"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 97 ДУГААР БҮЛЭГ
ВЭЙ УЛСЫГ БАЙЛДСУГАЙ ХЭМЭЭН ҮХОУ ИЛТГЭЛ АЙЛТГАСАН
ЦАО ОВОГТЫН ЦЭРГИЙГ ЭВДЭХЭД ЗЯНВЭЙ ХУУРЧ БИЧИГ ӨРГӨСӨН
Өгүүлэх нь: Шу улсын дахин бадруулагчийн зургаадугаар оны намрын сүүл сард Вэй улсын Дүдү Цаосю Зүүн Ү улсын Лүсюньд Шитингийн газарт ихэд дарагдаад тэрэг морь цэргийн зэвсгийг дуусган алдсан тул Цаосю ихэд айж зовсоор өвчин олоод Луо Янд хүрмэгц ард яр гарч үхэв. Вэй улсын эзэн Цаорүй зарлиг буулгаж хүндэтгэн оршуулав. Сыма И цэрэг авч эгсэнд олон жанжин нар угтаж оруулаад асууж өгүүлрүүн: “Цао Дүдүгийн цэрэг дарагдваас Юаньшуайд ихэд холбогдолтой атал юунд яаран эгсэн буй?” Сыма И өгүүлрүүн: “Би бодвоос Жугө Лян миний цэрэг дарагдсаныг сонсвоос эрхгүй хоосны тухай Чань Ань хотыг авахаар ирмүй. Хэрвээ Лунси цухалдсанд хэн хүн туслах билээ? Би тийнхүү эгсэн болой” хэмээсэнд олон цөм айгаад эгсэн болгоод инээмсэглэж гарав.
Тэндээс Зүүн Ү улсын элч Шу улсад бичиг өргөөд цэрэг гуйн Вэй улсыг байлдуулсугай хэмээх дашрамд Цаосюг эвдэлсэн үйлийг хэлжээ. Энэ нэгд өөрийн сүрийг илрүүлэн хоёрт болбоос нийлэн зохицсугай хэмээсэн болой. Хоужу ихэд баярлан хүн зарж бичгийг Ханьжунд илгээн Кунминд мэдүүлэв. Тэр цагт Кунмингийн цэрэг хүчирхэг, морь хатуу, амуу өвс элбэг дэлбэг бөгөөд эл хэрэглэх эд цөм бүрдээд хараахан цэрэг гарсугай хэмээн асан бөлгөө. Энэ үгийг сонсоод даруй их хурим базааж олон жанжин нарыг хуруулан цэрэг гарах аргыг зөвлөхөд гэнэтхэн нэгэн зурвас их салхин зүүн хойдоос дэгдээд хүрээний өмнөх нарс модыг хугалсанд олон цөм ихэд цочжээ. Кунмин даруй ханцуйн дотор хуруу дарж үзээд өгүүлрүүн: “Энэ салхи нь нэгэн их жанжин үхэх тэмдэг болой” хэмээснийг олон жанжин нар итгэсэнгүй. Ямагт архи уух хооронд гэнэт мэдүүлрүүн: “Өмнө зүгийг түвшитгэх жанжин Жао Юньгийн их хөвгүүн Жаотун, хоёрдугаар хөвгүүн Жаогуан чансанд золгохоор ирэв” хэмээсэнд Кунмин ихэд цочиж хундагыг хаяад өгүүлрүүн: “Зылун барагдав” хэмээжээ. Хоёр хөвгүүн орж золгоод уйлж өгүүлрүүн: “Миний эцэг өчигдөр шөнийн гутгаар жингийн үед өвчин хүндрээд үгүй болов” гэж хэлсэнд Кунмин хөлөө дэвхцэн уйлж өгүүлрүүн: “Зылунгийн бие өнгөрсөн нь улс гэрт бас нэгэн багана унасан бөгөөд миний нэгэн мөр гэмтсэн нь болой”. Үүнд олон жанжингууд эс уйлсан нь үгүй. Кунмин хоёр хөвгүүнийг Чөндүд оруулан хаанд уулзаж бэлэвсрэлийг мэдүүлэхээр илгээсэнд Хоужу сонсоод орь дуу тавьж уйлан хэлрүүн: “Би эрт бяцханы цагт Зылунгээс бус болбоос хэдийн самуун цэргийн дотор үхсэн бөлгөө” хэмээгээд даруй зарлиг буулган нэхэж их жанжин болгон Шүнь Пинхоу өргөмжлөөд зарлигаар Чөндүгийн Зиньпин Шань уулын зүүнд оршуулж сүм байгуулан дөрвөн цагт тахиулав. Хожмын хүний шүлгийн үг:
“Чаншаньгийн газрын Жао Зылун жанжин
Чийрэг хүч Гуань, Жанд тэнцмүй
Ханьшүй усанд гавьяа зүтгэл байгуулаад
Дан Янгийн газар овог нэрийг илэрхийлэв
Хоёр удаа бага эзнээ тэнхрүүлж
Нэгэн сэтгэлээр урьд эзэнд хариулав
Хөх сударт шударга зоригийг тэмдэглүүлж
Хүндэт алдрыг зуун үед мандуулав”
Тэндээс Хоужу Жао Зылунгийн эрт өдрийн гавьяаг санаж оршуулан тахисан нь маш зузаан. Жаотунг Хубинь жанжин, Жаогуаныг Ямэнь жанжин өргөмжлөөд хүүрийг сахиулав. Хоёул хишигт мөргөн оджээ. Гэнэт ойрхи түшмэл айлтгаж өгүүлрүүн: “Жугө чансан цэрэг морийг ялган салгаж тогтоогоод даруй мордож Вэй улсыг байлдмуй” хэмээсэнд Хоужу бараалхалд бүхий олон түшмэдээс асууваас сайд нар олонтоо цөм: “Хөнгөлөн хөдөлж болохгүй!” хэмээмүй. Хоужу сэжиглэж тогтворгүй бүхийд гэнэт айлтгаруун: “Чансан Ян Иг зарж “Цэрэг гарах илтгэл өргөхөөр илгээв” хэмээмүй” хэмээсэнд Хоужу дуудан оруулбаас Ян И илтгэл өргөв. Хоужу ширээнд тавьж нээн үзвээс тэр илтгэлийн үг нь:
“Урьд хаан Хань улсын хулгай лугаа хамт нарыг үзэхгүй. Улс төр нэгэн зовхист амрыг эрж болохгүй хэмээн зовниод тийнхүү сайд надад тушааж хулгайг дайл хэмээсэн болой. Урьд хааны гэгээнээр сайдын тэнхээг хэмнэж хулгайг дайлахад чадал буурай бөгөөд дайсан хүчирхэгийг мэдэх бөлгөө. Тийн гэвч хэрвээ хулгайг дайлахгүй болбоос Вангийн төр бас ч мөхмүй. Тийнхүү суусаар мохөхийг хүлээснээс дайлахыг үл хүрмүй. Тийнхүү сайд надад тушаасан нь сэжиглэлгүй болой. Сайд би зарлигийг хүлээн авснаас өдөр бүр хэвтвээс амаргүй, идэвч амтгүй гагц хойд зүгийг дайлахад урьд өмнөд орвоос зохимуй хэмээн санаж тийнхүү таван сард Лүшүй голыг гэтлэн өвс ургахгүй газарт гүн ороод хоёр өдөрт нэгэн өдрийн будаа идсэн нь сайд би биеэ эс хайрлах нь бус Вангийн төрийг Шу газрын нийслэлд хэлбийгүү тогтоон амар сууж болохгүй хэмээн тийнхүү бэрх зовлонд шургаж урьд хааны гэрээсийн санаанд нийлүүлсүгэй хэмээснийг харин шүүмжлэгчид нь арга бус хэмээн хэлэлцэж хиймүй. Эдүгээ хулгай баруунтд цөхөж бас зүүнд дарагдаад цэргийн арга зүдсэнд тухайлж чухам довтолгон орох цаг болой. Эдүгээ тэр учрыг доор хичээнгүйлэн жагсаав. Гаоди хааны гэгээн нар сарыг хамтатгасан мэт хувийн сайдын бодлого гүн хол атал бэрхийг давж дайсанп хор олоод зовсны хойно сая амар болжээ. Эдүгээ эзэн Гаоди хаанд хүрэхгүй хувийн сайд Жанлян, Чэньпинд хүрэхгүй бөгөөд уртамжлах аргаар дайлж дэлхий дахиныг суусаар тогтоосугай хэмээх нь энэ сайд миний ухахгүйн нэгэн болой. Лю Яо, Ванлан тус бүр муж хошууг эзлээд амрыг шүүмжлэн аргыг хэлэлцэж хөдөлбөөс Богд хүмүүнд адилтган хэлэлцэхэд нийтийн сэжиглэл гэдсэнд дүүрч олны зовлон цээжинд бөглөрчээ. Энэ жил байлдахгүй ирэх онд дийлэхгүй байсаар Сүньцуань суусаар их болоод Зяндунгийн газрыг хамтатган авчээ. Энэ сайд миний ухахгүйн хоёр болой. Цаоцаогийн мэргэн арга хүнээс хэтэрхий түүний цэрэг хэрэглэх нь “Сүньзы, Үзигийн адил бөгөөтөл харин Нань Янд хаагдаж, Үчаод бэрх дайран, Циляньд зовоод Ли Янд цухалдаж, Бэйшаньд хэд хэдэн зэрэг дарагдаад, Тунгуань боомтод арай эс үхээд, хожим түр тогтож нэгэн цаг амар болсон бөлгөө. Нэндээ сайд миний чадал буурай атал зовохгүйгээр тогтоосугай хэмээх нь энэ сайд миний ухахгүйн гурав болой. Цаоцао Чанба хотыг тавантаа байлдаад олсонгүй. Чаоху нуурыг дөрвөн зэрэг өнгөрөөгөөд чадсангүй. Лифуг хэрэглээд гэдрэг Лифу түүнийг алсугай хэмээж Сяхоуд тушаан тавьсанд Сяхоу дарагдаж үхжээ. Урьд хаан үргэлж бас Цаоцаог чадалтан хэмээх атал харин энэ мэт алдагдал буй. Нэнд сайд би тэнэг мунаг тул яахан лавтайяа тайлж чадмуй хэмээх буй? Энэ сайд миний ухахгүйн дөрөв болой. Сайд би Ханьжунд хүрч ирээд нэгэнтээ жилийн ой болов. Энэ хооронд ЖаоЮнь, Янцюнь, Ма Юй, Яньжы, Динли, Байшоу, Люхө, Дөнтун нар жич Цюйжан суурьшсан жанжин түшмэдийн дал илүү хүн цөм дайран байлдахад тэнцэх хүнгүй. Биньзю, Цинцян, Саньци, Үцигийн мэт морьт цэргийн нэг мянга илүү хүн цөм үгүй болов. Энэ цөм хэдэн арван жилийн дотор дөрвөн зовхисоос хуруулсан шилсэн хурц сайн эрсээс нэгэн хошууны төдийд л асан нь бус болой. Хэрвээ дахин хэдэн жил өнгөрвөөс гурван хувийн хоёр хувь хорогдмуй. Одоо юугаар дайсныг хичээмүй? Энэ сайд миний ухахгүйн тав болой. Эдүгээ иргэн ядангуйран цэрэг цөхсөн гэвч хэргийг зогсоож үл болмуй. Хэрэг зогсож эс болох болохул сууж явахын зүдээл сүйтгэл харилцан сацуу болох тул хурдан хичээхэд хүрэхгүй. Нэг мужийн газарт суусаар хулгай лугаа удтал тулсугай хэмээх нь сайд миний ухахгүйн зургаа болой. Тэр төвшин болговоос бэрхтэй иь үйлс болой. Эрт урьд хаан Чугийн газарт цэрэг дарагдсанд тэр цагт Цаоцао алгаа дэлдэж дэлхий дахиныг нэгэнтээ тогтоов хэмээсэн бөлгөө. Хойно урьд хаан зүүнд Ү, Юэ лүгээ ханилж баруунд Башуг аваад цэрэг үүсгэн умрыг дайлж Сяхоугийн тэргүүнийг олов. Энэ Цаоцао аргыг алдаж Хань улсын төр мандах шахсаны анхан бөлгөө. Хожим Ү улс тангаргаас тэсэргүүлэн Гуань жанжин дарагдаж Зигүй газарт жанжин цэрэг хохироод Цаопэй хаан болжээ. Аливаа үйл цөм энэ мэт тул урьдаас бараглан мэдэхүйеэ бэрх. Сайд би бие цөхтөл хүч мохтол зүтгэж үхвээс сая зогсмуй. Жич бүтэх, хурц мохдогийн явдлыг сайд миний гэгээнээр урьдаас мэдэж чадах нь бус болой” хэмээжээ.
Хоужу илтгэл бичгийг үзээд асар баярлан даруй зарлиг буулгаж Кунминийг “Цэрэг гартугай!” хэмээв. Кунмин зарлигийг хүлээгээд гучин түмэн шилсэн цэрэг байгуулан Вэй Янийг бүгдийг захирах гавшгай болгоод шууд Чэньцангийн замын амыг зүглэн одов.
Түүнээс тагнуулч хэдийн Луо Янд орж мэдүүлсэнд Сыма И Вэй улсын эзэнд айлтгаад олон бичиг цэргийн түшмэдийг хуруулж зөвлөхөд их жанжин Цаожэнь зэргээс гарч айлтгаруун: “Сайд би урьд Лунси газрыг сахиад гавьяа өчүүхэн ял их болсон тул тэсгэлгүй айн эмээмүй. Эдүгээ би их цэргийг дагуулан Жугө Лянг барихаар одохыг гуймуй. Сайд би өнөөхөн нэгэн жанжинг олжээ. Жаран жингийн дам илд хэрэглэж мянган газар явах сайн морь унажээ. Хоёр таар амууг ялгуух төмөр илээт нумыг татаж чадах бөгөөд биедээ гурван сум од мэт сажуурыг нуугаад зуун зэрэг сажваас зуун зэрэг онуулмуй. Түмэн эр ялгуухгүй баатар буй. Лунсигийн дидао газрын хүн, Овог Ван нэр Шуан, өргөсөн нэр Зыцуань. Сайд би энэ хүнийг баталж гавшгай болгосугай!” хэмээсэн хойно Цаорүй ихэд баярлаж даруй Ваншуаныг харшид дуудан аваачиж үзвээс биеийн өндөр есөн тохой, нүүр хар, нүд шар, өтгийн нуруу, барсын мөртэй. Цаорүй инээн өгүүлрүүн: “Би энэ их жанжинг олсон тул юунаас зовмуй?” хэмээгээд даруй магнаг дээл, алтан хуяг хүртээн өгч Хүвэй жанжин өргөмжлөн өмнө ангийн их гавшгай болгоод Цаожэнийг их Дүдү болгов. Цаожэнь хишигт мөргөж гарсны хойно даруй арван таван түмэн шилсэн цэргийг аваад Гуохуай, Жанхөгийн хамт зам хувааж цухал амыг сахив.
Тэндээс Шу улсын өмнө ангийн цэрэг Чэньцанд хүрч ирээд хойш Кунминд өгүүлрүүн: “Чэньцангийн аманд нэгэн хот цогцолжээ. Дотор нь их жанжин Хаожао сахиж буй. Өндөр хэрэм, гүн гуу тойрон шөрөг байгуулсан нь асар чанга тул харин энэ хотыг гээгээд Тай Байлин давааны бага замаар Ци Шань ууланд гарахад хүрэхгүй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Чэньцангийн төв хойд болбоос Зетин болой. Эрхгүй энэ хотыг олсны хойно сая цэрэг орж болмуй” хэмээгээд Вэй Яньд даруй цэрэг өгч хотын доор илгээн дөрвөн зүгээс өдөр бүр байлдуулавч эвдэж чадахгүй тул Вэй Янь хойш эгж Кунминд хэлрүүн: “Хотыг авахуйяа бэрх” хэмээсэнд Кунмин ихэд хилэгнэж Вэй Янийг “Алсугай!” хэмээхэд гэнэтхэн цацрын доороос нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Надад хэдий эрдэмгүй боловч Чансанг дагаж өнө удаад огт хүч гаргаагүй. Дуртайяа Чэньцангийн хотод орж Хаожаог хэлэлцэн дагуулсугай! Нэгэн харвалгын зэвийг ч хэрэглэх хэрэггүй” гэхэд олон үзвээс ангийн доторхи хүн Зиньсян болой. Кунмин өгүүлрүүн: “Чи ямар үгээр хэлэлцмүй?”. Зиньсян өгүүлрүүн: “Хаожао над лугаа цөм Лунсигийн хүн мөн тул бяцханаас нөхөрлөсөн бөлгөө. Эдүгээ би одож ашиг зовлонгоор хэлэлцсэнд эрхгүй дагахаар ирмүй”. Кунмин даруй “Од!” хэмээн илгээв. Зиньсян морь довтолгон шууд хотын дэргэд хүрээд дуудаж өгүүлрүүн: “Хао Бодаотэй хуучин нөхөр Зиньсян золгохоор иржээ” хэмээсэн хойно хэрмийн дээрх хүн Хаожаод мэдүүлбээс Хаожао “Хаалга нээж оруул!” хэмээн хотын дээр гарч золгоод Хаожао асууруун: “Хуучин нөхөр ямар учирт энд ирэв”. Зиньсян өгүүлрүүн: “Би баруун Шу улсын Кунмингийн цацар доор цэргийн үйлийг зөвлөгч болж дээд зочны ёсоор хүндлэгдэж буй. Тусгайлан намайг зарж эрхэм гүнд золгохоор илгээж хэлэх үг буй” хэмээсэнд Хаожао царайг хувилган өгүүлрүүн: “Жугө Лян манай улсын өшөөтөн хүн болой. Би Вэй улсад аж. Чи Шу улсад агаад өөр өөрийн эзэнд үйлчилмүй. Эрт өдөрт ах дүү боловч эдүгээ өшөөтөн дайсан тул чи жич битгий илүүц өгүүлэгтүн! Хурдан хотоос залран гартугай!” хэмээсэнд Зиньсян бас “Хэлэлцсүгэй!” хэмээтэл Хаожао нэгэнтээ хэрмийн асраас гарч одов. Вэй улсын цэрэг шаардан морь унуулаад хотоос хөөж гаргав. Зиньсян хойш хандаж үзвээс Хаожао хэрсэг түшиж зогсжээ. Зиньсян морийг татаж ташуураар зааж өгүүлрүүн: “Бодао119 мэргэн дүү юунд ийм нимгэн хүсэлтэн ажгуу?”. Хаожао өгүүлрүүн: “Вэй улсын цааз хуулийг ах мэдэх буй за? Би улсын хишигт хүртсэн тул гагц үхэхийн төдий болой. Ах битгий үг оруулан хэлэлцэгтүн! Эртхэн эгж Жугө Ляныг хурдан ирж “Хотыг байлд!” хэмээтүгэй! Би эмээхгүй!”. Зиньсян эгж Кунминд хэлрүүн: “Хаожао миний үг гарахын урьд марган зогсоожээ”. Кунмин өгүүлрүүн: “Чи дахин одож түүнд уулзан ашиг зовлонг гарган хэлэлц!”. Зиньсян бас хотын доор хүрч Хаожаог залж “Үг хэлсүгэй!” хэмээсэнд Хаожао асрын өмнө гарч ирэв. Зиньсян морийг татаж их дуугаар өгүүлрүүн: “Бодао мэргэн дүү миний шударга үгийг сонс! Чи гагц бага хотыг сахиад яахан хэдэн арван түмний олон лугаа тулмуй? Өнөө дагахгүй болбоос хойно гэмшивч гүйцэхгүй болмуй. Нэнд их Хань улсад дагахгүй харин зальхай Вэй улсад үйлчлэх нь юунд тэнгэрийн зүйг мэдэхгүй тунгалаг булингарыг ялгахгүй аж? Бодао чи сайтар санаж үзэгтүн!”. Хаожао ихэд хилэгнэж нуманд зэв онилон Зиньсяныг зааж зандан өгүүлрүүн: “Миний урьд үг нэгэнтээ тогтов. Чи дахин битгий хэлэлц хурдан эгэгтүн! Би чамайг харвахгүй!” хэмээв.
119 Хаожаогийн өргөсөн нэр
Түүнээс Зиньсян эгээд Кунминд уулзан Хаожаогийн үг байдлыг бүрнээ хэлсэнд Кунмин ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Гань эр даанч ёс бус. Хэрхэн намайг хотыг байлдах зэвсэггүй хэмээн доромжилмуй” хэмээгээд даруй газрын хүнийг дуудан асууруун: “Чэньцан хотын дотор хэдий цэрэг буй?”. Газрын хүн өчрүүн: “Хэдий үнэн тоог мэдэхгүй боловч бараглахад гурван мянган хүн буй”. Кунмин ихэд инээн өгүүлрүүн: “Энэ бага хот яахан намайг халхалж чадмуй? Битгий түүний өмөглөх цэрэг хүрч ирэхийг хүлээ! Хурдан байлдсугай!” хэмээгээд цэргийн дотор хэдэн зуун үүлэн шат хийсэнд нэг шатанд арав илүү хүн зогсож болмуй. Тойрон хавтгай модоор халхалж цэргийн ард тус бүр охор шат, гинж дээс бариад гагц хүрээний дотроос хэнгэрэг дэлдэхийг хүлээн “Нэгэн хамтаар хотод авирмуй!” хэмээхэд Хаожао хотын дээрээс Шу улсын цэрэг үүлэн шат хийж дөрвөн зүгээс ирэхийг үзээд даруй гурван мянган цэрэгт галт сум бариулан дөрвөн зүгт зогсоож: “Үүлэн шат хотын ойр ирмэгц хамтаар харва!” хэмээв. Кунмин хотын дотор бэлтгэсэнгүй буй за хэмээгээд ихээр үүлэн шат үйлдүүлж цэргийг хэнгэрэг дэлдүүлэн хашхиран дэвшүүлсэнд санамсаргүй хотын дээрээс галт зэвийг цугаар харваж үүлэн шат цөм шатаад дээрх цэргийн олон нь цөм ноцож үхжээ. Бас хот дээрээс зэв чулуу бороо мэт ирэхэд Шу улсын цэрэг цөм эгэв. Кунмин ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи миний шатыг ноцоовоос би бас тэргээр дайрах аргыг хэрэглэсүгэй!” хэмээгээд шөнө дөлөөр дайрах тэргийг жагсаан тавив. Жич өдөр бас дөрвөн зүгээс хэнгэрэг дэлдэж хашхиран ороход Хаожао яаран чулуу зөөлгөн нүх гаргаж олс дээсээр хэлхээд хаясан тул тэрэг цөм хэмхрэв. Кунмин хүнээр шороо зөөлгөж гууг дүүргэн Ляохуаг хүрз цавчуур барьсан гурван мянган цэргийг аваад шөнө газрыг гулдран өрж сэмээр хотод оруулахад Хаожао бас хотын дотор хөндлөн огтолж гуу өрөв. Энэ мэтээр хэдэн өдөр шөнө байлдаж хорин өдөр илүү болтол эвдэх аргагүй тул Кунмин хүрээний дотор уйдан бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Зүүн этгээдийн туслах цэрэг хүрч ирэв. Туганд “Вэй улсын гавшгай их жанжин Ваншуан” хэмээн бичжээ” Кунмин асууруун: “Хэн очиж угтмуй?” Вэй Янь гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсмүү!”. Кунмин өгүүлрүүн: “Чи гавшгай жанжин тулд хөнгөнөөр гарч болохгүй. Бас хэн гармуй?” хэмээн асуусан хойно бас жанжин Сесюн өчиж гарав. Кунмин гурван мянган цэрэг өгч илгээжээ. Кунмин бас асуун өгүүлрүүн: “Хэн бас аймшиггүй дахин одмуу?” Бага жанжин Гүнци “Одсугай!” хэмээхэд Кунмин бас гурван мянган цэрэг өгч илгээв. Кунмин хотын доторхи Хаожаогийн цэрэг гарч ирэхээс болгоомжлон цэрэг морийг хорин газарт эгүүлж буцаав.
Тэндээс Сесюн цэрэг авч урагшлан бүхийд төв хэмээн Ваншуанд учирч байлдаад гурван удаа болсонгүй Ваншуанд нэгэнтээ цавчигдаж үхэв. Шу улсын цэрэг дарагдаж буруулан явахад Ваншуан хойноос нэхэж ирснийг Гүнци тулан авч байлдаад гурван удаа болсонгүй бас Ваншуанд алагдав. Буруулсан цэрэг эгж Кунминд хэлбээс Кунмин ихэд цочиж яаран Ляохуа, Ванпин, Жан Иг илгээв. Хоёр этгээд эсэргүүлэн жагсаагаад Жан И гарсанд Ванпин, Ляохуа жагсаалыг хамгаалав. Ваншуан морио давхин ирээд Жан И лугаа хэдэн зэрэг байлдсанд хэн алин ч ялахгүй тул Ваншуан хуурч буруулав. Жан И хойноос нэхэхэд Ванпин Жан Иг арганд орсныг мэдээд яаран дуудаж “Битгий нэхэгтүн!” хэмээхүйеэ Жан И яаран буцтал Ваншуангийн шийдэм хүрч ирээд чив ард оносон тул Жан И эмээлийг тэвэрч явав. Ваншуан бас хөөж ирэхэд Ванпин, Ляохуа нар хөндлөн хөшиж Жан Иг тэнхрүүлэн жагсаалдаа эгжээ. Ваншуан цэргийг тавьж нэгэн зэрэг ихэд алсанд Шу улсын цэрэг ихэд хохиров. Жан И хэдэнтээ цусаар бөөлжиж эгээд Кунминд золгож хэлрүүн: “Ваншуангийн баатарт эсэргүүцэл үгүй. Эдүгээ хоёр түмэн цэрэг шалгаж
Чэньцан хотын гадна хүрээ байгуулаад дөрвөн этгээдэд шөрөг зогсоон давхар хүрээ барьж хот цогцлоогоод гүн гуу өрж сахих нь ихэд чанга?” хэмээжээ. Кунмин хоёр жанжин алагдаад Жан И бас хор олсныг үзээд даруй Зянвэйг авчирч өгүүлрүүн: “Чэньцангийн замыг үзвээс явж болохгүй. Өөр ямар арга буй?”. Зянвэй өгүүлрүүн: “Чэньцангийн хот бат бөх, Хаожаогийн сахих нь ихэд нягт дээр Ваншуан бас тусалснаар үнэхээр авахуйяа бэрх. Харин нэгэн их жанжинг уулын усанд түшүүлэн хүрээ байгуулан баталж сахиулаад бас нэг сайн жанжинаар чухал замыг сахиулж Зетингээс байлдахаар ирэхийг сэргийлсүгэй! Түүнээс их цэрэг авч Ци Шань уулыг сундалж би дахин ийм тийм арга хэрэглэсэнд Цаожэнийг барьж болмуй” хэмээсэнд Кунмин үгийг дагаж даруй Ванпин, Лихүйд хоёр салааны цэрэг өгч Зетингийн бага замыг сахиулж Вэй Яньд нэгэн салааны цэрэг өгч Чэньцангийн завын амыг сахиулаад мадайг гавшгай Гуаньсин, Жанбаог өмнө хойно туслах цэрэг болгож нарийн замаар Сегүгийн газрыг гараад Ци Шань уулын зүг мордов.
Тэндээс Цаожэнь, Сыма Ид нэгэн удаа гавьяа булаагдсан учир энэ удаа Луо Янд одож Гуохуай, сүньлид зүүн барууныг сахиулаад бас Чэньцан цэргийн мэдээ шахам болсныг сонсож Ваншуаныг туслуулахаар илгээсний хойно Ваншуан жанжныг алж гавьяа байгуулсныг сонсоод ихэд баярлан дунддыг хамгаалах их жанжин Фэй Яогоор өмнө цэргийн үйлийг хамааруулан бүгд жанжин нарыг ерөнхийлэн захируулж олон жанжингаар газар газрын хавцал амыг сахиулав. Гэнэт “Уулын завын дотроос нэгэн тагнуулчийг барьж олоод золгохоор ирэв” хэмээмүй. Цаожэнь “Оруулж ир!” хэмээсэнд тэр хүн цацрын өмнө ирээд сөгдөж өчрүүн: “Бага хүмүүн тагнуулч бус нарийн нягт хэрэг байж Дүдүд золгохоор ирснийг замд бүгсэн цэрэг ташааран барьсан болой. Хажуугийн хүнийг зайлуулахыг гуйму” хэмээсэнд Цаожэнь хүлснийг тайлуулан зүүн баруун этгээдийн ардыг “Түр гарагтун!” хэмээв. Тэр хүн өгүүлрүүн: “Би Зян Бо Юэгийн сэтгэл зүрхний мэт хүн болой. Миний эзэн тусгай зарж нууц бичиг хүргэхээр ирүүлжээ” Цаожэнь өгүүлрүүн: “Бичиг хаана буй?”. Тэр хүн бичгийг дотор дээлнээс гаргаж өргөв. Цаожэнь нээж үзвээс бичгийн үг нь:
“Ялт жанжин Зянвэй зуун зэрэг мөргөж их Дүдүгийн тугийн доор бичиг өргөв. Би санаваас үе улиран Вэй улсын хишиг пүнлүүг идэж хязгаарын хотыг сахиулсан хэтэрхий зузаан хишигт хүртээд хариулах аргыг олоогүй асан бөлгөө. Урьд Жугө Лянгийн арганд эндэж ороод бие өндөр уулын гүн газарт шавартав. Хуучин улсыг санахыг аль өдөр гэмээнэ умартахгүй. Эдүгээ завшаанд Шу улсын цэрэг баруунш гарч ирсэнд Жугө Лян намайг огт сэжиглэхгүй. Дүдү шударга үгийг аван их цэрэг авч ирээд хэрвээ дайсанд учирвал хуурч буруулагтун! Зянвэй би хойноос гал ноцоохоор тэмдэг болгон урьд амуу өвсийг ноцоосугай! Тэр үес их цэргийг хойш буцааж байлдваас Жугө Ляныг барьж болмуй. Гавьяаг байгуулан улсад хариулсугай хэмээх нь бус үнэнд урьдын бурууг тайлсугай хэмээмүй. Хэрвээ хянаж тогтоовоос хурдан хариу захиа хүртээн ирүүлэх ажаамуу!” хэмээжээ.
Цаожэнь бичгийг үзээд дотроо баярлан “Тэнгэр намайг гавьяа бүтээлгэх нь энэ болой” хэмээгээд даруй ирсэн хүнийг хүндэд шагнаад “Хугацаа болзож хурсугай!” хэмээн хойш хэлэхээр илгээв. Цаожэнь Фэй Яог авчран зөвлөж өгүүлрүүн: “Эдүгээ Зянвэй сэмээр нууц бичиг хүргэж ирэн намайг ийм тийм бол хэмээмүй” Фэй Яо өгүүлрүүн: “Жугө Лянд бодлого их, Зянвэйд арга үлэмж тул эсвээс Жугө Лянгийн хэрэглэж явуулсан ч магад. Дотор хуурах арга байх буй за!”. Цаожэнь өгүүлрүүн:
“Тэр угаас Вэй улсын хүн аргагүйдээ Шу улсад дагасан тул ямар сэжиглэл буй?”. Фэй Яо өгүүлрүүн: “Дүдү хөнгөлөн орж болохгүй. Гагц гол хүрээг сахь! Би нэгэн салааны цэрэг авч Зянвэйгийн болзоонд одсугай! Хэрвээ гавьяа бүтвээс цөм Дүдүгийн хүч болой. Хэрвээ хуйхар арга байваас би биеэр хүлээсү!” хэмээсний хойно Цаожэнь ихэд баярлаж даруй Фэй Яод таван түмэн цэрэг өгч илгээгээд Сегү завын зүг орж хоёр гурван өдөр явсан хойно цэрэг буугаад хүн зарж мэдээ авахуулахаар илгээвээс тэр өдрийн бичин цагт хойш ирж хэлрүүн: “Сегү завын замаар Шу улсын цэрэг ирлээ”. Фэй Яо яаран цэрэг хөдөлж урагш ороход Шу улсын цэрэг байлдахын урьд эгэв. Фэй Яо цэрэг авч нэхвээс Шу улсын цэрэг бас ирэв. Сая “Эсэргүүлэн жагсаасугай!” хэмээхэд Шу улсын цэрэг бас явжээ. Тийн гурван удаа болоод удаасаар жич өдрийн бич цагт хүртэл Вэй улсын цэрэг нэгэн өдөр нэг шөнө амарч чадсангүй. Гагц “Шу улсын цэрэг байлдахаар ирүүзэй!” хэмээн айжээ. Цэрэг сая бууж “Будаа идсүгэй!” хэмээхэд гэнэт дөрвөн этгээдээс хашхирах дуу ихэд түрхрэн хэнгэрэг харангын дуу гарч Шу улсын цэрэг уул голыг бүрхэж ирмүй. Үүдэт туг нээмэгц нэгэн дөрвөн хүрдэт тэрэг гарч ирэв. Дээр нь Кунмин төв суужээ. “Вэй улсын эзэн жанжныг дуудаж үг өчсүгэй!” хэмээн хүнээр хэлүүлэхэд Фэй Яо морь тавин холоос Кунминийг үзээд хойш хандаж зүүн баруун этгээдийн ардын зүг өгүүлрүүн: “Хэрвээ Шу улсын цэрэг дарахаар ирэхүл даруй эгж буруул! Уулын хойд гал ноцохыг үзсэнд хойш буцаж алахаар од! Эрхгүй өмөглөх цэрэг ирмүй” хэмээн зарлаад Фэй Яо дам илдийг хөндлөн барьж өндөр дуугаар өгүүлрүүн: “Урьд дарагдсан жанжин эдүгээ ямар аймшиггүй бас ирэв?” Кунмин өгүүлрүүн: “Чи Цаожэнийг дуудан үг өчүүл!” хэмээхэд Фэй Яо харааж өгүүлрүүн: “Цао Дүдү болбоос хааны удам, яахан урвасан хулгай лугаа золгомуй?” Кунмин хилэгнэж өдөн дэвүүрээр нэгэнтээ далласанд зүүнээс мадай, баруунаас Жан И хоёр замаар цэрэг дайран гарч ирсэнд Вэй улсын цэрэг даруй эгээд гучин газар явсангүй Шу улсын цэргийн араас гал мандаад хашхирах дуу тасрахгүй. Фэй Яо “Тэмдэг гал” хэмээн мэдэж даруй хойш эгж алахаар ирэхэд Шу улсын цэрэг буруулав. Фэй Яо дам илд барьж өмнө болж хашхирах дууны зүг хандан нэхэж явсаар галын ойр болсонд уулын зав дотроос хэнгэргийн дуу гартал хоёр салааны цэрэг хүрч ирэв. Зүүн этгээдэд Гуаньсин, баруун этгээдэд Жанбао уулын дээрээс зэв чулуу бороо адил дорогш харвахад Вэй улсын цэрэг ихэд дарагдав. Фэй Яо аргад орсныг мэдээд яаран цэрэг эгж уулын зав дотор буруулан явбаас хүн морь ядаж зүдсэний дээр хойноос Гуаньсин, Жанбао амь тавьж хүчлээд цэргийг авч нэхэж ирмүй. Үүнд Вэй улсын цэрэг харилцан гишгэлцэж уулын хавцлын усанд унаж үхсэнийг нь тооловч барахгүй. Фэй Яо “Амь гарсугай!” хэмээн буруулан явж байтал завын аманд нэгэн салааны цэрэгт учрав. Тэр Зянвэй ажгуу. Фэй Яо харааж өгүүлрүүн: “Урвасан хулгай итгэмжгүй! Би хишиггүй чиний зальхай аргад оров” хэмээсэнд Зянвэй инээн өгүүлрүүн: “Би “Цаожэнийг барьсугай!” хэмээсэн бөлгөө. Харин чамайг ташаарчээ. Хурдан мориноос бууж дагагтун!” хэмээхэд Фэй Яо морь тавин зам булаан завын зүг буруулахад гэнэт завын дотор гал тэнгэрт тултал мандаад хойноос нэхэх цэрэг бас хүрч ирсэн тул Фэй Яо өөрийн хоолойг огтолж үхэв. үлдсэн нь цөм дагав. Кунмин шөнө дөлөөр цэрэг орж Ци Шань уулын өмнө гарч хүрээ буугаад цэрэг хураан Зянвэйг хүндэд шагнав. Зянвэй өгүүлрүүн: “Би Цаожэнийг олж барьсангүй тул хорсмуй” Кунмин бас өгүүлрүүн: “Хайран их аргыг бага газарт хэрэглэв”.
Тэндээс Цаожэнъ Фэй Яогийн автсаныг сонсоод гэмшивч гүйцэхгүй. Даруй Гуохуайгийн хамт цэрэг эгүүлэх аргыг зөвлөв. Түүнээс Сүньли, Синьпи шөнө дөлөөр илтгэл бичиг хийж Вэй улсын эзэнд айлтгаж хэлрүүн: “Шу улсын цэрэг бас Ци Шань уулыг гарч ирсэнд Цаожэньгийн цэрэг хохирон, жанжин автаж асар цухалдаж амуй” хэмээсэнд Цаорүй ихэд цочиж даруй Сыма Иг авчирч дотор оруулаад өгүүлрүүн: “Цаожэнь цэрэг хохирч жанжин автаад Шу улсьш цэрэг бас Ци Шань уулыг гарчээ. Чамд ямар сайн арга буй аж, дайсныг эгүүлмүй?” Сыма И өгүүлрүүн: “Надад Жугө Ляныг эгүүлэх арга буй. Вэй улсын цэрэг сүр алдаршуулан баатрыг гаргах хэрэггүй. Шу улсын цэрэг өөрөө явмуй” хэмээжээ. Энэ чухамхүү:
“Нэгэнтээ Зыданьгийн дийлэх аргагүйг мэдээд
Цөм Жүндагийн сайн бодлогод эрдэв”
Эгнэгт тэр ямар аргыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )