ШҮҮР I Эмч, багш нарыг хэлмэгдүүлж, чөлөөлсөн бол ХАРИУЦЛАГА тооцно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, албан тушаал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагчдыг ажлаас чөлөөлж эхэлсэн. Тодруулбал, тухайлсан 11 шаардлага бүхий албан тоотыг төрийн байгууллага, төрийн өмчит компани зэрэг төрийн бүх шатны байгууллагад хүргүүлээд буй. Гэтэл зарим байгууллагын дарга удирдлагууд тухайн албан бичгийг хавтгайруулж ашиглах, хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдал гаргах зэрэг асуудал үүсгэж, шийдвэрийг аливаа шатанд хийдүүлэх, хууль зөрчөөгүй, мөн тухайн албан бичигт хамаарахгүй төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх асуудал гарчээ. 

Дээрх асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж дараах мэдээллийг өгсөн юм. Түүний мэдээллээс онцолж байна. 

-ЗГХЭГ-аас төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудад албан тоот илгээж, хууль журмын дагуу томилогдоогүй, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх үүрэг өгсөн. Албан бичгийн нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, ур чадварын шаардлага хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон асуудлыг тусгасан.

Харамсалтай нь, зарим дарга нар, удирдах албан тушаалтнууд төрийн үйлчилгээний албан хаагчдад уг албан тоотыг хавтгайруулж хэрэглэсэн тохиолдол гарлаа. 

Энэхүү заалт төрийн жинхэнэ буюу төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагчдад хамааралтай. Гэтэл яг үнэндээ дээрх заалт төрийн үйлчилгээний гүйцэтгэх, туслах албан тушаалд ажиллаж буй албан хаагчдад хамаарахгүй. Уг албан тоотын заалтууд төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй багш, эмч нарт бус дарга, удирдах албан тушаалтанд хамаарна.

Эмч, багш нарт ямар ч хамааралгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Харин сургуулийн захирал, эмнэлгийн дарга нарт бол хамаарна. 

Хэрвээ 11 шаардлага бүхий албан тоотыг буруугаар ашиглаж, албан хаагчийг хэлмэгдүүлсэн бол хариуцлага тооцно.

Мөн албан бичигт зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, тухайн төрийн өмчит болон орон нутгийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын дотоод дүрмээрээ тогтоосон журмын дагуу томилогдоогүй албан хаагчдын талаарх судалгааг авсан. Өөрөөр хэлбэл, энэ судалгаа нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд ажиллаж буй төрийн албан хаагчдад л хамааралтай гэсэн үг. Бусад албан хаагчдад ямар ч хамааралгүй. Гэтэл үүнийг хавтгайруулан ашиглаж, зарим албан хаагчийг хохироосон, эрх зүйн байдлыг нь дордуулсан асуудал мөн гарсан байна. 

Тухайн албан бичгийн нэг, хоёр, дөрөвдүгээрт заасан асуудал эмч, багш, төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахгүй шүү гэдгийг дахин хэлье. Харин Авлигын эсрэг хууль, Нийтийн ашиг сонирхлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний зөвхөн удирдах албан тушаалтан буюу дарга нарт хамааралтай гэдгийг дахин тодотгож байна.

Тодотгоход, “Шүүр” ажиллагааны хүрээнд эхлээд хуулийн зөрчилтэй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх бол дараа нь иргэд, олон нийт, төрийн албан хаагчдаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тус ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж үлдсэн албан тушаалтанд хариуцлага тооцох аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.170) 2023 оны 05 сарын 05

Энэ нэг хушуугаа унжуулсан бүхэл бүтэн албаа тараачихаад өөрөө дэвшээд явчдаг мөн гоё тогтолцоо шүү

0  |  0
багш(103.242.47.142) 2023 оны 05 сарын 01

Ажлын байр зарлахгүй сонгон шалгаруулалтгүй хийхгүйгээр ах дүүс хамаатан садан намын нөхөд авлигалыг өгсөн хүн шууд орох ёстой юм уу

0  |  0
Top