"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 86 ДУГААР БҮЛЭГ
ЦИНЬМИ ТЭНГЭРИЙГ ШҮҮМЖИЛЖ ЖАНВЭНИЙГ МОХООСОН СЮЙШӨН ГАЛААР БАЙЛДАЖ ЦАОПЭЙГ ЭВДЭЛСЭН
Өгүүлэх нь: Зүүн Ү улсын Лүсюнь Вэй улсын цэргийг эгүүлсний хойно Ү ван Лүсюнийг улсад туслагч жанжин бөгөөд Зян Линхоу өргөмжлөөд Зинжоуг захируулав. Үүнээс цэргийн эрх цөм Лүсюньгийн гарт оржээ. Жанжао, Гү Юн нар Ү ванд айлтгаж “Оны нэрийг халмуу!” хэмээсэнд Сүньцуань үгийг дагаж оныг халаад “Шар цогийн тэргүүн он” хэмээжээ. Гэнэт “ Вэй улсын эзэн элч зарж илгээв” хэмээн мэдүүлсэнд Сүньцуань дуудан оруулав. Элч айлтгаруун: “Урьд нь Шу улс элч зарж туслах цэрэг гуйхаар илгээсэнд Вэй улсын нэгэн цагийн эндүүгээр цэрэг гарган тусалсныг эдүгээ ихэд гомдоод цэрэг байгуулан дөрвөн замаар “Сычуанийг авахаар одсугай!” хэмээх тул “Зүүн Ү улсыг угтан тусалму” хэмээн зарав. Хэрвээ Шу улсын газрыг олсонд хоёр тийш хуваасугай!” хэмээмүй. Сүньцуань үгийг сонсоод таслан чадахгүй тул даруй Жанжао, Гү Юн нараас асуухад Жанжао өчрүүн: “Лү Бо Яньд гүн бодлоготой тул асууваас зохимуй” хэмээсэнд Сүньцуань даруй Лүсюнийг авчирч асуухад Лүсюнь өгүүлрүүн: “Цаопэй Жун Юаньгийн газрыг батлан сахиж суусан тул түргэлэн авбаас болохгүй. Эдүгээ хэрэв дагахгүй болбоос эрхгүй өшөөтөн болмуй. Би бодоход Вэй, Ү хоёр улсад цөм Жугө Лянд тэнцэх хүнгүй бөлгөө. Эдүгээд дагаад цэрэг шалган хүлээж дөрвөн замын цэргийн ямар болох чимээг авуулсугай! Хэрвээ дөрвөн замын цэрэг дийлбээс Жугө Лян тэргүүн сүүлийг хамгаалан чадахгүй болсон цагт эзэн цэрэг гаргаж туслаад урьд Чөндүг авах нь энэ дээд арга болой. Хэрэв дөрвөн замын цэрэг дарагдваас жич өөр зөвлөсүгэй!”. Сүньцуань үг дагаад даруй элчид хэлрүүн: “Цэргийн зэвсгийг тэгшлээгүй тул өдөр сонгож цэрэг мордуулсугай!” хэмээсний хойно элч салан одов. Сүньцуань мэдээ авахаар илгээсэнд хүн ирж хэлрүүн: “Сифаньгийн цэрэг Си Пингуань боомтыг гарч Мачаотой учраад байлдсангүйгээр эгэв. Наньманьгийн Мөнхуо цэрэг авч дөрвөн хошууг байлдсанд Вэй Янь сэжиглэлийн цэргийн арга үүсгэж байлдаад цөм агуйдаа эгэв. Шан Юньгийн Мөнда цэрэг авч ирээд зам зуур гэнэт өвдөж яван чадахгүй хойш эгэв. Цаожэнь цэрэг авч Ян Пингуань боомтыг гарч ирэхэд Жао Зылун газар газрын хавцал амыг сахисан тулд “Үнэхээр нэгэн жанжин боомтыг сахьсанд түмэн эр нээхүйеэ бэрх” хэмээсэнчлэн Цаожэньгийн цэрэг Сегүд буугаад дийлж чадсангүй эгэв” хэмээжээ. Сүньцуань энэ чимээг сонсоод даруй бичиг цэргийн олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Лю Бо Янь үнэхээр хувилгаан мэт бодлоготой болой. Би хэрвээ хөнгөлж цэрэг хөдөлгөсөн болбоос бас Шу улс лугаа өшөө хонзон барилдмуй” хэмээтэл бас хүн ирж хэлрүүн: “Шу улсын Дөнжы хүрч ирэв” хэмээмүй. Жанжао өгүүлрүүн: “Энэ бас Жугө Лянгийн цэрэг эгүүлэх арга болой. Дөнжыг зарж хэлэлцэгч зочин болгосон ажгуу”. Сүньцуань өгүүлрүүн: “Тийм болохул би хариу юу хэмээн өчмүй?”. Жанжао өгүүлрүүн: “Урьд харшийн өмнө нэгэн их чанал суулгаж дотор хэдэн зуун жин тос дүүргээд доор гал хийж тос буцалгасны хойно бие өндөр, нүүр их цэргийн ардыг нэг нэг мянга сонгож тус бүр жад илд бариулан ордны хаалганаас шууд харшид хүртэл жагсаан зогсоосны хойно сая Дөнжыг дуудан оруулсугай! Түүний үг гарган хэлэлцэхийн өмнө “Эртний Ли И Зи, Ци улсыг хэлэлцсэн хэргээр дүрэм болгон буцалгамуй” хэмээн хэлбээс түүний яахан өчихийг үзсүгэй!” хэмээв.
Сүньцуань үгийг дагаад даруй чанал зохион тос дүүргэж баатар цэргийг зүүн баруун этгээдэд жагсаан тус бүр цэргийн зэвсгийг бариулаад Дөнжыг дуудаж оруулав. Дөнжы хувцас малгайг засаж ороод ордны хаалганы өмнө хүрч үзвээс хоёр мөр жагссан цэргийн хүн ихэд сүртэй. Тус бүр харшийн өмнө хүртэл жагсжээ. Дөнжы түүний санааг ухаад огт айн эмээх царайгүй. Гэхэлзэн явж харшийн өмнө хүрвээс чанал доторхи тос чив оргилж амуй. Зүүн баруун этгээдийн цэргийн хүн нүдээр харваас Дөнжы өчүүхэн инээмсэглэн алхмуй. Ойрхи түшмэд удирдаж үүдэн халхавчийн өмнө аваачсаны хойно Дөнжы гүн мэхийгээд сөгдсөнгүй. Сүньцуань үүдэн халхавчийг өлгүүлээд өндөр дуугаар зандаж өгүүлрүүн: “Юунд сөгдөхгүй буй?”. Дөнжы гэхэлзэж өчрүүн: “Дээд улсын хааны элч бага улсын эзэнд сөгдөхгүй!” Сүньцуань ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Чи хэлний урандаа эрэмшиж Лишэнгийн Ци улсыг хэлэлцсэнийг дууриах хэмээснээ мэдэхгүй үү? Хурдан тосны чаналд орогтун!” хэмээсэн хойно Дөнжы ихэд инээж өгүүлрүүн: “Хүн цөм “Зүүн Ү улсад эрдэмтэн олон буй” хэмээн хэлэлцмүй. Хэн санав. Нэгэн бичгийн хүмүүнээс айх ажгуу?” хэмээсэнд Сүньцуань хилэнг намхруулж: “Би юунд чиний нэгэн бэртэгчин эрээс айх аж?”. Дөнжы өгүүлрүүн: “Та хэрвээ Дөн Бомяогаас айхгүй болбоос юу хэмээн таныг хэлэлцэх хэмээн сэтгэл зовмуй”. Сүньцуань өгүүлрүүн: “Чи Жугө Лянгийн төлөө хэлэлцэх зочин болж намайг хэлэлцээд Вэй улсыг гээж Шу улсад хандуулах нь бус уу?” Дөнжы өгүүлрүүн: “Би болбоос Шу улсын нэгэн бичгийн хүн тухайлан Ү улсын ашиг зовлонгийн тулд ирсэн бөлгөө. Харин цэрэг жагсаан чанал зохиож нэгэн элчийг тэвчих нь дотроо юмыгбагтаан чадахгүй ажгуу” хэмээв. Сүньцуань тэр үгийг сонсоод даруй цэргийн ардыг зандан эгүүлж Дөнжыг харшид дэвшүүлэн суудал өгч суулгаад асууруун: “Ү, Вэй хоёр улсын ашиг зовлон ямар болой? Ноёнтны сургахыг хүсмүү!”. Дөнжы өгүүлрүүн: “Их ван Шу улс лугаа янагласугай хэмээмүй үү? Харин Вэй улс лугаа янаг болсугай хэмээмүй үү?” Сүньцуань өгүүлрүүн: “Би төв хэмээн Шу улс лугаа зохицсугай хэмээмүй. Гагц Шу улсын эзэн нас бага мэдэл нимгэн тул эх эцсийг бүртгэн чадахгүй болов уу” хэмээх болой. Дөнжы өгүүлрүүн: “Их ван болбоос энэ үеийн эрэмгий баатар бөгөөд Жугө Лян бас ч ертөнцийн эрдэмтэн мэргэн бөлгөө. Шу улсад уул гол бэрх цухал аж. Ү улсад гурван мөрний бэрх буй тул хэрвээ хоёр улс харилцан нийлж уруул шүдний адил болохул дэвшвээс дэлхий дахиныг залгиад эгвээс хүлисийн хөл адил зогсож чадмуй. Хэрвээ их ван түшмэл болж Вэй улсад сайд хэмээгдвээс Вэй улс эрхгүй их ванг бараалхуулаад тайзыг аваачиж гучигаа дагагсад болгомуй. Хэрвээ дагахгүй болбоос даруй цэрэг үүсгэн дайлахаар ирмүй? Тэр үес Шу улс мөн чөлөөг үзэж чиний газрыг авах болой. Ийм болбоос Зяньнаньгийн газар орон хэрхэн бас их вангийн болж болмуй? Их ван мунхгийн үгийг бус хэмээвээс би их вангийн өмнө үхээд хэлэлцэх зочингийн нэрийг тасалсугай!” хэмээн өгүүлж дуусаад хувцасыг хумиж харшаас буугаад тосон тогоон дотор “Харайсугай!” хэмээхэд Сүньцуань яаран зогсоож хойд харшид оруулан эрхэм зочны ёсоор хүндлээд өгүүлрүүн: “Ноёнтны үг чухам миний санаанд нийлжээ. Би өнөө Шу улсын эзэн лугаа нийлсүгэй хэмээмүй. Ноён чи надад нэвтрүүлэн өгч чадмуй уу?”. Дөнжы өгүүлрүүн: “Өнөөхөн бага түшмэлийг “Буцалгасугай!” хэмээсэн нь их ван мөн бөгөөд эдүгээ “Зарсугай!” хэмээх нь мөн их ван бөлгөө. Их ван өөрөө сэжиглэж тогтоон чадахгүй атал хэрхэн хүнд итгэлтэй болж чадмуй?” Сүньцуань өгүүлрүүн: “Миний санаа нэгэнт тогтов. Ноёнтон битгий сэжиглэгтүн!” хэмээв.
