Энэ сарын 10-18-нд Сербийн Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ болж өнгөрлөө. Дэлхийн аваргын тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцож, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байр эзэлж, эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа 12 дугаар сард болох дэлхийн Цомын тэмцээнд оролцох эрхээ авсан билээ.
Бөхийн орон Дагестаны чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн ДАШТ-ий эрэгтэй бөхчүүдийн шилдгүүдийг тодруулжээ.
Шилдэг бөх
Дэвид Тейлор (АНУ). Энэ төрөлд Тейлороос гадна Японы Хигүчи Рэй сонгогдох боломжтой байлаа. Түүний статистик үзүүлэлт америк бөхөөс илүү байгаа юм. Хоёр бөх хоёулаа 4 барилдсанаас гуравт нь оноогоор цэвэр ялсан. Гэхдээ Хигүчи 46 оноо авч, 7 оноо алдсан бол Тейлор 40:1 байна. Яагаад Тейлорыг сонгосон шалтгаан нь финалд тэрээр Ираны алдарт бөх Хасан Язданиг 7:1 итгэл төгс ялж, жиндээ тэргүүн бөх гэдгээ харуулсан юм.
Шинэ од
Рахман Амузадхалили (Иран). Шинэ дэлхийн аваргыг гэнэт цоорсон од гэж хэлж болохгүй. Рахман өсвөр, идэрчүүдийн тэмцээнд тун сайн барилддаг байсан. Энэ улирал 65 кг-д шилжиж, Азийн аварга болсон бөх. Түүнийг хамгийн өрсөлдөөнтэй энэ жинд түрүүлнэ гэдэгт итгээгүй хүн олон байлаа. Харин одоо түүнээс эмээх нь гарцаагүй. Урт мөчтэй, биеийн бэлтгэл сайн, ур чадвартай, гол нь барилдаан болгонд үхэх сэхэхээ үздэг чанар нь түүнийг од болголоо. Тэр тав ялсны дотор Гаджи Алиев, Исмаил Мусукаев, Янни Диакомихалис нарын бөхчүүд байлаа.
Шилдэг баг
АНУ-ын шигшээ баг. Оросуудыг эзгүйд АНУ, Ираны баг багийн аваргын төлөө өрсөлдөх нь тодорхой байсан. Америкчууд тэмцээний эхний өдрөөс л тэргүүлж, дуусахаас нэг хоногийн өмнө багаараа түрүүлэх нь тодорхой болсон. АНУ-ын шигшээ 4 алт, 4 мөнгөн медальтайгаар 2 алт, 3 мөнгө, 2 хүрэлтэй Ираны багаас 48 оноо илүү гарсан юм.
Легионер
Зелимхан Абакаров (Албани). ДАШТ-д 276 бөх оролцсоноос 40 нь гадаад буюу легионер тамирчин байлаа. Тэдний ихэнх нь Оросын буюу Дагестан, Хойд Осет, Чечень, Якут, Буриадын бөхчүүд байв. Легионерууд найман медаль, 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль авсан. Алтан медалийг нь 61 кг-д дагестан залуу Зелимхан Абакаров хүртсэн юм. Албани улс анх удаа чөлөөт бөхийн дэлхийн аваргатай боллоо.
Шилдэг барилдаан
Таиши Нарикүни (Япон) – Эрназар Акматалиев (Киргиз) – 10:10. Хоёр бүхэл оноотой, сүүлийн мөчид ялалт шийдэгдсэн, хагас шигшээ барилдаан. Азийн АШТ-ий финалд 4:3 ялж байсан япон бөх энэ удаад ч бас ялсан.
Рекорд
Жордан Барроуз (АНУ). 34 настай ахмад бөх дэлхийд зургаа дахь удаагаа түрүүллээ. Тэр одоо барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн олон дэлхийн алтан медальтай нь болсон төдийгүй америк бөхчүүдийн түүхэнд хамгийн олон дэлхийн аварга болсон бөхөөр тодорсон. Барроуз дэлхийд зургаа болон зургаагаас олон түрүүлсэн зургаан бөхийн тоонд багтлаа. Тэр нийтдээ дэлхийгээс 6 алт, 3 хүрэл медаль зүүгээд байна.
Даагаа нэхэлт
Таха Акгуль (Турк). Белград хотод хариугаа авсан барилдаан хэд хэд болсон. Үүнээс хамгийн гайхалтай ялалт нь Тахагийн Ираны Амир Зарег ялсан ялалт байлаа. 125 кг-ын хагас шигшээд тэд таарсан. Өнгөрсөн жилийн ДАШТ-д тэд мөн хагас шигшээд учирч, 4:0-оор иран бөх ялж байлаа. Энэ удаа Таха хариугаа авсан. Барилдаан дуусахад 30 секунд үлдээд байхад тэр 1:2 ялагдаж байсан. Заре хөлд орж, ард нь гарах гэж оролдох тэр агшинд Таха гайхамшигтай сайхан мултарч, өөрөө ард нь гаран, 3:2 оноогоор ялсан юм. Маргааш нь Таха манай М.Лхагвагэрэлийг ялаад дэлхийд гурав дахь удаагаа тэргүүлсэн билээ.
Сенсаац
Дагестанчууд манай М.Лхагвагэрэлийг энэ жилийн гол сенсаацаар нэрлэсэн. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн түүнийг монголчууд бид харин медаль авах нь тодорхой гэж үзэж байсан билээ. Дагестаны бөхийн холбооны тайлбарт “Хүнд жинд Гүржийн Гено Петриашвили Туркийн Таха Таха Акгуль, Ираны Амир Заре хоёрт л ялагдаж байсан. Энэ хоёр бөх нөгөө хэсэгт орсон тул Гено хэсгээсээ нэгээр гарах ёстой байлаа. Хоёр өрсөлдөгчөө ялаад гүрж залуу Монголын М.Лхагвагэрэлтэй хагас шигшээд барилдсан. 2021 оны Ослод болсон ДАШТ-д Гено монгол бөхийг 11:1 бут ниргэж байсан юм. энэ удаад ч түүнийг ялах байх гэж таамаглаж байтал М.Лхагвагэрэл 4:2 итгэл төгс яллаа. Тэрээр финалд ч сэнсаац тарих шахсан ч Тахад ялагдсан” гэж бичжээ.
Эр зоригийн ялалт
Бажран Пуния (Энэтхэг). Хүрлийн төлөө барилдаанд Бажран Пуэрто-Рикогийн Риверад 0:6 ялагдаж байлаа. Толгойгоо боосон байсан тул байн байн боолтоо засаж, тун хэцүү байгаа нь харагдаж байв. Гэвч оноогоо нөхсөөр барилдаан дуусахаас 30 секундын өмнө 10:9 ялж, ДАШТ-ий дөрөв дэх медалиа авч чадсан юм.
Дэвшил
Японы шигшээ баг. Наран орны баг анх удаагаа багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарлаа. Алтан медаль хүртсэн Рэй Хигүчи, Таиши Нарикүни нар гол үүрэг гүйцэтгэсэн. Япон эрчүүд өөр медаль аваагүй ч таван бөх нь эхний аравт багтаж, багтаа оноо авчирсан. Мөн энэ төрөлд Словакийн багийг онцлох нь зүйтэй. Тэд таван бөх илгээснээс гурав нь медаль авсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Гоё мэдээлэл байна баярлалаа
Uhsen ats sagsuu gulug
ДАШТ-ын шилдэгуудийг дагестан тодруулдаг нь юу билээ, уг нь зохион байгуулсан газар нь л тодруулмаар юм, худлаа энд тэндээс хог цуглуулж нийтлэхээ больмоор юм