Гурван улсын үлгэр | 96 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  96 ДУГААР БҮЛЭГ

 

КУНМИН НУЛИМСЫГ АРЧААД МАСУГ АЛСАН

ЖОУФАН ГЭЗГЭЭ ОГТОЛЖ ЦАОСЮГ ХУУРСАН

 

Өгүүлэх нь: Арга өргөсөн нь Шаншу түшмэл Сүньзы болой. Цаорүй асууруун: “Сайд чамд ямар сайн арга буй?”. Сүньзы айлтгаж өгүүлрүүн: “Эрт тайзу Ү хуанди Жанлүг хураах үес бэрхийн хойно чаджээ. Үргэлж олон түшмэдэд өгүүлрүүн: “Наньжэньгийн газар үнэхээр тэнгэрийн зохиосон уул бөгөөд доторх сегүгийн зам нь таван зуун газрын чулуун эл тул цэрэг хэрэглэх газар бус” хэмээжээ. Эдүгээ дэлхий дахины цэргийг дуусган хөдөлгөж Шу улсыг байлдваас Зүүн Ү улс басхүү хулган ирмүй. Харин эдүгээ бүхий цэргийг хуваан их жанжингаар хавцал ам чухал газрыг сахиулж хурц сүрийг тэжээсэнд хэдэн жил болохгүйгээр дундад орон мандаад Шу, Ү хоёр улс эрхгүй харилцан хорлолцмуй. Тэр цагт хичээвээс санаснаас өнгөрөх бус уу?” Эзэн айлтган тогтоохыг хүсмүү” хэмээсний хойно Цаорүй даруй Сыма Игээс асууруун: “Энэ үг ямар буй?”. Сыма И айлтгаж өгүүлрүүн: “Сүнь Шаншугийн өгүүлсэн нь маш зүй” хэмээсэнд Цаорүй үг дагаад Сыма Ид тушааж олон жанжин нарыг хуваан салгаж хавцал ам чухал газрыг сахихаар илгээгээд Гуохуай, Жанхөг үлдээж Чан анийг сахиулж олон цэрэгт ихэд шагнаад хаан Луо Янд эгэв.

Тэндээс Кунмин Ханьжунд эгж жанжин цэргийг байцаан үзвээс гагцхүү Жао Юнь, Дөнжы дутуу тул дотроо маш зовж Гуаньсин, Жанбаог “Тус бүр цэрэг авч угтахаар од!” хэмээсэнд хоёул сая модсугай гэтэл хүн ирж хэлрүүн: “Жао Юнь, Дөнжы хүрч ирэв. Хүн морь нэг ч хохирсонгүйн дээр хөсөг зэвсгийг бас ч гээсэнгүй хэмээмүй” хэмээсэнд Кунмин ихэд баярлаж биеэр олон жанжин нарыг авч угтахаар гарсанд Жао Юнь яаран мориноос буугаад газарт сөгдөж өгүүлрүүн: “Дарагдсан цэргийн жанжин юунд чансанг зовоож хол угтуулмуй?” хэмээсэнд Кунмин яаран өргөж босгон гарыг барьж өгүүлрүүн: “Энэ миний мэргэн мунхагийг таньсангүйд иймд хүрүүлсэн нь болой. Олон замын жанжин цэрэг дарагдаж хорогдовч гагц Зылунгийн нэгэн хүн нэг морь ч хохирсонгүй нь юу болой?”. Дөнжы хэлрүүн: “Би цэрэг авч урд яваад Зылун ганцаар хойдыг хайгуувчилж жанжинг алж гавьяа байгуулсанд дайсны цэрэг айн эмээжээ. Тийнхүү цэргийн хэрэгслийн зүйл огт алдаж гээгдсэнгүй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Үнэхээр жанжин болой” хэмээгээд даруй алт тавин жинг авч Жао Юньд өгөөд бас шу торго нэгэн түмэн энтэйг Жао Юньгийн харьяат олон цэрэгт шагнасанд Зылун маргаж өгүүлрүүн: “Олон цэрэгт ямхын төдий гавьяагүй бөгөөд манай зэргийн ардад цөм ял буй дээр гэдрэг шан хишиг хүртээх нь чансангийн шагнах яллах ялгалгүй болмуй. Түр гууд хураагаад өвөл болсон хойно олон цэрэгт өгөхөд оройтохгүй” хэмээсэнд Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Урьд эзэн бүхий цагт үргэлж Зылунгийн эрдмийг магтах бөлгөө. Эдүгээ үнэхээр мөн аж” хэмээгээд нэн хувь нэмж хүндлэв.

Түүнээс гэнэт хүн ирж хэлрүүн: “Масу, Ванпин, Вэй Янь, Гаосян хүрч ирэв” хэмээсэнд Кунмин урьд Ванпинийг дуудаж цацарт оруулаад буруушааж өгүүлрүүн: “Би чамайг Масугийн хамт Зетинг сахиулсан атал чи юунд хориглохгүй хэрэг алдахад хүрүүлсэн буй?”. Ванпин өгүүлрүүн: “Би дахин давтан дуртгаж “Зам хааж шороон хот цогцлоон хүрээ байгуулж сахьсугай!” хэмээвээс Цаньзюнь ихэд хилэгнэж үгийг дагахгүй, тийнхүү би таван мянган цэрэг авч уулнаас арван газрын эцэст хүрээ байгуулсан бөлгөө. Вэй улсын цэрэг гэнэт хүрч ирээд уулын дөрвөн зүгээс хаасанд би арван хэдэн зэрэг шавдуулан байлдавч цөм орж чадсангүй. Жич өдөр нурж ваар хагарах адил дагасныг нь тооловч барахгүй. Миний гагц цэрэг зогсооход бэрх болсон тул Вэй Вэньчангаар туслуулсугай хэмээн эрэхээр одоход замын зуур бас Вэй улсын цэрэгт уулын завын дотор хаагджээ. Би үхэн байлдаж гараад хүрээнд хүртэл хэдий Вэй улсын цэрэг эзлэв. Ле Лючэнгийн зүг одсонд замд Гаосян учраад цэрэг салган гурван замаар Вэй улсын хүрээг дарахаар орж Зетинг эгүүлсүгэй хэмээн одоод үзвээс Зетингийн замд огт бүгсэн цэрэг үгүй тул сэжиглэж өндөр газарт гарч анхаарваас Вэй Янь, Гаосян Вэй улсын цэрэгт хаагджээ. Үүнд би даруй зузаан хаасан газарт алж орон хоёр жанжныг гаргаад Цаньзюнь лүгээ хамт нийлэв. Би бас Ян Пингуань боомтыг автуузай хэмээн айж яаран эгж сахиснаас эс хориглосон нь бус болой. Чансан хэрвээ итгэхгүй болбоос олон жанжин нараас асуумуй!” хэмээжээ. Кунмин зандарч эгүүлээд бас Масуг дуудан оруулбаас Масу өөрийн биеийг хүлээд цацрын өмнө сөгдөв. Кунмин царай хувилж өгүүлрүүн: “Чи багаас цэргийн бичгийг цадтал үзээд байлдах аргыг боловсорсон бөгөөд би бас дахин давтан сургаж сайхан болгоомжил! Зетин болбоос бидний үндсэн газар хэмээснийг чи чиний гэрийн бүхний амийг холбож энэ хүнд тушаалыг хүлээжээ. Чи хэрвээ Ванпингийн үгийг сонссон болохул хэрхэн ийм зовлон гарах аж. Эдүгээ цэрэг дарагдан жанжин хохироод газрыг алдаж хотыг автсан нь цөм чиний эндүүрэл болой. Хэрвээ цэргийн цаазаар аваачихгүй болбоос яахан олныг дагуулмуй? Өнөө чи цаазаас зөрчсөн тул надад битгий гомдогтун! Чамайг үхсэн хойно чиний хүүхэд эмд сар бүр ёсоор пүнлүү олгуулан өгсүгэй! Чи битгий сэтгэл зовогтун!” хэмээн өгүүлээд зүүн баруун этгээдийн ардыг зандарч “Түлхэн гаргаж ал!” хэмээхэд Масу нулимс унагаж өчрүүн: “Чансан намайг хөвгүүн мэт үзсэн бөгөөд би чансанг эцгийн адил болгожээ. Миний үхэх ял үнэхүү хэлтрэхэд бэрх! Гуйх нь чансан Шүнь хаан Бо гүнийг алаад Юйг хэрэглэсэн115 журмыг дууриан явуулахыг хүсмүү!

115 Бо гүн ус засах ажилд амжилт олсонгүй тул Сүнь хаан түүнийг алж бас Бо гүний хүү Юй-ээр ус засуулжээ гэж домог ярианд бий.

Ийн болохул би хэдий үхэвч есөн булгийн доор хорсолгүй” хэмээгээд ихэд уйлахад Кунмин нулимсыг арчиж өгүүлрүүн: “Би чам лугаа журмыг бодвоос ах дүүгийн адил чиний хөвгүүн даруй миний хөвгүүн болой. Чи олонтоо дурьдах хэрэггүй” хэмээв. Зүүн баруун этгээдийн ард Масуг түлхэж хүрээний гадна гаргаад сая алсугай хэмээхэд Цаньзюнь түшмэл Зянвань Чөндүгээс хүрч ирсэнд цэргийн ард Масуг алсугай хэмээн ахуг үзээд ихэд цочиж өндөр дуугаар дуудруун: “Хүнийг үлдээгтүн!” хэмээн зогсоогоод орж Кунминд золгож өгүүлрүүн: “Эрт Чу улсын Чэнван Дөчөнийг алсанд Зинь улсын Вэньгүн баярлажээ116. Эдүгээ дэлхий дахин тогтоогүйн урьд бодлогот сайдыг албаас хайрхангүй хэмээмүй үү?” Кунмин нулимс унагаж өчрүүн: “Эртний Сүнь Үдэлхий дахиныг засаж чадсан нь цаазыг хэрэглэсэн гэгээнд буй. Эдүгээ дөрвөн зүг харилцан тэмцэлдээд зэр зэвсэг хэрэглэх нь сая эхэлсэн тул хэрвээ цаазыг гээвээс хулгайг яахан дийлмүй.” Удсангүй цэргийн ард яндрын доор Масугийн тэргүүнийг өргөсөнд Кунмин ихэд уйлж зогсохгүй болсны хойно Зянвань асууруун: “Өнөө Ю Чан ял халдсанд нэгэнт цэргийн цаазаар аваачсаныг чансан ямар учирт уйлмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Би Масугийн учирт уйлах бус. Би санахад эрт Бай Дичэн хотод урьд эзэн өөд болох үес надад гэрээсэлж өгүүлсэн нь “Масугийн үг үнэнээс хэтэрхий тул их хэрэгт хэрэглэвээс болохгүй!” хэмээсэн бөлгөө. Эдүгээ үнэхээр тэр үгэнд нийлэлцэв. Гагц миний бие гэгээнгүйд хорсож урьд эзний гэгээнийг санаж олоод тийнхүү уйлах нь болой”. Тэр үгэнд олон их бага жанжин цэрэг нулимс эс унагасан нь үгүй. Масу үхэх үес гучин есөн настай асан бөлгөө. Дахин бадруулагчийн зургаадугаар оны зуны дунд сар болой.

116 Чөн дөчин бол Чу улсын их жанжин мөн. Зинь улстай байлдаж ялагдсан учир улсад эгсний хойно аргагүй амиа хорложээ. Зиньвэнь гүн энэ чимээг сонсож ихэд баярлажээ.

Хожмын хүний шүлгийн үг:

“Зетинг сахиж чадсангүй алдсан ял хөнгөн бус

Масу оморхоглож цэрэг хохируулсан явдал үнэхээр гунигтай

Юаньмэнь үүднээ тэргүүнийг цавчиж цэргийн цаазыг чангатгаад

Урьд эзний гэгээнийг санаж нулимс юу арчив”

Тэндээс Кунмин Масуг алаад тэргүүнийг нь хүрээ тойруулан үзүүлсний хойно биед оёж авслан тавиад биеэр тайх бичиг бичиж тахив. Бас Масугийн эм хүүхдийг сэтгэл тавин тэтгэж сар бүр пүнлүүг ёсоор өгч тэжээжээ. Түүнээс Кунмин айлтгал бичиг бичээд Зянваньгаар: “Хоужуд айлтгаж өөрөө чансангийн тушаалыг бууруулсугай!” хэмээв. Зянвань Чөндүд эгээд Хоужуд учран Кунмингийн бодрол бичгийг өргөв. Хоужу нээж үзвээс бичгийн үг нь:

“Сайд би язгуураас эрдэмгүй бөгөөд хэр бус тушаалыг хүлээн сүх төмгийг барьж цэргийг захираад, хуулийг сургаж, цаазыг илрүүлэн чадахгүй, хэрэг тохиолдвоос айгаад Зетингийн газрыг зарлигаас зөрчиж эндэгдэл гаргасан бөгөөд Зигү завыг сэрэмжилсэнгүйгээр алдахад хүрүүлсэн нь алдагдал цөм сайд надад буй. Хүнийг таньж мэдсэнгүй. Хэрэг шийтгэхэд ихэд харанхуйн харгаа болой. Чүньцю бичигт шүүмжилсэн ялаас хэлтрэхэд бэрх, олдохул биеийг гурван зэрэг бууруулан эндсэн ялыг хийх ажаам уу! Сайд би тэнсэлгүй ичгүүрэн мэхийн хэвтэж зарлигийг хүлээж амуй” хэмээжээ. Хоужу үзэж дуусгаад өгүүлрүүн: “Дийлэх дийлэгдэх нь цэргийн энгийн үйл болой. Чансан юунд ийм үг гаргамуй” хэмээсэнд Шижун түшмэл Фэй И айлтгаж өгүүлрүүн: “Сайд би сонсвоос улсыг засагч эрхгүй цаазыг дагахыг хүнд болгомуй. Цаазыг хэрвээ явуулахгүй болбоос хүнийг яахан дагуулмуй? Чансан цэрэг дарагдаад өөрийн биеийг бууруулсан нь хам зүй болой” хэмээсэнд Хоужу үг дагаж Кунминийг баруун этгээдийн жанжинд бууруулан чансангийн үйлийг шийтгэж хуучин хэвээр цэрэг морийг ерөнхийлөн захиртугай!” хэмээн мөн Фэй Ид зарлиг бичиг бариулж Ханьжунд хүргүүлэв. Кунмин зарлиг бичгийг хүлээн буурсны хойно Фэй И Кунминийг ичгүүрүүзэй хэмээн баярлаж өгүүлрүүн: “Шу газрын иргэн цөм чансанг анхан дөрвөн хотыг авав хэмээн дуулаад ихэд баярламуй” Кунмин царай хувилж өгүүлрүүн: “Энэ ямар үг болой. Олоод дахин алдсан нь олсонгүй лүгээ адил. Авгай чи үүгээр намайг баярлах нь үнэнхүү намайг ичээх нь бус уу?”. Фэй И бас өгүүлрүүн: “Өнөө чансан Зянвэйг олов хэмээн сонсоод тэнгэрийн хөвгүүн маш баярламуй”. Кунмин хилэгнэж өгүүлрүүн: “Цэрэг дарагдаад хуяг Эгээд нэгэн ямхын газрыг олсонгүй. Энэ нь миний их ял болой. Санахад нэгээхэн Зянвэйг олсонд Вэй улсад ямар хорогдол байх буй?”. Фэй И бас өгүүлрүүн: “Чансан өнөө хүчирхэг цэрэг хэдэн арван түмийг авч бас Вэй улсыг байлдмуй уу?” Кунмин өгүүлрүүн: Эрт их цэрэг Ци Шань уулын Зигү завд буусан цагт бидний цэрэг хулгайн цэргээс үлэмж атал хулгайг эвдэлж чадсангүй. Гэдрэг хулгайд дарагджээ. Энэ өвчин цэргийн олон цөөнд байхгүй эзэн жанжинд буй. Эдүгээ цэргийг цөөтгөн жанжинг хэмнэж яллахыг тодорхойлон эндүүрлийг санаж урьдын үйлийг хувьсган хэрэглэсүгэй хэмээмүй. Хэрвээ тийм бус болбоос цэрэг хэдий олон боловч юун хэрэг буй? Үүнээс олон хүмүүс улсын тул хол зовогсод нь гагц миний алдсан газрыг буруушаан миний охор явдлыг эрвээс үйл сая тогтож хулгайг сөнөөн гавьяаг зогсоогоор хүлээж болмуй” Фэй И хийгээд олон жанжин нар цөм түүний шүүмжлэлийг бишрэв. Фэй И Чөндүд эгэхийг хэлэхгүй. Кунмин Ханьжунд цэргийг хайрлаж иргэнийг өршөөн, цэргийг хөгжөөн, байлдахыг боловсруулмуй. Хотыг эвдэх, усыг гэтлэх зэвсэг үйлдэж амуу өвсийг цуглуулан, байлдах салыг бэлтгэж хожмын тул зүтгэхийг хичээв. Үүнийг тагнуулч мэдээд Луо Янд хэлэхээр одов.

Түүнээс бүхнийг Вэй улсын эзэн Цаорүй сонсоод даруй Сыма Иг дуудаж Сычуань газрыг хураах аргыг зөвлөсөнд Сыма И өгүүлрүүн: “Шу улсыг байлдаж болохгүй. Эдүгээ хараахан лүгхийм халуун цаг тул Шу улсын цэрэг лав гарч ирэхгүй. Хэрвээ бидний цэрэг тэр газарт гүн ороод тэд цухал газрыг сахих болохул даруйд авахад бэрх”. Цаорүй өгүүлрүүн: “Хэрэв Шу улсын цэрэг орж ирсэнд хэрхсүгэй?” хэмээмүй. Сыма И өгүүлрүүн: “Сайд би нэгэнтээ бодож тогтжээ. Энэ удаа Жугө Лян эрхгүй Ханьсингийн Чэньцан замыг хулгаж гэтлэх аргыг

117 дууриах болой. Би урьдаас нэгэн хүнийг өргөж 117 Чэньцан гэгч бол газрын нэр бөгөөд одоох Шаньси мужийн хязгаар дотор буй. Ханьсин сян Юй-г байлдахдаа дэлгэрүүлсэн замыг засах гэсэн байдал гарган дайсны анхаарлыг сарниулж харин Чэньцангаар хулгайлан цэрэг оржээ.

Чэньцангийн замын аманд хот цогцлон сахиулсанд түмэнд нэгэнт алдахгүй. Тэр хүний бие есөн тохой, сармагчин мөртэй, харвахад сайн бөгөөд бодлого гүн. Хэрэв Жугө Лян орж ирвээс энэ хүн тулж чадмуй”.

Цаорүй баярлаж асууруун: “Энэ яасан хүн аж?” Сыма И айлтгаруун: “Энэ Тай Юань газрын хүн овог Хао, нэр Жао, өргөсөн нэр Бодао, эдүгээ Захао жанжин болж голын барууныг сахиж буй” хэмээв.

Түүнээс Цаорүй үг дагаж Хаожаог Жэньси жанжин болгоод “Чэньцангийн замын амыг сахь!” хэмээн элчид зарлиг бичиг бариулж илгээв. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Янжоугийн Сыма да Дүдү Цаосю илтгэл бичиг айлтгахаар илгээжээ. Түүний үг нь: “Зүүн Ү улсын По Янгийн тайшоу түшмэл Жоуфан дуртайяа харьяат хошууны газрыг өргөж дагасугай хэмээн нууц хүн зарж долоон зүйлийн хэрэг жагсаан мэдүүлж Ү улсыг эвдэлж болмуй” хэмээн хэлэхээр иржээ. Хурдан цэрэг илгээж авах болов уу?” хэмээсэнд Цаорүй даруй хэвтэх ширээнд нээж Сыма Игийн хамт үзэж дууссан хойно Сыма И айлтгаруун: “Энэ үг маш зохистой тул Ү улс сөнөх болой. Би нэгэн салааны цэрэг авч Цаосюд очиж туслахыг хүсмүй” хэмээхэд гэнэт зэргээс нэгэн хүн дэвшиж өгүүлрүүн: “Ү улсын хүний үг урвалхийлэн хөрвөлхийлж тогтворгүй тул гүнээ итгэж үл болмуй. Жоуфан нь арга бодлоготой мэргэн хүн тул лав дагахгүй. Энэ тусгай цэргийг өдөөх хуйхар арга болой”. Олон үзвээс Зяньвэй жанжин Зякүй бөлгөө. Сыма И өгүүлрүүн: “Энэ үгийг бас ч авахгүй болбоос болохгүй. Тухайг бас ч алдаж эс болмуй” Вэй улсын эзэн өгүүлрүүн: “Жүнда, Зякүй лүгээ хамт Цаосюг туслахаар од!” хэмээсэнд хоёул захиаг хүлээн авч одов. Түүнээс Цаосю их цэрэг авч шууд Ваньчэнг авахаар очоод шууд Дунгуань боомтын зүг орж Сыма И өөрийн доорх цэргийг аваад Зянлинг авахаар одов.

Тэндээс Ү улсын эзэн Сүньцуань, Ү Чангийн Дунгуань боомтод байж олон түшмэдийг хуруулж зөвлөн өгүүлрүүн: “Эдүгээ По Янгийн тайшоу түшмэл Жоуфангийн айлтгасан нууц бичигт: “Вэй улсын Янжоу мужийн Дүдү Цаосю хулган ирэх санаатай. Тийнхүү Жоуфан худал арга үүсгэж дотуураар долоон хэргийг гаргаж хэлээд Вэй улсын цэргийг өдөөж гүн орж ирүүлсэн тул цэрэг бүгүүлж бариваас зохимуй” хэмээжээ. Эдүгээ Вэй улсын цэрэг гурван замаар хувааж ирснийг олон түшмэд танд ямар сайн арга буй?” Гү Юн дэвшиж айлтгаруун: “Энэ их тушаалыг Лү Бо Яньгаас бусад хүлээж болохгүй”. Сүньцуань ихэд баярлаж Лүсюнийг дуудаж ирүүлээд “Улсад туслагч их жанжин, умрыг төвшитгөх ерөнхий Юаньшуай болгож шадар цэргийг захирч Вангийн үйлийг хавсран явуул!” хэмээн цагаан залаат шар төмөг өгөөд “Бичиг цэргийн олон түшмэд цөм түүний цаазыг сонс!” хэмээжээ. Сүньцуань өөрийн биеэр Лүсюньд ташуур барьж өгсөнд Лүсюнь зарлигийг хүлээн хишигт мөргөж дууссан хойно “Хоёр хүнийг гаргаж зүүн баруун этгээдийн Дүдү болгоод цэрэг хувааж гурван замаар угтсугай!” хэмээхэд Сүньцуань асууруун: “Ямар хүн буй?”. Лүсюнь өгүүлрүүн: “Фэньвэй жанжин Жухуань, Цүйнань жанжин Цуаньзун хоёул тусалж болмуй” хэмээсэнд Сүньцуань үгийг дагаж даруй Жухуанийг зүүн этгээдийн Дүдү Цуаньзунг баруун этгээдийн Дүдү болгов. Тэндээс Лүсюнь Зяньнангийн наян нэгэн хошуу хийгээд Зин, Хугийн дал илүү түмний олныг ерөнхийлэн дагуулж Жухуанийг зүүн этгээдэд, Цуаньзуныг баруун этгээдэд болгоод өөрийн бие дунддад аж. Гурван замаар цэрэг ороход Жухуань арга өргөж өгүүлрүүн: “Цаосю өөрийн бие энэ их тушаалыг хүлээсэн нь баатар бодлоготой жанжин бус болой. Эдүгээ Жоуфангийн өдөөх үгийг авч бидний газарт гүн орж ирсэн тул Юаньшуай цэрэг хэрэглэж байлдсанд Цаосю эрхгүй дарагдмуй. Дарагдсаны хойно эрхгүй хоёр замаар буруулмуй. Зүүнд болбоос Зяши, баруунд болбоос Гуачө болой. Энэ хоёр зам цөм уулын нарийн зам тул маш бэрх цухал, Би Цуань Зыхуангийн хамт тус бүр нэг салааны цэргийг авч уулын цухал газарт бүтээд урьд өвс мод, их чулуугаар тэр замыг бөглөвөөс Цаосюг барьж болмуй. Хэрвээ Цаосюг барьсанд шууд орж Шоучуньг олох нь маш хялбар болмуй? Үүнээс Сюйдү, Луо Яныг хичээх нь энэ түмэн үеийн нэгэн сайн арга болой”. Лүсюнь өгүүлрүүн: “Энэ сайн бодлого бус надад өөр уран арга буй” хэмээсэнд Жухуань түр үгүй болж гарав. Лүсюнь, Жугө Зинь нарыг Зянлинд сахиулаад “Сыма Иг тулсугай!” хэмээн олон замд нэг нэгээр салган тушааж илгээв.

Тэндээс Цаосюгийн цэрэг Ваньчэн хотын ойр хүрэхэд Жоуфан угтаж ирээд шууд Цаосюгийн цацар гэрийн дэргэд хүрвээс Цаосю асууж өгүүлрүүн: “Ойрд авгайн бичгийг олоод дотор жагсаасан долоон зүйл нь маш зүй зохистой тул тэнгэрийн хөвгүүнд айлтгаж тийнхүү их цэрэг байгуулж гурван замаар ирэв. Хэрэв Зяндунгийн газрыг олсонд авгайн гавьяа бага бус болой. Басхүү хүн чамайг үлэмж бодлоготой тул хэлсэн нь үнэн үгүй болов уу хэмээн эмээмүй. Би санахад авгай хэрхэвч намайг гээхгүй болов уу?” гэхэд Жоуфан ихэд уйлж яаран дагах хүний зүүсэн илдийг авч “Хоолойгоо огтолж үхсүгэй!” хэмээхэд Цаосю яаран байлгав. Жоуфан илдийг барьж хэлрүүн: “Би долоон зүйлийн хэргийг гаргахад “Чадваас зүрх элгийг огшиж гаргасугай!” хэмээсэн атал эдүгээ гэдрэг сэжиглэгдэх нь “Эрхгүй Ү улсын хүн завсардуулах аргыг хэрэглэсэн болой”. Хэрэв түүний үгэнд орвоос би эрхгүй үхмүй. Миний үнэн сэтгэлийг гагцхүү тэнгэр мэдмүй” хэмээгээд бас “Хоолойгоо огтолсугай!” хэмээхэд Цаосю ихэд цочиж санд мэнд тэвэрч өгүүлрүүн: “Миний хэлсэн нь наадам үг болой. Авгай юунд энэ мэт аашилмуй?” гэхэд Жоуфан илдээр тэргүүний үсийг огтлон авч газарт хаяж өгүүлрүүн: “Би шударга сэтгэлээр гүнг хүндэлбээс гүн харин намайг наадам болгомуй. Би эцэг эхийн үлдээсэн үсийг огтолж миний үнэнхүү санааг үзүүлсүгэй!”. Цаосю маш итгэж хурим бэлтгэн хүндэлж хуримлан дууссаны хойно Жоуфан салж одов. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Зяньвэй жанжин Зякүй золгохоор иржээ” хэмээв. Цаосю дуудан оруулж асууруун: “Ямар хэрэгтэй ирэв?”. Зякүй өгүүлрүүн: “Би бодвоос зүүн Ү улсын цэрэг эрхгүй дуусган Ваньчэн хотод буудаллажээ. Дүдү хөнгөнөөр орж үл болмуй. Намайг хүлээж хоёр замаар хавчин байлдваас хулгайн цэргийг эвдэлж болмуй”. Цаосю хилэгнэж өгүүлрүүн: “Миний гавьяаг булаасугай хэмээмүй үү?”. Зякүй өгүүлрүүн: “Би сонсвоос Жоуфан үсээ огтлон амалдав хэмээмүй. Энэ хуурсан нь болой. Эрт Яоли мөрийг огтлоод Циньзиг хуурчээ118. Гүнээ итгэж болохгүй!” Цаосю ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би хараахан цэрэг орсугай хэмээхэд чи ямар учирт энэ үгийг гаргаж цэргийн сэтгэлийг осол болгомуй?” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг зандарч “Түлхэн гаргаж ал!” хэмээхэд олон жанжин нар гуйж өгүүлрүүн: “Цэрэг орохын урьд их жанжныг албаас цэрэгт ашиггүй болой. Түр хэлтрүүлмүй!”. Цаосю үг дагаж Зякүйгийн цэргийг хүрээнд үлдээж өөрийн бие нэгэн салааны цэргийг авч зүүн боомтыг авахаар одов. Тэр цагт Жоуфан, Зякүйг цэргийн эрхээс байлгасныг сонсоод дотуур баярлаж өгүүлрүүн: “Цаосю хэрвээ Зякүйгийн аргыг хэрэглэсэн аваас зүүн Ү улсын цэрэг дарагдах бөлгөө. Эдүгээ тэнгэр миний гавьяаг бүтээлгэх болой” хэмээгээд даруй Ваньчэнд хүн зарж Лүсюньд хэлэхээр илгээв. Лүсюнь олон жанжин нарыг дуудаж цааз зарлаж өгүүлрүүн: “Өмнө Шитингийн газар хэдий уулын зам боловч цэрэг бүгж болмуй. Эртхэн урагш одож уудам газрыг эзлээд жагсаал жагсааж Вэй улсын цэргийг хүлээе! хэмээгээд Сюйшөнг дуудаж гавшгай болгон цэрэг авч ор хэмээв.

118 Яоли гэгч Чүньцю-ийн үеийн Ү улсын хүн. Ү улсын гүнз Гуань-ийн зарлигаар Ү Ван Ляогийн хөвгүүн Циньзиг хорлохоор очжээ. Тэр Циньзигийн итгэлийг олохын төлөө зориуд мөрөө цавчиж Ү улсын гүнз Гуань цавчив гэжээ. Хожим үнэхээр Циньзиг алжээ.

Тэндээс Цаосю, Жоуфан лугаа цэрэг дагуулан хараахан явах хооронд Цаосю асууруун: “Өмнө ямар газар буй?”. Жоуфан өгүүлрүүн: “Шитин болой. Цэрэг бууж болмуй” хэмээсэн хойно Цаосю үгийг дагаж даруй цэргийг дагуулан цич тэрэг, зэвсэг зэргийн зүйлийг дуусган авч Шитинд хүрч хүрээ буув. Дэд өдөр харуулын хүн хэлрүүн: “Өмнөд Ү улсын цэрэг хэдий байхыг мэдэхгүй. Цөм уулын амыг эзлэн суужээ” Цаосю цочиж өгүүлрүүн: “Жоуфан цэрэггүй хэмээн өгүүлсэн нь яахан бэлтгэл байх ажгуу?” хэмээн яаран Жоуфанг эрж асуусугай хэмээхэд хүн хэлрүүн: “Жоуфан хэдэн арван хүнийг аваад хаана одсоныг мэдэхгүй” хэмээжээ. Цаосю ихэд гэмшиж өгүүлрүүн: “Би хулгайн зальт аргад оров. Хэдий тийм боловч айх хэрэггүй!” хэмээгээд даруй их жанжин Жанпүг гавшгай болгон хэдэн мянган цэрэг өгч: “Ү улсын цэрэг лүгээ байлд!” хэмээн илгээв. Хоёр этгээд эсэргүүлэн жагсаасан хойно Жанпү гарч хараан агүүлрүүн: “Хулгайн жанжин хурдан дага!” хэмээхэд Сюйшөн угтан гараад байлдаж хэдэн удаа болсонгүй Жанпү тулж чадахгүй морийг буцааж цэрэг хураан эгж ирээд Цаосюд золгож өгүүлрүүн: “Сюйшөнгийн баатрыг тулбаас болохгүй” хэмээсэнд Цаосю өгүүлрүүн: “Би нууц цэргээр ялгуусугай!” хэмээгээд даруй Жанпүд хоёр түмэн цэрэг өгч “Шитингийн өмнөд бүг!”. Бас Сюэцяод хоёр түмэн цэрэг өгч “Шитингийн хойдод бүг!”. “Маргааш би нэг мянган цэрэг авч өдөөн байлдаж хууран буруулаад хойд уулын өмнө удирдан аваачсан хойно тэмдэг буу тавиваас гурван замаар хавчин байлдахад эрхгүй бүрэн гавьяа олох буй за!” хэмээсэнд хоёр жанжин аргыг хүлээн тус бүр хоёр түмэн цэрэг авч бүгэхээр одов.

Тэндээс Лүсюнь Жухуань, Цуаньзуныг дуудаж өгүүлрүүн: “Та хоёул тус бүр гурван түмэн цэрэг авч Шитингийн уулын замаар дөтлөн одоод Цаосюгийн хүрээний хойдод хүрээд тэмдэгт гал тавь! Би биеэр их цэрэг авч дунд замаар орвол Цаосюг бариваас болмуй” хэмээв. Тэр өдөр гэгээ тасарсан хойно хоёул аргыг хүлээн цэрэг авч одоод шөнийн дэд жингийн үес Жухуань нэгэн салааны цэрэг авч Вэй улсын хүрээний хойдод хүрсэнд чив хэмээн Жанпүгийн бүгсэн цэрэгт учрав. Жанпү Ү улсын цэрэг хэмээн мэдсэнгүй шууд асуухаар ирсэнд Жухуань цавчиж мориноос унагав. Вэй улсын цэрэг буруулан явсан хойно Жухуань хойд цэргээр гал тавиулжээ. Цуаньзунгийн нэгэн салааны цэрэг Вэй улсын хүрээний хойдод хүрч үзвээс төв хэмээн Сюэцяогийн жагсаалд тохиолдсон тул тэр газарт нэгэн зэрэг ихэд байлдаад Сюэцяо дарагдаж буруулав. Вэй улсын цэрэг ихэд хохироод хүрээний зүг буруулсанд хойноос Жухуань, Цуаньзун хоёр замаар алахаар ирэв. Тийнхүү Цаосюгийн хүрээний дотор ихэд самуураад харилцан дайралцах тул Цаосю яаран морь унаад Зяшигийн замыг зүглэн явахуйяа Сюйшөн их цэргийг авч гол замаар алж ирсэнд Вэй улсын цэргийн үхсэнийг нь тоолбоос барахгүй. Амь гарсан нь цөм хуяг зэвсгээ гээжээ. Цаосю ихэд гэлмэж Зяшигийн замд үхэн байлдаж үхэхээр дутаахад гэнэт нэгэн салааны цэрэг бага замаар гарч ирсэнд уулзав. Тэр тэргүүлсэн их жанжин нь Зякүй ажгуу. Цаосюгийн дотор баахан алгуурхан болж ихэд ичгүүрч өгүүлрүүн: “Би гүнгийн үгийг авсангүй үнэхээр ийм дарагдав” Зякүй өгүүлрүүн: “Дүдү хурдан энэ замаар гарагтун! Хэрвээ Ү улсын цэрэг чулуу модоор бэхэлж тасалсанд бид цөм зовлон болох болой”.

Түүнээс Цаосю морийг чинээгээр давхиж одсонд Зякүй хойдыг хайгуувчлаад эл ой модны нягт цухал бэрх газарт олонтоо туг хиур босгож сэжиглэлийн цэрэг болгосон тул Сюйшөн нэхэж иртэл уулын хөтөлд туг хиур үзэгтсэнээр бүгсэн цэрэг буй буюу хэмээн сэжиглэж нэхсэнгүй. Цэрэг хураан эгэв. Тийнхүү Цаосюг тэнхрүүлэн аваачив. Сыма И Цаосюгийн дарагдсаныг сонсоод бас цэрэг аван эгж одов.

Тэндээс Лүсюнь хараахан дийлсэн мэдээг сонссугай хэмээн бүхийд удсангүй Сюйшөн, Жухуань, Цуаньзун цөм хүрч ирээд хөсөг тэрэг, үхэр морь, илжиг луус, цэргийн зэвсэг олсныг нь тоолбоос барахгүй. Дагасан цэрэг хэд хэдэн түмэн хүн буй. Лүсюнь ихэд баярлаж даруй тайшоу Жоуфан жич олон жанжин нарыг авч улсад эгсэнд Ү улсын эзэн Сүньцуань бичиг цэргийн түшмэлийг аваад үчан хотыг гарч угтаад, хааны шүхрээр Лүсюнийг халхалж оров. Олон жанжин нарыг дэвшүүлэн шагнахад Сүньцуань, Жоуфангийн гэзэггүйг үзээд тохруулж өгүүлрүүн; “Сайд чи гэзгийг огтолж энэ их үйлийг бүтээсэн гавьяа нэрийг судар бичигт бичвээс зохимуй” хэмээгээд Жоуфаныг Гуань Нэйхоу болгоод их хурим базааж цэргийг шагнан баярын ёсоор хуримлахад Лүсюнь айлтган өгүүлрүүн: “Эдүгээ Цаосю ихэд дарагдаад Вэй улсын цэргийн цөс хэмхэрчээ. Зүй нь бичиг хийж Сычуаньд элч заран Жугө Ляныг “Цэрэг оруулж байлд!” хэмээсүгэй” Сүньцуань үг дагаж элчид улсын бичиг бариулан Сычуаньд зарав. Энэ чухамхүү:

“Зүүн улс арга хэрэглэж чадсан учир

Баруун Цуаньгаар бас цэрэг хөдөлгөсүгэй”

Эгнэгт Кунмин дахин Вэй улсыг байлдахаар ирээд дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top