Түүнээс Ү ван Дөнжыг үлдээн аваад олон түшмэдийг хуруулж асууруун: “Мөхөс хүн би Зяньнаньгийн наян нэгэн хошууг эзлээд бас Зин, Чугийн газар буй атал харин баруун Шу улсын нэгэн бага газарт хүрэхгүй ажгуу. Шу улсад Дөнжы байж эзнийхээ зарлигийг гутаасангүй бөгөөтөл Ү улсаас Шу улсад одож миний санааг нэвтрүүлэн хэлэх хүн нэг ч үгүй” хэмээсэнд гэнэт нэгэн хүн зэргээс гарч өгүүлрүүн: “Сайд би элч болж очихыг хүсмүү”. Олон үзвээс Үзюнь газрын хүн овог Жан, нэр Вэнь, өргөсөн нэр Хуйшу. Эдүгээ Жунлан Зян түшмэлийн тушаалд буй. Сүньцуань өгүүлрүүн: “Чи Шу улсад одоод Жугө Лянтай уулзсаны хойно миний санааг нэвтрүүлэн чадахгүй болов уу хэмээмүй”. Жанвэнь өгүүлрүүн: “Кунмин бас хүн болой”. Түүнээс хэрхэн аймуй хэмээсэнд Сүньцуань ихэд баярлан Жанвэньд хүндэд шагнаж элч болгон Дөнжыгийн хамт Сычуаньд найралдахаар илгээв.
Тэндээс Кунмин Дөнжыг одсоны хойно Хоужугийн дэргэд ирж өгүүлрүүн: “Дөнжыгийн энэ одсон нь эрхгүй их үйл бүтмүй. Ү улсад эрдэмтэн олон тул эрхгүй хүн зарж хариу ёс хийхээр ирэх болой. Хаан ёсоор хүндэл! Тэр улсдаа эгвээс эрхгүй сайнаар мэдүүлмүй. Хэрвээ Ү улс лугаа найралдсанд Вэй улс эмээж Шу улсад цэрэг оруулахгүй болгомуй. Ү, Вэй хоёр улс нам болбоос сайд би өмнө дайлахаар очоод мань аймгийг төвшин болгосны хойно Вэй улсыг дайлсугай! Вэй улс мөхвөөс Зүүн Ү улс мөн удаан байж чадахгүй болой. Ийм болоход дэлхий дахиныг нэгтгэх үндэс болмуй” хэмээсний хойно Хоужу талархав. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Ү улс Жанвэнийг зарж Дөнжы лүгээ хамт хариу ёслохоор иржээ”. Хоужу бичгийн түшмэдийг хуруулан Дөнжыгөөр Жанвэнийг удирдаж оруулбаас Жанвэнь оморхоглож гэхэлзэн харшид авирч Хоужуд ёсолж дууссаны хойно Хоужу дэвсгэр өгч харшийн зүүн этгээдэд суулгаж хурим бэлтгэн гагцхүү хүндэд хүндэлмүй. Хурим тарсны хойно олон түшмэд Жанвэнийг буух гэрт хүргэв. Жич өдөр Кунмин хурим бэлтгэж хүндлээд Жанвэньд өгүүлрүүн: “Урьд хаан асан цагт Ү улс лугаа нийцгүй бөлгөө. Өнөө нэгэнт хальжээ. Эдүгээгийн шинэ эзэн Ү вангийн эрдэмд бахдаж хуучин хорслыг устган өнө удаан нийлж хамтын хүчээр “Вэй улсыг эвдэлсүгэй!” хэмээмүй. Хүсэх нь Дайфу сайн үгээр хойш айлтгах болов уу!” хэмээсэнд Жанвэнь хүлээн авав. Архи уусаар халмшсаны хойно Жанвэнь санааны дураар инээн өгүүлж маш оморхог байдалтай бөлгөө. Жич өдөр Хоужу Жанвэньд алт торго шагнаад хотын өмнө ордонд хурим бэлтгэж олон түшмэдээр хүргүүлсэнд Кунмин маш янагаар архи шаардаж уулган бүхийд гэнэт нэгэн согтуу хүн орж ирээд ёсолсны хойно ширээнд суужээ. Жанвэнь гайхаж Кунмингээс асууруун: “Энэ яасан хүн аж?” Кунмин өчрүүн: “Овог Цинь, нэр Ми, өргөсөн нэр Зычи, эдүгээ Ижоу мужийн сургагчийн тушаалд буй” Жанвэнь инээж өгүүлрүүн: “Нэр нь сургагч боловч цээжинд эрдэм сурсан ба эсэхийг мэдэхгүй” хэмээсэнд Циньми царайг төв болгож өгүүлрүүн: “Шу улсад гурван тохойн чинээ өчүүхэн хүүхэд боловч цөм бичиг сурсан атал намайг юунд өгүүлмүй?”. Жанвэнь өгүүлрүүн: “Түр чи сурснаа хэлэгтүн!”. Циньми өчрүүн: “Дээр тэнгэрийн утгаас доор газрын зүйд хүртэл гурван сургаал есөн урсгал, зуун гэрийн олон эрдэмтний утгыг эс нэвтэрсэн нь үгүй. Эрт эдүгээгийн мандсан ба Богд мэргэдийн ном шастирыг эс үзсэн нь үгүй”. Жанвэнь инээж өгүүлрүүн: “Чи ийм их үгийг гаргаваас даруй тэнгэрээр асуулт болгосугай. Тэнгэрт тэргүүн буй уу?” Циньми өчрүүн: “Тэргүүн буй!”. Жанвэнь асууруун: “Тэргүүн аль этгээдэд буй?” Циньми өгүүлрүүн: “Баруун этгээдэд буй. “Шүлэглэлт ном”-д өгүүлсэн нь “Тэнгэр баруунш хандаж үзмүй” хэмээжээ. үүгээр түлхэн бодвоос тэргүүн баруунд буй болой”. Жанвэнь бас асууруун: “Тэнгэрт чих буй уу?”. Циньми өгүүлрүүн: “Тэнгэр өндөрт сууж богиныг сонсмуй. “Шүлэглэлт ном”-д өгүүлсэн нь “Тогоруу Зюгао ууланд аж. Донгодвоос дуу тэнгэрт хүрмүй” хэмээжээ. Чихгүй болбоос яахан сонсмуй”. Жанвэнь асууруун: “Тэнгэрт хөл буй уу?” Циньми өчрүүн: “Хөл буй. “Шүлэглэлт ном”-д өгүүлсэн нь “Тэнгэр алхахуйяа бэрх” хэмээжээ. Хөлгүй болбоос хэрхэн явж чадмуй”. Жанвэнь бас асууруун: “Тэнгэрт овог буй уу?” Циньми өгүүлрүүн: “Яахан овоггүй аж!”. Жанвэнь асууруун: “Ямар овогтой буй?”. Циньми өчрүүн: “Лю овогтой”. Жанвэнь өгүүлрүүн: “Хэрхэн олж мэдэв?”. Циньми өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн Лю овогтой тийнхүү мэдэв”. Жанвэнь бас асууруун: “Нар зүүнээс мандах буюу?”. Циньми өчрүүн: “Хэдий зүүнээс мандавч баруунд шингэмүй хэмээжээ”. Энэ үес Циньмигийн үг гарах тодорхой өчих нь ус урсах адил тул суудалд бүхий олон хүн цөм хиртхийв. Жанвэнь огт үг дуугүй болжээ. Циньми асууруун: “Ноёнтон болбоос Зүүн Ү улсын нэрт сайд бөгөөд нэгэнт тэнгэрийн хэргийг барьж дорогш асууваас эрхгүй тэнгэрийн ёсыг гүн мэдэх буй за? Эртний будангүй балар хуваагдаж арга билэг ялгараад тунгалаг бөгөөд хөнгөн нь дээш мандаад тэнгэр болж, булингар бөгөөд хүнд нь доош тунаж газар болоод “Гүн Гүнши дарагдаад Бужоу Шань уулыг мөргөлхийлсэнд тэнгэрийн багана хугараад газар хүнхийж”93, тэнгэр баруун хойд зүг унаад газар зүүн өмнө зүг шавартжээ. Нэгэнтээ хөнгөн уур дээш мандсан нь тэнгэр болсон болохул юунд баруун хойд зүг унасан аж. Хөнгөн тунгалаг агаарын гадна бас ямар юм байхыг мэдэхгүй. Ноёнтны сургахыг хүсмүү” хэмээсэнд Жанвэнь өчих үггүй болоод даруй суусан газраас бууж ирээд талархаж өгүүлрүүн:
“Санамсаргүй Шу улсаас эрдэмтэн баатар ийм олонтоо гарах ажгуу. Өнөө тайлбар шүүмжлэлийг сонсоод доордын дотор бөглөрөгдсөнийг агшин зуур нээгдүүлэв” хэмээсэнд Кунмин Жанвэнийг “Ичгүүрүүзэй!” хэмээн сайн үгээр тайлж хэлрүүн: “Хуримын ширээнд бэрхшээнгүйлэн асуух нь цөм наадмын үг болой. Авгай улсыг тогтоож гэрийг амар болгох ёсыг гүн мэдмүй. Юун хэмээн аманцар наадахад байх аж” хэмээхэд Жанвэнь талархав. Кунмин бас Дөнжыг зарж Ү улсад хариу ёслохоор илгээмүй” хэмээн Жанвэньгийн хамт явуулав.
93 Усны сахиус Гүн Гүнши галын сахиус Жү Рүнд ялагдаж ихэд уурлаад баруун хойд этгээдийн Бужоу Шань уулыг нэгэнт мөргөсөнд тэнгэрийн тулгуур хугараад дэлхийн нэг өнцөг нь эвдэрч гэнэ гэж эртний домог ярианд байдаг.
