“Thediplomat” сайтад нийтлэгдсэн Монголын агаарын бохирдлын тухай “The ‘Slow Violence’ of Air Pollution in Mongolia” гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Өвлийн цэвдэг агаар Ази тивээр дайран өнгөрөхдөө Монголын нийслэл Улаанбаатарт аюул заналхийлж байна. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал хувь нь буюу 1.5 сая хүн амьдардаг. Харьцангуй цөөхөн хүн амтай ч энэ хот дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын тоонд байнга багтдаг. Энэ жил ч байдал мөн адил байна.
Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 169 болж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) зөвлөсөн хэмжээнээс 18 дахин их, эрүүл бус гэсэн үзүүлэлттэй байна.
Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Улмаар хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд хотын захад гэрт амьдарч, нүүрс түлдэг. Хүн амын олонх нь Монгол үндэсний гэртээ амьдарч, нийслэлийн төвлөрсөн цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүйн улмаас түүхий нүүрс түлдэг. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол шалтгаан болж байна. Улаанбаатар хот Богд уулын нарийхан хөндийд Туул голын эрэгт оршдог. Энэ газарзүйн байршил нь хотын дээгүүр дулааны урвуу давхарга үүсэхэд нөлөөлдөг бөгөөд энэ нь хорт агаар удаан хугацаанд тогтоход нөлөөлдөг.
Улаанбаатарт өвөл бүр тохиодог агаарын бохирдлыг урт хугацааны хүчирхийлэл ч гэж хэлж болно. Энэ нэр томьёог утга зохиолын эрдэмтэн Роб Никсон 2011 онд байгаль орчны доройтол, антропоген уур амьсгалын өөрчлөлтөөс болж, ихээхэн хохирол амсаж буйг илэрхийлэх зорилгоор ашиглаж байсан. Агаарын хорт бохирдлын үл үзэгдэх байдал, цаг хугацааны явцад аажмаар хуримтлагдаж хүний эрүүл мэндэд асар их аюул учруулдаг нь урт хугацааны хүчирхийлэгчийн нэр дэвшигч болгож байгаа юм.
Агаарын бохирдлыг ихэвчлэн агаар мандалд байгаа амьсгалах боломжтой тоосонцор, ялангуяа PM2.5 болон PM10-ын агууламжаар хэмждэг. Шинжлэх ухааны эдгээр тодорхойлолтууд нь хиймэл дагуулын технологи эсвэл зайнаас тандан судлах замаар хийсэн хэмжилтээс гаралтай. Улаанбаатарын өвлийн агаарын хоруу чанар нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд маш ноцтой аюултай нөлөө үзүүлж байна. Уушгины хатгалгаа нь тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын хоёрдугаарт ордог бөгөөд Улаанбаатар хотын хүүхдүүдийн уушигны үйл ажиллагаа хөдөө орон нутгийн хүүхдүүдээс 40 хувиар сул гэсэн судалгаа бий.
Агаарын бохирдол нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн ч үр дүн муутай байна. Засгийн газар 2019 оны тавдугаар сард түүхэндээ анх удаа түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан.
Харин Засгийн газраас удаан хугацаанд шатдаг, утаа гаргадаггүй шахмал түлш хэмээх боловсруулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү бодлого нь Монгол Улсын агаарын бохирдлыг шийдвэрлэх гол арга гэж эхэндээ найдаж байсан ч энэ бодлогын урт хугацааны үр өгөөжийн талаар олон нийт эргэлзэж эхлээд байна.
КОВИД-19 тахлын дэгдэлт болон эдийн засаг зогсонги байдалд орсноор орлого багатай айл өрхүүд янз бүрийн хямд бохир түлш шатаах болсон нь Улаанбаатарын агаарын чанарт ихээхэн нөлөөлсөн. Нэг, хоёрдугаар сард цаг агаарын хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул Монголын нийслэлд PM2.5-ын агууламж ДЭМБ-ын стандартаас 40 дахин их байх магадлалтай.
Нийслэлийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад зайлшгүй шаардлагатай алхам гэдэгт эргэлзэхгүй байна. Гэсэн хэдий ч агаарын бохирдлын урт хугацааны хүчирхийллийн хор хөнөөл нь тэгш бус байдлын тогтолцооноос үүдэлтэй бөгөөд харамсалтай нь хүн амын илүү эрсдэлтэй бүлгийн гишүүдэд пропорциональ бус нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна. Хотын ядуурлын түвшинг бууруулж, гадуурхагдсан гэр хорооллын айлуудыг хотын төвийн эрчим хүчний дэд бүтцэд нэгтгэх нь Улаанбаатар хотын агаарын чанарыг эрүүл түвшинд хүргэх бодит алхам болно.
Ц.ДАВААСАМБУУ
ЭХ СУРВАЛЖ
Сэтгэгдэл ( 1 )
haha garchig ni yu we