"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 80 ДУГААР БҮЛЭГ
ЦАОПЭЙ ХААНЫГ ЗАЙЛУУЛЖ ЛЮ ОВОГТНЫ ТӨРИЙГ БУЛААСАН ХАНЬ ВАН СУУРИНД СУУГААД ЗАЛГАЖ НЭГТГЭН ЕРӨНХИЙЛСӨН
Өгүүлэх нь: Хуасинь нарын олон түшмэд дотоод харшид орж Cяньди хаанд учраад Хуасинь айлтгаж өгүүлрүүн: “Мэхийн хянахул Вэйван сууринд сууснаас нааш эрдмийг дөрвөн зовхист тархааж, өршөөлийг түмэн бодист хүрүүлэн, эртнээс хэтэрч, эдүгээгээс өнгөрчээ. Хэдий Тан, Юй хэмээвч үүнээс давахгүй. Олон түшмэд бид нийлж, зөвлөн хэлэлцвээс Хань улсын төр нэгэнтээ эцэслэсэн тул хүсэх нь хаан Яо, Шүньгийн ёсыг дуурайж уул гол, улс сэлүүгээр амар жаргаланг эдэлбээс өвгөдийн сүмд ихэд хишиг бөгөөд иргэнд бас маш завшаан болмуй. Тийнхүү бид зөвлөж тогтоод тусгайлан айлтгахаар ирэв хэмээсэнд хаан сонсоод ихэд сочиж үг хэлэн чадахгүй болжээ. Нилээд удаад олон түшмэдийн зүт уйлж өгүүлрүүн: “Би бодохуйяа Гаозү хаан гурван тохой урт илдийг барьж могойг алаад журмын цэрэг үүсгэснээс инагш Цинь улсыг төвшитгөн Чу улсыг сөнөөж тулгар төр нээн уламжилсаар дөрвөн зуун он болов. Би хэдий эрдэмгүй боловч анхнаас огт эндэж осолдсон газаргүй бүхийд яахин төвдөж өвгийн байгуулсан их төрийг талаар гээмүй? Олон түшмэд та дахин голчлон зөвлөгтүн!” хэмээв. Хуасин, Лифу, Сюйжи нарыг дагуулан урагш давшиж өгүүлрүүн: “Хаан итгэхгүй болбоос энэ хоёулаас асуу!” хэмээсэнд Лифу айлтгаж өгүүлрүүн: “Вэйван сууринд сууснаас билигт гөрөөс төрөөд, гарьд ирж бүжиглэн, шар луу илрэв. Буудайн хос түрүү ургаад, амтат бороод буужээ. Ийм хараахан дээд тэнгэр ёр заах нь Вэйванг Хань улсын төрийг хүлээтүгэй хэмээсэн бэлгэс болой”. Сюйжи бас өгүүлрүүн: “Сайд бид тэнгэрийг шинжих тушаалыг хүлээсэн тул шөнө тэнгэрийн байдлыг үзвээс Хань улсын тоо нэгэнтээ дуусаад, хааны од нуун далдлаж харанхуй болжээ. Вэй улсын од тэнгэрт гийснийг хэлэлцвээс барахгүй. Тэр ч байтугай төлгийн бичигт өгүүлсэн нь: “Гүй (鬼) хэмээх үсэг хажууд аж, Вэй (委) хэмээх үсэг лүгээ залгалдмуй хэмээсэн нь энэ Вэй (魏) үсэг болой. Янь (言) хэмээх үсэг зүүнтээ Ү (午) хэмээх үсэг баруунтаа буй хэмээсэн нь энэ Сюй (许) үсэг болой. Хоёр Ри (日) хэмээх үсэг дээр доор зэрэгцмүй хэмээсэн нь даруй Чан (昌) үсэг болмуй? Үүнийг нийлүүлбээс уншваас Вэй улс Сюйчанд аж, Хань улсын төрийг хүлээх нь зүй” хэмээсэн утга бөлгөө. Хаан эзний хянан байцаахыг хүсмүй”. Хаан өгүүлрүүн: “Ёр бэлгэ, төлөг зурхай хэмээгч цөм хоосон дэмий хэрэг болой. Хэрхин ийм хоосон үйлийн учирт намайг өвгөсийн байгуулсан тулгар төрийг тэвчүүлмүй”. Ван лань өгүүлрүүн: “Эртнээс нааш бадарваас эрх биш эвдэрдэг. Хөгжвөөс эрх биш буурмуй. Хэрхэн мөхөхгүй улс, хохирохгүй гэр байхгүй. Хань улс дөрвөн зуу илүү он уламжлаж залгамжласаар хааны үед хүрээд тоо амьсгал нэгэнтээ дууссан тул эртхэн зайлбаас зохимуй. Сэжиглэх хэрэггүй. Удваас хувьсгал үүсмүй” хэмээсэнд хаан ихэд уйлан, хойд ордонд орсон хойно зуун түшмэд инээлцэн гарав.
Жич өдөр олон түшмэд бас их харшид хуралцаад тайганыг дотогш оруулан Cяньди хааныг залуулбаас, хаан айж зовоод гарч ирэхгүйд Цао хатан өгүүлрүүн: “Өдгөө олон түшмэд эзнийг харшид гаргасугай хэмээн залахаар ирсэн атал эзэн юунд түлхэлмүй?”. Хаан уйлж өгүүлрүүн: “Чиний ах төрийг булаасугай хэмээн зуун түшмэдийг зарж намайг чухалдуулмуй. Би тийнхүү гарахгүй бөлгөө”. Цао хатан тачаадаж өгүүлрүүн: “Миний ах хэрхэн ийм сөргүү, самуун хэргийг үйлдэх аж?” хэмээн хэлж дуусахын урьд үзвээс Цаохун, Цаосю нар илд зүүсээр орж ирээд хааныг “Харшийн дээр гарагтун!” хэмээмүй. Цао хатан ихэд харааж өгүүлрүүн: “Самуун хулгай та нар баян эрхмийг эдэлсүгэй хэмээн хамт сөргүү бодлогыг үүсгэсэн ажгуу. Миний эцэг дэлхий дахиныг бүрхэм их гавьяа байгуулж сүр жавхлан тэнгэрийн дор түрхэрсэн бөгөөтөл харин айлгүй хааны суурийг булаасангүй.
Эдүгээ миний ах хэргэмийг залгамжлаад өдөр удаагүй байтлаа “Хань хааны төрийг булаасугай!” хэмээх нь дээд тэнгэрийн таалалд лав нийцэхгүй бөлгөө!” хэмээн өгүүлж бараад ихэд уйлан ордонд орсонд жигүүрийн ард нар цөм нулимс унагав. Цаохун, Цаосю нар Cяньди хааныг “Харшийн дээр гарсугай!” хэмээн шахамдуулахад хаан аргагүй эрхэнд хувцсаа халаад өмнөд харшид гарсан хойно Хуасинь өгүүлрүүн: “Хаан та сайд бидний өчигдрийн зөвлөсөн хэргийг дагах аваас их зовлонгоос хэлтрэх болой”. Хаан уйлж өгүүлрүүн: “Та цөм Хань хааны пүнлүүг идэж он удсан төдийгүй та нарын дотор гавьяатан сайд нарын хөвгүүн ач олонтоо баймуй? Хэрхин ийм ёс бус хэргийг үйлдэж төвдмүй?”. Хуасинь өгүүлрүүн: “Хаан хэрвээ олны зөвдсөнийг дагахгүй болбоос өглөө үдшийн хорооны дотор гамшиг зовлон үүсэхээс аймуй. Бид хаанд шударгууг гүйцэтгэхгүй нь бус болой” гэв. Хаан өгүүлрүүн: “Хэн аймшиггүй намайг алмуй?”. Хуасинь их дуугаар өгүүлрүүн: “Дэлхий дахины хүн цөм хаан таны эзэн болох буянгүйг мэдээд дөрвөн далайн дотоодынхоныг самуурахад хүрүүлэв. Хэрвээ Вэйван төрд агсангүй бөгөөс хаан чамайг алах нь хэрхин нэг хоёр хүнээр төдий аж. Гэтэл хаан та ачийг хариулах тухай санахгүй харин ч дэлхий дахины хүнээр хааныг байлдуулсугай хэмээнэ үү?”. Хаан ихэд гэлмэж ханцуйгаа гөвөн босжээ. Ван лан нүдээрээ Хуасинь рүү харсанд Хуасинь том алхмаар урагш дэвшиж хааны хувцсыг бариад царайгаа хувилгаж өгүүлрүүн: “Дагах ба дагахгүйг хурдан нэгэн үг гаргагтун!” хэмээсэнд хаан чичрэн дагжиж, өчин чадахгүй бүхийд, гэнэт Цаохун, Цаосю хоёр илд өргөж өндөр дуугаар дуудруун: “Тамга хадгалагч түшмэл хаана буй?”. Зуби гарч өчрүүн: “Тамга хадгалагч түшмэл энд буй” хэмээжээ. Цаохун “Хас тамгыг авчир!” хэмээхэд Зуби зандарч өгүүлрүүн: “Хас тамга болбоос тэнгэрийн хөвгүүний эрдэнэ болой. Яахин дураар авч болмуй?”. Цаохун цэргийн хүнийг дуудаж, түлхэн гаргаж “Алагтун!” хэмээхэд Зуби ам хамхихгүй хараасаар үхэв.
Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Самуун зальхай эрхийг эзэрхээд Ханьгийн төр мөхөхүйд
Суурийг найр тавив хэмээн Тан, Юйгээр хуурчээ
Төрийн хотлоор зуун түшмэл цөм Вэйг өргөхөд
Тэдний дотор Зуби гагцаар шударга түшмэл аж”
Хаан чичрэн бөгөөд үзвээс яндрын дор хуяг өмсөж зэвсэг барьсан хэдэн зуун цэрэг зогсож аймуй, цөм Вэйвангийн цэрэг бөлгөө. Хаан олон түшмэдийн зүг уйлж өгүүлрүүн: “Би өдгөө суурийг Вэйванд найр тавин өгсү! Эрмэлзэх нь миний амийг хэлтрүүлэн үлдээж, насан хутагт хүрүүлмүү!”. Зясюй өгүүлрүүн: “Вэйван хэрхивч хааныг үтээрэхгүй болой. Хаан хурдан зарлиг бичиг буулгаж олны сэтгэлийг тохууруул!” хэмээсэнд хаан аргагүй Чэньцюньгээр төрийг юүлэн өгөх зарлиг бичиг бичүүлээд хас тамга, зарлиг бичгийг Хуасиньд тушаан өгч Вэйвангийн яаманд өргөн барихаар илгээсэнд, Цаопэй ихэд баярлан нээж үзвээс зарлиг бичгийн үг нь: “Би сууринд гучин хоёр жил суусанд, дэлхий дахины самууран урвахад учраад өвгөс нарын хувилгаан сүнсэнд итгэж эвдрэх шахсан нь дахиж тогтносон бөлгөө. Тийн гэвч өдгөө тэнгэрийн байдлыг шинжиж, ардын санааг хянахул Хань улсын тоо төгсөөд, улирал Цао овогтод тохиожээ. Энэ нь талийгаач Ван нэгэнтээ гайхамшигт гавьяа байгуулсан бөгөөд өдгөөгийн Ван бас гэгээн эрдмийг гэрэл мэт цацруулаад, тэр цагт нийлэлцэж тоо илэрхий болсныг үнэхээр мэдвээс болох болой. Их төрийн явдал болбоос дэлхий дахины хоорондын болгомуй. Тийнхүү Тан улсын Яо хаан гуяч сэтгэлээр их суурийг хөвгүүндээ залгамжласангүй тул их нэр нь цаглашгүй алдаршжээ. Би гүн бахархаад өдгөө Яо хааны хуулийг дуурайж суурийг Чансан Вэйванд юүлэн өгсүгэй! Ван битгий маргагтун!” хэмээжээ. Цаопэй сонсоод даруй “Хүлээн авсугай!” хэмээхэд сыма И өгүүлрүүн: “Болохгүй ээ! Хэдий зарлиг бичиг хүрч ирсэн боловч Ван хариу бодрол бичиг айлтган дэлхий дахины хүний муутган хэлэлцэхийг тасалваас зохимуй”. Цаопэй үгийг дагаад Ван лангаар бодрол бичиг бичүүлж: “Өөрийн бие эрдэм нимгэн тул өөр мэргэнийг сонгож суурийг залгамжлуулах ажаам уу!” хэмээжээ. Cяньди хаан бодрол бичгийг үзэж дуусаад дотроо маш сэжиглэж олон түшмэдийн зүг хандан: “Вэйван энэ мэт хөнгөмсөглөн маргаваас одоо яамуй?”. Хуасинь өгүүлрүүн: “Эрт Вэй ү ван Вангийн эрхийг хүлээх үест гурвантаа маргасныг мөн л зарлиг бичиг буулган тогтоосонгүй тул сая хүлээн авсан бөлгөө. Өдгөө хаан дахин зарлиг бичиг буулгаваас Вэйван аяндаа хүлээн авах буй за!” хэмээсэнд хаан арга буюу Хуань Кайгаар зарлиг бичиг бичүүлээд Гаомяо, Ши Жан Инь нарыг зарж хэмжээт цомцог, тамгатай бариулан Вэйвангийн өмнө хүргүүлсэнд Цаопэй нээж үзвээс зарлиг бичгийн үг нь: “Вэйван чамд нүүлгэн явуулав. Бичиг өргөж хөнгөмсөглөснийг би хянахад Хань улсын төр эвдэрсэн бөгөөд өдөр удсан нь цөм Ү Ван Цаоцаогийн эрдэм улиралд нийлэлцээд, сүр жавхлангаар муу догшинг арилган, дундад улсыг ариу болгож тогтоосон шалтгаан болой. Өдгөөгийн Ван Цаопэй урьдын мөрийг залгаж, их эрдэм хөгжин гэрэлтээд, эрхэм суртхаал дөрвөн далайд хүрчээ. Өршөөлт салхи нь найман зовхисыг дэвүүрдсэн тул тэнгэрийн тоо чамд буй ажгуу. Эртний Шүнь хаанд хорин зүйлийн их гавьяа буй ахуйд, Фан Сюнь67 хаан дэлхий дахиныг найр тавьжээ. Юй хаанд усыг удирдан зассан зүтгэл буй тул Чүнхуа68 хаан өөрийн суурийг юүлэн өгөв. Хань улс Яо хааны улирлыг залгамжилж Богд эрдэмтэнд уламжлах журмыг дуурайн, сахиус хүмүүний санаанд эедэж, тэнгэрийн бошгыг дэвшүүлмүй хэмээн Юйшы Дайфу түшмэл Жан Енийг зарж хэмжээт цомцог хийгээд хааны хас тамгыг бариулан илгээснийг Ван чи хүлээн авах ажаам уу” хэмээжээ.
