В.Путины эсрэг дэлхий тэр чигээрээ зогсоогүй. Өрнөдийн ертөнц Украиныг тойрон нэгдэж, Оросын цэргийн түрэмгийллийг зогсоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээ авч, туслахыг амлаж байгаа бол дэлхийн өмнөд хагаст ихэнх нь тэс өөр үзэл бодолтой байна. Бөмбөрцгийн өмнөд хагас нь хэтэрхий өргөн уудам ба 14 сар үргэлжилж буй хөнөөлт дайнд хандах хандлага нь Латин Америк, Африк, Ази болон Номхон далайн орнуудад ихээхэн ялгаатай байна. Гэсэн хэдий ч Хятад, Энэтхэг, Турк зэрэг орнуудад явуулсан судалгаа, Украин газар нутгийнхаа хэсгийг алдсан байсан ч хамаагүй дайныг даруй зогсоох хүсэл байгааг харуулж байна. Дэлхийн дүр зургийг ерөнхийд нь харвал Оросын эсрэг Украины дайнд үзүүлж буй өрнөдийн дэмжлэг туйлын хүчтэй биш байна гэж хэлэх өндөр магадлал бий гэж Их Британийн Брэдфордын их сургуулийн олон улсын аюулгүй байдлын салбарын профессор Пол Рожерс үзэж байна.
Америкийг үзэн ядах үзэл
Тухайлбал, Ойрх Дорнодод гэхэд өнгөрсөнд АНУ тэргүүтэй холбоотнуудын явуулсан цэргийн ажиллагаанууд Украины талаар баримталж буй өрнөдийнхний байр сууринд үл итгэх байдлыг төрүүлжээ. Гэхдээ ихэнх улс Оросыг илт дэмжихийн оронд цэргийн ажиллагааг аль аль талд хохиролтой хэмээн хүлээн авч байна гэж Рожерс онцлов. Түүний хэлснээр, цэргийн ажиллагааг “өрнөдийн сайн залуус Оросын муу залуусын эсрэг” гэж авч үзэхгүй байна. Москвагийн түрэмгийллийг өрнөдийн орнуудын өмнө нь хийж байсан зүйлээс ялгаагүй хэмээн ярьж байгаа.
Есдүгээр сарын 11-ий алан хядах ажиллагаанаас хойш Афганистан, Ирак, Сири болон бусад улсад өрнөдийн явуулсан цэргийн ажиллагааны үеэр 929 мянга гаруй хүн амиа алдсан. Хэд дахин олон хүн дайны үр дагаврын улмаас амиа алдсан хэмээн шинжээчид тооцоолсон.
Колоничлолын ул мөр
Түүхэн асуудлууд Украины дайныг бусад улс орнууд хэрхэн хүлээн авч байгаад нөлөөлж байна.
Бөмбөрцөгийн өмнөд хагасын ихэнх хэсэгт, ялангуяа Сахарын өмнөд Африкт Орос улсыг тэднийг олон зуун жилийн турш колоничилж байсан их гүрнүүдийн нэг гэж хардаггүй хэмээн Рожерс тайлбарлажээ. Гэхдээ, шинжээчийн тодруулснаар, дэлхийн ихэнх хэсэгт Орос дахь зэвсгийн худалдаа, эрх мэдэл, авлигын цар хүрээг мэддэггүй.
Колоничлолын түүх Оросыг дэмжих уур амьсгалыг үүсгээгүй. Өрнөдийн байр суурь тэдэнд таалагддаггүй.
Колоничлолын түүх олон маргаан дагуулдаг
Колоничлолыг шүүмжлэгчид дэлхий даяар европчуудын үйлдсэн харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл, мөлжлөгийг дөвийлгөдөг бол хамгаалагчид нь эдийн засгийн болон улс төрийн хөгжил авчирсан хэмээдэг. Ихэнх хүмүүс Оросын Төв Ази болон Зүүн Европт тогтоосон хяналтыг колоничлолтой зүйрлэх нь бий.
Орос геополитикийн хувьд ашигтай байршилтай
Бөмбөрцөгийн өмнөд хагас зөвхөн зүрхээрээ төдийгүй толгойгоороо боддог. Хятад шиг биш ч Москва сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронтой эдийн засгийн харилцаа, стратегийн түншлэлээ бэхжүүлсэн.
Худалдааны харилцаа, холбоо туйлын чухал. Бразил, Энэтхэг зэрэг орнууд Оростой тогтоосон сайн харилцаандаа хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь ингэснээр олон улсын тавцанд тулгарч буй өөрсдийнх нь асуудлыг шийдэхэд нэмэртэй хэмээн тэд үздэг.
Дэлхий дахинд Оросын эсрэг хориг арга хэмжээ авах тал дээр санал ихээхэн зөрчилдсөн. Ихэнх улсын иргэдийнх нь дунджаар 45 хувь Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах ёстой гэдгийг дэмжсэн бол 25 хувь нь эсрэг байгааг Францад төвтэй “IPSOS” байгууллагын судалгаа харуулжээ. Олон улс Оросыг буруутгасан НҮБ-ын тогтоолыг дэмжихээс түдгэлзэж, үүний оронд энхийн яриа хэлэлцээ хийхийг уриалсан билээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Умард Солонгос, Беларус, Сири, Никарагуа Украины дөрвөн бүс нутгийг нэгтгэхээс татгалзахыг Москвад уриалсан саналыг дэмжихээс татгалзсан бол Африкийн 19 улс болон Хятад, Энэтхэг, Пакистан, Куба зэрэг улсууд түдгэлзсэн.
Дэлхийн өмнөд хагас цэргийн ажиллагааг даруй зогсоож, худалдааг сэргээх сэдэлд хөтлөгдөж байна. Дайн эдгээр улсын эрх ашигт харшилж байна. Тэд өөрсдийн аюулгүй байдалд л санаа зовнидог.
Африк болон Ойрх Дорнодын энгийн иргэд Украины дайн, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийн цохилтод орж байна. Эдгээр үйл явдал нийлээд дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямрал үүсгэж, олон сая хүнийг өлсгөлөнгийн ангалын ирмэгт авчирсан.
Олон улс орон Украиныг муу мэддэг нь Орост ашигтайгаар эргэжээ. Оросын эсрэг Украины тэмцлийг дэмжсэн “ардчилал дарангуйллын эсрэг”, “хүний эрх” зэрэг урианууд дэлхийн өмнөд хагасын нийгмийн санаа бодлыг ихээхэн өөрчилж чадаагүй хэмээн шинжээчид онцолжээ. Хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудал яригдах үед үзэл бодлоо өөрчлөхөд маш хүнд. Учир нь эдгээрээс таны нийгмийн аюулгүй байдал шалтгаалдаг.
Дэлхийн өмнөд хагас хүн төрөлхтний ихэнх хэсгийг төлөөлж байгаа ч Украинд хандах тэдний үзэл бодлыг хэвлэл мэдээллийг хэрэгслүүд анхаарч, авч үзээгүй. Өрнөдийнхөн зөвхөн өрнөдийн ертөнцдөө л анхаарлаа төвлөрүүлдэг. Бусдын үзэл бодолд санаагаа чилээдэггүй. Өргөн цар хүрээтэй асуудал байсан ч тэр гэж шинжээч дүгнэж байна. Эх сурвалж: Euronews.com