Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2 байр УРАГШИЛЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагаас жил бүр гаргадаг Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Индексээр манай улс энэ жил өмнөх жилийнхээс 2 байраар урагшилж 88 дугаар байранд жагссан байна. Өмнөх жил 90 дүгээр байранд жагсаж байсан юм.

Дэлхийн 180 орны сэтгүүл зүйн орчин нөхцөлийг үнэлж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нийтэд танилцуулдаг 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр 31 орны нөхцөл байдал "маш ноцтой", 42 орон "хүнд", 55 нь "асуудалтай", харин 52 орон "сайн" буюу "хангалттай" гэсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн арван орны долоод сэтгүүл зүйн орчин нөхцөл муу бол ердөө гуравт хангалттай байна.

Норвеги улс долоо дахь жилдээ хамгийн эхэнд нэгдүгээрт эрэмбэлэгдэв. Энэ жил Скандинавын бус орон буюу Ирланд улс (4 байраар ахиж 2-т) хоёрдугаарт эрэмбэлэгдэж, Дани улсын (1 байраар ухарч 3-т) өмнө бичигдсэн нь ер бусын үзэгдэл боллоо. Нидерланд (6) 22 байраар ахиж, гэмт хэргийн сурвалжлагч Петер де Врис алагдахаас өмнөх 2021 оны байр сууриа сэргээв.

Индексийн сүүл хэсэгт мөн өөрчлөлт орсон. Адагт эрэмбэлэгдсэн гурван байрт гагцхүү Азийн орнууд байна. Хараат бус тоймч, сэтгүүлчдийг намнаж дуусгасан Вьетнам (178), дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг шоронд хорьж, суртал ухуулгыг өндөр хэмжээнд гадагш түгээгчдийн нэг Хятад (4 байр ухарч 179-д), мөн Хойд Солонгос (180) орсон нь гайхах зүйл биш юм.    

Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуа "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс нь нөхцөл байдал асар их хэлбэлзэлтэй байгааг харуулж байна. Тухайлбал, Бразил 18 байраар ахисан, Сенегал 31 байраар ухарсан зэрэг огцом өсөлт, бууралт болоод урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүдийг харж болно. Олон улс оронд эрх баригчдын түрэмгийлэл гаарч, олон нийтийн сүлжээ болон бодит амьдралд сэтгүүлчдийн эсрэг дайсагнал газар авснаас үүдэн ийнхүү тогтворгүй байдалд хүргэсэн. Үүнд мөн хуурамч мэдээлэл боловсруулан, түгээж, түүнийг үйлдвэрлэх арга хэрэгслээр хангадаг хуурамч контентийн цэцэглэж буй салбар нөлөөлсөн" гэснийг Глоб Интернэшнл Төвийн мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top