Тэндээс Ү ван, Жанвэньгийн Шу улсад одоод ирээгүйд бичиг цэргийн түшмэдийг хуруулан зөвлөж бүхийд гэнэт ойрх түшмэд айлтгаруун: “Шу улс Дөнжыг зарж Жанвэнь лүгээ хамт ёслохоор иржээ” хэмээсний хойно Сүньцуань дуудан оруулав. Жанвэнь харшийн өмнө сөгдөөд Хоужу, Кунмингийн эрдмийг өргөж хэлрүүн: “Бид лүгээ өнөө удаад “Сайн болсугай!” хэмээн тусгайлан дөн Шаншуг бас ёслохоор илгээв” хэмээсэнд Сүньцуань ихэд баярлан хурим бэлтгээд хүндэлж Дөнжыгөөс асууруун: “Хэрвээ Ү улс, Шу улс сэтгэл нэгдэж Вэй улсыг сөнөөн дэлхий дахиныг амгалан болгосны хойно хоёр эзэн нэгэн адил хуваан зассанд мөн цэнгэл бус уу?”. Дөнжы өчрүүн: “Тэнгэрт хоёр наргүй, иргэнд хоёр эзэнгүй бөлгөө хэмээжээ. Хэрвээ Вэй улсыг сөнөөсөн хойно тэнгэрийн ая хэнд болохыг эс мэдмүй. Гагц болсон нь тусдаа эрдмийг засаж түшмэд бологсод нь тус бүр шудрагыг гүйцэтгэвээс тэмцэл байлдаан сая зогсох болой”. Сүньцуань инээж өгүүлрүүн: “Чи үнэхээр шударга сайд мөн болой” хэмээгээд Дөнжыг хүндэд шагнаж Шу улсад эгүүлэв. үүнээс Шу, Ү хоёр улс найрамдуу болжээ.
Тэндээс Вэй улсын тагнуулч энэ мэдээг сонсоод гал мэт түргэн Жун Юаньд одож мэдүүлсэнд Вэй улсын эзэн Цаопэй сонсоод ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Ү, Шу хоёр улс зохицвоос эрхгүй “Жун Юаньгийн газрыг авсугай!” хэмээх санаа буй. Би урьд байлдахад үл хүрмүй” хэмээгээд даруй бичиг цэргийн түшмэдийг цуглуулж цэрэг үүсгэн Ү улсыг байлдах хэргийг зөвлөв. Тэр цагт Да Сыма Цаорэнь, Тай Юй түшмэл Зясюй цөм үхсэн бөлгөө. Шижун түшмэл Синьпи зэргээс гарч өгүүлрүүн: “Жун Юаньгийн газар уудам боловч иргэн цөөн тул цэрэг хэрэглэхэд ашиггүй болой. Энэ өдрийн арга нь цэргийг тэжээн арван жил тариа тариулахад үл хүрмүй. Амуу цалин хүрэлцсэний хойно хэрэглэвээс Ү, Шу хоёр улсыг эвдэж болмуй”. Цаопэй ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Энэ бичгийн хүний шүүмжлэл болой. Эдүгээ Ү, Шу хоёр улс нийлбээс өглөө үдэш эрхгүй энэ хязгаарыг халдахаар ирэх тул ямар чөлөөнд арван жил хүлээмүй” хэмээгээд даруй зарлиг буулгаж цэрэг үүсгэн “Ү улсыг дайлсугай” хэмээхэд Сыма И айлтгаж өгүүлрүүн: “Ү улсад урт мөрний хайгуул буй. Онгоцгүй болбоос болохгүй. Хаан эрхгүй “Биеэр дайлахаар одсугай!” хэмээвээс их бага байлдах онгоцыг сонгож Цай, Енгээс Хуайхө голд орж Шоучунийг дайран Гуанлинд хүрсэн хойно мөрний амыг гэтлэн Наньсюйг авах нь энэ дээд арга болой”. Цаопэй үгийг дагаад өдөр шөнөгүй луут онгоц арав үйлдэж урт дөчин алд дотор хоёр мянга илүү хүн багтмуй. Жич байлдах онгоц гурван мянга илүү хийжээ. Вэй улсын Хуанчугийн тавдугаар оны намрьн дунд сард их бага жанжин нарыг хуруулан Цаожэнийг гавшгай болгон, Жанляо, Жанхө, Вэньпинь, Сюйхуан нарыг их жанжин болгоод урд явуулан Сюйчу, Люцянинг дундад, Цаосюг хойно, Лю Е, Зянзиг зөвлөх түшмэл болгов. Өмнө хойно хуурай усан цэрэг бүгд гучин түм илүү, өдөр тогтож гармуй. Сыма Иг Шаншу Пушө өргөмжлөн Сюйчанд үлдээж улсын алив их бага үйлийг цөм түүний санаагаар шийтгүүлэв. Вэй улсын цэрэг мордохыг өгүүлэхгүй.
Тэндээс зүүн Ү улсын харуулын хүн энэ хэргийг мэдээд, Ү улсад хэлэхээр ирсэнд ойрхи түшмэд Ү ванд айлтгаж өгүүлрүүн: “Эдүгээ Вэйван Цаопэй өөрийн бие луугийн онгоцонд суугаад гучин түм илүү хуурай усан цэргийг авч Цай, Енгээс гараад Хуайхө голд хүрч иржээ. Эрхгүй Гуанлинг авч мөрнийг гэтлээд Зянь Наньд ирмүй. Сүр хүч маш их хэмээсэнд Сүньцуань сонсоод даруй бичиг цэргийн түшмэдийг хурааж зөвлөхөд Гү Юн дэвшиж өгүүлрүүн: “Эдүгээ эзэн гүн нэгэнт баруун Шу улс лугаа найрамдсан тул бичиг хийж Жугө Чансанд илгээн түүнийг цэрэг авч Ханьжунгаас гараад тэдний хүчийг хувааж, нэгэнтээгүүр их жанжинг гаргаж Наньсюйд суулган халхлуулбаас болмуй” хэмээхэд Сүньцуань өгүүлрүүн: “Лү Бо Яньгаас бус болбоос энэ тушаалд чадахгүй болой”. Гү Юн өгүүлрүүн: “Лүбо Янь Зинжоуг сахиж ахуй тул хөнгөлөн хөдөлгөж болохгүй!” Сүньцуань өгүүлрүүн: “Түүнийг би үл мэдэх нь бус, гагц нүдний өмнө хүч гаргамаар хүнгүй тул болой” хэмээх үг дуусахын урьд, сүргийн дотроос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Сайд би хэдий эрдэмгүй боловч нэгэн салааны цэрэг авч Вэй улсын цэргийг тулахыг хүсмүй. Хэрвээ Цаопэй өөрийн биеэр мөрнийг гэтэлбээс, би түүнийг амьд бариад хаанд өргөсүгэй! Хэрвээ мөрнийг эс гэтэлбээс бас ч Вэй улсын цэргийн их хагасыг алж Вэй улсын цэргийг аймшиггүй зүүн Ү улсын зүг тэгш харж чадахгүй болгоё!” хэмээсэнд Сүньцуань үзвээс харин Сюйшөн бөлгөө. Сүньцуань ихэд баярлаж өгүүлрүүн: “Хэрвээ чи Зяньнаньгийн этгээдийг сахиваас би юунд зовмуй” хэмээгээд даруй Сюйшөнг Аньдун жанжин” болгоод Зянь Е, Наньсюйгийн цэрэг морийг бүгдийг захируулсны хойно Сюйшөн хишигт мөргөн зарлигийг хүлээж гараад олон жанжин нараар зэр зэвсгийг олонтоо бэлтгүүлж туг далбааг үлэмж аваад мөрний хөвөөг сахих арга үүсгэв. Гэнэт нэгэн хүн гэхэлзэн гарч өгүүлрүүн: “Энэ өдөр их ван хүнд тушаалыг жанжинд тушааж “Вэй улсыг эвдээд Цаопэйг баримталсугай!” хэмээсэн атал юунд түргэнээ цэрэг гарч мөрнийг гэтлэн Хуайнаньгийн газарт байлдахаар очихгүй аж. Хэрвээ Цаопэйгийн цэрэг хүрч ирэхийг хүлээвээс завдахгүй болжээ” хэмээсэнд Сюйшөн үзвээс Ү вангийн үеэл хөвгүүн Сүньшао болой. Сүньшаогийн өргөсөн нэр Гунлин. Янвэй жанжны тушаалд аж. Гуанлинг сахиж асан бөлгөө. Нас залуу бөгөөд маш баатар цөстэй. Сюйшөн хэлрүүн: “Цаопэйгийн хүч их дээр нэртэй жанжингаар гавшгай болгосон тул мөрнийг гэтэлж угтан байдаж болохгүй. Түүний онгоц цөм хойд хөвөөнд ирсний хойно надад эвдлэх арга буй” хэмээхэд Сүньшао өгүүлрүүн: “Миний доор гурван мянган цэрэг морь буй бөгөөд Гуанлингийн замыг гүн мэдэх тул би мөрний хойдод одож Цаопэй лугаа нэгэнт таслан байлдсугай! Хэрэв дийлэхгүй болбоос цэргийн цаазаар аваачигтун!” хэмээвээс Сюйшөн тогтоосонгүйд Сүньшао ямагт: “Одсугай!” хэмээхэд Сюйшөн: “Яавч болохгүй” хэмээвээс Сүньшао дахин давтан: “Одсугай!” хэмээмүй. Сюйшөн өгүүлрүүн: “Чи энд агаад миний үгийг авахгүй болохул би хэрхэн олон жанжныг цаазалмуй” хэмээгээд цэргийн ардыг захиж “Түлхэн гаргаж ал!” хэмээжээ. Илд барьсан ард Сүньшаог түлхэн хүрээний хаалганы гадна авч гаргаад бараан туг босгож бүхийд Сүньшаогийн доорх жанжин нисэх мэт Сүньцуаньд мэдүүлэхээр одсонд Сүньцуань сонсоод яаран морь унаж туслахаар ирсэнд цэргийн ард сая “Алсугай!” хэмээж буйд Сүньцуань хүрч ирээд илд сүх барьсан ардыг зандан сарниулж Сүньшаог гаргасны хойно Сүньшао уйлж өгүүлрүүн: “Сайд би урьд Гуанлинд агсан тул газрын зүйг гүн мэдмүй. Тэр газарт очиж Цаопэйг угтан байлдахгүй түүний Хөх мөрөнд хүрч ирэхийг хүлээвээс зүүн Ү улс эвдрэхэд хүрэх болой”. Сүньцуань шууд хүрээнд орж ирэхэд Сюйшөн угтан гарч цацарт оруулж айлтган хэлрүүн: “Их ван намайг Дүдү болгож цэрэг аван “Вэй улсыг тултугай!” хэмээжээ. Эдүгээ Янвэй жанжин Сүньшао цэргийн цаазыг дагахгүй зөрчсөнийг өнөө албаас зохих атал их ван юунд хэлтрүүлэв”. Сүньцуань өгүүлрүүн: “Сүньшао залуу насны идэрхэг хүчинд эрэмшиж эндүүрэн цэргийн цаазанд халдсаныг жанжны уучлахыг эрмэлзэлмүй”. Сюйшөн өгүүлрүүн: “Цаазыг сайд би байгуулсан нь бус бас ч их вангийн тогтоосон нь бус. Улс гэрийн цааз хууль болой. Хэрвээ ураг хэмээн хэлтрүүлбээс хэрхэж олныг цаазалмуй?”. Сүньцуань өгүүлрүүн: “Сүньшао цаазад халдсаныг нь чухам жанжны дураар шийтгүүлэх бөлгөө. Хэрхвээс энэ хөвгүүн угтаа Юй овогт боловч миний ах маш хайрлаад Сүнь овог хүртээсэн бөгөөд надад бас гавъяатай болой. Эдүгээ хэрвээ албаас ахыг үтээрсэнд хүрмүй”. Сюйшөн өгүүлрүүн: “Их вангийн нүүрийг үзэж ялыг түр тэмдэглэн тавьсугай!” хэмээсний хойно Сүньцуань Сүньшаог “Талархан мөргө!” хэмээвээс Сүньшао мөргөхгүй бархиран өгүүлрүүн: “Миний үзэлд гагц цэрэг авч Цаопэйг эвдлэхээр очмуй! Би үхэвч чиний ухааныг дагахгүй!” хэмээжээ. Сюйшөнгийн царай хувилсанд Сүньцуань Сүньшаог зандарч эгүүлээд Сюйшөнгийн зүг өгүүлрүүн: “Энэ хөвгүүн үгүй боловч Ү улсад юун хоромж болмуй? Үүнээс хойш битгий дахин хэрэглэгтүн!” хэмээн өгүүлээд эгэв. Тэр шөнө Сюйшөнд хүн ирж хэлрүүн: “Сүньшао өөрийн харьяат гурван мянган цэргээ аваад хулган мөрнийг гэтэлж одов” хэмээсний хойно Сюйшөн хэрвээ алдагдал гарваас “Үвангийн нүүрэнд муухай хэрэг болох болов уу?” хэмээн санаж даруй Динфонг дуудан ийм тийм хэмээн нууц арга сургаж гурван мянган цэрэг өгч “Мөрнийг гэтэлж тусал!” хэмээн илгээв.
Тэндээс Вэй улсын эзэн Цаопэй луугийн онгоцонд суугаад Гуанлинд хүрсний хойно гавшгай Цаожэнь нэгэнтээ цэргийг мөрний хөвөөнд жагсаажээ. Цаопэй асууруун: “Мөрний хөвөөнд хэдий цэрэг буй?” Цаожэнь хэлрүүн: “Мөрнийг алслан хол анхаарваас огт үзэгдэхгүй бөгөөд туг хиур ба хүрээ ч буусангүй”. Цаопэй өгүүлрүүн: “Энэ эрхгүй арга болой. Би биеэр одож үнэн ташааг үзсүгэй!” хэмээгээд мөрний замыг ихэд нээгээд луун онгоцыг сэлж шууд мөрний хөвөөнд хүрч зогсов. Онгоцны дээр луу, гарьд, нар, сарны таван зүйлийн туг хиур зогсоон жагсаалын юмыг бүрнээ жагсааснаар нарны гэрэлд гялбалзаж нүд эрээлжилмүй. Цаопэй онгоцны төв дунд мөрний өмнийг хараалбаас нэг ч хүн үзэгдэхгүй тул хойш хандаж Лю Е, Зянзигийн зүг өгүүлрүүн: “Мөрнийг гэтэлж болмуй уу?”. Лю Е өгүүлрүүн: “Цэргийн арга үнэн нь ташаа боловч ташаа нь үнэн болмуй. Тэд их цэрэг хүрч ирснийг мэдэж агаад хэрхэн бэлтгэхгүй ёсон буй? Хаан битгий яарагтун! Түр гурав таван өдөр хүлээж түүний байдал үзсэний хойно гавшгайг мөрөн гэтэлгэж мэдээ авахуулсугай!”. Цаопэй өгүүлрүүн: “Чиний үг чухам миний санаанд нийлжээ” хэмээв.
Түүнээс тэр үдэш орой болсон тул мөрний дундад хоноод шөнө сар бүрэнхийн учир цэргийн хүн цөм зул өргөөд тэнгэр газар гэрэлтэж өдрийн адил болов. Гагц мөрний өмнө зүг үзвээс галын гэрэл баахан ч үзэгдэхгүй. Цаопэй жигүүрийн хүнээс асууруун: “Энэ ямар учир буй?” хэмээвээс ойрхи түшмэд айлтган өгүүлрүүн: “Санахад хааны их цэрэг ирснийг сонсоод салхины аяар буруулсан ажгуу”. Цаопэй дотроо сэмээр баярлав. Тэнгэр гэгээрэх үес их манан татаж эсрэг хүн харагдахгүй. Удалгүй салхи салхилаад манан үүл цөм арилсан хойно үзвээс мөрөн биед хот дараа дараагаар залгалдаж хотын асар дээр илд жад наранд гялбалзан бүх хотод хиурыг дүүртэл хатгажээ. Агшин зуур хэдэн удаа хүн ирж хэлрүүн: “Наньсюйгийн мөрнийг дагаж шууд Ши Тоу Чэнд хүртэл хэдэн зуун газар залгалдан хот балгас, онгоц тэрэг дараа дараагаар тасрахгүй. Нэгэн шөнийн дотор бүтээжээ” хэмээснийг Цаопэй сонсоод ихэд цочив. Үзвээс Сюйшөн хулсыг баглаж хүн болгоод цөм бараан хувцас өмсгөн туг хиур бариулан хуурмаг хот, сэжиглэлийн асар дээр зогсоосон ажгуу. Вэй улсын цэрэг хотын дээр хичнээн хүн байхыг үзээд яахан хиртхийхгүй аж? Цаопэй шүүрс алдаж өгүүлрүүн: “Вэй улсад хэдий баатар жанжин мянгаар сүрэглэн байвч цөм хэрэггүй. Зянь Наньгийн хүн ийм болбоос хэрхэн авч болмуй” хэмээв.
Түүнээс гайхан бүхийд гэнэт их салхи хөдөлж усны долгион дээш мандаад ус үсрэн Цаопэйгийн луугийн хувцсыг норгож онгоц урвах шахжээ. Цаожэнь яаран Вэньпинийг бага онгоц сэлбэж “Түргэнээ хаанд тусал!” хэмээн илгээв. Луугийн онгоцонд хүн зогсож тогтохгүй тул Вэньпинь луугийн онгоцонд харайн гарч Цаопэйг түшиж бага онгоцонд буулган бага голын зүйл явтал харуулын хүн ирж хэлрүүн: “Жао Юнь цэрэг авч Ян Пингуань боомтоор гарч Чан Анийг авахаар одов” хэмээмүй. Цаопэй сонсоод ихэд гэлмэж царай хувилж даруй “Цэрэг хураагтун!” хэмээхэд цэрэг зүг чиггүй явмуй. Хойноос Ү улсын цэрэг нэхэж ирсэнд Цаопэй зарлаж өгүүлрүүн: “Миний хэрэгслийн эдийг цөмөөр орхиж явагтун!” хэмээв. Луугийн онгоц Хуайхө голд ортол гэнэт хэнгэрэг харангын чимээ гарч хашхирах дуу үүсээд хөндлөнгөөр нэгэн анги цэрэг шувтлан оров. Тэргүүлэгч жанжин нь Сүньшао болой. Вэй улсын цэрэг байлдан чадахгүй их хагас хохирч усанд живж үхсэнийг нь тооловч барахгүй. Олон жанжин нар үхэхээр байлдаж Цаопэйг туслан гаргав. Вэй улсын эзэн Хуайхө голыг гэтлээд гуч шахам газар явтал Хуайхө голыг ирмэглэсэн хулсанд загасны тос урьдаас үсэргэн тавьсан нь цөм ноцоод салхины аяар ирэх нь маш шахам. Галын нөл тэнгэрт тулж луугийн онгоцыг тосжээ. Цаопэй ихэд айж яаран бага онгоцонд бууж хөвөөнд гартал луугийн онгоц хэдийн ноцов. Яаран морь унаад одоход хөвөөнөөс бас нэгэн салааны цэрэг алахаар ирмүй. Тэргүүн жанжин Динфөн ажгуу. Жанляо морь давхиулан угтан ирэхэд Динфөнгийн харвасан суманд нуруу оногдсоныг Сюйхуань тэнхрүүлэн авч хамт Цаопэйг халхлан буруулав. Цэрэг хагас илүү хохиров. Арын хойноос Сүньшао, Динфөнгийн морь, тэрэг, цэргийн зэвсгийг олсон нь маш арвин. Вэй улсын цэрэг ихэд дарагдаж эгэв. Ү улсын жанжин Сюйшөн их гавъяа олсонд Ү ван хүндэд шагнажээ. Жанляо Сюйчанд хүрсэн хойно шарх лавархийгээд үгүй болсонд Цаопэй хүндэд оршуулав.
Тэндээс Жао Юнь цэрэг авч Ян Пингуань боомтыг гарсан хойно гэнэт хүн ирж хэлрүүн:
“Чансангийн бичиг хүрч иржээ” хэмээмүй. Түүнд хэлрүүн: “Ижоугийн Шуай түшмэл Юнкай, Маньван Мөнхуогийн хамт нийлэн арван түмэн цэрэг авч дөрвөн хошууг булаан дээрэмдэв. Тиймийн тул Жао Юнийг цэрэг эгүүлж Мачаогоор Ян Пингуань боомтыг бэхлэн сахиулагтун! Чансангийн бие цэрэг авч өмнөхийг дайлахаар одмуй хэмээмүй” хэмээсэнд Жао Юнь яаран цэрэг эгүүлэв. Тэр үес Кунмин Чөндүд цэрэг тэгшилж “Биеэр өмнө дайлахаар одсугай!” хэмээв. Энэ чухамхүү:
“Өнөөхөн зүүн Ү улс хойд Вэй улсыг ялгуутал
Басхүү баруун Шугийн Наньманг байлдахыг үзэв”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )