжээ. Гагц дам нуруу хийх модгүйгээс эмээмүй” гэхэд Сү Еэ өгүүлрүүн: “Эндээс гучин газрын үзүүрт нэгэн цүнхээл буй. Нэрийг нь Юэлун Тань хэмээнэ. Өмнөд нэгэн сүм аж, нэрийг “Луу харайх сүм” хэмээмүй. Цүнхээлийн хажууд нэгэн их алимин модоор арван хэдэн хос алд өндөр Зянь Шыдянь харшийн дам нурууны хэрэгсэлд гүйцмүй” хэмээв. Цаоцао ихэд баярлан даруй урчуудыг тэнд цавчихаар илгээсэнд жич өдөр Цаоцаод хойш мэдүүлрүүн: “Алимны модыг хөрөөдвөөс болохгүй, сүхээр цавчваас бүх орохгүй” хэмээжээ. Цаоцао итгэхгүй өөрөө хэдэн зуун морьтонг авч шууд “Луу харайх сүмд” хүрч мориноос буугаад тэр модыг үзвээс шүхэр адил, өчүүхэн ч муруйлгүй шууд огторгуйд нэвтэлжээ. Цаоцао “Цавч!” хэмээхэд гацааны хэдэн өвгөд ирээд хориглож өгүүлрүүн: “Энэ мод нэгэнтээ хэдэн зуун жил болов. Үргэлж сахиус түүний дээр орших тул цавчиж болохгүй” хэмээхэд Цаоцао ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Би нэгэн насандаа дэлхий дахинд хэрэн явсаар дөч илүү он болов. Дээш тэнгэрийн хөвгүүн, дорогш олон иргэн хүртэл надаас үл айх нь үгүй.
Энэ ямар шимнус хувилгаан хэмээгээд аймшиггүй миний санааг сөрмүй” хэмээн хэлж дуусаад зүүсэн илдийг сугалан өөрөө цавчихад тэр мод төмрийн мэт дуу гарч, цус биеийг дүүрэн үсэрчээ. Цаоцао ихэд айж илдийг орхин морь унаад гэртээ эгсэн хойно тэр шөнө дэд жингийн үест унтаж хэвтвээс амаргүй тул харшийн дотор ширээг түшиж суусаар унтсанд гэнэт нэгэн хүн үс задгайлж илдээ барин, биедээ хар хувцас өмсөөд шууд нүүрний өмнө ирж Цаоцаог зааж зандран өгүүлрүүн: “Би алимны модны сахиулсан болой. Чи Зянь Шыдянь харш барих нь суурийг булаасугай хэмээх санаа төрөөд зогсохгүй хувилгаан мод намайг цавчмуй уу? Би чиний хутаг нэгэнтээ дууссаныг мэдээд тусгайлан алахаар ирэв” гэхэд Цаоцао ихэд цочиж яаран “Цэргийн ардууд хаана буй?” хэмээн дуудахад тэр хар дээлт хүн илдээр Цаоцаог цавчихаар ирэв. Цаоцао их дуугаар нэгэнтээ бархирсанд гэнэт цочиж сэрснээс толгой тэсэшгүй ихээр өвдөх тул газар бүхнээс сайн эмч ирж засуулавч илаар болохгүй. Олон түшмэд зовниж бүхийд Хуасинь орж ирээд өгүүлрүүн: “Их ван хувилгаан эмч Хуатуо байхыг мэдмүй үү?”. Цаоцао өгүүлрүүн: “Тэр чинь Зяндунгийн Жоутайг зассан нь уу?”. Хуасинь өгүүлрүүн: “Мөн бөлгөө” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Хэдий түүний нэрийг сонссон боловч ямар эрдэм чадалтай болохыг мэдсэнгүй” хэмээхэд Хуасинь өгүүлрүүн: “Хуатуогийн өргөсөн нэр Юань Хуа, Фэйгуогийн Цяожюнь газрын хүн болой. Түүний эмчлэх арга маш гайхамшигтай ертөнцөд чухаг, алив өвчтэй хүнийг заримдаа эм уулгаж, бас заримыг нь ханаад, заримыг төөнө тавин, гар хөдөлмөгц даруй эдгээмүй. Хэрэв таван цул, зургаан савын өвчин хүртээд эм явцгүй болбоос уушги унтрах хэмээх эмийг уулгаж өвчтэй хүнийг согтоон үхсэн мэт болгоод удаад нь хутгаар хэвлийг хагалан эмт усаар хэдий сав уушгийг угаавч, өвчтөн хүн өчүүхэн гэмээнэ өвдөхгүй, угааж дууссан хойно эмт утсаар оёод, эм түрхвээс нэгэн сар, эсвээс хорин өдрийн дотор даруй хуучин хэвээр сайн болмуй. Түүний хувилгаан увдис энэ мэт. Нэгэн өдөр Хуатуо замаар явж бүхийд нэгэн хүн ёолж зогсохгүй дууг сонсоод Хуатуо өгүүлрүүн: “Энэ идэш явцгүйн өвчин хэмээжээ. Асууваас үнэхээр тийм тул сармисыг нухаад шүүс болгон гурван аяга уулгасанд хоёр гурван тохой урт могойг бөөлжин гаргаад идэш орох болжээ. Бас Гуанлингийн тайшоу түшмэл Чөндөн дотор бүтэж, нүүр нь улайгаад, будаа идэж болохгүй тул Хуатуог гуйж засуулбаас Хуатуо эм уулгасанд гурван жин хэртэй хорхойг огшиж гаргав. Цөм улаан толгойтой тэргүүн сүүл хөдөлмүй. Чөндөн учрыг асууваас Хуатуо өгүүлрүүн:“Энэ нялуун загасыг арвин идээд тийнхүү энэ хорыг олжээ. Энэ өдөр хэдий илаар болсон гэвч гурван жилийн хойно дахин хөдлөмүй. Одоо засаж болохгүй” хэмээжээ.
Хожим Чөндөн үнэхээр гурван жилийн дараа үхэв. Бас нэгэн хүн хөмсөгний хооронд нэгэн яр гараад загатнан тэсэхгүй тул Хуатуогоор үзүүлбээс Хуатуо өгүүлрүүн: “Ярын дотор нисэх юм буй” хэмээн өгүүлсэнд олон цөм шоолон инээлцэв. Хуатуо хутгаар ярыг хагалбаас нэгэн шар бялзуухай гараад нисэн одсон хойно тэр өвчтэй хүн даруй илаар болжээ. Бас нэгэн хүн нохойд хөлийн хуруугаа хазуулсанд удалгүй хоёр том гөвдрүү ургажээ. Нэг нь загатнаж, нөгөө нь өвдөж тэсэхгүй болсныг Хуатуо үзээд өгүүлрүүн: “Өвдөж байгаа гөвдрүүгийн дотор арван зүү буй загатнаж байгаагийн дотор нь шатар тавих цагаан, хар чулуу хоёр буй”. Хүн цөм итгэсэнгүй. Хуатуо хутгаар огтлон нээвээс үнэхээр түүний үгний ёсоор болжээ. Энэ хүн үнэндээ Бяньцюэ57, Цан Гунгийн58 нэгэн урсгал болой. Өдгөө Зиньчэн газарт суужээ. Эндээс холгүй тул юунд илгээхгүй буй?” хэмээв. Тэр даруй Цаоцао шөнө дөлөөр хүн зарж, Хуатуог авчраад судал бариулбаас Хуатуо өгүүлрүүн:“Их вангийн толгой өвдөх нь салхины учир бөгөөд өвчингийн үндэс тархин дотор буй ажээ. Хийн шим гарч ирэн чадахгүй тул талаар эм уувч сайн болохгүй. Надад нэгэн арга буй. Урьдаар уушги унтрах эм уулгасан хойно, сүхээр толгойг цавчиж хагалаад хийг гаргаваас сая өвчингийн үндэс арилмуй” хэмээсэнд Цаоцао ихэд хилэн төрж: “Чи намайг алсугай хэмээнэ үү?”. Хуатуо өгүүлрүүн: “Ив ван Гуань гүнгийн хорт зэвэнд оногдоод баруун тохой гэмтсэнийг би яс хусаж засаад огт зовиуршаах өнгө гарсныг сонссонгүй юу? Өдгөө их Вангийн туссан нь нэгэн бага өвчин атал юунд тэгтэл сэжиглэмүй?”.
57 Овог Цинь, нэр Юэ Рэнь, Хавар Намар улсын үеийн алдарт эмч
58 Овог Цүнь Юй, нэр И, баруун Хань улсын үеийн алдарт эмч
Цаоцао өгүүлрүүн: “Тохой өвдөхийг хусваас болох болой. Толгойг юунд хагалж болмуй? Чи эрхгүй Гуань гүн лүгээ гүн ханилаад энэ тухайд завшиж хариу авсугай хэмээх нь болой” хэмээгээд жигүүрийн ардыг дуудаж баримтлаад гянданд оруулан түүний учрыг байцаан асуусугай!” хэмээв. Зясюй хориглож өгүүлрүүн: “Энэ мэт сайн эмч ертөнцөд хосгүй тул гээж үл болмуй”. Цаоцао зандраад өгүүлрүүн: “Энэ тухайг үзэж намайг хорлосугай хэмээсэн нь төвхийтэл Зипингээс өөрцгүй. Түргэнээ эрүү тулган шүүгтүн!” хэмээв.
Түүнээс Хуатуо гянданд бүхийд гяндан сахьсан нэгэн Ү овогт хүн буй. Бүгд түүнийг Ү хуяг хэмээн дуудмуй. Энэ хүн өдөр бүр архи мах бэлтгэж Хуатуод идүүлэх тул хувилгаан оточ түүний ачийг санаж өгүүлрүүн: “Би өнөө үхэх шахав. Гагц нэгэн “Хөх манхагт59 бичиг” гэхийг ертөнцөд тархаагүй асаарт хорсмуй. Чиний ачийг санаж хариулах юмгүй, би нэгэн бичиж хийж өгсүгэй! Чи хүн зарж гэртээ илгээгээд миний “Хөх манхагт бичгийг” авч ирвээс гүн чамд барьсугай! Чи миний увдисыг залгамжлагтун” хэмээсэнд Ү овогт хуяг ихэд баярлаж өгүүлрүүн: “Би хэрвээ тэр бичгийг олбоос энэ үйлийг гээж дэлхий дахины өвчтөн хүмүүсийг эмчилж, ноёнтны эрдмийг дэлгэрүүлсүгэй!”. Хуатуо даруй бичиг хийж Ү овогт хуягт өгөв. Ү овогт хуяг шууд Зиньчэн хотод хүрээд Хуатуогийн эмийг асууж, бичгийг аваад гяндандаа эгж Хуатуод өгсөн хойно, Хуатуо байцаан үзээд Ү овогт хуягт өгчээ. Ү овогт хуяг бичгийг гэртээ аваачаад хадгалан тавив. Хэдэн арван өдөр болсонгүй
Хуатуо гянданд үхэхэд Ү овогт хуяг авс худалдан авч хийгээд оршуулсан хойно, албаа түлхээд “Хөх манхагт бичгийг уншин боловсруулсугай!” хэмээн гэртээ харьваас, түүний эм төвхийтэл бичгийг галдаж амуй. Ү овогт хуяг ихэд гэлмэж санд мэнд булаан автал бүх дэвтэр цөм ноцоод гагцхүү нэгэн хоёр хуудас төдийхөн үлджээ. Ү овогт хуяг уурлан харааваас эм нь өгүүлрүүн: “Хэдий Хуатуогийн адил гайхамшигтай болтол суравч, басхүү гяндангийн дотор үхэх нь болой. Үүгээр юу хиймүй?”. Ү овогт хуяг хөл дэвхцэн гомдож зогсов. Тийнхүү мөнөөх ертөнцөд хоцорсонгүй. Гагц уламжилсан нь гахай, тахиаг засах арга бөгөөд мөнхүү үлдсэн нэг хоёр хуудасны дотор бичсэн нь болой.
59 Эмийн уут
Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Хуатуогийн сахиус увдис Чан Цанд тэнцмүй
Хувилгаан мэдэл нь хүрээний нэг этгээдээс үзэх адил
Хүн үхээд бичиг бас тасарсан нь үнэхээр гомдолтой
Хожмын хүн Хөх манхагт бичгийг дахин үзэхгүй”
Тэндээс Цаоцао Хуатуог алснаас хойш өвчин нь нэн хүнддэж бас Ү улс, Шу улсын хэргийн төлөө зовниж бүхийд жигүүрийн түшмэд орж ирээд хэлрүүн “Зүүн Ү улс элч зарж бичиг өргөхөөр ирэв” хэмээв. Цаоцао оруулж бичгийг нээж үзвээс бичгийн үг нь: “Сайд Сүньцуань, би хэдийнээ тэнгэрийн зүй их ванд дагасныг мэдмүй. Мэхийн гуйх нь эртхэн их сууринд суугаад их жанжныг илгээж Любэйг сөнөөн, хоёр Чуаньгийн газрыг төвшин болгосон хойно сайд би даруй олныг авч газар орныг өргөж дагасугай!” хэмээжээ.
Цаоцао үзэж дуусаад ихэд инээж бичгийг олон түшмэдэд үзүүлж өгүүлрүүн: “Энэ хөвгүүн намайг гал дотор суулгасугай хэмээх буюу”. Шижун түшмэл Чэньцюнь өгүүлрүүн: “Хань улсын төр хэдийнээ буурсан бөгөөд их вангийн эрдэм гавьяа туйлдаа хүрсэн тул олон амьтан эрмэлзэн санах нь болой. Өдгөө Сүньцуань өөрөө сайд түшмэл хэмээн нэрлэж захиа ирүүлэн дагажээ. Энэ нь тэнгэр хүн нийтээр дагаж өөр улс нэгэн дуутай болсон тул их ван тэнгэрийн санаанд нийцүүлэн хүнд эедэж, эртхэн их сууринд сууваас зохимуй”. Цаоцао инээж өгүүлрүүн: “Би Хань улсыг үйлчилж олон жил болов. Хэдий гавьяа эрдмийг хүн ардад хүргүүлсэн гэвч суурь вангийн хувьд хүрсэн нь нэр хэргэм нэгэнтээ туйл болов. Бас ямар аймшиггүй өөрийг санамуй? Хэдий тэнгэрийн зүй надад буй боловч би Жоу улсын Вэнь Ван болбоос барав” гэхэд Сыма И өгүүлрүүн: “Өдгөө Сүньцуань өөрөө нэгэнтээ сайд хэмээж дагасан тул эзэн түүнийг түшмэл өргөмжлөн хэргэм хүртээж, Любэй лүгээ тулуулбаас зохимуй”. Цаоцао үгийг аваад илтгэл бичээд Сүньцуанийг Бяоци жанжин Наньчан Хоу өргөмжилж, Зинжоугийн эзэн болгоод мөн өдөртөө элч зарж зарлиг бичгийг зүүн Ү улсад хүргүүлэв.
Түүнээс Цаоцаогийн өвчин улмаар нэмэгдэж гэнэт нэгэн шөнө гурван морь нэгэн онгоцонд өвс идэж байна хэмээн зүүдлээд жич өдөр Зясюйгээс асууж өгүүлрүүн: “Би урьд нь гурван морь нэгэн тэвшинд өвс идэж байна хэмээн зүүдлээд Матэн эцэг хөвгүүн надад гамшиг болуузай хэмээн сэжиглэж билээ. Өдгөө Матэн нэгэнтээ үхсэн бүхийд өчигдөр шөнө бас л гурван морь цугтаа нэгэн тэвшинд өвс идэж байгаагаар зүүдэллээ. Энэ ямар ёр буй?”. Зясюй өгүүлрүүн: “Хишигт морь хэмээгч сайны ёр бэлгэ. Хишигт морь Цао овогтод дагамуй хэмээснийг эзэн юунд сэжиглэмүй?” гэхэд Цаоцао тийнхүү сэжиглэхгүй болов. Хожмын хүний шүлэглэсэн шүлгийн үг:
“Гурван морь нэгэн онгоцноо идмүй хэмээн зүүдэлсэн нь
Голомт төр, Зиньд шилжихийн ёрыг мэдэхгүй аж
Цаоцао зальхай баатар боловч бодлого хоосон
Сыма овогтон төрд байхыг хэрхин олж мэдмүй”
Тэр шөнө Цаоцао унтах гэрт хэвтсээр гуравдугаар жингийн үед толгой өвдөж нүд эрээлжлэх тул босоод ширээг түшиж, хэвтсэнд гэнэт харшийн дотор торгыг татаж хаглах адил дуу гарсныг сонсоод, хиртхийн үзвээс Фу хатан, дүн овогт эрхэм татвар, хоёр тайз жич Фувань, Дүнчэнгийн зэрэг хорь илүү хүн бие бүхэнд цус наалдан бүрэг бараг үүлэн дотор мэт зогсоод, ивэр60, шивэр амиа хөөх дуу сонстмуй. Цаоцао яарч илд сугалан, хий агаарын зүг цавчтал гэнэт их дуу гарч харшийн баруун өмнө зовхис догдолзон юүрэв. Цаоцао цочиж газарт унасныг ойрхи түшмэд тэнхрүүлэн авч өөр ордонд оруулан өвчнийг сувилжээ. Жич шөнө бас харшийн гадна эр эм хүмүүсийн уйлалцах дуу тасрахгүй сонсогдоход гэгээрсэн хойно Цаоцао олон түшмэдийг хуруулж өгүүлрүүн: “Би цэргийн дотор гуч илүү он явахдаа огт өөр зүйлийн ёртой үйлсийг итгэсэнгүй бөлгөө. Энэ өдөр юунд энэ мэт болов?”. Олон түшмэд өгүүлрүүн: “Их Ван бомбо нарыг хуруулж, ном уншуулан зэтгэрийг зайлуулбаас зохимуй”. Цаоцао шүүрс алдаж өгүүлрүүн: “Богд хүний өгүүлсэн нь “Тэнгэрт ял олбоос залбирах газаргүй” хэмээжээ. Миний тэнгэрийн хутаг нэгэнтээ дууссан тул хэрхин аварч болмуй?” хэмээгээд ном уншихыг ойшоосонгүй бөлгөө. Жич өдөр амьсгал охор болж, нүдэнд юм үзэгдэхгүй болсонд даруй Ся Хоудүнийг дуудан ирүүлж зөвлөсүгэй хэмээв. Ся Хоудүнь харшийн хаалганы өмнө хүрч ирээд гэнэт үзвээс Фу хатан, Дүн овогт эрхэм татвар, хоёр тайз жич Фувань, Дүнчэн нар бүрэг баргийн дотор зогсож амуй. Ся Хоудүнь ихэд цочиж газарт харангадаж унасанд зүүн баруун этгээдийн хүн өргөж гаргав. Үүнээс өвчин олжээ. Цаоцао нь Цаохун, Чэньцюнь, Зясюй, Сыма И нарыг хэвтэх орны өмнө дуудан ирүүлээд хойшдын үйлийг тушааваас Цаохун нар мөргөж өгүүлрүүн: “Их ван биеэ сайтар хамгаалмуй! Удалгүй илаар болмуй!”. Цаоцао өгүүлрүүн: “Би дэлхий дахинд хөндлөн гулд гуч илүү он явахдаа олон эрэмгийг сөнөөв. Гагц Зяндунгийн Сүньцуань, Сычуаньгийн Любэйг арилгаж чадсангүй. Өдгөө миний өвчин хүнд болсон тул дахин та нар лугаа хэлэлцэн чадахгүй болжээ. Тийнхүү тусгайлан гэрийн хэргийг та нарт найдсугай! Миний их хөвгүүн Цао Ан, Лю овогт эхнэрээс төрсөн нь болой. Хишиг нь барагдаад аль хэдийнэ Ваньчэн хотод үхэв. Өдгөө Бянь овогт эхнэрээс дөрвөн хөвгүүн төржээ. Пэй, Жан, Жи,
Сюн дөрөв болой. Би язгуураас гуравдугаар хөвгүүн Цаожиг өршөөнөм бөлгөө. Гэвч хүн нь худал зусар, хүнд чигчгүй, архинд дуртай бөгөөд дэмий явмуй. Тийнхүү байгуулж болохгүй. Хоёрдугаар хөвгүүн Цаожан эрэмгий баатар боловч бодлогогүй. Дөрөвдүгээр хөвгүүн ЦаоСюн хууч өвчтэй тул батлахад бэрх. Гагц ахмад хөвгүүн Цаопэй бат чигч, хичээнгүй болгоомжтой тул залгамжлаж болмуй. Та нар сайнаар туслагтун!” хэмээв. Цаохун нар уйлж захиаг хүлээн гарав. Цаоцао гучгаа нараар ердийн өдрийн хураан тавьсан сайн үнэрт хүжийг авч ирүүлэн олон татвар эхнэрт хуваан өгч өгүүлрүүн: “Намайг үхсэн хойно та нар эхнэрийн үйлийг сайтар хичээгтүн! Торгон гутлыг олонтоо оёж худалдаад олсон зоосоор биеэ тэжээ! Бас олон татварыг олонтоо “Хүрэл бялзуухайт” тагтад сууж өдөр бүр тахил тахих үест эрхгүй хөгжим үүсгэж бүжиглүүлэн идэш өргө!” хэмээв. Бас Зяндө Фугийн Зян Үчэн хотын гадна далан хоёр хуурмаг хүүр онгон байгуулж, битгий хойшын хүнээр миний хүүрийг мэдэгдүүл! Хүн хүүрийг уудлуузай!” хэмээмүй. Өгүүлж дуусаад уртаар шүүрс алдаж бороо орох мэт нулимс асгаруулаад удсангүй амьсгал тасарч үхэв. Жаран зургаан насыг насалжээ. Тэр үе нь амгалан байгуулагчийн хорин тавдугаар оны хаврын тэргүүн сар бөлгөө.
60 Шивэгнэх
Хожмын хүн Еэ газрын дуу нэгэн бүлэг зохиож Цаоцаогийн тухайд гуньхран дуулсан үг:
“Газрын нэрийг хэлбээс Ичөн хотын Жаншүй ус
Гайхамшигт хүн заавал энэ газраас мандах болой.
Эрчит бодлого, ялгуум явдал утга уянга нь
Эзэн түшмэл, ах дүүгээс эцэг хөвгүүнд хүрмүй.
Аруухан баатрын цээжний дотор хөдөөх үгүй тул
Алив явдал дээр хүний доор хэрхин орох буй?
Гавьяатны манлай, ялтны түрүү хоёр хүн бус бөгөөд
Гажуу нэр сайхан алдрыг цөм нэгэн биедээ хүрмүй.
Утга уянга ёстой бөгөөд төрийн үйлс цогтой тул
Учир зүйг хянахгүйгээр энгийн саваар үзэх үү?
Урсгалыг хөндөлдөн тагт бариад Тайхан уул лугаа эсэргүүлэн,
Омог сүлд газрын байцын ашиг хор тэгшгүй.
Ийм хүн урван тэрслэхгүй байж болох уу
Ихдээ болбоос Ван, багадаа болбоос эзэрхэг болох болой.
Эзэрхэг болон Ванг хүүхэд ач нартаа залгамжилъя хэмээн
Элдэв аргаа шавхсаар сэтгэл төвшингүй болмуй.
Хөшигний зүг харваас тусгүй хэмээн мэдэвч
Хүж хуваан өгснийг бас сэтгэлгээгүй хэмээн үл болмуй.
Аяа хохой! эртний хүн хэрэг үйлдэхэд их багыг хэлэхгүй
Алжаах буюу гоёмсоглоход цөм санаа буй.
Бийр баригчаас бунхан доторх хүнийг хөнгөлөн муушаахул
Бичгийн мангуу хэмээн түүнийг гэдрэг элэглэмүй”
Түүнээс Цаоцао үхсэн хойно цэргийн түшмэд цөм уйлалцаад, нэгэнтээгүүр угсаа залгамжлагч ван Цаопэй, Яньлин Хоу Цаожан, Линьзы Хоу Цаожи, Сяохуай Хоу ЦаоСюнд бэлэвсрэлийг хэлэхээр илгээв. Олон түшмэл мөнгөн давхар ортой алтан авсанд авслаад, шөнө дөлөөр хүүрийг авч Езюньд хүргэв. Цаопэй эцгээ үгүй болов хэмээн сонсоод, ихэд уйлан олон түшмэдийг дагуулан хотоос гарч арван газрын эцсийн замын хажууд сөгдөн угтаж аваад, хотод оруулан хүүрийг жигүүрийн харшид тавьсан хойно олон түшмэд бэлэвсрэлийн хувцсыг өмсөөд цаас түлж, уйлалцаж бүхийд гэнэт нэгэн хүн гэхэлзэн гарч өгүүлрүүн: “Угсаа залгамжлах ван та уйлахыг зогсож их үйлийг зөвлөнө үү!” хэмээжээ. Олон үзвээс Жуншөзы түшмэл Сыма Фү болой. Сыма Фү өгүүлрүүн: “Вангийн өөд болсонд дэлхий дахин түрхэрсэн тул хурдан Вангийн суурийг залгамжилж олны санааг тохууруулбаас зохих атал юунд гагц уйлна вэ?” гэсэнд олон түшмэд өгүүлрүүн: “Тайзыг сууринд суулгаваас зохимуй. Гэвч тэнгэрийн хөвгүүний зарлиг бичгийг олоогүй тул хэрхин дэмий явуулж болмуй?”. Цэргийн журганы61 тэргүүлэгч түшмэл Чэньцяо өгүүлрүүн: “Ван гадна өөд болоод өршөөлт хөвгүүн нь гуячаар суурийг залгамжилсанд харилцан хувьсгал үүсвээс улс төр түгшүүртэй болно” хэмээгээд даруй илд гаргаж дээлийн ханцуйг огтлоод өндөр дуугаар өгүүлрүүн: “Мөн өдөр даруй угсаа залгамжлагчийг сууринд суулгасугай! Олон түшмэдэд өөр зөвлөл буй аваас энэ дээлийн ханцуйгаар дүрэм болгомуй!” хэмээсэнд зуун түшмэл дуугүй болов. Гэнэт “Хуасинь Сюйчангаас морь довтолгон хүрч ирэв!” хэмээн мэдүүлсэнд олон түшмэд цөм цочжээ. Удсангүй Хуасинь орж ирсэнд олон түүнээс ирсэн учрыг асууваас Хуасинь өгүүлрүүн: “Өдгөө Вэйван үгүй болоод дэлхий дахин түрхрэн хөдөлжээ. Юунд бас угсаа залгамжлагчийг сууринд залж суулгахгүй аж?”. Олон түшмэд өчрүүн: “Зарлиг бичгийг хүлээн завдахгүй тул сая Вангийн хатан Бянь овогтны захиагаар угсаа залгамжлах хөвгүүнийг Вангийн сууринд залсугай хэмээн зөвднөм бөлгөө”. Хуасинь өгүүлрүүн: “Би нэгэнтээ Сяньди хаанаас зарлигийн бичиг авч ирлээ” хэмээсэнд олон цөм тэсгэлгүй баярлав. Хуасинь өврөөс зарлиг бичиг гаргаж нээн дуудав. Үзвээс Хуасинь Вэй улсыг бялдуучлан үйлдэхийн учир энэ зарлигийн эхийг бичээд Сяньди хааныг сүрээр чухалдуулж “Зарлиг буулгасугай!” хэмээх тул хаан арга буюу дагаж зарлиг бичиг буулган Цаопэйг Вэйван өргөмжлөөд Чансангийн тушаал өгч Зижоу мужийн эзэн болгосон бөлгөө. Цаопэй мөн өдөртөө сууринд сууж, олон түшмэдийн ёслон мөргөхийг хүлээгээд баярын ёсоор ихэд хуримлаж бүхийд гэнэтхэн “Яньлин Хоу Цаожан Чань аньгаас арван түмэн цэрэг аваад хүрч ирэв” хэмээн мэдүүлсэнд Цаопэй ихэд хиртхийж даруй олон түшмэдээс асуун өгүүлрүүн: “Миний шар сахалт бага дүү ер зан хатуугийн дээр цэргийн эрдэмд нэвтэрчээ.
Өдгөө цэрэг авч холоос ирсэн нь эрхгүй над лугаа Вангийн суурийг тэмцсүгэй хэмээгч болой. Яаваас сайн?” хэмээтэл яндрын доороос нэгэн хүн гарч ирээд: “Сайд би очиж Яньлин Хоу лугаа уулзаад нэгэн үгээр мохоон хэлж дагуулсугай!” хэмээсэнд олон цөм өгүүлрүүн: “Бусад нь энэ зовлонг тайлан чадахгүй” хэмээв.
Энэ чухамхүү:
“Цао овогтны Пэй, Жангийн хэргийг тэнсэж үзвээс
Арай л Юань овогтны Тань, Шангийн тэмцэлдээн болох алджээ”
Эгнэгт энэ хүн хэн болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
61 Явдлын яам
Сэтгэгдэл ( 0 )