Холбооны шүүгч ил тод шүүхийн тухай танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

АНУ-ын ЭСЯ, АНУ-ын төрийн департаментаас хэрэгжүүлдэг "Us speaker" хөтөлбөрт Монголын Шүүгчдийн холбоо шалгарч, энэ төслийн хүрээнд  хэд хэдэн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүллээ.

Өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр "Шүүгч ба Олон нийт" хэлэлцүүлэг болж, бүх шатны шүүгч нарын төлөөлөл, Шүүхийн Сахилгын хороо, ШЕЗ, АТГ, хууль өмгөөллийн байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд, хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, оюутнууд зэрэг 60 гаруй хүний оролцоотой өргөн хүрээг хамарч зохион байгууллаа.

Шүүгчдийн холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам, АНУ-ын ЭСЯ-ны түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Матью ференсе нар тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Эхний илтгэл АНУ-ын холбооны шүүгч, Давж заалдах шатны 4 дүгээр тойргийн шүүгч Жеймс Эндрю Винн "Шүүгч ба Олон нийт" илтгэл тавьж, чиглүүлэгчээр Шүүгчдийн холбооны гадаад харилцааны хорооны ахлагч, шүүгч Ц.Эрдэнэчимэг оролцов.

Шүүхийн Сахилгын хорооны гишүүн А.Номуулин "Сахилгын зөрчил, түүнтэй холбоотой асуудал" сэдвээр, чиглүүлэгчээр ШСХ-ны шүүгч бус гишүүн Х.Хашбаатар, судлаач, доктор Ж.Батхуяг "Шүүхийн талаарх олон нийтийн санаа бодол, судалгаа" сэдвээр, чиглүүлэгчээр сэтгүүлч, доктор Т.Баасансүрэн, Шүүгчдийн холбооны Тэргүүн Ж.Оюунтунгалаг "Шүүгчдийн зүгээс олон нийттэй харьцахад тулгарч буй бэрхшээл" сэдвээр, чиглүүлэгчээр БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа оролцож, тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

"Шүүгч ба Олон нийт" хэлэлцүүлгийн үр дүнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай хийх, хүчтэй Шүүх засаглалыг бий болгоход эрх зүйн боловсрол эзэмшсэн хуульч бүхэн ШСХ, ШЕЗ, УДШ-ийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хамтран нэгдэж ажиллах, шүүгч бүхний хувь хүний хөгжлийг дэмжин ажиллах, шүүгч өөрөө ёс зүй, хандлагаа улам сайжруулах, шүүхийн талаарх иргэдийн боловсролыг үе шаттай дээшлүүлэх, олон нийтийн шүүхэд хандах хандлага, шүүх үйл ажиллагааны судалгааг тогтмолжуулах, мэргэжлийн байгууллагаар үнэлэлт, дүгнэлт хийлгэх мэргэжлийн "хуульч сэтгүүлч" бэлтгэх, хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагатай хамтран үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол таниулах, шүүхийн шийдвэрийг энгийн үг хэллэгтэй нийтэд уншихад ойлгомжтойгоор шүүхийн шийдвэрийг танилцуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн санал зөвлөмжийг хэлэлцүүлгээс гаргалаа.

Шүүгч ба олон нийт хэлэлцүүлгийн үйл ажиллагааны хаалтын үгийг Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Сарангэрэл хэлж, спикер хөтөлбөрийн үйл ажиллагааг дүгнэж, цаашид энэхүү хөтөлбөрийн үр дүнгээр хийх ажлын талаар товч дурдаад хамтран ажилласан байгууллага, хамт олонд талархлаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top