"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 93 ДУГААР БҮЛЭГ
ЗЯН БО ЮЭ КУНМИНД ДАГАХААР ИРСЭН
Ү СЯН ХОУ ВАНЛАНЫГ ХАРААЖ ҮХҮҮЛСЭН
Өгүүлэх нь: Зянвэй Мазүньд арга өргөж өгүүлрүүн: “Жугө Лян эрхгүй хотын хойдод цэрэг бүгүүлж манай цэргийг хотоос гэнэдүүлэн гаргасны хойно хоосныг завшиж сундлахаар ирмүй. Би гурван мянган шилсэн цэргийг гуйж очоод чухал газарт бүгсүгэй! Тайшоу дагалдаагаар цэрэг гаргаад түргэвчлэн хол одож болохгүй. Гагц гучин газрын үзүүрт хүрвээс даруй эгэгтүн! Тэмдэг галыг үзмэгц өмнө хойдоос хавчин байлдваас дийлэх болно. Хэрвээ Жугө Лян өөрийн биеэр ирвээс эрхгүй бидэнд баригдах болой”. Мазүнь түүний аргыг хэрэглэж Зянвэйд шилсэн цэрэг өгч илгээсэн хойно өөрөө Лянцянь лугаа цэрэг авч хотоос гарч хүлээгээд ганц Лянсюй, Иньшаныг үлдээж хотыг сахиулав. Үзвээс Кунмин үнэхээр Жао Юньд нэгэн салааны цэрэг өгч уулын завын дотор бүгүүлэн Тяньшүйгийн цэрэг морь хотоос салахыг хүлээж “Хоосныг завшин сундалсугай!” хэмээсэн ажгуу. Тэр өдөр тагнуулч хойш ирж Жао Юньд хэлрүүн: “Тяньшүй хотын Мазүнь цэрэглэн хотоос гарав. Гагц бичгийн түшмэдийг үлдээж хотыг сахиулав” хэмээсэнд Жао Юнь ихэд баярлан бас хүн зарж Жан И, Гаосян нарт хандан “Цухал замд Мазүнийг тосож байлд!” хэмээн хэлэхээр илгээв. Энэ хоёр газрын цэрэг бас ч Кунмингийн урьдаас бүгүүлсэн нь бөлгөө.
Тэндээс Жао Юнь таван мянган цэргийг авч шууд Тянь Шүйзюнь хотын доор хүрээд өндөр дуугаар өгүүлрүүн: “Би Чаншаньгийн Жао Зылун болой. Та нар арганд орсныг мэдсэн болохул хурдан хотоо өргөвөөс үхэхээс хэлтрүүлсүгэй!”. Лянсюй хэрмийн дээр зогсоод ихэд инээж өгүүлрүүн: “Та нар манай Зян Бо Юэгийн арганд орсныг харин ч мэдээгүй юү?”. Жао Юнь сая “Хотыг байлдсугай!” хэмээтэл гэнэт хашхирах дуу гарч дөрвөн этгээдээс галын гэрэл цацраад өмнөөс нэгэн залуу жанжин жад барьж морь тавин ирж өгүүлрүүн: “Чи Тяньшүй хотын Зян Бо Юэг танимуй уу?”. Жао Юнь жадаа өргөж Зянвэйг угтан байлдаж хэдэн удаа болтол Зянвэйгийн хүч улам нэмэгдэхэд Жао Юнь ихэд гэлмэж дотроо сэтгэрүүн: “Энд бас энэ мэт хүн байхыг хэн санав?” хэмээн хараахан байлдаж байтал хоёр замын цэрэг хавчин байлдахаар иржээ. Тэд Мазүнь, Лянцянь цэрэг авч эгэн алж ирсэн ажгуу. Жао Юнь тэргүүн сүүлийг хамгаалан чадахгүй болоод даруй нэгэн зам гаргаж дарагдсан цэргийг авч буруулахад Зянвэй бас нэхэхээр иржээ. Хишгээр Жан И, Гаосянгийн хоёр замын цэрэгтэй учраад сая тусалсан хүчинд эгэв. Жао Юнь эгээд Кунминтэй учирч дайсны аргад орсныг хэлсний хойно Кунмин цочиж асууруун: “Тэр яасан хүн миний аргыг ухсан аж?” хэмээвээс Нань Аньгийн хүн өчиж хэлрүүн: “Энэ хүний овог Зян нэр Вэй, өргөсөн нэр Бо Юэ, Тяньшүй Зи газрын хүн. Эхийгээ хүндлэх нь ихэд ачлалтай. Бичиг цэргийн эрдэм хос бүрджээ. Үнэхээр энэ үеийн аруухан баатар болой” хэмээсний дээр Жао Юнь бас: “Зянвэйгийн жадны эрдэм бус хүнээс өөр” хэмээн магтаж хэлсэнд Кунмин өгүүлрүүн: “Би эдүгээ “Тяньшүй хотыг авсугай!” хэмээсэн боловч харин ийм хүн байхыг санасангүй” хэмээгээд даруй их цэргийг авч урагш ирэв.
Тэндээс Зянвэй эгээд Мазүньд золгож өгүүлрүүн: “Жао Юнь дарагдаж явсанд Кунмин эрхгүй биеэр ирэх болно. Тэр бидний цэргийг хотын дотор буй хэмээн санах болой. Эдүгээ харьяат цэргийг дөрвөн замаар хуваасугай! Би нэгэн салааны цэргийг аваад хотын зүүнтээ бүгж хэрэв түүний цэрэг ирвээс тоссугай! Тайшоу Лянцянь, Иньшангийн хамт тус бүр нэгэн салааны цэргийг аваад хотын гадна бүгэгтүн! Лянсюйгээр зуун овогт иргэнийг дагуулан хотыг сахиулсугай!” хэмээн ялган салгаж тогтоов.
Тэндээс Кунмин Зянвэйгээс болгоомжлон өөрийн бие өмнө анги болж Тянь Шүйзюнь хотын зүг оров. Хотын дэргэд хүрмэгц Кунмин цааз зарлаж өгүүлрүүн: “Аливаа хотыг байлдахад түрүүлж хүрсэн даруй олон цэргийг хөхүүлэн, хэнгэрэг дэлдэж байлдваас зохимуй. Хэрвээ өдөр удаагаад урам хугарваас эвдэхэд бэрх болмуй” хэмээгээд их цэрэг шууд хэрмийн доор хүрч үзвээс хэрмийн дээр туг хиур төв тэгш тул хөнгөлөн байлдсангүй. Шөнийн дунд хүртэл хүлээсэнд гэнэт дөрвөн зүгээс галын гэрэл гарч хашхирах дуунд газар хөдлөөд хаанаас ирсэн цэргийг мэдэхгүй. Хэрмийн дээрээс бас хэнгэрэг дэлдэн хашхирч туслах тул Шу улсын цэрэг ихэд самууран дутаахад Кунмин яаран морь унасан хойно Гуаньсин, Жанбао хоёул халхалж хааснаас нэвтлэн гараад хойш хандаж үзвээс зүүн этгээдэд морьт цэрэг галын гэрэлд урт могой мэт байдалтай. Кунмин даруй Гуаньсингаар байцаан үзүүлэхээр илгээсэнд хойш ирж өгүүлрүүн: “Энэ Зянвэйгийн цэрэг бөлгөө” хэмээмүй. Кунмин шүүрс алдаж хэлрүүн: “Цэрэг үлэмжид үгүй, хүний улируулан хэрэглэхэд буй, энэ хүн үнэхээр жанжны чадвартай” хэмээгээд цэргийг хурааж хүрээндээ эгсэн хойно удтал бодоод даруй Аньдингийн хүнийг дуудаж асууруун: “Зянвэйгийн эх эдүгээ хаана буй?” Өчрүүн: “Зянвэйгийн эх өнөө Зисянь хотод сууж амуй”. Кунмин даруй Вэй Янийг дуудаад сургаж өгүүлрүүн: “Чи нэгэн салааны цэргийг авч хоосон сүрийг алдаршуулан Зисянь хотыг хуурч авагтун! Хэрвээ Зянвэй хүрвээс хотод тавьж оруул!” хэмээн илгээгээд бас асууруун: “Энэ газрын аль орон нь чухал буй?”. Аньдингийн хүн өгүүлрүүн: “Тянь Шүйзюнь хотын цалин амуу цөм Шангүйд буй. Хэрэв Шангүйг эвдвээс амуугийн зам аяндаа тасармуй”. Кунмин ихэд баярлан даруй Жао Юньд нэгэн салааны цэрэг өгч Шангүйг байлдахаар илгээгээд Кунмин хотоос гучин газар алсалж хүрээ буув. үүнийг хэдийн хүн Тянь Шүйзюнь хотод очиж хэлрүүн: “Шу улсын цэрэг гурван зам хувааж нэгэн замын цэрэг Зичэн хотыг байлдан нэгэн салааны цэрэг Шангүйг авахаар одож бас нэгэн салааны цэрэг Зисянь хотыг авахаар очив” хэмээснийг Зянвэй сонсоод Мазүньд гуйж өгүүлрүүн: “Миний эх өнөө Зичэн хотод буй тул алдагдал гаргахаас эмээмүй. Зянвэй би нэгэн анги цэрэг гуйж энэ хотод туслахаар очоод хөгшин эхийг хамгаалсугай!” хэмээсэнд Мазүнь үгийг дагаж Зянвэйд гурван мянган цэрэг өгч Зичэн хот руу илгээн Лянцяньд гурван мянган цэрэг өгч Шангүйг сахиулахаар илгээв.
Тэндээс Зянвэй цэрэг аваад Зичэн хотын өмнө ирвээс нэгэн салааны цэрэг жагсаажээ. Тэр тэргүүлэгч жанжин нь Шу улсын Вэй Янь болой. Хоёул байлдаж хэдэн удаа болсны хойно Вэй Янь хууран буруулав. Зянвэй хотод ороод хаалгыг дарж цэргээр бэхлэн сахиулсан хойно эхтэйгээ уулзаж огт байлдахаар гарсангүй. Жао Юнь бас Лянцянийг Шангүй хотод тавьж оруулав. Кунмин хүн зарж Нань Ань хотноо илгээн Сяо Хоумаог цацар доор авчраад Кунмин өгүүлрүүн: “Чи үхэхээс аймуй?”. Сяо Хоумао мөргөж амийг гуйх тулд Кунмин өгүүлрүүн: “Тяньшүйгийн Зянвэй эдүгээ Зисянь хотыг сахиж агаад хүнд бичиг бариулан илгээж хэлэх нь “Гагц Фума буй аваас би дуртайяа дагахаар ирмүй” хэмээжээ. Би эдүгээ чиний амийг хэлтрүүлсү, чи Зянвэйг элсэн дагуулмуй уу?”. Сяо Хоумао өгүүлрүүн: “Дагуулахаар очихыг хүсмүй” хэмээсэнд Кунмин даруй дээл хувцас эмээлт морь өгч хүн дагуулсангүйгээр гагцаарыг тавьж илгээв. Сяо Хоумао хүрээнээс гараад хэрхсү замыг танихгүй тул зам эрж хараахан яван бүхийд гэнэт хэдэн замын хүнтэй учрав. Сяо Хоумао асууваас тэдгээр өчиж хэлрүүн: “Бид цөм Зисянь хотын иргэн бөлгөө. Эдүгээ Зянвэй хот балгасыг өргөж Жугө Лянд дагасан тул Шу улсын жанжин Вэй Янь хүнийг дураар гаргаж гал тавин эдийг булаан явахын учир бид тийнхүү гэрийг гээгээд “Шангүй хотод очсугай!” хэмээмүй”. Сяо Хоумао асууруун: “Эдүгээ Тяньшүй хотыг сахисан нь хэн хүн болой?” хэмээхэд газрын хүн өгүүлрүүн: “Тяньшүй хотод Ма Тайшоу буй”. Сяо Хоумао сонсоод морь довтолгон Тяньшүй хотын зүг одов. Бас зуун овгийн иргэн хөвгүүнийг дагуулан охиноо тэвэрч явахтай учраад тэдгээрийн хэлэх нь мөн нэгэн адил. Сяо Хоумао Тяньшүй хотын доор хүрээд хаалгыг дуудахад хэрмийн дээрх хүн Сяо Хоумаог таниад яаран хаалга нээж угтан оруулсан хойно Мазүнь цочин асуусанд Сяо Хоумао Зянвэйгийн учир хийгээд бас зуун овогтийн өгүүлснийг нэг нэгээр хэлж өгвөөс Мазүнь шүүрс алдаж өгүүлрүүн: “Санамсаргүй Зянвэй харин Шу улсад дагасан ажгуу” хэмээв. Лянсюй өгүүлрүүн: “Тэр “Дүдүг гаргасугай!” хэмээн тийнхүү хуурч энэ үгийг задруулсан болов уу?” Сяо Хоумао өгүүлрүүн: “Эдүгээ нэгэнт дагасан атал юунд хуурмаг хэмээмүй” хэмээгээд хараахан татгалзах хооронд нэгэнтээ нэгдүгээр жингийн үес болоод Шу улсын цэрэг бас хотыг байлдахаар иржээ. Галын гэрэл дотор үзвээс Зянвэй хотын доор жад барьж морь татаад өндөр дуугаар дуудаж өгүүлрүүн: “Сяо Хоумао Дүдүг залж үг хэлэлцсүгэй!” хэмээсэнд Сяо Хоумао, Мазүнь лүгээ цөм хэрмийн дээр гарч үзвээс Зянвэй баатар сүр үзүүлэн өндөр дуугаар хэлрүүн: “Би Дүдүгийн төлөө дагасан болой. Дүдү юунд урьдын үгнээс буцав?”. Сяо Хоумао өгүүлрүүн: “Чи Вэй улсын хишгийг хүртээд юуны учирт Шу улсыг дагаад бас ямар урьдын үг хэмээх аж?”. Зянвэй өгүүлрүүн: “Чи надад бичиг илгээж “Шу улсыг дагатугай!” хэмээсэн бөгөөд юунд энэ үгийг гаргамуй. Чи “Биеэ хэлтрүүлсүгэй!” хэмээж харин намайг шавартуулсан буй за. Би эдүгээ Шу улсыг дагаж дээд жанжин болсон тул хэрхэн бас Вэй улсад эгэх ёсон буй?” хэмээн хэлж дуусаад цэргийг дохиж хотыг байлдан гэгээрсний хойно сая эгэв. Үзвээс шөнө хууран Зянвэйгийн бие болж дуудсан нь Кунмингийн арга болой. Цэргийн доторх дүрс адилсаг хүнийг сонгож Зянвэй болгон хотыг байлдуулсанд галын гэрэлд үнэн ташааг тодорхойлон үзсэнгүй бөлгөө.
Түүнээс Кунмин бас цэрэг авч Зисянь хотыг байлдахаар илгээсэнд хотын дотор амуу дутмаг болж цэргийн хүн идэж гүйцэхгүй тул Зянвэй хэрмийн дээр гарч үзвээс Шу улсын цэрэг их бага тэргээр амуу өвс зөөж Вэй Яньгийн хүрээнд оров. Зянвэй гурван мянган цэрэг авч хотоос гараад шууд амуу булаахаар ирсэнд Шу улсын цэрэг амууны тэргийг дуусган гээж буруулав. Зянвэй амууны тэргийг олоод сая “Хотод орсугай!” гэтэл нэгэн багийн цэрэг зам тосжээ. Тэр нь Шу улсын жанжин Жан И болой. Хоёул байлдаад хэдэн удаа болохын урьд Ванпингийн цэрэг бас хүрч ирээд хоёр этгээдээс хавчин байлдсан тул Зянвэйгийн хүч мохож байлдан тэсэхгүй зам булаан хотын зүг одвоос хэрмийн дээр хэдийн Шу улсын туг хиур хатгаад нэгэнтээ Вэй Яньд сундлагдсан ажгуу. Зянвэй байлдаж нэгэн зам гаргаад Тяньшүй хотын зүг буруулан одоход гар доор гагц арав илүү цэрэг үлдсэн бөгөөд бас Жанбао лугаа учирч нэгэн зэрэг байлдсанд Зянвэй ганц морь нэгээхэн жадны төдий л үлдээд Тяньшүй хотын доор хүрч хаалгыг дуудваас хэрмийн дээрх хүн Зянвэйг мэдээд яаран Мазүньд хэлэхээр одсоны хойно Мазүнь өгүүлрүүн: “Энэ Зянвэй бидний хотыг аргадан нээхээр ирсэн болой” хэмээгээд хэрмийн дээрээс дэмий л харвуулахад Зянвэй хойш хандаж үзвээс Шу улсын цэрэг ойр хүрч ирмүй. Даруй нисэх мэт Шангүй хотод буруулан ирвээс Лянцянь хэрмийн дээрээс Зянвэйг үзээд ихэд харааж өгүүлрүүн: “Улсаас урвасан хулгай ямар аюулгүй миний хотод аргадахаар ирмуй?, би чиний Шу улсад дагасныг нэгэнтээ мэдэв” хэмээгээд дэмий л харвахад Зянвэй тайлан хэлж болохгүй тул тэнгэрийн зүг хандаж уртаар шүүрс алдаад нулимс унагаж морь буцаан Чан Аньгийн зүг одов. Хэдэн газар явсангүй өмнө этгээдэд нэгэн их шугуй модны дотроос нэгэнтээ хашхирах дуу үүсэхэд хэдэн мянган цэрэг гарч ирэв. Тэргүүлсэн нь Шу улсын жанжин Гуаньсин одох замыг тосжээ. Зянвэйгийн морь цөхөөд байлдан тэсэхгүй тул морио эгүүлэн буруулан явтал гэнэтдээ бага тэрэг уулын хөтлөөс гарч ирэв. Тэр хүн тэргүүнд хивт малгай өмсөж биедээ тогорууны нөмрөг өмсөөд, гартаа өдөн дэвүүр барьж далламуй. Харин Кунмин болой. Кунмин дуудаж өгүүлрүүн: “Бо Юэ энэ үес бас дагахгүй буюу?” Зянвэй удаан санаваас өмнө талд Кунмин буй. Хойно нь Гуаньсин байхын дээр бас гарах замгүй болсонд аргагүй мориноос бууж дагав. Кунмин яаран тэрэгнээс буугаад Зянвэйгийн гарыг барьж өгүүлрүүн: “Би улалжийн гэрээс гарснаас нааш мэргэд сайдыг тойрон эрж миний ерийн сурснаа уламжлан сургасугай хэмээвч тийм хүнийг олохгүйдээ хорсном бөлгөө. Эдүгээ Зянвэй Бо Юэтэй учирсан нь миний хүсэлд хүрсэн болой” хэмээсэнд Зянвэй ихэд баярлаж ёслон талархав.
Түүнээс Кунмин даруй Зянвэй лугаа хамт хүрээнээ эгж цацар гэрт ороод Тяньшүй, Шангүй хоёр хотыг авах аргыг зөвлөхөд Зянвэй өгүүлрүүн: “Тяньшүй хотын Иньшан, Лянсюй над лугаа зузаан нөхөрлөсөн тул хоёр битүүмж нууц бичиг үйлдэж хотын дотор харваж оруулаад түүнийг дотоодоос самууруулбаас хотыг олж болмуй” гэхэд Кунмин үгийг дагав. Түүнээс Зянвэй хоёр битүүмж нууц захидал бичээд зэвд уяж морь довтолгон хотын доор хүрээд харваж оруулсанд түүнийг өчүүхэн цэргийн хүн олоод Мазүньд өргөхөд Мазүнь үзээд ихэд сэжиглэж Сяо Хоумаогийн зүг зөвлөж өгүүлрүүн: “Лянсюй, Иньшан нар Зянвэй лугаа нийлж “Дотуураар тусалсугай!” хэмээх тул Дүдү урьдаас тасалбаас зохимуй”. Сяо Хоумао өгүүлрүүн: “Хоёулыг алсугай!” хэмээснийг Иньшан энэ чимээг сонсоод даруй Лянсюйд хэлрүүн: “Харин хотыг өргөж Шу улсад дагаад хэрэглүүлэхийг хичээхэд хүрэхгүй” хэмээв. Тэр шөнө Сяо Хоумао хэд хэдэн зэрэг хүнийг зарж Иньшан, Лянсюйг залж хэрэг хэлэлцсүгэй!” хэмээн илгээсэнд хоёул үйл түргэн болсныг мэдээд даруй хуяглаж морийг унаад тус бүр цэргийн зэвсэг барьж өөрийн харьяат цэргийг дагуулан хотын хаалгыг нээгээд Шу улсын цэргийг тавин оруулсанд Сяо Хоумао, Мазүнь хоёр ихэд айж даруй хэдэн зуун хүнийг аваад хотыг гээж баруун хаалгаар гарч Цян Хучэн хотноо одов. Лянсюй, Иньшан Кунминд угтаж хотод оруулаад иргэнийг тогтоон дууссан хойно Кунмин Шангүй хотыг авах аргыг асуухад Лянсюй өгүүлрүүн: “Тэр хотыг миний төрсөн дүү Лянцянь сахиж аху тул элсэн дагуулж ирэхийг хүсмүү!” гэхэд Кунмин ихэд баярлав. Лянсюй тэр өдөртөө даруй Шангүй хотод очиж Лянцянийг дуудаж хотоос гаргаад Кунминд дагуулахаар авчирсан хойно Кунмин хурим үүсгэж хүндээр шагнаад даруй Лянсюйг Тяньшүй хотын тайшоу түшмэл, Иньшаныг Зичэн хотын эзэн, Лянцянийг Шангүй хотын Лин түшмэл болгов. Кунмин шийтгэж тогтоон дуусаж цэрэг тэгшлэн урагш ороход олон жанжин нар өгүүлрүүн: “Чансан юунд Сяо Хоумаог барихаар одохгүй буй” Кунмин өгүүлрүүн: “Би Сяо Хоумаог тавих нь нэгэн нугасыг тавьсан адил бөгөөд эдүгээ Зянвэйг олсон нь нэгэн гарьдыг олсон мэт болой” хэмээжээ.
Түүнээс Кунмин гурван хотыг олсноос сүр ихэд мандаад хол ойрх муж хошууд цөм чимээг сонсож дагахаар ирмүй. Түүнээс Кунмин цэрэг морийг тэгшлэн Ханьжунгийн цэргийг дуусган авч Ци Шань уулыг гараад Вэйшүй голын баруунтаа хүрмэгц тэр мэдээг тагнуулч Луо Янд хэлэхээр одов. Тэр цагт Вэй улсын эзэн Цаорүйгийн Тайхөгийн тэргүүн он бөлгөө. Цаорүй харшид гарсан хойно ойрх түшмэд айлтгаж өгүүлрүүн: “Сяо Хоу Фума гурван хотыг алдаад Цян аймагт оргон оджээ. Эдүгээ Шу улсын цэрэг нэгэнтээ Ци Шань ууланд хүрч ирээд өмнөд анги нь Вэйшуй голын баруунд буудаллажээ. Хурдан цэрэг илгээж дайсныг эвдлэх ажаам уу!” хэмээсэнд Цаорүй ихэд гэлмэж олон түшмэдийн зүг асууруун: “Хэн миний төлөө Шу улсын цэргийг эгүүлмүй?” хэмээтэл Сыту түшмэл Ванлан зэргээс гарч хэлрүүн: “Сайд би үзэхүл урьд хаан их жанжин Цаожэнийг хэрэглэх бүр хүрсэн эл газрыг эрхгүй авмуй. Эдүгээ хаан юунд түүнийг их Дүдү болгож Шу улсын цэргийг эгүүлэхгүй аж?”. Цаорүй айлтгасныг тогтоон даруй Цаожэнийг дуудан авчирч өгүүлрүүн: “Урьд хаан чамд гэрээсэлж тушаасан болой. Эдүгээ Шу улсын цэрэг Жун Юаньгийн газарт хулган ирснийг чи яахан суусаар үзэж төвдмүй?” Цаожэнь айлтгаж өгүүлрүүн: “Сайд миний мэдэл гүехэн бөгөөд ухаан нимгэн тул тушаалд хүрэхгүй болов уу” хэмээмүй. Ванлан өгүүлрүүн: “Жанжин болбоос улс төрийн тэргүүлсэн сайд бөгөөд хэрхэн хатуужин маргаж болох аж? Хөгшин сайд би хэдий хашин мохоо боловч жанжинг дагаж нэгэнтээ одохыг хүсмүү!” Цаожэнь бас айлтгаж өгүүлрүүн: “Би хааны хишгийг хүртээд ямар аймшиггүй маргамуй? Гагц нэгэн хүнийг гуйж дэд жанжин болгон аваачихыг хүсмүй”. Цаорүй өгүүлрүүн: “Сайд чи өөрөө өргөн мэдүүлсүгэй!” хэмээсэнд Цаожэнь даруй Тай Юаньгийн Ян Цюй газрын хүн, овог Гуо, нэр Хуай, өргөсөн нэр Бози. Шө Тинхоу бөгөөд Юнжоу газрын Сиши түшмэлийг баталсанд Цаорүй үгийг дагаж даруй Цаожэнийг их Дүдү болгон хэмжээт цацаг, төмөг хүртээн Гуохуайг дэд Дүдү болгон Ванланыг цэргийн багш болгов. Ванлан тэр жил нэгэнтээ далан зургаан настай бөлгөө. Даруй зүүн баруун нийслэлийн цэрэг морь хорин түмийг сонгож Цаожэньд өгсөнд Цаожэнь төрлийн дүү Цаозүнийг гавшгай болгон бас Данкоу жанжин Жузанийг хавсрагч болгоод тэр жилийн арван нэгэн сард цэрэг мордсонд Цаорүй биеэр баруун хаалганы гадна хүртэл үдэж сая эгэв.
Тэндээс Цаожэнь их цэргийг аваад Чан Аньд хүрч Вэйшүй голын барууныг гэтлэн хүрээ байгуулсан хойно Ванлан, Гуохуайгийн хамт цэрэг эгүүлэх аргыг зөвлөхөд Ванлан өгүүлрүүн: “Маргааш жагсаалыг чангалан, ангийг тэгшлэн, туг хиурыг ихэд өргөөд, хөгшин эр би биеэр гарч нэгэн зэрэг үгээр хэлэлцвээс лав Жугө Ляныг гар уулзуулан Шу улсын цэрэг байлдахгүйгээр өөрөө эгэх болой” хэмээсэнд Цаожэнь ихэд баярлан тэр шөнө цааз зарласан нь “Маргааш дөрөвдүгээр жинд будаа чанаж гэгээрмэгц жагсаалыг тэгшлэн, хүн морийг сүртэй болгож туг хиур, хэнгэрэг харанга хийгээд тус бүр зэрэг дэсээр зогс!” хэмээгээд даруй хүн зарж байлдах бичиг хүргүүлжээ. Жич өдөр хоёр этгээдийн цэрэг учраад Ци Шань уулын өмнө харилцан жагсаасны хойно Шу улсын цэрэг холоос Вэй улсын цэргийг үзвээс тун сүртэй Сяо Хоумаогийн цэрэг лүгээ адилгүй бөлгөө.
Тэндээс гурван зэрэг хэнгэрэг дэлдэн дууссанд Сыту Ванлан морилон гарахад дээд этгээдэд Дүдү Цаожэнь, доор этгээдэд дэд Дүдү Гуохуай хийгээд хоёр гавшгай жагсаалыг дарав. Харуулын хүн цэргийн өмнө гарч өндөр дуугаар өгүүлрүүн: “Эсрэг жагсаалын эзэн жанжинг залж үг өчсүгэй!” хэмээсэнд үзвээс Шу улсын цэргийн нээсэн газраас Гуаньсин, Жанбао зүүн баруунд хуваалцан морилон гарч хоёр хажууд зогсоод дараа ангид баатар жанжин нар тугийн доор жагсаажээ. Төв дундын нэгэн дөрвөн хүрдэт тэргэнд Кунмин сууж, бумбын малгай өмсөж, өдөн дэвүүр бариад, шулуун хувцас өмсөж хар бүс бүслэн гарч ирэв. Кунмин нүд нээн Вэй улсын жагсаалын өмнийг үзвээс гурван шүхэр өргөж туган дээр овог нэрийг бичжээ. Дундахь нэгэн сахал цайсан өтгөс нь харин цэргийн багш Сыту түшмэл Ванлан ажгуу. Кунмин дотроо сэтгэрүүн “Ванлан эрхгүй үгээр хэлэлцэхээр ирсэн болой. Би тухайд нийлүүлэн хэлбээс зохимуй” хэмээгээд даруй тэргийг түлхүүлэн жагсаалын өмнө гараад хамгаалагч цэргийн хүнийг гаргаж уламжлан өгүүлрүүн: “Хань улсын чансан Ван Сыту лугаа үг хэлэлцсүгэй хэмээмүй” хэмээсэнд Ванлан морь давхин гарч ирэв. Кунмин тэргэн дээрээс босож гар өргөн ёсловоос Ванлан морин дээрээс бие мэхийн хариу ёс хийсэн хойно Ванлан өгүүлрүүн: “Авгайн их алдрыг сонсож удав. Эдүгээ завшаанаар олж учирчээ. Авгай чи тэнгэрийн зүйг мэдэн, цаг тухайг төсөөлөх бөгөөд юунд нэргүй цэргийг үүсгэмүй”. Кунмин өгүүлрүүн: “Би хааны зарлигаар хулгайг байлдах болой. Хэрхэн нэргүй хэмээх аж?”. Ванлан өгүүлрүүн: “Тэнгэрийн тоо хувилаад улс төр халагдаж эрдэм бүхий хүнд дагах нь энэ тогтсон ёс болой. Урьд Хуань, Лин хоёр хаанаас нааш шар алчуурт хулгай өрнөн самуурч цэргийн ард харилцан тэмцэлдээд тулгар тайван, амгалан байгуулагчийн онд хүрч Дунжуог үүдэн Лизюэ, Гуосы догшныг залгаж Юаньшу Шоучэнд хэтрэмхийлэн хаан цол өргөмжилж, Юаньшао Е Ту газарт эрэмгий баатар болоод Любяо Зинжоуг эзлэн сууж, Люйбү Сюйжоу хотыг барсын адил залгиад хулгай дээрэм зөгий мэт зэргээр босож зальхай баатар харцгай адил дэгдээд улс төр өндгийг цогцолсон мэт эмээлтэй болж, олон амьтанд өлгөгдөх зовлонтой болсныг манай тайзу Ү Хуанди дөрвөн зүгийг шүүрдэж арилган найман зовхисыг чийрс хумих мэт авсанд түмэн овогтон сэтгэл цутган, дөрвөн этгээдийн хүмүүс эрхэм сурталд эрмэлзэн дагаснаас бус эрх хүчээр булааж эзэлсэн нь бус! Үнэхээр тэнгэрийн зарлигаар болгосон нь болой. Манай Шизу хаан Вэньди бичиг цэргийн эрдэм хос бүрдэж Богд гэгээнээр дэлхий дахиныг нэгтгэн, тэнгэрийн санаа хүмүүний сэтгэлд нийцүүлж Яо хааны Шүнь хаанд тавин өгсөн хуулийг дууриан дундад улсад сууж түмэн улсыг зассан нь “Тэнгэрийн сэтгэл хүмүүний санаа бус” хэмээмүй үү? Эдүгээ авгай чи их бодлогыг нууж эрдмийг өвөрлөөд биеэ Гуаньжүн, Юэ Итэй адилтган бөгөөд юунд тэнгэрийн ёсыг сөрж хүмүүний сэтгэлийг тэсэргүүлж явмуй? Эртний хүмүүний хэлсэн нь: “Тэнгэрт эевэргүү болбоос бадарч, тэнгэрээс сөрвөөс мөхмүй” хэмээснийг сонссонгүй юу? Эдүгээ манай их Вэй улсад хуягт цэрэг зуун түм, сайд жанжин мянган нэр буй тул санахад илжирсэн өвс доторх галт хорхойн гэрэл хэрхэн тэнгэрийн гэгээн саранд хүрмүй? Авгай чи хуягийг тайлан зэвсгийг гээж ёсоор дагасанд Хоугийн суурийг алдахгүй болоод улс энх, иргэн амар болбоос харин сайнгүй үү?” хэмээв.
Түүнээс Кунмин тэргэн дээр сууж ихэд инээн өгүүлрүүн: “Би чамайг Хань улсын тэргүүлсэн өтгөс сайд тул лав эрхэм сайн шүүмжлэл хэлэх буй за хэмээсэн бөлгөө. Юунд энэ мэт доорд үгийг гаргамуй? Надад нэгэн үг буй. Олон цэргүүд дув дуугуй болж сонс! Эртний Хуань, Лин хоёр хааны цагт Хань улсын төр буурсан нь “Тайганчууд гамшгийг үүдсэнээс улс самуурч, жил зуд болоод дөрвөн зовхист дайсан дэгдэв. Шар алчуурт хулгайн дараа Дунжуо, Лизюэ, Гуосы нар моьтон дагаж дэгдээд Ханьди хааныг булаан нүүлгэж олон иргэнийг зовоосон нь тэр цөм хааны дэргэд өмхий мод түшмэл болж харш яндрын хооронд шувуу гөрөөсөн пүнлүү идээд чонын сэтгэл, нохойн явдалт ард төрд залгаагаар цуглаж боол шивэгчин нар тус тус засгийг барьснаас улс гэрийг тамтаг тав болгож олон иргэнийг цуг үнс мэт зовлонг амсуулав. Би ер чиний явдлыг мэднэм бөлгөө. Үе улиран зүүн далайн хойгт сууж, анхан сяолянь түшмэлээр албанд орсон тул чухамдаа хааныг тэтгэн улсад тусалж Хань улсыг тогтоон Лю овгийг мандуулбаас зохих атал харин сөргүү хулгайд тусалж хамт хаан суурийг булаахыг бодолхийлсэн ажгуу. Тийнхүү ял гүн хүнд болоод тэнгэр газарт агуулахгүй
Хэмээх ч байтугай ертөнцийн хүмүүс цөм чиний махыг идсүгэй хэмээх болой. Эдүгээ завшаанд тэнгэр Хань улсыг тасруулах санаагүй тул манай Жаоле Хуанди Сычуаньгийн газар суурийг залгамжилсанд эдүгээ би эзний зарлигийг хүлээж цэрэг үүсгэн хулгайг хядан арилгахаар иржээ. Чи нэгэнт бялдууч түшмэл болсон тул гагц биеийг нуун хүзүүгээ атируулан түр амьдрахыг хичээвээс барав. Ямар аюулгүй цэргийн өмнө тэнгэрийн тоо хэмээн дэмий хэлмүй. Үс цайсан бэртэгчин эр, сахал шарласан хөгшин хулгай чи өглөө үдшийн хооронд нөгөө ертөнцөд одвоос ямар нүүрээр хорин дөрвөн хаанд учирмуй. Хөгшин хулгай эгэгтүн! Даруй урвасан сайдыг гаргаж над лугаа дийлэх дийлэгдэхийг таслуултугай!” хэмээв. Ванлан сонсож дуусаад цээжинд хилэн төрөөд их дуугаар нэгэнтээ бархирмагц мориноос унаж үхэв. Хожмын хүмүүн Кунминийг магтсан шүлгийн үг:
“Цэрэг морь баруун Циньгээр гараад
Чийрэг эрдэм түмэн хүнд тэнцмүй
Гурван ямхын хэлээ дуржигнатал хөдөлгөөд
Гутамшигт зальхайг харааж үхүүлэв”
Кунмин дэвүүрээр Цаожэнийг зааж өгүүлрүүн: “Би чамайг шахамдуулахгүй. Чи түр эгж цэргээ тэгшлэн маргааш ирж таслан байлдтугай!” хэмээгээд тэрэг эгсний хойно хоёр этгээдийн цэрэг цөм эгэв. Цаожэнь Ванлангийн хүүрийг авсанд хийж хүнээр Чан Аньд хүргүүлэв. Дэд Дүдү Гуохуай хэлрүүн: “Жугө Лян бидний цэргийн дотор бэлэвсрэл буй хэмээн бодож энэ шөнө эрхгүй бидний хүрээг дарахаар ирмүй. Эдүгээ цэргийг дөрвөн анги салгаж хоёр салааны цэргийг уулын бага замаар хоосны тухай Шу улсын хүрээг булаахаар одуулан хоёр салааны цэрэг бидний хүрээний гадна бүгүүлж зүүн баруун этгээдээс хавчин байлдсугай!” хэмээсний хойно Цаожэнь ихэд баярлаж өгүүлрүүн: “Энэ арга миний санаанд нийлэв” хэмээгээд цааз зарлаж Цаозүнь, Жузань хоёр гавшгайг дуудаж сурган өгүүлрүүн: “Та хоёул тус бүр нэжгээд түмэн цэрэг авч Ци Шань уулын хойдод одож Шу улсын цэрэг бидний хүрээний зүг ирэхийг үзвээс тэр даруй Шу улсын хүрээг булаахаар очигтун! Хэрвээ Шу улсын цэрэг хөдлөхгүй болбоос дув дуугуй цэрэг эгэгтүн! Хэрхэвч хөнгөнөөр орж болохгүй!” хэмээв. Хоёул аргыг хүлээн цэрэг авч одов. Цаожэнь бас Гуохуайгийн зүг өгүүлрүүн: “Бид хоёул нэжгээд салааны цэрэг авч хүрээний гадна бүгээд хүрээний дунд өвс овоолж гагц хэдэн хүнийг үлдээсүгэй! Хэрвээ Шу улсын цэрэг ирвээс тэмдэг гал тавьсугай! Олон жанжин нар зүүн баруун этгээдэд хуваагтун!” хэмээсэнд тус бүр бэлтгэхээр одов. Тэндээс Кунмин хүрээнд эгсний хойно урьдаар Жао Юнь, Вэй Янийг дуудаж өгүүлрүүн: “Та хоёул өөр өөрийн харьяат цэргээ дагуулан Вэй улсын хүрээг дарахаар очигтун!” хэмээхэд Вэй Янь өгүүлрүүн: “Цаожэнь цэрэг хэрэглэх аргыг гүн мэдэх тул тэр биднийг эрхгүй “Өөрийн бэлэвсрэлийн тухай хүрээг булаахаар одмуй” хэмээн санаж бэлтгэхгүй ёс буюу?”
Кунмин инээж өгүүлрүүн: “Би төвхийтэл Цаожэньд манай хүрээг булаахаар одохыг мэдүүлсүгэй хэмээх болой. Тэр эрхгүй Ци Шань уулын хойдод цэрэг бүгүүлээд бидний цэргийг өнгөрөн гарсны хойно бидний хүрээг авахаар ирмүй. Тийнхүү танай хоёулыг цэрэг авч илгээгээд уулын хөтлийн хойд замыг өнгөрөн холхон хүрээ байгуулж, Вэй улсын цэрэг манай хүрээг дарахаар ирэхийг хүлээгээд та тэмдэг гал гарахыг үзсэнд цэргийг хоёр анги салган Вэньчан111 уулын амыг халхалж, Зылун цэргийг хойш эгүүлэн алахаар орвоос эрхгүй Вэй улсын цэрэгт учирмуй. Тэдгээрийг тавин гаргаад чи мөн хүчинд байлдсанд тэр эрхгүй өөртөө харилцан байлдалцмуй. Тийн болохул бид бүрнээр дийлэх болой” хэмээсэнд хоёр жанжин аргыг хүлээн цэрэг авч одов. Бас Гуаньсин, Жанбаог дуудаж сурган өгүүлрүүн: “Танай хоёул тус бүр нэгэн салааны цэргийг авч одоод Ци Шань уулын цухал замд бүгж Вэй улсын цэрэг өнгөрсөн хойно даруй түүний ирсэн замыг барьж Вэй улсын хүрээнд байлдахаар оч!” хэмээв. Гуаньсин, Жанбао аргыг хүлээн цэрэг авч одов. Бас мадай, Ванпин, Жан Е, Жан И дөрвөн жанжинг хүрээний гадна бүгүүлэн “Дөрвөн этгээдээс Вэй улсын цэргийг угтан байлд!” хэмээгээд Кунмин хоосон хүрээ байгуулан дунд нь өвс түлээ овоолон гал тавихад бэлтгээд өөрийн бие олон жанжныг аван хүрээний хойдод зайлж хөтөлбөрийг үзэж суув.
111 Вэй Яньгийн ергөсөн нэр
Тэндээс Вэй улсын гавшгай Цаозүнь, Жузань гэгээ тасрах үес цэрэг мордож дэд жингийн цагт холоос анхаарваас уулын өмнөдөд бараг бүрэг цэргийн явах нь үзэгдмүй. Цаозүнь дотроо санаруун: “Гуо Дүдүд үнэхээр хувилгаан арга увдист бодлого буй ажээ” хэмээгээд яаран цэргийг хөөж урагшлав. Шу улсын хүрээнд хүртэл гутгаар жингийн үес болжээ. Цаозүнь урагш хүрээнд байлдан орж үзвээс харин хоосон хүрээ бөгөөд нэг хүн ч үгүй. Бараглахад аргад унасныг мэдээд даруй цэргийг хойш эгүүлтэл хүрээний дотроос гал мандсан тул Жузаньгийн цэрэг хүрч ирээд өвөр зуураа байлдаж хүн морь ихэд самууран бүхийд Цаозүнь, Жузаньд учирснаар сая өөртөө харилцан алалцсаныг мэдээд яаран цэргийг нэгэн газарт нийлүүлтэл гэнэт дөрвөн зүгээс хашхирах дуу гарч Ванпин, Мадай, Жан Е, Жан И байлдахаар ирэв. Цаозүнь сэтгэл зүрх мэт зуу илүү цэргийг авч байлдан гараад их замаар буруулан одоход бас хэнгэрэг харанга цугаар дуугарч нэгэн салааны цэрэг одох замыг тосжээ. Тэр тэргүүн жанжин нь Чаншаньгийн Жао Зылун болой. Өндөр дуугаар өгүүлрүүн: “Хулгайн жанжин хаана одмуй? Түргэн үхэхээ хүлээгтүн!” хэмээсний хойно Цаозүнь, Жузань зам булаан одов. Гэнэт бас хашхирах дуу гарч Вэй Яньгийн нэгэн багийн цэрэг хүрч ирэв. Цаозүнь, Жузань хоёул ихэд дарагдаж буруулсаар хүрээндээ одвоос хүрээ сахисан цэрэг “Шу улсын цэрэг хүрээг дарахаар ирэв” хэмээн яаран тэмдэг гал ноцоосонд зүүнээс Цаожэнь, баруунаас Гуохуай хамтаар гарч ирээд өвөр зуураа байлдалцан бүхийд арын хойноос Шу улсын цэрэг гурван замаар хүрч иржээ. Дунд нь Вэй Янь, зүүнд Гуаньсин, баруунд Жанбао нэгэн зэрэг ихэд байлдаж Вэй улсын цэрэг дарагдаад арван газар илүү буруулав. Вэй улсын жанжны үхсэн нь маш үлэмж, Кунмин ихэд дийлээд цэрэг хурааж эгэв. Түүнээс Цаожэнь, Гуохуай дарагдсан цэргээ хурааж хүрээнд эгээд зөвдөж өгүүлрүүн: “Эдүгээ бидний цэргийн хүч мөхөс болоод Шу улсын цэргийн сүр их болсонд одоо ямар аргаар эгүүлмүй?”. Гуохуай өгүүлрүүн: “Дийлэх дийлэгдэх нь цэргийн энгийн явдал тул гэмшиж үл болмуй. Надад нэгэн арга буй. Шу улсын цэрэг тэргүүн сүүлийг хамгаалан чадахгүй болж эрхгүй өөрөө эгмүй” хэмээжээ. Энэ чухамхүү:
“Хөөрхийеэ Вэй улсын жанжин хэрэг бүтэхэд бэрх болоод
Баруун этгээдээс өмөглөх цэрэг гуйхаар очсугай хэмээмүй”
Эгнэгт ямар аргыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )