Үзгээ хойш тавиагүй, үерхэлдээ үнэнч нөхөд минь

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.“Саарал шинелиэ тайлаагүй буурал найз минь хаана явна” гэж дуулдаг шиг сэтгүүлзүйг далай хэмээвээс далайчин нь сэтгүүлч нөхөд минь. Далайчин сэлүүрээ алдах аваас осолдох тийм л нандин мэргэжил юм. Дөнгөж хоёрхон хоногийн өмнө өдөр тутмын өөр өөр сонинд ажиллавч бараа бараандаа өсөж, хэвлэлийн хуралд очих замд хөтлөлцөн гүйж, номоо солилцон уншиж, томилолтод хамт явж үерхэж дассан найзтайгаа таарсан минь бодогдож сууна.

Сүүлийн хэдэн жил таарах нь цөөрч, уулзах нь өдрийн од мэт болжээ. Нэг л хэвлэлийн хуралд хоёр талаас гүйж ирээд буцаж очоод бичсэн мэдээгээ өглөө зэрэгцүүлж хардаг сан. Сайн гарчиг өгч, доторх бичвэр тун амттай болж гэхчлэн харьцуулж, ингэж л өрсөлдөж, өсөж явлаа бидэн. Цахимжих бүү хэл, гар утас ч гараагүй,  дуу хураагч /диктофон/ ч байхгүй, дэвтэр үзэг хоёртой явсан үеийн сүүлийг мушгигчид нь бид.

Гэхдээ л иргэдийн мэдэх эрхийн төлөө үнэнч зогсож, үзэл бодлынх нь индэр байх үүргээ биелүүлж иржээ. Бас болоогүй социализмын сүүлийг мушгиж, ардчиллын хөшгийг сөхөлцсөн хүмүүс. Бага байхад эмээ, өвөө нар “Хоёр төрийн нүүр үзсэн хүн” гээд хуучилдаг шиг яривал бидний үеийнхэнд  бас л түүх бий. Гэхдээ халаагаа өгөх болоогүй ээ,  бараа бараандаа бичиж, туурвиж, бас билэг танхай яваа үеийнхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Үзгээ тавих болоогүй шүү, үерхэлдээ үнэнч байгаарай.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top