67 Эртний Тан улсын Яо хааны нэр болой. Юй улсын Шүнь гавьяатай болохоор Яо хаан түүнд хаан суурийг найр тавин өгчээ гэсэн домог яриа байдаг.
68 Эртний Юй улсын Шүнь хааны нэр. Ся улсын Юй бол усыг зассан гавьяатай тул Шүнь хаан түүнд хаан сууриа найр тавин өгчээ гэдэг домог яриа байдаг.
Цаопэй баярлаж зарлиг бичгийг тосон аваад Зясюйгийн зүг өгүүлрүүн: “Хэдий хоёр удаа зарлиг бичиг ирсэн боловч эцэстээ дэлхий дахинаа хойш үед хаан суурийг булаав хэмээх нэрээс хэлтрэн чадахгүй болов уу хэмээмүй”.
Зясюй өгүүлрүүн: “Энэ үйл маш хялбар болой. Дахин Жан Еньгээр тамга цомцогийг хойш авч илгээгээд Хуасиньд сургаж “Хааныг нэгэн тагт цогцлуул!” хэмээгтүн. Түүнийг “Суурь юүлэн өгөх тагт” хэмээн нэрлээд сайн өдрийг сонгож их бага түшмэдийг цөмөөр тагтын дор хуруулсан хойно, хаан биеэр тамга цомцгийг барин дэлхий дахиныг ванд юүлэн өгөхөөр болговоос даруй олны сэжиглэлийг тайлж болох бөгөөд бүгдийн хэлэлцэхийг тасалж болмуй” хэмээв. Цаопэй ихэд баярлаж Жан Еньгээр тамга цомцогийг хойш эгүүлээд бас итгэл бичиг хийж хөнгөмсөглөн маргав. Түүнээс Жан Ень буцаж ирээд Cяньди хаанд айлтгасан хойно хаан олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Вэйван бас хөнгөмсөглөсөн нь түүний санаа юу болой?” хэмээвээс Хуасинь айлтгаж өгүүлрүүн: “Хаан нэгэн тагт цогцлоогоод түүнийг “Суурь юүлэн өгөх тагт” хэмээн нэрийдэж хамаг түшмэд хийгээд олон иргэнийг цуглуулж, гэгээн тодорхойгоор суурийг юүлэн өгвөөс хааны хөвгүүн ач нар хүртэл Вэйвангийн хишгийг хүртэх болой” хэмээсэнд хаан үгийг дагаж, Тайчан Юань яамны түшмэлийг гарган, Фань Янгийн газарт гурван дэгтэрт өндөр тагт цогцлоогоод, өвлийн тэргүүн сарын цагаан морин өдрийн барс цагт их суурийг юүлэн өгөхөөр тогтов.
Түүнээс хугацаа өдөр хүрээд Cяньди хаан Цаопэйг залж хаан суурийг юүлэн өгсүгэй хэмээжээ. Тагтын дор их бага түшмэл дөрвөн зуу илүү хурж сахин халхлах шадар цэрэг гучин түм илүү жагсжээ. Хаан өөрийн гараар хас тамгыг өргөж, Цаопэйд уламжласанд Цаопэй хүлээн авсан хойно тагтын доорхи олон түшмэл сөгдөж навчит өргөмжлөлийг сонсов. Бичгийн үг нь:
“Вэйван чамд нүүлгэхийн учир: Эртний Тан улсын Яо хаан суурийг Шүньд юүлэн өгсөн бөлгөө. Шүнь хаан бас л түүнийг Юй хаанд шилжүүлжээ. Тэнгэрийн бошго үүрд үгүй. Гагц эрдэм чадал бүхийд өгмүй. Хань улсын төр буураад үе үеийн хэвийг алдав. Миний биед хүрч ирснээр их самуун нэн нэмэрлэн, олон муу дураар сөрөөд дэлхий дахин эвдрэх шахсанд завшаанаар Ү Вангийн сүр жавхланд түшиглэж дөрвөн зүг найман зовхисын энэхүү зовлонг дараад дундад улсыг ариутган цэвэрлэж, миний өвгөсийн сүмийг хамгаалж амар болгов. Миний нэгэн хүний төдийхөн амрыг олсон бус, есөн муж бас ч түүний амгаланг хүртсэн бөлгөө. Өдгөөгийн Ван, урьд вангийн хойдыг залгамжлаад эрдмийг гэрэлтүүлэн, бичиг цэргийн ёсыг бадруулж, чиний эцгийн их гавьяаг илрүүлснээр тэнгэр гайхамшгийг үзэгдүүлэн, хүн хувилгаан ёрыг мэдүүлжээ. Тийнхүү тэнгэр эрдэмтэнийг төрүүлэн, тэнгэрийн бошгыг хүлээлгэмүй. Цөм өгүүлэх нь чиний бодлогыг Юй, Шүнь лүгээ адил хэмээх тул би Тан улсын хуулийг дагаж их суурийг чамд юүлэн өгсүгэй. Аяа! Тэнгэрийн тоо чамд болсон тул чи төв дундад ёсыг бариад, түмэн улсын буяныг эдэлж, тэнгэрийн бошгыг хүлээн авагтун!” хэмээжээ.
Навчит өргөмжлөлийг уншиж бараад Цаопэй суурийг хүлээж найман зүйлийн их ёслолыг хүлээхээр тагтад гарч суусан хойно Зясюй олон түшмэдийг авч тагтын дор мөргөв. Амгалан үргэлжлүүлэгчийн тэргүүн оныг халаад “Шар анхдагчийн тэргүүн он” хэмээв. Улсын цолыг их Вэй улс хэмээн нэрийдэв. Дэлхий дахиныг ихэд өрөлхийлөөд, эцэг Цаоцаог Тайзу ү хаан хэмээн нэхэн өргөмжлөв. Хуасинь айлтгаруун: “Тэнгэрт хоёр нар үгүй, иргэн хоёр эзэн эс буй. Хань хаан нэгэнтээ суурийг шилжүүлсэн тул бие зайлж гадаад халхавчид очвоос зохимуй. Даруй зарлиг буулгаж Лю овогтныг ямар газар тавих буй?” хэмээн хэлж бараад Cяньди хааныг түшиж тагтын дор сөгтгөн “Зарлигийг сонс!” хэмээв. Цаопэй зарлиг буулган хааныг Шань Ян гүн хэргэмд өргөмжлөж “Мөн өдөртөө явагтун!” хэмээсэнд Хуасинь илд бариад Cяньди хааныг зааж их дуугаар өгүүлрүүн: “Нэгэн хааныг зайлуулах нөгөөг байгуулах нь эртний үүрдийн хууль болой. Өдгөөгийн эзэн нигүүлсэнгүй, өршөөлт тул чамайг хөнөөн төвдсөнгүй Шань Ян гүн болгосон тул даруй явагтун! Зарлиггүйгээр улсад ирж болохгүй!” хэмээсэн хойно Cяньди хаан нулимс унагааж талархаад, морь унаж одов. Тагтын доорхи цэрэг иргэн нарын үзэгсэд цөмөөр шүүрс алдаж зогсохгүй. Цаопэй олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Би Шүнь, Юй хаадын үйлийг энэ өдөр сая олж мэдэв” хэмээсэнд олон түшмэд цөмөөр “Түмэн наст!” хэмээн бархирав. Хожмын хүн энэ найр тавин өгөх тагтыг үзээд шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Хоёр Хань улсыг байгуулсан явдал маш бэрх байтал
Нэг өглөөний зуур хуучин төрийг алдав
Хуанчу69 Тан Юйгийн мөрийг дууриасугай хэмээснийг
Сыма овогт хойч өдөр дүрэм болгон үзэв”
Түүнээс зуун түшмэд Цаопэйг тэнгэр газарт мөргүүлэхээр залаад, Цаопэй сая ёсолтол гэнэт тагтын өмнөөс нэгэн зурвас жигтэй салхи дэгдэж элс, чулуу хийсээд, түргэн бороо орох мэт, эсрэг юм харагдахгүй тагтын дээр шатаасан лав зулыг цөм сөнөөв. Цаопэй ихэд сочиж харангадан унасан тул олон түшмэд яаран тэтгэж тагтаас буулган нилээд удаж, сая сэргэхэд гучгаа нар ордон дотор түшиж оруулав. Хэдэн өдөр болсон хойно өвчин баахан илаар болоод сая гарч олон түшмэдийн баярлахыг хүлээв. Хуасинийг Сыту, Ван ланийг Сыкун түшмэл болгоод, үлдсэн их бага түшмэдийг цөм нэг нэгээр дэвшүүлэн шагнав. Цаопэйгийн өвчин эдгэхгүй тул Сюйчангийн ордонд “Олонтоо шимнус буй” хэмээн сэжиглээд, даруй Сюйчангаас Луо Ян руу нүүж ордон харш байгуулав.
69 Цаопэйгийн өргөсөн нэр
Түүнээс аль хэдийн хүн Чөндүд хүрч ирээд “Цаопэй өөрийгөө их Вэй улсын эзэн хаанд өргөмжлөөд Луо Янд харш барьж буй. Бас Cяньди хааныг хорлогдов хэмээн цуу үт тархжээ” хэмээн мэдүүлсэнд “Ханьжун Ван сонсоод өдөр бүр уйлан зуун түшмэдэд тушааж цөмд нь бэлэвсрэлийн хувцас өмсгөөд Сюйчангийн зүг тахил өргөж тахиад “Сяо минь хуанди” цол нэхэн өргөмжлөв. Сюаньдө үүний учир зовсоор өвчин олоод засгийн үйлийг шийтгэж чадахгүй болсон тул цөмийг Кунминд тушааж шийтгүүлэв. Кунмин дайфу түшмэл Сюйзин, Гуан Лү дайфу түшмэл Цяожоу нар лугаа зөвлөж өгүүлрүүн: “Дэлхий дахинаа нэгэн өдөр хэмээн эзэнгүй байж болохгүй тул Ханьжун Ванг хаанд өргөмжилсүгэй!” хэмээсэнд Цяожоу өгүүлрүүн: “Ойрд өлзийт салхи бэлгэт үйлийн ёр илэрсэн бөгөөд Чөндү хотын баруун хойд зовхист шар уур хэдэн арван хос алд дэгдэж, шууд чанх дээш огторгуйн зүг манджээ. Жич Рувагини нэрт хааны одон Барани, Хиртигийн этгээдэд үзэгдээд саран мэт гилтэгнэх нь чухамхүү “Ханьжун Ван хаан сууринд сууж Хань улсын төрийг залгамжилтугай!” хэмээсэн бэлгэ тул бас ямар сэжиглэх учир буй ажгуу” хэмээв. Кунмин, Сюйзин нарын их бага олон түшмэдийг дагуулан илтгэл айлтгаж Ханьжун Ванг “Сууринд залсугай!” хэмээн дуртгав. Ханьжун Ван илтгэл бичгийг үзээд ихэд сочиж өгүүлрүүн: “Та нар намайг шударга бус журамгүй хүн болгосугай хэмээнэ үү?” гэхэд Кунмин хариу айлтгаж: “Тийм бус. Цаопэй суурийг булааж суусан бөгөөд эзэн Ван, Хань хааны угсаа атал юунд Хань улсын төрийг эзлэн тахилгыг залгаж болохгүй буй за?”. Ханьжун Ван царай хувилгаж өгүүлрүүн: “Би юу хэмээн сөргүү хулгайг дууриамуй?” хэмээгээд ханцуйгаа гөвж босоод хойд ордонд орсон тул олон түшмэд цөм тархав. Гурван өдөр болсон хойно Кунмин бас олон түшмэдийг авч бараалхалд ирээд Ханьжун Ванг залж гаргасан хойно олон цөм өмнө нь мэхийн сөгдөв. Сюйзин айлтгаж өгүүлрүүн: “Өдгөө Хань улсын хаан нэгэнтээ Цаопэйд алагдсан тул Ван даруй хаан сууринд сууж цэрэг байгуулаад сөргүү хулгайг байлдахгүй бол шударга журамт болж чадахгүй болой. Тэр ч байтугай өдгөө дэлхий дахины олон иргэн цөмөөр эзнийг хаан болоод Сяоминь хааны өшөөг аваасай хэмээн санаж бүхийд хэрэв түшмэд маний зөвдсөнийг зөвшөөрөхгүй болбоос иргэний эрмэлзлэлийг алдах болой” хэмээсэнд Ханьжун Ван өгүүлрүүн: “Би хэдий Зинди хааны ач хэмээвч түмэн иргэнд хишиг эрдмийг хүртүүлсэн газаргүй тул энэ өдөр нэгэнтээ хаан суувч суурийг булааснаас өөрц болой?” хэмээжээ. Кунмин хэд хэдэн зэрэг хүчлэн ятгавч Ханьжун Ван хатуужин дагахгүй тул Кунмин нэгэн арга үүсгэж олон түшмэдийн зүг “Ийм тийм” хэмээн өгүүлээд тогтоод даруй өвчнөөр шалтаглан гарч ирэхгүй болжээ. Ханьжун Ван, Кунминийг өвдлөө гэхийг сонсоод даруй Чансангийн ордноо очиж хэвтсэн тавзангийн дэргэд ирээд асууруун: “Цэргийн багш юунд санаж өвчин олов?”. Кунмин өгүүлрүүн: “Зовох сэтгэл гал ноцох адил тул амь нас удахгүй болов”. Ханьжун Ван өгүүлрүүн: “Цэргийн багш ямар учирт зовнимуй?” хэмээн хэд хэдэн зэрэг асуувч Кунмин өвчин хүндэрснээр шалтаглаж нүдээ аниад өчихгүй. Ханьжун Ван ямагт асуух тул Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Би улалжин гэрээс гарч эзэн гүнтэй учраад энэ өдрийг хүртэл дагаад, үнэхээр үгийг аван, аргыг дагасаар, завшаанд эзэн гүн хоёр Чуаньгийн газрыг олж, сайд миний эрт өдрийн үгээс зөрчсөнгүй бөлгөө. Өдгөө Цаопэй суурийг булаагаад Хань улсын тахилга тасрахад хүрсэн тул доорхи бичиг цэргийн хэдэн зуун түшмэд цөм эзэн гүнийг хаан өргөмжлөн, Вэй улсыг сөнөөж Лю овогтныг бадруулаад хамт гавьяа нэр үйлдсүгэй хэмээн санасан боловч эзэн гүн хатуужин маргаж, дагахгүй тул түшмэд цөм гаслант сэтгэлийг өвөрлөөд, удахгүй сарних болой хэмээмүй. Хэрэв бичиг цэргийн түшмэд цөм сарниваас Ү, Вэй улс байлдахаар ирвэл хоёр Чуаньгийн газрыг батлахад бэрх болмуй. Иймийн тул би юунд зовохгүй болох буй?”. Ханьжун Ван өгүүлрүүн: “Би маргах нь бус. Дэлхий дахины хүний буруушаахаас эмээмүй”. Кунмин өгүүлрүүн: “Эртний хууч үгэнд
“Нэр төвгүй болбоос үг эевэргүүгүй” хэмээжээ. Өдгөө эзэн гүн нэр төв, үг эевэргүү тул ямар хэлэлцэх учир амуй? Тэнгэрийн соёрхсоныг авахгүй болбоос харин зовлон болмуй хэмээснийг сонссонгүй юу?”. Ханьжун Ван өгүүлрүүн: “Цэргийн багшийн өвчин илаар болсон хойно хэрэгжүүлэхэд оройтох юусан билээ?” хэмээтэл Кунмин үсэрхийлэн босоод нарийн халхавчийг цохисонд гаднах бичиг цэргийн түшмэд хамтаар орж ирээд газарт сөгдөж өгүүлрүүн: “Дээдийн эзэн нэгэнтээ ойшоосон болбоос даруй өдөр сонгож их ёсыг хийсүгэй!” хэмээжээ. Ханьжун Ван үзвээс Тайфу түшмэл Сюйзин, Аньхань жанжин Мижу, Цин Ихоу түшмэл Сянзюй, Янцуань Хоу түшмэл Любао, Безя түшмэл Жаозуо, Жижун түшмэл Янхун, Ицао түшмэл Дүцюн, Цунши түшмэл Жаншуан, Тайчан Цин түшмэл Лайгун, Гуанлү Цин түшмэл Хуанцуань, Зизю түшмэл Хөзун, Сюэши түшмэл Еньмо, Сы Е түшмэл Цяожоу, Да Сыма түшмэл Енчүнь, хажуугийн жанжин Жанжи, Шаофу түшмэл Ванмоу, Жаовэнь Боши түшмэл Изи, Цүнши Лан түшмэл Циньмигийн зэрэг түшмэд бөлгөө. Ханьжун Ван өгүүлрүүн: “Намайг журамгүй нэрд унагах нь цөм танай зэргийн сайд нар болой”. Кунмин өгүүлрүүн: “Эзэн нэгэнтээ гуйсныг тогтоосон тул даруй мандал цогцлоогоод өдөр сонгож ёсолсугай!” хэмээгээд Ханьжун Ванг ордонд хүрсэн хойно Боши түшмэл Сюйци, Зянь Илан түшмэл Мөнгуан нарыг томилон гаргаж Чөндү хотын үдань нэрт газрын өмнө мандал цогцлоожээ. Бүтсэн хойно олон түшмэд жагсаалын эдийг бэлтгэн, Ханьжун Ванг залж мандалд авируулаад тэнгэр газрыг тахихад Цяожоу мандлын дээр гараад өндөр дуугаар тайх бичгийг дуудан уншив. Тэр тайх бичгийн үг нь:
“Амгалан байгуулагчийн хорин зургаадугаар он, зуны тэргүүн сарын шинийн нэгний улаан морь өдрөөс хойш арван хоёрдугаар өдрийн улаагчин могой өдөр хаан Любэй бээр аймшиггүй тэнгэр газар, сахиус нарт өчих нь: Хань улсын дэлхий дахин үе улиран мохошгүй байсан бөлгөө. Урьд Ванман төрийг булаасан тул Гуан Ү хаан хилэгнэж алаад төрийг дахиж байгуулав. Өдгөө Цаоцао цэрэг авч иргэнийг хөнөөж хатан эхийг алсан ял тэнгэр тулмаар болсон атал Цаоцаогийн хөвгүүн Цаопэй сөргүүг дуурайн төрийн эрхийг булаасан тул доорхи олон бичиг цэргийн түшмэд Хань улсын тахилга тасрав хэмээн Любэй надаар суурийг залгамжлуулж урьд хоёр өвгийн мөрийг мөрдөн биеэр дайлахаар яв хэмээлээ. Любэй надад эрдэмгүй тул хаан суурийг гутаахаас болгоомжлон олон иргэн гадаад улсын эзнээс асуувал бүгдээр өгүүлэх нь тэнгэрийн зарлигт нийлүүлэхгүй байж болохгүй. Өвгөсийн хөрөнгийг удтал гээж эс болох бөгөөд дөрвөн далайд эзэнгүй болж үл болмуй хэмээн олон бүгдээрийн эрмэлзэх нь Любэй миний нэгээхэн хүний биед буй тул, Любэй би тэнгэрийн гэгээн бошгоос аюуж, бас дээдсийн хөрөнгийг газарт унагаагуузай хэмээн эмээгээд хичээнгүйлэн сайн өдрийг сонгож мандалд өөдлөн, хааны тамга цомцгийг хүлээн авав. Гагц дөрвөн зүгийг илбэн тохинуулсугай хэмээмүй. Тэнгэр сахиулсан бүгд Хань улсыг өршөөн тусалж дөрвөн далайг үүрд амар болгох ажаам уу!” хэмээжээ. Тайх бичгийг уншиж дууссан хойно, Кунмин олон түшмэдийг дагуулан хас тамгыг өргөн барьсанд Ханьжун Ван тосож аваад гурвантаа найр тавьж өгүүлрүүн: “Любэй надад эрдэмгүй тул өөр эрдэмтнийг сонгож хүлээлгэгтүн!” хэмээсэн хойно Кунмин айлтгаруун: “Эзэн дөрвөн далайг энх төвшин болгосон гавьяа эрдэм дэлхий дахинаа илэрчээ. Нэнд Хань хааны угсаа тул хаан сууринд сууваас зохимуй. Нэгэнтээ тэнгэр газарт өчсөн тул юу хэмээн бас найр тавимуй?” хэмээсэнд олон бичиг цэргийн түшмэд цөм сөгдөөд “Түмэн наст!” хэмээн дуудав. Оныг халж Жан үгийн тэргүүн он хэмээжээ. Ү овогт эхнэрийг хатанд өргөмжилж, ахмад хөвгүүн Лю Чанийг хунтайз болгоод дэд хөвгүүн Лю Юнг Лү Ван, гуравдугаар хөвгүүн Лю Лиг Лян Ван болгов. Жугө Ляныг Чансанд өргөмжлөн Сюйзинг Сыту түшмэл болгоод өөр их бага түшмэдийг цөм нэг нэгээр дэвшүүлэн шагнаж дэлхий дахиныг их өрөлхийлсөнд хоёр Чуаньгийн цэрэг иргэн бүгд эс баярласан нь үгүй бөлгөө.
Жич өдөр харшид гарсанд бичиг цэргийн түшмэд ёслоод хоёр хажууд зогссон хойно эзэн хаан зарлиг буулгаж өгүүлрүүн: “Би тоорын хүрээнлэнд Гуань, Жан лугаа журмаар ханилахад үхэвч амьдравч хамт хэмээн амласан бөлгөө. Хишиггүй, хоёрдугаар дүү Юньчан золгүйгээр зүүн ү улсын Сүньцуаньд хөнөөгдсөний хариуг хэрвээ авахгүй болбол амласан тангаргаас зөрчсөн нь болой. Би бүх улсын цэргийг байгуулж зүүн Ү улсыг дайлаад сөргүү хулгайг амьдаар барьж энэ хорслыг арилгасугай!” хэмээн үг дуусахын урьд нэгэн хүн зэргээс гараад яндрын дор сөгдөж: “Болохгүй!” хэмээн хориглон өгүүлжээ. Хаан эзэн түүнийг үзвээс харин барсын сүрт жанжин Жао Юнь бөлгөө. Энэ чухамхүү:
“Эзэн ван цэрэг байгуулан дайлахаар очоогүйгээр
Эрдэмтэн түшмэд сонсоод чигч үгээр хориглов”
Эгнэгт Зылунгийн хориглосон нь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )