"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 103 ДУГААР БҮЛЭГ
ШАН ФАНГҮ ЗАВД СЫМА И ХААГДСАН
ҮЖАН ЮАНЬ ГАЗАРТ ЖҮГӨ ЛЯН ОД ТАХИСАН
Өгүүлэх нь: Сыма И, Жан И, Ляохуад нэгэн зэрэг дарагдаад ганцаар нягт шугуйн дотор буруулан орж явжээ. Жан И хойд цэргээ хураагаад Ляохуа морь давхиулан нэхэж ирээд гүйцэх шахтал Сыма И модыг эргэн тойрч явмуй. Ляохуа нэгэн илдээр цавчиж илгээсэнд харин мод оногдов. Даруй илдийг татаж авах хооронд Сыма И нэгэнтээ шугуйгаас гарч одов. Ляохуа хойноос нэхэн гарч үзвээс хааш одсоныг мэдэхгүй гагц нэгэн алтан дуулгыг шугуйн зүүнтээ унагаажээ. Ляохуа дуулгыг аваад шууд зүүнш нэхэж очив. Үзвээс Сыма И шугуйн зүүнтээ дуулгыг гээгээд бие баруунш явсан ажгуу. Ляохуа нэг өртөө хэр нэхээд мөр сураггүй тул шууд завын амыг гармагц Зянвэйд учраад хамт хүрээндээ эгж Кунминд золгохоор ирвээс Жан И хэдийн модон үхэр, цуврах морийг хүрээнд авч ирээд амуу түмэн таар илүү олжээ. Ляохуа алтан дуулгыг өргөж тэргүүн гавьяа олсонд Вэй Янь дотроо таалахгүй байн байн муу үг гаргавч Кунмин үл мэдэгч болон суужээ.
Тэндээс Сыма И хүрээндээ эгээд дотроо уйдан бүхийд Вэй вангийн элч зарлиг бичиг хүргэж ирэв. Дотор хэлсэн нь “Зуун У улс гурван замаар орж ирсэн тул төрд жанжин амлаж дайсныг халхалсугай хэмээн зөвдөж буй. Сыма Иг бэхлэн сахиж битгий гарч байлд!” хэмээн бичжээ. Сыма И зарлигийг хүлээн аваад гүн гуу өндөр хэрэм цогцлоож бэхлэн сахиад гарч байлдахгүй болов.
Тэндээс Цаорүй, Сүньцуанийг гурван замаар цэрэг авч ирэхийг сонсоод бас л гурван замаар мөчөөрхөхөөр гарахдаа Люйшаог цэрэг авч Зянсяд тусал! Тянь Юйг цэрэг авч Сян Яныг халхал хэмээн илгээгээд өөрийн бие Маньчун лүгээ их цэргийг дагуулаад Хөфэйг тэнхрүүлэхээр одов. Маньчун урагш нэгэн анги цэрэг авч Чао Хукоу аманд хүрээд анхаарваас зүүн хөвөөнд байлдах онгоц тоогүй, туг хиур төв тэгш, Маньчун үзээд их хүрээнд орж Вэй улсын эзэнд өгүүлрүүн: “Ү улсын хүн манийг холоос ирэв хэмээн хөнгөлж бэлтгэхгүй бөлгөө. Энэ шөнө хоосныг тухайлан усан хүрээг дарахаар одвоос эрхгүй бүрнээ гавьяа олмуй”. Вэй улсын эзэн өгүүлрүүн: “Чиний үг чив хэмээн миний санаа лугаа нийлэв” хэмээгээд баатар жанжин Жанцюйд таван мянган цэрэг өгч тус бүр гал тавих савыг аваад Хукоугийн амаар байлд! Маньчунг таван мянган цэрэг авч зүүн хөвөөнөөс байлд хэмээжээ. Тэр шөнийн хоёрдугаар жингийн үес Жанцюй, Маньчун тус бүр цэрэг авч сэмээр Хукоугийн зүг яваад усан хүрээний ойр хүрмэгц нэгэн зэрэг хашхиран орвоос Ү улсын цэрэг самууран байлдсангүйгээр буруулан явахад Вэй улсын цэрэг дөрвөн этгээдээс гал тавьж байлдах онгоц амуу өвс, зэр зэвсгийг галдсан нь тоогүй. Жугө Зинь дарагдсан цэргийг авч Мянькоугийн зүг буруулав. Вэй улсын цэрэг ихэд ялж эгэв. Дэд өдөр тагнуулын цэрэг Лүсюньд мэдүүлсэнд Лүсюнь олон жанжинг цуглуулан зөвдөж өгүүлрүүн: “Би эзэнд илтгэл айлтгаж Синьчэнгийн хаасныг тайлаад энэ цэргээр Вэй улсын эгэх замыг тасалсугай! Би олныг авч түүний өмнийг байлдаад тэднийг тэргүүн сүүлийг мөчөөрхөж чадахгүй болговоос нэгэн хэнгэрэгт эвдэж болмуй” хэмээсэнд олон үгийг дагав. Лүсюнь илтгэл бичиг үйлдэж нэгэн бага цэргийн хүнээр Синьчэн хотод илгээв. Тэр бага цэрэг бичгийг авч яваад Дукоу оломд хүрсний хойно Вэй улсын бүгсэн цэрэгт баригдсанаар их хүрээнд аваачиж Вэй улсын эзэн Цаорүйд золгосонд Цаорүй биеийг нэгжиж Лүсюньгийн илтгэл бичгийг олж үзээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Зүүн Ү улсын Лүсюнь үнэхээр уран бодлоготон болой” хэмээгээд Ү улсын цэргийг гянданд хорьж Люшаод Сүньцуанийг сайтар сэргийл хэмээв.
Тэндээс Жугө Зинь ихэд дарагдаж бас тэнгэр халуун цаг тул хүн морь олонтоо өвчин олсонд даруй нэгэн бичиг бичиж хүнээр Лүсюньд уламжлуулан цэрэг хурааж улсдаа эгсүгэй хэмээн илгээсэнд Лүсюнь үзээд ирсэн хүнд хэлрүүн: “Эгж жанжны сайныг асуугаад “Надад арга буй” хэмээн өгүүлэгтүн!” гэхэд тэр хүн эгж Жугө Зиньд хэлсэнд Жугө Зинь асуун өгүүлрүүн: “ЛҮ Жанжин ямар үйлс хийж буй?” Зарсан хүн өгүүлрүүн: “ЛҮ Жанжин гагц олныг захирч хүрээний гаднах хүрээлэнд буурцаг тариулан өөрийн бие олон жанжин лугаа хаалганы гадна харваж намнаж наадаж байхыг үзэв”. Жугө Зинь ихэд цочиж өөрийн биеэр Лүсюньгийн хүрээнд одоод золгож өгүүлрүүн: “Эдүгээ Цаорүй биеэр ирсэн тул түүний цэрэг маш хөгжилтэй атал Дүдү ямар аргаар халхалмуй?” Лүсюнь өгүүлрүүн: “Би урьдаар элч зарж эзэнд илтгэл өргөхөөр илгээсэн бөлгөө. Санамсаргүй дайсны хүнд баригджээ. Арга нэгэнтээ задарсан тул тэр эрхгүй бэлтгэж амуй. Үүнийг байлдавч тусгүй тул түр цэрэг эгэхэд эс хүрмүй. Тийнхүү хүн зарж дээд эзэнд айлтгаад алгуур цэрэг эгсүгэй хэмээсэн бөлгөө” хэмээхэд Жугө Зинь өгүүлрүүн: “Дүдүд ийм санаа аваас даруй эгвэл зохих атал яахан бас татгалзан удаамуй?”. Лүсюнь өгүүлрүүн: “Манай цэрэг эгэхэд алгуур аажмаар хөдөлбөөс сая болмуй. Эдүгээ яаран эгвээс Вэй улсын цэрэг эрхгүй хойноос нэхмүй. Энэ дарагдахыг эрэх нь болой. Авгай чи урьдаар онгоц салыг байцаан засаж байлдах байдал гаргагтун! Би хүн морь авч Сян Янгийн зүг орж дайсныг сэжиглүүлсэн хойно алгуураар Зяндунд эгвээс Вэй улсын цэрэг аймшиггүй ойр болохгүй бөлгөө” хэмээсэнд Жугө Зинь түүний аргыг дагаж хүрээндээ эгээд онгоц салыг засаж хөдлөн гарахыг бэлтгэв. Лүсюнь цэрэг ангийг чангалан сүр үзүүлж Сян Янгийн зүг одов. Хэдийн энэ учрыг харуулын хүн Вэй улсын эзэнд ирж мэдүүлрүүн: “Ү улсын цэрэг нэгэнтээ хөдөлсөн тул сайтар сэргийлэх хэрэгтэй” хэмээсэнд олон жанжин сонсоод цөм гарч байлдсугай хэмээмүй. Вэй улсын эзэн ер Лүсюньгийн эрдмийг мэдэх тул олон жанжин нарт өгүүлрүүн: “Лүсюньгийн арга харин дайсныг өдөөх нь буюу? Хөнгөнөөр гарч болохгүй” хэмээсэнд олон сая зогсов. Хэдэн өдрийн хойно харуулын хүн ирж хэлрүүн: “Зүүн Ү улсын гурван замын цэрэг цөм эгэв” хэмээмүй. Вэй улсын эзэн итгэсэнгүй дахин хүн илгээж үзүүлбээс хойш мэдүүлрүүн: Үнэхээр цөм эгэв хэмээмүй. Вэй улсын эзэн өгүүлрүүн: “Лүсюньгийн цэрэг хэрэглэх арга Сүньзы, Үзигээс дооргүй. Зүүн өмнийг төвшитгөхөд бэрх” хэмээжээ. Тийнхүү олон жанжинд алив хавцал амыг хичээн сахигтун хэмээн зарлиг буулгаад өөрийн бие цэрэг авч Хөфэйд эгээд түүний хувьсахыг хүлээн суув.
Түүнээс Кунмин Ци Шань ууланд удаан суух арга гаргаж Вэй улсын иргэн лүгээ хамт хольж тариа тариулан цэрэг нэгэн хувь, иргэн хоёр хувь авахаар тогтоож өчүүхэн төдий иргэнийг зовоохгүй тул Вэй улсын иргэн цөм энх амраар аж төрмүй. Сыма Игийн их хөвгүүн Сыма Ши орж эцэгтээ өгүүлрүүн: “Шу улсын цэрэг бидний төчнөөн амуу будааг булаан аваачаад бас цэргийн хүн гаргаж иргэн лүгээ хамт суулган Вэйшүй голын орчим тариа үйлдэж удах арга болгожээ. Энэ улс гэрийн их зовлон болой. Эцэг юунд Кунмин лүгээ өдөр болзон нэгэн зэрэг эрэгчин эмэгчинг таслан ихэд байлдахгүй аж?”. Сыма И өгүүлрүүн: “Зарлигаар намайг бэхлэн сахиж хөнгөнөөр байлдаж болохгүй хэмээв” хэмээн хэлэлцэн бүхийд хүн орж хэлрүүүн: “Вэй Янь Юаньшуайгийн урьд өдрийн гээсэн алтан дуулгыг авч ирээд зуун зүйлээр ичээж хараан байлдахаар ир хэмээн дуудмуй” хэмээсэнд жанжин хилэгнэж цөм гарч байлдсугай хэмээмүй. Сыма И инээж өгүүлрүүн:
“Богд хүмүүний өгүүлсэн нь “Бага үйлийг хүлцэхгүй болбоос их бодлого самуурмуй” хэмээжээ. Гагц бэхлэн сахисанд дээд”. Олон жанжин үгийг дагаж гарахгүй тул Вэй Янь удтал хараагаад сая эгэв. Кунмин Сыма Игийн гарч байлдахгүйг үзээд даруй Мадайд захиж шөр132 үйлдүүлэн хуурай мод, гал ноцоох юм цуглуулан хүрээний дотор гүн гуу өрж хуурай өвс гал хөгжөөх юмыг хураан тавьсан бөгөөд тойрсон уулын дээр арвин өвс овоолон дотор гадна газрын аянга булжээ. Бэлтгэн дууссан хойно Кунмин чихний дэргэд шивнэж хэлрүүн: “Ху Лүгү завын хойд замыг бөглөөд сэмээр завын аманд цэрэг бүг! Хэрэв Сыма Игийн цэрэг ирвэл түүний дураар завд орсны хойно газрын аянга хуурай өвсөнд цугаар гал ноцоогтун! Бас цэргийн ардаар өдөр болбоос долоон одны тугийг завын аманд өргүүлж шөнө болбоос уулын дээр долоон гэгээн зул шатааж нууц тэмдэг болгогтун!” хэмээсэнд Мадай аргыг хүлээн одов. Кунмин бас Вэй Янийг дуудаж сурган өгүүлрүүн: “Чи таван зуун цэрэг авч Вэй улсын хүрээнд өдөөн байлдахаар одож эрхгүй Сыма Иг өрнүүлэн гаргаж байлд! Гагц битгий дийлэгтүн! Хууран дарагдагч болон явбаас Сыма И эрхгүй нэхэж ирмүй. Ирвээс чи долоон одны тугийн зүг буруулан шөнө болбоос долоон зул шатаасан газрыг чиглэн явагтун! Эрхбиш Сыма Иг Ху Лүгү завын дотор удирдан оруулсанд надад барих арга буй”. Вэй Янь аргыг хүлээн аваад цэрэг авч одов. Кунмин бас Гаосяныг дуудаж өгүүлрүүн: “Чи модон үхэр, цуврах морь хорь гучийг нь нэг сүрэг, заримдаа дөч тавийг нэг сүрэг болгон амуу будаа ачиж уулын замаар урагш хойш яв! Хэрвээ Вэй улсын цэрэг булаан аваачваас мөн чиний гавьяа болой”. Гаосян аргыг хүлээн морь, үхрийг довтолгохоор очив. Кунмин Ци Шань уулын цэргийг нэг нэгээр тогтоогоод сургаж өгүүлрүүн: “Та гагц тариа үйлдэгч болон зогс. Бус цэрэг байлдахаар ирсэнд хуурч буруул! Битгий дийлэгтүн! Хэрвээ Сыма И биеэр ирвээс та нар цугаар гараад хүч нэгдэж Вэйшүй голын өмнийг байлдаж түүний эгэх замыг таслагтун!” хэмээн зохиож тогтоогоод өөрийн бие нэг хүрээний цэрэг аваад Шан Фангү завын ойр хүрээ буув.
132 Тойруулан шивээлж хийсэн сараалжин хашаа, шөрөг
Тэндээс Ся Хоухуй, Ся Хоухө хоёул хүрээнд орж Сыма Ид золгож өгүүлрүүн: “Эдүгээ Шу улсын цэрэг дөрвөн зүгт сарниж хүрээ байгуулан газар газарт тариа үйлдэж удах санаа болгожээ. Хэрвээ энэ тухай арилгахгүй түүний тааваар амар суулган өдөр удваас үндэс нь бэх болж хөдөлгөхүйеэ бэрх болмуй”. Сыма И өгүүлрүүн: “Тэр бас Кунмингийн арга болов уу хэмээн болгоомжилмуй”. Хоёул бас өгүүлрүүн: “Дүдү ийн сэжиглэх болбоос дайсныг хэзээ олж сөнөөмүй? Бид ах дүү хоёул хүч гарган нэгэнтээ үхэлдэн байлдаж улсад хариулахыг хүсмүй”. Сыма И өгүүлрүүн: “Тийн болбол танай хоёул зам хуваан гарч байлдсугай!” хэмээгээд даруй Ся Хоухуй, Ся Хоухөд тус бүр таван мянган цэрэг өгч илгээгээд Сыма И сайн мэдээ сонсохыг хүлээн суув.
Тэндээс Ся Хоухуй, Ся Хоухө хоёул хоёр замаар цэрэг хувааж хараахан явахад Шу улсын цэрэг модон үхэр, цуврах морийг авч ирэхийг үзээд хоёул хамт байлдахаар гарсны хойно Шу улсын цэрэг дарагдаж буруулсанд модон үхэр, цуврах морийг цөм Вэй улсын цэрэгт булаагдаад цөмийг Сыма Игийн хүрээнд хүргэж ирэв. Жич өдөр бас зуу илүү цэрэг морийг олоод бас их хүрээнд хүргэж иржээ. Сыма И олзллсон хүнээс үнэн ташааг асуусанд Шу улсын цэрэг хэлрүүн: “Кунмин Дүдүг батлан сахиад гарахгүй хэмээн санаад биднийг дөрвөн зүгт тараан тариа үйлдүүлэн удах арга болгосон бөлгөө. Санамсаргүй баригдав” хэмээсэнд Сыма И Шу улсын цэргийг цөмийг тавьж илгээв.
Ся Хоухө өгүүлрүүн: “Юунд алахгүй буй?”. Сыма И өгүүлрүүн: “Энэ өчүүхэн цэргийн ардыг алавч тусгүй. Хүрээнд нь тавин илгээгээд түүгээр Вэй улсын агуу багтаамж өршөөл нигүүлсэхүйг хэлэлцүүлж тэдгээрийн байлдах сэтгэлийг тайлсугай! Энэ нь Люймөнгийн Зинжоу мужийг авсан арга болой. Үүнээс хойш Шу улсын хүнийг барьж ирвээс сайн үгээр төвшитгөж тавин явуул. Гавьяа бүхий хүнийг хүндэд шагнасугай!” хэмээн зарласанд олон жанжин нар цөм цаазыг сонсож одов.
Тэндээс Кунмин, Гаосяныг хуурмагаар амуу зөөгч болгож “Үхэр морийг Шан Фангү завын аманд нааш цааш довтолгон явуулагтун!” хэмээн захиж илгээв. Ся Хоухуй нар өдөр бүр дайлж хагас сарын хооронд хэдэн зэрэг дийлжээ. Сыма И Шу улсын цэрэг дахин дахин дарагдахыг үзээд дотроо баярлаж бүхийд гэнэт нэгэн өдөр Шу улсын цэрэг хэдэн арван хүнийг барьж ирэв. Сыма И цацарт авчирч асууруун: “Кунмин эдүгээ хаана буй?”. Олон цөм өгүүлрүүн: “Жугө Лян Чансан Ци Шань ууланд үгүй. Шан Фангү завын баруун арван газрын эцэст хүрээ буугаад өдөр бүр амуу зөөж Шан Фангү завд хураамуй”. Сыма И нарийвчлан асуугаад даруй олныг тавьж илгээсэн хойно олон жанжин нарыг дуудаж өгүүлрүүн: “Эдүгээ Кунмин Ци Шань ууланд үгүй “Шан Фангү завд буужээ” хэмээмүй. Та маргааш хамтаар Ци Шань уулын хүрээг байлдахаар очигтун! Би биеэр туслахаар одсугай!” хэмээсэнд олон цөм үгийг хүлээн авч тус бүр байлдахад бэлтгэжээ. Сыма Ши өгүүлрүүн: “Эцэг юу хэмээн түүний хойдыг байлдмуй?”. Сыма И өгүүлрүүн: “Ци Шань уул хэмээгч Шу улсын үндсэн газар тул хэрэв бидний цэргийг байлдахаар одсоныг сонсвоос газар газрын цэрэг эрхгүй өмөглөхөөр ирмүй. Би Шан Фангү завыг аваад амуу өвсөнд гал тавьж түүнийг тэргүүн сүүлээ хамгаалан чадахгүй болговоос лав ихэд дарагдмуй” хэмээсэнд Сыма Ши “мөн!” хэмээн ёслов. Сыма И даруй цэрэг гаргахад Жанху, Юэчэнийг тус бүр таван мянган цэрэг авч хойдыг тусал хэмээв.
Тэндээс Кунмин уулан дээр зогсож анхаарваас Вэй улсын цэрэг гурав таван мянга эсвээс нэг мянгаар цугларч өмнө хойдыг хашиж ирмүй. “Санахад лав Ци Шань уулын их хүрээг авахаар ирэх буй за!” хэмээгээд даруй сэмээр олон жанжин нарыг: “Хэрэв Сыма И биеэр ирвээс та нар даруй Вэй улсын Вэйшүй голын хүрээг очиж булаагтун!” хэмээн цааз зарласанд олон жанжин цөм хүлээн одов.
Тэндээс Вэй улсын цэрэг цөм Ци Шань уулын их хүрээний зүг ирсэнд Шу улсын цэрэг дөрвөн этгээдээс хамтаар хашхирч давхисаар туслах байдал гаргамуй. Сыма И Шу улсын цэрэг Ци Шань уулын хүрээнд туслахыг үзээд даруй хоёр хөвгүүн хийгээд дунд хүрээний хамгаалагч цэргийг авч Шан Фангү завын зүг байлдахаар ирэв. Вэй Янь завын аманд гагцхүү Сыма Игийн ирэхийг үзэн бүхийд гэнэт нэгэн салааны Вэй улсын цэрэг байлдахаар ирэв. Вэй Янь морь довтолгон урагш одож үзвээс төвхийтэл Сыма И болой. Вэй Янь өндөр дуугаар зандран хэлрүүн: “Сыма И битгий буруулагтун!” хэмээн илдээ даллан угтан байлдаж гурван удаа болсонгүй Вэй Янь морио эгүүлж буруулав. Сыма И дагалдаагаар нэхэхээр ирэхэд Вэй Янь долоон одны тугийн зүг буруулжээ. Сыма И, Вэй Янийг ганц бие бөгөөд цэрэг бас цөөнийг үзээд сэтгэл амар нэхэхэд Сыма Шиг зүүн биед, Сыма Жаог баруун биед, өөрийн бие дунд талд болгоод цугаар байлдахаар ирэхэд Вэй Янь таван зуун цэргийг авч зав дотор орж очив. Сыма И нэхсээр завын амын дэргэд хүрээд урьдаар нэг хүнийг зав дотор оруулан цагдуулбаас зарагдсан хүн хойш ирж айлтгаруун: “Зав дотор огт бүгсэн цэрэг үгүй. Уулын дээр цөм өвсөн гэр бөлгөө” хэмээжээ. Сыма И өгүүлрүүн: “Энэ эрхгүй амуу цуглуулсан газар болой” хэмээгээд даруй цэрэг морийг хөөж цөм зав дотор оров. Сыма И гэнэт үзвээс өвсөн гэрийн дээр цөм хуурай өвс овоолсон бөгөөд өмнө байсан Вэй Янь бас үзэгдэхгүй болсонд Сыма И сэжиглэж хоёр хөвгүүний зүг өгүүлрүүн: “Хэрэв Шу улсын цэрэг завын амыг бөглөсөнд одоо яамуй?” хэмээн хэлж барахын урьд гэнэт хашхирах дуу гаран уулын дээрээс гал орхин буулгаж завын амыг ноцоон бөглөв. Вэй улсын цэрэг явавч гарах замгүй бас уулын дээрээс галт сум харваж ирсэнд газарт булсан аянга нэгэн зэрэг дуугарч өвсөн гэрийн хуурай өвс цөм ноцоод галын нөл тэнгэрт тулмуй. Сыма И цочин айж гар хөл тэмтээгүй болоод мориноос бууж хоёр хөвгүүн лүгээ тэврэлдэн ихэд уйлж өгүүлрүүн: “Бидний эцэг хөвгүүн гурвуул цөм энд үхэх болой!” хэмээн уйлалцах завсар гэнэт их салхи салхилан хар үүл бүрхэж аянга дуугармагц догшин бороо цутгах мэт орсонд зав дүүрэн гал агшин зуур сөнөөд газрын аянга дуугарахгүй, галт зэвсэг цөм тусгүй болжээ. Сыма И ихэд баярлаж өгүүлрүүн: “Одоо байлдан гарахгүй бас ямар цагийг хүлээмүй!” хэмээгээд цэрэг авч үхэн байлдаж гартал Жанху, Юэчэнь бас цэрэг авч туслахаар ирсэнд Мадайгийн цэрэг цөөн тул аймшиггүй нэхсэнгүй. Сыма И эцэг хөвгүүн Жанху, Юэчэнь лүгээ цэргийг нэг газарт нийлүүлэн хамт Вэйшүй голын өмнө их хүрээнд эгж ирвээс хүрээг Шу улсын цэрэг эзэлжээ. Гуохуай, Сүньли гүүрний дээр чив хэмээн Шу улсын цэрэг лүгээ байлдан бүхийд Сыма И цэрэг аваад байлдаж ирсэнд Шу улсын цэрэг цөм эгэв. Сыма И гүүрэнд гал тавиад хойд хөвөөнд буув.
Тэндээс Вэй улсын цэрэг Ци Шань ууланд Шу улсын хүрээг байлдаж асанд Сыма И ихэд дарагдаад Вэйшүй голын өмнөд хүрээ автав хэмээн сонсож цэргийн сэтгэл ихэд самуурсан тул яаран эгсүтэй хэмээтэл дөрвөн этгээдээс Шу улсын цэрэг хүрч ирээд байлдсанд Вэй улсын цэрэг ихэд ялагдаад арваас ес нь хохирч үхсэн нь тоогүй. Үлдсэн олон Вэйшүй голын хойд талд буруулан одов. Кунмин уулын дээрээс Вэй Янь, Сыма Иг удирдаж завын дотор оруулсан хойно агшин зуур гал ноцсоныг үзээд ихэд баярлаж “Энэ удаа Сыма И эрхбиш үхмүй” хэмээсэн бөлгөө. Санамсаргүй их бороо орж гал ноцож чадахгүй болов. Харуулын хүн “Сыма И эцэг хөвгүүн цөм оргон явав” хэмээн хэлэхээр ирсний хойно Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Үйлийг үүсгэх нь хүнд буй боловч бүтээх нь тэнгэрт буй. Мушгин үйлдэж эс болмуй” хэмээжээ.
Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Завын аманд салхи хуугиж галын нөл дэгдсэнд
Жингэнэм хур хөх огторгуйгаас шавахыг хэн мэднэм
Үхоугийн уран арга хэрвээ бүтсэн бөгөөс
Уул гол яахан Зинь улсын болмуй?”
Тэндээс Сыма И Вэйшүй голын хойд хүрээнд эгээд цааз зарлаж өгүүлрүүн: “Вэйшүй голын өмнө хүрээг эдүгээ цөм алдав. Олон жанжин нар хэрэв дахин гарч байлдсугай хэмээвээс даруй алмуй” хэмээсэнд олон жанжин сахиж суугаад гарахгүй болжээ. Гуохуай орж хэлрүүн: “Ойрын өдөр Кунмин цэрэг авч байцаан явах нь эрхгүй газар сонгож хүрээ байгуулсугай хэмээгч болой”. Сыма И өгүүлрүүн: “Кунмин Ү Гүнгийн газарт гараад уулыг түшиж зүүнш хүрээ байгуулбаас бидэнд цөм түгшүүр болмуй. Хэрэв Вэйшүй голын өмнөд гарч баруунш Ү Жан Юаньд хүртэл хүрээ байгуулбаас сая хэрэггүй болмуй” хэмээгээд хүн гаргаж мэдээ авуулбаас хойш ирж хэлрүүн: Үнэхээр Ү Жан Юаньгийн газарт хүрээ байгуулав хэмээмүй. Сыма И гараар магнайг дарж хэлрүүн: “Их Вэй улсын эзний буян болой!” хэмээгээд даруй олон жанжин нарт “Бэхлэн сахиж битгий гарагтун! Удваас тэр өөрөө хувилмуй” хэмээн цааз тархаав.
Тэндээс Кунмин нэгэн салааны цэрэг авч Ү Жан Юаньгийн газарт буугаад байн байн хүн гаргаж өдөөн байлдахаар илгээвч Вэй улсын цэрэг огт гарч ирэхгүй тул Кунмин зэмсэг хийгээд эм хүний шулуун хувцас нэг захыг багварт агуулан нэгэн битүүмж бичигтэй хүнээр Вэй улсын хүрээнд хүргүүлснийг олон жанжин нар нуун далдалж болохгүй тул элчийг дагуулан орж Сыма Ид учруулав. Сыма И олны өмнө багварыг нээвээс дотор нь зэмсэг, эм хүний хувцас хийгээд нэгэн битүүмж бичиг буй. Сыма И бичгийг дэлгэж үзвээс бичгийн үг нь: “Жунда чи нэгэнтээ их жанжин болоод Жун Юаньгийн олон бүгдийг захирсан атал бэхийг нөмрөн, хурцыг барьж, эрэгчин эмэгчнийг тогтоохыг санахгүй харин шороон үүрийг сахиж суугаад илд жаднаас зайлах нь эхнэр хүмүүнээс юуны өөр аж! Эдүгээ тухайлан хүн зарж эм хүний зэмсэг, хувцас хүргүүлэв. Хэрвээ гарч байлдахгүй болбоос дахин давтан мөргөж хүлээн авагтун! Ичгүүрэх сэтгэл агаад бас ч эр хүний санаа буй болбоос хурдан цохлон эгүүлж өдөр болзон байлдахаар ирэгтүн!” хэмээжээ.
Түүнээс Сыма И үзээд дотроо хилэгнэж, зоримог инээн өгүүлрүүн: “Кунмин намайг эм хүний адил үзэх ажгуу! Би хүлээн авсугай!” хэмээгээд ирсэн хүнийг хүндэд шагнаад асууруун: “Кунмингийн унтах, идэх, жич хэрэг шийтгэх нь ямар аж?”. Элч өчрүүн: “Чансан орой унтаж эрт босоод хорин мод жанчих үйлээс дээшхийг цөм биеэр шүүмүй. Идэх нь өдөр бүр гагц хэдэн аяганаас өнгөрөхгүй”. Сыма И олны зүг өгүүлрүүн: “Кунмингийн үйл олон, идэх нь бага болбоос юунд удах аж?” хэмээжээ. Элч салж хойш Ү Жан Юаньд эгээд Кунминд золгож: “Сыма И зэмсэг хувцас жич бичгийг үзээд өчүүхэн ч хилэн төрсөнгүй. Гагц чансангийн “Унтах, идэх, үйл шийтгэх нь ямар?” хэмээн асууснаас цэргийн үйлийг огт дурдсангүй. Би энэ мэт өчсөнд тэр “Идэх нь бага бөгөөд хэрэг олон болбоос яахан удаан болж чадах аж” хэмээжээ. Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Тэр намайг гүн мэдсэн болой!”. Жүбо түшмэл Ян Юн хэлрүүн: “Би үзвээс чансан үргэлж данс бичгийг өөрөө байцаамуй. Санахад ийм болох хэрэггүй! Алив үйлийг засахад тус тусдаа ёс дүрэм буй. Дээд доорд харилцан харшилдаж болохгүй. Гэрийг засах ёсоор адилтган хэлбээс эрхбиш эрийг тариа тариулж эмийг будаа чануулмуй. Ийм болбол хөрөнгө арвидаж эл санасан цөм элбэг болмуй. Тэр гэрийн эзэн алгуур уудамчаар өндөр дэрлэж уун идэж болох бөлгөө. Хэрвээ өөрийн биеэр аливаа үйлийг цөм хамаарваас байдалд бие ядаж зүдээд гашуудавч эцэстээ нэгийг ч бүтээн эс чадмуй. Түүний мэдэл ухаан боол шивэгчин нарт үл хүрэх нь бус, гэрийн эзний ёсыг алдсан нь болой. Тиймийн тул эртний хүмүүний өгүүлсэн нь: “Сууж ёсыг шүүмжлэх нь гурван гүн хэмээж, үйлдэж явахыг нь түшмэл дайфу хэмээмүй”. Эрт “Бинзи хэмээгч үхрийн уухилахыг сонсож зовсон бөгөөд зээлд үхсэн ясыг үзээд асуусангүй133. Чэнпин амуу зоосны тоог мэдэхгүй134”. Өгүүлрүүн: “Тус бүрт захирагчид буй” хэмээжээ. Эдүгээ чансан биеэр өчүүхэн үйлийг шийтгээд нар шингэтэл хар хөлс урсгамуй. Хэрхэн зүдэхгүй буй? Сыма Игийн үг үнэхээр элэг, уушгийг мэдсэн болой” хэмээсэнд Кунмин уйлж өгүүлрүүн: “Би эс мэдэх нь бус. Гагц урьд хааны гэрээслэсэн хүнд зарлигийг хүлээн аваад бусдад түлхвээс миний адил сэтгэлийг дуусгахгүй болов уу хэмээн болгоомжилмуй!” хэмээсэнд олон цөм нулимс унагаав. Үүнээс Кунмин дотроо элдэвчлэн бодож бие амаргүй болсон тул олон жанжин нар тийнхүү болгоомжлон байлдсангуй бөлгөө.
133 Бинзи бол Хань улсын чансан болой. Хавар гадуур явж уул зам дээр үхэж шархдсан хүнийг үзэж тэр асуусангүй, харин үхэр уухилахыг үзээд ихэд энэрсэн байжээ. Хүмүүс түүнээс асуусанд түүний өгүүлсэн нь: “Энэ үед тэнгэр хараахан халуун болоогүй тул үхэр үл уухилах байсан билээ. Гэтэл энэ үхрийн байдлаар үзвэл цаг уур тэгшгүй байх мэт болохоор сайн жил болоход харштай болой. Энэ бол чансангийн үүрэгт хамаатай зүйл тул би анхаарах зүйтэй болой” хэмээжээ.
134 Чэнпин бол Хань улсын чансан болой. “Бүх улсад нэг нэг жилийн туршид хичнээн хэрэг шийтгэж хэдий зоос амуу хураасан буй” гэж хаан түүнээс асуусанд тэр “Эдгээр явдлыг хамаатай салаа мөчрөөс асуувал зохино. Чансан бол олон сайд түшмэлийг хамаарахаар гол болгох тул эдгээр явдлыг үл хамаармуй” хэмээжээ.
Тэндээс Вэй улсын олон жанжин цэрэг нар Кунмин эхнэрийн зэмсэг хувцсаар Сыма Иг ичээсэнд Сыма И хүлээн аваад байлдахгүйд олон жанжин уурлан цацарт орж өгүүлрүүн: “Бид цөм их улсын нэрт жанжин бөгөөд юунд Шу улсын хүний энэ мэт гутаахыг хүлцмүй! Бид даруй гарч байлдаад эрэгчин эмэгчинг таслахыг хүсмүй”. Сыма И өгүүлрүүн: “Би гарч байлдахаас айгаад дуртайяа ичингүйрлийг хүлээсэн нь бус. Хэрхвээс тэнгэрийн хөвгүүн зарлиг буулган бэхлэн сахиж битгий хөдлөгтүн хэмээсэн тул эдүгээ хөнгөнөөр гарваас эзний зарлигийг зөрчсөн нь болой” гэж хэлтэл олон жанжин цөм хилэгнэж зогсохгүй болсны хойно Сыма И хэлрүүн: “Та гарч байлдсугай хэмээвээс би тэнгэрийн хөвгүүнд айлтгаад тогтоосны хойно хамт хүчээр гарч байлдваас ямар буй?” хэмээсэнд олон жанжин нар цөм үгийг дагав. Сыма И яаран зарлиг бичиг бичээд элчид бариулан Хөфэй хотод илгээгээд Вэй улсын эзэн Цаорүйд айлтгасны хойно Цаорүй бичгийг нээж үзвээс бичгийн үг нь : “Сайд миний эрдэм мөхөс атал хүнд тушаалыг хүлээсэнд зарлигаар сайд намайг бэхлэн сахиад битгий гарч байлд! Шу улсын хүний өөрөө цөхөхийг хүлээ хэмээсэн бөлгөө. Хэрхсү эдүгээ Жугө Лян надад хувцас хүргэж илгээн намайг эхнэр хүнтэй адилтган гутаажээ! Тийнхүү сайд би урьд Богд гэгээнд айлтган өглөө үдэш нэгэн зэрэг үхэн байлдаад хааны хүнд хишигт хариулж олон цэргийн ичгүүрлийг цагаатгасугай! Сайд би тэсгэлгүй мөргөж хойш сурган хүртээхийг гуйн айлтгав” хэмээжээ. Цаорүй үзэж дуусаад олон түшмэлийн зүг өгүүлрүүн: “Сыма И бэхлэн сахиж гарч байлдахгүй хэмээсэн атал эдүгээ бас юунд бичиг айлтгаж байлдсугай хэмээн гуймуй?”. Вэйвэй түшмэл Синьпи өгүүлрүүн: “Сыма Ид угаас байлдах сэтгэл үгүй бөлгөө. Лав Кунмингийн ичээсэнд олон жанжин нар уурлан байлдъя хэмээх учир тусгайлан энэ бичгийг айлтгаж хаанаас зогсоох зарлиг гуйж олон жанжин нарын сэтгэлийг амруулсугай хэмээгч болой”. Цаорүй энэ үгийг мөн хэмээгээд даруй Синьпид хэмжээт цацаг бариулан Вэйшүй голын хойд хүрээнд зарж “Битгий гарч байлд!” хэмээн ухуулахаар илгээсэнд Сыма И угтаж зарлигийг хүлээн авсан хойно Синьпи зарлиг бичгийг дуудаж өгүүлрүүн: “Жич бас байлдсугай хэмээн өгүүлэгчид аваас зарлигаас зөрчсөнөөр шийтгэмүй” хэмээсэнд олон жанжин аргагүй зарлигийг дагав. Сыма И сэмээр Синьпигийн зүг өгүүлрүүн: “Авгай чи үнэхээр миний сэтгэлийг мэдсэн нь болой!” хэмээгээд олон хүрээнд: “Вэй улсын эзэн Синьпид хэмжээт цацаг бариулан Сыма Ид битгий гарч байлд хэмээн ухуулахаар зарав” хэмээн тархаан хэлүүлэв. Энэ хэргийг Шу улсын жанжин сонсоод Кунминд мэдүүлбээс Кунмин инээн өгүүлрүүн: “Энэ нь Сыма Игийн олон цэргийг амар болгох арга болой” хэмээсэнд Зянвэй асууруун: “Чансан хэрхэн олж мэдэв?”. Кунмин өгүүлрүүн: “Түүнд угаас байлдах сэтгэл үгүй бөлгөө. Өнөө байлдсугай хэмээн гуйсан нь олонд зовлонг үзүүлсэн нь болой. “Жанжин гадна байваас эзний зарлигийг хүлээн авахгүй” хэмээснийг сонссонгүй юу? Яахан мянган газрын холоос байлдсугай хэмээн гуйн айлтгах ёс буй? Энэ Сыма И олон жанжин нарын хилэгнэснийг үзээд Цаорүйгийн амыг зээлж олон хүнийг цаазалсан нь болой. Эдүгээ бас энэ үгийг уламжилж манай цэргийн сэтгэлийг осол болгосугай хэмээсэн болой” хэмээв. Тэндээс гэнэт Фэй И ирэв хэмээн мэдүүлмүй. Кунмин яаран оруулж асууваас Фэй И өгүүлрүүн: “Вэй улсын эзэн Цаорүй зүүн Ү улсын цэрэг гурван замаар ормуй хэмээн сонсоод өөрийн бие цэрэг дагуулан Хөфэйд одож Маньчун, Тянь Юй, Люшао нарын гурван замаар угтуулсанд Маньчун арга үүсгэж Ү улсын амуу өвс, цэргийн зэвсэг алив зүйлийг дуусган гал тавьсны дээр, Ү улсын цэрэгт бас ихэд өвчин дэлгэрсэн тул Лүсюнь, Ү Ванд айлтгаж өмнө хойноос хавчин байлдсугай хэмээн болзохоор илгээсэн бөлгөө. Санамсаргүй бичиг өргөхөөр очсон хүн замын дунд хүрээд Вэй улсын цэрэгт баригдсанаар арга задраад Ү улсын цэрэг гавьяа бүтээсэнгүй эгжээ”. Кунмин энэ чимээг сонсоод нэгэнтээ урт шүүрс алдаж газарт харангадан унав. Олон жанжин яаран тэнхрүүлж нэлээд удсан хойно сая сэргэж өгүүлрүүн: “Миний дотор битүүрэн самуураад хуучин эмгэг дахин хөдөлсөн тул лав амьдран чадахгүй болов!” хэмээгээд тэр шөнө хатуужин гараад огторгуй байдлыг шинжин ихэд цочоод цацарт орж Зянвэйд өгүүлрүүн: “Миний амь өглөө үдэш болжээ!” хэмээсэнд
Зянвэй уйлж өгүүлрүүн: “Чансан юунд ийм үг гаргамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Би гурван баглаан одны дотор үзвээс зочин од хувь нэмэн гэрэлтэж гол од будангуй болоод туслагч олон од гаригийн өнгө харанхуй болов. Тэнгэрийн байдал энэ мэт тул миний насан хутгийг мэдэж болмуй!”. Зянвэй хэлрүүн: “Тэнгэрийн байдал хэдий ийм боловч чансан юунд залбирч дуудах аргаар эгүүлэхгүй аж?”. Кунмин өгүүлрүүн: “Би ер энэ аргыг мэдэх боловч гагц тэнгэрийн санаа ямрыг үл мэдмүй. Чи дөчин есөн хуягт цэргийг дагуулан цөм бараан хувцас өмсгөн бараан туг бариулж цацрын гадна зогсоо! Би цацрын дотор долоон одонд залбирч гуйсугай! Завшаанаар долоон өдөр дотор гол зул сөнөхгүй болбоос миний насан хутаг нэгэн мөчлөг нэмэгдмүй. Хэрвээ зул сөнөвөөс би эрхгүй үхмүй. Аливаа сул хүнийг битгий тавьж оруул! Эл зүйлийн хэрэгслийг хоёр бага хүүхдээр зөөлгөгтүн!” хэмээсэнд Зянвэй хүлээн аваад бэлтгэхээр одов. Тэр цаг найман сарын дундуур бөлгөө. Тэр шөнө тэнгэрийн оёдол ариун, намрын шүүдэр тунаж туг хиур хөдлөхгүй, хэнгэрэг харангын дуу эс гарав. Зянвэй цацрын гадна дөчин есөн хүнээр сахиулсан хойно Кунмин цацрын дотор хүж, цэцэг тахих юм өргөж газрын дунд долоон их зул жагсаан тойруулаад дөчин есөн бага зул шатааж дотор нь өөрийн насан хутгийн зул нэгийг тавиад, сөгдөн залбирч өчсөн нь: “Жугө Лян би самуун үед төрөөд дуртайяа булаг шугуйд баярлан зоогхийж өтөлсүгэй хэмээн санасан бөлгөө. Гагц урьд Жаоле хааны гурван зэрэг буусан их хишиг хийгээд өнчнийг тушаасан хүнд зарлигийг хүлээсэн тул ямар аймшиггүй нохой морины адил хүчийг гарган амалдаж хулгайг хядан арилгахгүй буй. Санамсаргүй жанжин од унах ойртоод насан хутаг өглөө үдэш дуусах шахжээ. Эдүгээ хичээнгүйлэн шулуун торгонд бичиг бичиж дээд тэнгэрт залбиран өчмүй. Тэнгэр нигүүлсэн өршөөж дорогшийн санааг хянан айлдаж сайд миний хутгийг нэмж хүртээгээд дээдэд болбоос урьд хааны хишигт хариулж доордод болбоос иргэний амийг олж тэнхрүүлэн хуучин газар шороог дахин эгүүлж Хань улсын тахилгыг өнө удаан болгохыг эрмэлзэхээс гадна дэмий л гуйх нь бус. Чин үнэнхүү сэтгэлээр айн эмээж залбиран айлтгав” хэмээжээ. Кунмин залбирч дуусаад цацарт мэхийн хэвтсээр гэгээрэхийг хүлээв. Жич өдөр хатуужин хэрэг шийтгэхэд цусаар бөөлжиж зогсохгүй. Өдөр болбоос цэргийн үйлийг зөвдөлцөн шөнө болбоос тэнгэрт залбирч од тахих болов.
Тэндээс Сыма И хүрээг бэхлэн сахих зуур гэнэт нэгэн шөнө тэнгэрийн байдлыг үзээд ихэд баярлаж Ся Хоубад хандаж өгүүлрүүн: “Би үзвээс жанжин од орноос ангижирчээ. Кунмин эрхгүй өвчинтэй болоод удахгүй үхмүй. Чи нэг мянган цэрэг аваад Ү Жан Юаньгийн газарт мэдээ авахаар од! Хэрвээ Шу улсын хүн бургилдан гарч байлдахгүй болбоос эрхгүй өвдсөн бөлгөө. Би мөн тухайд гарч байлдсугай!” хэмээсэнд Ся Хоуба цэрэг авч одов. Кунмин цацар дотор залбиран тахисаар нэгэнтээ зургаадугаар шөнө болсонд үзвээс гол зул гэв гэгээн тул дотроо маш баярлажээ. Зянвэй цацар гэрт орж үзвээс Кунмин үсээ задгай тавин сэлэм атгаж муу одыг гишгээд жанжин одыг дарангуйлан сахиж амуй. Гэнэт хүрээний гадна хашхирах дуу сонсогдох тул сая хүн зарж асуусугай хэмээтэл Вэй Янь нисэх мэт орж ирээд хэлрүүн: “Вэй улсын цэрэг хүрч ирэв!” хэмээжээ. Вэй Янь ирэхдээ хурдан алхсан учир гол зулыг сөнөөв. Кунмин барьсан илдийг орхиод шүүрс алдаж өгүүлрүүн: “Үхэх төрөх нь заяа болой. Наманчилж гуйн олох нь бус!” хэмээсний хойно Вэй Янь айн эмээгээд газарт сөгдөж ял хүлээсэнд Зянвэй ихэд хилэгнэж илдээ сугалан Вэй Янийг “алсугай!” хэмээв. Энэ чухамхүү:
“Түмэн зүйлийн хэргийг хүний тааваар эзэн болж болохгүй
Нэгэн сэтгэлээр заяа лугаа тэмцэхүйеэ бэрх бөлгөө”
Эгнэгт Вэй Янь амь ямар болохыг мэдэхгүй доор бүлэгт үзтүтэй
Сэтгэгдэл ( 0 )