"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 95 ДУГААР БҮЛЭГ
МАСУ ЯТГАХЫГ ТЭВЧСЭН ЗЕТИНГ АЛДСАН
ЖҮГӨ ЛЯН ЯТГА ДЭЛДЭЖ ЖҮНДАГ ЭГҮҮЛСЭН
Өгүүлэх нь: Вэй улсын эзэн Жанхөг гавшгай болгоод Сыма И лүгээ хамт байлдахаар илгээсний хойно нэгэнтээгүүр Синьпи, Сүньли хоёулд таван түмэн цэрэг өгч “Цаожэньд туслахаар очигтун!” хэмээсэнд хоёул зарлигийг дагаж одов. Тэндээс Сыма И хорин түмэн цэрэг авч боомтыг гарч хүрээ байгуулсны хойно гавшгай Жанхөг цацарт авчирч өгүүлрүүн: “Жугө Лян хүн ерөөс хичээнгүй болгоомжтой тул энэ хэргийг хөнгөлөн үйлдсэнгүй. Хэрвээ би цэрэг хэрэглэвээс урьд Зы Үгү заваар шууд Чан Анийг авахаар очмуй. Ийн болбоос хэдийнээс олсон бөлгөө. Түүнд ийм бодлогогүй бус, гагц алдахаас эмээн хайш яйш явсангүй ажгуу. Эдүгээ эрхгүй Сегү заваас цэрэг гарч Мэйчэн хотыг авахаар ирмүй. Тэр Мэйчэн хотыг олсонд эрхгүй цэргийг хоёр зам хуваан, нэг салааны цэрэг Зигү заваар орж ирмүй. Би нэгэнтээ Цао Зыданийг сайхан сахь!, цэрэг ирвээс битгий гарч байлд! Сүньли, Синьпиг Зигү завын амыг тосогтун! Цэрэг ирвээс нууц цэрэг гарган байлд!” хэмээн бичиг илгээсэн бөлгөө” хэмээсэнд Жанхө өгүүлрүүн: “Өнөө жанжин аль газраар цэрэг ормуй?”. Сыма И өгүүлрүүн: “Би ер Циньли давааны баруунд нэгэн зам бүхийг мэдмүй. Газрын нэрийг Зетин хэмээж түүний хажууд нэгэн хот буй. Нэрийг Ле Лючэн хот хэмээмүй. Энэ хоёр газар цөм Ханьжунгийн хоолой болой. Жугө Лян, Зыданийг бэлтгэлгүй хэмээн түрүүлж лавтай энэ газраар ормуй. Би чам лугаа шууд Зетинг авахаар очсугай! Ян Пингуань боомтоос холгүй болой. Жугө Лян бидний Зетингийн чухал замыг тосоод амууны замыг тасалсныг сонсвоос Лунсигийн нэгэн газрыг амар сахиж чадахгүй болоод эрхбиш шөнө дөлөөр Ханьжунд эгж одмуй. Тэр хэрвээ эгж хөдөлсөнд бид цэрэг авч бага замаар байлдваас бүрнээ дийлэх болмуй. Хэрэв эгэхгүй болбоос би цэрэг гаргаж газар газрын бага замыг хааж сахисанд нэг сар идэх амуугүй болбоос түүний цэрэг цөм өлбөрч үхээд Жугө Лян надад амьд баригдмуй” хэмээсэнд
Жанхө ухаж мэдээд: “Дүдүгийн бодсон нь сахиус адил болой” хэмээжээ. “Хэдий ийм боловч Жугө Ляныг Мөндад адилтгаваас болохгүй тул жанжин гавшгай болбоос битгий хөнгөнөөр орогтун! Зүй нь олон жанжин нарт зарлаад уулыг хөвөөлөн баруун замаар холоос мэдээ авахуул! Хэрэв бүгсэн цэрэггүй болбоос орж болмуй. Хэрвээ осолдсонд Жугө Лянгийн аргад унах болой” гэхэд Жанхө аргыг хүлээн авч цэрэг аван мордов.
Тэндээс Кунмин Ци Шань уулын хүрээнд сууж бүхийд гэнэт “Синьчэн хотод очсон тагнуулч хүрч ирэв” хэмээхүл Кунмин даруй дуудаж оруулаад асуусанд тагнуулч өчрүүн: “Сыма И зам эвхэж яваад наймдугаар өдөрт нэгэнт Синьчэн хотод хүрсэн тул Мөнда гар хөдлөн завдсангүйн дээр бас Шөньдань, Шөнь И, Лифу, Дөнсянь нар дотуураар тусалсанд Мөнда самуун цэрэгт алагдав. Эдүгээ Сыма И цэргээ аван Чан Аньд хүрч Вэй улсын эзэнд золгоод, Жанхө лүгээ цэрэг дагуулан боомт гарч манай цэрэг байлдахаар айсуй” хэмээсэнд Кунмин ихэд цочиж өгүүлрүүн: “Мөнда үйлийг нарийвчилсангүй тул үхсэн нь мөн болой. Эдүгээ Сыма И боомт гарваас эрхгүй Зетингийн газрыг авч, бидний хоолой мэт замыг тасламуй” хэмээгээд асууруун: “Хэн хүн аймшиггүй цэрэг авч Зетинг сахихаар очмуй?” хэмээн хэлж дуусахын урьд Цаньзюнь түшмэл Масу өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй”. Кунмин өгүүлрүүн: “Зетиний газар хэдий бяцхан боловч холбогдол маш хүнд болмуй. Хэрвээ Зетинг алдсанд бидний цэрэг цөм хохирмуй. Чи хэдий арга бодлогыг нарийвчлавч тэр газарт хот балгасгүй бөгөөд хайгуул халхавч бас үгүй тул сахихад туйлын бэрх?” хэмээсэнд Масү өгүүлрүүн: “Би бяцханаас цэргийн бичгийг боловсортол уншиж, цэргийн аргыг гүн мэдэх бөгөөтөл хэрхэн энэ нэгэн Зетинг сахиж чадахгүй ёсон буй?”. Кунмин өгүүлрүүн: “Сыма И өтөл хүн бус бөгөөд нэн бас гавшгай, Жанхө нь Вэй улсын нэртэй жанжин тул чамайг ялахгүй болов уу хэмээн эмээмүй”. Масу өгүүлрүүн: “Сыма И, Жанхөг хэлэх ч байтугай хэдий Цаорүй биеэр ирэвч би юунд аймуй?. Хэрвээ алдсанд миний гэрийн бүхнийг цөм ал!” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Цэргийн дотор наадамгүй!”. Масү өгүүлрүүн: “Цэргийн цаазын бичиг байгуулахыг хүсмүй” хэмээсний хойно Кунмин үг дагав. Масу даруй цэргийн цаазын бичиг хийж өргөсөнд Кунмин өгүүлрүүн: “Би чамд хоёр түм таван мянган шилдэг цэрэг өгөөд жич бас нэгэн дээд жанжин өгч чамд туслуулмуй!” хэмээгээд даруй Ванпинг дуудан сургаж өгүүлрүүн: “Би угаас чиний хичээнгүй болгоомжтойг мэдмүй. Тийнхүү тухайлан энэ хүнд тушаалыг чамд тушааж илгээсү! Чи сэтгэл тавин тэр газрыг хичээн сахь! Эрхгүй чухал газарт хүрээ байгуулж дайсны цэргийг гэнэт хулгаж өнгөрөөвөөс болохгүй болой. Хүрээ байгуулан тогтсоны хойно даруй дөрвөн зүг найман зовхисын байдлыг зураад надад хүргэж илгээн үзүүл! Алив учрыг харилцан зөвлөж тогтсоны хойно сая явуул! Хялбар хэмээн хөнгөлөн үйлдэж үл болмуй. Тэр сахисан газарт алдагдал гарахгүй болбоос Чан Анийг авах тэргүүн гавьяа болой. Сайтар хичээгтүн!” хэмээсэнд хоёул ёслон салаад цэрэг авч одов.
Тэндээс Кунмин улируулан санаж, тэр хоёулыг алдуузай хэмээн бас Гаосяныг дуудаж өгүүлрүүн: “Зетингийн зүүн хойдод нэгэн хот буй. Нэрийг Ле Лючэн хэмээж уул хавцлын бага зам тул тэр газарт цэрэг суулгаж болмуй. Чамд нэгэн түмэн цэрэг өгсү! Тэр хотод очиж буудаллаад, хэрэв Зетинд зовлон асанд цэрэг авч туслахаар очигтун!” хэмээсэнд Гаосян цэрэг авч одов. Кунмин бас санаруун: “Гаосян нь Жанхөд тэнцэх хүн бус тул жич нэгэн их жанжинг олж Зетингийн баруунд буудаллуулбаас сая сэргийлж болмуй” хэмээгээд даруй Вэй Янийг дуудаж харьяат цэргээ авч Зетингийн хойд биеэр буудаллагтун!” хэмээжээ. Вэй Янь өгүүлрүүн: “Би өмнө анги болж аху тул урагшилж дайсныг эвдлэвээс зохимуй. Юунд намайг амар сул газарт суулгамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Гавшгай болж дайсныг эвдэх нь хажуугийн жанжин бологсдын үйл болой. Өнөө чамаар Зетинг тосуулан, Ян Пингуань боомтын чухал замыг халхлуулж, Ханьжун газрын бүгд хоолойг сахиулсан нь энэ харин их тушаал болой. Юунд амар сул хэмээмүй? Чи ер сул хэмээн хөнгөлөөд миний их хэргийг саатуулахад битгий хүргүүл! Сайтар сэтгэл тавьж сахиваас зохимуй” гэхэд Вэй Янь нэгэнт баярлан цэрэг авч одов. Үүнд Кунмин сая сэтгэл сулхан болоод даруй Жао Юнь, Дөнжыг дуудан сургаж өгүүлрүүн:
“Эдүгээ Сыма Игийн цэрэг гарсан нь урьд өдөр лүгээ адилгүй. Та хоёул өөр өөрийн цэргээ аван Зигү заваагаар гарч сэжиглэлийн цэрэг бологтун! Хэрвээ Вэй улсын цэрэгт уулзваас байлдах ба эс байлдахыг өгүүлэхгүй түүний сэтгэлийг сэжиглүүл! Би биеэр их цэрэг авч Сегү заваар ороод шууд Мэйчэн хотыг авахаар одсугай! Хэрэв Мэйчэн хотыг олбоос Чань анийг эвдэлж болмуй” хэмээсэнд хоёул үгийг авч одов. Кунмин Зянвэйг гавшгай болгоод Сегү заваар цэрэг гарав.
Тэндээс Масу, Ванпин хоёулын цэрэг Зетинд хүрээд газар орны байдлыг үзсэний хойно Масу инээж өгүүлрүүн: “Чансан юунд ийм санаа олон аж? Бодоход уулын ийм цухал бэрх газарт Вэй улсын цэрэг жанжин ирж болмуй?” Ванпин өгүүлрүүн: “Хэдий Вэй улсын цэрэг айж ирэхгүй боловч бид мөн таван замын аманд хүрээ байгуулан цэргийн хүнээр мод цавчуулж хүрээ барин одох аргыг хичээсүгэй!”. Масу өгүүлрүүн: “Их замд хүрээ байгуулах газар буй уу? Үүний хажууд нэгэн уул буй. Дөрвөн этгээдэд зах нийлсэн газаргүй бөгөөд ой мод маш зузаан. Энэ тэнгэрийн соёрхсон бэрх газар болой. Даруй тэр уулын энгэр дээр буудаллаваас зохимуй”. Ванпин өгүүлрүүн: “Цаньзюньгийн үг ташаарав. Хэрэв замыг дарж цэрэг буудаллан хот хэрэм цогцлоосонд хулгайн цэрэг хэдий арван түмний олон боловч хулган гарч чадахгүй бөлгөө. Өнөө хэрвээ ийм цухал замыг гээгээд уулан дээр буудалласанд Вэй улсын цэрэг гэнэт хүрч ирээд уулын дөрвөн зүгийг хааваас одоо ямар аргаар халхалмуй?”. Масу ихэд инээж өгүүлрүүн: “Чиний энэ нь эхнэр хүний үзэл болой. Цэргийн бичигт өгүүлсэн нь “Өндөр дээрээс доорхийг үзэх нь хүчин хулсыг хагалах адил” хэмээжээ. Хэрвээ Вэй улсын цэрэг ирвээс би түүний хагас хуягийг ч үлдээж илгээхгүй” хэмээсэнд Ванпин өгүүлрүүн: “Би удаа дараа чансанг дагаж байлдахад эл хүрсэн газар чансангийн санааг дуусган сурсан бөлгөө. Эдүгээ энэ уулыг үзэхэд харин нэгэн тасархай газар болой. Хэрвээ Вэй улсын цэрэг манай усны замыг тасалсанд цэрэг байлдахгүйгээр өөрөө самуурмуй”. Масү өгүүлрүүн: “Чи дэмий битгий өгүүл! Сүньзыгийн өгүүлсэн нь “Цэргийг үхэх газарт тавиваас хойно мэдмүй” хэмээжээ. Вэй улсын цэрэг бидний усан замыг тасалбаас Шу улсын цэрэг үхэхээр байлдваас нэг нь зууг тэнцэхгүй ёс буюу? Би угаас цэргийн бичгийг үзээд гүн нэвтэрсэн тул чансан алив үйлийг харин надаас асуух бөгөөтөл чи юу хэмээн намайг зогсоомуй?”. Ванпин өгүүлрүүн: “Цаньзюнь уулын дээр хүрээ байгуулсугай хэмээвээс надад таван мянган цэрэг өг! Би өөрөө уулын баруунд өөр нэгэн хүрээ байгуулж тулга болгосугай! Хэрвээ Вэй улсын цэрэг ирвээс харилцан туслалцаж болмуй” Масу үг дагахгүй бүхийд гэнэт уулын дотор суусан иргэн сүрэг сүргээр ирж хэлрүүн: “Вэй улсын цэрэг нэгэнт хүрч ирэв” хэмээмүй. Ванпин “Одсугай!” хэмээхэд Масу өгүүлрүүн: “Чи миний цаазыг дагахгүй болбоос чамд таван мянган цэрэг өгсүгэй! Чи уулнаас бууж өөрөө хүрээ байгуулагтун! Би Вэй улсын цэргийг эвдэлсний хойно чансангийн өмнө хүрсэн цагт гавьяа тэмцэж эс болмуй” хэмээв. Ванпин цэрэг аваад уулнаас арван газрын үзүүрт одож хүрээ байгуулаад, зураг зурж шөнө дөлөөр хүн зарж “Чансанд мэдүүл!” хэмээн илгээв. Масу өөрөө уулын дээр хүрээ буудаллажээ.
Тэндээс Сыма И хотын дотор аж хоёрдугаар хөвгүүн Сыма Жаог өмнө замд мэдээ авахаар илгээгээд хэрвээ Зетинд цэрэг сахиж аваас “Цэргийг зогсоож битгий явуул!” хэмээсэнд Сыма Жао зарлалыг хүлээн одож нэгэн зэрэг цагдаж үзээд эгж эцэгтээ золгож өгүүлрүүн: “Зетинд сахисан цэрэг байна” хэмээсэнд Сыма И шүүрс алдаж өгүүлрүүн: “Жугө Лян үнэхээр сахиусан хүн, би хүрэхгүй” хэмээжээ. Сыма Жао инээж хэлрүүн: “Эцэг юунд өөрийн биеийг бууруулмуй? Хөвгүүн би санахад Зетинг авахад хялбар бөлгөө”. Сыма И асуун өгүүлрүүн: “Чи юун аймшиггүй ийм их үг гаргамуй?”. Сыма Жао өгүүлрүүн: “Хөвгүүн би биеэр одож үзвээс замд огт цэргийн хүрээ үгүй, цөм уулын дээр баймуй. Тийнхүү эвдэж болохыг мэджээ” Сыма И ихэд баярлан өгүүлрүүн: “Хэрвээ цэрэг үнэхээр уулан дээр аваас тэнгэр надаар гавьяа бүтээлгэх болой” хэмээгээд даруй хувцас халаад зуу илүү морьтонг авч өөрийн биеэр үзэхээр ирэв. Тэр шөнө тэнгэр тунгалаг бөгөөд сар гэгээн тул шууд уулан доор хүрч нэгэн зэрэг тойрч үзээд эгсүгэй хэмээхэд Масу уулан дээрээс үзээд инээж өгүүлрүүн: “Тэр хэрвээ амьдрах хэмээвээс уулыг хаахаар ирэхгүй” хэмээгээд даруй олон жанжинд цааз зарлан “Дайсны цэрэг ирэхүл уулын дээр улаан тугийг даллаваас дөрвөн биеэс бууж байлд!” хэмээв.
Тэндээс Сыма И хүрээндээ эгж ирээд хүн зарж “Ямар зэргийн жанжин цэрэг авч Зетинг сахисан буй” хэмээн мэдээ авахаар илгээсэн хойно удалгүй хойш мэдүүлрүүн: “Малянгийн дүү Масу болой” хэмээжээ. Сыма И инээн өгүүлрүүн: “Хоосон нэрийн төдий бул цул хүн болой. Кунмин энэ зэргийн ардыг хэрэглэвээс хэрхэн их хэрэг саатуулахгүй болж болмуй?” хэмээгээд бас асууруун: “Зетингийн хоёр этгээдэд бус цэрэг буй уу?” Харуулын хүн хэлрүүн: “Уулын баруунд арван газрын эцэст Ванпингийн цэрэг буужээ”. Сыма И даруй Жанхөг нэгэн салааны цэрэг авч “Ванпингийн ирэх замыг тосогтун!” гээд бас Шөньдань, Шөнь Ид хоёр анги цэрэг өгч “Уулыг хааж урьд ус зөөх замыг таслаад Шу улсын цэрэг өөрөө самуурсны хойно мөн тухайд байлдагтун!” хэмээн тэр шөнө улируулан тогтоов. Жич өдөр гэгээрмэгц Жанхө цэрэг авч урьд хойд биед очив. Сыма И их цэрэг авч нэгэн цугаар ороод уулыг тойрон хаав. Масу уулын дээрээс үзвээс Вэй улсын цэрэг уулыг бүтээн талыг бүрхэж туг хиур жагсаасан нь тэгш сүртэй тул Шу улсын цэрэг үзээд цөм цөс хэмхэрч айж уулнаас буухгүй бүхийд Масу улаан тугийг далласанд жанжин цэрэг харилцан түлхэн татгалзаад нэг хүн ч хөдлөхгүй. Масу ихэд хилэгнэж өөрийн бие хоёр хүнийг алсны хойно олон цэрэг сая айн эмээж аргагүй уулнаас бууж байлдахад Вэй улсын цэрэг баахан ч хөдлөхгүй тул Шу улсын цэрэг дахин эгж ууланд гарав. Масу үйл бүтэхгүйг мэдээд цэргийн хүнийг хүрээний хаалгыг батлан сахиж гагц гаднаас туслах цэрэг ирэхийг хүлээсүгэй хэмээн зарлав.
Тэндээс Ванпин Вэй улсын цэрэг ирснийг мэдээд цэрэг авч байлдахаар ирвээс төв хэмээн Жанхөд учран хэдэн арван удаа байлдсан хойно хүч мохож тэнхээ буураад аргагүй эгэв. Вэй улсын цэрэг луу цагаас нохой цаг болтол хаасанд уулан дээр усгүй тул цэргийн хүн олж идэхгүй, хүрээний дотор ихэд самуурч хашхиралцан агсаар шөнийн дунд хүрэхэд уулын өмнө талын Шу улсын цэрэг хүрээний хаалгыг нээгээд уулнаас бууж Вэй улсад дагахыг Масу зогсоон эс чаджээ. Сыма И бас хүн илгээж уулыг дагаж гал тавиулсан тул уулан дээрх Шу улсын цэрэг нэн самуурав. Масу санаваас сахиж чадахгүй болсон тул үлсэн цэргийг авч уулнаас бууж баруунш буруулахад Сыма И нэгэн их зам тавьж Масуг гаргав. Арын хойноос Жанхө цэрэг авч нэхэж ирээд гучин хэдэн газар гарсанд өмнөдөд хэнгэрэг харангын дуу цугаар дуугаран нэгэн багийн цэрэг гарч Масуг тавин гаргаад Жанхөг тосов. Үзвээс Вэй Янь болой. Дам илдийг хөндлөн бариад шууд Жанхөг зүглэн ирэв. Жанхө үзээд цэрэг эгүүлэн буруулан явахад Вэй Яньгийн цэрэг дахин Зетинг булаагаад бас нэхэж тавин газар одсон хойно хашхирах дуу гаран хоёр этгээдээс бүгсэн цэрэг гарч ирэв. Зүүнээс Сыма И, баруунаас Сыма Жао, Вэй Яньгийн арын хойноос ирж дүгрэглэн хаасан хойно Жанхө бас эгж ирээд гурван замын цэрэг нэгэн хамт болжээ. Вэй Янь хөндлөн гулд байлдавч бие гарч чадахгүй. Цэргийн их хагас хохироод төв цухал бүхийд гэнэт нэгэн багийн цэрэг алж ирэв. Тэр Ванпин ажгуу. Вэй Янь үзээд ихэд баярлаж өгүүлрүүн: “Би олж эдгэв” хэмээгээд хоёул хамт болж ихэд байлдсанд Вэй улсын цэрэг сая эгэв. Хоёр жанжин яаран хүрээндээ эгж үзвээс хүрээний дотор цөм Вэй улсын туг хиур хатгажээ. Хүрээний дотроос Шөньдань, Шөнь И цэрэг авч байлдахаар гарав. Вэй Янь, Ванпин даруй Ле Лючэнгийп зүг Гаосяныг эрэхээр одов. Тэр цагт Гаосян Зетинг автав хэмээн сонсож цэргийг дуусган авч туслахаар ирэх замд Вэй Янь, Ванпинд учраад өмнө хэргийг хэлсэнд Гаосян өгүүлрүүн: “Энэ үдэш Вэй улсын хүрээг дарахаар одож Зетинг авахад хүрэхгүй” хэмээн гурвуул уулын хөтлийн доор зөвлөж тогтоод үдэш болмогц цэргийг гурван замаар хуваан Вэй Янь урагш Зетинд хүрвээс нэг хүн ч үзэгдэхгүй үүнд сэжиглэж орсонгүй. Замын хажууд бүгээд хүлээж байтал гэнэт Гаосянгийн цэрэг хүрч ирсэнд хоёул Вэй улсын цэрэг аль газар байхыг мэдэхгүй бөгөөд Ванпингийн цэрэг хүрч ирэх нь бас үзэгдэхгүй, сэжиглэн атал гэнэт буун дуу гармагц галын гэрэл мандаад Вэй улсын цэрэг хэнгэрэг дэлдэн нэгэн цугаар байлдахаар ирээд Вэй Янь, Гаосяныг дундад хаав. Хоёул урагш хойш байлдавч гарч чадахгүй бүхийд гэнэт уулын хойно хашхирах дуу аянга мэт гараад нэгэн салааны цэрэг алж ирэв. Тэр Ванпин болой. Вэй Янь, Гаосян хоёулыг авран гаргаж шууд Ле Лючэнгийн зүг буруулж хотын доор хүртэл хотын хажуудаас нэгэн багийн цэрэг ирэв. Туганд “Вэй улсын Дүдү Гуохуай” хэмээн бичжээ. Үзвээс Гуохуай, Цаожэнь лүгээ зөвлөж Сыма Иг бүрнээ гавьяа олуузай хэмээн даруй цэрэг салган Зетинг авахаар ирсэн аж. Сыма И, Жанхө нэгэнт энэ гавьяаг бүтээснийг сонсоод даруй цэрэг авч Ле Лючэнг авахаар ирэхэд төвхийтэл гурван жанжинд учраад нэгэн зэрэг алалцсанд Шу улсын цэргийн дотор шархадсан нь маш үлэмж болсон тул Вэй Янь Ян Пингуаньг алдуузай хэмээн яаран Ванпин, Гаосянгийн хамт Ян Пингуань боомтын зүг ирэв.
Тэндээс Гуохуай цэргээ хурааж ойрхи ардын зүг өгүүлрүүн: “Би хэдий Зетинг олсонгүй боловч Ле Лючэнг олсон нь мөн их гавьяа болой” хэмээгээд шууд хотын доор ирж хаалгыг нээ хэмээн дуудахад хотын дээр буун дуу нэгэнт гартал туг хиурыг цөм босгоод өмнөх нэгэн туганд “Барууныг түвшитгэх Дүдү Сыма И” хэмээн бичжээ. Сыма И биеийг хамгаалах хэрсгийг түшиж ихэд инээн өгүүлрүүн: “Гуо Бозигийн113 ирсэн нь юунд ийм удав” хэмээжээ. Гуохуай үзээд дотроо цочиж хэлрүүн: Жүндагийн114 сахиусан мэт аргад би хүрэхгүй” хэмээгээд даруй хотод орж золгосны хойно Сыма И өгүүлрүүн: “Эдүгээ Зетинг нэгэнтээ алдсанд Жугө Лян эрхгүй одмуй. Чи түргэнээ Зыданьгийн хамт шөнө дөл нэхвээс зохимуй”. Гуохуай үг дагаж хотоос гарч одсоны хойно Сыма И Жанхөг дуудаж өгүүлрүүн: “Зыдань, Бози намайг бүрнээ их гавьяа олох болов уу хэмээн тийнхүү энэ хотыг авахаар иржээ. Би ганцаар бүрэн гавьяа байгуулсугай хэмээсэнгүй. Завшаанд бүтээсэн болой. Би бодвоос Вэй Янь, Ванпин, Масу, Гаосян нар эрхгүй урьдаар Ян Пингуань боомтод одож сахьмуй. Би хэрвээ энэ боомтыг авахаар одвоос Жугө Лян эрхгүй миний хойноос байлдахаар ирмүй. Тийм болохул түүний аргад унамуй. Цэргийн бичигт өгүүлсэн нь “Эгэх цэргийг битгий дарагтун! Мохсон дайсныг битгий нэхэгтүн!” хэмээжээ. Чи бага замаар дөтлөн одож Зигү завын цэргийг эгүүл! Би цэрэг авч Сегү завын цэргийг тосохоор одмуй! Хэрвээ дайсан буруулан явбаас байлдаж болохгүй. Гагц Шу улсын цэргийн замыг тосвоос түүний ачаа хөсгийг дуустал олох болой”. Жан хө аргыг хүлээн цэргийг хагас авч одов. Сыма И цааз зарлан: “Сегү завыг авахаар одоход Сичэн хотоор явсугай! Сичэн хот хэдий уулын доторх бага хошуу боловч Шу улсын амуу хураасан газар бөгөөд Нань ань, Тяньшүй, аньдин гурван хотын их зам бөлгөө. Тэр хотыг олсонд гурван хотыг дахин авч болмуй” хэмээгээд Сыма И Ле Лючэн хотыг сахь хэмээн үлдээгээд өөрийн бие их цэрэг авч Сегү завын зүг одов.
113 Гуохайгийн өргөсөн нэр
114 Сыма Игийн өргөсөн нэр
Тэндээс Кунмин, Масу нарыг Зетинг сахиулахаар илгээсэн хойно дотор амаргүй бүхийд гэнэт “Ванпин хүн зарж хүрээний зургийг хүргэж иржээ” хэмээмүй. Кунмин дуудан оруулсанд ойр дахь ард зургийг өргөвөөс Кунмин нээж үзээд ихэд цочиж ширээг цохин өгүүлрүүн: “Масу мэдэлгүй миний цэргийг шавартуулав” хэмээжээ. Ойр дахь ард учрыг асууруун: “Чансан юунд ихэд цочив?”. Кунмин өгүүлрүүн: “Би энэ зургийг үзвээс цухал замыг гээгээд уулын дээр хүрээ байгуулжээ. Хэрвээ Вэй улсын цэрэг ирж дөрвөн зүгийг хааж, ус авах замыг тасалсанд хоёр өдөр болохгүй цэрэг өөрөө самуурмуй. Хэрвээ Зетинг алдсанд бид яахан эгж чадмуй?”. Чанши түшмэл Ян И өгүүлрүүн: “Би хэдий эрдэмгүй боловч ма Ючанг халахаар одохыг хүсмүү” гэхэд Кунмин даруй хүрээ байгуулах аргыг нэг нэгээр Ян Ид сурган мордуулсугай!” хэмээн атал гэнэт хүн ирж хэлрүүн: “Зетин, Ле Лючэн цөм автав” хэмээсэн хойно Кунмин хөл дэвхцэж урт шүүрс алдаж өгүүлрүүн: “Их үйл нэгэнтээ барав. Энэ нь цөм миний эндүүрэл болой” хэмээгээд яаран Гуаньсин, Жанбаог дуудаж сурган өгүүлрүүн: “Та хоёул өөр өөрийн гурван мянган цэргийг авч Ү Гүн Шань уулын бага замаар оч! Вэй улсын цэрэгт учирваас битгий ихэд байлд! Гагц хэнгэрэг дэлдэж хашхираад сэжиглэлийн цэрэг болговоос Вэй улсын цэрэг өөртөө буруулмуй. Түүнийг бас ч нэхэж болохгүй. Тэдгээрийн цэрэг эгж дууссан хойно даруй Ян Пингуань боомтод очигтун!” хэмээв. Бас Жан Игээр урьд цэрэг авч “Зяньгөг засаж буцах замыг бэлтгэ!” хэмээн илгээгээд бас нууц цааз зарлаж “Их цэргийг сэмээр ачаа хөсгийг дүүргэж мордохыг бэлтгэгтүн!” хэмээж, Мадай, Зянвэйг “Хойдыг хайгуувчлан уулын зав дотор бүгээд олон цэрэг эгж дуусахыг хүлээн сая цэрэг хураагтун!” хэмээн явуулаад бас сэтгэл зүрхний хүнийг гаргаж зам хуваан Тяньшүй, Нань Ань, Наньдингийн гурван хотын түшмэл цэрэг иргэнийг цөм Ханьжунд ор хэмээв. Бас нот хүнийг Зисяньд зарж Зянвэйгийн хөгшин эхийг нүүлгэн Ханьжунд хүргэсүгэй!” хэмээн Кунмин ялган салган тогтоосны хойно өөрийн бие таван мянган цэрэг авч Сичэн хотод ороод амуу өвсийг зөөлгөж бүхийд нэгэн дараа хэд хэдэн зэрэг харуулын хүн нисэх мэт ирж хэлрүүн: “Сыма И арван таван түмэн их цэрэг авч Сичэнгийн зүг зөгий мэт сүрэглэн айсуй” хэмээжээ. Тэр цагт Кунмингийн дэргэд гагц бичгийн түшмэдээс бус их жанжин үгүй. Эл дагуулсан таван мянган цэргийн хагасыг бас хуваагаад амуу зөөлгөхөөр илгээгээд гагцхүү хоёр мянга таван зуун цэрэг хот дотор баймуй. Олон түшмэд тэр мэдээг сонсоод цөм царай хувилж бүхийд Кунмин хэрмийн дээр гарч үзвээс үнэхээр тоос тор огторгуй тулаад Вэй улсын цэрэг хоёр замаар Сичэнгийн зүг ирмүй. Кунмин даруй олон жанжин нарт: “Тугийг цөм нууж цэргийн хүнийг тус тус хотыг сахь! Хэрвээ дэмий гарч орж явах ба их дуугаар хэлэлцэгсэд байвал түүнийг зогсоогоор алмуй!” хэмээн цааз зарлаад дөрвөн хаалгыг цайтал нээж нэгэн хаалга бүрт хорин цэргийн хүнийг иргэний ёсоор хувьсган өмсгөж зээлийг шүүрдүүлэв. “Хэрвээ Вэй улсын цэрэг хүрч ирсэнд дэмий битгий хөдлөгтүн! Надад сайн арга буй” хэмээгээд Кунмин бумбын хувцас, хэвт малгайг өмсөөд хоёр бага хөвгүүнд ятга бариулан хотын асарт дагуулан гарч дэлдэвчид түшиж суугаад хүж шатааж ятга тоглов.
Тэндээс Сыма Игийн өмнөд цэрэг хотын доор хүрч ирээд тэр байдлыг үзээд цөм болгоомжлон орохгүй, яаран Сыма Ид хэлэхээр одсоны хойно Сыма И инээж итгэхгүй. Даруй цэргийг зогсоож өөрийн бие морь довтолгон ирээд холоос үзэхэд үнэхээр Кунмин хотын асар дээр сууж баярын царайгаар хүж шатааж ятга дэлдэж амуй. Зүүн этгээдэд нэгэн хөвгүүн эрдэнийн илд өргөн, баруун этгээдэд нэгэн хөвгүүн ялааны гөвүүр барьж зогсоод хаалганы дотор гадна хорь илүү хүн тэргүүнийг дарж зээлийг шүүрдээд хажууд огт хүнгүй мэт. Сыма И үзэж дуусаад ихэд сэжиглэн эгж цэргийн дотроо ороод хойд цэргийг өмнө, өмнө цэргийг хойд болгож хойд уулын замыг зүглэн эгэхэд хоёрдугаар хөвгүүн Сыма Жао өгүүлрүүн: “Харин Жугө Лянд цэрэггүй болоод тусгай ийм байдлыг гаргасан бус уу? Эцэг юунд даруй цэрэг эгмүй?”. Сыма И өгүүлрүүн: “Жугө Лян нэг насандаа хичээнгүй болгоомжтой хүн тул огт хөнгөвчлөн үйлдэхгүй бөлгөө. Эдүгээ хотын хаалгыг нээсэн нь эрхгүй бүгсэн цэрэг буй. Бидний цэрэг орсонд түүний аргад унах болой. Таны зэргийн ард юуг мэдмүй? Түргэн эгтүгэй!” хэмээгээд хоёр замын цэрэг цөм эгж одов. Кунмин Вэй улсын цэрэг хол одсоныг үзээд алгаа дэлдэн инээхэд олон түшмэд цөм гайхаж даруй Кунмингаас асууруун: “Сыма И болбоос Вэй улсын нэртэй жанжин, өнөө арван таван түмэн их цэргийг авч энд хүрч ирээд чансанг үзмэгц даруй эгсэн нь ямар учир болой?”. Кунмин өгүүлрүүн: “Тэр намайг ер хичээнгүй, болгоомжтой, хэрхэвч ийм бэрх үйлсийг хийхгүй, энэ байдлыг үзэхэд лав бүгсэн цэрэг буй хэмээн сэжиглэж эгсэн бөлгөө. Би ийм түгшүүрийг үйлдэх нь бус. Харин аргагүйдээ хэрэглэсэн болой. Тэр эрхгүй цэрэг авч уулын хойд замаар цэрэг одсон буй. Би нэгэнтээ Гуаньсин, Жанбаог илгээж хүлээлгэсэн бөлгөө” хэмээсний хойно олон цөм биширч өгүүлрүүн: “Чансангийн бодлогыг чөтгөр хувилгаан цөм мэдэхгүй. Хэрвээ бидний биед асан бөгөөс хэдийн хотыг гээж одсон бөлгөө” Кунмин өгүүлрүүн: “Манай цэрэг гагц хоёр мянга таван зуу буй. Хэрвээ хотыг гээж буруулбаас хол одож чадахгүй цөм Сыма Ид баригдахгүй үү?” хэмээн хэлэв.
Хожмын хүний магтсан шүлэг:
“Ширхэгт ятгыг чавхдан баатар цэргийг дийлж
Сичэнгийн газар Жугө Лян дайсныг ухруулсан үе
Арван таван түмэн цэргийг хууран эгүүлснийг
Ард иргэн нь эдүгээ болтол гайхмуй”
Тэгээд алга ташиж инээн өгүүлрүүн: “Би хэрвээ Сыма И болбоос яавч даруй эгэхгүй” хэмээгээд даруй цааз зарлан “Сичэнгийн зуун овгийн иргэнийг цэргийг дагаж Ханьжунд ор! Сыма И удалгүй дахин эгж ирмүй” хэмээв. Түүнээс Кунмин Сичэнгээс мордож Ханьжунгийн зүг одоход Тяньшүй, Нань ань гурван хотын түшмэд цэрэг иргэн дараагаар ирэв.
Тэндээс Сыма И, Ү Гүн Шань уулын бага замаар одоход гэнэт сонсвоос уулын хойно хэнгэргийн дуу тэнгэр дүүрэн хашхирах үймээнд газар нурах адил тул хойш хандан хоёр хөвгүүний зүг хэлрүүн: “Би хэрвээ эгсэнгүй болбоос эрхгүй Жугө Лянгийн аргад унамуй?” хэмээгээд үзвээс их зам дээр нэгэн багийн цэрэг байлдахаар ирмүй. Туганд “Баруун этгээдийн Хүвэй жанжин Жанбао” хэмээн их үсгээр бичжээ. Вэй улсын цэрэг цөм цочиж хуяг дуулга, жад илдийг гээж буруулаад нэгэн газар одсонгүй уулын завын дотор хашхирах дуу гарч хэнгэрэг харанга дуугарч өмнө биеийн их туганд “Зүүн этгээдийн лунсян жанжин Гуаньсин” хэмээн бичиж амуй. Уулын зав дууг туслахад Шу улсын цэрэг хэдий байхыг мэдэхгүй. Нэн бас Вэй улсын цэрэг сэжиглэх тул удаан байж чадахгүй цөм ачааг гээж одов. Гуаньсин, Жанбао сургасныг дагаж нэхсэнгүй. Цэргийн зэвсэг амуу өвсийг ихэд олж эгэв. Сыма И уулын завд цөм Шу улсын цэрэг буй тул айж их замд гарсангүй. Даруй Зетинд эгжээ. Тэр цагт Цаожэнь Кунмингийн цэрэг эгснийг сонсож яаран цэрэг авч нэхэхээр ирэхэд уулын хойноос нэгэнтээ буун дуу гармагц Шу улсын цэрэг уул талыг бүрхтэл ирэв. Тэргүүлсэн жанжин Зянвэй, Мадай ажгуу. Цаожэнь гэлмэж даруй цэргийг эгүүлтэл гавшгай Чэнь Зао хэдийн Мадайд алагдсан тул Цаожэнь хулгана мэт оргон дутаав. Шу улсын цэрэг тэр шөнөдөө Ханьжунд оров.
Тэндээс Жао Юнь, Дөнжы Зигү завд бүгж асанд Кунмингийн “Цэрэг эгэгтүн!” хэмээн зарласныг сонсоод Жао Юнь Дөнжыд өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг бидний цэргийг эгэхийг мэдвээс эрхгүй нэхэж ирмүй. Чи урьд нэгэн анги цэрэг авч миний тугийг өргөөд алгуур эгэгтүн! Би дэвшилхийлэн дагаж хамгаалан хүргэсүгэй!” хэмээв.
Тэндээс Гуохуай цэрэг авч Зигү завд эгж ирээд гавшгай Сү Юнг дуудаж өгүүлрүүн: “Шу улсын жанжин Жао Юньгийн баатарт тэнцэх хүнгүй тул чи сайтар сэргийл! Түүний цэрэг эгвээс эрхгүй арга буй” гэхэд Сү Юн ойшоохгүй хэлрүүн: “Дүдү надад туслах болохул би Жао Юнийг амьд барьсугай!” хэмээн өгүүлээд өөрийн харьяат гурван мянган цэргийг авч Зигү завд ороод Шу улсын цэргийг нэхэж гүйцтэл уулын хөтлийн хойдоос цагаан үсэгт улаан туг илрэв. Тугийн дээр Жао Юнь хэмээн бичжээ. Сү Юн үзээд яаран цэрэг хурааж хэдэн газар одсонгүй. Хашхирах дуу ихэд гарч нэгэн багийн цэрэг дайран ирэв. Тэргүүлэгч их жанжин жад барьж морь довтолгон өндөр дуугаар зандран өгүүлрүүн: “Чи Жао Зылуныг танимуй уу?”. Сү Юн ихэд цочиж өгүүлрүүн: “Яахан энд бас нэгэн Жао Юнь байх аж?” хэмээгээд гар хөл хөдлөн завдсангүй Жао Юньд жадлагдаж мориноос унав. Үлдсэн цэрэг цөм сарнижээ. Жао Юнь цэрэг хураан урагш давшин атал арын хойноос бас нэгэн анги цэрэг хүрч ирэв. Энэ Гуохуайгийн доорх жанжин Ваньжэн болой. Жао Юнь Вэй улсын цэрэг нэхэх түргэнийг үзээд морио татаж жад барин замд зогсоод ирэх жанжинг хүлээн байлдсугай хэмээжээ. Энэ үес Шу улсын цэрэг нэгэнтээ гучин газар илүү явжээ. Ваньжэн Жао Юнийг таниад айж урагшилсангүй. Жао Юнь гэгээ тасартал хүлээгээд сая морь буцааж алгуур одов. Гуохуайгийн цэрэг хүрч ирсэн хойно Ваньжэн хэлрүүн: “Жао Юньгийн баатар хүчирхэг угийн ёсоор тул би урагш орсонгүй” хэмээсэнд Гуохуай: “Хурдан нэхэгтүн!” хэмээн зарласанд Ваньжэн хэдэн зуун идэр морьтонг авч нэхсээр нэгэн их шугуйд хүрэхэд гэнэт арын хойноос өндөр дуугаар зандаж өгүүлрүүн: “Жао Зылун энд буй!” хэмээхэд Вэй улсын цэрэг цочиж мориноос унасан нь зуу илүү хүн буй. Үлдсэн нь цөм уулыг давж буруулав. Ваньжэн хатуужин байлдахаар ирсэнд Жао Юньгийн харвасан нэгэн зэвд дуулга оногдсоноор цочиж уул завын усанд унав. Жао Юнь жадаар зааж өгүүлрүүн: “Би түр чиний амийг хэлтрүүлсү! Эгж Гуохуайг түргэнээ нэхэж ир хэмээгтүн!” хэмээхэд Ваньжэн сая амь гарч одов. Жао Юнь тэрэг морийг хамгаалж Ханьжунгийн зүг одоход зам гудаст огт гээж адсангүй болой. Цаожэнь, Гуохуай гурван хотыг булаан аваад өөрийн гавьяа болгов.
Тэндээс Сыма И цэрэг хувааж одтол энэ үес Шу улсын цэрэг цөм Ханьжунд эгжээ. Сыма И цэрэг авч дахин Сичэнд ирээд үлдсэн иргэн ба ууланд нуусан ардаас асууваас цөм хэлрүүн: “Кунминд гагц хоёр мянга таван зуун цэрэг хотын дотор асан бөгөөтөл жанжин ч үгүй. Хэдэн бичгийн түшмэдээс өөр бүгсэн цэрэг үгүй болой” хэмээмүй. Ү Гүн Шань уулын өчүүхэн иргэд хэлрүүн: “Гуаньсин, Жанбаод тус бүр гурван мянган цэрэг байж уулыг тойрч хашхиран хэнгэрэг дэлдэн нэхсэн цэргийг айлгасан боловч өөр цэрэггүй тул айж байлдсан ч үгүй” хэмээв. Сыма И ихэд гэмшиж тэнгэрийн зүг хандан шүүрс алдаж өгүүлрүүн: “Би Кунминд хүрэхгүй болой” хэмээгээд даруй газар газрын цэрэг иргэнийг тогтоож Чан Аньд эгээд Вэй улсын эзэнд золгосон хойно Цаорүй өгүүлрүүн: “Эдүгээ Лунсигийн олон хотыг дахиж олсон нь цөм сайд чиний гавьяа болой”. Сыма И айлтган өгүүлрүүн: “Өнөө Шу улсын цэрэг цөм Ханьжунд аж. Дуусган сөнөөгөөгүй тул сайд би их цэргийг аван бүгд хүчээр Сычуаньгийн газрыг хураагаад хаанд хариулсугай!”. Цаорүй ихэд баярлаж Сыма Иг “Даруй цэрэг байгуулагтун!” хэмээхэд гэнэт зэргээс нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Шу улсыг тогтоон ү улсыг дагуулж болмуй” хэмээжээ. Энэ чухамхүү:
“Шу улсын жанжин түшмэд сая улсад эгтэл
Вэй улсын эзэн сайд бас бодлогод бардамнамуй”
Эгнэгт ямар арга өргөхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )